ОРОН СУУЦНЫ АСУУДЛУУД
2013/03/15 19 Comments
Монголын орон сууц улс төрийн асуудал болов. Манай төр, улс төрчид болон иргэдийн эдүгээ ярьж хэлж буй асуудлуудыг зуу гаруй жилийн өмнө европт тавьж байсан гэдгийг манайхны хэн ч мэддэггүй нь гачлантай. Түүнчлэн энэ асуудал онол-практикийн халуун маргааны сэдэв болж, түүний мөн чанарыг аль хэдийн танин мэдсэн гэдгийг бас л мэддэггүй юм. Энэ тухай өгүүлсү.
Пьер Жозеф Прудон (1809-1865) гэдэг нэгэн франц эр тухайн үед их мандаж байсан юм. Тэр улс төрч, нийтлэлч, эдийн засагч, гүн ухаантан, социологич байсан ба францын парламентийн гишүүн хүртэл болж байжээ. Түүнээс гадна тэр өөрийгөө анархист гэж нэрлэсэн анхны хүн юм. Эдүгээ түүнийг анархизмын хамгийн нөлөө бүхий онолчдын нэг гэж үздэг юм. 1848 оны хувьсгалын дараа өөрийгөө холбоотны үзэлтэн (федералист) гэж зарлаж байсан.
Энэ Прудон яасан гэхээр орон сууцны асуудлыг шийдвэрлэх “хялбар” санал дэвшүүлэн олон түмний дунд ихээхэн нөлөөтэй болжээ. Энэ нь тухайн үеийн социалист хөдөлгөөнтэй онолын маргаанд орохын үндэслэл болжээ.
Ингээд Маркс “Философийн гуйланчлал”, нэлээн хожим Энгельс нь “Орон сууцны асуудалд” товхимол бичиж Прудоныг дарж авчээ. Энд өгүүлэх маргаан нь марксист онолыг баримталсан хэдий ч орон сууцны асуудлын нийгмийн шалтгааныг бүрэн харуулж чадсан суурь томоохон бүтээл юм.
“Орон сууцны асуудалд” товхимлыг 1872 оны анх сонины цуврал өгүүлэл маягаар нийтэлсэн юм. Түүний оршил “Хурдасгасан шилжилт хийж байгаа тийм үе бол голдуу “орон сууцны гачигдалтай” үе байдаг” гэж эхэлдэг. Ингээд цаашаа урсаж өгдөг юм. Гайхамшигтай бүтээл л дээ.
Монголын “марксистууд” Маркс, Энгельсийг “их уншсан” гэдэг боловч энэ зохиолыг мэддэггүй юм. Орон сууцаа оросуудаар бариулж байсан болохоор орон сууцны “онол” нэг их сонирхоогүй байх. Харин аз болж Маркс, Энгельсийн 3 боть түүвэр зохиолын эмхтгэл гаргахдаа 2 дугаар ботид нь оруулсан юм. Ямар азаар хасаад хаячихаагүй юм. Тэхээр либералууд ор тас мэдэхгүй. Ингэхээр Монголд мэдэх хүн бараг байхгүй гэсэн үг.
Одоо Ф.Энгельсийн “Орон сууцны асуудалд” зохиолыг уншаад үзэхийг зөвлөж байна. Монголоор бол Маркс, Энгельсийн 3 боть “цэнхэр” цувралын 2 дугаар ботид байгаа. Тэгээд төр засаг нь, төрийн бус байгууллага нь, иргэд нь зуу гаруй жилийн өмнөхөөс хэр илүү сэтгэж байгаагаа харахгүй юу…
Манай олон хүн бид XXI зууны шинэ хүмүүс гэж бахархдагийг би сайн мэднэ. Үүнийгээ цаг тооны бичгээр биш, сэтгэлгээгээрээ хэмжих ёстой гэж санана. Одоо бидэнд тулгараад буй 100 мянган орон сууцны асуудлаа зуу гаруй жилийн өмнөх аргаар шийдэх гэвэл яав ч орчин үеийн хүн болохгүй биз дээ. ?! Хэрэв зуу гаруй жилийн өмнөх хүмүүсээс илүү гарч сэтгэж чадахгүй бол нэг их шинэ хүн болох ч юу л бол ?!
Энгельс ийн бичиж байна:
“Орчин үеийн том хотуудын өсөлт, зарим районд, ялангуяа хотын төвд газрын өртгийг зохиомол байдлаар ихэнхдээ асар их хэмжээгээр нэмэгдүүлэхэд хүргэж байна. Эдгээр газар дээр барьсан барилгууд энэ өртгийг нэмэгдүүлэхийн оронд харин хорогдуулдаг юм. Яагаад гэвэл тэр барилгууд өөрчлөгдсөн шинэ нөхцөлд тохирохгүй болоход нь авч хаяж өөр барилгаар сольдог билээ. Юуны урьд төвд байрласан ажилчны орон сууц ийм байдалд ордог бөгөөд эдгээр орон сууцанд хэчнээн олон оршин суугчтай байлаа гэхэд ч хөлс нь зохих хэмжээнээс давж чадахгүй буюу эсвэл давах нь ямар ч гэсэн туйлын удаан байдаг. Эдгээрийг авч хаяж оронд нь дэлгүүр, агуулах, олон нийтийн байр байшин барьдаг…Үүний дүнд ажилчдыг хотын төвөөс зах руу нь хавчин хөөх болжээ. Ажилчдын орон сууц, ер нь жижигхэн байрууд ховор, их үнэтэй болж, их төлөв бүр олдохгүй байх болжээ. Учир нь ийм нөхцөлд барилгын аж үйлдвэрээс ажилчдад зориулж орон сууц барих нь тун ч ховор байдаг бөгөөд үнэтэй байрууд бол дамын панз хийхэд үлэмж ашигтай юм…”
Ф.Энгельс. Орон сууцны асуудалд. “Орон сууцны асуудлыг Прудон хэрхэн шийдвэрлэж байгаа нь” хэмээх 1 дүгээр бүлгийн хэсгээс. К.Маркс. Ф.Энгельс. Түүвэр зохиол. 2 дугаар боть. 258 дахь тал.
Өнөөдрийн Монголыг хэлсэн юм шиг байгаа биз…
Нөгөө Прудон нь ингэж хэлж байна:
“Аль нэг үед баригдсан орон байшингийн жинхэнэ өртөг нь байрны хөлсний хэлбэрээр уг эзэндээ аль хэдийн хангалттай хэлбэрээр төлөгдсөн боловч ер нь тэр байшин нийгмийн хөдөлмөрийн зохих хувийг авах хууль ёсны мөнх үндэс болж байдаг юм. Жишээ нь, 50 жилийн өмнө баригдсан байшин гэхэд түүний анхны зардал нь энэ хугацаанд түүнээс авч байгаа байрны хөлсөөр 2, 3, 5, 10 дахин түүнээс ч олон дахин нөхөгдсөн байдаг.”
Энэ үгийг манай бараг бүх улс төрчид, өмчтөнгүүд, өмчтэй болохыг хүсэгчид хэлдэг “монгол үг” биш гэж үү ?! Прудоны талд ормоор байгаа биз ?!
Би гайхаад байдаг юм. XXI зуун Монголын ардчилагчид XIX зууны анархист Прудоны үгийг зуу гаруй жилийн дараа үг үсэггүй давтан хэлж байгаад. Энэ их хачин давхцал байгаа юм.
Ахиад нэг жишээ авъя. Прудонист Закс ингэж хэлж байна:
“Тэд байрны (ажилчин анги -Х.Д.Г) хөлсөнд жаалхан ч гэсэн юм хэмнэхийн тулд харанхуй, чийгтэй, жижигхэн сууцанд өөрөөр хэлбэл ариун цэврийн аль ч шаардлаганд огт нийцэхгүй тийм сууцанд суух буюу…хэдэн айл ч хамтран нэг байр, тэр ч байтугай ганц тасалгаа хөлсөлж авдаг байна (учир мэдэхгүйн харгаагаар л тэгж байна.) Энэ бүгд нь байранд бага мөнгө зарах гэснээс болсон хэрэг. Гэтэл тэд архи уух, элдэв бусад огт хэрэггүй цэнгэлд орлогоо үнэхээр нүгэлтэй муухай үрдэг байна.”
Энэ монголын улс төрчид болон төрийн бус байгууллагынхны радио, телевизээр өдөр болгон бидэнд хэлдэг үг биш гэж үү ?! Хэрэв Та бүхэн зохиолыг уншвал Монголоор дүүрэн прудоны анархистууд байгааг олж үзэх болно. Энийг бол хамгийн адгийн хоцрогдол гэж хэлж болно.
Энгельс үүнийг задлан шинжилж шүүмжилсэн юм. Үүнд л энэ зохиолын танин мэдэхүйн ач холбогдол оршино. Энгельс ингэж хэлж байна:
“…(Прудон-Х.Д.Г) Нэгдүгээрт, байрны хөлс нь уг орон байрыг барьсан зардлын хүүг нөхөөд зогсохгүй, бас засварын зардал, найдваргүй өр, байрны төлөгдөөгүй хөлсний дундаж зардлыг, мөн түүнчлэн сул байгаа байрнаас гарч болох элдэв зардлыг нөхөх ёстой гэдгийг, эцэст нь орон байшин яваандаа суухад тохиромжгүй болон үнэ цэнээ алддаг учраас уг барилгыг барихад оруулсан капиталын зохих хувийг жил бүр нөхөж төлөх ёстойг анхаарахгүй орхиж байна. Хоёрдугаарт, байрны хөлс нь уг орон байшин байгаа газрын өртөг нэмэгдэхэд оногдох зохих хувийг нөхөж байх ёстой, ингэхлээр байрны хөлсний нэг хэсэг нь газрын рент юм гэдгийг анхаарахгүй орхиж байна. Газрын өмчтөний оролцоогүйгээр газрын өртгийг ийнхүү нэмэгдүүлэх нь уг эзэнд биш, харин нийгэмд зүй ёсоор хамаарна гэж мань Прудон тэр дороо тайлбарлан хэлж байгаа нь үнэн. Ингэснээрээ уг чанартаа газрын өмчийг устгахыг шаардаж байгаагаа тэр мэдэхгүй байна…”
Энд Энгельс орон сууцны асуудлыг газартай холбож: орон сууцны чинь дор газар байдаг, газрын рент байрны хөлс хоёр чинь эдийн засгийн нягт холбоотой гэдгийг анх удаа харуулсан юм. Мөн энэ номондоо мөнгө хүүлэл хийгээд түрээсийн асуудлыг хамгийн дэлгэрэнгүй авч үзсэн юм. Суу ухаан гэж үүнийг хэлдэг юм.
Иймээс манай залуусыг “Орон сууцны асуудалд”-ыг уншихыг уриалж байна. Би Та нарыг “марксист” болгох гээгүй, наад 100 мянган орон сууцны асуудлаа аятайхан шийдээсэй л гэж ингэж хэлж байна. Ер нь Монголын орон сууц, гэрээ түрээсийн гэх гацчихсан бүх “асуудлаа” шийдэхэд чинь хэрэг болох л байх. Яагаад гэвэл “механизмын тухай” онолын ном их ховор байдаг юм.
Одоо манайд орон сууцны асуудал ярьж байгааг нь харахад манайхны эдийн засгийн боловсрол гэж ёстой “хөгийн, чааваас юм” байдаг юм. Одоо чинь манай эдийн засаг тэр чигээрээ мөнгө хүүлэл болчихсон байна…
Энийг нь хэлэхээр юу ч мэдэхгүй хэвтэж баахан орчин үеийн нэр томъёо хэлнэ. Нэр томъёогоор моодлохоо больмоор байна. Нэр томъёогоор ямар ч ажил хийж болохгүй. Нэр томъёогоор сэтгэлгээний хоцрогдлоо хаацайлж бас л болохгүй…
Орчин үеийн болохын тулд тулгамдсан асуудлынхаа мөн чанарт орох хэрэгтэй. Үүний тулд онолын суурь бүтээлүүдийг унших хэрэгтэй. Түүний нэг оргил нь Маркс, Энгельс гарцаагүй мөн.
Харин энэ сургаальд авах гээхийн ухаанаар хандах ёстой нь зүйн хэрэг. Энэ утгаар нь Маркс, Энгельсийн сургаалийг устгачихсан ухаантай, зоригтой аавын хүү дэлхийд төрөөгүй байгаа…
Баабар эд нар л коммунист гэж харааж нулимаад устгана, устгачихсан гэж бодоод байх шиг, хуцваа л байхгүй юу…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 3 дугаар сарын 15.
Гайхалтай! Танд баярлалаа. Дэлхийн суут ухаантан сэтгэгчидийг олон жил хараан зүхсэндээ, манайхан.Гэтэл тэдний 100 гаруй жилийн өмнө бичиж хэлж байсан нь өнөөгийн монголын маань нөхцөл байдалтай яв цав тохирч байна гэж бодохоор манайх дэлхийн хөгжлөөс даруй 100 гаруй жилээр хоцрогдож яваа мэт,бүр манай монголын барилгын үйлдвэрлэл, орон сууцны асуудлын тухай бичсэн юм биш байгаа гэж ч хошигнож бодохоор сэтгэгдэл төрлөө.100 мянган айлын орон сууцны асуудлаа шийдэж чадахгүй АН,МАН хоёр бие биен рүүгээ чихэж маргалдан, хэмлэлдэж байх хооронд тэдний сайхан үгэнд хууртагсад гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлэхэд хүргэлээ.Энэхүү нийтлэлээрээ судлаач маань дээр дооргүй хэн хүнгүй л эдийн засгийн боловсролоо дээшлүүлэхгүй бол дахиад хичнээн жил ч “харанхуй хонгилоор” мөлхөж болохыг урьдчилан сануулж байгаа бус уу.Уул нь “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” хэмээн ардчилалын гэх тодотголтой 20 гаруй жил мөн ч их ярьсандаа.Хаана байна тэр гэрэл нь?! Судлаач Танд амжилт хүсье!
Minii duu chi odoo bolil doo odii hurtel yu surj yu uzsen hun be amidrald mongol gedeg chini nuudelchinii asar tom soyoltoi udamshiltai ard tumnees burddeg yum tiim uchraas cham shig maliin heleed bga shig naad hugjloos hotsrogdol geed bga chini barilgiin salbart bj magadgui l yum hogjil gej yu ve gedgee medehgui bj sanal bichij yadin ooriigoo oroolgoh gj bga yum shig yamar ch zuild uchir shaltgaan gj yum bdag chi oilgohgui bh l daa Ganaa ah harin oilgono ygd tgd end eneniig helj bga yum bol geed tiimd odoo hussen huseegui gedeg tsag muchid amidraad bnshde ….
150-130 jiliin omno baruun ewropt proletarchuudiig hotin towoos “shahan zailuulsan” bol suuliin 15 jild dundaj angi hotin towoos shahagdaj buig Germany tom hotuudaas(Muenchen, Hamburg, Koeln,Berlin g.m.) harj bolno, shaltgaan yag heweer: damin panz!!!!
Англид бол цокольд, Францад бол дээврийн хөндийд ядуус амьдарч байсан гэдэг байхаа. Капитализмыг алгасч болох л байсан юм даа.
төрөөс байрны талбайн хэмжээнд стандарт тавимаар байна. Одоо баригдаж байгаа байрнуудын нэг өрөө нь гэж жижигхэн юм болсон. Хамгийн доод хэмжээг нь зааж өгмөөр байна. Мөн таазны өндөрийн доод хэмжээг.
Ха ха дээрхи бүтээлүүдтэй ойролцоо настай номыг саяхан уншсан маань санаанд орчихлоо. Энэ бол бидний сайн мэдэх Монте Кристо гүн. Төсвийн мөнгөөр луйвар хийдэг арга тэр үед ч байсан юм байна лээ. За би товч тайлбарлая.
Эдмонд Дантесийг шоронд явуулсан залуус хорин жилийн дараа хэн болсон бэ?
Данглар, Виллфорт 2 Парисийн хамгийн том банкны хувьцаа эзэмшигчид. Бас төрийн байгуулгын ажилтанууд. Данглар бол францын армийн хангалтын албаны дарга. (Одоогийхоор бол БХЯ-ны арын албаны дарга). Төсвийн мөнгөөр чанаргүй хүнс, зэвсэг зэргийг хямд үнээр өөртөө худалдаж авна (хувийхаа компанд гэсэн үг). Худалдаж авсан ажил, үйлчилгээ, бараагаа албан тушаалаа ашиглаж төрд шахдаг гэсэн үг. (Мэдээж ямар ч тендэр зарлахгүйгээр ажил үйлчилгээ авдаг л байсан биз.) Ө/х төсвийн мөнгөнөөс шаана, ханаж цадахыг мэдэхгүй
Шүүхийн ажилтан байсан Виллфорт одоо Дангларийн туслах. Бас л төсвийн мөнгөнөөс шаах, хулгайлах бөөн хүсэл. Төрийн албаны холбоо сүлбээгээ ашиглаад олон улсын бизнес, нууц мэдээлээр бизнес хийдэг бас нэг сайхан дарамтлагч гар.
Ха ха яг үүн дээр нь Дантес сайхан тоглолт хийнэ дээ. Энэ хэсэг нь Оюу толгойн хөрөнгө оруултын гэрээтэй их төсөөтөй. Данглар, Виллфорт 2 -ын шуналыг нь хөдөлгөж байгаад хязгааргүй зээлжих эрхийн гэрээг Дантес тэр 2-ын банктай хийнэ. Тэгсний дараа бүтээн байгуулалт буюу хөрөнгө оруулалт хийж байна гэж нөгөө 2-ын мөнгийг шавхаж өгөөд дампууруулдаг.
Сонирхуулхад: Хүүхэд байхдаа монгол хэлээр уншиж байсан номоо хүүхдэд зориулж хялбар англи хэл дээр бичсэн хувилбараар уншсан чинь ойлгоход их дөхөм байна лээ шүү. Та нар олж уншая гэвэл нэр нь: The Count of Monte Cristo, ISBN: 0-86611-979-5 юм байна лаа шүү.
Юу ч уншихаа байсан нийгэмд ном унших уриалга гаргасанд чинь талархаж байна. Харин нийгмийн тодорхой асуудлыг уран зохиолын ном уншиж байгаад шийддэг гэдгийг би л лав сонсоогүй юм байна. XXI зууны Монголд ийм болчихсон байж магадгүй л юм...
Орон сууцны асуудлыг шийдэх маш амархан. Хямд орон сууцыг ганцхан төр л барьж чадна. Төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулна гэсэн үг. Барилга зөвхөн өртгөөрөө л баригдаад явна. Газрын авилгал ч гэж байхгүй. Компаниар бариулах болоод ирэхээр л худлаа юм байна. Барилгын салбарыг ер нь стратегийн гэж үзээд төрийн мэдэлд байлгах хэрэгтэй. Урсгал зардлаа харин компаниудад өөр тарифаар барилгын ажил гүйцэтгэх замаар олно. Хяналтыг л сайн хийх хэрэгтэй.
За даа, наадах чинь л харин ёстой явуургүй ажил даа. Барилгыг төрөөр бариулж ёстой болохгүй. Харин газрыг нь төр шийдээд, байшинг нь хувийн компаниуд баривал юу юм гэхээс. Гэхдээ л төр шийднэ гэдэг чинь хулгайчийн хуруу орноо л гэсэн үг. Ер нь бол миний хувьд ийм дампуурчихсан төрд (хулгайч худалч новшнуудад) юу ч өгмөөргүй санагддаг. Татвараа төлөхдөө харамсана гэдэг бол жинхэнэ эмгэнэл. Төр муу менежер гэдэг үгийг хүмүүс их давтдаг. Буруу цээжилчхээд андуурч байх юм. Уг үг нь бол төр муу бизнесмэн юм шүү дээ. Тийм ч байх ёстой юм. Төр мөнгөн ашиг биш, нийтийн эрх ашгийг бодох ёстой учраас тэр.
Ч.Дэлгэр
Төрийн оролцоо явуургүй гэж үгүйсгэж болохгүй. Төр асуудлыг ямар оролцоотой яаж шийдэхээс л хамаарна. 7 сая гаруй хүнтэй Хонг Конгийн үүний сайн жишээ. Нийт орон сууцны 50% гаруй хувийг төр барьсан . Гадаад хүмүүсийн байрны түрээсийн үнэ талийж өгсөн ч бага орлоготой HK хүмүүсийг байраар гайгүй хангасан гэж хэлж болно. (гэхдээ хятадтай нийлж их газраас бөөн хүмүүс нүүж ирсний дараа ямар болсныг сайн мэдэхгүй юм)
Төрийнх хэрэггүй, хувийнх хэрэггүй гээд бие биеэ үгүйсгээд байх юм даа Тэгвэл иргэд өөрсдөө барилгаа барья даа
Франц, Сингапур гээд жишээнүүд мундахгүй л дээ. Гэвч сэтгэл зориг дутна гэж юм бий, тийм бол оролдсоны ч хэрэггүй, хоёрын хооронд улс төржүүлээд зааваарч гацаад хулгайчуудын идэш болоод дуусна.
Барилгын салбараас өөр мөнгө шингээж угаах зүйлгүй болчихоод?! Монголын эдийн засаг мөнгө хүүлэлтийнх болчихсон гэж судлаачын хэлсэнчлэн, газрын тэр тусмаа барилгын? дэд бүтцийн? нэрээр том мөнгө олж идэх гэсэн гадна дотны шуналтнуудын балгаар олон нийт хохирч сууцны, газрын үнэ тэнгэрт нисээд бгаашд. Тэгээд баахан үнэн худал нэр томъё ярьж үг хэлбэр хөөцөлдөгсөд ихссэн төдийгүй тэд мэдэхгүй дээ биш хүсэхгүй дээ тэгж шоу болгож бгааг түмэн олон монголчууд минь мэдээсэй.
Үнийн хөөсрөлт дэндээд одоо УБ хотод амьдрах Нью Иоркоос ялгаагүй болж байна доо. Дээр нь банкны хүү яагаад ийм өндөр байдаг юм бэ? Энэ талаар та нэг тайлбар өгөөч.
саяхан Ильяс Есенберлин гэж зохиолчийн Нүүдэлчид гэж ном уншлаа. Бас их сонин юм билээ. Яг л одооны манай нөхцөл харагдаад л…
Терийн сайн муу зохицуулагч байж чадах нь терд гарсан эрхэмvvд тэдний томилсон дарга цэрэг, албан тушаалтнуудаас ихээхэн хамаарах ч нягтлаад харвал яалт ч vгvй эргээд тэднийг сонгосон сонгогч бидний толгой дээр буух асуудал. Бид енеегийн тер, ард тvмэн, улс тер, нийгмийн байдлаа авч vзэхдээ салгаж биш цогц, хоорондоо уялдаа холбоотой, циклээр авч vзэх нь дээр. Бид еерсдийнхее оролцоог анзааралгvй хамтаараа нийгмээ еерчилдег. Эргээд тэр нийгмийн еерчлелт нь хувь хvмvvсийг еерчилегдехийг шаарддаг.
Бидэнд еерчлегдех шаардлагатай олон зvйлс байна. Менге, эд агуурс гэхээр юугаа ч егехед бэлэн болжээ. Хичнээн хvмvvс мэдлэг боловсрол чухал гэж ярьдаг ч хулхи боловсрол, хуурамч мэдлэгтэнгvvдээс болж Монголд боловсролын нэр хvнд навс унаж шороотой хутгалдсан бололтой. Сvvл сvvлдээ мэдлэг боловсрол чухал биш гэж ярих ч хvн олширох шинжтэй.
Мен Монголчуудын нийтлэг нэг онцлог бол аливаа шvvмжлэлд маш дургvй хандах явдал. Бид сайн муугаа шvvж шvvмжлэхгvй бол хэрхэн еерчилж сайжируулах вэ дээ.
Газрын өмчтөний оролцоогүйгээр газрын өртгийг ийнхүү нэмэгдүүлэх нь уг эзэнд биш, харин нийгэмд зүй ёсоор хамаарна гэж мань Прудон тэр дороо тайлбарлан хэлж байгаа нь үнэн. Ингэснээрээ уг чанартаа газрын өмчийг устгахыг шаардаж байгаагаа тэр мэдэхгүй байна…” тэгэхлээр газрынхаа өртгийг өсөхийг хүлээгээд ашиглахгүй байгаа эсвэл зориулалтаар нь ашиглахгүй өрөөл бусдад түрээслүүлээд хэд нугалан ашиг олж байгааг хэрхэн зохицуулах вэ?
рентийн талаар
Энэ зохиолыг хүүхэд байхдаа уншиж байсан юм. Тэгэхэд ээж маань Намын дээд сургуульд сурч байлаа. Тэгээд л сонирхоод л уншиж билээ. Одоо бүр илүү их ойлголоо.