ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ ХИЙГЭЭД БУСНИУЛАХУЙ

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг бусдын адил догдлон үзэв. Монголчууд олон жилийн турш өнгөтэй, гэгээтэй, өөдрөг контент үзээгүй, тийм контент хүсэн хүлээж байсан нь илт байна. Нэвтрүүлгийн сайханд автсан монголчуудын 99,99% нь уг контентыг бүтээсэн уран бүтээлчдийн нэрсийн жагсаалтыг уншаагүй гэдэгт итгэлтэй байна. Тэнд хамгийн сүүлд “Ерөнхий найруулагч Херо Баатар” гэж байна. Тэгж л таараа. Баатараас өөр хэн ингэж найруулах юм ?!  

Нийгмийн баатруудыг мөнхлөх нь

Нийгмийн түүхийн аль ч үед, аль ч нийгэм өөрийн баатруудыг бүтээдэг, тэднийгээ мөнхлөн алдаршуулдаг. Жи: Дундад зууны үед Английн Шервудын ойд бүгсэн дээрэмчдийн ахлагч, мэргэн харваач Робин Гуд гэгч баагий баяуудыг дээрэмдэн, ядуусыг тэтгэдэг тухай домог эдүгээ английн соёлын бодит байдал болон хувирсан байдаг. Хэрэв одоо англи хүнд танай Робин Гуд чинь дээрэмчин байсан гэж хэлбэл чи зодуулна. “Соёлын бодит байдал “ гэж чухам үүнийг хэлдэг бөгөөд энэ нь шинжлэх ухааны нэр томъёо юм. Энэ нь манай Торой бандийн домогтой агуулгын хувьд яг адил.

Социализмын үед баатруудаа алдаршуулах ажил цэгцтэй, байнгын систем болж иржээ. Социализмын үед: 1. Хувьсгалт ололт, Эх орноо хамгаалсан цэрэг эх оронч баатрууд, 2. Хөдөлмөрийн алдартнууд. Жи: Сайн малчин, уурхайчин, барилгачин гэх мэт. 3. Урлаг соёл, шинжлэх ухааны гавъяатнууд гэсэн зэрэг дэв зиндаатай байв. Энэ системийн онцлог давуу тал нь мөнгөний ямар ч оролцоогүй учраас хамгийн шударга нь байсан юм.

90 он гарсаар социализмын үеийн алдаршуулах системийг үргэлжүүлэн ашиглахдаа таваар- мөнгөний харилцаанд оруулсан учраас учир утгаа алдав. Монголчууд гавъяатай хүн, гавъяагүй хүнээ ялгахаа байв. Сүүлдээ хулгайч, луйварчдаа алдаршуулан шагнаж, магтан дуулах болов. Түүгээр ч үл барам социализмын үеийн баатруудыг үл тоох, гутаан доромжлох ажиллагааг идэвхитэй явуулав. Жи: Түвдэнгийн Борыг Хошин урлагийнхан яаж доромжилж байсныг монголчууд мартаагүй байгаа. Монголын нийгэм бахархан дуурайх баатаргүй болов.

Хамгийн гачлантай нь жинхнээсээ нийгэмд алдар гавъяатай хүмүүсээ ад үзэж, хавчин хяхах болов.        

Энэ үед буюу 1911 оны хавьцаа Херо Баатар хэмээх нэгэн залуу гарч ирэв. Тэрээр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг санаа зориг нэг нөхдийн хамт бүтээсэн нь монголын түүхэнд шинэ хуудас болон орсон юм.

Херо Баатар эмх замбараагаа алдсан нийгмийн баатрыг шинэ агуулгаар, шинэ форматаар мөнхжүүлэх ажлыг санаачлан хийж, монголын нийгмийн түүхэнд шинэ хуудас нээв.

Аль ч нийгэмд гавъяа байгуулсан баатрууд аяндаа төрчихсөн байдаг. Баатруудыг алдаршуулах нь тийм ч амар ажил биш. Учир нь хувь хүний бодол, сэтгэлгээ, үйлдэл, түүний ойр орчинтой холбоотой нэвтрүүлэг заавал уран сайхны сэтгэлгээ шаардана.

Хуучны социализмын үеийн алдаршуулсан сэдвүүдэд багцаагаар: “Аварга малчин ТЭР нь 500 хониноос 600 төл авч, төлөвлөгөөгөө тэдэн хувь давуулан биелүүлжээ” гэж албаны үгээр тайлбарлана. Энд тухайн баатрын хувь шинж, гэр бүлийн байдал, өссөн орчин, намтар түүх, тулгарсан бэрхшээл зэргийн тухай огт ярьдаггүй байсан. Харин Херо Баатарын нэвтрүүлэг илүү амьд, илүү сонирхолтой, илүү үлдэцтэй.       

Ухаандаа бодит байдал дээр Сумъяа унасан морио цоройлгож байгаагүй, аргамаг хөлгөөр цэлгэр тал дундуур давхиж байгаагүй. Харин Херо Баатарын нэвтрүүлэгт ингэж гарна. Энэхүү уран сайхны сюжет нь Сумъяагийн өөдрөг, цуцалтгүй, байнга давших хүсэл зоригийг үг хэлгүйгээр илэрхийлж, нэвтрүүлгээ улам чимж, илүү тансаг гоё болгоно. Ийм тансаг гоё сюжетүүдийг гагцхүү Херо Баатар л сэтгэн хийж чадах бөгөөд үүнийг гоц авъяас гэдэг.

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг зөвхөн Монгол Улсын иргэдээр хязгаарлагдсангүй, Өвөр монгол, Буриад руу тэлж байгаа нь Херо Баатар дэлхийн түвшинд дэлхийн Монголын төлөө сэтгэхээр зориг шулуудсаныг тод харуулна. Өвөрмонгол, Буриадад Херо Баатарыг бахархан дэмждэг хүмүүс маш их. Харин Монголд түүнийг ингэж хүндлэх нь юу л бол ? Энийг бодохоор “Бурхан төрсөн нутагтаа хүндгүй” цэцэн үг санаанд орно.

Херо Баатарын уран бүтээлийн ноён оргил нь “Монгол тулгатны 100” эрхэм”, “Монгол хаан” жүжиг гэдгийг монголчууд сайн мэдэх ч ач холбогдлыг нь бараг мэдэхгүй.

Херо Баатар өөрийн бүтээлээрээ монголын үндэсний бахархлыг бүтээж байна. Нэгэнт үндэсний бахархал бүтээж байвал Херо Баатар үндэсний эв нэгдлийг бэхжүүлж байгаа хэрэг бөгөөд тэрээр үндэсний бахархал, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэгч мөн.

Баатарт ял тулгав

Энэ удаад манай яруу алдарт Тагнуулын Газрын ахлах мөрдөгч, ахмад М.Итгэлмөнх гэгч баагий Херо Баатарт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Яагаад шалгасныг асуувал мэдээж “иргэдийн хүсэлт, мэдээллийн” дагуу шалгасан болж таарна. Ингээд түүнийг Эрүүгийн хуулийн 19.9 зүйл буюу “Үндэсний эв нэгдлийг бусниулсан” гэх дүгнэлт гаргаж, түүнийгээ Нийслэлийн прокурорт шилжүүлжээ. Нийслэлийн Прокурорын хяналтын прокурор Э.Гантулга ялыг зөвшөөрч Прокурорын мэдэгдэх хуудас Баатарт өгчээ. Гарчиг нь “мэдэгдэх хуудас” гэж байгаа боловч ард нь хашилтан дотор “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулах” гэж тов тодорхой бичжээ.

Хэрэв Херо Баатар яваад очсон бол бэлэн тогтоолоо уншиж танилцуулаад шууд шорон руу ачна гэдгээ ил тод мэдэгджээ. Үүнийг нь мэдэж байсан Баатар гадагшаа зугтаачихжээ. Тэр нь ч зөв.

Эрүүгийн Хуулийн 19.9 буюу “Үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн зүйл нь: “Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх заалттай.

Хиймэл оюун ухаанаас “ЭХ-ийн 19.9 зүйлээр шийтгүүлсэн хүмүүс” гээд лавлаад үзтэл: үндэсний эв нэгдлийг бусниулсан эхний хүн нь Т.Бат-Эрдэнэ гэх нүүр номын баагий байна. Бодвол нүүр номонд элдэв юм чалчсан бололтой. Удаах нь манай Херо Баатар болж байна.

Хиймэл оюун ухааны тайлбар их сонин бөгөөд инээдэмтэй. Тэнд: “Энэ зүйл ангиар шалгагдсан, яллагдагчаар татагдсан эсвэл олон нийтэд мэдээлэгдсэн тохиолдлуудын ихэнх нь улс төрийн болон цахим орчны маргаантай холбоотой байдаг” гэж тодотгожээ.

Улс төрийн болон цахим орчны маргаантай холбоотой. Одоо ойлгомжтой. Херо Баатарын хэрэг бол улс төрийн болон цахим орчны маргаантай холбоотой нь гарцаагүй. Монументаль бүтээл туурвидаг Херо Баатарыг цахим орчны цуурхал дэгдээгч сахилгагүйчүүдтэй хольж хутгаж байгаа нь манай Тагнуул, Прокуроруудын сэтгэлгээ ямар ч их дорд унасныг тод илчилнэ.     

Дээрх “Мэдэгдэх хуудас”-т нэр гарсан Тагнуулын М.Итгэлмөнх, Нийслэлийн прокурорын Э.Гантулга нар нь “дээрээс өгсөн” улс төрийн тушаалыг биелүүлж байгаа нь тодорхой.

Иймд манай Тагнуул, Прокурор, мөн хууль, хүчний бусад байгууллагын дээд удирдлагууд “үндэсний эв нэгдэл”, “үндэсний бахархал”, “үндэсний нэгдэл нягтрал”, “үндэсний бат цул байдал” зэрэг ойлголтуудыг судалж, энэ талаар анхан шатны мэдлэгтэй болохыг хүсэж байна, шаардаж байна.

Нийгмийн баатруудаас сонгон авч, бахархан дуурайх баатар болгох нь зүй нь төрийн хийх ажил юм. Монголын төр үүрэгт ажлаа хийх талаар хуруугаа ч хөдөлгөсөнгүй, харин Херо Баатар төрийн хийх ёстой ажлыг шүүрэн авч өмнөөс нь хийн гавъяа байгуулжээ. Монголын төр үүнд нь Херо Баатарт талархаж, үгүй ядаж санхүүжүүлэх учиртай атлаа “үндэсний эв нэгдлийг бусниулсан” гэж шийтгэх гэж зүтгэх нь шившигтэй бөгөөд ичгүүртэй.      

За яахав, Херо Баатар гадаад руу зугтаад “монгол төрийн нэг дайсан” үгүй болжээ. Тэгээд дайснаасаа салаад Үндэсний эв нэгдэл сайжирч байна уу ? Монгол төрийн ажил сайжирч байна уу ?, Худал хулгайгаасаа салж байна уу ?   

Энэ асуултын хариуг Монголчууд бүгдээрээ мэднэ, харин “үндэсний эв нэгдлийг” хамгаалах ёстой Тагнуул, Прокурор хоёр хойт насандаа ч хариулж чадахгүй…

Судлаач Х.Д.Ганхуяг.

2026 оны 06 дугаар сарын 04.

Unknown's avatarAbout Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.