ЦАГДААГИЙН ТУХАЙ ТУНХАГЛАЛ
2026/10/03 Leave a comment
Сүүлийн үеийн нийгмийн зөрчилт олон үйл явдлаас харахад Монголын Цагдаа армийн зохион байгуулалтад орж, зөвхөн эрх баригчдыг хамгаалж, ард түмнээ буруутган ялладаг бусармаг байгууллага болон хувирчээ. Товчдоо бол монголын Цагдаа тооны хувьд хэт олон болсон генерал, хурандаа нарын дээд тушаалтнуудын дур зоргийн, улс төрийн шинжтэй, зөрчилт шийдвэрийг биелүүлэгч болон хувирчээ. Энэ нь орчин үеийн Цагдаагийн ёс суртахууны хэм хэмжээг манай Цагдаагийн хуулинд тусгаагүйтэй холбоотой. Иймээс дэлхий дахинаа сахин мөрддөг Цагдаагийн тухай тунхаглалыг орчуулан хүргэж байна. Цаашид манай Цагдаагийн хуулийг энэхүү Тунхаглалын үзэл санааны дагуу өөрчлөн шинэчлэх нь зүйтэй гэж бодож байна.
х х х
Цагдаагийн тухай тунхаглалыг 1979 онд Европын Зөвлөлийн Парламентын Ассамблей баталсан юм. Түүнээс хойш маш олон нийтлэгдэж дэлхий дахинаа тархжээ. Хэдийгээр энэ Тунхаглал хууль зүйн хүчгүй боловч олонхи орнуудын цагдаагийн эрх мэдэл дэх мэргэжлийн стандартын үндэслэл болж өгдөг.
Цагдаагийн тухай Тунхаглал
Европын Еөвлөлийн Парламентын Ассамблей
Цагдаагийн тухай Тогтоол 690 (1979)
Удиртгал
Ассамблей:
- Европын хүний эрхийн Конвенци болон үндэсний хийгээд олон улсын бусад хэрэгслүүдээр баталгаажсан хүний эрх, суурь эрх чөлөөг бүрэн хэрэгжүүлэхийн тулд дэг журам, нийгмийн амгалан тайван байдал ноёрхсон энх тайванч нийгэм байх нь зайлшгүйг анхааралдаа авч,
- Энэ талаар манай бүх гишүүн орнуудад цагдаа чухал үүрэг гүйцэтгэдэг, цагдаа өөрийнх нь ажилтнуудад аюултай нөхцөл байдалд ажиллахад хүрдэг, хэрэв цагдаагийн ажилтнуудын зан үйлийн дүрэм журмыг хангалттай тодорхойлж чадахгүй бол цагдаагийн үүрэг улам хүндрэлтэй болдог гэдгийг анхааралдаа авч,
- Хүний эрхийг зөрчсөн цагдаагийн ажилтнууд буюу тэдний хүмүүн бус зан үйлдлээс болж халагдсан цагдаагийн байгууллагын ажилтнууд цагдаад ажиллах ёсгүй гэдгийг харгалзан,
- Хүний эрхийг хамгаалах Европын системийг хүний эрх, суурь эрх чөлөөний зарчмуудыг харгалзсан, цагдаад зориулсан мэргэжлийн ёс зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн дүрмээр сайжруулж чадна гэдгийг харгалзан,
- Цагдаа нар алба хааж буй нийгмийнхээ ёс суртахуун болон биет идэвхитэй дэмжлэгт тулгуурлаж байх нь зүйтэй гэдгийг харгалзан,
- Цагдаа нар иргэний албан хаагчидтай яг адил статус, эрхтэй байх ёстой гэдгийг харгалзан,
- Дайн, онцгой байдал буюу гадаадын түрэмгийллийн үед цагдаад зориулсан зан үйлийн заавар журмыг бий болгох нь хүсүүштэй зүйл гэдгийг харгалзан,
- Тухайн тогтоолын бүрэлдэхүүн хэсэг болсон Цагдаагийн тухай Тунхаглалыг гаргаж байна.
- Парламентын болон олон нийттэй харилцах өөрийн хороо, хууль зүйн асуудлын хороо, түүнчлэн Европын Холбооны ерөнхий нарийн бичгийн даргад энэхүү Тунхаглалыг дээд зэргээр зарлан тунхаглахыг даалгаж байна.
Цагдаагийн тухай Тунхаглал
А. Ёс зүй (этика)
(Тунхаглалын А, Б хэсгүүд нь цагдаагийн бүх ажилтнууд, байгууллагад, түүний дотор нууц албад, цэргийн цагдаа болон хууль сахиулах, гэмт хэргийг мөрдөх, нийгмийн дэг журам, улсын аюулгүй байдлыг хамгаалах цагдаагийн үүрэг гүйцэтгэж, буй зэвсэгт хүчин, цэрэгжсэн отрядуудад хамаарна.)
- Цагдаа өөрийн иргэд болон нийгмээ хүч хэрэглэсэн, дээрмийн болон хуулиар тогтоосон бусад хортой үйлдлээс хамгаалж, хуулиар өөрт нь олгосон үүргийг биелүүлнэ.
- Цагдаа шударга, алагчлахгүй, нэр төртэй ажиллана. Тухайлбал, цагдаа авилгаас татгалзаж, түүнийг шийдвэртэй сөрөн зогсоно.
- Бөөнөөр цаазлах, тамлах болон бусад хүмүүн бус хийгээд доромж харьцаа, шийтгэлийг ямар ч тохиолдолд хориглоно. Цагдаа иймэрхүү арга хэмжээг өөгшүүлсэн тушаал зааврыг үл биелүүлэх болон татгалзах ёстой.
- Цагдаа дээд албан тушаалтны тушаалыг яг таг биелүүлэх ба чингэхдээ эрхийн эсрэг гэдэг нь тодорхой буюу тодорхой нь ойлгомжтой тушаалыг биелүүлэхээс татгалзана.
- Цагдаа хууль зөрчихийн эсрэг байна. Хэрэв гаргасан зөрчил яаралтай буюу нөхөж болшгүй, ноцтой хохирол учруулахаар бол Цагдаа өөрийн үзэмжээр нэн даруй ажиллана.
- Хэрэв нэн даруй, нөхөж болшгүй, ноцтой хохиролгүй аюул байвал цагдаа ийм зөрчлийн үр дагавраас урьдчилан сэргийлэх буюу давтан зөрчсөн бол тур тухай удирдлагадаа мэдээлнэ. Хэрэв удирдлага нь хариу өгөхгүй бол цагдаа дээд шатны удирдлагадаа хандаж болно.
- Эрхийн эсрэг тушаал биелүүлэхээс татгалзсан цагдаад эрүүгийн болон сахилга батын арга хэмжээ авч болохгүй.
- Цагдаа хэрэг зөрчил гаргаагүй, сэжиглэгдээгүй хүмүүсийг мөрдөх, баривчлах, хорих, тээвэрлэхэд оролцохгүй, гэхдээ арьс өнгө, шашин буюу итгэл үнэмшлийнхээ улмаас шүүхээр мөрдөгдөж байгаа бол эрэн сурвалжилж, саатуулах буюу мөрдөнө.
- Цагдаа эрхийн эсрэг хийсэн өөрийн үйлдлийнхээ төлөө болон эрхийн эсрэг үйлдэл буюу тушаалын дагуу эс үйлдэл хийснийхээ төлөө хувийн хариуцлага хүлээнэ.
- Цагдаагийн байгууллага тов тодорхой тайлагнах журамтай байна. Цагдаагийн гаргасан алдааны төлөө ямар ямар удирдах албан тушаалтан эцсийн хариуцлага хүлээх ёстойг ил тод байлгана.
- Цагдаагийн үйлдлийн үр дүнд учирсан хохирлыг барагдуулах болон хуулийн баталгааг хууль тогтоомжоор тогтооно.
- Цагдаа хуулиар шаардсан буюу хуулиар зөвшөөрсөн зорилгодоо хүрэхийн тулд зайлшгүй шийдмэг үйлдэл хийх ёстой ба чингэхдээ хүч хэрэглэх ухаалаг заагийг хэзээ ч хэтрүүлж болохгүй.
- Цагдаа зэвсэг хэрэглэх арга, нөхцөл байдалтай холбоотой тов тодорхой, нарийн зааварчилгаа авна.
- Цагдаа эмнэлгийн тусламж шаардлагатай байгаа баривчлагдсан хүмүүсийг эмч нарын тусламжтайгаар асрах нөхцлийг хангана, хэрэв шаардлагатай бол энэ хүний амь нас, эрүүл мэндийг аврах арга хэмжээ авна. Цагдаа баривчлагдсан хүнд эмнэлгийн тусламж үзүүлж буй эмчийн болон эрх мэдэл бүхий эмнэлгийн ажилтны зааврыг биелүүлнэ.
- Цагдаа хэрэв өөрийн үүрэг болон хуультай зөрчилдөхгүй бол өөртөө байгаа дэлгэх ёсгүй мэдээллийн бүх нууцыг хадгална.
- Энэхүү тунхаглалыг нөхцлийг сахин биелүүлж буй цагдаа өөрийн алба хааж буй нийгмээс ёс суртахуун болон идзэвхтэй биет тусламж авах эрхтэй.
Б. Статус
- Цагдаагийн байгууллага бол хуулийг дэмжиж, сахиулах явдлыг хариуцдаг хуулийн дагуу байгуулагдсан төрийн байгууллага мөн.
- Хэрэв зохих шаардлагыг хангаж байвал дурын иргэн цагдаагийн ажилтан болж болно.
- Цагдаа ерөнхий бэлтгэл, мэргэжлийн бэлтгэл, ажлын байран дээр бэлтгэлийг маш нарийн хангана. Түүнчлэн цагдаа нийгмийн асуудал, ардчилсан эрх чөлөө, хүний эрх, ялангуяа Хүний эрхийн Европын конвенцийн талаар зайлшгүй зааврыг авсан байна.
- Цагдаа мэргэжил, сэтгэл зүйн болон материаллаг нөхцөлд өөрийн үүргээ биелүүлэх ба эдгээр нь цагдаагийн шудрага байх, алагчлахгүй байх хийгээд нэр төрийг хамгаална.
- Цагдаа онцгой хүчин зүйлийг, жишээлбэл их эрсдэл, хариуцлага хүлээдэг, ажлын цагийн зорицуулалт муу зэргийг харгалзсан шударга цалин урамшуулал авах эрхтэй.
- Цагдаа мэргэжлийн байгууллага зохион байгуулах болон түүнд идэвхитэй оролцох боломжтой. Цагдаа бусад байгууллагад ч идэхитэй оролцож болно.
- Цагдаагийн мэргэжлийн байгууллага хэрэв төлөөллийн шинжтэй бол дараах эрхтэй байна:
- Цагдаагийн мэргэжлийн статусын талаарх яриа хэлэлцээрт оролцох;
- Цагдаагийн бүтцийг удирдах талаар зөвлөгөө өгөх;
- Бүлэг цагдаа болон нэг цагдаагийн нэрийн өмнөөс хууль зүйн ажил хэрэг хөтлөх.
- Цагдаагийн мэргэжлийн байгууллагын гишүүн болж, түүнд идэвхитэй оролцох нь цагдаад хохирол учруулах ёсгүй.
- Цагдаагийн эсрэг сахилга батын болон эрүүгийн мөрдлөгө явуулж буй тохиолдолд цагдаа ярилцах болон өмгөөлөгчөөр хамгаалуулах эрхтэй. Энэ талаарх шийдвэрийг зохистой цаг хугацаанд шийднэ. Түүнчлэн цагдаа өөрийн хамаарагдаж буй мэргэжлийн байгууллагын тусламж авах эрхтэй.
- Сахилга батын болон эрүүгийн хэрэгт холбогдсон цагдаа бие даасан, алагчилдаггүй байгууллага буюу шүүхэд давж заалдах эрхтэй.
- Цагдаа дурын шүүх, онцгой (трибунал) шүүхийн өмнө бусад иргэдийн адил эрх эдэлнэ.
Тайлбар: Үүний дараа ”Дайн, онцгой байдал, гадаадын түрэмгийлэл” гэсэн хэсэг байгаа ба энэ нь манайд онц их хамаатай биш тул орхив.
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2026 оны 10 дугаар сарын 03.