ЛЮДВИГ ФЕЙЕРБАХ: ШАШНЫ МӨН ЧАНАР I

Германы сонгодог философийн суут төлөөлөгч, Людвиг Андреас фон Фейербахын (1804-1872) нэгэн суут бүтээлийг Та бүхэнд толилуулж байна. Манайхан түүнийг огт мэдэхгүй. Социализмын үед мэдэхгүй байж сургаар баахан “загнадаг” байв. Ардчилал ялаад бүр ч тас харанхуй болов. Гэтэл бүх дэлхий энэ суут хүний бүтээлийн, ялангуяа этик, шашны тухай сургаалийн үзэл санаан дор хүмүүжсэн гэхэд хэтрүүлсэн болохгүй. Тэрээр “Христианы ёсны мөн чанар”, “Ирээдүйн философийн үндсүүд”, “Шашны мөн чанар”, “Шашны мөн чанарын тухай уншлагууд” гэсэн гэсэн туурвилуудаараа дэлхийн философийн түүхэнд болон хүн төрөлхний сэтгэлгээнд хувьсгал хийсэн суутан юм. Ингээд түүний “Шашны мөн чанар” (1845) хэмээх суут бүтээлийг анх удаа монголчуудад хүргэж байна. Гэхдээ орос хэлнээс дам орчуулснаа хэлэх ёстой. Фейербах энэ суут бүтээлээ тезис байдлаар бичсэн бөгөөд түүнийг амьд байхад бараг хэвлэж байгаагүй юм.
Фейербахын бүтээл тэр дороо л тухайн үеийн сэтгэгчдийн анхааралд өртсөн бөгөөд үүний тод илрэл нь Ф.Энгельсийн “Людвиг Фейербах ба Германы сонгодог философийн төгсгөл” (1888) болон К.Марксын “Фейербахын тухай сэдвүүд” болно. Үүнийг хагас дутуу сонссон манай “гүн ухаантнууд” Маркс, Энгельс хоёр Фейербахыг “бутартал авсан” гэж ярьдаг нь усан тэнэг цуу ярианаас өөр зүйл биш. Тэд: нийгмийн амьдрал бол голчлон практик байдаг; хүн бол өөрийн хөдөлмөрийн, мөн чанараараа нийгмийн харилцааны нийлбэр цогц мөн; үзэл суртлын үзэгдэл, түүний дотор шашин нь нийгмийн оршихуй хийгээд хөгжлийн нөхцлөөс хамаарна гэсэн.
Энд К.Маркс, Ф.Энгельс нар өөрсдийн цоо шинэ философио үндэслэсэн. Тэгээд “Шинэ материализмын үзэл бол хүний нийгэм буюу нийгэмжсэн хүн”, “философчид ертөнцийг янз бүрээр тайлбарлаж ирсэн, гэхдээ түүнийг хувирган өөрчлөхөд хамаг хэрэг оршино” гэж нэмж хэлсэн юм. Тэд Фейербахыг “бясалгагч” л гэсэн болохоос түүний шашны хийгээд этик материалист үзлийг буруушаагаагүй юм. Үүнээс хойш Фейербахыг үргэлжлүүлсэн хүмүүс гарсан болохоос түүнийг няцаасан хүн энэ дэлхийд гараагүй.
Дашрамд дурдахад сүүлийн үед манайд этикийн асуудлыг нэлээд ярих болов. Гэхдээ энэ асуудлынхаа уг үндсийг сайтар мэдэх хэрэгтэй гэж санана. Энэ санааны үүднээс Макс Веберийн “Протестант этик ба капиталист үзэл санаа”-ны өмнөтгөлийг орчуулав. Дашрамд хэлэхэд “дух” гэдгийг би “санаа” хэмээн буруу буулгасан байна лээ. Фейербахыг орчуулах явцад “дух” бол ямар ч эргэлзээгүй сүнс гэж монголоор буухыг ойлгож авав.
Фейербахын энэ зохиолыг орчуулаач гэж Б.Даш-Ёндон багш бараг арав гаруй жилийн өмнө надаас хүссэн юм. Гэвч тэр үед давхиад орчих зориг зүрх арай л хүрэхгүй явсан юм.Тун ч олон жил халгаж явлаа даа. Гэтэл манай нийгмийн сэтгэлгээ, үйлдлийн мухардмал, үхээнц байдал надаас арга буюу үүнийг яаралтай орчуулахыг шаардаж байна. Иймээс алдаж эндсэн зүйл бишгүй гарна байх. Яг үнэндээ бол бид философи сэтгэлгээгээр дэлхийгээс дэндүү харамсалтай хоцрогдсон гэдгийг шударгаар хэлэх нь зүйтэй. Энэ үлэмж хоцрогдлыг арилгахад энэхүү суут бүтээл ихээхэн тус болно гэж бодож байна.
Фейербахын “Шашны мөн чанар” нийтдээ 55 сэдэв буюу тезисээс бүрдэнэ. Боломжоосоо шалтгаалан 11: 11-ээр нь тасдан цувуулахаар шийдэв. Ингээд “Шашны мөн чанар”-ын эхний 11 тезис энэ байна…
Би шинжлэх ухааны үндэстэй, баримт нотолгоотой ямар ч шүүмжлэлийг хүлээн авахад бэлэн байна, харин юу ч мэдэхгүй, юу ч хийдэггүй алхаг залхуу, усан тэнэгүүдийн ямар ч сэтгэгдлийг хүлээн авахгүй гэдгээ нэр төртэйгөөр мэдэгдэж байна…

ЛЮДВИК ФЕЙЕРБАХ. ШАШНЫ МӨН ЧАНАР (1845)
Энэ ажил бол миний “Лютерт” заасан, гэхдээ өгүүлэл хэлбэрээр бичээгүй, тусгай тусгай бие даасан санаануудыг багтаасан “өгүүлэл” болно. Эдгээр санаануудын зүйл буюу ямар ч тохиолдолд түүний эхлэх цэг шашинд хүргэнэ, учир нь шашны объект нь байгал байдаг; “Христианы мөн чанар”, “Лютер” хоёртоо би байгалиас хөндийрсөн, ажлынхаа уг санаанаас болж ингэж хөндийрөх ёстой байсан юм: учир нь христианы ёсны өвөрмөц тал нь байгальд нээгдэн буй бурханд байдаггүй, харин тухайн хүнд байгаа бурханд байдаг билээ.
1.
“Христианы мөн чанарт” талбарласан шигээр хүний мөн чанар буюу бурхнаас ялгаатай хийгээд үл хамаарагч амьтан (существо-Орч.Х.Д.Г.), бодит байдал дээр хүний мөн чанаргүй, хүний хувь шинжгүй (индивидуальность-Орч.Х.Д.Г.) амьтан бол байгалаас өөр юу ч биш юм. Миний хувьд байгал ч гэсэн бас л “сүнс” (манайд заримдаа “санаа” гэх нь буй-Орч.Х.Д.Г.) бөгөөд хүн өөрөөсөө, өөрийн бүтээл туурвилаас ялган салгаж, байгал гэсэн ерөнхий нэрийн дор нэгтгэсэн амьтан, юмс, зүйлсийг тэмдэглэсэн ерөнхий нэр томъёоноос өөр зүйл биш, харин энэ нь бодит юмсаас нь салган авсан, зааглаж тусгаарласан түгээмэл мөн чанар биш, ямар нэг хүнжүүлэлт (персонифизация) хийгээд мэхлэн төөрөгдүүлэлт (мистификация) биш юм.
2.
Шашны үндсийг хүний хамааралт байдлын мэдрэхүй бүрдүүлдэг; анхдагч утгаараа байгал ч гэсэн энэхүү хамааралт байдлын мэдрэхүйн зүйл юм, хүн түүнээс хамаарч, өөрийгөө хамааралтай гэж мэдэрч буй тэр зүйл болно. Байгал бол шашны эхний, анхдагч объект бөгөөд үүнийг бүхий л шашин хийгээд ард түмний түүх бүрэн нотолсон.
3.
Хэрэв шашныг ерөнхий утгаар теизмын үзэл санаагаар сольж, өөрөөр хэлбэл бурханд итгэхийг өөрийнх нь утгаар ойлговол шашин хүнд төрөлхөөсөө байдаг, тэр нь ямар нэг жам ёсны зүйл гэсэн баталгаа буруу болно; гэхдээ хэрэв шашин гэдэгт хамааралт байдлын мэдрэмжээс өөр зүйл ойлгох аваас энэ баталгаа маш үнэн болно. Хүний мэдрэмж болон ухамсар түүнээс ялгаатай өөр амьтангүйгээр оршдоггүй, оршин байж болохгүй, тэрээр өөрийн оршихуйгаар өөртөө өөртөө үүрэг хүлээдэггүй.
Энэ утгаар нүдэнд гэрэл, уушгинд агаар, ходоодонд хоол хэрэгтэй шиг шашин хүнд ойрхон байдаг. Шашин бол миний байгааг хамтран мэдрэх, хүлээн зөвшөөрөх явдал юм. Гэхдээ юуны өмнө би гэрэлгүй, агааргүй, усгүй, газаргүй, хоол хүнсгүй оршин байх юу ч биш, би бол байгалиас хамааралт амьтан юм. Амьтан болон араатан төст хүний хувьд энэ хамаарал ухамсаргүй, бодож эрэгцүүлээгүй байдаг; шашин хүртэл өгсөнө гэвэл энэ хамаарлыг ухамсартаа хүргэж, түүнийг төлөөлж, мэдэрч, хүлээн зөвшөөрнө гэсэн хэрэг болно. Ийм маягаар аливаа амьдрал жилийн улирлын өөрчлөлтөөс хамаарч байдаг, гэхдээ зөвхөн хүн л энэ өөрчлөлтийг баяр ёслолын үйлдэл хийж жүжигчилсэн байдлаар (драматик-Орч.Х.Д.Г.) тэмдэглэдэг. Жилийн улирал солигдох буюу сарны үечлэлийг илэрхийлсэн, дүрсэлсэн тийм баяр ёслолууд бол хүн төрөлхтний эртний бөгөөд анхдагч шашин шүтлэг, үгийн шууд утгаар шүтлэгийн үйлдэл болно.
4.
Тодорхой хүн, энэ ард түмэн, энэ овог аймаг үгийн ерөнхий утгаар байгалаас хамаардаггүй, ерөөс газраас хамаардаггүй, гэхдээ энэ хөрснөөс, энэ улс орноос хамаардаг, тэр уснаас ерөөсөө хамаардаггүй, харин энэ уснаас, энэ урсгалаас, энэ эх ундаргаас хамаардаг. Египетээс гадна буй египет бол египет хүн биш, Энэтхэгээс гадна буй энэтхэг бол энэтхэг хүн биш. Ийм учраас универсал хүн өөрийн универсал мөн чанарыг өөрийн эх газарт бие сэтгэлээрээ уяатай, өөрийн мөн чанарыг өөрийн хүн чанарт биш, харин өөрийн ард түмэн, овог аймгийн онцлогоос олж хардаг, өөрийн орны уул ус, ой мод, ан амьтан, гол горхи, булаг шандад бурхан мэт мөргөн шүтдэг эртний хязгаарлагдмал ард түмэн лугаа адил бурханлаг байдлаар бишрэн авах тийм эрхтэй гэдгийг бас л тийм бүрэн эрхтэйгээр хэлж болно; учир нь тэдний бүхий л ахуй, тэдний бүхий л мөн чанар бүхэлдээ тэдний эх орны онцлог, тэдний байгалийн онцлогт бүхэлдээ суурилдаг юм шүү дээ.
5.
Хүн өөрийн амьтанлаг төлөв байдлыг зөвхөн бошиг сургаалийн ачаар, “хүнээс хэдийдсэн” (сверхчеловечески-Орч.Х.Д.Г.) бурхан, сүнс, гоц ухаан, сахиусан тэнгэр зэргийн тусламжтайгаар даван гарч чадах мэт маш фантастик төсөөлөл байдаг.
Хүн энэ байгаадаа бие дааж биш, мөн орь ганцаар биш, харин зөвхөн өөрөөрөө дамжин хүрсэн гэдэг нь ойлгомжтой; үүний тулд түүнд өөр зүйлийн тусламж хэрэгтэй байсан. Гэхдээ эдгээр зүйл нь бүтээлээр төсөөлж буй байгалиас хэтийдсэн амьтад биш, харин бодит, жам ёсны амьтад байсан; хүнээс дээгүүр амьтад биш, харин түүнд захирагдах амьтад байсан; үнэн хэрэг дээрээ ерөөсөө ухамсартай, дурын үйл ажиллагаанд нь (зөвхөн голдуу ийм ажлыг хүний ажил үйл гэж нэрлэдэг) хүнийг дэмжин тэтгэж буй тэр бүх зүйлс, аливаа сайн олз болон байгалийн өгөөж дээрээс илгээгддэггүй, харин доороос үүсдэг, өндрөөс унаж ирдэггүй, харин байгалийн гүнээс төрөн гардаг юм. Хүнд ингэж ингэж туслагч амьтан, хүнийг ингэж агуу-тэтгэгч нь голдуу амьд амьтад байсан юм. Зөвхөн амьтны ачаар хүн амьтны хаанчлалаас дээгүүрт гарч, зөвхөн тэдний хамгаалалт, үйлчилж тусалсны ачаар хүний соёлын суулгац бий болж чадсан юм. Зенд-Авест-ын хамгийн эртний, жинхэнэ хэсэг болсон Зенд-Авест-д, чухамхүү Вендидаде-д “ертөнц нохойны оюун ухааны ачаар оршин байгаа” гэдгийг уншин ойлгож болно. Хэдийгээр энэ хэсгийг “бүр хожмын үед хийсэн ч” гэсэн тэр. Хэрэв “гудамжийг нохой хамгаалаагүй бол дээрэмчид болон чононууд бүх хөрөнгийг цөлмөх байсан.” Амьтныг шашинчлан шүтэх нь үүсэн төрж буй соёлын эрин үед хүний хувьд гүйцэтгэж байсан, тэдний чухамхүү үүргээр бүрэн тайлбарлагдана. Хүний хувьд амьтан бол зайлшгүй шаардлагатай, орлуулшгүй амьтан байсан; түүний хүмүүн оршихуй тэднээс хамаарч байв; хүний оршихуй, амьдрал хамаарч байсан тэр зүйл түүний хувьд бурхан байсан юм.
Хэрэв христчүүд байгалийг ахин бурхан шиг хүндлэхээ больсон бол энэ нь зөвхөн тэдний шашны төсөөллөөр тэдний оршихуй байгалиас биш, байгалиас ялгаатай амьтны хүсэл зоригоос болсон юм биш; үүний зэрэгцээгээр тэд энэ амьтныг бурханлаг амьтан гэж үздэг, хүндэлдэг болж, өөрөөр хэлбэл, дээд, бас түүнийг тэдний ахуй, тэдний амьдралыг хамгаалагч гол амьтан гэж хүлээн зөвшөөрдөг болсноос болж буй хэрэг юм.
Ийм маягаар бурхныг хүндэтгэн шүтэх нь хүн өөрөө өөрийгөө хүндэтгэн шүтэхээс хамаарах болсон ба бурханд шүтэх нь ийм хүндэтгэл шүтлэгийн илрэл юм. Хэрэв би өөртөө болон өөрийн амьдралд жигшин хандаж байвал энэхүү муу ёрын, жигшүүрт амьдрал хамаарч буй тэр зүйлийг өндөр үнэлж, хүндэлж яахин чадах билээ, энэ үед хүн анхдагч, жам ёсны төсөөлөлдөө өөрийн амьдралаас ялгахгүй тэр зүйлийг харгалзах ёстой.
Өөрийн амьдралын эх сурвалжид үнэт чанар олгохдоо би өөртөө болон өөрийн амьдралдаа ухамсаргүй олгосон үнэт чанарыг ердөө л өөрийн ухамсрын зүйлд дотроо л авч үзэж эхэлж байна.
Ийм учраас амьдрал хэчнээн үнэ цэнэтэй болох тусам амьдралын сайн сайхныг түгээгч-бурхан тэр хэмжээгээр жам ёсны, илүү дээд үнэт зүйл, давуу тал болох юм. Хүн алт мөнгө хэрэглэхийн үнэ цэнийг хараахан мэдэхгүй байхад бурхан хэрхэн алт мөнгөн дундаас гялалзаж чадах билээ ?
Грекийн ахуйн бүрэн дүүрэн, амар жаргалан хийгээд индианчуудын амьдралын дургүйцэл, зэвүүцлийн хоорондын ялгаа нэн ихээхэн байдаг; мөн түүнчлэн грекийн домог үлгэр хийгээд индианчуудын ёс суртахууны шог үлгэр, олимпийн эцэг бурхад, хүмүүс хийгээд өвөг индианчуудыг төрүүлэгч индианы уутат хулгана буюу дуут могой ихээхэн ялгаатай !
6.
Христчүүд бусад өөр шүтлэгтний адил амьдралдаа баясаж явдаг, гэхдээ амьдралын сайн сайхны төлөөх талархал залбирлаа тэнгэр эцэгтээ өргөдөг; чухам ийм учраас тэд бусад шашинтныг онгод тахидаг гэж, бас тэднийг өөрийн талархал, өөрийн культаа адгуусаар (тварь-Орч.Х.Д.Г.) хязгаарлаж, аливаа сайн үйлийн орь ганц, жинхэнэ шалтгаан, анхдагч учир шалтгаанд хүрч чаддаггүй гэж буруутгадаг. Гэхдээ би өөрийн оршихуйгаар анхны хүн Адамд өртэй биш биз дээ ? Түүнийг би өөрийн эцэг гэж хүндлэх ёстой юу ? Тэгвэл би өөрөө адгуус биш юм уу ?
Холгүйгээс ирсэн миний өөрийн хувьд, энэхүү тодорхой хувь амьтан миний хувьд энэ нь ойрхон байгаа, бас сүүлчийн шалтгааны тодорхой шалтгаан биш гэж үү ? Надаас өөрөөс маань, миний оршихуйгаас салгашгүй, ялгашгүй, миний хувь шинж миний эцэг эхийн хувь шинжээс хамаарахгүй гэж үү ? Ингээд цаашаа явах тусмаа би эцсийн эцэст өөрийн оршихуйн аливаа ул мөрийг алдах бус уу ? Энэхүү гэдрэг ухарсан явдалд гарцаагүй зогсолт, хил зааг байхгүй гэж үү ? Миний ахуйн анхдагч булаг, эх сурвалж төгс хувь шинжтэй (индивидуаль) биш юм уу ?
Би гэхэд л өөрийн ахтайгаа л адил мөн тэр онд, мөн тэр цагт, мөн тэр байрлалд, нэг үгээр бол мөн тэр дотоод болон гадаад нөхцөлд олдож, төрсөн биз дээ ? Ингэхлээр миний амьдрал гарцаагүй хувь шинжтэй шиг миний төрж өссөн маань ч бас л өвөрмөц, хувь шинжтэй биш гэж үү ? Би Адамын хүндэтгэлийг хүртэл сунгах ёстой юу ? Үгүй ! Би өөрийн шашны хүндэтгэл хайрыг надад ойрхон амьтад, миний оршихуйн гол үндэс өөрийн бодит эцэг эхийгээ хүндэтгэх дээр зогсоох бүрэн эрхтэй.
7.
Өмнөх атеистууд ямар нэг төгсгөлгүй гэдэг, теистууд болохоор ямар нэг төгсгөлтэй гэж тайлбарлаж ирсэн эцсийн шалтгаан буюу юмсын тасралтгүй эгнээ бол зөвхөн хүний бодол санаа, ойлголтод л агшин тус бүрд эргэж буцалтгүй, өөрчлөлтгүйгээр өмнөхтэйгөө нэгдэж байдаг цаг хугацаа лугаа адилаар оршин байдаг юм.
Бодит байдал дээр бол нэг янзийн ялгал үгүй энэхүү шалтгаант эгнээ ямар нэг шинэ, бие даасан, цорын ганц, эцсийн, туйлын байдлаар төлөөлөгдөх юмсын ялгаа, хувь ялгаанаас болж тасарч байдаг. Рашаан бол жам ёсны шашны утгаар бол устөрөгч, хүчилтөрөгч хоёроос хамаарсан ямар нэг нарийн нийлмэл зүйл болох нь мэдээж, гэхдээ үүний зэрэгцээгээр энэ бол шинэ, өөртөө хангалттай мөн чанар болох бөгөөд энд энэ хоёр бодисын уг шинж чанар алга болж, үгүйсгэгдэнэ.
Эгэл жирийн шүтлэгт онгод шүтлэгтний хүндэлдэг сарны гэрэл бол бие даасан гэрэл, үүсмэл гэрлээс, гэхдээ шууд нарны гэрлээс ялгаатай гэдэг нь тодорхой юм, тэр бол сарны эсэргүүцэх чанараас үүдсэн бие даасан гэрэл; энэ бол сар байхгүй үед байхгүй гэрэл бөгөөд энэ гэрлийн өвөрмөц байдлыг зөвхөн энэ гэрэл өөрөө л тодорхойлно.
Перс хүн сонор сэрэмжийнх нь төлөө үйлчлэхэд бэлэн, үнэнч байдлынх нь төлөө буяны мөргөлд уриалан дууддаг нохой бол мэдээж хэрэг ийм учраас л бурханлаг амьтан, байгалийн бүтээл юм, тэр бол нохой гэдгээрээ ийм байгаа биш юм; түүний хамт зөвхөн нохой өөрөө л, өөр ямар ч амьтан биш, чухамхүү энэ амьтан л хүндэтгэн үзэх ийм шинж чанартай байна.
Энэ чанартай холбоотойгоор би хараагаараа түгээмэл анхдагч шалтгааныг шүтэн биширч, нохой руу нуруугаа харуулах ёстой юу ? Гэхдээ түгээмэл шалтгаан хүнд нөхөрсөг ханддаг нохойд ч гэсэн, мөн хүнд дайсагнан ханддаг чононд ч гэсэн адилхан үйлчилнэ, хэрэв би өөрийн хувийн, илүү үнэт ахуйг бататгахыг хүсч байвал түгээмэл шалтгааныг сөрөн орж, чоныг устгахыг оролдох ёстой болно.
8.
Байгальд нээгддэг бурханлаг мөн чанар бол байгаль өөрөө байгаагаас өөр зүйл биш; байгаль бурханлаг амьтан байдлаар хүний өмнө нээгдэж, илрэн гарч, асууж байдаг. Эртний мексикчүүдийн олон бурхдын дунд давсны бурхан гэж байдаг. Энэ нь эм бурхан бололтой, гэхдээ энэ тохиолдолд энэ нь хамаагүй юм. Давсны энэ бурхан ерөөс байгалийн бурханлаг шинж чанарын нууцыг бидэнд итгэлтэйгээр нээн өгч байна. Давс (чулуун давс) нь бидэнд байгалийн эдийн засаг, анагаах ухаан, технологийн үйлдлийн биелэл болж, теистуудын магтан дуулдаг ашигт чанар, сайн үйл болж байна; давс нүд хийгээд сэтгэл санаанд үйлчлэх байдлаараа, өнгөөрөө, гял цал байдлаараа, тунгалаг шинжээрээ байгалийн гоо сайхны биелэл болж байна; мөн талст бүтэц, хэлбэрээрээ байгалийн уг зохирол, зүй тогтлын биелэл болж байна; эсрэг тэсрэг бодисоос бүрдсэн бүтцээрээ байгалийн эсрэг тэсрэг элементүүд нэгэн бүхэл болон нэгдсэн холбоог харуулж, теистуудын нэн эртнээс хаан байгалийн оршихуйн хөдөлбөргүйн, гэхдээ байгалиас өөрөөс нь ялгаатайн баталгаа гэдгийг харуулж байна; гэхдээ байгалийг мэдээгүйн улмаас тэд эсрэг бодисууд таталцдаг, юмс хар аяндаа нэгэн бүхэл болон нэгддэг гэдгийг ойлгоогүй байсан юм. Тэгвэл давсны бурхан юуг төлөөлөх вэ ? Энэ бол давсанд агуулагдаж буй хаанчлал, ахуй, сэтгэлээ дэлгэх, үйлдэл, шинж чанаруудын тэр бурхан мөн. Энэ бол давс өөрийн шинж чанар, үйлдлээр хүнд бурханлаг болон нээгдэж байгаа тэр зүйлээс өөр юм биш, өөрөөр хэлбэл буянт, агуу их, асар үнэт, гайхамшигт амьтан юм.
Гомер давсыг бурханлаг гэж нэн тодорхой нэрлэсэн; ийм маягаар давсны бурхан бол зөвхөн бурханлаг байдлын буюу бурхны давсны тэмдэг бөгөөд илэрхийлэл, яг нарийндаа бол мөн адил ертөнцийн бурхан буюу ерөөс байгалийн бурхан мөн, гэхдээ зөвхөн байгалийн бурханлаг чанарын тэмдэг бөгөөд илэрхийлэл мөн.
9.
Байгал өөрөө биш, өөр амьтан байгальд нээгддэг, байгал бол түүнээс ялгаатай өөр амьтнаар биежин, удирдагдаж байдаг гэсэн итгэл үнэмшил бол сүнс, чөтгөр шуламс хүнд нээгдэж, нэлээд тохиолдолд зарим төлөв байдалд хүнийг эзэмддэг гэсэн итгэл үнэмшилтэй зарчмын хувьд давхцдаг; энэ нь үнэн хэрэг дээрээ байгаль бол харь, далдын хий амьтанд дийлддэг гэсэн итгэл үнэмшил юм. Бодит байдал дээр бол энэхүү шашны үзэл бодлын үүдээс байгал сүнсний мэдэлд оршдог болох нь тодорхой, гэхдээ энэ сүнс нь байгальд ухамсаргүйгээр нэвтрүүлсэн, байгалийг өөрийн мөн чанарын бэлэгдэл хийгээд толь болгож буй хүний өөрийн сүнс, түүний уран сэтгэмж юм.
10.
Байгал бол шашны анхдагч, үндсэн зүйл төдий биш, хэдийгээр байгальд шашны далд, цаад дэвсгэр (фон-Орч.Х.Д.Г.) байгаа ч гэсэн тэр бол шашны байнгын, үл өөрчлөгдөх, бэлэн үндэс мөн. Хэрэв бурхныг байгалиас ялгаатай, байгалиас хэтийдсэн амьтан гэж сэтгэлээ ч гэсэн бурхан бол бодит мөн чанар гэсэн итгэл үнэмшил байдаг, энэ итгэл үнэмшил философчдын илэрхийлдгээр хүний хажуугаар зэрэгцэн оршдог объектив амьтан юм, энэ итгэл үнэмшил хүний хажуугаар зэрэгцэн оршдог объектив амьтан болох орчлон, байгаль, юуны өмнө байгаль өөрөө гэх итгэл үнэмшилд л зөвхөн суурилж байдаг.
Байгалийн оршихуй нь теисуудын бурхан оршин байгаа гэсэн үзэл бодолд тулгуурладаггүй. Үгүй ! Харин ч эсрэгээр: бурхны оршихуй, чухамдаа бол түүнийг оршин буй гэх итгэл үнэмшил л оршин буй байгальд тулгуурлаж байдаг. Зөвхөн ийм учраас л чи бурхныг бодит амьтан мэтээр сэтгэхэд арга буюу хүрдэг ба чи байгалиар өөрөөр нь өөрийн оршихуй хийгээд өөрийн ухамсрыг байгалийн ахуйд урьдчилан илгээж байгаа юм; бурхны үндсэн ойлголт бол тэрээр чиний оршихуйгаас өмнө байсан ахуй гэдэгт л байгаа.
Өөр үгээр бол: бурхан хүний зүрх сэтгэл, оюун ухааны зэрэгцээгээр оршин байгаа гэсэн итгэл үнэмшилд тэрээр хүн оршин байгаа эсэх, хүн бурхныг сэтгэж байгаа эсэх, хүн түүнийг хүсч байгаа эсэхээс үл хамааран гарцаагүй оршин байгаа, энэхүү итгэл үнэмшилд, үнэндээ бол энэ итгэл үнэмшлийн зүйлд байгалиас өөр ямар ч мөн чанар чиний толгойд сүүдийхгүй. Хүний оюун ухаан, сэтгэл зүрхний талаас нь үндэслэх тухай ярьдаггүй юмаа гэхэд ийм ахуй хүний оршихуйд тулгуурладаггүй. Ийм учраас теологууд, ялангуяа рационалистууд, бурхны давуу талыг хүний бодол санаанаас үл хамаарах амьтан гэж үздэг бөгөөд тэд нар ийм оршихуйн алдар нэр мухар сохор өөр сүсэгтний бурхад, од гариг, ой мод, ан амьтдад хамаардаг гэдгийг анхаарч байдаг, ийм маягаар тэдний бурхны оршихуйд холбоогүй бодол санааг египетийн Апис бурхны оршихуйгаас ялгаж чаддаггүй.
11.
Хүмүүн амьтныг буюу ямар ч тохиолдолд хүмүүн бодгалийг (индивид) бурханлаг амьтнаас ялган нөхцөлдүүлж, илэрхийлж байдаг чанарууд бол юуны өмнө буюу үндсэндээ байгалийн шинж чанарууд л байдаг. Бурхан бол хамгийн хүчирхэг, чухамдаа бол бүхнийг чадагч амьтан юм: өөр үгээр бол тэрээр хүний чадахгүй зүйлийг чадаж, чингэхдээ хүний хүчийг хязгааргүйгээр даван гардаг, ийм учраас тэр хүнээс хязгаарлагдмал, хүч чадалгүй, өчүүхэн жаахны хүлцэнгүй мэдрэмжтэй байхыг албаддаг. Бурхан Иовд ийн хэлдэг: “Чи долоон одыг холбож чадах бил үү ? Чи Орионы зангилааг тайлж чадах бил үү ? Чи аянганд бидний хаана байгааг зааж илгээж чадах бил үү ? Чи моринд хүч чадал өгч чадах уу ? Чиний мэргэн цэцнээр харцага шувуу нисэх үү ? Чи бурхны булчинг эзэмдэж, чи түүний дуу хоолойгоор нүргэлж чадах уу ?.” Үгүй ! Үүнийг хүн чадахгүй; хүний хоолойг аянгатай харьцуулж болохгүй. Гэхдээ аянганы хүч, морины чадал, харцагын нисэлт, оддын дийлдэшгүй урсгалд байгаа хүчний цаана гэж юу вэ ? Энэ бол байгалийн хүч юм !
Сократ физикийг хүний хүчин чадлаас хэтийдсэн, ашиггүй ажил гэж үзээд түүнийг хүлээн зөвшөөрдөггүй байжээ; үнэндээ бол бид жишээлбэл, бороо яаж бий болдгийг мэддэг байлаа ч энэ нь бороо дуудах боломжийг өгсөн хэрэг биш юм; ийм учраас зөвхөн мэдлэгт хүрэлцээтэй хүний ба ёс зүйн асуудлаар л оролдох үлдэж байгаа юм. Энэ нь: хүнд хүртэцтэй юмс хүмүүний юмс байна, харин хүн хийж чадахгүй юмс бол хүнээс хэтийдсэн, бурханлаг юмс байна гэсэн хэрэг юм. Кафрын нэгэн хаан: “кафрууд бидний даган дуурайж чаддаггүй, салхи, аянга, цахилгаан зэрэг бүхнийг бүтээж байгаа, тэднийг бидэнд хүргэж буй тэрхүү сайн зүйлд ч, тэрхүү муу зүйлд ч кафрууд бид итгэдэг” гэсэн байдаг.
Нэгэн энэтхэг хүн мессионерт: “Момсешъ чи өвс ногоо ургахыг хийж чадах уу ? Би ингэж бодохгүй байна, үүнийг агуу их манито-гоос өөр хэн ч чадахгүй” гэж хэлсэн байдаг. Ингээд хүнээс ялгаатай амьтан болох бурхны үндсэн ойлголт нь байгалиас өөр юу ч биш. Бурхан бол мөнхийн зүйл, гэхдээ Библид өөрт нь ингэж хэлсэн нь буй: “Нэгэн үеийн араас өөр үе залгамжилдаг, газар дэлхий бол мөнх.” Зенд-Авест-д нар болон сар бол үл устах шинжтэйгээ холбоотойгоор “үхэшгүй” яруу тод нэрлэгдсэн. Перугийн нэгэн инка доминикан хүнд: “Чи хэрээсэн дээр үхсэн бурханд мөргөх юм, харин би бол үхдэггүй наранд мөргөдөг” гэсэн байдаг.
Бурхан бүхэнд буянтай амьтан юм, учир нь “бурхан наранд муу муухай хийгээд сайн сайхан хүмүүс дээр адилхан мандахыг тушаадаг, бороогоо шүтдэг хийгээд үл шүтдэг хүмүүс рүү адилхан илгээдэг”; гэхдээ тэрбээр амьдралын сайн сайхныг ёс суртахууны гавъяагаар хуваарилдаг, сайн хийгээд муугийн хоорондын, шүтдэг хийгээд үл шүтдэгийг хооронд нь ялгадаггүй амьтан юм. Ерөөсөө ийм учраас хүнд сайн амьтны сэтгэгдэл төрүүлэгч, түүний үйлдэл, жишээлбэл, амьдралыг тэтгэгч нарны гэрэл, бороо зэрэг нь буяныг бүтээгч мэдрэмжийн эх сурвалж болж байдаг ба энэ амьтан бол байгаль өөрөө юм. Бурхан бол бүхнийг хамарсан, түгээмэл, өөртэйгөө адилтгах амьтан мөн. Гэхдээ тэрхүү нар бүх хүмүүс хийгээд амьтад буюу орчлонг гийгүүлдэг, ийм учраас бүх шашны хувьд анхдагч нь ертөнц өөрөө мөн; энэхүү тэнгэр л бид бүхнийг тэврэн бүүвэйлж, энэхүү газар дэлхий л бид бүхнийг тээж яваа билээ.
Амвросий: бүх байгал нэгдмэл байдал бурхны ахуй байгааг гэрчилдэг, учир нь нэг л ертөнц оршин буй” гэж хэлсэн байдаг. Бүх хүнд ганц нар, ганц сар, ганц тэнгэр, ганц дэлхий, ганц далай бий хэмээн Плутарх хэлсэн нь буй. Зарим нь тэднийг нэрлэдэг, зарим нь өөрөөр нэрлэдэг. Ингээд ертөнцөд нэг Сүнс-удирдагч байдаг, гэхдээ тэрээр янз бүрийн нэртэй, түүний культ нь янз бүр аж. Бурхан бол “хүний гараар бүтээгдэж, сүм хийдэд байж байдаг амьтан биш”, бас байгаль ч тийм амьтан биш юм. Хэн гэрэл, тэнгэр, далайг хүний хязгаарлагдмал зааг хүрээнд оруулж чадах билээ ?
Эртний перс, германчууд зөвхөн байгальд мөргөдөг байв, тэдэнд сүм хийд гэж байсангүй. Байгалийг шүтэн бишрэгчдэд сүм буюу хийдийн зохиомол, хязгаарлагдмал байгууламж хэт давчуу, хэт бүгчим байсан юм; тэд мэдрэхүйн бясалгалын задгай, хязгааргүй тэнгэрийн дор өөрсдийгөө сайхнаар мэдэрдэг байв.
Бурхныг хүний хэмжээсээр тодорхойлж болохгүй, тэр бол хязгааргүй, агуу их, төгсгөлгүй амьтан юм. Гэхдээ түүний бүтээсэн ертөнц өргөн уудам, хэмжээлшгүй, төгсгөлгүй буюу ямар ч тохиолдолд хүнд ингэж санагддаг болохоор л бурхан ийм байгаа юм. Бүтээл бүтээсэн мастераа алдаршуулдаг: бүтээлчийн агуу их нь түүний бүтээлийн агуу ихэд л суурилна. “Нар ямар агуу юм, гэхдээ түүнийг бүтээгч ямар агуу их юм !”
Бурхан бол газраас тасарсан, хүнээс хэтийдсэн агуу их амьтан мөн; гэхдээ тэр өөрийн гарал үүсэл хийгээд уг сууриараа орон зай, оптикийн харилцаанд буй дээд амьтнаас өөр зүйл биш, харин чухамхүү хурц тод үзэгдэл бүхий тэнгэр юм.
Хэрэв тэдэнд ямар нэг жаахан ч гэсэн далайц байгаа бол бүх шашнууд өөрийн бурхдыг үүлс, сансрын уудам (эфир-Орч.Х.Д.Г.) буюу нар, сар буюу оддын хүрээнд шилжүүлдэг ба явж явж бүх бурхад тэнгэрийн гүн хөх уудамд уусан алга болдог. Тэр ч байтугай христчүүдийн оюун санааны бурханлаг байдал дээшээ, тэнгэр лүү өөрийн ирэлт, өөрийн суудалтай байдаг. Бурхан бол нууцлаг, үл ойлгогдох амьтан юм, зөвхөн ийм учраас л хүний хувьд мөн чанар болдог, мөн чухамхүү бурханлаг хүн л нууцлаг бөгөөд ойлгогдошгүй байдаг.
Бурхан Иов-од хэлж байна: “Чи үүлс яаж тардагийг мэдэх үү ? Чи далайн ёроолд байж үзсэн үү ?
Чи дэлхийн хэмжээг мэдэх үү ? Чи аадар хаанаас ордгийг харсан уу ?” Эцэст нь бурхан бол хүний дур зоргоос дээш гарсан, хүний хэрэгцээ, хүсэл тачъяалтай холбоогүй амьтан, мөн нэгэнт тогтоосон л бол бүхий л үед хэлбэрэлтгүй дагаж мөрдөх хувиршгүй хуулиар хаанчлуулсан өөртэйгөө адилтгах тийм л амьтан юм.
Гэхдээ энэ нь бүхий л халаа сэлгээнд хэлбэрэлтгүй орж ирдэг байгаль биш, харин юуг ч үл харгалздаг, урсгал шинжтэй, зүй тогтолт, үл баригдах амьтан биш үү ? Анхандаа зөвхөн байгалийг бясалгаснаас олж авсан энэ бүх чанарууд хожим нь байгаль хийсвэр, сэтгэлгээний мөн чанар болсон шигээр хийсвэр (абстракт-Орч. Х.Д.Г.) метафизик чанар болон хувирчээ,
Хүн бурхныг байгалиас гарсан гэдгийг мартаж, бурхан бясалгасан, мэдрэхүйн амьтан биш, харин сэтгэн бодсон амьтан болсон үед буюу энэ үзэл бодлын нөхцөлд бид дараах гаргалгаа хийж болно:
хүний бурхнаас жинхнээсээ ялгаатай, антропоморфный бурхан бол оюун ухааны мөн чанараас өөр зүйл биш юм. Энэ заалт миний “Лютер” болон “Христианы мөн чанар” бүтээлд энэхүү ажил маань хэрхэн харьцахыг тайлбарлахад хангалттай юм. Юм ойлгодог хүмүүст энэ нь хангалттай.
Орчуулсан: Х.Д.Ганхуяг.
2014 оны 10 дугаар сарын 16.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

20 Responses to ЛЮДВИГ ФЕЙЕРБАХ: ШАШНЫ МӨН ЧАНАР I

  1. Anonymous says:

    гайхалтай баярлалаа. би олон ном зохиол уншиж судалсан гэж, томрохгүй ч чадах ядахаараа л судалж байдаг нэгэн, гэхдээ энэ орчуулгын бүтээлд агуулсан зүйлийг урьд өмнө нь уншиж байсангүй , надад үнэхээр таалагдлаа, ихэнх нь л бурхан гэж юу байдаг юм балайраад гэх агуулгатай л байдаг байсан, бурхан байж болно, гэхдээ байхдаа ийм л нөхцөл үндэстэйгээр байх боломжтой гэдгийг тайлбарласан нь үнэхээр таалагдлаа, би буруу ойлгосон ч байж болно, гэхдээ ахиад нягталж унших болно, энэ удаад уншсан чинь сэтгэл нэг л хөдөлөөд, оюун ухаан минь амталж байгаагүй шинэ жимс идсэн юм шиг сэргээд сайхан болоод, тэгээд сэтгэгдэл бичих лээ, баярлалаа, танд амжилт

  2. Anonymous says:

    оюун ухаан минь урьд өмнө амталж үзээгүй шинэ жимс ногоог амталж, сэтгэл их хөдөллөө, гайхалтай санагдлаа, таны энэ орчуулгын бүтээл монголчуудад маш хэрэгтэй байна, яагаад гэвэл тэд хоолыг зөвхөн мах гурил усаар хийж иддэг гэсэн балар эртний төсөөллөөсөө салаагүй хэвээрээ байна, махыг идэх идэхгүйн тухай дахин бодох хэрэгтэй шиг, бурханы тухайн бас дахин бодож, эргэцүүлж, филсофийн үндэстэй мэдлэгтэй болох хэрэгтэй байна. танд амжилт, баярлалаа

  3. Anonymous says:

    Найрууллагын хувьд хүн болгон уншиад ойлгоход болговол зүгээр юм уу?

    • Ганаа says:

      Тэгж ёстой болохгүй. Фейербах урт өгүүлбэр хэлбэл би урт чигээр нь, богино хэлбэл бас богино гэх мэт яг тэр чигээр нь буулгадаг ёстой. Тэгээд ч философийн туурвилууд угаасаа хүнд хэллэгтэй байдаг. Нэг уншаад ойлгоно гэж байхгүй…

  4. bi says:

    oilgomjgui oguulberuud hed 3 bn jishee ni 1r buleg ter chigeere mongol hun unshihad oilgomjgui um shig orchuulgaa mongol hunii sanaand buuhaar hiivel zugeer bn

    • Ганаа says:

      Энэ боломжгүй. Чи өөрөө философийн бүтээл уншиж сур, энэ чинь уран зохиолын ном биш…

  5. Amraa says:

    Эрхэм Ганаа тун чухал сэдэв хенджээ…!

  6. bi says:

    ug ni baga saga filosofiin buteel unshdag l baisan um suuliin ued unshihaa boliod mon unshdag uedee baga sagiig unshdag baisnaas oilgohgui um ih garch irj baih shig bn tanii ugiig huleej avlaa gantshan um guihad esvel ter mongol hunii sanaand buuhgui hesgiig door ni tailbartai adiltgaltaigaar orchuulj boloh uu

    • Ганаа says:

      Юу ч гэсэн бүхэлд нь дуусгамаар байна ш дээ…

  7. bi says:

    za medlee

  8. Adonis says:

    “Hun yutai oir bna tuuniihee sunsiig oortoo shingeedeg” gedeg Africa ug bdag biluu?…tegeheer negent baigailaasaa burhanaasaa holdchihson bolohoor…tsement shig hatuu l humuus bolj taarah ni dee…tsementnees ys surtahuun nehej boloh uu?…gehdee hunii garaar butsen zuils sunstei bj chadah uu?…mash sonirholtoi sedev bna…bayrllaa

  9. Anonymous says:

    Saihan buteel bianaaa. Gehdee bi ahin dahin unshij baij buren oilgoh yum baina. Tand bayarlalaa.

    • Ганаа says:

      Үнэнээ хэлсэнд баярлалаа. Би залуудаа олон дахин уншдаг байсан. Тэгээд ч гүйцэд ойлгож байгаагүй. Тэр үед хэлний бэрхшээл нөлөөлсөн байж болох ч гол нь надад философын ерөнхий мэдлэг их дутаж байсан юм. Надад Фейербахаас 10-аад жилийн дараа ойлгосон зүйл ч олон бий…

  10. Б.Хүрэглтогоо says:

    Хүн энэ байгаадаа бие дааж биш, мөн орь ганцаар биш, харин зөвхөн өөрөөрөө дамжин хүрсэн гэдэг нь ойлгомжтой; үүний тулд түүнд өөр зүйлийн тусламж хэрэгтэй байсан. Гэхдээ эдгээр зүйл нь бүтээлээр төсөөлж буй байгалиас хэтийдсэн амьтад биш, харин бодит, жам ёсны амьтад байсан; хүнээс дээгүүр амьтад биш, харин түүнд захирагдах амьтад байсан; үнэн хэрэг дээрээ ерөөсөө ухамсартай, дурын үйл ажиллагаанд нь (зөвхөн голдуу ийм ажлыг хүний ажил үйл гэж нэрлэдэг) хүнийг дэмжин тэтгэж буй тэр бүх зүйлс, аливаа сайн олз болон байгалийн өгөөж дээрээс илгээгддэггүй, харин доороос үүсдэг, өндрөөс унаж ирдэггүй, харин байгалийн гүнээс төрөн гардаг юм. Хүнд ингэж ингэж туслагч амьтан, хүнийг ингэж агуу-тэтгэгч нь голдуу амьд амьтад байсан юм. Зөвхөн амьтны ачаар хүн амьтны хаанчлалаас дээгүүрт гарч, зөвхөн тэдний хамгаалалт, үйлчилж тусалсны ачаар хүний соёлын суулгац бий болж чадсан юм…. Байгальд нээгддэг бурханлаг мөн чанар бол байгаль өөрөө байгаагаас өөр зүйл биш; …бурхныг хүндэтгэн шүтэх нь хүн өөрөө өөрийгөө хүндэтгэн шүтэхээс хамаарах болсон ба бурханд шүтэх нь ийм хүндэтгэл шүтлэгийн илрэл юм… хүний бурхнаас жинхнээсээ ялгаатай, антропоморфный бурхан бол оюун ухааны мөн чанараас өөр зүйл биш юм… Гоё оо гоё.

  11. Juzz says:

    Англи хэлтэй харицуулж уншивал хялбар ойлгогдхоор юм байна. Англи хэл дээр thesis нь байгаа л байхдаа. Баярлалаа таньд уйгагүй хѳдѳлмѳрлѳж олон түмэнд мэдлэг, нүдийг нь нээх үйлс хийдэгт. Таниас нэг зүйл асуух гэсэн юм. Таны нийтлэл дунд Монголд одоо байгаа засаглалын алдаа, үүнийг яаж засах эсвэл манайд тохиромжтой засаглалын системийн талаар нийтлэл байдаг болвуу гэж?

  12. уншигч says:

    Би энэ тезисыг уншаад ерөөсөө ойлгосонгүй. Гэхдээ энэ бол миний ухаан хүрээгүйгээс боллоо гэдгээ мэдэж байгаа учраас ойлготлоо дахин дахин унших болно… Гэтэл зарим хүмүүс яагаад өөрсдөө халит уншаад ойлгоогүй байж шууд л орчуулагч эсвэл бүүр зохиолчийг нь буруутгаад шүүмжлээд эхэлдэгт нь би бүүр гайхаад байдаг юм… тийм учраас эрхэм Ганхуяг та ийм хүмүүсийн хэлснийг нохой хуцсаны дайтай ч тоох хэрэггүй гэдгийг надаар хэлүүлэлттгүй мэдэж байгаа бизээ. Би өөрөө орчуулагчаар ажиллаж баысан учраас монголчуудын энэ гхэиг занг нь саын иэддэг юмаа. Таньд амжилт хүсье!

  13. Anonymous says:

    Hegel iin Phenomenology of Spirit iig unshih gej oroldoj baisan. tendees oilgoj avsantai mini tostei sanaanuud ih bna. materialistic helberiig oruulj bayajuulsan yum shig sanagdlaa. urgeljleliig huleej baiy.

    • Ганаа says:

      Чи ахиад жаахан “урагшаа” явах хэрэгтэй л дээ. Германы сонгодог гүн ухаан: Кант, Фихте, Шеллинг, Гегель, Фейербах гэсэн дэс дараалалтай байдаг. Үүний ачаар хүн төрөлхтөн “түүхэн ёсоор” сэтгэдэг болсон. Эдгээрийг К.Маркс, М.Вебер нар нэгтгэсэн. Энэ бүдүүвч одоо болтол эвдрээгүй…

  14. Progress says:

    Сайн байна уу Ганаа ахаа. Би сүүлийн үед Таны олон бүтээлүүдийг уншсанаар олон зүйлийг эргэцүүлж бодх болсон. Өмнө нь түүхий мэдээллүүдээр тархиа дүүргээ байсан байна, өөрөөр хэлбэл хогийн сав болгож байснаа ойлгосон. Та бол үнэхээр хурц бичдэг судлаач. Гадаадад мөнгө угаах Монгол загваруудыг гэдэг баримтад бүтээлийг чинь уншаад С.Баярын үнэн царайг олсон. Та залуус бидний тархинд юм хийж байгаа өнөө цагийн ШИЛДЭГ СУДЛААЧ, БАС СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ болж байгаад тань талархаж байгаа дуулгахад таатай байна аа.

  15. Progress says:

    Таны судалгааны ажилд өндөр амжилт хүсье, залуус бидэндээ сургамж болохоор олон бүтээлүүд бэлтгэж байгаад эргэлзэхгүй байна…..

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: