А.БААТАРХУЯГ: ИЖИЛ ТОРГУУДЫН ТЭМДЭГЛЭЛ-3. МӨНГӨН ЗОНХОВЫН МӨР ДАГАН…(үргэлжлэл)
2019/05/20 1 Comment
… Батын Сарай хотын тууринаас буцах замдаа Астрахань мужийн Харабалинский районы Речное тосгонд байдаг “Хошуудын хурул” очиж мөргөв.
Хошуудын хурул
Тосгоны захад Ижил мөрний эргийн далангийн дэргэд сүм байна. Хашаа хороогүй, ганц сүм байх агаад урьд өмнө ийм бурхны шажны сүм үзэж байсангүй. Учир нь энэ сүмийн хоёр оройгоос бусад нь үнэн алдартны сүмийг санагдуулах агаад шар зосоор будаж, багана, түүний бад, байшингийн чимгийг цагаанаар буджээ. Хээ хуар бүхий төмөр сараалжаар цонхуудыг нь хаажээ. Сүмийн эргэн тойрныг хашаагүйгээс машин явсаар өвс ногоогүй болж талхлагджээ.
Гэхдээ сүмийг будаж додомдсон нь илт, сүүлийн засвараас хойш удаагүй бололтой, хурц өнгө жавхаа нь буураагүй байна. Харахад их ганган, гоёмсог сүм юм. Дорнын маягийг илтгэсэн хоёр оройн нэг нь хоёр, нөгөө нь дөрвөн давхарлагийн дээр алтадмал, өндөр ганжир гялалзаж, үзүүртээ нар, сарыг асаажээ. Сүмийн зургийг авч явах зуур нэгэн халимаг өвгөн тэрхүү нар, сарыг зааж “Энэ лалын шажных биш үү?” гэж их л чухалчлан асуулаа. Үгүй, Монголынх, дээш харсан саран дээр нар байна, Монголын төрийн далбаан дээрх соёмбод ч үүнийг дүрсэлдэг, ялгаатай нь дээрээ галтай гээд утсаараа соёмбоны зураг “гүүглдэж” үзүүлсэнд их л санаа амарсан байртай талархаад миний зургийг авч өгөв. “Зураг татна” гэж ярих юм.
Хоёр хавтсыг дэлгэсэн зузаан хүрэн модон хаалгаар сүмд оров. Банзан шалтай, хүнхэр адартай, нуман холбоос бүхий багануудаар дотор талыг тууш гурван эгнээ болгон тусгаарласан дуган байна. Ханыг цагаан шохойгоор будсан, олон өндөр цонхнуудтай тул саруулхан юм. Сүмийн хоёр талын эгнээ хов хоосон, нэгний буланд хаалга нь онгорсноос эвдэрхий мэт санагдам шкаф харагдана. Голын өргөн эгнээнд вандан сандал эгнүүлэн тавьсанд сүсэгтэн олон сууж залбирах учиртай.
Голын эгнээний зүүн талд баганын дээр Баян Намсрай буюу Гүвираа (Кубера) тэнгэрийн торгон зураг, зүүн этгээдэд цагаан Дарь эх ба Манал бурхны торгон зургийг өлгөжээ. Тэр жижгэвтэр бурхад дуганд сүр оруулахаас илүүтэй хоосон орон зайг улам тодруулна. Харин хойморыг танхимаас баганаар тусгаарлаад, улаан булангийн тайз мэт өндөрлөж, цээжээр татам маажиндсан модон тавцан засаад дээр нь шар торгон орхимжтой дэлэм хэр өндөр, бадамлянхуа дээр завилсан алтадмал бурхан багшийг голлуулан тахижээ. Бурхны дээр өндөр хананд, гол нь бурхан багш, хоёр талд нь Балданлхам ба ногоон Дарь эхийн торгон хөрөг хадсан байна.
Тавцан дээрх Бурхан багшийн араар улаан хүрэн жаазтай хуучны бурхдын хөрөг эгнүүлсэн тавьсан байх ба өмнө нь жижигхэн жаазтай Зонхова, Далай ламын хөргийг залжээ. Тав, зургаан жижигхэн цутгамал бурхан харагдана. Өмнүүр нь зулын цөгц, арц хүжийн бойпор, ваартай цэцэг, суварга тэргүүтэн тахил ном ёсоор өржээ. Хүмүүс бурхан багшийн өмнө залбирч мөргөн, зоосон мөнгө өргөөд буцаж вандан сандал дээр наманчлан суух аж. Халимаг царайтай 10 шахам хүн байна. Басхүү нэг хоёр орос хүн ч мөргөөд гарлаа.
Харин лам харагдсангүй. Тайзны дорхи намхан ширээн дээр утлага, рашаан харагдавч өгдөг эсэхийг мэдэх аргагүй. Улаан даавуугаар бүтээсэн урт ширээ, модон жавдан байхыг харвал 2-3 уншлагын лам байдаг болов уу гэмээр… Ер бурхан тахилыг харвал их л ядуухан сүм ажээ. Монголд элбэг дэлбэг байх зурмал бурхан тахил тэргүүтнийг үзэх хүн авч очоод бэлэглэсээр дуганыг дүүргэвэл загалмайтны сүм мэт санагдах нэлэнхүй цав цагаан дотор орчинг их л өөрчилж болмоор… Хэрэв Халимаг лам байсан бол энэ мэтийг тавтай хүүндэхсэн гэж бодовч таарсангүй л.
Манай сумын төвөрхүү гэхдээ илүү цэгцтэй орос тосгоныг энэ сүм сүрхий чимдэг агаад Халимгууд ихэд эрхэмлэдэг бололтой, тиймээс ч хэрэг болгож биднийг аваачсан хэрэг билээ. Басхүү алс холын жуулчид олноор ирдэг байж магадгүй. Орчмыг тойрч үзээд сүмийн арын даланг давж Ижил мөрний эрэгт хүрвэл гурав, дөрвөн төмөр завь аргамжаад орхиж. Дэргэдүүр нь орос жаалууд шулганалдан гүйлдэнэ. Хэсэгхэн зураг аваад буцахдаа лам хүн таарах болов уу гэж горвдож сүмд буцаад очтол цоожлоод явчихаж…
Энэ сүмийг 1812 оны Францтай хийсэн дайнд амь үрэгдсэн Халимаг дайчдын хойдын буян, гэгээн дурсгалд зориулж босгосон түүхтэй тул Халимгууд хүндэтгэдэг нь аргагүй. Халимгийн Хошуудын улусын эзэн 1812 оны дайны баатар, дэд хурандаа Түмэний Цэрэвжав вантан бөлгөө, Питербургт уг дайнд үрэгдсэн Оросын цэргийн дурсгалд зориулсан Казанийн сүмийг үзээд энэ сүмийг барихаар шийдсэн гэдэг. Тэгээд ах Баатар Увшаас сүмийн зургийг гаргахыг хүссэнд Гаван Жимбэ (Гаваагийн Жамба) ламын хамт зохиож өгчээ. Хуучин бурхны шажны нүүдлийн сүмийн буурин дээр 1814 оноос эхлэн чулуугаар барьсан сүм 1818 онд дуусчээ. Түүнээс хойш ч өргөтгөж байжээ. Энэ сүмийн цэвэр цэмцгэр, сүрлэг сайхныг олон алдартан зочлон очоод очиж шагшин бичиж байсны дотор Францын алдарт зохиолч Александр Дюма, их эрдэмтэн А.Хумболдт ч бий.
Коммунист хувьсгалын дараа 1920-иод онд хурлыг хаасан ба 1930-аад онд соёлын төв болгон ашиглаж байж. Халимгуудыг Сибирьт цөлж, нутаг эзгүйрээд харж хайхрах хүнгүй болж. 1957 онд Халимагийн автономит улсыг сэргээн байгуулахад буруу номтнууд тарианы агуулах, малын сарай болгосон байжээ. Тэгэхэд Хошуудын улусын нутгийг Астрахань мужийн харъяанд оруулсан байна. Удтал завсарлаж зориулалтаар ашиглаагүй дуган эцэстээ бүрэн сүйджээ. Тэгсээр 2004 оноос Хошуудын сүмийг сэргээн барьсан нь энэ ажээ. Халимгууд улсын сангаас мөнгө гаргасан гэж ярих юм, басхүү чинээлэг иргэд ч хандив өргөсөн бололтой.
Сена мөрнөөс морио усласан Монголчууд
Наполеон эсрэг дайнд Оросын хааны зарлигаар байгуулсан Халимагийн гурван морьт хороо оролцсон бөгөөд баатарлаг тулалдсан юм. Нэгдүгээр хороог тайж Тундэвийн Жамба, хоёрдугаар хороог энд өгүүлсэн ван Түмэний Цэрэвжав, гуравдугаар хороог Зүүнгараас очсон Жамъяан, Цэвэгжав нар удирдан оролцжээ.
Бородиногийн тулалдааны үеэр Наполеон Бонапарт Халимгуудын дайтах арга ухаанд ихэд хохироод, цухалдан тэчъяадаж Оросын хаан I Александрт захидал бичиж байжээ. Халимгуудын дурсан ярих нь: Морьт хороод Монгол цэргийн тактикийг тэгэхэд үр дүнтэй хэрэгжүүлсэн байна. Бууны тусгал шулуун тусдаг тул жалга, далангаар халхалж нумаар харвах, их буу, офицеруудыг цаламдах, их бууны бялтны нүхэнд хулсан хадаас шааж, аманд ньэлс чихэж эвдэх зэргээр ихээхэн хохирол учруулжээ.
Н.Бонапартын цухалдан бичсэн нь: “Соёлт хүн төрөлхтөн дайн байлдааны үед бөмбөрийн хэмнэл, цэргийн хувцас, жагсаалаараа цэргийн урлагийн соёлыг харуулах ёстой. Танай армийн дотор байгаа зэрлэгүүд, махчидаас болж эр цэрэг ид хаваа үзүүлж чадахгүйд хүрч байна. Та энэ зэрлэгүүдийг турхирчихаад ард нь Оросын армийн хүч чадал гэж ярьж буй нь инээдэмтэй хэрэг. Харин би тэр зэрлэгүүдтэй бус тантай, Оросуудтай тулалдахыг хүснэ” гэжээ. Харин Халимгууд “соёлтой үхэхийг” хүсээгүй, үхэл бол баатрлаг үйл явдал биш, амьд үлдэх нь баатарлаг хэрэг.
Хожим 1814 оны эхээр Н.Бонапарт Халимагийн “зүрх сугалах” довтолгоонд өртөж, торгон цэргээ толгой дараалан хядуулаад золтой л олзлогдолгүй амь дүйн мултарсан байдаг. Л.Гумилёв “Өрнөдийнхөн дайныг хөнгөн бодож, буянт үйл, алдар нэрийн үйлс гэж баярхдаг бол Монголчууд өөрөөр хардаг. Тэд аль болох дайтахгүйг хичээх хэрэгтэй, хэрэв дайтвал мохоол мушгилгүй болгох ёстой гэж үздэг” гэж бичжээ.
Монголчуудаас Халимгууд л өрнийн шилдэг, хөгжин буй технологийг эзэмшсэн армиудтай бараг нэгбүрчлэн тулалдсан билээ. А.Блокийн бичсэнчлэн “Өндөр хамартан, өргөн шанаатантай тулалдахад” Халимгууд нэр төрөө мандуулан гарсан юм. Чухам тиймээс “Хошуудын хурул” бол Халимагийн бахархал байхаас аргагүй.
Их яруу найрагч А.С.Пушкин шүлэгтээ “Талын нөхөр Халимаг” гэж дотночилон бичсэн бол яруу найрагч Ц.Глинкийн шүлэгт:
Тьюльрийн цэцэрлэгт Оросын тугийн ганжир гялбалзахад Талын Халимаг
Сена мөрнөөс морио услахыг Би үзлээ… гэсэн мөрүүд ч бий.
Парисын гудамжаар Оросын цэргийн дотор шар бөс бүс, дөрвөлжин шар оройтой тоорцог малгай, хөх дээлтэй, жад сунгаж, эмээлийнхээ урд бүүрэгт цалам эвхсэн морьтон, Монгол царайт дайчид орж ирсэн нь содон байсан гэдэг. Улаан хөвөөтэй шар, шар хөвөөтэй цагаан торгон туг нь бурхны шашны хачин сонин догшин дүрт бурхадын зурагтай нь содон агаад цагаан туган дээрээ Балданлхам бурхан, Далха тэнгэр, шар туган дээрээ Да лха тэнгэрийн дор чоно, өтөг, барс, зээх зэрэг араатан амьтдыг дүрсэлсэн байв.
Европчуудын сонсоо ч үгүй гэлүгва ёсны шүтээн, Сайн цагийн мянган бурхны сахиус, хангал бурхдын нэг Балданлхам нь бараан хөх бие, догшин дүрт эмэгтэй бурхан юм. Монголчууд өдгөө ч цагаан сарын битүүний орой энэ бурханы хөлөгт зориулж гэрийн тотгон дээр гурван мөс тавьдаг. Ер нь Төвөдүүд Лхам бурхныг өөрийн үндэсний шүтээн бурхан гэдэг. Монголчууд “Хоржийлоо” гэдэг шиг “Лха жияло” буюу “Лхам бурхан яллаа” гэж уухайлдаг.
Да Лха буюу дайны тэнгэр нь амирлангуй цагаан өнгөтэй, баруун мутартаа жад, зүүндээ цалам барьсан, цагаан морь хөлөглөснөөр дүрсэлсэн байна. Дайны тэнгэр нь Говилха буюу Таван тэнгэрийн нэг гэгддэг. Эртний Персийнх ч байж магадгүй энэ тэнгэрийг торгуудууд их шүтдэг асан бөгөөд манай ээж ярихдаа “Аав минь шар шувтлаад шашныг хавчих нь их болсонд хүүхдүүдэд гай болуузай гээд Говилха шүтдэг байснаа шар тосоор тослоод цэвэр гэж галдаа өргөхийг нүдээрээ харсан…” гэдэг байж билээ. Говилха шүтдэг айл эрчүүлийг их хүндэтгэдэг.
Аль аль нь Халимагийн цэргийн аюулт зэвсэг жад, бас цаламтай байгаа нь сонирхолтой. Халимгуудын хэрэглэдэг цалам үзүүртээ нарийн төмөр гогцоотой хэрэв дайсан этгээдийн толгойд цалам орвол морьд нь суух буюу эргэдэг учраас толгойг нь таслаад үлддэг нь дайснуудад нь ихээхэн айдас төрүүлдэг байжээ. Зэрэгцэж явсан нөхрийн нь толгой гэнэт алга болохыг харах ямар л олиг байх вэ дээ!
Гэхдээ Халимагууд хэдий дайчин эрэмгий боловч дайн дажинд дургүй, энх амгалан, амар жимэр амьдралыг эрхэмлэгч ард түмэн билээ. Хэдэн зуун дамжин олон дайнд оролцож, их ч хохирсон билээ. Дайсныг ялж болох ч хохиролгүй өнгөрнө гэж үгүй. Ер нь яагаад ч юм Монголчууд ялангуяа Ойрадын язгууртнууд “Шажныг хамгаалагч, шажныг мандуулагч” гэх мэт цол Далай ламаас олныг авчээ. Магадгүй дайчин Монголчууд хүлцэнгүйн хүлээсэнд оршсон бурхны шажинтнуудын хувьд өмөг түшиг, хамгаалагч мэт санагддаг байсан биз. Тиймээс хамаг догшид сахиуснуудаа харамгүй өгсөн гэлтэй…
Халимаг хөгшид ярьж байна. Уулынхан, Кавказын ард түмэн бөмбөр их тоглодог. Харин манай Халимгууд бөмбөр үгүй. Яагаад гэвэл гар хуруугаар товших, бөмбөр тоглох зэрэгт их дургүй, тийн үйлдсэн залуус, багачуулыг “Дайн дуудлаа” гэж зэмлэдэг ёсон тогтсон гэв. Тэр ёс манайд ч бий. Миний багад хөл гар савчих, гар хуруугаа товшиход яг ингэж дургүйцдэн болиулдаг байсан билээ, одоо ч тийм болов уу. Орос, Европт зохиолч, яруу найрагчид Халимагийн дайчин алдрыг шагшин байх ахуйд Халимагууд гунигт дуугаа дуулж байв. Олон дайнд явж, их ч хохирсон аж.
Сөөм хамартай Францтай
Сөө (шөнө) өдөргүй цавчилдав
Цавчилдъя гэж цавчилдсангүй
Оросын төлөө цавчилдлаа
Төгрөг нуурын хөвөөгөөр
Төгөөлөн (тойрон) байж алалдав
Алалдъя гэж алалдсангүй
Амьд үлдэхийн эрхэнд алалдлаа…
Жавзандамбын хараал.
Торгуудууд төр, төрөл Монголынх, шажин ном Төвдийнх гэж ойлгож байсныг өмнөхөөс харж болох. Чухамдаа газрын ойроор шажныг Монголоос бус Төвдөөс зэрэг авч байжээ. Тэнэс мэргэн Тэвнэ ноёны үеэс эхтэй энэ уламжлал өнөөг хүртэл баттай хадгалагдаж байна. Гэвч өнөө цагт Төвдийн шажин Хятадын коммунист дарангуйлал дор доройтож, тиймээс Халимгийн шажин соёлд хангалттай тус болж чадахгүй байна, харин Монголд шажин дэлгэрэхийн үүд нээгдсэн ба Буриадад энэ нь их нөлөөлж байна. Буриадаар дамжин Халимагт ч зарим талаар хүрч байна. Монгол, Орос хоёр орны харилцаа сайн сайхан тул Халимаг Монголын шажин ойртоход бэрхгүй болжээ.
Ажихад Төвөдүүд Халимагт шажны бизнес эрхэлдэг бололтой юм. Гэвч бас хөдөө нутагт “Алтан зул” цэцгийн зураг авч явахад Монгол лам ч таарсан билээ.
Би л болсон хойно, номхон томоотой явах биш, элдвийн юм асууж сурж, зөрж маргаад хүнд яршиг болох нь олонтаа. Түүнээс ойлголцохгүй, бүтэхгүй бол өөрөө ч бухимдаад хамт яваа хүмүүстээ ч лай болох. Бурниновгуай Халимгийн сэтгүүлч зохиолчидтой уулзуулна гээд, Цагаанзам гуай хориглоод дунд би шийрэгнэх. Элдэв долоон юм донгосч магадгүй гэж болгоомжилдог биз.
Халимагт шажин буураагүй цагт, Октябрийн хувьсгалын өмнөхөн “Жавзандамбын хараал” хэмээх нэгэн лүндэн гарч ирээд “алга болжээ”. Хамгийн сүүлд Номт Очиров 1915 оны орчим энэ лүндэнг чулуун бараар цөөн хэвлэсэн нь олдохгүй болжээ. Тэр лүндэнд цөвүүн, муу цаг ирэхийг сануулж байжээ.
Хэдэн жилийн өмнө бурханч Пүрэвбат ламтай Аглагийн хийдэд нь ярилцаж байхад лүндэнгүүдээс “Торгуудын хараал” гэгч олдохгүй байна гэж байсан. Тэгэхэд Торгуудын хараал бус Жавзандамбын хараал гэж лүндэн байсан гэсэн, магадгүй Зүүнгараас хожуу очигсод Халимагт авч одсон байж магадгүй, Галдан бошигтын Халхад хийсэн түйвээнтэй холбоотой тийм нэр, лүндэн тархсан байж магадгүй гэхчлэн ярьж байсан билээ. Би бас Халимагт битүүхэн энэ лүндэнг сурж явсан боловч Төвөд хэл дээрх лүндэн байтугай хуучны ном судар олдохуйяа бэрх, халимаг хэлний хэвлэл ч ховор живэр нь илт байв. Миний таамаглах нь олон хувилбараар тархсан Богдсын лүндэнгийн нэг байх магадгүй юм. Лүндэнгүүд дэх дүрслэлүүд Халимгийн ард түмний XX зуунд туулсан зовлонг ширхэгчлэн өгүүлэх мэт санагдаж болох үндэстэй.
Үнэндээ хуучны Төвөд үсгийн судар байтугай олдохгүй, харин хуучин номын худалдаанаас Жангарын 550 жилийн ойгоор халимаг хэлээр хэвлэсэн “Жангар” тууль арай гэж хоёрыг олж авснаас хэтэрсэнгүй билээ.
Хэрэв анзаарвал шарын шажин дэлгэрэхээс өмнөх үеийн домог яриа ч сонсогдоно. Жангарын туулийн “Энэ олон бурхдын шажин дэлгэрсэн цагт…” гэдэг мөр “Энэ олон бурхдын шажин дэлгэрээд үгүй цагт…” гэж байсан ч гэлцэнэ.
Чухам өнөөгийн Халимгуудын цусанд Ойрадын, торгууд голлосон бусад аймгийнхны дээрээс хуучин Их Ногайн мангуд зэрэг монгол аймгуудын цус ч урсан буцалж буй юм. Ижилийн эрэгт ирээд Ногайн их, бага хоёр аймгийг Хо өрлөгийн хоёр хөвгүүн эвээр нэгтгэсэн байдаг. Ирж дайтаад ялсан торгууд ноёдоос мангуд нар “Нэгэн үндэстэй атал биднийг ингэх чинь юув?” гэж асуусан гэдэг. “Хэрэв хадаг бариад тоссон бол байлдах хэрэг юун, жад бариад чичвэл бид ч бас тэгэх биш үү?” гэлцээд Халимгийн овгууд Ногайн монгол овгуудыг хувааж нэгтгэсэн гэдэг.
МНТ-д эрийн эр болсон, цусан тоногчин гэгддэг мангуд л даа. Халимагийн овог бүрийн тухай уриа, цол байх. Мангудын магтаалтай ижил магтаал торгуудын яргачин эрхтэнд овогт (элкэн) байх юм. “Эрхтний хөвгүүн бүстэйгээ хонодог, эмээлт морь нь тохоотой хонодог” гэх энэ уриа Түрэгийн янычаруудын “Бид мориндоо эмээлтэй, бүсэндээ сэлэмтэй хонодог” гэх домог яриатай ижил.
Алтан ордын бууринаас салаалж салбарласан олон аймаг улс дунд нүүдэллэн очоод оршин үлдэхийн тулд эр цэрэг, баатар дайчдаас гадна үр хүүхэд, удам судраа ч хамгаалах ёстой байж. Удам судраа өөрөөсөө муу төрөх вий гэж хүүхдээ хөнөөдөг баатар эрийн үлдсэн ганц хөвгүүний тухай хамар шархирам домгийг ”Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс сонсож, үзэх тул орхиё! Басхүү ”Хэрээний өндгийг үүрэнд нь авдаг, Хэрэйдийн хөвгүүнийг өлгийд нь алдаг” гэх үг ч айдас төрүүлнэ… Өлгийнөөс гарвал дийлэхгүй!
Гэснээс үүнтэй адил нэгэн сонин домог сонсов. Халимаг-торгууд доройтож, гай гамшиг нүүрлэхэд магнайдаа нэг нүдтэй хүүхэд төрнө, тэр хүүхэд зовлонгоос зайлуулна гэж ярьдаг байжээ. Халимагийн хууч мэдэх хөгшдийн үзэхээр Дөрвөн ойрд бол Дува сохорын дөрвөн хүүхдийн удам агаад Торгууд бага хүү Эрхийн удам аж. Тэр дахин төрөх хүүхэд бол дөрвөн Ойрдын эцэг Дува сохорын дүр агаад ахин төрсөн цагтаа аюул гамшгаас үр хүүхдээ хамгаалах учиртай ажээ.
1910 онд Халимагт, бүр аялан бүхүй Хошуудын улуст яг тийм хүүхэд төрсөн гэнэ. Гэтэл тэр цагт лам нар тийм хүүхэд төрж магадгүй, хэрэв төрвөл эхийн нь сүүг амлуулалгүй авчир гэж зарласан байжээ. Тэр ёсоор хүүхдийг төрмөгц хийдэд хүргэсэнд “эхийнхээ уураг амлаагүй бол бид дийлэх” гээд салаа замын дунд том ширмэн тогоогоор хөмрүүлж дараад, дээр нь их гал түлж хүүхдийг хөнөөжээ. Тэр хүүхэд уйлахад ширмэн тогоо хангинаж, дэргэдэх хүмүүсийн чихний хэнгэрэг хагарах шахам дуу хадаасанд чихээ таглаад зугтаж байж гэнэ. Гэтэл нэгэн унага давхин ирж, хүмүүсийн дундуур дайран хүүхдийг гаргахаар өнөө ширмэн тогоог туурайгаараа цавчилсан ч тогоо эргэсэнгүй аж. Тэгээд унага зугтаж одоход барьж авч чадсангүй гэнэ. Хожим үзтэл тогоон дээр унаганы цавчсан мөрөөр алтан судал татсан байжээ…
Дараа нь мөн тийм хүүхэд 1926 онд Шинжааны торгуудын дунд бас төрсөнд мөн ёсоор хөнөөжээ. Түүнээс их гай гамшиг нүүрлэж, Халимгийн ард түмний 100 жилийн амар амгалан эцэс болж коммунист засаглал, иргэний дайн, Ижил мөрний их өлсгөлөн, дэлхийн хоёр дайн, Сибирийн цөллөг зэрэг их гай гамшиг Халимгийн ард түмэнд нүүрлэжээ.
Харин Алтайн торгуудын дунд мөн л тэр цагаас их тахал гарч, Баруун Цонж, Тэнгэр уул хүрсэн их нүүдлүүд, Шинжааны үймээн, Хасгийн бослого, Байтагийн тулаан зэрэг олон гамшиг нүүрлэжээ. Харин “Жавзандамбын хараал” лүндэнд одоо бодоход сайн нь энэ бүхний дараа урьд өмнийн хараалыг элдэн дуусч, торгууд хамаг олон бүгдээр амар жаргаланг үзэж, баян сайхан амьдрах сайн цагтай золгоно гэсэн байжээ. Алс тэртээх Ижилийн эрэг, Алтайн хооронд 400 жилийн өмнө хагацан салсан нэгэн аймаг-улсын олны дотор энэ мэт үл үзэгдэм хувь тавилангийн хэлхээ холбоо оршсоор байсан нь гайхалтай. Өдгөө ч Халимгууд өөд бологсдоо “Алтай давж одлоо” гэж ярьдаг аж. Эх түүхийн улбаа, их гүрний үр саданг холбосон далд шижим тасрахгүй ажээ.
Чухамхүү энэ шалтгаанаар Ижилд очоод буцаж, Их хүрээнд тогтсон Зонхова гэгээний дүрийг хувилан залахыг сайн цагийн эхэн гэж Халимагууд хүсэх мэт ээ… Буян номын мөрийг бузгай илүү бичихийг хичээвч тасарсан мах, үсэрсэн цус болсон энэ ард түмний түүх эрхгүй дайны түүх рүү зална. Халимагуудад өөрийн төлөө бус Оросын төлөө дайтах хувь тавилан оногдсон юм. Тиймээс тэд энгэртээ эрхитэй, эмээлдээ цаламтай дөрвөн зууныг өнгөрөөжээ…
(Үргэлжлэл бий)
Bayarlalaa. Ter Zonhoba n dvriig tend zalaad ugchih yumsan…