ХОЁР ЗАСГИЙН БАЙЛДААН
2026/05/21 Leave a comment
Монголын төр алингаа алдав. Улс төрийн өрсөлдөөн тэмцэл байнга байдаг зүйл боловч тасралтгүй 3 жил байлдааны өндөржүүлсэн байдалд байдаг төр гэж хаа ч үгүй. МАН, АН хоёр нам байлддаг үе түүх болон үлдэж МАН-ынхан ганцаараа нам дотроо байлдах болов. Үүнээс улбаалан монголчуудын, түүний дотор эрх баригчдын толгой эргэж, улс төр чухам юу болоод байгааг дээрээ ч, дороо ч ойлгохоо болив.
Манайхан Ерөнхий сайд Н.Учрал, УБ хотын мэр Х.Нямбаатар хоёрын байлдаан Монголын улс төрийг тодорхойлж байна гэж харж байгаа. Гэвч энэ нь ердөө л үзэгдэх байдал юм. Үүний цаана МУ-д монголчуудын огт анзаардаггүй, тоодоггүй далд, гүний том үзэгдэл явагдаж байна.
Юу хэмээвээс МУ-д “ТөвЗГ” болон “УБЗГ” гэсэн зэрэгцээ засаг бий болж, эрх мэдлийн төлөө тулалдан тэмцэлдэж байна. Зэрэгцээ засаглалын тэмцэл Монголоос өөр дэлхийн хаана ч байхгүй бөгөөд улмаар энэ нь манай нийгэм, төрд үлэмж аюултай төлөв байдал бүрэлдээд байна. Энэ тухай товч өгүүлсү…
Байнга томрон хүчирхэгжигч УБ
Хэн бүхэн мэдэж, гайхан өгүүлээд орхидог, огт анхаарч байгаагүй нэгэн том онцлог МУ-д бий. Энэ бол МУ-ын хүн амын 50%, улмаар үйлдвэрлэл үйлчилгээний 50-70%-ийг эзэлж байдаг УБ хот юм. Энэ бол жам ёсны бодит байдал юм. Бүр социализмын үеэс хот руу шилжих хөдөлгөөнийг зогсоох гэж байнга оролдож байсан боловч дийлээгүй. 1992 оноос ҮХ-нд хүн “оршин суух газраа өөрөө сонгох” заалт орсноос хойш хот руу шилжих хөдөлгөөн жолоодлогоо бүрэн алдав.
Энэхүү хот руу шилжих хөдөлгөөний үр дүнд УБ хотын улс төр, эдийн засгийн хүч чадал, нийгмийн нөлөө жилээс жилд маш хүчтэй нэмэгдэж, эцсийн дүндээ бие даасан “улс төрийн зэрэгцээ засаг” болсонд оршино. Энэ бол миний гаргасан шинэ нэр томъёо юм.
“Улс төрийн зэрэгцээ засаг” бий болох бүрэлдэх үйл явц хэн нэгэн “муу санаатай” улс төрч, аль нэг “муухай” намын шийдвэрээр гэнэт бүрэлдсэн үйл явц биш, харин хотын хөгжлийг дагалдан гарч ирсэн эрх мэдлийг хуваарилах, зохицуулах явцын жам ёсны үр дүн юм.
Улсын төсөв батална, мэдээж УБ-т ихэнхийг нь тавина. Өөр арга байхгүй. Улсад татвар төлнө, мэдээж УБ ихэнхийг нь төлнө. “УБ даатгал” “УБ сан” зэргийг үүсгэн байгуулж, улмаар хувийн “УБ банк” болгон хувиргана гэх мэт мөнгө хуримтлуулах арга маш олон. УБ хот яаж томорч, хүчирхэгжсэн нь бидний нүдний өмнө болсон учраас дэлгэрүүлэн ярих шаардлага байхгүй.
Харин улс төрийн талаасаа УБ хотын МАН, АН-ын Хороо бол намуудын улс төрийн ололт амжилтын гол тулгуур байлаа. Товчоор бол сонгуулиар УБ-т ялбал МУ-д ялна. Иймээс аль ч нам, ялангуяа МАН хотын намын хороогоо ихэд анхаардаг байв. УИХ-ын сонгуульд УБ-аас нэр дэвшигчид багталцахгүй болж, шахагдахад “квот” тогтоож, зарим хүнээ хөдөө аймаг руу явуулж шийддэг практик одоо ч хэвээрээ.
УБ хот бие даан цэгцэрсэн засаг (эрх мэдэл) болон төлөвшсөн үе нь 2000-2007 оны үе буюу М.Энхболдын үе юм. М.Энхболд муу санаатай, дарангуйлагч учраас УБ-ыг бие даасан засаг болгочихсон юм огт биш. УБ хотын хүчирхэгжилт цэгцрэн төлөвших хандлага нь М.Энхболдын дарга байх үетэй давхцсан юм. Дээрээс нь М.Энхболд маш сайн зохион байгуулагч гэдгийг дурдах нь зүйтэй.
УБ хотын эдийн засгийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрх мэдлийн цар хүрээ аажим аажмаар нэмэгдэх хандлага бий болов.
Яваандаа Улаанбаатар хот 2010-аад оны хавьцаа эдийн засгийн болон улс төрийн эрх мэдлийн хүч нөлөөгөөрөө ТөвЗГ-тай энэ зэрэгцэх, өрсөлдөх, зарим талаар илүү гарах хэмжээнд хүрэв. Өөрөөр хэлбэл Монгол Улсад ТөвЗГ болон “УБЗГ” гэсэн зэрэгцээ засаг бий болж, өрсөлдөн тэмцэлдэх болов.
Эрх мэдэл нэмэгдсээр…
Хэсэг. МУ-ын ҮХ-д: “МУ нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэж заасан байдаг.
Гэтэл манай ҮХ-нд огт байхгүй “хэсэг” гэсэн засаг захиргааны нэгж шинээр бий болгож, хэсгийн дарга нараа төрөөс санхүүжүүлэх болов. МАН-ын сонгуулийн сүлжээнийхээ санхүүжилтийг төрөөр даалгахыг тулд ҮХ зөрчсөн гэмт хэрэг үйлдэж байна.
УБ хотын хороодын “иргэний хэсэг” буюу хэсгийн ахлагч нарын цалин 2025.04.01-нээс 1.2 сая төгрөг болсон нэмэгджээ. Энэ нь өмнөх 1 сая төгрөгийн урамшуулал авдаг байсан. УБ хотод нийтдээ 1858 орчим хэсгийн ахлагч ажилладаг.
Энэ нь намын сүлжээ төрийн сүлжээ болон хувирч, ардчиллаас гадуурх хэт төвлөрөл бий болсныг харуулж байна. Түүнчлэн УБЗГ УИХ-ыг шахаж ҮХ-нд халдсан, хууль бус засаг захиргааны нэгж бий болгох эрх мэдэлтэй болсон аж.
Байнгын төлөөлөгч. Хөрөнгө мөнгө их хуримталж, эрх мэдэл аажим аажмаар нэмэгдэхийн хэрээр УБЗГ ТөвЗГ-тай зиндаархах, мөчөөрхөх болов. Энэ нь гадаад орнуудад байнгын төлөөлөгч томилох үйлдлээр хамгийн тод илэрнэ. Лав л Москва, Бээжин, Сөүл, Тайвань, Варшав, Анкара-д УБ хотын байнгын төлөөлөгч суудаг бөгөөд энэ нь бүрэн биш жагсаалт юм. Гадаадад ажиллаж буй “дипломат” хүн чинь чамгүй өндөр цалин авдаг нь мэдээж. Цалин ч гэж дээ, УБ-чуудын татварын мөнгө юм.
Гадаадын хэд хэдэн оронд байнгын төлөөлөгч суулгах болсноор УБ хот “улс доторхи улс” болон хувирав.
Бонд. УБ хотын эрх мэдэл улам нэмэгдэж 2010 оноос хэд хэдэн удаа төгрөгийн бонд гаргав. Төгрөгийн бонд тодорхой хэмжээний орлого олж байсан боловч энэ гологдож эхлэв. Ингээд 2024 оноос УБ хот олон улсын бонд гаргаж эхлэв. Мөнгөн дүн нь 500 сая ам.доллар.
ТөвЗГ хуучин бондуудынхаа өрийг дарах гэж шинэ бонд гаргаж арчаагаа алдаж байхад УБЗГ 500 сая долларын бондыг жил гаруйхны дотор зарчихаж байна. УБЗГ богдынхоо хэмжээгээр ТөвЗГ-тайгаа зэрэгцэж ирэв.
Мега төсөл. Мөнгө идэх арга хөгжлийн өнөөгийн шатанд мега төслийн төлөө давуу мэдэлтнүүдийн өрсөлдөөн тэмцэл болон хувирч байна. Тодруулбал: ашигт малтмал зарснаас орж ирсэн асар их валютыг “үй түмэн” мега төсөл болгон хувиргаж идэх шинэ түвшинд хүрч, алалцаж байна.
Төв ЗГ 14 мега төсөл, УБ ЗГ 24 мега төсөл зарлаж байгаагаас харахад УБЗГ ТЗГ-аасаа бараг хоёр дахин том байна. Их мөнгөтэй нь их эрх мэдэлтэй.
Мега төслүүдэд техник эдийн засаг, хөрөнгө мөнгө болон цаг хугацааны ямар ч шалгуур тавилгүй “зүгээр л” мега төсөл гэж чарлаж рекламдаж байгаа нь тэнэглэлийн дээд тэнэглэл бөлгөө.
УБЗГ бүрэлдэхүй…
Манжийн үед Ховд, Улиастай хоёрыг эс тооцвол Нийслэл Хүрээнээс өөр хот байсангүй. 1921 оны хувьсгалын дараа УБ хот хүн ам болон бусад бүх үзүүлэлтээр тасралтгүй өргөжин тэлж иржээ. Социалист байгуулалт эхэлсэн 1960-аад оноос эхлэн энэ өсөлт бүр хурдсав. Социалист удирдагчид үүнийг анзаарч, УБ-т паспорт, хөдөөд иргэний үнэмлэхийн систем бий болгож, хот руу дур зоргоор шилжих хөдөлгөөнийг хязгаарлах гэж олон жил оролдсон боловч дийлээгүй юм.
1992 оноос эхлэн ҮХ-нд “хүн оршин амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй” болсноор УБ хот улам ч хурдан тэлэх болов. УБ хот зөвхөн хүн ам төдийгүй, үйлдвэрлэл, үйлчилгээ, соёл, ш/у-ны хувьд өргөжин тэлсэн ба энэ нь засаг захиргааны зохион байгуулалт хийж удирдлагын төвлөрлийг шаардав.
Байн байн болдог бүх шатны сонгуульд нийслэл, хороо, дүүргийг (аймаг сум, баг) өндөр зохион байгуулалттай бэлтгэх жам ёсны шаардлага бий болов. Хэдийгээр хуулиар хориглосон боловч яам, агентлагийн төрийн албан хаагчид сонгуульд оролцдог хагас нууц сүлжээ, механизмыг бий болгов.
Энэ бүх шалтгааны улмаас ТөвЗГ тодорхой зарим эрх мэдлийг хуулийн болон хуулийн бус аргаар УБЗГ-т олгосоор байв. Энэ үйл явцыг хүн тэр болгон анзаарамгүй, жаахан жаахан түлхэн явуулав.
Эрх мэдлийн шилжилт ингэж олон жил явагдан хуримтлагдсаны үр дүнд 2010 аад оны дунд үед УБ хотын бие даасан ЗГ бий болов.
УБЗГ томоохон төсөв, төслийг ТөвЗГ буюу яамдад огт хамаагүй болгон тусгаарлаж өөртөө авсан явдал юм. Яам, агентлагийн сайд дарга нараас аль нэг төсөл, ажил асуухад: “Энийг бид мэдэхгүй, бидэнд хамаагүй, харин УБ хот мэднэ” гэж хариулах явдал түгээмэл үзэгдэл болов. Энэ нь УБЗГ нэгэнт бий болсныг хөдөлбөргүй харуулна.
Энд Х.Нямбаатарын тухай зайлшгүй өгүүлэх учиртай. Х.Нямбаатар бол УБЗГ-ыг бүтээж цогцлуулсан хүн биш, харин өмнөх дотоод зөрчлийн улмаас УБЗГ хямралд орсны улмаас нөхцөл байдлыг тогтворжуулах, сонгуулиас өмнө УБЗГ-ыг бүрэн эзлэн авах зорилготой ирээд түүнийгээ амжилттай хэрэгжүүлж, үргэлжлүүлсэн хүн юм.
Х.Нямбаатар ирээд үзтэл УБЗГ-т хөрөнгө мөнгө байв, хөрөнгө мөнгө олох өргөн боломж байв. Бараг Ерөнхий сайдын дараа орох эрх мэдэл байв. Ийм сайхан юмнаас татгалздаг тэнэг хүн байхгүй бөлгөө.
Ажилд махруу, зүтгэлтэй Х.Нямбаатар эхлээд мөнгө олсон ба үр дүн нь өмнөх бүх мэрүүдийг нийлүүлснээс хэд дахин даван гарах мөнгө олжээ. Нэгэнт их мөнгө олсон хүн чинь түүнийгээ үрэх үй түмэн арга бодож олов. Элдэв төрлийн олон мега төсөл хийж ТөвЗГ-аасаа илүү гарч, дураараа дургиж эхлэв.
ТөвЗГ бүгдээрээ хулгай хийж болоод байхад УБЗГ дутахааргүй мөнгө олсон атлаа яагаад идэж ууж болохгүй гэж. Чухам энд л ТөвЗГ, УБЗГ-ын хооронд зөрчил үүсэв.
Системийн онол хийгээд гаргалгаа
Одоо онолын тайлбар: МУ засаг захиргааны системийн хувьд олон бүрдэл хэсгээс (компонент) бүрдэнэ. Тухайлбал, МУ нь УБ болон бусад аймгуудаас бүрдэх ба УБ хамгийн том, бусад аймгууд нь бүгдээрээ нийлээд УБ-тай дөхөж очно. МУ-д УБ-аас өөр хөгжлийг татах, хөгжлийг түүчээлэх төв байхгүй. Иймээс УБ хот хурдан бөгөөд түрүүлж хөгжих бүх талын нөхцөл бүрэлджээ. МӨН УБ-т эдийн засаг, эрх мэдлийн төвлөрөл бий болов. Энэ нь МУ-д зэрэгцээ засаг үүсэх хангалтай бөгөөд хүрэлцээтэй нөхцөл мөн.
“Системийн бүрдэл хэсэг (компонент) нь системтэйгээ тэнцүү буюу түүнээс илүү томорвол систем эвдрэл нуралтад орно” гэсэн системийн онол, сиэнергетикийн хууль, зарчим байдаг.
Гэтэл манай тохиолдолд МУ-ын засаг захиргааны системийн бүрдэл хэсэг байх ёстой УБ хот эдийн засгийн хүчин чадал, эрх мэдлийн хувьд системтэйгээ тэнцүү буюу зарим талаар илүү гарсан хэмжээнд хүрэв. Энэ нь тун аюултай, шийдэхэд нэн түвэгтэй төлөв байдал юм. Үүнийг сайн муу яаж ч дүгнэсэн зайлшгүй шийдвэрлэвэл зохих бодит байдал юм. Зайлшгүй шийдвэрлэвэл зохих…
МУ-ын зэрэгцээ засаг ТөвЗГ болон УБЗГ хэдэн жил “энх тайван”, хэдэн жил “дайсагналын” төлөв байдалд ээлжлэн ордог орчил тогтов.
Хэрэв зэрэгцээ засаглалын суурь асуудлыг шийдэлгүйгээр Х.Нямбаатарыг халж, Н.Учрал ялсан мэт үзэх нь зөрчлийг хуримтлуулан бугшуулж, улам хүндрүүлж байгаа хэрэг мөн.
Наад зах нь Х.Нямбаатарыг зайлуулснаар Н.Учрал өөрийнхөө бүх дайснуудыг эвлэлдэн нэгдэх бүх талын нөхцлийг бүрдүүлэв. Чухам аюул энд л буй…
Суурь асуудлыг шийдэхгүй өнгө будгийн засал хийх нь хэдэн жилийн дараа Х.Нямбаатараас олон дахин хүчтэй Х.Нямбаатар, Н.Учралаас олон дахин хүчтэй Н.Учрал гарч ирээд эцэс төгсгөлгүй байлдахын учир жанцанг төрүүлж байна…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2026 оны 05 дугаар сарын 21.