ӨНӨӨДӨР Ч ГАРГАМААР ТОГТООЛ
2014/05/15 10 Comments
Өнөөдөр УИХ төсвийн тодотгол, эдийн засгийн шинэчлэл хэлэлцэж байгааг харахад манайд санхүүгийн сахилга бат гэж үнэндээ алга. “Улсын мөнгө санхүү шамшигдуулагчид” улсын эдийн засаг, улсын төсөв ярихаар юу болохов ?! Тэгээд түүхээ бодов. 1929 он буюу одоогоос 85 жилийн өмнө МАН-ын YII Их Хурлаар сонгогдсон Төв Хорооны II Бүгд Хурал нэгэн хувьсгалт тогтоол гаргасан юм. Тогтоол их урт бөгөөд сүртэй. Энэ тогтоолын “Хүнд сурталтан ба мөнгөн санхүүг шамшигдуулагчид нар лугаа хэрхэн эсэргүүцэх тухай” хэсгийг энд сийрүүлэн толилуулж байна. Яагаад дахин сийрүүлээд байна гэвэл манай ажлаа хийж чадахгүй УИХ энэ тогтоолыг яг одоо хуулж гаргаад хэрэгжүүлчихвэл манай ажил үйлс ямар ч эргэлзээгүй урагшлана гэдэгт итгэхгүй байхын аргагүй. Өнөөдөр ч гаргаж болмоор тогтоол гэж Та ч гэсэн дүгнэнэ гэдэгт би огт эргэлзэхгүй байна…
Нэг…Үүнээс урагш эрхэлбэл зохих ажил хэргийг бусдад түлхэн, асуух лавлах хэмээн өдөр цагийг дэмий нөхцөөж лаглайн суух муу гэмийг устгавал зохих ба мөн байдал хийгээд олон нийтийн мөнгө санхүүг шамшигдуулагчид нар лугаа хууль хэргийн ёсоор ба нийтийн хүчээр өөр арга сэдвүүдийг хэрэглэн (!!!), тэдний хор хөнөөл юу болох зэрэг явдлыг нийт гишүүн ба гишүүн бус олон ард түмэнд сайтар танилцуулан, хатуугаар эсэргүүцэж чангалан шийтгүүлбэл зохино.
Хоёр. Нийт олны эвлэгдсэн газар ба олон албан газруудын санхүүгийн зүйлээс бусдад тал тохой татаж, зээлдэн өгч үрэгдүүлэх буюу хөрөнгийг арвижуулах баяжуулах хийгээд худалдаа наймаа хийж, бусдыг мөлжин ашгийг олох явдалд сэм туслан зээлдэх нь үзэгдэн илэрсээр буй. Үүнд үүнээс хойш энэ мэтэд дахин хүргүүлэхгүйг туйлын хичээж оролдох ба хэрэв тийнхүү зүйл гарах аваас цаг тухайд өчүүхэн төдий ч нисүүлсэх явдалгүй (!!!) хатуу чангаар эсэргүүцэн тэмцэлдэж устгахыг нам, эвлэлийн олон гишүүд үүрэг болгон хүлээж, гүйцэтгэхийн дээр олон нийтэд учрыг ухуулан таниулж, улмаар биелүүлэн явуулбал зохино.
Гурав. Олон нийтийн хөрөнгө болох санхүүг ашиглан завших ба зарим хуучин шинэ түшмэл буюу ашигт шунахайран залгих сүйтгэх этгээдээс өөрсдийн үржилгүй, чанар муутай эдлэл буюу аль нэгэн зүйлийг ор нэр болгон оруулж, улсын ба нийтийн санхүүгийн чанар бүхийг нь ашиглах хийгээд өөрсдийн ялимгүй зүйлсийг өндөр үнээр өгч, үнэ бүхий зүйлийг хямд үнээр худалдан авч, ашиглах зэргээр санхүүг шамшигдуулах сүйтгэх аюул лугаа шууд эсэргүүцэж даруйхнаа устгавал зохино.(!!!)
Дөрөв. Албан газрууд ба аж ахуйн зэрэг газруудын санхүүгийн зүйлээс шамшигдан сүйтгэсэн ба алдагдал хохирол үлэмжхэн болж, тус улсын эдийн засгийн хөгжих явдалд хорлол тохиолдсоныг энэ завсар тус Хянан Байцаах Комиссоос зохих газрууд лугаа хүчин хавсрах зэргээр ёроол уудлан (!!!) устгахыг бодлого болгон оролдон бүхийн дээр үүнээс хойш улам нарийн хянаж, цаг тухай бүр чангаар эсэргүүцэх явдлыг чухалчилсугай.
Тав. Олон нийтийн ба олон газруудад хадгалганд бүхий санхүүг үлэмжхэнээр хадгалж агаад алдав хэмээх зэргээр шалтгаалан, ашиглах гэм гарсаар ба мөн ч нэг ихээхэн ашиглах завшаан болгох учрыг үүн лүгээ нэг адил эсэргүүцэн устгавал зохино. Иймийн тулд ойр тохиолдох банк зэргийн итгэмж бүхий газарт шилжүүлэн хадгалуулах ба ба эрхлэгчдийн осол цалгараас буюу аанай ашигт шунаж, ашиглах сүйтгэх хийгээд алдах зэргийн явдал тохиолдвол тухайд тулган төлүүлэх ба түүний хөрөнгө зүйлийг хураах зэргээр чангалан цээрлүүлж, олон нийтийн ба улсын санхүүгийн дайсан (энэ цолыг авах хүн эдүгээ нэн олон. Би бол дуртайяа нэрлэнэ-Х.Д.Г.) хэмээн тооцож эсэргүүцвэл зохино.
Зургаа. Улсын ба олон нийтийн санхүүг шамшигдуулсан ба сүйтгэсэн, ашигласан зэрэг алдагдал хохирлын тухайг тус Хянан Байцаах Комиссоос тус Төв Хороо ба зохих газрууд лугаа хавсралцан хянаж, тоо зэргийг тодорхойлон дэвтэр буюу сонинд нийтэлсээр байвал зохино.
Долоо. Үүнээс хойш энэ мэтээр санхүүг шамшигдуулахгүй болгох ба эсэргүүцэх бодлого лоозонг тавьж, гүйцэтгэхэд зохих газруудаас байцаах, хянах туслах явдлыг туслан сайжруулахаас гадна Хянан Байцаах Яамыг дахин байгуулахын янар (“наана”, “өмнө” гэсэн утга-Х.Д.Г.) Эдийн засгийн Зөвлөлийг аливаа олон яам газруудын санхүү, данс харааг шууд байцааж, илрүүлэн гаргасан үл зохилдох явдлуудыг шуудаар зохих газар шилжүүлэн шийтгүүлэх, байцаах бүрэн эрхийг даалган, хүлээлгэсэн эрхтэй газар болгож, басхүү тус Зөвлөлийн Хянах Байцаах хэлтсийг мөн Зөвлөлийн захиргааны дор тусгай газар болгон, нөгөөтэйгүүр мөн газруудаас зохисыг үзэн орон нутгийн олон газруудаас төлөөлөгчид нарыг суулгах ба байгуулалтын эрх үүргийн тодорхой дүрэм заавартай болгох ба бас олон нийтийн санхүүгийн самуурал будлианыг ариутгах явдалд чухал нөхцөл болох ба эдүгээгийн үүсгэн байгуулж бүхий нягтлан бодохын сургуулийг үнэхээрийн идэвхи чанартайгаар байгуулан, данс хараад боловсрол дадалтай этгээдийг бэлтгэж гаргаж, тэнгэцүүлэн (тэнцүүлэх-тэр үед ингэж бичдэг байв-Х.Д.Г.) хэрэглэхийг чухалчилсугай.
Найм. Төв болон орон нутгийн албан хаагчдыг уул албан ажилд тэнгэцэх бололцож буй эсэхийг хянаж болгоомжлохгүй, дадлыг олсон хэмээн хоосон нэрийдлээр завсардуулан, аанай мөнөөх хүнд сурталтан нарыг сонгох буюу улируулах ба эзэмшүүлэхгүй болгох явдлыг Их Хурлын тогтоолын ёсоор явуулбал зохино.
Ес. Аливаа албан газруудад мөнөөх хүнд сурталтан буюу өөрийн биеийг туйлын эрдэмтэй хэмээн хоосон нэрийдлээр чимж, бусдыг үл ойшоон, хийж бүтээхийг урьтал болгохгүй, ам санааг урьтал болгох мэтийн их зантай этгээд нарыг эсэргүүцэн зайлуулах буюу ардын дарангуйлан захирах ёсонд (энэ бол “хувьсгалт” утгатай ч их зохистой нэр томъёо байгаа юм-Х.Д.Г.) нийлүүлэн хууль хэргийн ёсоор ба захиран тушаах хэргийн дотор цээрлүүлэн шийтгэх зэргээр чангатган явуулбал зохино.
Арав. Аливаа албан газруудын албан хаагчдыг дагаж гүйцэтгэх сахилга журамтай болгохын дээр тогтоосон цаг хэмжээнээ цугларах, тарах явдлыг цаг минутын төдий хэмээн ялгаварлахгүй хянан бүртгэхийн тулд тусгай дугаартай болгон явуулж, хийдүүлсэн гажуудуулсан зэргийг магадлан хянаж, захирах тушаах эрхийн дотор тухай бүр чангалан шийтгэж явуулбал зохих явдлыг тус тусыг эрхлэх газраас биелүүлэн явуулбаас зохино.
Арван нэг. Хуучны хүнд суртлын түшмэл буюу нам, эвлэлийн гишүүнээс хөөгдөгсдийн зэрэг хувьсгалын эсэргүү этгээдээс аливаа албаны ажлыг идэвхитэйгээр явуулан бүхий этгээдийг элдвээр үймүүлэн, тэдний санал хичээлийг хойшлуулах мэтээр өөрийн муу сурталд хандуулан татах зэргийн гэм хортыг үндсээр устгахыг чухал болгон, тэдэн лүгээ хатуугаар эсэргүүцвэл зохино.
Арван хоёр. Төв ба орон нутгийн албан газруудад жинхэнэ ядуу ард олны тусыг бодсон, идэвхи хичээл бүхий этгээдийг бичиг үсэггүй боловч хэрэглэх зэргээр боловсруулах сургахыг хичээвэл зохино.
Арван гурав. Аливаа албан хаагчдын дотроос бялдуучлан зусардаж, тал тохой татах зэргээр үл бүтэх этгээдийг албан ажилд татан хэрэглэх буюу хэрэг удаашруулах зэргийн хүнд сурталтан буюу түүний салбар мөчир болох этгээд нарыг шалгаруулан хянаж, ариутгавал зохихын тулд тусгай нөхрийн шүүврийг (нөхрийн шүүхийг хэлж байна-Х.Д.Г.) байгуулж, мөнхүү шүүвэрт шилжүүлэн өгч, олны өмнө шийтгүүлэх зэргээр чангалан эсэргүүцвэл зохих тул эл хэрэгт нам, эвлэлийн ба ялангуяа үйлдвэрчний эвлэлээс гол хүчин болж, туслалцан эсэргүүцвэл зохино.
Арван дөрөв. Засаг захиргааны ба аж ахуй, олон нийтийн газруудын албан ажилд явагч тус үйлдвэрчний эвлэлийн гишүүдээс тус тусын газруудын хэрэг явууллагад дутагдалтай боогдолтой зүйлсийг хэрхэн засаж залруулах тухай харъяат үүр нийтийн хурлаар хянан хэлэлцэж, улмаар хөдөлгөөнтэй чанартай болгон (!!!), туйлд хүргэхийг өргөнөөр маш чухал болгон явуулсугай.
Арван тав. Аливаа албан ба аж үйлдвэрийн газруудын албан хаагчдын идэвхи хичээлийг сайжруулахын тулд үл бүтэх явдалтай этгээд буюу хүнд суртлыг урьтал болгож, ногдсон үүргийг гарын авлага болгон гүйцэтгэхгүй (!!!) зэрэг үл бүтэх муу гэмүүдийг засаж залруулан ариутгах, үүнд тэдний үл зохилдох зүйлсийг дуурайлгасан зургийн хамт хайр найргүйгээр сонин сэтгүүлд гаргаж, олон нийтэд танилцуулахыг зохих газраас тусгай заавар бодлогыг даруйхнаа гаргаж гүйцэтгэвэл зохино.
Арван зургаа. Аливаа олон албаны газруудын бичгийн ажил эмх цэгцгүй буюу энд тэндээс асуух лавлах, үсэг зуруулах зэргээр шалтгаацан, удаашруулан хойшлуулах ба цагийг нөхцөөн өнгөрүүлэх гэмийг даруй устгаж, аль болох дөхөмтэй арга бодлогыг гаргаж, идэвхитэй хурдан түргэн болгохыг зохих газраас тодорхой зааврыг зохион гаргах буюу нам, эвлэлийн гишүүдэд үүрэг болгон даалгаж гүйцэтгэх зэргээр сайжруулбал зохино.
Арван долоо. Үүний урьд аливаа албан газруудад урин ирүүлсэн сургагч нарын эрдэм боловсролыг өөрсдийн биед шингээн авч байсан зүйл бага (!!!) болох тул үүнээс урагш тэдний сургагч нарын эрдэм боловсролыг тус тусын газруудын үүрэг хүлээгсдийн зэрэг идэвхи оролдлого бүхий этгээд нар тусгайлан цаг гаргаж, сургуулилж, хуучны байдлаас ангижруулан шинэ байдлаар хөдөлгөх хүмүүсийг бэлтгэхийг машид чухалчилбал зохино.
Сийрүүлсэн: Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 05 дугаар сарын 15.
Өглөөний мэнд Ганаа ах…
Тэс хөндлөн холбоогүй юм асууж байгаад уучлаарай. Номын талаар л. Ч.Жүгдэр автортай “….нийгэм-улс төр, философийн сэтгэлгээ” ном хэр вэ? Надад харин унших санаа төрөөд л Та унш гэж зөвлөх болов уу?
Ямарваа юмыг унших сэдэл төрөхөд та мэтийн хүмүүсийн үг их хүчтэй нөлөөтэй байдаг л даа.
Бидний үед тэрийг уншаад ойлгосон нь “хүний тоонд” ордог байсан. Жинхэнэ утгаараа тэр шүү дээ…
ter ueiin bichlegeer oilgohod joohon tovogtei um orchin tsagiin gehuu utgaar ni siiruulen buulgaval avch hereglehed ch unshij sudlahad ch ter oir dohom boloh um shig sanagdlaa
Юм бүхнийг хялбар амар болгох, түүнийгээ хүнээр хийлгэх гэдэг оюуны залхуурал манай залуусыг ганц алж байна. Монголоор бичсэнийг ойлгохгүй болтлоо мохсон уу, таны ухаан. Харин ч монгол хэлээ улам ойлгоход тус дөхөм болно шүү дээ, хуучны найруулга. Богинохон юм, жижигхэн юм уншмаар байна гэлцэх. Хэрэв ийм бол эртний сонгодогуудыг яаж унших вэ? манай залуус. Ялангуяа XVIII-XX зууны улстөрийн сонгодогуудыг яаж унших юм бэ? Бодоогийн нэг захиа хоёр өгүүлбэртэй, эхнийх нь 92 үгтэй, хоёр дахь нь “Өчүүхэн Бодоо ёслов” гэсэн байдаг. Тэр нэг өгүүлбэрт ганц ч утгын болоод логик алдаа байхгүй, яагаад гэвэл Бодоо бичгийн чадвараа гайхуулж байгаа юм. Одоо түүийг нь хэдэн өгүүлбэр болгож хуваавал ойлгоно гэж үзэх вэ? Саяхан Баатархуяг Хамгийн алдартай протокол өгүүлэлдээ яг энэ тухай бичсэн байна билээ
Сайн уу, танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ сэдвээс өөр зүйлиийн талаар асуух гэсэн юм. Ирэх 7 хоногт Путин хятдад айлчилж хийн хоолойн гэрээнд гарын үсэг зурах гэж байна. Манайх нутаг дээгүүрээ хоолойг татуулах боломж байгаа болов уу? Маш том боломж юмсан уулна. Танд мэдсэн юм байн уу? Баярлалаа
баруун гар талын багананд байгаа 10 дах нийтлэл “АЛДАЖ БОЛОХГҮЙ БОЛОМЖ” -д наад хийн хоолойн тухай бичсэн байгаа
Khiin khooloin talaar unshsaan Boldbaataraa. Mash chukhaliig ni oilgoj baigaa, gol ni manaikhaar damjuulakh surag baigaa esekh talaar Sudaach akhaas asuusan uimaa.
odoogiin nuhtsuld yag tohoroh togtool bna.85 jiliin daraa uy ch uurchlugduugui bna shuu.
hediidee iim ih zuil bichij amjdag bn aa,..
Өнөөдөр хагас сайн өдөр. Таны блогийг ухаад уншаад л өнгөрөөлөө. Тэгээд тэгээд зүгээр л
Танд баярлалаа…