ХӨГЖИЛ ХИЙГЭЭД МАНАЙ ХӨГЖИЛ
2014/05/18 17 Comments
Бид сүүлийн үед улс орноо хөгжиж байгаа эсэхийг ч мэдэхээ байв. Энэ нь хүн болгонд “ойлгомжтой” хөгжил гэдгийг хэн ч мэдэхээ байсанд оршино. Өнөөдөр ч мэдэхээ байсан юм биш, сүүлийн 20 гаруй жил мэдэхээ байсан юм. Үүнийг Б.Даш-Ёндон багшаас өөр ярьж байгаа хүн бараг алга. Ойлгохгүй юмаа үл тоодог монгол заншлаар тэнэгтээд яваад байвал болох мэт сэтгэвэл үндэсний мөхөл ойрхон буй за. Иймээс хөгжлийн талаарх онолын социологийн үндсэн ойлголтуудыг ихэд хялбарчлан манай жишээн дээр харуулахаар шийдэв. Ингэхгүй бол юм болгоныг хөгжил гэсээр байгаад харанхуй мунхагийн туйл болж гүйцлээ ш дээ…
Өөрчлөлт ба хөгжил
Алив юм цаг хугацааны явцад өөрчлөгдөнө. Энэ ч ойлгомжтой. Үүнийг нийгэмд авчраад нийгмийн нэр томъёогоор илэрхийлбэл дараах байдалтай болно: Дурын нийгмийн объект, материаллаг болон оюун санааны бүтцийн өөрчлөлтийн үйл явцыг хөгжил гэнэ. Энд бүтцийн өөрчлөлт гэж байгаа болохоос “том жижиг” болох тухай огт яриагүйг анзаарна биз. Энэ нь нийгмийн хувьд хөгжил болох бөгөөд өөрчлөлттэй дүйцэнэ. Үүнийг өргөн утга гэнэ.
Нийгмийн ухаанд голдуу ойлголтын өргөн явцуу утгыг хамтад нь хэрэглэдэг. Манай тохиолдолд биднээс бүр өмнө хар аяндаа өөрчлөгдөж байсан нийгмийн хөгжлийг тэмдэглэх гэж өргөн утгыг хэрэглэж байгаа юм. Жишээлбэл, хүй нэгдлийн нийтлэгт “хөгжсөн” гэхээсээ “өөрчлөгдсөн” гэх агуулга илүү тохирох учраас тэр юм.
Харин бидний үе бол өөр. Энд нийгэм, төр, компани, хувь хүн гэх мэт нийгмийн тухайлсан объектын зүгээр нэг өөрчлөлт биш, харин өөрчлөлтийн хүчин зүйлийг (факт) тооцож, энэхүү өөрчлөлтийн чиглэлийг гаргах ёстой. Тухайлбал, объект нарийн нийлмэл болсон, сайжирсан, төгөлдөржсөн, эсвэл хялбаршсан, муудсан, сүйрсэн зэргийг тооцож харуулах ёстой. Энэ нь явцуу утга болно. Ойлголтын системийн хувьд л явцуу гэж нэрлэж байгаа болохоос хамгийн өргөн дэлгэр, маш нарийн ойлголт юм.
Манайхны их эндүүрдэг нэг зүйл бол байгалийн хөгжлийг нийгмийн хөгжилтэй хольдог. Жишээлбэл, нийгмийг хүнтэй, модтой зүйрлэдэг гэх мэт. Ойр зуурын юманд зүйрлэж болох л байх. Харин системийн түвшинд бол яагаад ч болохгүй. Яагаад гэвэл хүний нийгэм болон нийгмийн ямар ч системд хүн гэсэн оюун ухаант идэвхитэй бөгөөд үйлч амьтан байнга оролцож нөлөөлж байдагт оршино. Өөрөөр хэлбэл нийгмийн системд нийгмийн хүчин зүйл голлон нөлөөлнө. Энэ нь нийгмийн системд байгаль, техникийн системийн үзүүлэх асар их нөлөөллийг үгүйсгэж байгаа хэрэг огт биш юм.
Нийгэм өөрөө нарийн нийлмэл систем учраас нийгмийн амьдралын янз бүрийн хүрээнд хөгжлийн үйл явц өөр өөрийн онцлогтой байдаг. Иймээс эдийн засгийн, улс төрийн, шинжлэх ухааны, техникийн, соёлын, нийгмийн гэх мэтээр хөгжлийг салбар хүрээгээр нь ялган авч үздэг. Энэ бүхнийг нийлүүлбэл сая нийгмийн хөгжил гэж ярьж болно. Яагаад гэвэл энэ бүхэн нийлж баймаажин нийгмийг бүхэлд нь интеграл байдлаар хөгжиж байгаа эсэхийг харуулдаг.
Манайтай адил ганцхан эдийн засгийн, ганцхан материаллаг, ганцхан мөнгөний үзүүлэлт хараад хөгжил гэж хэн ч хэлдэггүй. Шинжлэх ухааны энэхүү интеграл үзүүлэлтээр манай хөгжил ямархүү байгааг нэг эрэгцүүлээд үзэхгүй юу…
Хөгжил объектоороо, хэв маягаараа, эх сурвалжаараа, механизмаараа ялгаатай байж нийгэмд олон янзаар явагдана. Мөн хэрэгжих хугацааны хэрчмээр нь богино хугацааны, урт хугацааны, хувьслын, хувьсгалт, цикл гэж ялган үзэж болдог. Эндээс хамгийн их сонирхол татдаг нь нийгэм-түүхийн хөгжил гэсэн интеграл ойлголт юм. Одоо завсрын дүгнэлт хийе. Бид өөрчлөлт-хөгжил-нийгмийн хөгжил-нийгэм-түүхийн хөгжил гэсэн ойлголтууд руу дэс дараалан хүрч байна.
Нийгэм-түүхийн хөгжил бол хангалттай урт түүхэн үед болдог нарийн нийлмэл, олон талт үйл явц бөгөөд эдийн засгийн, улс төр-эрх зүйн, оюун санаа-ёс суртахууны, сэтгэлгээ оюуны (интеллектуал) зэрэг олон бүрдэл хэсэгтэй интеграл ойлголт юм.
Онолын социологид нийгэм-түүхийн хөгжлийг авч үзэхдээ мэдээж заавал аль нэгэн объектыг сонгож авдаг. Тухайлбал, хувь хүн, тодорхой нийгэм (монголын нийгэм), аль нэгэн хот (Улаанбаатар), үндэстэн (монгол үндэстэн), нийгмийн институт, байгууллагууд байж болно. Хэрэв хүсвэл аль нэг улс орон, бүс нутаг, тэр ч байтугай нийт хүн төрөлхтөн байж ч болно.
Онолын хөгжил
Эрт үед хөгжлийг нэг их анзаарч байгаагүй юм шиг байгаа юм. Зүгээр л урсаж байдаг мэтээр төсөөлж байж. Гэтэл Европт XYII-XYIII зуунд болсон хөрөнгөтний хувьсгалууд хийгээд XYII-XIX зуунд болсон аж үйлдвэрийн аварга том хувьсгалт эргэлтүүдээр үүдсэн өөрчлөлт шинэчлэлийн шинж чанар, хандлагыг үнэлж цэгнэх шаардлага гарсан байна.
Эндээс социологийн эволюционизм гэж нэрлэгдэх болсон нийгмийн хөгжлийн сонгодог онол үүсчээ. Бүх ертөнцөд хэвшмэл байдаг түгээмэл хувьслын үйл явц нийгмийн хөгжилд үргэлжлэн явагдана гэж тухайн үеийн агуу сэтгэгч Ж.Кондерсе, О.Конт, Г.Спенсер, Л.Морган, Э.Дюркхейм, Ф.Тённис нар үзэж байлаа. Эдгээр сэтгэгчид цаг хугацааны хувьд их өөр үед амьдарч байсан юм, тэднийг онолоор нь нэг дор цугт нь оруулж байгааг ойлгоно буй за.
Хамгийн эрс хувилбараараа энэхүү хувьслын үзэл буюу эволюционизм нийгмийн хувьсал бол шугаман, нэг чиглэлт шинж чанар бүхий нийгмийн өөрчлөлтүүдийн гинжин хэлхээ бөгөөд гарцаагүй дэвшилд хүргэнэ, хөгжлийн энэ зарчим түгээмэл (универсал) бөгөөд нийгмийн хувьслын чиглэлийг урьдчилан таамаглаж болно гэж төсөөлдөг. Иймээс хүн төрөлхтний болон тодорхой нийгмийн энэхүү зүй тогтолт хөгжил илүү төгс төлөв байдлын замаар урагшилна гэж үзэж байлаа. Энэ ч нэг их буруу дүгнэлт биш юм.
Дараа нь бидний хамгийн их хараадаг боловч хамгийн их нөлөө бүхий марксист онол-арга зүй гарч XIX зууны сүүлийн хагас ХХ зууны эхний хагаст хамгийн их хөгжсөн юм. Марксист онолын сүр хүч одоо ч хэвээрээ байгааг би онцлон тэмдэглэж байна. Сүр хүч гэдэг нь түүний хэзээ ч гандан буурахгүй системийн арга зүйдээ байдаг юм.
Үүнтэй бараг нэгэн зэрэг иргэншлийн онол үүсэн бий болов. Эндээс онолын социологийн асар олон салбар хөгжсөн юм. Тухайлбал, эдийн засгийн социологи, нийгмийн нийгэм-ангийн бүтцийн онол, зөрчлийн онол, үйл ажиллагааны онол, түүхэн социологи, хувь хүний социологи, танин мэдэхүйн социологи зэргийг дурдаж болно. Гэхдээ энэ бүх салбар шинжлэх ухаан бүгдээрээ Марксаас буюу түүхэн материализмаас үүсэн гарсан байдаг.
Гэтэл өнөөгийн монгол сэхээтэн нэрт хуурамбууд дээр дурдсан шинжлэх ухааны нэрийг духандаа наачихаад Марксыг харааж, нулимж байгаа нь тэд хэр зэрэг мунхагжсаныг тод харуулдаг.
Хөгжлийн асуудлыг Марксынхаас өөрөөр үзэх гэсэн нөгөө чиглэлийг нийгэм-соёлын хандлага гэнэ. Энэ чиглэлээр асар олон туурвил байгаа. Энэ чиглэлийг олон хүн Маркстай “хэрэлдээд” салаад явчихсан мэт төсөөлдөг нь маш буруу юм. Тэд өөрийн үзлийг голдуу марксизмтай “нийлүүлэх” гэж судалсан байдаг. Иймээс тэдний сургааль нэг зоосны хоёр тал шиг зохирон хөгжсөн юм.
Н.Я.Данилевский нийгэм-түүхийн хэв маягийг томъёолоход, В.Парето элитийн солигдлын (циркуляци) онолд, П.А.Сорокин нийгэм-соёлын динамикийг гаргахад, Шпенглер, Тойнби нар иргэншлийн онолыг бүтээхэд нийгэм-соёлын хандлагыг хэрэглэсэн юм.
Харин цикл хөгжлийн онол харьцангуй бие дааж, тусгайдуу хөгжиж байсан. Эдгээрийн дотроос хамгийн алдартай нь Н.Кондратьевийн эдийн засгийн том цикл буюу урт долгионы онол юм. Одоо ч гэсэн энэ суурь тооцооллыг ашиглах нь элбэг тохиолдоно. Дээр дурдсан хүмүүс бүгдээрээ суутнууд, харин ард нь товч бичсэн томъёоллууд тэднийг яруу алдарт хүргэсэн бие даасан онолууд гэдгийг анхаараасай гэж хүсч байна.
Ингээд байж байтал ХХ зууны сүүлийн хагаст нийгэм-түүхийн хөгжлийн асуудал нэг талаас судалгааны өргөн сэдэв, нөгөө талаас хүчтэй маргааны сэдэв болон хувирав. Энд хоёр системийн өрсөлдөөн ч нэлээд их нөлөөлсөн юм. Ингээд энэ үед болсон гол гол үйл явдлыг авч үзье.
Нэгдүгээрт. Хувьслын шинэчлэгдсэн үзэл баримтлал неоэволюционизм бий болж, түүнийг төлөөлсөн Л.Уайт, Ж.Стюард, Г.болон Ж.Ленски, Т.Парсонс нар түрэн гарч ирэв. Дюркхейм, Вебер нарын үзэл санааны суурь дээр Парсонсын бий болгосон неоэволюционизм хувьслын үндсэн механизмыг дараах байдлаар дүрсэлсэн: бүтцийн болон функцийн ялгарал (дифференциаци); дасан зохицох (адаптаци) чадвар өсөх буюу шинэ нэгж тус бүрийн үр ашиг нэмэгдэх; шинэ нэгж илүү өргөн системд ойртон нягтрах (интеграци), үнэлэмжийн халагдалд (генерацид) орох, өөрөөр хэлбэл үйл ажиллагааны шинэ нийтлэг норматив стандарт тогтох зэрэг болно. Энэ бол социал системийн хөгжлийг цоо шинээр авч үзсэн хэрэг юм.
Хоёрдугаарт. Нийгэм-түүхийн хөгжлийн нэг чиглэлт төсөөлөл эрс шүүмжлэлд өртөх болов. Үүнийг К.Поппер, Р.Нисбет, И.Валлерштейн нар манлайлав. Дашрамд дурдахад манайхан К.Попперийг “Нээлттэй нийгэм, түүний дайснууд” бүтээлээр нь сургаар мэддэг. Тэгээд энэ зохиолоо бараг л монголын ардчилалд зориулж бичсэн мэт төсөөлдөг. Гүн ухааны “шүүмжлэлт рационализмын” үндсийн тавигч Карл Поппер эл зохиолоо 1945 онд бичсэн юм. Монгол “сэхээтнүүд” юмыг дандаа сураг ажгаар “шаадаг” адгийн зангаа татах хэрэгтэй ш дээ. Яг үнэнийг хэлэхэд Баабар болон монголын бусад “либералууд” түүнийг байн байн иш татдаг боловч ерөөсөө уншаагүй ба уншсан ч ойлгохгүй гэдгийг би баттай хэлж чадна. Хэрэв уншсан бол тэд хэзээ ч ийм хөгийн үйлдэл хийхгүй…
Гуравдугаарт. Шинжлэх ухаан техникийн болон мэдээлэл-технологийн хувьсгалууд хөгжлийн онолд асар их нөлөө үзүүлсэн нь мэдээж хэрэг.
Дөрөвдүгээрт. Ерөөсөө хүн төрөлхтний асар их дэвшил хөгжлийн асуудлыг дахин ул суурьтай эрэгцүүлэхийг шаардаж байна. Энд хүн амын хэт өсөлт, хотжилт, экологийн болон хүнс тэжээлийн гээд даяар олон асуудал тулгараад байгааг надаар хэлүүлэх юун.
Харин хэн ч ярихгүй шахам олон мянган жил болсон нүүдлийн иргэншлийн асуудал сүүлийн үед онол, практикийн хувьд ихээхэн сонирхол татах болсныг би зориуд онцлон тэмдэглэж байна. Энэ нь монгол гэж цээжээ дэлдэн, түүхээр онгирч, хэнгэрэг цан болох тухай биш юм. Зөвхөн язгуур үндэс, эх үндэстэн, өвөг түүх, эх иргэншлийн тухай шинжлэх ухааны эрэл хайгуул, арга зүйн түвшний яриа л байж болно. Үүнээс бусад нь бүгдээрээ заль мэх, хууран мэхлэлт болно.
Дээр хөгжлийн “бүх онолуудыг” авч үзсэн. Хэн ч бүх онолыг мэдэхгүй. Иймээс буцаагаад нэгтгэх хэрэгтэй. Ялангуяа манай монголчууд шиг залхуу улсуудад бол энэ нь тун таатай байдаг.
Маш бүдүүн тоймоор хөгжлийн тухай “дэлхийн бүх онолуудыг” нийгэм-эдийн засгийн онол (нийгэм-эдийн засгийн формацийн онол, нийгмийн зөрчлийн онол), үйлдвэрлэл-технологийн онол (постиндустриал нийгмийн онол г.м.), нийгэм-соёлын онол (иргэншлийн онол), мэдээлэл-технологийн онол (“гурав дахь долгионы” онол, мэдээллийн нийгмийн онол), бүтэц-функциональ онол гэсэн үндсэн том бүлгүүдэд хуваан үзэж болно. Үүнээс гадуур “өөр онол” байхгүй гэсэн үг. Одоо залхуу мөртлөө мэдэмхийрэх дуртай улсууд цэцэрхэж болно ш дээ. Ямар ч алдаа гарахгүй…
Өмнө нь би “Нийгэм-түүхийн онолууд” 6 цуврал өгүүлэл бичиж онол тус бүрийг товч тодорхойлсныг ganaa.mn блогоос дахин үзнэ биз. Тэнд нийгэм-түүхийн онолуудыг, энд хөгжлийн онолуудыг ярьсан. Иймээс бага зэргийн зөрөө гарна. Гэхдээ л алд дэлэм зөрөхгүй. Түрүүчийн бичсэнээс чинь зөрж байна гэх “мэргэн цэцэн” удахгүй гараад ирэх учраас тэгж байна. Монголыгоо мэдэхгүй бол монгол судлаач гэж байсны хэрэг юу билээ.
Сониноос нэг удаа бааранд нэг нөхөр миний “Нийгэм-түүхийн онолууд”-аар надад “лекц” уншаад: “Чи муу юм сайн уншиж бай” гэсэн ш дээ. Би ч яахав, “за” л гэсэн. Залуус Та нар мэдлэгийг ингэж ашиглавал надад үнэн харамсалтай л байна. Өөрийгөө хөгжүүлж бай л даа, залуус аа…
Ингэж явсаар хөгжлийг үнэлж дүгнэх нэн тодорхой систем дэлхийн дахинаа аль дивангалавт бий болчихсон юм. Одоо олон долоон юм донгосоод мэдэмхийрээд байлгүй энэ системээр л хэмжиж таарна. Хөгжиж байгаа эсэхийг будлиу тэнэг, мунхаг харанхуй нь дэндэж, өөрийгөө ч мэдэхээ байсан зөнөг эмгэн шиг УИХ, Засгийн Газар хэлж өгдөг юм биш…
Хөгжиж байгаа юу…
Монголд нийгэм-түүхийн хөгжил буюу хөгжлийн интеграл асуудал ярьдаг, сонирхдог хүнгүй болов. Энэ бол ихээхэн аюул юм. Ярьдаг ганц юм нь хөгжлийн эдийн засгийн буюу материаллаг тал болов. Чингэхдээ эдийн засгаа яг суурь утгаар нь үзэж байгаа юу гэвэл огт тийм биш. Эдийн засгийг буюу материаллаг үйлдвэрлэлийг суурь гэж үздэг марксист парадигм буюу политэкономийг Монголд аль хэдийн булшилсан. Экономикс гэсэн марзан юмыг шүтэж, бусдыг нь нулимдаг болов. Дээрээс нь мэдэхгүй байж либерализм гэж солиорох болов. Мэдэж байж яривал ч бас өөр хэрэг. Мэдэхгүй байж либерал зарчмуудыг хувьсгалт уриа лоозон болгосон тэнэг лаларууд монголоор дүүрэв. Уриа лоозон, догм болоод ирэхээрээ ямар ч онол сөнөдөг гэдгийг бид түүхээсээ дэндүү сайн мэднэ дээ…
Тэгээд эдийн засгийг мөнгө олох гэсэн хамгийн утгагүй, арчаагүй талаас нь үзэх болов. Ярьдаг хэлдэг нь орчин үеийнх байж болох ч сэтгэлгээ, үйлдлийн хувьд XY-ХYII зуун руу яваад орчихов. Ингээд эдийн засгийн вульгаризм, таваарын фетишизм, авантюризм гэгч өвчнүүд зэрэг тусч, бүх нийтээрээ “таваарын шунал” архаг өвчтэй болов. Монголчууд идэхээс өөр мэдэх, чадах юмгүй, гэдэс нь цүндийсэн, хий хавагнасан, тархи толгой, бүх бие нь сулбайсан хачин залхуу үлбэгэр амьтад болов. Ганцхан материаллаг зүйлсийг хөгжил гэж ойлгосны гай энэ юм. Хамгийн их доройтсон нь оюун сэтгэлгээний хүрээ болов.
Ингэхлээр эдийн засаг хөгжих ямар ч үндэслэл байхгүй юм. Бүгдээрээ “Маргаашийн өөхнөөс, өнөөдрийн уушиг дээр” гэж цэцэрхэх боловч “өнөөдрийн уушгаа” ч идэж чадах хүн улам бүр ховордож байна.
Үүний улмаас Монголын Улсад сүүлийн 20 гаруй жилд эдийн засгийн бүх сууриа устгав. Түүнийг социализмын материал-техникийн бааз гэж нэрлэж байсан ч монголын эдийн засгийн суурь цогцолбор байсан юм. Дайн болсон ч эдийн засгийг ингэж устгаж чадахгүй. Тэгээд оронд нь эдийн засгийн ямар ч суурь байгуулаагүй. Бүр ямар ч байхгүй шүү дээ. Улмаар Монголын бүх Ерөнхий сайд нар эсвэл таавчик барьсан мангуу, эсвэл газар ухсан усан тэнэгүүд болов.
Яг эдийн засгийн хөгжлийн утгаар бол газар ухаж алт олох гэж зүдэрч байгаа хөдөөний нинжа, ашигт малтмалын хэдэн ордоо зарж мөнгө олох гэж ядаж байгаа Монголын Ерөнхий сайд нар бол мөн чанарын ямар ч ялгаагүй бөгөөд бүгдээрээ эдийн засгийн ямар ч мэдлэггүй, үйлдлээ хариуцах чадваргүй юм.
Түүнчлэн УИХ, Засгийн Газрыг бүрдүүлж буй АН, МАН-ын удирдлагад эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн тухай анхан шатны мэдлэгтэн нэг ч байхгүй нь нэн тодорхой.
Мөнгө бол өөрөө эдийн засаг биш юм. Эдийн засаг бол бодит үйлдвэрлэл, үйлчилгээ юм. Хялбарчлан өгүүлбэл манай үйлдвэрлэл, үйлчилгээ хийгээд материаллаг болон оюуны бодит баялагтай тэнцэх дүйцэх мөнгийг мөнгө гэж хэлж болохоос түүнээс илүү гарсан нь мөнгө биш, цаас юм. Түүнчлэн газрын дор “зүгээр” хэвтэж байгаа ашигт малтмал бол баялаг биш, мөнгө бол бүр ч биш юм. Харин газар дорх баялгийг бодит үйлдвэрлэл, үйлчилгээ болгож үр ашгийг нь ард нийтээр хүртсэн тохиолдолд сая эдийн засгийн утгаар баялаг гэж нэрлэж болно. Зөвхөн энэ үед л манай мөнгө, бидний мөнгө гэж хэлж болно.
Үүнээс өөрөөр бол цаасан дээр бодсон мөнгөний хоосон тоо юм. “Уул уурхай баялаг бүтээдэггүй” гэсэн хамгийн энгийн аксиомыг УИХ-ын гишүүн Г.Уянга манайд анх удаа хэлсэн. Зөв ш дээ. Үүнийг хэллээ гэж бараг бүх үндэстнээрээ түүнийг харааж зүхэв. Орчин үеийн эдийн засгийн халдашгүй аксиомыг эсэргүүцэн дайрдаг цорын ганц үндэстэн монголчууд гэдэг нь илт харагдав. Ийм тэнэг болохоор нь монголын мангуу эрх баригчид хүртэл өөрсдийнхөө хэвлэсэн цаасан мөнгийг эдийн засаг гэчихээд баахан тоо хэлж, хөгжсөн хөгжөөгүй гэж маргалдан тэнэг ард түмнээ маллах нь аргагүй ш дээ. Эндээс харахад манайд ганц ч эдийн засагч байхгүй бөгөөд байсан ч бүгдээрээ шахам гадаадын нөлөөлөлд орсон гэдэг дүгнэлтийг бүрэн итгэлтэй хийж болно. Гадаадад бол мөнгө зээлж өрөнд орох, дотоод бол мөнгө хүүлэхээс өөрийг сэтгэхгүй “юмнуудыг” бид яахаараа эдийн засагч гэж өргөмжлөх ёстой юм ?! Мөнгө ярьж тоолсон хүнийг биш, харин хөгжил ярьж үндэсний баялаг бүтээдэг хүнийг эдийн засагч гэдэг. Уг нь энд чинь толгой эргээд байх юу ч байхгүй л дээ…
Эдүгээ манай эдийн засаг сүйрсэн. Сүйрсэн ч гэж дээ, МАН, АН хоёр, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж нар анх үүсгэн байгуулж, хожим салбарласан нэр бүхий хэдхэн хүнтэй бүлэг сүйрүүлсэн. Хамгийн их ардчилал, эрх чөлөө, зах зээлийн “онол” ярьсан тэр хүмүүс сүйрүүлсэн.
Монголд баялгийн хуваарилалтын үйл явц ид болж байгаа ба үүнийг дэлхий нийтэд тогтсон эдийн засгийн хэллэгээр “капиталын анхдагч хуримтлал”, “неоколоничлол” гэдэг, энэ үйл явц болж буй нийгмийг “зэрлэг капитализм” гэдэг. Зэрлэг капитализмын шулан мөлжих үйл ажиллагааг банк санхүүгийн болон аж үйлдвэрийн хөрөнгөтнүүд толгойлдог, чингэхдээ гадаадын хөрөнгөтнүүдтэй нийлж иддэг, ийм хөрөнгөтөнд эх орон гэж байдаггүй. Энийг бол политэкономийн суурь ойлголт гэдэг юм.
Энэхүү туйлын үнэнийг ардчилал, зах зээлийн ямар ч онолоор үгүйсгэх боломжгүй. Үүнийг яахав, итгэл үнэмшил, үзэл санааны зөрчил мэтгэлцээн гэж үзэж болох байх. Харин улайм цайм хулгай дээрмийг ардчилал, зах зээлийн “онолоор” халхлах, хаацайлах бол үнэн утгагүй тэнэг оролдлого мөн.
Одоо цагт олон зүйл өөрчлөгдөж, нийгэм өөр болж, эдийн засгийн онол ч, практик ч ихээхэн хөгжсөн нь мэдээж хэрэг. Гэтэл түүнээс бид бараагүй хол хоцорчихоод “жин тээж, гурил будаахан олох” юм яриад тэнэгтээд сууж байна. Ийм учраас л яг одоо Монголын хөгжлийн асуудлыг уг сууриар нь, цогцоор нь авч үзэж, шийдвэрлэх цаг болсон гэж би хэлээд байгаа юм.
Миний дээр өгүүлснийг яаж уншсан, яаж ойлгосноосоо үл хамааран хэрэв монгол л хүн юм бол надаас: “Чи муу худлаа “онолдоод” байлгүй Монгол Улс хөгжиж байна уу, үгүй юу гэдгийг хэлчих л дээ”, “Тэгээд бид яах ёстойм ?” гэж агсран асуух нь гарцаагүй. Тэгвэл би олон жил уйгагүй хэлж байсан дүгнэлтээ давтаад хэлье:
1. Монгол Улс, монгол үндэстэн түүх, үзэл санаа, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, оюун санааны бүхий л утгаар хөгжөөгүйгээр үл барам сүйрэлт хаосын байдалд байна.
2. Цаг хугацааны урт хэрчимд авч үзвэл манай эдийн засагт шугаман өсөлт нэг хэсэг явагдсанаа эдийн засгийн суурь систем байхгүйн улмаас цааш хөгжих ямар ч боломжгүй болсон.
3. Энэ арчаагүй, мухардмал байдлаас гарах гарц хийгээд боломж монголчууд бидэнд байгаа ба энэ нь системийн суурь өөрчлөлт хийж үндэсний систем байгуулах явдал мөн.
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 05 дугаар сарын 18.
Mongold buh zuil oilgomjtoi yum shig atlaa todorhoi zuil neg ch alga Iimees bugd paniknd orchihson
Бүгд биш, Та нар шиг нет хэсэж явдаг усан тэнэг малууд л мухардал хийгээд “пааникт” орсон.
Анх удаа орж таны болгд таалагдлаа, Үхжирсэн тархийг минь сэргээж өгсөнд баярлалаа.
“Хуучин хүү” шиг л хөмөрсөн тогоо дотроо амьдраад, хажуу айлаасаа илүү машинтай, том байшинтай бол амьдрал сайхан, өмнөх хэдэн жилээсээ их цалин авч байгаагаа сайхан гэж бодсон хүмүүс (шинээр төрд алба хашдаг болсон хүмүүс) олон байх юм. Тэд үүнийгээ улс орны хөгжил гэж андуураад ард олноо огт тоохгүй байна.
Шуудхан хэлэхэд дарга анги их мөнгө (их авилга ) хийхийн тулд ард олонд өнөөдөр ч бас маргааш ч хэрэггүй том хөрөнгө оруулалт бүхий төслүүд, тендерүүд хэрэгжүүлэх юм. Түүндээ зориулан гое үлгэр яриад л их хэмжээний өр тавина.
Тэгж байхаар бага багаар, жижиг жижгээр өр тавилгүйгээр хийвэл хэдэн монгол хүн тасралтгүй удаан ажилтай байлгавал, улс ч зээлийн хүүгийн өр төлөхгүй байвал сайхан сан даа.
Баялаг бол хэрэглээнд орсон үедээ л баялаг болно. 21-р зуунд “тархиа” зарж амьдрах болохоос газраа ухаж амьдрахгүй манай мангарууд эцсийн бүтээгдэхүүн гаргана гээд экологио бүр их сүйтгэх юм л яриад суух
sain bnuu . uuchlaarai bi tanaas tes umnuu yum asuuh gesen yumaa. bi huudee bair avhaar heden tugrug tsugluulsan yumaa. huu maani odoo huntei suuj bgaa. getel bairnii une usuud alga bolchij. odoo hymral bolj bn gene .unah bolvuu geed goridood bj bn. ta bairnii uniin talaar prognoz bidhij uguuch . huleehuu ..avhuu… bayarlalaa.
“Tes umnuu” um asuuh hereggui ee. Odo bur lam boloh n. Huu chini uuruu munguu tsugluuldaggui um a gehed, yadaj brni uniin sudalga hiih heregtei shd.
Эмэгтэйллэг энэ цаг орон зай хамаг бүхнийг минь сорж, хамаг олныг минь туйлдааж бна дө 😦
за Ганаа ах энэ өгүүллэгүүдээ хэвлүүлээд PR хийгээд тараах уу? Эсвэл нүхэндээ нуугдсан хэтэрхий мэргэн жараахайгаараа байх юм уу? Сайхан гэртээ хэвтэж байгаад олон юм яриад байж байхад уг нь ч амар л дөө
Чи гэртээ “хэвтээд” над шиг ажиллаад үз. Амархан санагдаад байвал чи өөрөө бич л дээ. Гэхдээ чи чадахгүй, хоншоор чинь дутна…
Үндэсний систем гэж юуг хэлж байгаа юм бол? Одоогийн системийг сууриар нь өөрчлөх хэрэгтэй гэсэн байна, хамгийн багадаа хэр их цаг хугацаа шаардагдах вэ?
Та энд Карл Попперыг дурьджээ. Түүний таны энд хэлсэн номын хоёрдугаар ботыг хоёрдугаар курстээ байхдаа ихэд шимтэж уншиж билээ. Тухайн үедээ номын хуудсуудыг ойлгоод уншаад байсан уу, яасан бүү мэд юу ч гэсэн уншиж дуусгаад л, гүнзгий сэтгэгдэлтэй үлдэж билээ. Ялангуяа тэр “шүүмжлэлтэй хандах” нь ихэд таалагдаж билээ. Таалагдаад зогсохгүй, бүр буруу өвчлөөд бүх л юм … би бичилтгүй та мэдэж байгаа даа. Энэ талаар залуугийн өвчнүүдээр анхааруулсан хүн.
Саяхан нэг унших санаалаад, Гегелээс цаашилж чадалгүй хаагаад тавьчихсан. Гегелийг орчин үеийн тотал-ийн эцэг энэ тэр гээд, түүний бичсэнийг ишилж байгаад ял зүүж байгаа нь заримдаа жаахан дэгэсдүүлэн гүтгээд байна уу даа гэмээр мэдрэмж, ойлголт буугаад байсан шүү.
Тухайн үедээ түүнийг уншиж дуусаад шүүмжлэлтэй байхыг нь уухайн тас хүлээн зөвшөөрөвч, тэрүүхэндээ Гера, Плато, Арис, Гег, Маркс нарыг хуу шүүмжлээд унахаар нь эвлэрэхгүй байв аа. Тэгсэн чинь номон дотор нь нэг ийм үг явж байна. “Шүүмжлэлд өртөхийн хирээр үнэнжиж, өртөхгүйн хирээр худалжина.” гэж. Тэгэхээр нь Гера, Плато, Арис, Гег, Маркс нарыг шүүмжилж байгаа нь тэднийг энэ шүүлтүүрээр оруулж, агуу гэдгийг нь хүлээн зөвшөөрч байгаа юм байна даа гэж бодох болов оо. Энэ магадгүй миний мунхаглал байж мэднэ. мэдэхгүй юмаа хамаагүй загнаж байж.
Дээрээс нь Ганаа ахаа, “Историцизм”-д яаж хандахаа би ер мэдэггүй юм. Миний ойлгосноор К.По үүнийг шүүмжилсэн. Яагаад, бүдүүн үгээр хэлэхэд “Урьд нь тийм байсан учраас, одоо ийм байгаа юм, аль эсвэл байх ёстой” гэдэг нь историцизмын санаа болохоор шүүмжлэлийн бай болсон уу. Зүгээр л энгийн жишээ, “Бид нарыг бага багад…тэгдэг, ингэдэг байсан. Одоо ч дээ…” гэх нэг хандлага байж л байдаг. Энэ дээр историцизм яаж тайлбар өгөх вэ? Өөр нэг жишээ, “Хүний эрхийг илт бүдүүлгээр зөрчих явдалыг хүлээн зөвшөөрдөггүй болсон” гэвэл үүнд ямар тайлбар өгөх вэ?
Хааяа танаар загнуулах хэрэгтэй байдаг.
“Философчид ерцөнцийг янз бүрээр тайлбарладаг, гэвч гол асуудал түүнийг өөрчлөхөд байдаг” гэж К.Маркс хэлсэн байдаг. (Фейербахын тухай сэдвүүд). Чи тайлбарлах, чингэхдээ бүр зөвхөн тайлбарлах аргын тухай ярьж байна. Ийм ч учраас чи миний ярьж байгаа “ертөнцийг өөрчлөх” сэдвийг огт уншихгүй, надаас зөвхөн “тайлбарлах аргыг” шаардаж байна. Энэ бол огт буруу. Яагаад гэвэл танин мэдэх үйл явц, арга хоёрыг салгаж болдоггүй. Танин мэдэхгүй юм бол танин мэдэх тухай мянган арга мэдээд яахийм. Цаашид ингэвэл чи бид хоёрын зам нийлэхгүй…
Ойлголоо …
Баярлалаа Ганаа ах.
ta uuniig mash olon dahin bichij bn da undesnii ooriin gesen ediin zasagtai boloh ni hamgiin ehnii asuudal geed bn tiimuu mongolchuud bugdere demjih ni lav gehdee l taavchig hiij gar utas avtobus ugsarch bish uma benzin shatahuunaasaa ehelj battulgiin yariad bui negent bga tuuhii edeere heden gol um hiij mongotei bolj ulmaar oor busdiigaa daguulj aajmaar hogjey gej bn gej bi huvidaa oilgoson tegeed demjij bga
taniar baharhaj bna . Amjilt
Tanii ene bichsen bol mash zuv zuitei bogood zaluu humuus bid nar iim tuvshnii medleg ezemshij amidrald heregjuuleh shaardlagatai bna. Tanii ene medleg gantshan taniar l harin buu duusaasai olon olon zaluus ene buhniig oilgoj negdeesei bilee
Манай хөгжил гэж ёстой манарсан зүйл болоод байгаатай хэн ч маргахгүй та маш сайхан бичсэн байна. Хөгжил бол байшин барих зам тавих асуудал ёрдөө ч биш