А.БААТАРХУЯГ: ИЖИЛ ТОРГУУДЫН ТЭМДЭГЛЭЛ. МӨНГӨН ЗОНХОВЫН МӨР ДАГАН
2019/05/18 1 Comment
Жангарын туульд “Арван жилийн өмнөх араалжийн мөр даган, хорин жилийн өмнөх хорхойн мөр даган…” балар шугуйг гаталсан тухай өгүүлдэг. Чухам Халимгийн шажны мөр дагах нь 400 жилийн өмнөх балархай жимийг сэргээн бясалгахтай адил аа…
Бурхны шажны өрнөд хязгаар
“Репортёр”-аас гараад “Хурул”-д одсон тухайгаа хожим хүүрнэхээр орхисон билээ. Элстэйн гол “Хурул” буюу Бурхан багшийн алтан сүмийг хуучин барилгын материалын үйлдвэрийн талбайд барьжээ.
Халимгууд хүндтэй хөшөө дурсгал, сүм барихдаа заавал газрыг нь өндөрлөж барих юм. Хурлын сүм мөн л өндөрлөсөн хиймэл ногоон довцог дээр үзэсгэлэнтэй харагдана. Ерөнхий хэлбэр нь манай “Жанрайсиг”-тай адилавтар. Гэхдээ хэмжээгээрээ багцаагаар 4-5 дахин том болов уу. Гол дуганын дээврийн дөрвөн буланд нь өндөр суварга барьсан нь хальт харахад буддын гэхээсээ орос, исламын сүмийг санагдуулна. Их олон оройтой мэт харагдаад тэгж санагдсан болов уу!? Бусдаар цэвэр шарын хэв маягтай сүм орчин үеийн барилга ажээ.
Хийдийн зүүн этгээдэд автобус зогссон тул төв хаалгаар орохын тулд хашааг тойрч алхах хэрэг гарлаа. Төмөр сараалжин хашаанд олон өнгийн хийморийн дарцаг завсаргүй уяжээ. Төвөдийн нөлөө их бололтой юм, учир нь Монголчууд шашны зан үйлд хадаг голдуу хэрэглэдэг бол Төвдүүд дарцаг хэрэглэдэг. Бас манайд цэнхэр хадаг эрхэмлэдэг бол энд цагаан хадаг голлодог ч шар, цэнхэр хадаг ч хэрэглэнэ. Төвдүүд цагаан хадаг голлож барьдаг.
Хашааны гоёмсог, нүсэр гол хаалгын дээр сүмийн нэрийг Халимаг кириллээр “Бурхн багшин алтн сүм” гэж бичээд дор нь жижгээр оросоор, баруун зүүн самбарт англи төвдөөр бичсэн байна. Харин энэ ёс бол манайхаас эсрэгээрээ юм. Манай хийдүүд нэрээ Төвдөөр голлож бичдэг.
Хийдийн ногоон довцог өөд өгсөх шатыг 108 гишгүүртэй хийсэн гэв, тоолсонгүй. Хоёр талын өргөн шатны дундуурх сувгаар усан оргилуурын ус урсана. Гал ба усанд дундуур хүний нүгэл хилэнц, муу санааг угааж, ариутган гэр, сүмд оруулдаг нь эртний Монгол ёс оо.
Өгсөх зуур “Цагаан өвгөн”-ийг боржин чулуугаар урлаж тавьсан нь Монгол цагаан өвгөнөөс өөр, хөхийн шашных ажээ. Чулуун өвгөний таяг, энгэрт бас хадаг, дарцаг уяжээ. Ер нь Халимагт Хятадын соёлын нөлөөнөөс нэг их болгоомжилдоггүй алс хол тул ер нь буддизмтай холбоотой л бол теравада-хөхийн байна уу, улаан, шарын байна уу, бурхан шүтээнийг урлаж тахидаг гэж анх таамаглав. Уг нь нэг л шашин л даа. Гэвч энд Сингапур, Япон, Солонгосын жуулчид их ирдэг учраас тэр цагаан өвгөнийг урлаж тавьсан бололтой. Учир нь Халимаг бол буддын шашны хамгийн өрнөд хязгаар билээ.
Аюук хаан
Цагтаа Далай лам Ойрдын тэлэлт, Халимгийн нүүдэлд олзуурхаж, Хо өрлөгийн хөвгүүн Шүхэр Дайчинд “хаан” цол өргөжээ. Энэ нь шарын шажин өрнөөс өрнөд тэлэхийг тэтгэх санаа биз. Гэвч Шүхэр дайчин “Надтай адил олон, би ямар хаан болмуй?” гээд гэдрэг буцаажээ. Жангарын туульд “Ордноо огторгуйд тулгаж баривал “ик дурн болх” гэж хоёр хуруу дутуу барилаа” гэдэгтэй адил мэт. Тухайн цагтаа Зүүнгарыг “Ойрадын хаант төр” гэж бодож байсан мэт санагдана. Тэгээд тэр аавын хүслийг гүйцээх гэж Астраханийг уулгалж ялагджээ. Астраханийг бүслээд зад барьж хотыг зутраасан ч Оросын лам нар хариу арга хийж, зад Халимагийн хүрээнд буусан гэх домог ч бий.
Тэгж эс хүчрээд “Оростой эвсэе” гэж 1655 онд Дархан, Цэрэн, Цөхүрийг элч болгон Москвад зарж, “Халимагийн тайш Шүхэр дайчин ба хамаг ноёд ба бүгд Халимаг улс нь Оросын Алексей Михайлович хааны итгэлт албат болъё, Астраханийг бүү довтлоё, ямарваа хүнийг бүү талъя” хэмээн ам өгч, андгай тангараг тавьжээ. Энэ бол харин Халимагууд Оросод орохын эхлэл байсан мэт.
1661 онд Орос Крымтэй байлдах болж, Шүхэр дайчингаас өмөг цэрэг (туслах цэрэг) гуйсанд хөвүүн Пунцагтайгаа мордож, Крымын Татарыг ялаад “Аливаа авсан олзыг цагаан хаанд илгээе” хэмээж, ахин андгайр тавьжээ. Тэгэхэд Дайчинг залгамжлагч Пунцаг бурханд мөргөөд шүтээн судар үнсэж, хутгаа долоогоод хоолойдоо хүргэж андгайлсан гэдэг.
1670 онд Пунцаг нөгчсөнд залгамжлагч Аюук 1673 онд Шарцэхээ гол дээр “Орос балгадыг Халимаг бүү довтлоё, Туркийн султан, Крымын хаан, Кызыльбашийн хаантай бүү нөхцөе, Орос газрыг дайснаас харсъя (харж хамгаалъя) хэмээх ам өгчээ. Оросууд Аюукт итгэлгүй дахин тангараг өргүүлсэн боловч Башкирууд Оростой эвдрэлдэхэд Аюук Башкируудтай нэгдэж 1681 онд Казань, Оренбург мужид довтлон талж, олон тосгоныг түймэрдэж, маш олон хүнийг олзолж буцжээ. Үүний дараа Оросын талаас Халимагийн довтолгоог зогсоох, ноёдыг нь бусад улсын хаадтай үл нөхцөлдүүлэх аргыг хайж элч А.И.Голицыныг илгээж, мөнөөх Шарцэхээ голд хэлэлцээ хийжээ. Орос санасандаа хүрэв.
Торгууд хаадын туужид “Оросыг довтлохоо уураад (болиод) Хасаг ба Туркмен улсыг дарж, албат болгосноор тэр оронд маш алдаршиж, Далай ламын гэгээн Аюукад хаан цол хайрлаж, тамга барьсан бүлгээ. Аюук… өөрийн чадлаар, хэдий албат боловч Оросын хаанд мэдүүлэл үгүй цолыг авчээ. Аюук хаан ах дүү Зүүнгарын Ойрадыг үл умартан тэдэнтэй ураг элгэн бололцож, охиноо Цэвээнравдан хаанд өгөөд даруйд өөрөө Зүүнгарт өөд болж одож, тэнд үлдсэн Торгууд улсыг Ижилд авч ирэв” гэсэн байдаг. Чухамхүү Аюук хааны үе бол Халимгийн хаант улсын хүчирхэгжлийн оргил үе байсан ба тэрээр бие даасан бодлого явуулахыг эрмэлзэж байв.
Петр хаан өрнөдөд сураар одохдоо чухам Аюук хаанд “Өмнөд нутагт минь дайсан оруулалгүй харж байгтун” хэмээн захижээ. Аюук эс хөдөлбөл Чечень, Ногай, Куминчүүд нэгдсэн хүч, Кубанийн хааны цэрэг Оросын хязгаарын хотуудыг түйвээж байв. Харин Петр хааны хүсэлтээр Орос, Туркийн дайны араар Оросыг довтолсон Башкирыг 5 мянган торгууд цэргээр, Доны казахын босогчдыг дөрвөдийн түмэн цэргээр дарж өгч байсан ажээ. Мөн Оросын талаас Халимгуудыг аргадаж Бухар, Харахалпак, Хасгийг довтолбол их буу, жил бүр 20 пүү дарь, 10 пүү хорголж өгөх, Кубань, Крымыг довтолбол Оросууд хориг саад хийхгүй байх, Халимгууд ялагдаад Оросын хотуудад очвол хөөхгүй, хамтрах гэрээ байгуулжээ.
Аюук хүч нөлөөгөө мэдрүүлэхийн тулд чухамхүү Петр хааны эш, саналаар л дайнд орж, бус цагт хүчээ нөөж байжээ. Тиймээс хязгаарын муж, хотын захирагч нартай төдийлөн харилцаж байсангүй. Аюук хаан бас сүрхий өсөрхүү хүн байсан бололтой. 1715 онд Астраханий ойр нутаглаж байсан Аюукийн өргөөг Кубанийн хаан Бахты Гирей гэнэдүүлэн довтолсонд Аюук хатантайгаа зугтаж, Хиваг хянаж байсан Оросын цэрэгт очиж нийлжээ. Цэргийн захирагч А.Черкасский нэхэж ирсэн татарууд зогсоосонд Аюук хаан түүнд “Бууд” гэсэнд “Дээрээс тушаалгүй тул байлдахгүй” гэжээ. Кубаньчууд Аюукийн харъяат татар, ногайчуудыг элсүүлэн авч оджээ. Аюук А.Черкасскийд “Оросууд хэлэлцээ ёсоор намайг хамгаалсан ч миний албат иргэдийг хамгаалсангүй, намайг хүндэлсэнгүй” гэж өшжээ. Тэгээд Кубанийн хаантай найрамдаж, түүний эсрэг боссон Хэтэй Кивчааг, Их Ногайн ордыг хүү Чагдаржавт цэрэг өгч илгээн дарж, хариуд нь өмнө булаагдсан харъяат албатаа буцааж авчээ. Мөн А.Черкасский Кубаний хаантай хэлэлцээр хийхээр явсныг мэдээд нэгэн мангудыг илгээж, “Элч гэж хуурмаглан Таныг дайлъя гэж одов” хэмээн мэдээ оруулсанд замд нь алжээ. Тэгээд Гирейг хатган, 170 хүн илгээж газарчлуулан Кубаньчуудаар Оросын Пенза, Симбирск мужийг тонуулжээ. Тэгэхэд Оросын жанжин Аюукаас өмөг цэрэг гуйсанд “Би Оросын дээд хаанаас эшгүй татаруудтай байлдаж чадахгүй” хэмээн “Оюун ба эрдмийн үйлсээр олж авсан хаан цолоо эс хүндэлсний хариу өшөөгөө тэр мэт авав” гэнэ. Үүнийг “Үгийг нь гарт нь бариулах…” гэдэг агаад 1717 он байсан юм.
Тэрээр бурхан шажныг бататгахын тулд ач хүү Равжираа Төвдөд илгээж лам нар залж ирэхийг даалгажээ. Равжир Төвдөд очихын тулд Энх-Амгаланд бараалхсанд түүнийг саатуулжээ, шалтаг нь “Хасгийн нутгаар буцах аюултай тул амь биеийг хамгаалахын тулд” гэжээ. 10 жил өнгөрсөнд, Петр хаанаас гуйж, Самдан хэмээгч элчийг ач хүүгээ албат ардтай нь Оросын Сибирээр дамжуулан авах учрыг хэлүүлэн илгээсэнд Манж нар мөн хариу тандуул элч илгээж, Орос ба Аюук, Аюук ба Зүүнгарын хооронд яс хаяхыг оролджээ. Торгууд хаадын туужид “Аюук хаан нь харь яст Манжийн мэхэнд орж, халуун төрлөө-Зүүнгарыг огоорох тийм охор ухаант хүн бус агсан бүлгээ… хятад элч нар санасандаа хүрэлгүй, дэмий явдал хариуцалгүй буцав” гэсэн байна.
Равжирын албатыг Манж нар өгсөнгүй, Эзнээ голд нутаг заан суулгасан ба Равжирын угсааны Эзнээ торгуудын гүнж дуучин Халин бүсгүй бидэнтэй хамт мөн Халимагт очсон нь бас сонин давхцал бөлгөө… Бурхан шажныг Халимгийн хаад энэ Халимагт батжуулж байжээ.
Гол дуганд мөргөв
Сүмийн үүдээр ормогц өргөн угтах гудамтай, гудмын нэг буланд улаан хүрээтэй шилэн хорго бүхий шашны эд өлгийн лангуу байна. Сахиус, бурхан, эрхи, утлага тэргүүтэн зардаг ажээ. Худалдагч орос, халимаг хоёр бүсгүйд бурхны дүртэй, улаан оосортой жижиг зэс хөөмөл сахиусыг чухам ямар зүйлд тустайг хичээнгүйлэн тайлбарлаж байна. Оросууд буддизмыг их сонирхож, ид шид, далд ивээл хүч ихтэй гэж үздэг бололтой байдаг. Тиймээс их сонирхож хүндэлдэг, буддын сүм хийдүүдээр чөлөөтэй явж харагддаг. Бодвол орос бүсгүйд халимаг найз нь ивээн хамгаалагч сахиус авч өгөх гэж хамт ирсэн байх.
Үүдний гудамд гутлаа тайлаад дуганд оров. Хурул хурж байна. Хойморт цэвэрхэн хийцтэй том алтадмал Бурхан багшийг тахижээ. Түүний зүүн талд үзүүр тохой хэрийн алтадмал Зонхова бурхан, баруун талд өндөр сэнтийн дээр Далай ламын хөргийг залсан байна. Их олон бурхангүй юм. Гүнгэрваатай арав орчим бурхан тахисан байна. Бурхдын өлмийд гоёмсог, өндөр ваартай ваартай цэцгүүдийг завсаргүй тахил болгон тавьжээ.
Бурхны өмнөх жавданд лам нар суугаад хурж байна. Нүсэр баганаар тусгаарласан дуганын баруун хагаст лам нар, зүүн хагаст нь сүсэгтэн олон суух вандан сандал эгнүүлэн тавьжээ. Шалыг битүү хивсэнцэрээр бүржээ. Наманчлан залбираад зураг аваад гарав. Цөөнгүй хүн сууж байна. Монголын сүм, дуганд ороход, арц хүжийн үнэр ханхалж, утлагын утаа суунаглаж байдаг бол энд төдийлөн мэдэгдсэнгүй, магадгүй шинэ бөгөөд том танхимтай, агаар сэлгэлт сайтайн учир ийм болой. Салхи савир байнга оруулж, ариун цэврийг сахидаг шинжтэй. Гял цал, цэвэрхэн, саруул бөгөөд уужим дуган юм. Хананд нь бурхан багшийн зохионгуй ба шарын шашны гэгээнтнүүд тэргүүтэн номын зургийг гоёмсогоор зуржээ.
Гол дуганаас гарах зуурт бодсон нь “Тайш Пунцагийн тангараг тавихдаа мөргөсөн бурхан нь одоо Гандантэгчлэн хийдэд Өөлдийн таван нандин шүтэнтэй хамт тахисан Вангийн торгуудын “Дашпандэлин” сүмийн Зонхов байх даа?” гэж…
Надаас бас асууж байсан билээ, “Халимгаас очсон мөнгөн Зонхов Ганданд залаатай байгаа биз?” гэж. Тийм ээ, манай торгуудууд жил бүр сар шинийн 15-нд цуглаж тахидаг уламжлалтай болсон гэвэл “Тэр бурхныг ядаж хувилаад ч болов нааш ирүүлж болдоггүй юм болов уу?” гэж асууж байсан. Манай Гандантэгчилэн хийдийнхэн бас хөрөнгөлөг торгуудууд уг нь үүнийг л хийчихвэл зүгээрсэн гэж санагдав. Их төрийн голомтоос энэ хэр “бэлэг” илгээвэл Халимаг түмний нааш харсан магнай тэнийх байх.
Тэр Зонхов бурхныг торгуудууд баян хүчирхэг цагтаа хөрөнгө гаргаж, Лхасад мөнгөөр цутгаж, алтаар шарж урлаад, Далай ламаар равнай өргүүлж залж авсан гэж сонсож байсан юм. Тэгээд Ижилд авч очоод хожим 1771 онд буцаж нүүхдээ бурхнаа аваад явсан ба Шинжаанд нүүдлийн гэр сүмд залж яваад 1940-өөд оны сүүлээр Монголд авч орсон байдаг. Тэр үеэр Улаанбаатараас төлөөлөгчид очоод Зонховыг “Гандантэгчилэнд залъя” гэсэнд баяртай зөвшөөрч, хийдийн лам нар дагалдаж, цагаан тэмээгээр залж хүргэж иржээ. Одоо тэр тэмээний хом тохош, ногт сэлт Ганданд хадгалагдаж байдаг ба Гантэгчинлэн сүмийн гол шүтээн болгож Зонхов бурхныг тахисан байдаг билээ. Их хэлмэгдүүлэлтийн үед олон нандин шүтээн устсан тул, хийдийг дахин сэргээхдээ энэ мэт хилийн гадна коммунист сүйтгэлд өртөлгүй үлдсэн олон шүтээнийг зүүн баруун хилээр орж ирэхэд нь угтан Ганданд залж авсан түүхтэй юм билээ.
Хэрэв Гандангийн Зонхова бурханы хувилбар Халимагт очвол гол сүмийн гол шүтээний нэг болох нь дамжиггүй. Урд өмнө манай торгуудууд Увш хааны хөшөөг Халимагт аваачаад барьчихсан юм. Одоо Ховдын Булганд байгаа Увш хааны хөшөө, Элстэйд байгаа хөшөө хоёр яг ижил бөгөөд өөд өөдөөс нь харуулан барьсан юм билээ…
Өнөөгийн Оросын төрийн шашны бодлого аядуу бөгөөд өгөөмөр, хөрөнгө гаргаж, тэр дундаа Монголчуудын амьдран буй газруудад сүм хийд, суваргыг төрийн мөнгөөр тэтгэн босгож байгааг бид бүр Буриадад энэ мэт зорилгоор аялж явахдаа анзаарсан билээ. Монгол хүн байгаа газар суварга байдаг нь өдгөө ёс болж дээ! Монгол, Халимаг, Буриадын дацангуудын хөрөнгөөр босоод улаан засаг ба дайны хөлд сүйдсэн Санкт Питербургийн буддын сүмийг ч бас сайхан сэргээснийг очиж үзсэн юмдаг. Агваан лхарамбыг Лхаст одож, Далай ламыг оргуулан Орост аваачих ажлыг Халимаг, Буриадын дацангууд санхүүжүүлж байсан ба хожим 1920-иод оны дундуур бас нэгэн тийм оролдлого хийсэн ч Хүрээнээс цааш ахилгүй Оросын коммунист засгийн цалманд татагдан зогссон түүх бий…
Иймэрхүү юм бодох нь бараг тарни уншлага болоо биз, гол дуганыг тойруулсан найдангууд ба бурхдын сэрэг дүрийг вааран дээвэртэй гоёмсог саравчин дор байрлуулсныг үзэн явах зуур аа..! Мөн тарни бичсэн улаан өнгөт хүрдүүд байна. Энэ бүхнийг цементэн явган замаар холбожээ. Цэвэр цэмцгэр бөгөөд сүрлэг байхыг бодож байгуулсан нь санаандаа хүрч, Орост хамгийн түрүүн айлчлан ирдэг зуны, Халимагийн тал нутгийн хураар угаагдан ариусна.
Халимгийн гол хурул бол Европ тивийн хамгийн том буддын сүм юм байна. Эндээс дорно зүгт ойрхон байгаа Зай голыг (Урал мөрөн) гатлаад Ази эхэлдэг. Элстэйн хуучин “хурул”, багавтар дуган хотын хойд захад байхыг зам зуур машины цонхоор хараад л өнгөрсөн. Бас “Шатар” хотхоны ойролцоо хоёр шинэ сүм зэрэгцүүлэн, нэгэн суваргын хамт барьсныг нэг өглөө хэрэг болгон очиж үзсэн. Төвдүүдийн барьсан сүм байсан ба давхар бясалгалын төв болгосон байв. Уншлагатай эсэхийг мэдээгүй, өглөө эрт очсон тул цоожтой байсан. Гадаа нь хурлын хуваарь ч алга.
Халимгийн хоёр дахь том хот, Каспийн эргийн Лаганьд ч буддын сүм бий гэнэ. Хаа сайгүй л бурхан шашны сүм барьжээ. Халимгууд бурхны шашнаа сэргээхэд ихээхэн анхаарсан ба Оросын тухайд ч Халимаг Тангч бол ислам ба загалмайтны уламжлалт иргэншлийг заагласан, үймээн бужигнаан дэгдэх дуртай хязгаар дахь амар амгалангийн “буфер” болох тул энэ тал дээр гар таталгүй, сэтгэл харамгүй хандаж байгаа нь цавхийтэл нийлж буй бололтой байна. Загалмайн үнэн алдартан оросууд ба исламын үндэстнүүд эргэн тойрон завсаргүй хүрээлсэн ертөнцөд буй цөөн Халимгууд үндэсний онцлогоо хадгалахад шарын шашин тустай. Бүр Волгоградын ойролцоох Дөрвөдийн Их бухас тосгонд очиход тэндэхийн хүн манайд “хурул” бий гэж зааж байсан билээ. Бидний байгаагаас өөр ертөнц, өөр орчин. Каспи ба Хар тэнгисийг Кавказын нуруу ган татлага, их хэрэм мэт холбож байдаг, чухам энэ хэрэм мөрөн зогссон хоёр иргэншлийн хил болон тогтсон байдаг.
Монгол, Төвдийн хийдүүд олон дацантай (коллеж, факультет) лам нарын орон байр, уншлагын дуган, дагалдах сүмүүдтэй хийд буюу хотхоны хэлбэртэй бол Халимагийн сүм уншлагын гол дуганд түшсэн шүтээний газар маягтай юм. Чухам хэдэн дацантай, хэдэн ламтайг асуух боломж гарсангүй, лам нар хурал хурж, хэзээ гадаалах нь тодорхойгүй, мэдэх хүн таарсангүй. Яаруу яваа тул үзэхийн зуурт санаанд тогтсон нь энэ!
Харин гол хаалганы зүүн талд Зонхов гэгээний аавын хувилгаан Хөх нуурын Ажаа ринбүчийн уг сүмд морилох хугацаа ба айлдах номын хуваарийг хулдаасан хэвлэлээр хэвлэж дэлгэсэн байв. Ажаа ринбүчийг “Арджа Ринпоче” гэж орос дуудлагаар бичжээ.
Гарах зуур нэгэн өвгөн, бидний хаанаас явааг сонирхон асуув. Монголоос гэвэл их л элгэмсүү мэндэлж, өөрийгөө хошууд хүн гэж танилцуулав. Өвгөн “Арджа ринпоче Халимагт ирсэн, ямар учиртайг мэднэ үү?” гэж асууж байсан, мэднэ ээ “Зонхова гэгээний аавын хувилгаан” гэвэл бас “Хөх нуурын хошууд хүн шүү!” гэж байна. Хошууд хүн гэдэг нь өвгөнд илүү чухал бололтой!
Халимагт лам хуврагууд ихээхэн нэр нөлөөтэй байсан ба чухамхүү олон зайсан, ноёд ба тэдэнтэй зөвлөлдсөнөөр “…Нэг шашин, нэг хэлт эртний ах, дүү Монгол ба энэ, хойд хоёр төрлийн жаргалын шүтээн болсон рашааны далай Түвд орон хийгээд үлэмж адист Богд нарын гэгээний шадар оршиж, хорт дайсанд хэрчигдсэн Ойрадын голомт дээр бууя…” гэж шийдсэн тухай Торгууд хаадын туужид бичсэн бий…
2019 оны 05 дугаар сарын 18.
Bayarlalaa. usersen tsus, tasarsan mah…