ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Агуу Их ялалтын 70 жилийн ой удахгүй болно. Ялтын гэрээнээс НҮБ хүртэлх өнөөгийн бүх систем энэ Ялалтын үр дүн юм. Сүүлийн үед энэ үр дүнг хянан үзэх оролдлого гарах болов. Үүнтэй холбоотойгоор манайд ч гэсэн зарим нэг хандлага бий болов. Манай төр засаг ялалтын талаар бараг таг дуугай байгаа нь үлэмж ичгүүртэй, утгагүй ажил мөн. Агуу их түүхэн үйл явдалд оролцож, хувь нэмрээ оруулчихаад түүнийгээ бусадтай нийлж гутаах нь байж болшгүй тэнэглэл гэж би үзэж байна.
Ингээд оросын нийтлэлч Алексей Волынец-ын 2013 оны 7 дугаар сарын 19-нд бичсэн нэгэн сонирхолтой өгүүлэлд (http://rusplt.ru/society/mongolia-v-voine.html) тулгуурлан үүнийг бичиж байна. Миний оруулсан “хувь нэмэр” гэвэл зарим нэг тоо баримтыг хянаж зассан, өөрийн гэсэн зарим санаа, сонирхолтой баримт нэлээдийг нэмж “монгол болгон” найруулсан. Бусад нь Алексей Волынецийн санаа болно. Үүнийг “зохиомжлон орчуулах” гэж нэрлэдэг явдал бий.
Дэлхийн II зөвхөн анхны моторын дайн байгаагүй, харин ч морин цэрэг, агт морьдын сүүлчийн дайн байсан юм. Агт морьд үгийн шууд утгаар дайны хамаг хүндийг үүрсэн бөгөөд чингэхдээ фронтын хоёр талд адилхан үйлчилсэн юм.
Морьт цэргийн сүүлчийн дайн
1941 оны 6 дугаар сарын 22-ны эхээр Улаан Армийн буудлагын дивизэд албан ёсоор 3039 агт ногдож байжээ. Харин германы “вермахтад” бүр ч илүү, тэдний явган дивизэд албан ёсоор 6000 агт ногдож байв. ЗХУ-довтлох үед вермахтад сая илүү агт байсан ба түүний 88% нь явган дивизүүдэд ногдож байв.
Татах хүчний хувьд морьд автомашинаас маш олон давуу талтай байлаа: замгүй буюу бэрх замаар явдаг, шатахуун нийлүүлэлтээс хамаардаггүйудаан хугацаагаар тэжээл хэрэглэдэггүй, заримдаа өөрөө хоол тэжээлээ олдог. Энэ нь дайны нөхцөлд хамгийн гол асуудал байжээ.
1930-аад онд Семен Михаилович Буденный агт морьд дайнд хэрэг болно доо гэж хэлсэн нь туйлын зөв байв. 1940-өөд онд агт морьд Дорнод Европын замгүй газарт хожим бий болсон гинжит хуягт машинуудаас дутахгүй үүрэг гүйцэтгэсэн байна. Дайн эхлэхэд Улаан Армийн агт морьдын тоо 526,4 мянга байв. Гэхдээ 1941 оны 9 дүгээр сарын 1 гэхэд улаан армийн адуун сүрэг 1 сая 324 мянга болон өсчээ. Цаашдаа дайнд үйлчилсэн агт морьдын тоо байнга өсч байсан бөгөөд Улаан армийн агт морьдын хамгийн их тоо 1,9 саяыг давж байсан юм.
Морьд дайн байлдааны үед хүн шиг л үхдэг байсан, мөн эцэж цуцаж, өлсөж цангаж үхдэг байжээ. Хүний хохирлын тухай статистик ихээхэн зөрдөг байхад морьдын статистикийг бол ярих ч юм биш. Агуу Их Эх Орны дайны жилүүдэд тулалдааны талбарт сая илүү морьд үхсэн гэж үздэг. Немцийн морьдын хохирол үүнээс багагүй байсан нь мэдээж хэрэг.
ЗХУ дайны эхний жилд адуун сүргийнхээ бараг тэн хагасыг алджээ. Хэрэв 1941 оны 6 дугаар сард Зөвлөлтөд 17,5 сая агт морьд байсан бол 1942 оны 9 дүгээр сард ЗХУ-ын хянаж буй нутаг дэвсгэр дээр унага, гүүг оролцуулаад ердөө л 9 сая адуу үлдсэн байна.
Фронтод хагас сая агт
Эх орны Агуу Их Дайн эхэлмэгц ЗХУ-д адуу нийлүүлэгч цорын ганц эх булаг нь Монгол улс болов. Монголын агт нийлүүлэлт 1941 оноос эхэлсэн ба 1942 оны 3 дугаар сараас төлөвлөгөөт агт бэлтгэл хийж эхлэв. Ингээд дайны дөрвөн жилд БНМАУ Зөвлөлтөд 485 мянган монгол адуу нийлүүлжээ. Өөр нэг сурвалжид 500 мянга илүү гэж байдаг.
1941-1945 онуудад ЗХУ ямар ч мөнгөөр хагас сая агт олж чадахгүй байсан юм. Ийм их таваарын хэмжээний агт зөвхөн Хойт болон Өмнөд Америкт л байх боломжтой. Харин Монгол бол адууны эх орон байлаа. Түүнээс гадна үнийн асуудал огт гараагүй юм.
Монгол адууг төлөвлөгөөтэй, нөхцөлд үнээр нийлүүлдэг байсан ба энэ үнэ нь Монголын өрийг харилцан суутгах хэлбэрээр явагдаж байв. Энэ хүнд үед ч гэсэн ЗХУ ч гэсэн Монголд зүйл бүрээр тусалж байв. Үүний тод жишээ нь МУИС юм. Цэргийн салбарт бол бүр их дэмжиж байв.
Монголчууд ЗХУ-д адууны “ленд-лиз” хийсэн ба энэ нь цаг үеэ олсон, амин чухал тусламж байсан юм. Бэлчээрийн атлаа арчилгаа бараг үл шаардах, үлэмж тэсвэртэй монгол морьд Дорнод фронтын хүнд ширүүн нөхцөлд эрлийз хурлийз европ адуунаас хамаагүй илүү шандастай гэдгээ бүрэн харуулсан юм.
Ухаандаа 1942 оны 1-р сард Крымд гэнэт дулаарч оросын шавар шавхай үүсэхэд мориноос өөр тээврийн хэрэгсэл явж чаддаггүй байжээ. Ийм явдал дайны үед хавар, намар, зун цагт ихээхэн гардаг байв.
Дайны жилүүдэд малчин ардууд 32,5 мянган монгол адуу ЗХУ-д бэлэглэсэн ба энэ нь дайны үеийн 6 морин дивизийг хангахад хүрэлцэж байв.
Энэ бүхний үр дүнд 1943-1945 онд фронт дээр байсан таван адуу бүрийн нэг нь “монголка” буюу монгол морь байсан юм. Дашрамд дурдахад орос цэргүүд монгол морийг өхөөрдөж “монголка” гэж нэрлэсэн юм. Оросууд их хайртай юмаа ингэж “ка” төгсгөлтэй дууддаг юм.
“Монголчууд өөрсдийнхөө мах, ноосыг хүртэл зулгааж өгсөн” гэж Алексей Волынец чин шударгаар дүгнэж байгаа.
Монголын “ленд-лиз” зөвхөн тэсвэртэй монгол адуугаар хязгаарлагдаагүй юм. Дайны үед АНУ Улаан арми болон хүн амд 665 мянган тонн махан консерв нийлүүлсэн нь ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг бүгд мэддэг, ярьдаг. Тэгвэл БНМАУ эдгээр жилүүдэд ЗХУ-д 500 мянган тонн мах нийлүүлсэн юм. 800 мянган монголчууд өөрсдөө өлөн зэлмүүн байсан ч дэлхийн хамгийн баян, том улсуудын нэгээс дутахааргүй мах орост нийлүүлжээ.
Түүнээс гадна дайны үед БНМАУ-д Чингис хааны ан ав хийдэг аргаар өргөн авлалт үе үе зохион байгуулж, буга, зээр, зэрлэг гахай зэрэг амьтдыг төмөр замын станц руу дөхүүлэн бөөнөөр агнаад тэндээсээ махаа шууд ачуулдаг байв. 1944 оны мичин жилийн зуднаар байдал хүндрэхэд ч гэсэн ажил саарсан боловч зогсоогүй юм.
Стратегийн бараагаар хангахуй
Дайны үед БНМАУ 10 цагийн ажлын дэглэмээр ажиллаж байв. Монголын тал нутгаас стратегийн хамгийн чухал бараа ноос цутгаж байв. Ноос бол юуны өмнө цэргийн шинель юм. Шинельгүйгээр Дорнод фронтод зуны цагт ч гэсэн байлдах боломжгүй. Дайны үед АНУ Орост 54 мянган тонн ноос нийлүүлсэн бол БНМАУ 64 мянган тонн ноос нийлүүлсэн юм. 1942-1945 оны зөвлөлтийн таван шинелийн нэг нь “монгол” шинель байсан юм.
Ноосноос гадна арьс шир ч гэсэн стратегийн бүтээгдэхүүнд ордог юм. Монголын арьс шир, нэхий болон үслэг бүтээгдэхүүн дайны эхэн үеэс л ач тусаа үзүүлж эхэлсэн юм. Энэ нь нэхий дээл, малгай, бээлий, эсгий гутал зэрэг хэлбэртэй байв. Дайны үед хамгийн амин чухал зүйл нь цэргийн гутал байдаг. Гуталгүй цэрэг бол цэрэг биш бөгөөд байлдах ямар ч чадваргүй юм. Гутлын тоог одоогоор нарийвчлан гаргаагүй байна. Гэхдээ нийлүүлсэн мах, ноосны хэмжээгээр багцаалж бодвол гараад л ирнэ. Ямар ч гэсэн монгол малын арьсаар ихээхэн хэмжээний гутал хийж байсан нь эргэлзээгүй. Гуталнаас гадна суран бүс, бууны гэр, оосор зэргээс эхлээд цэрэг хүний бараг бүх хэрэглэлийг сураар хийдэг. Энд ч гэсэн монголын малын хувь нэмэр байгаа нь мэдээж.
Дашрамд өгүүлэхэд гутлын асуудал хоёр армид адилхан тулгарах нь мэдээж хэрэг. Энэ үед нягт нямбай германчууд цэргүүдээ дулаан гутлаар хангах гэж үйлдвэрлэлээ хүртэл өөрчилж байхад Сталин хамгийн амархан “орос арга” бодож олжээ. Тэр байлдаж буй цэргүүдэд хөлийнх нь хэмжээнээс 2-3 размераар том гутал тараахыг тушаасан байна. Генералууд нь яагаад гэж түүнээс асуухад: “орос цэрэг хөлөө яаж дулаалахаа өөрөө мэднэ” гэж Сталин хариулсан гэдэг. Нээрээ ч орос цэргүүд “том” гутлаа даавууны өөдөс, сонин хүртэл давхарлан ороож байгаад өвлийг давж чадсан байна. Зөвхөн энэ жишээнээс Сталин зүйргүй ухаантай хүн байсан нь харагддаг юм.
Ялангуяа хамгийн хүнд Москвагийн тулалдааны үед монголын дулаан хувцас аминд орж байсныг германчууд хүртэл үнэлсэн байдаг. Москвагийн тулалдааны хүнд үед “оросууд гүн ар талаасаа монгол нэхий дээл, эсгий гутал өмссөн сибирийн дивизүүдийг татан ирүүлсэн нь байдлыг орвонгоор нь эргүүлсэн юм. Оросын хахир хүйтэн өвлийн окопонд байлдахад дулаан нэхий дээл, эсгий гутал зэрэг дулаан хувцас буу зэвсгээс ч илүү амин чухал хэрэгтэй байсан юм” гэж германы нэгэн генерал тэмдэглэн үлдээжээ.
1941 оны 11 сарын 7-нд Москвагийн сөрөг давшилтад бэлтгэж байсан зөвлөлтийн нөөц явган дивизүүдийн нэлээд нь монгол хувцсаар иж бүрэн хувцасласан байжээ.
Дайны үед БНМАУ Зөвлөлтөд вольфрам аж үйлдвэрийн түвшинд нийлүүлэгч цорын ганц улс байжээ. Үүгээр германы “барс”, “ирвэс” танкийн хуягийг нэвтлэх чадвартай их бууны сум хийдэг байжээ.
Монгол хүн бүр
Монголчуудын хүч хөрөнгөөр бүтсэн “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол ард” нисэх эскадрилийн тухайд хүн бүхэн сайн мэдэх учраас давтан ярих нь илүүц.
1941-1945 онуудад БНМАУ-ын зэвсэгт хүчин дөрөв дахин өсөж, бүх нийтээр цэргийн алба хаах хууль гаргасан юм. БНМАУ улсын төсвийнхөө 50% илүүг батлан хамгаалахдаа зарцуулж байв. Цэргийн армийн хүчин чадлыг ингэж нэмснээр Японы Квантуны армийн эсрэг нэмэлт хүчийг бий болгосон юм. Энэ нь ЗХУ-д Алс Дорнодоосоо нэмэлт хүч татаж, Германы фронт руу шилжүүлэх нэгэн нөхцөл бүрдүүлсэн билээ. Энэ нь наад зах нь Москвагийн тулалдаанд ихээхэн нэмэр болж чадсан юм.
1945 онд монголын арав дахь хүн бүр Японы эсрэг дайнд оролцсон юм. Монголын таван дивиз зөвлөлтийн Улаан Армитай хамт Хятадын Их Цагаан Хэрэм хүртэл давшсан билээ. Энэ нь Агуу Их Эх орны дайнтай харьцуулахад харьцангуй “амархан” дайн боловч 800 мянгахан хүнтэй БНМАУ-ын хувьд ихээхэн хүнд дайн байсан юм. Учир нь монголын цэргийн насны бүх хүн (!!!) энэ дайнд оролцсон бөгөөд дайчилгааны эрчмээрээ ЗХУ дахь Сталины дайчилгаанаас ч даван гарсан юм.
х х х
Энэ бүхэн Агуу Их Ялалтад Монголчуудын оруулсан оролцоо хийгээд хувь нэмэр юм. Бид Зөвлөлтийн цорын ганц үнэнч холбоотон байж, холбоотны үүргээ нэр төртэй биелүүлэн, ялалтын төлөө хамтдаа нэг хүн шиг зүтгэснийг түүх гэрчилнэ. Гэрчүүд нь хүртэл одоо амьд байна. Ялалтын Агуу Их Ой болоход хэдхэн сар үлдээд байхад манайхан таг дуугай, бараг л муу хэлэх шахаж байгаа нь хаанахын ямар үзэл суртал юм ?!
Саяхны нэгэн жишээ. Сочийн Олимпийн өмнө манай хэвлэл мэдээлэл барууныг дагаж бараг бүтэн жил Олимпийн бэлтгэл ажлыг нь баахан муулсан. Сайн сайхан талаас нь бараг юу ч гаргаагүй. Гэтэл Олимп яг болсон чинь Ц.Элбэгдорж ширэн нүүрлэчихээд яваад очиж байгаа юм. Ингэж новшрох Ц.Элбэгдоржид л хэрэгтэй байдаг байх ?! Тэрэнтэй тэрэнгүй Олимп гайхалтай сайхан л болсон ш дээ…
Монголын эрх баригчид Агуу Их Ялалтын ойгоор барууныхантай “нийлчихээд” Ялалтын алдар суу, өөрийн алдар гавъяагаа дурсахгүй шахам байгаа нь түүхийн болон хойч үеийн өмнө үйлдэж буй гэмт хэрэг мөн.
Үүнийг Монголын эрх баригчид дурсдаггүй юмаа гэхэд ард түмэн дурсана. Бид Агуу Их Ялалтын баяраар Москвад болох парадад нэр төртэй очих эрхтэй ба үүрэгтэй…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 02 дугаар сарын 14.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

19 Responses to ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

  1. bi says:

    үнэхээр үнэн бичжээ ялалтын баяр монголчуудын ч баяр мөн

  2. Anonymous says:

    Энэнийг орчуулаад оросын сонин сайтуудад тараахиймсан

  3. ganbaa says:

    бидний монголчууд эрхтэй бас үүрэгтэй…

  4. batjargal says:

    MONGOLD TUR ZASAG GEJ BAIGAA UM UU?BAIGAA BOL TER N LAV L MONGOLIIN TULUU TUR BISH.HARIIN TOGLOOMIIN ZASAG UMAA

  5. Qos says:

    Ene sonin.mn iihen bas ih niitleld yalgavartai handana aa. Ganaa ahiin yug ni hevleed yug ni hevledeggui yum.

  6. bat says:

    би хэдийгээр монголын ард түмэн тусласан гэж омогшиж байгаа ч даруухан бусаар хэлэхэд үнэн юм үнэнээрээ сайхан өчигдрийг бид өөрчлөхгүй.үнэхээр бид дээр хэлснээр эрхтэй бас үүрэгтэй

  7. bat says:

    Цаг зуурын салхийг дагадаг нь монгол хүний ухаан, араншин бишээ. Бид их уламжлалтай ард түмэн. чадсанаа ч чадаагүйгээ ч адил эдлэдэг үүрдэг байвал.
    Ганаа ахдаа сайхан сайхан гайхалтай нийтлэл бичдэгт тань дахин дахин талархая, хамгийн сайн сайхныг хүсье

  8. Н.Батсайхан says:

    Mongol uls yalagch guren baij tuuniigee surtalchildaggui ni nen haramsaltai. Minii bodloor oor yamar ch uls, undesten Mongoliin ard tumen shig unench setgel zutgel gargaj chadahgui.

  9. regzen says:

    Зөвхөн үнэнийг эмх цэгцтэйгээр тархинд ортол бичдэгт нь бахархадаг шүү. Баярлалаа. Монголоороо бахархдаг монголын төлөө гэх сэтгэл зүрхтэй хүний дотор нь огшитол бичжээ. Буриадад хамаатаныдаа очоод хуучилж байтал нэгэн өвгөн Монгол морь шиг ухаантай эзэндээ үнэнч хайртай хөлөг энэ дэлхийгээс олохгүй гээд: монголоос ачсан карантийны агтыг ялгаж байтал нэгэн адуу үргэлж урагш хараад хашаа харайх аргаа олохгүй эргэлдээд байхаар нь үдийн цайны цаг тааруулж хашааны хаалга онгойлгон “Дуй мой друг Родину” гээд гараа үл мэдэг хөдөлгөтөл хөөрхий морь ухасхийн гарч урд зүг руу зугтаав. Оросууд буу тавин хашгиралдаж надад түүнийг олж ир гэж тушаахад хойноос нь гурван даваа давтал дагаж байгаад зогсож “Зай шимни гэртэй эх орондоо харь даа” гээд үлдэхэд минь над руу эргэж харж янцгаагаад цааш давхиж билээ гээд нульмасаа арчиснаа миний монгол морь “Бүлтгэрхэнэмни” Белоруссийн фронтод амийг минь хоёр удаа авараад үхсэнсэн гээд хоолой нь зангиран таг болж, сонссон бидний дотор бөглөрч таг дуугүй болцгоосон. Удтал дуугүй сууцны эцэст “Бүлтэгэрхэнэймни нюдэн /нүд/ ямар үнэнч урихан зөөлөн ухаалаг гэж санана гээд шилэн стаканаар дүүрэн архийг нэг амьсгаагаар татан уртаар санаа алдаж билээ Иймд монгол эр хүний үнэнч нөхөр монгол морь бидний амь нас эрх чөлөөний төлөө амиа өгсөн ажгуу.

  10. Tugs says:

    Маш сайхан нийтлэл… баяр хүргэе. Бид хүн төрөлхтэний ялалтын баярыг мартах учиргүй.

  11. БИЛГЭ says:

    ингэхэд манай орос ах нар бидний энэ зүтгэлийг одоо санадаг болов уу. 90 оноос хойш дайнд оруулсан монголчуудын хувь нэмрийг дурсаж байсныг хараагүй, сонсоогүй л юм байна. эсвэл би мэдээллээс тэгж хол хоцроод байдаг юм уу.

    • Anonymous says:

      ойн баяр дээр нь монголын тусламжын талаар ярьж байхийг огт сонсоогүй юм байна огт өөр орнууд л дурдагдаад өнгөрдөг

    • Ганаа says:

      Чи худлаа ярьж байна. Ялалтын баяраар оросууд өөр ямар ч орны тусламжийг дурддаггүй. Яагаад гэвэл оросууд дайны хүндийн 80%-ийг үүрч гарсан учраас. Иймээс худал ярихгүй байхыг хүсч байна. Харин түүх, эрдэм шинжилгээний бүтээлүүдэд дурддаг…

  12. bayarjargal says:

    Белорусст дайны дараа хоёр зэргэлдээ айлд 1,1 морь оногдсон юм гэнэ. Нэг нь монгол морь нөгөөх нь европын нэг үүлдэр байсан бололтой. Европ ганган үүлдрийн морь оногдсон айл ихэд баясаж айсан боловч удалгүй айлынхаа тэжээл хоолноос хуваалцаж өлсгөлөнгийн хүнд жилүүдэд улам ядрааж байж. харин монгол морь өөрөө хоолоо олж идэн нөгөө айлын бүх л ажилд илжиг шиг л зүтгэж асар их нэмэр болсон гэдэг.

  13. dkfjsdfjf says:

    1939 оны халх голын дайнд Оросууд Монголд үлэмж тус үзүүлсний үр дүнд Монголчууд ингэж сэтгэлээсээ бас Оросуудад тусалсан бол уу? Зарим нэг яриагаар бол окопноосоо Монголын цэргүүд толгойгоо цухуйлгангуут оросууд нь доошоо бол гээд л толгой дээр нь дараад бараг өөрсдөө дайтчихсан гэх мэт сонсож л байсан. Гэхдээ мэдээж тэр дайнаас төрсөн Монгол баатрууд бий л дээ.

  14. btb says:

    …нүүртэй ч улс!

  15. Erdene says:

    ҮНЭНДЭЭ БОЛ ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНАА Ч ҮЛ ТООЖ ИРСЭН МОНГОЛЧУУД ЭХ ОРНЫ ДАЙНЫГ БОЛ БҮҮР Ч ОРХИГДУУЛАХ НЬ МЭДЭЭЖ ДЭЭ. ЕВРОПОД ДЭЛХИЙН НЭГДҮГЭЭР ДАЙНЫ 100 ЖИЛИЙН ОЙГ 4 ЖИЛИЙН ХУГАЦААНД ТЭМДЭГЛЭЭД ЯМАР ИХ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭЖ БАЙНА ВЭ. ҮҮНИЙГ Л ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖИЛ ОЛГОХ ТӨРИЙН БОДЛОГО ГЭДЭГ БАЙХ. МАНАЙХ ДЭРГЭД НЬ БИЕСЭЭ ХУУРСАН АРЧААГҮЙ АЖИЛ ГЭЖ БАТТАЙ ХЭЛНЭ. УЛС ОРНООРОО ДАЙНЫ БАЙДАЛД ШИЛЖИЖ АЖ ТӨРНӨ ГЭДЭГ ЯМАР ХҮНД БЭРХ АМЬДРАЛ ГЭДГИЙГ ЕВРОПЫНХНООС Л ОЙЛГОЖ БАЙНА.

  16. Anonymous says:

    Zov

  17. Битмин says:

    Аливаа Олимпод улс орнууд гарч жагсахдаа элдэв маргаангүй байх үүднээс цагаан толгойн үсгийн дарааллаар гардаг.
    Харин Сочигийн олимпоор Монгол улс хамгийн түрүүлж гарсныг Монголчууд анзаарсан болов уу. Энэ нь аль ч талаараа давхар утга илэрхийлсэн үйлдэл юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: