“УХААН ОРОХ” ХУГАЦАА

Монгол хүн гэнэт ухаан ордог гэж үнэн юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн үндэсний зөвлөлдөх уулзалт зохион байгуулав. Үүнийг буруу гэж үзэх аргагүй л дээ. Гэхдээ цаг хугацаа, учир зүй гэж сүрхий юмс байна л даа. Үүнийг хамтдаа шинжлээд үзэхэд тун ойлгомжтой болно. Ингээд үзье л дээ…
Үндэсний Зөвлөлдөх уулзалт 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цагт оролцогчдоо бүртгэснээр эхлэв. Ингээд 14 цагт нээж Ц.Элбэгдорж ланжгар лекц уншив. Энийг ч яахав, мэдэхгүй биш. Түүний лекц бол лекц биш, уран сайхны тоглолт, шоу юм. Монголчууд уярсан нь мэдээжийн хэрэг. Монголчууд найр наадам урлагт ясны дуртай нь мэдэгдээд байдаг юм. 50 минут шоу үзэв.
Ингээд салбар хуралдаанууд болов. Шийдвэр гаргагчдын салбар хуралдаан, Бизнес эрхлэгчдийн салбар хуралдаан, Орон нутгийн удирдлагуудын төлөөлөл оролцсон салбар хуралдаан, Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон салбар хуралдаан, Эрдэмтэн судлаачид, олон нийтийн байгууллагын төлөөлөл оролцсон салбар хуралдаан гэсэн 4 том хуралдаан 14.50-16.50-ын хооронд буюу ердөө 2 цагийн дотор гялс манас болов.
Бид мэднэ л дээ. Хоёрхон цагийн дотор салбарын бүх асуудлаа хэлэлцээд шийдвэр гаргачихдаг болсон бол бид юу боллоо гэж “төрөө ухаалаг болгох” гэж хурал хийж байхийм ?! Гэтэл манайхан “улам ухаалаг” болгох гэж байгаа бололтой. Төрөө ухаалаг болгохоосоо өмнө хамаагүй ухаантай болчихсон юм байна, одоогийн манай төр, төрийн албан хаагчид, ер нь бүх монголчууд. Энэ дэлхийн хэн ч хийж чадахгүй ажлыг 2-хон цагийн дотор хийж чадаж байна. Ийм чадварлаг, хурдан шуурхай ажилладаг төрийг “ухаалаг” болгох ямар ч шаардлага байхгүй. Нээрээ шүү.
Хамгийн сонин нь бүгдээрээ Ц.Элбэгдоржийн “ухаалаг төрийн” үзэл санааг хачин сайн “ойлгоод” бүгдээрээ дэмжээд тэр дороо л санал манал нэмж баяжуулаад “бүрэн гүйцэд онол” болгочих юм.
Ингээд цайндаа оров. Ингэж аймаар ажилласан улс чинь цайгаа уулгүй яахав. Архи уусан ч болно ш дээ. 16.40-17.00 болтол цайгаа уув.
Ингээд нэгдсэн хуралдаан эхлэв. Салбар 4 хуралдаан бүх асуудлаа “амжилттай шийдвэрлэснийг” бид мэднэ. Санал зөвлөмж нэгэнт бэлэн болжээ. Ингээд нэгдсэн хуралдаан дээр уншиж танилцуулах л үлдэж байгаа юм. Бүх 4 салбар хуралдааны санал зөвлөмжийг 1 цаг 15 минут уншиж танилцуулав.
Ингээд зарим асуудлаар ганц нэг санал хураалт болж байгаа юм. Мэдээж “ардчилсан” байхгүй бол болохгүй ш дээ. Үүнийг хааж Ц.Элбэгдорж бас уран гоё үг хэлэв. Энэ ажилд 1 цаг орчим зарцуулж байгаа юм. Нийтдээ Элбэгээ Зөвлөлдөх уулзалтын 5 цагийн 2 цагийг “эзэлж” байгаа юм. “Бодохгүй ярьдаг” болохоор өөрт нь амар байдаг байх л даа…
Өөрөөр хэлбэл Монгол Улс “Том төрөөс ухаалаг төр лүү” шилжих” онолын үзэл баримтлал хийхэд Ерөнхийлөгчийн удирдлагын дор бүх төр, төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчид, сэтгүүлчид, эрдэмтэд бүгдээрээ нийлээд өдрийн 14 цагаас 19 цаг хүртэл ердөө л 5 цаг зарцуулж байгаа юм. Хоолон дээрээ “бодож сэтгэсэн” гээд түүнийг нь би хасаагүй юм шүү.
Одоо бол ухаалаг төрийн үзэл баримтлал бэлэн болсон гэж ойлгож болно. Яагаад гэвэл Зөвлөлдөх уулзалт тарах үед баримт бичгийг нь бэлэн хэвлээд тарааж байгаа гэнэ. “Ухаан суухаар” бүх ажил нь цахилгаан шиг хурдан бүтдэг болж…
Одоо бол Ц.Элбэгдоржийн “онолыг” дагасан нь “ухаалаг”, дургүйцсэн нь “тэнэг” болох нь ойлгомжтой байна. Ингэхлээр чинь монголчууд бүгдээрээ “ухаантай” харагдахыг хичээх нь мэдээж хэрэг. Би л лав “тэнэгээрээ үлдсэн” нь дээр гэж бодож байна. Яагаад гэвэл мань мэт нь ганцхан өдрийн дотор “ухаантай болчихож” яагаад ч чадахгүй учраас тэр л дээ. Ядаж л Ц.Элбэгдоржийн өмнөх олон “гоё гоё” лекц болон “онолын” үр дүн ямар болсныг эрэгцүүлж бодох ёстой биз дээ. Одоо Ц.Элбэгдорж арчаагүй “том төрийг” байгуулж байхдаа “ухаантай” байсан эсэхээ ард түмэндээ үнэнээр нь хэлэх хэрэгтэй ш дээ…
Ц. Элбэгдорж л ганцаараа Үндсэн Хууль өөрчилж болдог, Элбэгдорж л хувьсгал хийж болдог, тэр л төрийг өөрчилж болдог, бусад нь болохгүй гэсэн шог юм хаа ч байхгүй.
Түүний завааруулсан Үндсэн Хуулийн 7 өөрчлөлтөөс болж Монгол Улс сөнөж байгаа ш дээ. Одоо энэ маанаг юмаа буцааж хэрэглэхийг “ухаалаг төр” гэж нэрлээд “шинэ онол” хүртэл гаргавал Ц.Элбэгдорж ёстой яршиг л байна. Түүний “онолыг” ойлгох нь байтугай тоог нь алдлаа ш дээ. Гэхдээ “төрийн онол” гаргахаасаа өмнө монголын төр гэдгийг мэдэх хэрэгтэй л дээ, энэ Элбэгдорж…
Монголчуудын “ухаан орох” нь ийм гэнэт аж. Үүнийг чинь монголоор бас “орон гаран” гэдэг биз дээ…

Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 11 дүгээр сарын 18.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

14 Responses to “УХААН ОРОХ” ХУГАЦАА

  1. Anonymous says:

    Udakhgui 10-20 jiliin dotor khun turulkhtun postmoderniin socialism gesen tsoo shine niigmiin togtoltsoond hussen huseegui alkhaj orokh gej bna shuu. ali neg uls ch yum uu, urnudiinkhun ch yum uu, turuuleed orokh bolomjgui, bugdeeree ikh baga yamar negen baidlaar tiishee khussen huseegui orokh gej baina,.. beltgel kheregtei, bodoj shiidverlekh asuudal ikh bolj bna, bur globaliar ni bodokh, bur shuu, bur globaliar,tomoor…

    • Ганаа says:

      Тэгээд Ц.Элбэгдорж “постмодерн социалист” болох гэвэл ёстой лай л байна…

    • Anonymous says:

      таны нийтлэлүүдийг уншдаг, интернетэд хэрэгтэй нийтлэл зөндөө байдаг ч таных шиг оюунлаг, шинжлэх ухааны нийтлэл бол бараг үгүй дээ, энэ бичсэн нийтлэл чинь миний дургүйг хүргээд байж ядаад байсан санаатай яг нийцэж байна шүү, танд баярлалаа, өшөө их зүйлийг бичих хэрэгтэй байна. залуучуудтайгаа эрдэм мэдлэгээ хуваалцах хэрэгтэй байна. эх орны ирээдүйг тань шиг хүмүүс л хүмүүжүүлж, хөгжүүлж чадна.

  2. Anonymous says:

    Та өөрсдийгөө хэл шинжлэлийн профессор гэж нэрлээд байгаа нөхдүүдийн хөндөөд байгаа асуудлыг юу гэж бодож байна?

  3. hm says:

    Elbegdorj eronhiilogch harwardaas hunii tolgoi erguuleh tal deer mundag shuu. Цөмийн хаягдал Монголдоо булшлахгүй гэж олны өмнө хэлж байсныг ч санаж байна. Харин одоо дорнодод манай нэг малчин хамаатны ойролцоо маш том гүнзгий нүхнүүд ухаад байгаа. авсан баялаг ч байхгүй зүгээр л зогсоо зайгүй ухаад байгаа. энийг юу гж ойлгох вэ? мэргэжлийн хүн хүртэл цөмийн булшны нүхийг ингэж ухдаг гэж хэлээд байгаа. Монголчууд бүгдээрээ нийлж жагсаад төрийг буруушаах цаг аль хэдийн болсон гэж бодоод байгаа. гэхдээ эхлүүлж бусдыгаа дагуулах нь л олдохгүй юм.

  4. уншигч says:

    Хэ хэ, энэ чинь фельетон байна, за улстөрийн агуулгатай гэж үзвэл памфлет. Ганаа судлаач бас гайгүй сайхан хошинож байна, Хамгийн гол нэг ч худлаа хэлэлгүйгээр.

  5. Anonymous says:

    Юмны сайн талыг харах гэж оролдвол мань эр ядаж өөрөө эхлүүлсэн, завааруулсан юмаа ядаж засая гэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг. Яах вээ, бас ч гэж. Гэмээ ухаарч байвал аштайсан. Үнэхээр засчихвал ч сайн л байна. Үнэхээр ухаан сууж байгаа юм гэж бодоё. Хэрэв тэгэхгүй бол ч, одоо юу гэхэв. Шоуны хаан л гэж нэрлэе дээ. Фэнг шү Ганбаа, Гүнбалай нараас ч илүү шоудна гэж энийг л хэлэх байх даа…

  6. DG says:

    Судлаач Ганхуяг-аас асуулт байна. Таны бодлоор одоогийн энэ АН-ын хийж байгаа ажил бодлого Монгол улсад хэтдээ хир ач холбогдлоо өгөх вэ? Эдийн засгийн одоогийн нөхцлийг/үр дагаварыг харгалзахгүй гэж үзвэл.

  7. enkhbold says:

    Sudlaach Ganaa ah-n blog unshigchid too 1.000.000 hurch bn shuu dee ene bol gaihmaar amjilt gej bodoj bn 3 say huntei uls-n huvid Ganaa ahad ajild ni amjilt eruul enh-g husie 1 say unshigchiddaa zoriulaad 1 lanjgar niitlel tavina geed itgeed huleej baina

  8. Sceptic says:

    Элбэгдорж Монголын төрийг өөрсдөө сөнөөчихөөд одоо технологийн ололтыг ашиглаж чадавхижуулна гэдэг бол цэргийн сэтгүүлч улстөрийн энэ ухуулагчийн мулгуу балайрал юм. Яриад бгаа юм нь мэдээлэл багатай, юмны цаад учир начирыг бага ойлгож бгаа хүмүүст гоё сонсогдож бгаа ч цаад үзэл баримтлал санаа нь үнэхээр аймшигтай, өнөөдөр дэлхий дахинд ил далд өрнөж бгаа кибер дайнтай холбож авч үзвэл монголын төрийг де факто устгаж монголын ард түмнийг гадныхан далдаас боолчлох замыг засч де юре болгож өгөх төлөвлөгөө бна лээ. Энэ талаас нь авч үзвэл маш их юм бна лээ дээ…

  9. ananymous says:

    ямар ч байсан огт үндэслэлгүй юм бичээгүй байна, сайхан болжэ

  10. Gilberkharuul Balbariin Gankhuyag says:

    Gankhuyag guaid
    1000000 bolsond mash ih bayar hurgie!
    Ene bol mash tom amjilt shuu! Tanii setgel, oyun, huchiig olon mongolchuud oilgoj huleej avch baigaa gedegt naidnam!

    Ene oguuleliin huvid: Elbegeed olon sul tal bii l dee, tehdee odoo hurtel todorson hamgiin gaigui erenhiilogch n tuuniig l gej bodoh yum daa.

    Tand amjilt husie.
    Tantai ner negten

  11. GNS says:

    Түүний завааруулсан Үндсэн Хуулийн 7 өөрчлөлт нээрээ л шал балай юм байна шүү. http://dalaihuu.blog.gogo.mn/read/entry331682 зүгээр л намууд хоорондын биеээ үнэлэх механизм байна шүү дээ. Ийм учраас тэр балай офшорууд, барилддаг ноцолддог нэр зүсээ өөрчлөгдөгч орж ирээд байгаа буй за.

  12. • Нэг хүнээр Төрөө бариулаад тэр нь Нийт иргэн, Улсын ашиг сонирхолыг хамгаалж үйлчилдэг зөв төр нь МОНАРХИ, хувийн цөөн хэдэн хүний эрх ашгийг хамгаалсан, буруу Төр нь АВТОКРАТ /ТИРАНИ/
    • Цөөн хүнээр Төрөө бариулаад тэр нь Нийт иргэн, Улсын ашиг сонирхолыг хамгаалж үйлчилсэн Төрийн зөв хэлбэр нь АРИСТОКРАТ (английн лордын танхим) цөөн хэдэн хүн нам, бизнес,гэмт бүлэглэлийн эрх ашиг хамгаалсан Төрийн буруу хэлбэр нь ОЛИГАРХИ
    • Олонхиор Төр бариулсан тэр Төр нь Нийт иргэн, Улсын ашиг сонирхолыг хамгаалж үйлчилдэг Төрийн зөв хэлбэр нь ПОЛИТИ, цөөн хэдэн хүний эрх ашгийг хамгаалсан Төрийн буруу хэлбэр нь ДЕМОКРАТ буюу АРДЧИЛАЛ гэж үзэн судалж амьдралдаа хэрэгжүүлж буруу муу Төрөөс татгалзахын төлөө

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: