ХЭВЭЭРЭЭ БАЙГАА ЗОРИЛТ…

Яг 90 жилийн өмнө боловсруулсан нэгэн гайхамшигт баримт бичгийг толилуулж байна. “Эдийн засгийн үндсэн бодлого” хэмээх энэ баримт бичгийг МАН тэртээ 1923 оны 7 дугаар сарын 24-нд боловсруулсан юм. Үлэмж хоцрогдсон улс орноо дэлхий дахины хөгжил дэвшилд хүргэх гэсэн бидний өвөг дээдэс ямархүү цэцэн цэлмэг ухаан, ямар их итгэл үнэмшил, агуу их мөрөөдөлтэй байсан нь илт харагдана. Одоо өөрийгөө XXI зууны шинэ шилдэг хэмээн магтдаг манай наманцаруудын алинд нь ч ийм лут баримт бичиг байхгүй бөгөөд хийж чадахгүй гэдгийг би баттай хэлж чадна. Одоогийн МАН бол бүр ч чадахгүй. Төрд ч гэсэн ийм системтэй хөтөлбөр байхгүй. Иймээс өнөө үеийнхэн ичих хэрэгтэй л дээ…
Зарим нэг үг хэллэгийг нь одоо үед тохируулаад засчихвал одоо ч аль нэг намын программ болгох бүрэн боломжтой. Хамгийн харамсалтай нь энд дэвшүүлэн тавьсан зорилтуудын ихэнхи нь биелээгүй байгаа. Харин энэ бол жинхнээсээ бодох сэтгэх асуудал мөнөөсөө мөн…

ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДСЭН БОДЛОГО
Нэг. Мал адуулах тухай. Үүнд байцаавал бүх монгол улсыг хязгаар дотор автономитын үед малыг тоолоход арван гурван сая байсан хэмоомой. Таван хошуу малын дотроос чухам аль малыг өсгөвөл ашиг үлэмж болохыг хянавал үхэр, хонь эрхэм болоод адуу дараа орно. Бас монголын мал адуулах нь маш бүдүүлэг учраас цас шуурга, мялзан, дэлүү, цээж, боом, хатайрь, хамуу, ям, хулгана, чөдөр зэргийн эмгэг ба чоно хийгээд усгүй мэтээс жил бүх хэд хэдэн сая тооны мал үхэж хорогдож байтал, үүнд тус бүр арга хэрэглэхгүй байж үл болно. Цас шуурганд шивээ бууц барих ба хөх өвс хадвал зохино. Өвчний тухайд малын эмч хэрэглэвэл зохино. Чоныг алан устгавал зохино. Усгүй газар худаг эрэх ба суваг татах хийгээд цас борооны усыг цугларуулах зэргээр оролдвол зохино. Ер малын ажлыг орон нутагт тааруулж боловсронгуйгаар явуулбал зохих тул улсын Засгийн Газраас буюу Судар Бичгийн Хүрээлэн, ардын хоршоо мэтийн газраас зохих нутагт олны үзэж дуураймаар боловсон ажил байгуулж үзүүлбэл зохино.
Хоёр. Монголын хязгаар дотор Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Ховд зэрэг газраа тариа будаа ургуулах нь буй авч, бүх монголын хэрэглэгдэхүүнийг хангаж чадахгүй тул эрхбиш гаднаас авчрахад хүрнэ. Үүнд хянавал чухам ямар ямар газраа ямар ямар төрлийн тариа будааны зүйлийг эрхэлбэл ашигтай явдлыг хэлэлцвэл зохино. Үүнд: буудай, арвай, будаа, сулихар, төмс зэргийн идэх зүйл ба олс, илээ, цана мэтийн эд боловсруулах ургамлын зүйл, малын идэх хиаг, овъёос, царгас зэргийн тэжээл ихэт өвс аль нэгийг эрхлэх явдлыг хөгжүүлбэл зохино. Эдүгээ монгол газрын тарианы байдлыг ажиглавал маш бүдүүлэг тул зүй нь боловсноор үйлдвэл зохино. Үүнд газар орны ус уур хөрс шороонд зохилдуулж, шилдэг үр тарих ба газар юугаа элдэхэд боловсон анжис, нараг, үр сацах сацуул, тариа хадах хадуур машин, цохих машин, боловсон гар усан тээрэм зэргийг бэлтгэн хэрэглүүлэх ба ус суваг татаж дэвтээх ба газрын шимийг малын хохир өтөг зэргээр тэтгэх хийгээд ногоо тариа тарихад зүй зохисоор ээлжилж таривал газрын хөрсийг гамнах арга мөн тул хэрхэн ээлжлэх явдлыг тогтооно. Нимгэн хөрстэй ба элс хайр хийсдэг нурдаг газруудыг харгана, алтаргана, турлаг, тэмээний эрс мэтийн ургамлын зүйлийг тарьж хөрсийг торлон дарж бэхлэх аргыг сүвэгчилбэл зохино.
Гурав. Элдэв үйлдвэрлэлийн учир хоёр зүйл бөгөөд нэгэн бөгөөс түүхий эд гарган авах, хоёр болбоос түүхий эд боловсруулж шинэ эд бүтээх хэрэгтэй. Үүнд монгол газар ямар ямар түүхий эд гаргавал үлэмж ашигтай болоод алсын ач үрийн хувьд харшгүй буй хэмээн хянавал, нэгэнт нээгдсэн алтны уурхайн үйлдвэр ба эрдэнийн чулуу, давс, хужир, будгийн шороо, зэсийн зэргийг урьдал боговол зохино. Түүхий эд боловсруулах явдлыг хянавал таван зүйлийн малаас гарах арьс шир, ноос хялгас, сүү тос ба өөх мах зэргийг эрх биш хязгаар дотор аль чадахуйц боловсруулбал зохих тул булигаар, савхи, илэг үйлдэх газар ба ноос хялгасыг угаах ялгах ба цэмбэ тэрэм хивс зэргийн эд нэхэх, сүлжих үйлдвэрийг хөгжүүлбэл зохино.
Сүү тосны зүйлийг боловсруулж, тараг айраг, машины шар цагаан тос үйлдэж, дотор идэхээс гадна гадагш нэвтрүүлэн худалдахаар болговол зохино. Өөхний зүйлийг боловсруулж элдэв зүйлийн саван, лаа мэтийг үйлдвэл зохино. Тарваганы өөх хурааж, эмийн тос бэлтгэж дотор хэрэглэх ба гадаадад худалдаалбал зохино. Олс, идээ, цана мэтийг боловсруулж эд бөс нэхэх ба гадаад дотоодод худалдвал зохино.
Дөрөв. Худалдааны учир хянавал монгол улсын бүх худалдааны байдал төлөв нь гадагш гаргах зүйлийн гаднаас оруулах зүйлийн үнэ хоёрыг зэрэгцүүлэн үзвэл, гаднаас ирэх нь жил бүр таван сая лан үлэмж мэт тул худалдааны засгийг эрх биш нарийвчлахгүй болбаас үл болно. Хэзээ монгол ард түмний эрхэлсэн ажил үйлдвэр бат лут болоод, эдийн үйлдвэр хөгжиж чадаагүй цагт монголын худалдааны явдал эрхбиш гарзтай байх учиртай тул улсын эдийн засгийн бодлогод гүнээ холбогдоно. Өнөө маргаашийн худалдааны байдлыг хянавал аливаа жигнүүр хэмжээ тогтворгүй дээрээс худалдааны иргэн хятад ов гаргаж өгөх зүйлийг хөнгөн жигнүүр бага хэмжээгээр өгөөд авах зүйлийг хүнд жигнүүр ба их хэмжээгээр авах тул жил бүр олон түмэн монголчуудаас арван таван сая лан хонждог бололтой. Үүнд бүдүүвчилсэн нь хятадын худалдаачин арван лангийн худалдаа хийхэд өгөх авах зуур гагцхүү жигнүүр хэмжээ тогтворгүйн уршигт итгэж гурван лан хонжвол монголын нэгэн жилийн бүх худалдаа тавин сая лангаас доош бус тул тийнхүү манай монгол арван таван сая лан хий алдах болой. Бас монгол улсын тогтоосон зоосон мөнгө ба тэмдэг цаас угаас байхгүйн харгайгаар цөм хятад, орос зэрэг гадаад улсын зоос мөнгө ба тэмдэгт цаас мэтийг хэрэглэсээр цагийн ханш холбирхой учир өдөр бүр алдах нь багагүй болох явдлыг хэн ч болов мэднэ.
Манай олон монголчууд төрөлхийн худалдааны үйлсэд чадамгайгүй ба алба татварын явдал тогтсон цаг хэмжээ магадгүй тул мөнгөнд хавчигдаж, өөрийн түүхий эдийг сайн үнэ хүргэлгүй хямдханаар худалдана. Бусдаас худалдан авах аливаа хэрэглэгдэхүүн зүйлийг өндөр үнээр авна. Учир энэ тул Засгийн газар нийтэд хэрэглэх жигнүүр нэгэн хэмжээ тогтоож зарлан дагаж явуулбал жигнүүр хэмжээний далимын алдагдал устана. Улсын сангаас алтан, мөнгөн, зэс зэргийн зоос хэвлэж, зохих тооны тэмдэгт цаас гаргаж, улсын бүх хөрөнгөөр батлан хязгаар дотор бусад улсын тэмдэгт цаасны зүйлийг явуулахыг хэмнэж, алтан мөнгөн зэргийн хатуу эдийг улсын санхүүд хураан агуулбал зохино. Монголын мөнгөний гачигдлыг туслуулахаар мөнгөн тэтгэврийн банк мэтийг нээвэл зохино.
Монголын түүхий эдийг сайн үнэ хүргэн худалдах ба хэрэглэгдэхүүн зүйлийг хямдаар авахад тус болгосугай хэмээн зохих гол газруудад цаг цагийн худалдаа яармаг байгуулбал зохино. (энд биржийн тухай ярьж байна-Х.Д.Г.)
Бас энгийн хятад, орос, америк зэргийн худалдаачдад дуустал бүү идэгдсүгэй хэмээн ардын хоршоо байгуулсан нэгэн хэргийг идэвхитэй сайнаар хөгжүүлбэл зохино.
Тав. Арвилах хэмнэхийн учир, байцаавал аливаа улсад харъяат улсын дэлхийн баялгийг арвилах хэмнэх явдлыг эрхэм болгожээ. Хааяа зарим бүдүүлэг их бага улс арвилах хэмнэх засгийг үл хэрэгсэн, харъяат дэлхийн баялгийг үрж бүрэлгэснээр гал усны зовлонд унасан нь үзэгдэнэ. Ялангуяа монгол улсад газар шороо ба ус уурын эрхээр аливаа дэлхийн баялгийг үл арвилах хэмнэх болбаас огт болохгүй нэгэн учир буй агаад, эс арвилан хэмнэсний гэм нь даруй түргэн үзэгдэж, үүрд засаж залруулахын замгүй болох нь аюултай. Жишээлбэл монгол газраа ой мод ховор бөгөөд ургах нь удаан, хэрэв ой модыг гал түймэр түлбэл буюу эсвэл хүн сүх хөрөөгөөр гам гэмгүй огтчин хядвал тэр ой дахиж ургах нь бэрх. Ой модонд шүтэж хур цас орох ба булаг горхи урсч гол мөрөн болно. Мөн ой хөвчид үслэг хэрэм, булга зэргийн ан шивээлэн оршино. Ой модыг боловсон ёсоор ашиглаж зохихыг нь бүрмөсөн цаазлан дархалж, заримыг нь маш боловсноор арвилан хэмнэж эс хэрэглэвэл даруй ой хөвчийн оронд халзан уул болж, эрэг ганга нурж, элс шороо хийсээд, ус булаг хатаж, цас бороо тасалдан ган зуд шуурга шамарга үргэлж бууж ирнэ. Ан гөрөөс аяндаа үгүй болно.
Үлгэрлэвэл одоо маргааш Туулын голын мод, Хараагийн мод, Ивцэгийн ой, Ононгийн эхний хөвч зэрэг модыг ойр хэдэн жилийн үед ямар ч арвилах хэмнэхийг мэдэхгүйгээр огтолж сүйтгэсэн нь мөнгө болгож бодвол нэг жил бүр арваад сая төгрөгийн модон дэмий үрэгдэж буй, арван жилийн дотор нэг зуун сая төгрөгийн хөрөнгө үрэгдсэн болно.
Ганц Ононгийн эхний зузаан хөвчийг сийрэг болтол огтолсны харгаагаар Хэнтийн ард орсон бөөн цасан мөндөр борооны ус хайлан урсахад торох хаагдах юмгүй болсон тул Ононгийн ус гэнэт үерлэж саваас бялхан гарч, арван таван алд хүртэл өндөр урсаж, Онон дахь суусан орос, буриадын хот шивээ, тариалан хадлан өтөр бууц, хүн малыг гэмтээх нь тасралтгүй болжээ. Учир энэ мэт тул ой модыг боловсноор ашиглавал зохино.
Бас нүүрс түлэх ба үйс холтос авах зэргээр амьд мод алахыг цаазлавал зохино. Хашаа байшин зэргийг шавар, тоосго, чулуу мэтээр барих явдлыг удирдвал аяндаа мод сүйтгэхийг хэмнэж болно. Ан гөрөөсийг мөнхүү боловсноор арвилан хэмнэж, жил бүр өсгөж, олон болгон үүрд тасралтгүй ашиглахад бэлтгэвэл зохино. Мөн тэрчлэн загас болно. Ой мод зузаатгах ба тустай ан гөрөөс өсгөхийг бодож, хэд хэдэн уул, ус зэрэг газрыг онгон сүлд дархан газар болгож, огтлох, агнахыг цаазалбал зохино.
Зургаа. Налайхын чулуун нүүрсний учир хянавал, Нийслэл хүрээний олон амьтны түлэх түлш ба олон албан яам, үйлдвэрийн газраа түлэх түлшинд жил бүр тоо томшгүй олон мод орох ба бас хашаа байшинд хэмжээлшгүй их мод хэрэглэж буй тул эрхбиш арга сүвэгчилж дан ганц түлшний зүйлийг бэлхэн малтаж бүхий Налайхын чулуун нүүрсээр гүйцэтгэж төдий олон модыг арвилан хэмнэж ургуулбал зохино. Хэрэв чулуун нүүрсний түлш түлээнээс үнэ хямд болоод айл гэр болгонд чулуун нүүрсний зуух буй аваас эрхбиш олон түмнээр аяндаа чулуун нүүрс хэрэглэнэ.
Долоо. Гаалийн хэрэг болбаас уг бодлого нь эдүгээ монголын газраас арьс шир, ноос, унгас, үс, мал, адуу, өөх, тос, мод, чулуу, хунчир, мөөг хүртэл дан түүхий эд гаргаж, гаднаас боловсруулсан эд оруулах явдлыг өөрчилж, монголын түүхий эдийг бүрнээ буюу эсвэл заримдаг төдийгөөр боловсруулж гадагш гаргах ба гаднаас аливаа ажил боловсролд тустай машин тоног, онц сайн мал, үр зэргийг амархан оруулах. Бас олон түмэнд тус багатай зүйлийг зүйлийг хэмжээлж, хорлолтой зүйлийг цаазлах мэт байвал зохино. Алсдаа улсын сан хөмрөг зузаармагц дотоодын гаалийг устгаж, дан ганц хязгаар давж гарах орох зүйлээс хураах ба дотоодын аливаа татвар гувчуурыг нарийн нягтаар явуулбал зохино. Ердийн гаалийн байдлыг нягт дүрэмтэй журамтай боловсноор эс засвал болохгүй.
Найм. Монгол улсын нэвтрэлцэх зам харгуйн учир, хянавал Монгол улсын газар орон нь асар уудам, хүн амьтан нь даанч цөөн, хот балгад ховор тул хүн нэвтрэлцэх дардан дэргүүр зам заасан нь үгүй. Гол мөрөнд гүүргүй, намаг шавартай газарт салгүй, хол ойрыг холбож хэл мэдээ авалцах тогтмол шуудангийн өртөөгүй, ийм тул аливаа албан амин хэргээр амархан нэвтрэлцэж үл болохын харгайгаар уналга мал, тэрэг чарга, хүний бие хэчнээн үрэгдэх сүйдэхээс гадна хэчнээн өдөр сар гээгдэж буйг нь мөнгө болгож бүдүүвчлэн бодвол эрхбиш жил бүр гурав дөрвөн сая лан хий хаягдаж байгаа нь илт биш үү. Тийм тул эдийн засгийг ард түмэнд тустай сайнаар явуулсугай хэмээвээс арга буюу олон газрын нэвтрэлцэх хэргийг хүндэтгэн үзэж, муу замыг сайн болгох ба гүүргүйд гүүр, онгоц зэргийг байгуулах хийгээд төмөр утас, телефон татаж, шуудангийн өртөө хэдэн замд тогтоох зэргээр арвилах хурдлах явдлыг хичээвэл зохино.
Ес. Монгол ард иргэний уран дархны үйлдвэрийн учир хянаваас, эдүгээгийн монголчууд аливаа дарханы үйлдвэрийг чадах нь урьдынхаасаа доройтож, цөм хятад үйлдвэрийн иргэний гар харах болжээ. Унгас ноосоор эсгий хийх, цэмбэ дарах нэхэх, өөрсдийн өмсөж эдлэх дээл хувцас зэргийн зүйлийг өөрсдөө эсгэх, оёх болоод төмрөөр ирт мэс хийх, модоор гэр бараа хийх ба эмээл, хом, тэрэг, тоног зэргийг өөрсдөө оролдвоос хийж чадах бөгөөтөл цөм хятадын гараар хийлгэж өндөр үнээр худалдан авах болсон нь чухам сайнгүй шинж мөний тул эрх биш арга сүвэгчилж, олон монголчуудын уран дархны ажил үйлдвэрийг хөгжүүлбээс зохино.
Арав. Улс төр ба ард түмэн хийгээд амин бие хэнд ч тусгүй ямар ба ажил үйлдвэргүй сул явах лам хар эрчүүдийг эрхбиш чадах зохих ажил үйлдвэр, хичээлгэх арга хэрэглэж, эрхбиш тустай нэмэртэй явах болговол зохино.
Арван нэг. Монголын өрх ам, хөрөнгө малын тоо авахын учир, улсын аливаа алба үүрэг тэгшлэх хуваах, буурай чадалтайг нь мэдэх, улсын аливаа засгийн бодол хийх эл явдалд харъяат улсын хязгаар дотор хэчнээн хүн, хэчнээн хөрөнгө буйг нь мэдэх хэрэгтэй тул тоолол явдлыг зохих хугацаа тогтоож, осолгүй нарийнаар авч байх арга хэрэглэвэл зохино.
Арван хоёр. Албан татварын учир, үүнд монголын ард түмнээс гаргуулах алба татвар хоёр зүйл бөгөөд нэгэн болбаас улсын нэгэн болбаас аймаг хошууны хэрэгт гаргуулсан нь боловч, хараахан хуваахад тэгшгүй, тогтсон цаггүй, өдий төдий нь хэмжээгүй тул чухамхүү цаг бусын аюул мэт нэгэн болжээ. Иймийн харгайгаар бүх ард түмний үрэгдэл хохирлыг тоолбол барахгүй, учир тиймийн тул нэгэнд болбаас албан татвар хураахад эрхтэн дархтан, лам хар, аймаг шавь, жас сүрэг хэмээн ялгаварлахгүй цөм хүний чадал ба хөрөнгө зузаан нимгэнийг харгалзуулж, чадал хөрөнгө зузаатгах тутам татвар гувчуурыг улмаар өсгөн хураавал зохино.
Жишээлбэл, нэгэн зуун бодтой хүнээс нэгэн бод авах бөгөөс, хоёр зуун бодтой хүнээс хоёр бод авах бус дөрөв тав буюу авбаас зохино. Учир юун хэмээвээс нэгэн зуун бодтой хүний нэг бодыг авахад ерэн ес үлдэнэ. Хоёр зуун бодтой хүнээс хоёрыг авбал нэгэн зуун ерэн найм үлдэх тул албаны хувийг өсгүүлж тав буюу дээш авбаас энэ хүний хөрөнгө мөн ихээхэн үлдэх тул малаас өөр хөрөнгөтэй хүнээс мөн энэ мэт. Хоёрт болбаас алба тушаах хүмүүс урьдаар албаны зүйлийг аажмаар бэлтгэж байваас зохих тул зүй нь ард олны ашиг бүхий цагийг тохиолдуулж зуны дунд, өвлийн дунд сар мэтээр тогтоож зарлавал зохино. Гуравд болбаас албан тушаах хүн урьдаар түүний хувьд хэчнээн хэмжээний алба ирэхийг мэдэж байвал эрхбиш бэлтгэн чадна за.
Арван гурав. Улсын сан ба орон нутгийн хэрэгт зориулсан орлого зарлагын зүйлийг эрхбиш эсэргэн жилийн нь урьдаар төсөөлж өнгөрсөн жилийн хойно тайлж төсөөлсөн тайлсныг дээд газраас хянан тогтоолгож байвал бүх улс дотор аливаа алба татвар, орлого зарлагын зүйл эмхтэй болно. Хэрэв нийтэд төсөөлөх тайлах явдлыг цаг хугацааны дотор осолгүй нарийн нягтаар үйлдэж, бүгдээр журам болгон дагавал гэнэт дээрээс тэнгэрийн аянга мэт ниргэн ирэх нүдгүй нэргүй албаны аюулаас хэлтэрч, цөм цаг хэмжээ тэгш гурвыг эдэлж болно. (Энд дурдаж буй цаг, хэмжээ,тэгш гурав бол монголын гүн ухааны нэн чухал ойлголт юм-Х.Д.Г.)
Арван дөрөв. Улсын Засгийн газраас онц эзэрхэн ашиглавал зохих зүйлүүдийг эртнээс бодол хийж тогтвол зохино. Үүнд санавал аливаа цахилгааны утас, телефон, шуудан өртөө, аливаа тэмдэг бүхий марк, пиоз хийгээд зоос мөнгөн цутгах ба жигнүүр хэмжээ зэргийг онц эзэрхэн явуулбал сайн болно. Бас аливаа уурхайн зүйлийг онц зузаан ой модны зүйл, монгол газраас гарах эмийн зүйл, хужир давсны зүйл, булга, буга, хүдэр хэрмийн зүйл, загас, ус ба хуурай их замууд зэргийг цөм Засгийн газраас онц эзэрхэн ашиглавал болох мэт.
Арван тав. Монгол улсын аливаа боловсон ажлын учир, малын ажил ба газар тариалангийн ажил хийгээд чулуун нүүрс, алтан мөнгө зэргийн уурхай ба элдэв гарын уран дархны үйлдвэр хийгээд түүхий эд боловсруулах үйлдвэрт цөм аль болохуйц оньст хүрдний машин багаж тоног зэргийг хэрэглэвэл үржил их бөгөөд хүний хүчийг машид арвилна.
Тиймийн тул Нийслэл хүрээний газраа буюу бусад бусад аль зохих газраас олон зүйлийн үйлдвэрийг бүртгэсэн бага жасааны сургууль нэгийг сайнаар нээж, олон монголчуудаас дуртайг нь сургавал аяндаа харь улсын гарыг харахгүй болж, аливаа ажил үйлдвэрийг монголчууд өөрсдөө хийж чадах зам нээгдэнэ. Олон үйлдвэрийн дунд ба дээд эрдмийг гадагш явж сурахгүй болбаас болохгүй болов уу.
Арван зургаа. Монголын харъяат хүний тоо олон болгохын учир, үүнд байцаавал, монголын газар орон нь уудам, хүн нь цөөн тул улсын хүчин буурай, хөрөнгө нимгэн, сүр бага ажгуу. Тиймийн тул зүй нь буриад, торгууд, дотоод монгол, баргын зэрэг монгол үндэстнийг монгол улсын хязгаар дотор дуртай аваас оруулан авч, газар нутаг гарган олгож үүрдийн харъяат болгон монгол улсын соёлд багтаавал зохино. Хэрэв албат олон болбаас дүндээ улсын эд хөрөнгө арвин зузаан болно.
Бас монголчууд дотор яр шарх, заг хүйтэн дэлгэрсний харгайгаар хүний бие бялдар доройтож, үр тасран хомсорно. Хар цагаан бодоо ба улаан шар эсэргэнэ, сахуу, боом, уруу суулга, гэдэс чацга зэргийн халдвартай тахал томуугаар олон их бага насны хүн үхэж буй тул ард түмний амь биеийг аврах тэнхрүүлэх саналаар ардын эмнэлэг тарилгыг эрхэм чухал болгон, Засгийн газраас сэдэв гарган оролдвол зохино.
Нийслэл хүрээний дотор хэдэн түмэн хүн суугаад бузар буртаг хог шавар нь балчиг тамуугаас (энд “о” үсэг эндүүрээгүй-Х.Д.Г.) хэтэрсэн тул ялаа батгана ба тахал хижгийн нян хорхой үүрлэж, манан будан мэт түгсний харгайгаар жилийн дөрвөн цагт ханиад гамшиг томуун үл тасран, хуяг цэрэг хүүхэд шуухад, эр эм, лам хар үгүй хэдэн мянгаар өвдөх үхэх барагдахыг нь мөнгө болгон бодвол нэгэн жилд хэдэн түмэн ба буман лан хүрнэ. Бусад хүрээ хот газраа үлгэр дуу адил буй.
Иймийн тул Нийслэл хүрээний бузар буртгийг хэрхэвч цэвэрлэн арилгаж, хог шороог тусгаар хол газраа агуулан, үргэлж ариун цэвэр эсэн мэнд сууцгаавал мөн ч улсын санд тус болно.
Арван долоо. Монгол улсын гадаад худалдааны учир байцаавал, Орос, Хятад, Рибин, Америк, Англи, Герман зэрэг зэргийн олон их бага улс дотроос зарим нь эзэрхэг шунахай бөгөөд бага буурайг дарламтгай ба залгимтгай, зарим нь хурц эрдэмтэй, зарим бүдүүлэг байх мэт чанар дүрс адилгүй учраа зүй нь харилцан худалдаа ашиг, эрдэм соёлын тухай гэрээ болзоо тогтоон нэвтрэлцэхэд хүрвэл эрхбиш хэдэн давхар хянаж тогтоовол зохино. Герман, Англи, Орос, Америк, Хятад, Рибин хэмээн шилэх сонгоход хүрвэл аль талаар Герман, Орос, Америк хэмээх мэтээр дэс дараалан орно заа. (Энд Герман нэгдүгээрт орж байна-Х.Д.Г.)
Арван найм. Ер сургуулийн учраа, үүнээс дээш тоочсон олон зүйлүүдийг бүрэн сайнаар ёсчлон явуулсугай хэмээхүл ард түмэн даяар ерийн эрдэмд боловсрох хэрэгтэй. Урьд эдүгээ аль ч цагт орон газар хаана ч атугай эрдмээр илүү нь эрх биш түрүүлдэг учиртайг дэлхий дээрх олон улс ухамсарлан мэдэж, эрдэмд боловсруулахыг засгийг бодлогын манлай болгожээ. Улс эрдэм мөхөс болбаас ажил үйлдвэр нь бүдүүлэг, эд хөрөнгө ба сүр хүчин буурай, хэрэв эрдэм дэлгэрсэн болбаас элдэв зүйлийн боловсон арга хэрэглэж, эд хөрөнгө зузаан, сүр хүчин их болно.
Герман улсын ард түмэн нэгэн түмэн эр эм хүн дотроос дөрөвхөн нь бичиг үл мэдэх, английн уул улс дотор нэгэн түмэн хүний арваад хүн бичиг үл мэдэх буй. Оросын түмэн хүний дотор долоон мянга нь бичиг үл мэдэх, Рибин улсын түмэн хүн дотор нэгэн зуун хүн бичиг үл таних мэт үлгэртэй бөгөөд эрдэм соёлоор баялаг нь эд хөрөнгө чадал хүчнээр аяндаа баялаг ажгуу.
Учир тийм тул эдийн засгийг бат нот арвин зузаан болгоё хэмээвээс ард түмнийг эрхбиш ерийн үсэг бичиг, утга уянга ба тустай ашиг тус бүхий эрдмүүдэд сургахыг урьдал болговол зохино. (Энд “утга уянгийн эрдэм” гэдэг нь соёл, урлаг, боловсрол, хэл түүх зэргийн ухааныг хэлж байна, харин “тустай эрдэм” гэдэг нь техникийн болон аж ахуйтай холбоотой ухааныг хэлж байна- Х.Д.Г.)

Зургаан сарын арван нэгэн Олноо Өргөгдсөний арван гуравдугаар он Европын долоон сарын хорин дөрвөн
Нийслэл хүрээ.
Дахин сийрүүлсэн: Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 3 дугаар сарын 20.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

31 Responses to ХЭВЭЭРЭЭ БАЙГАА ЗОРИЛТ…

  1. 100 жилийн дотор хэрэглээгээ л орчин үеийн болгосоноос бусдаар бол хөгжөөгүй юм байнаа.

  2. Ганбаяр says:

    Та ийм түүхэн баримтуудыг хаанаас олдог юм бэ?

    • Ганаа says:

      Архив болон голдуу одоо уншихаа байчихсан номон дундаас. Энэ баримт “МАХН-ын түүхэнд холбогдох баримт бичгүүд” (1920-1940 он) Нэгдүгээр дэвтэр. УБ.1966 номын 94-101 дэх талд байгаа.

  3. Btbr Nm says:

    Хүмүүст мэдээлэл, мэдлэг түгээхэд их цаг хөдөлмөр зарцуулах юм. Үх дүн нь ямар байна?

  4. Ганаа says:

    Би ард түмнийхээ “тэнэг” гэдгийг дэндүү сайн мэднэ. Гэхдээ би харь ард түмэнд хэлэлтэй нь биш, өөрийнхөө ард түмнийг л “загнана” ш дээ. Монголын нийгмийн адгийн практик, төрийн ялзралаас болж манай ард түмэн ухаарч сэхээрч байна. Энд би бодит хандлага, зүй тогтлыг онол-үзэл санааны хувьд үндэслэх үүрэгтэй. Энэ бол үр дүн. Гэхдээ бүрэн биш…

    • Batsukh says:

      Социализмын буянаар овоо улс шиг улс болж байгаад эргээд ардчиллын үед дампуурчихсан шүү дээ. Бид өнөөдөр феодалын нийгэмд амьдарч байна

    • Болд says:

      “Зэмлүүлэх ээж, алгадуулах аавтай байх сайхаан” гэж ардын ярианд байдагчлан өчнөөн гайхалтай мэдлэг, мэдээлэл, ухааралыг олондоо хүртээхдээ, хаа нэг бүтэхгүй улсад тааруулан, далимдуулан хатуу үг хавчуулдаг ч үнэнтэй тул, таныг дэмжин, зөвөөр ойлгодог нь их гэж санадаг шүү тандаа БАЯРЛАЛАА.

  5. БОЛДоо says:

    Ухаантай хүмүүсийн үр сад юм даа

    • Болд says:

      Муу даа л өдий хэрийн байв гэж үү? гачлантайн одоо л өвөг соёл, ухаан, сэтгэлээсээ алгасарч харьжин хөндий цээж, хоосон толгой болон хүнээ байчих гээл бна даа… “Эвлэв л бүтнэ, ховлов л гутна” гэгчээр аргын олбол оройтоогүй гэж санах юм даа.

  6. 1 says:

    Рибин гэж ямар улсыг хэлж байгаа юм болоо?

  7. Anonymous says:

    Yahiin argaggui unshuustai zuil bn. Tanid ih bayarlalaa. Mongolchuud mani, ter dundaa zaluuchuud bid nar ali boloh iimerhuu zuiliig olj unshij, ter ueiin humuus yamar uhaalag baisnaar baharhaj, hundetgeh yostoi. Ungursun ueiin humuusee hundelj, tedneeree baharhaj chadah ter ued l zaluu ue bid nar odoo garaad bui aldaa dutagdaliig zasaj zalruulj, hoishid dahin aldahgui eh orniihoo tuluu ajillaj amidarch, bas eh orondoo jargaltai saihan amidrana gej bi bodoj bn.

  8. delgermaa says:

    medwel zohihuig meduuleh uilsdee ulam ih amjilt gargaarai ah mini, ta nomnuudaa olj awaldaa

  9. Enkhbold says:

    Uildverlej baigaa yum unendee manaid hovordoo nair naadam hiihdee l ulam sain bolood baih yum omno naadam hiigeed l boldog baisan odoo Danshig l gene Tor-n tahilga l gene tegeed bayar temdeglej bn geed ongo ong-n torgoor bie orooson humuus ene bugded etses dundee manai ulsad yamarch ashig bhgui 1 naadam hiilee gej bodohod gadaadaas ondor uneer avdag baahan benzin l shatna tal-g tam bolgono arhi uuj bie horduulna ard tumen amidrald uldeh yum yu ch bhgui iim setgehuitei bhad uildverlel medleg deer tulguurlasan shinjleh uhaanii undestei yum yarij bgaa humuus bugd ad shoo uzegdene boo lam muhar shushigten id shitten tenger met shutegdej bgaa yum daa

  10. Эвсанаа says:

    нэг л тийм хавтгай нийгэм болчихсон..боловсрол олгож байгаа их сургуулиуд нь хэн нь хэндээ юу заах гээд байгаа нь тодорхойгүй болчихсон..хөдөөнөөс орж ирэгсэд нь хотын утга учирыг ухаараачгүй, тэгээд болоод байна гээд л яваад байдаг..нэг тийм мухар тойрогт орчихсон нэг нь нэгнээсээ шалтгаалаад яач ч болдоггүй болчихсон..хэтэрхий бүдүүлэг дүлий дүмб амьдралаасаа гарч чадахаа байчихсан..гээд таагүй ажиглалтууд байнаа…
    гэхдээ одоогийн залуучууд уг нь их уншаад байгаа бололтой гэхдээ биширч дагаж уншаад байх шиг..аливааг өөртөө тусгаж харьцуулах ёстой баймаар..
    бас бүр сүүлийн үеийн хүүхдүүд нь их сэргэлэн, сэтгэхүй сайтай юм шиг мөртлөө хий амбиц гаргахаас цааш юм харагдахгүй..
    хамгийн хэцүү нь янз бүрийн бүлэг хүмүүс хоорондын хэзээ ч нийлэхгүй тасралт маш их байх юмаа..
    …нэг тийм дор бүрнээ л байгаад байгаамдаа сонин…

  11. ганбаатар says:

    Баярлалаа, Танд. бид байтугай Таниас өмнөх үеийнхэн мэдэхгүй л баримт бичиг байна. ийм товч эмх цэгцтэй, бодлого бүрэн тусгагдсан баримт бичиг, хууль хиймээр байгаан ТӨР. ОЛИГАРХИУД, гэдэг новшнууд аа гэж. ганцаараа өдөрт нэг хонь идэхгүй, өдөрт 1шил виски ууж чадахгүй байж үхснээ хийж хойд насандаа бирд болох гээд шунаад гүйгээд байдагийг ойлгохгүйм хүүхдүүдийг

  12. Болд says:

    “Хэзээ монгол ард түмний эрхэлсэн ажил үйлдвэр бат лут болоод, эдийн үйлдвэр хөгжиж чадаагүй цагт монголын худалдааны явдал эрхбиш гарзтай байх учиртай тул улсын эдийн засгийн бодлогод гүнээ холбогдоно.” ядахдаа энэ ганц өгүүлбэрийг ойлгож одоогчлон хэрэгжүүлж дөнгөдөг улс, төр засагт бсансан бол бид ингээл муухай царайлж баймгүй байх юм даа. Судлаач ахдаа ийм чухал, үнэн бодит баримтыг олж уншсуулсанд гүнээ талархаж эрүүл энх, эрдмийн арвин буянг хүсэн ерөөе.

  13. Арилдий says:

    Бид ингэж хэлэлцэж, ойлгож байгаа нь бас нэг дэвшил. Харин энэ мэтийг мэдэхгүй, савангийн хөөс шиг амьдралдаа нүдээ таглуулсан олон хүмүүс бий. Бид хүрээгээ тэлэх хэрэгтэй…

    • Болд says:

      Тийм шүү Арилдий бид өөрсдөө дэвшиж дэвжихээсээ илүү, зөв үнэн мэдээлэлийг мэдэхгүй, сонсоогүй, ойлгоогүй бгаа олон түмэндээ хүрч таниулах үүрэгтэйм шигээ

  14. ББолд says:

    “Үгүй ээ, цаад эздийг нь гэж” нэг монгол кинонд гардаг шиг энэ бүхний цаад учир шалтгаануудыг, сэдэл логикийг нь олж харж судлах хэрэгтэй дээ. Амжилт хүсье. 🙂

  15. Erdene says:

    Ter ued ulsiin xugjluu systemchlex bodlogo gargaj baijee. xarin manaix system, standart gedeg umiig daanch oilgoxgui, yadaj muxraar dagaj ajillaxgui um. xar ayaandaa xiij sursan zuilee bolj bn butej bn geed baixaar yaj uragsh xudlux ve dee. systemiin xyamral gedeg n ungursun 20 jild baisan baix. odoo bol yamar ch system baixgui. zugeer l ul medegch nar ail ger bolj toglood l duusch bn.

  16. Эрдэнэ says:

    Аль 90 жилийн өмнө ийм нямбай задлан шинжилж хөгжих үндсэн чигээ илүү дутуу эдийн засгийн онол судлалгүй, бодит байдлаа мэдэрч гаргаж ирсэн байхад өнөөдөр байдал хэвэндээ шахуу байна гэдэг, бүх учир монгол хүндээ л байна даа. Дүгнэлт: монгол хүнийг захиргаадахгүйгээр зөнд нь хаявал малтайгаа адил болно.

    • Болд says:

      Уучлаарай Монгол хүн, Монголчууд зөнгөөрөө болоод өдий хүрсийн, ямар малаа яаж ташуурдахаа мэдсэн улсад ташуур захиргаадалт хүчлэл дутна гэж байхгүй бхоо, сонин гэвэл хүүхэддээ хатуу хүрэхдээ өгзөг, ханиа өршөөж хайрлахдаа үнэрлэх гэсэн сургааль номлолтой үндэстэн биднээс Монголчуудаас өөр байдгүйм билээ.

  17. L.Ankhbayar says:

    Энийг уншисан төрийн хар хүн ямар ч байсан нэгийг бодмоор зүйл байна. Даанч манайхан Намын нэрийг нь хараад уншаагүй байх. Хайран юм.

    Нам гэдэг зүйл ер нь ямар хэрэгтэй юм. Хайран сайхан ажилууд ингээд мартагдсан байх гэж.

  18. залхсан хүн says:

    Юу ч гэхэв дээ. 100 жил Өнгөрөхөд бүгд хэвээрээ. уул нь соцын буянаар овоо урагш алхаад одоо сэтгэлгээний хувьд буцаад ухарсан бна. Ер нь ингэж заваарч бхаар хужаадаа нэгдээд явбал яасийн. монгол хүн л лав улсаа удирдаад явж чадахгүй юм бна

    • Болд says:

      Тийм шүү ийм буруу хөгжил бодлогыг Монгол хүн удирдахгүйшд, харин Монгол улсаа бүү хэл дэлхийн хагасыг зохицуулж удирдаж болсон юм өнөөдрийн хавчигдсан төр улсаа залах хийх Монгол хүн байлгүй дээ. Нэгдэхдээ хүрвэл дэлхийтэй нэгдийшд ккк.

  19. Өлзий says:

    Яг ориг хувийг нь үзэх юмсан. Скайнердаад зураг болгоод тавчих боломж байна уу

    • Ганаа says:

      Юун илүү зантай юм ?! Судалдаг хүмүүс нь бүгдээрээ мэддэг юм. Чи хүнд ажил удчихаад юу хийхээ хэлэх хэрэгтэй л дээ. Зүгээр л сониуч зан гаргаж байвал энэ чинь утгагүй ш дээ…

  20. Энх тамир says:

    Яагаад ийм болчихов ? яаж энэ байдлаас гарах вэ гэдэг асуулт өөртөө тавьж хариулт олохыг бод. Энэ үзэгдэл учир цорын ганц учир шалтгаантай байх учиртай. Хэрэв учир шалтгаан хоёр байх л юм бол асуудал хэзээч шийдэгдэхгүй.

    • Болд says:

      Кк үзэгдэл биш түүх, чинийхээр бол ямар ганц? нэг? шалтгаан бгааг хэлчээсэй билээ? ядаж бүтээх сөнөөх 2 шалтгаан баймаарийн? хэхэ багадаа 2 учир бгаад 1 үр жанцан түмэн салаалчаал чам мэт нь дэмийрч бгаашд. Сайн сэтгэл гаргаад хэлбэл бидний санаа ухамсар 2дож 3даж гэхчлэн нэгдэж дөнгөхгүй бас нэгдүүлэхгүй гаднаас хамаараад элийрч балайрахдаа тулаад бгааг судлаач ах сануулж бнаа.

  21. Tuvshin says:

    zalhsan huniig senhruul, es oilgovol zansh, bur oilgohgui bol thahilgaan sandal duujluur gej zovoolgui shuud buudchih. Ug ni azarganii suulnees uyaj chirguultei ni bilee novshiig.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: