СЕРГЕЙ ВОЛКОВ: АГАРЫН ОРОН

Манайхан Шамбалын орныг “сайн мэдэх” боловч түүнтэй ямагт хамт яригддаг Агарын орны талаарх мэдээллийг огт анхаардаггүй. Энэ талаар “олон юм” бичиж болох авч шинжлэх ухаанаас “хэт холдох” гээд болохгүй байна. Ингээд “загнуулах аюул” багатайгаар нь мөнөөх Сергей Волковын өгүүллийг орчуулж байна. Монголчууд Энэтхэгийг Жагарын орон гэдэг. Үүнийг л хэлж байгаа биз гэж бодоод би анхандаа “тоогоогүй” их удсан юм. Гэтэл манай лут хөгшчүүд Шамбал, Агарын орон гэж хамт залбирдагийг үзээд сонирхож эхэлсэн юм. Магадгүй Таны өвөө, эмээ нар ч залбирч байсан байх…Монголд “дэлхийн энергийн төвүүд”-ийг энд тэндгүй “нээж”, “ажиллуулж” буй өнөө үед Агарын орныг “угаасаа мэддэг байсан”, “олчихсон” гэх хүмүүс гарч ирэх нь гарцаагүй юм. Энэ орчуулгыг эгэл жирийн уншигчдад зориулж сонирхуулж байгаа болохоос дүвчигнөх, мунхруулгын бизнес болгох гэсэн хүмүүст огт хамаагүй гэдгийг онцлон сануулж байна…
Цагаан ус (Беловодье), Агар, Шамбал гэсэн гурван домогт нэрнээс европын уншигчид Шамбалыг илүү дуулсан байдаг. Харин тэд Агарын орны тухай домгийг бараг мэдэхгүй, түүний үүслийг бараг судлаагүй. Агар буюу санскритээр (монголоор самгарди хэл) Агартха гэдэг нь “хүрч болшгүй, “нэвтэрч болшгүй” гэсэн утгатай.
Агарын орны тухай анхны мэдээлэл францын маркиз Сент-Ива д`Альвейдр “Энэтхэгт гүйцэтгэсэн үүрэг” номоор тархсан байна. Энэ номыг 1866 онд бичсэн бөгөөд, зохиогчийг нас барсны дараа 1910 онд хэвлэжээ. Дараа нь Ф.Оссендовский иргэний дайны жилүүдэд Монголоор тэнүүчилсэн адал явдлаа өгүүлсэн “Хүн, адгуус, бурхны орноор” (1922) номондоо газар дорхи домгийн орны тухай тодорхой өгүүлсэн байдаг. Эдгээр бүтээл гарах хүртэл Европт Агарын орныг огт мэдэхгүй байжээ…
Энэ сэдвийг хожим нь олон янзаар тайлбарлагчид болон дорно дахины уламжлалыг судлаачид Буддын ном сургаалиудаас ч, түүхийн баримт бичгүүдээс ч Агарын орны тухай ямар ч ул мөр олоогүй…
Ингээд Төв Азийг судлаач, швед эрдэмтэн Свен Гедин (1865-1955) Оссендовскийн номыг эрс шүүмжилж, “Оссендовский ба үнэн” (1925) гэсэн товхимолдоо Оссендовский Агарын орны тухай өгүүллээ д`Альвейдр-аас бүрэн хуулсан бөгөөд бусдыг нь өөрөө бодож олсон гэж мэдэгдсэн…
Ингээд ХХ зууны төгсгөл гэхэд нэвтэрхий толь бичгүүдэд монголын буддистуудын домог зүйд нэн эртний гэгээнтнүүд амьдардаг, дэлхийн үйл явдлыг далдаас удирдаж байдаг Агар хэмээх орон байдаг тухай өгүүлэх болсон юм. Эдгээрт Агарын орныг “Дэлхийн нууц шидэт Төв”, “Нарны гүрний угсаа”, “Дэлхийн хааны залрах орон” гэж нэрлэх бөгөөд хожим нь Ф.Оссендовскийн бүтээл утга зохиолын дурдатгалуудад ихэд нэрд гарснаар түүнийг Монголын газар нутагтай удаан хугацаагаар холбож өгсөн юм.
Харин нэг зүйл тодорхой. Энэ нь Монголд лам нар ч, нутгийн нүүдэлчид ч ийм орны тухай юу ч сонсоогүй байдаг. Магадгүй, Оссендовскийн номыг монгол хэлнээ орчуулаагүй, Орос хэвлэл нь Улаанбаатарын төв номын сангийн архивт байхгүй гэсэн тун энгийн шалтгаанд ч байж мэднэ. Энэ домгийн ул мөр Монгол-Түвдийн урлагт ч байхгүй, мөн үйл явдал өөрөө ч байхгүй, түүний ул мөр бас л байхгүйг нэг биш удаа нотолсон юм…
Одоо болтол нууцат Агарын орны тухай цорын ганц, батлагдаагүй эх үүсвэр нь дээр дурдсан польш гаралт Ф.Оссендовскийн ном хийгээд түүнээс 12 жилийн өмнө бичсэн д`Альвейдр-ын ном болно. Ф.Оссендовский иргэний дайны үед Колчакын Сибирийн Засгийн газрын Сайд нарын зөвлөлийн гишүүн, түүний Зээлийн газрын захирлын алба хашиж байгаад хожим нь Монголд дүрвэн ирсэн юм.
Энэ хоёр зохиогч хүмүүн бусын гарал үүсэлтэй, Анхдагч Мэргэн Ухааныг хадгалж, нууц нийгэмлэгүүдээрээ олон зууны турш үеэс үед дамжуулж ирсэн Оюун Санааны Төв болсон газар дорхи нууц орон байдаг гэж баталдаг. Газар дорхи энэ орны хүмүүс техникийн хөгжлөөрөө хүн төрөлхтнөөс үлэмж давуу бөгөөд үл үзэгдэх эрчим хүчийг эзэмддэг, газар дорхи хонгилуудаар дамжин бүх тивүүдтэй холбоотой байдаг аж.
Агарын орны тухай домгийн энэ хоёр хувилбарыг харьцуулан шинжилсэн францын эрдэмтэн Рене Генон “Дэлхийн хаан” хэмээх номондоо” “Хэрэв түүхийн хувьд нэн алслагдсан эх сурвалжуудаас гарч буй түүхийн энэ хоёр хувилбар үнэхээр байгаа бол тэдгээрийг хайж, нягт нямбай харьцуулж үзэх нь сонирхолтой хэрэг” гэж тэмдэглэсэн байдаг…
Францын сэтгэгч-эзотерик маркиз Сент-Ива д`Альвейдр (1842–1909) бол эртний оккультизмын тухай бичсэн бүтээлээрээ, мөн “Синархи” хэмээн нэрлэгдэх болсон түүхийн болон хүний нийгмийн шинэ түгээмэл хуулийг томъёолж, түүхэнд мэдэгдэм ул мөрөө үлдээсэн хүн болно.
Сент Ива-гийн сургаальд гардаг дэлхийн шинэ дэг журмын тухай үзэл санаа нь Германы үндэсний социалист намын ирээдүйн удирдагчдын анхаарлыг татаж чадсан юм. Сент-Ива-гийн өгүүлснээр бол Агарын орны тухай мэдээллийг тэр “Дэлхийн оккульт Засгийн газрын элч, афганы хан хүү Харжи Шариф болон Гималайн орчимд байрлах Агарын орны төвөөс авсан гэдэг…
Агарын орон бол 20 сая хүн ам бүхий бүхэл бүтэн агуйн сүлжээ бөгөөд “Дэлхийн хамгийн нууцлаг ариун газар” болно. Энд дэлхийн хүн төрөлхтний 556 зууны туршид амьдран хувьсаж ирсэн бүхий л түүхийн он дарааллын бичиг хадгалагдаж байдаг бөгөөд тэдгээрийг чулуун зээрэнцэг дээр бичсэн байдаг аж.
Сүүлийн үед Түвдээс нууцлаг “Баян Хар Уулын зээрэнцэгүүд” (үүнийг зохиогч яг монгол галигаар бичсэн байна-Д.Г.) олсон тухай эргэлзээтэй мэдээлэл гарч байгааг тэмдэглэх нь сонирхолтой юм. Зарим таамаглалаар гадаргуу дээрээ тайлан уншиж болохгүй дугуйрсан зурлагууд байдаг байна. Баян Хар Уулын агуйнуудаас одоогоор 716 чулуун зээрэнцэг олоод байгаа бөгөөд тэдгээр нь голдоо пянз адил нүхтэй байдаг аж. Эдгээр зээрэнцгүүдийн фото зураг, тухайлбал Хятадын Сиань хотын Баньпо музейд байгаа.
Энэтхэгийн сурвалжид тулгуурласан Сент-Ивийн сургааль нь хүн төрөлхтний цаг дараалал, эртний үеийг хүн төрөлхтний дээд өвөг домогт Ману-гийн үе буюу 55647 жилийн өмнөхийг өгүүлдэг. Зохиогч бүтээлээ “боловсролтой, хамгийн гэгээрсэн хүмүүс болон төрийн зүтгэлтнүүдэд” зориулж бичсэн гэж дурдаад Агарын төрийн байгууламжийг үнэмшилтэйгээр дүрсэлж, хангалттай өвөрмөц дараах зүйлсийг тоочсон байдаг. Үүнд:
• Орчин үеийн шидэт “Рамын Хүрдний Ариун газар” нэрийг Иршу-гийн задралын дараа, ойролцоогоор 5100 жилийн өмнө өгчээ. Энэ бол “хүчирхийлэлд үл өртөх”, “замбараагүйдэлд автахгүй” гэсэн утга бүхий “Агар” гэсэн нэр юм. Манай уншигчид Гималайн зарим мужид Гермесийн 22 архадыг дүрсэлсэн 22 сүмийн дунд, зарим ариун бичгийн 22 үсгийг мэдэхэд л хангалттай. Энд Агар ид шидэт ТЭГ (0) буюу “Олдошгүй” гэсэн утгатай байдаг.
Сент-Ив өөрт нь Бомбейд байдаг багш нь дамжуулж өгсөн гэх агар хэлний ариун цагаан толгойг ашиглан өөрийн “Археометр”-ыг зохиосон аж. Энэ цагаан толгой нь хэл шинжээчдийн дүгнэлтээр маш нууцлаг, эдүгээ тодорхой буй нэг ч цагаан толгойтой төсгүй байдаг аж.
• Агарын оронд манайхан шиг аймшигт шийтгэлийн системийн алийг ч хэрэглэдэггүй, мөн шорон байхгүй. Цаазлах ял байхгүй. Агарын оронд гуйланчлал, янханчлал, архидалт, харгис амиа бодох явдал байхгүй. Кастын хуваарь нь тодорхойгүй.
• Агуу Их Сургуулиас (Агараас) хөөгдсөн аймгуудын дунд нэг тэнэмэл аймаг байсан бөгөөд тэд XY зуунаас эхлэн бүх Европод хачирхалтай туршлагаа үзүүлж байгаа. Цыгануудын жинхэнэ үүсэл нь энэ юм. Цыган гэдэг нь “Надаас хол бай” гэсэн утга бүхий Bohami гэсэн самгарди үг болно.
• Агарын орон дэлхийн өсөн хөгжиж ирсэн бүхий үе шатны Сүнснүүдийг манай нарны системийн цаад хязгаар хүртэл хянаж чаддаг. Зарим цаг үед нөхцөгсдийг харж, бас ярьж болдог. “Өвөг Дээдсээ Дээдлэхүйн” эртний нууц нь энэ юм…
• Агарын орны мэргэд “манай гариг дээрх сүүлчийн усан галавын зааг хилийг шалгасан бөгөөд түүнийг арван гурав юм уу, арван дөрвөн зуун жилийн дараа дахин сэргээх боломжит анхдагч цэгийг тодорхойлсон”
• “Буддизмыг үндэслэгч Шагжмуни Агарын Ариун Газрын гэгээрлийг хүртсэн бөгөөд харин Агарын орноос явахдаа бичсэн зүйлээ авч гарч чадаагүй, хожим нь ой тойндоо үлдсэн хэсгийг л анхныхаа шавь нарт хэлж бичүүлсэн”.
• “Ямар ч гэгээрсэн хүн Агарын орноос түүний шинжлэх ухааны жинхэнэ бүтээлийг авч гарч чадахгүй, учир нь тэдгээрийг хүмүүст үл ойлгогдох тэмдэгтүүдээр чулуунд сийлсэн гэдгийг би дурдсан. Ариун газрын босгыг сурагчийн хүсэл эрмэлзэлгүйгээр давах боломжгүй. Агарын орны доод хэсэг нь янз бүрийн аргаар ид шидээр бүтээгдсэн бөгөөд тэнд Бурханлаг үг эртний бүх сүм хийдүүдэд байдаг шиг үүрэг гүйцэтгэж байдаг”.
• “Ариун судрууд улс төрийн нөхцөл байдлын улмаас хаа сайгүй системээрээ өөрчлөгдсөн. Харин манай жинхэнэ Ариун судрын еврей-египет номноос алдагдсан бүх нууц, түүний чанадад хүрэх түлхүүр зөвхөн Агарын оронд үлдсэн”.
Харин Агарын орон чухам хаана байдаг гэсэн асуултад Сент-Ив хариулаагүй, түүний бичвэрт Агарын толгой тал бэлэгдэл утгаараа Афганистантай шүргэлцэнэ, харин хөл буюу бэлээрээ Бирмани-г тулж байдаг гэж дам заасан. Энэ газар нутаг нь тухайн үед бага судлагдсан Гималайн уулсын мужуудтай нийлнэ. Эртний алдагдсан мэдлэг байгаа Дэлхий дээрх хамгийн нууц ариун газрыг гайхамшигтайгаар дүрслэн бичсэн нь хожим энэхүү нууц ариун газрыг Түвдээс хайхад хүргэсэн юм. Ингээд янз бүрийн орны эрдэмтэд, түрэмгийчүүд, төрийн зүтгэлтнүүд Агарын оронтой холбоо тогтоохын тулд Төв Азийн бага судлагдсан бүс нутгуудад янз бүрийн экспедици явуулах болжээ…
Польшийн зохиолч Ф. Оссендовский (1876–1945) зөвхөн Хойт Африкаар аялсан талаараа 20 орчим ном бичиж утга зохиолын ихээхэн өв үлдээсэн боловч иргэний дайны үеэр Тува, Монголоор тэнэж, газар дорх Агарын орон ба Дэлхийн Хааны тухай сонирхолтой нарийн өгүүлсэн ганц ном нь л хамгийн их амжилт олсон юм.
Монгол сурвалжид үндэслэсэн Ф.Оссендовскийн өгүүлэлд оньсого мэт энэ орныг Agharti хэмээх бөгөөд хэрэв түүний номыг өнгөц уншвал энэ оронд орох хаалга нь Монголд байгаа мэт санагдана. Энэ домгийг давтан өгүүлэгч хожмын судлаач нар ч ингэж үзэж байв. Цаг хугацаа өнгөрөх тутам Агарын орон нь Монголын домогт хамаарах бөгөөд улмаар үлгэр домгийн энэ орон Ази тивийн яг зүрхэнд тольтод байдаг гэх итгэл үнэмшил бий болжээ…
Би ч гэсэн (би биш, Сергей Волков шүү дээ-Д.Г.) Оссендовскийн алдарт номоо бичиж, тэнэж явсан Монголоос л Агарын орныг хайх ёстой гэдэгт итгэлтэй байсан юм. Би арав гаруй жилийн турш Монголд явуулсан зуны экспедицийн үеэр олон түүхч, лам нарын төлөөллөөс Агарын орны тухай шалгааж асууж байсан боловч тэдний хэн нь ч энэ сэдвээр юу ч мэдэхгүй байсан юм…
Тэгсэн чинь Монголын нэрд гарсан агуйнуудыг бүрэн хэмжиж, бүртгэлжүүлсэн боловч том бөгөөд судлагдаагүй агуйнууд тодорхойгүй байдаг юм байна. Оссендовскийн баталснаар газар дорх орон руу орох хаалганы яг хажууд байх Ноган-Куль гэдэг нуур Монголд байхгүй юм. Энэ нуурын тухай шалгаахад монголчууд Ноган-Куль бол түрэг нэр, Монголд бол нэрийн ард нуур гэдэг төгсгөл байдгийг хэлж өгсөн юм. Удаан хайсны эцэст би энэ нуурыг Ф. Оссендовский Красноярскаас дүрвэн гарсан чиглэл дамжин гардаг Сибирийн өмнөд уулс, Баруун Саянд ийм нуур байгааг олсон билээ.
Ингээд Ф. Оссендовскийн бичсэн анхдагч мэдээлэлд ийн өгүүлдэг: “Амыл-д амьдардаг өвгөчүүл ямар нэг монгол овог Чингис хааны дарлалаас зугтаж яваад газар дорх оронд нуугдсан тухай эртний домог ярьж өгсөн юм. Дараа нь Ноган-Куль нуураас холгүй нэгэн соёд хүн өөрийнх нь хэлснээр Агарын оронд хүргэдэг балархай хаалга үзүүлсэн юм. Өнө эртний үед энэ хаалгаар дамжин газар дорхи оронд нэг анчин оржээ. Тэндээс эргэж ирмэгцээ тэр үзсэн харснаа ярьж эхэлсэн байна, харин лам нар нууцын нууцыг задлуулахгүйн тулд тэрхүү анчны хэлийг хяргажээ. Хөгшин болсон хойноо тэрбээр хуучин дурдатгалаа санагалзан агуйн хаалга руу эргэн ирж, газар дорхи оронд алга болжээ”.
Тайлбар. Зохиогч энд зарим монгол нэр томъёог эндүүрч байна. Соёд урианхай бол цэвэр монгол аймаг болохоос гадна Соён бол цэвэр монгол нутаг болно. Та бидний сайн мэдэх Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийн эхний “Хэнтий Хангай, Саяны” гэсэн мөрүүд үүнийг нотолно. Харин яг монгол бичгээр бол Соён гэж бичих учиртай. Бид нар л “оросоор” Саян гээд сурчихаж. Мөн би эндүүрээгүй бол “куль” гэдэг нь түрэгээр нуур гэсэн утга байх. Ингэж үзвэл Монголд Ногоон нуур хаа сайгүй бий дээ…
Амыл гол бол Енисейд цутгадаг Туба голын цутгалан бөгөөд уугуул соёдууд амьдран байсан Баруун Соёнд Кызыл хотоос хойт зүйгт оршдог. Газрын зураг дээрээс Музур-Тайга нурууны өмнөд хэсэг Ак-Оюк болон Бельд оргилуудын дунд, Онгулук-Оюук голын эх (Шуйн голын бассейн) болон Чинге-Хем голын хөндийг холбосон Ноган-Холь (2А, 3460 м) давааг хялбархан олж болно.
Онгулук-Оюук голын зүүн эхийн хөндийд хоёр нуур буй. Чухамхүү энэ газар л Ф. Оссендовскийн өгүүлсэн оньсогот газар дорх Агарын оронд орох хаалгатай дүйж байна.
(Энд зохиогч нууранд хүрэх жуулчны гарын авлагаас нэлээд зүйл бичсэнийг ач холбогдол багатай хэмээн үзээд орхив- Д.Г).
Энэ газраар дамжин Енисейн болон Амыл голын хөндийг өгсөж, Баруун Соёны нуруу, Алжиакын ( Алжаахын даваа- Д.Г.) давааг давж Ф. Оссендовский Красноярскаас Монголд хүрсэн юм. Чухамхүү Тувад л тэр Агарын орны тухай соёд хүний яриаг анх сонсжээ.
1921 онд З.Ф.Унгерн дөрвөн хороо казакуудын хүчээр Нийслэл Хүрээг хятадуудаас чөлөөлснийхөө дараа гурван метрийн өндөртэй аварга хүмүүс болон Харанхуйн Хаан унтаж байдаг гэж итгэдэг байсан газар дорхи Агарын орныг олуулахаар итгэлтэй хүмүүсээ явуулж байсныг энд нэмэх ёстой байх. Түүний хоёр дахь экспедици эргэж ирээгүй юм. Яагаад Р.Ф. Унгерн хүмүүсээ Түвд рүү илгээж, харин Баруун Соёныг үлдээсэн нь оньсого болон үлджээ…
Төв Азийн нэрд гарсан аялагчдын тэмдэглэлүүдэд Агарын орны тухай ганц ч судлаач дурдаагүй. Мөн Агарын орны тухай Е.Блаватская юу ч хэлээгүй. 1884-1886 онуудад Монголд явуулсан экспедицийн үеэр Г.Н.Потанины цуглуулсан домог, түүхэн ярианы цуглуулгад Агарын орныг дурссан зүйл байхгүй…
Түүнчлэн энэ сэдвээр орчин үеийн монголын түүхчид, сүм хийдийн лам нараас ямар нэг баталгаа олдоогүй. Хэдий ийм боловч Агарын орны тухай Ф.Оссендовскийн мэдээллийг янз бүрээр тайлбарласан сэтгүүл зүйн нийтлэлүүд олширсоор байна. Шинэ нийтлэлүүд гарах тусам Агарын ариун орон нь сайн-муугийн үнэлэмжээрээ Шамбалаас улам дээр гарч, улам их хүмүүнлэг, сайн сайхан, мэргэн цэцний шинжийг олсоор байна.
Агарын орны тухай домог нь Дэлхийн Хааны тухай өгүүллийн улмаас нэрд гарсан юм. Сент-Ив Агарын орны тэргүүнийг “Дэлхийн Хаан” гэж нэрлээгүй, харин “Дээд Мэргэн” гэж нэрлэсэн. Түүнийхээр бол Агарын орны тэргүүн Brahatma цолтой бөгөөд Бурхантай шууд ярьж чаддаг байна. Мөн Сент-Ива-гийн дүрсэлж байгаагаар Агарын төв нь “өнө эрт цагт Manu-гийн эриний Vaivaswata-аас үүсэлтэй бөгөөд Ayodhya-д амьдарч байсан эртний Нарны Эзэнт гүрний өвийг цуглуулж үлдсэн” аж.
Харин Ф.Оссендовский Агарын газар дорхи нууц орон, Дэлхийн Хааны тухай Жа ламтай ярилцахад тэрээр “Дэлхийн Хааны ариун нэрийг одоо амьд сэрүүн байгаа хүмүүсээс зөвхөн ганц хүн л мэднэ. Энэ хүн бол- БИ” гэж Жа лам Дамбийжанцан хариулсныг тэмдэглэсэн байдаг…
Газар дорхи орны тухай эртний домог бүр Чингис хааны үеэс тодорхой байдаг бөгөөд орох хаалга нь Баруун Соёнд, Тувагийн Ноган-Куль нуураас холгүй байрладаг.
Ф. Оссендовский ийн өгүүлдэг. “Жаран мянган жилийн өмнө нэгэн гэгээнтэн аймгийнхаа хамтаар газар дор нуугдсан бөгөөд тэднийг ахин хэн ч хараагүй аж. Энэхүү газар дорхи орныг Шагжмуни, Өндөр гэгээн, Паспа, султан Бабер зэрэг олон хүн үзсэн байна.
Одоо бол энэ орон хаа байгааг хэн ч мэдэхгүй. Зарим нь Афганистан, зарим нь Энэтхэг гэх нь буй. Тэнд хүмүүс нүгэл үйлддэггүй, энэ оронд гэмт хэрэг байдаггүй. Тэнд шинжлэх ухаан сайхан хөгжиж, үхэл хэнийг ч заналхийлдэггүй. Газрын дорхи ард түмэн мэдлэгийн ер бусын өндөрлөгт хүрсэн. Одоо энэ орон Дэлхийн Хаан ухаалаг захирч байдаг олон сая хүн амтай томоохон улс болсон.
Энэ Хаан дэлхийн байгууламжийн нууц пүршийг удирдан залдаг. Тэрбээр дэлхий дээр буй найман зуун сая хүний зан үйлийг удирдаж, бүх хүн түүнийг хүсэл зоригийг биелүүлж байдаг. Энэ улсыг Агарын орон гэнэ. Энэ орон газар доогуур бүх гаригийг нэвчин үргэлжилнэ. Агарын оронд гэгээрсэн Бандидууд чулуун зээрэнцэгт манай гариг болон бусад ертөнцүүдийн бүхий л мэдлэгүүдийг бичиж байдаг”.
Монголоор тэнүүчилсэн тухай тэмдэглэлийнхээ төгсгөлийн үгэнд Ф.Оссендовский газар дорхи Агарын орны тухай мэдээллийг Тувагийн Улаан-Тайш ууланд анх сонссон тухайгаа дахин бүр тодорхой өгүүлсэн нь буй. Тэрээр өмнө өгүүлснээ бүр тодотгож: “дэлхийгээс аль эрт алга болсон ард түмэн Агарын оронд амьдрах газраа олжээ. Тэдний дунд Атлантида, Гондвана, Лемурия, Лелирция болон домгийн бусад тивийн олон аймгууд байдаг бөгөөд тэдний тухай мэдээлэл буддын хийдүүдэд байдаг…Одоо болтол хэнд ч мэдэгдээгүй байгаа ард түмэн дэлхий дээр арван мянган хүнээс ердөө нэг нь л үлдэх түнэр харанхуй, үхэл ноёрхож, газар дэлхий хоосрох үед газар дээр ил гарч ирэх бөгөөд Агарын оронд хадгалагдаж буй хүн төрөлхтний удмын сангийн ачаар газар дэлхий дээр шинэ амьдрал эхлэх жамтай” гэсэн байдаг.
Харамсалтай нь Агарын орны тухай домгийн үүслийн сурвалжийг тогтоож чадаагүй байна. Сент-Ива д`Альвейдр болон Ф. Оссендовский нарыг харьцуулсан шинжилгээнээс үүдэн нэрд гарсан “Уламжлал судлаач” Рене Генон: “Агарын орон нь теософич, оккультист, спирит-уудыг тэтгэж байдаг хуурамч оюун санааны чөтгөрийн Шамбалыг сөрөн зогсдог эзотерик Гэгээрлийн цорын ганц жинхэнэ төв болно” гэж дүгнэсэн байдаг. (Энциклопедия мистических терминов. М., 1998 г., стр. 14.)
Ф.Оссендовскийн хэлж буйгаар газар дорхи Агарын орон нь агуй болон хонгилын системээрээ манай гаригийн бүх тивүүдэд хүрдэг байна. Шамбалын тухай домгуудад газар дорхи мурий тахир гарцуудын талаар байнга дурддаг ба энэ нь голдуу “хэн ч хэзээ ч нээж болохгүй” гэсэн бичигтэй чулуун хаалгаар төгсдөг. Гарцуудыг урилгагүй зочдоос үхлийн харц, хүчний талбайгаар хамгаалдаг байна…
Энэ талаар Н.Рерих: “Агуй дахь чулуун хаалганы цаана ирээдүйн нууц хадгалагдан буй…Монголын газарчид газар дорхи гарцын талаар олон зүйл ярьдаг юм. Элсэн толгодод газар дорхи нууцат орныг хай…Орох хаалга нь тун өчүүхэн, гэхдээ дараа нь өргөсөж газрын дорхи бүхэл бүтэн хотод хүргэнэ…Нэгэн буриад лам Шамбал руу явж байхад нь газар дорхи хонгилоор хөтлөн явсан тухай надад ярьсан. Гарц заримдаа нарийсч, ариун газарт тахил өргөх гэсэн хонийг арай ядан түлхэн явж байлаа” гэж бичсэн байдаг. (Н. Рерих «Алтай-Гималаи», М, 1974, стр. 78. Дашрамд дурдахад энэ бүтээлийг орчуулах санаатай байна –Д.Г)
“Монголын нууц товчоо”-ноос Чингис хаан Кунь-Лунь ууланд аян дайн хийсэн тухай уншиж болно. Энэ үед тэрбээр агуйн өргөн уудам системд амьдран суудаг хүмүүстэй уулзаж байжээ. Энэ баримт Марко Поло-гоос олон жилийн өмнө Төв Азид ирж байсан Плано Карпинийн тэмдэглэлд туссан, энэ нь Азийн алслагдсан мужуудын тухай европын анхны бодит бүтээл бөгөөд энэ болтол Европд үнэмшихүйц мэдээлэл байгаагүй юм…
Бичгийн баримтуудаас үзэхэд Плано Карпини: “Сая бидний явсан уул хүртэл татаарууд өргөн уудам цөлөөр сар гаруй явжээ…Тэд нар тэр газраар удтал эрж хайж байж арай гэж нэгэн эрийг эхнэртэй нь олж Чингис хааны өмнө авч ирэхэд Чингис хаан нутгийн хүмүүс хаачсаныг асуувал хүмүүс газрын хэвлий уулын гүнд аж төрмөй гэж хариулжээ.

Тайлбар: Яг энэ хэсгийг би монголд 1988 онд хэвлэгдсэн Плано Карпинийн “Монголчуудын түүх” номын 31 дэх талаас эхтэй нь тулган үзэхэд дээрх өгүүлбэрийн утга ямар ч зөрөөгүй байна. Би нэрт түүхч, доктор Санждорж агсны охин түүхч С.Туяатай хамт ажиллаж байсан ба энэ номыг орчуулах үед нь хажуунаас нь харж байсны хувьд сайн мэдэх нэгэн бөгөөд тухайн үед энэ асуудлын “нууцлаг”-ийн талаар зүүдлээ ч үгүй явсан юм. -Д.Г)
Е.Рерихийн бүрдүүлсэн “Агни Йоги” номонд Агарын орны тухай сонирхолтой дурдатгал байдаг юм. Тэрбээр: “ Аливаа домогт үнэний хувь байдаг. Агарын орны ард түмний тухайд ярьдаг боловч тийм ард түмэн байхгүй. Гэхдээ домог Биднийг тэтгэгчдийн хавьцаа үүссэн байх. Газар дорхи хонгилууд нь домогт өгүүлсэн шиг тийм их хэмжээтэй байгаагүй ч ямар ч гэсэн бидэнд газар дорхи хонгилийн тухайд хангалттай тархсан мэдээлэл буй”гэжээ.
Өөр нэг домогт Беловодье болон Тэнгэрийн Иерусалимын тухай ярьдаг, энэ хоёр домог нь манай Тэтгэгчтэй холбоотой. Бүх домгийн утга санааг огт бодолгүйгээр бүгдийг нь арчин хаях утгагүй явдал. Тэдгээрийн аль нь ч гэсэн голдуу нуугдмал зүйлсийг хамгийн нарийнаар заасан байдаг…
Нутгийн хүмүүс олон зүйлийг нээн хэлж өгөх гээд байхад бид домгийн утга санааг алдагдуулдах нь цөөнгүй. Е.И.Рерих хатагтай нэгэн захидалдаа: “Түүнчлэн Сент-Ива д’Альвейдерын «Агарын орон» бүтээлийг гайхамшигт, үнэн рекорд гэж үзэх ёсгүй. Жинхнээрээ бол тэр Агарын оронд өөрийнхөө төсөөллөөр болон нарийн эмзэг ертөнцийн цуглуулга дээр очсон. Сент –Ив бол зүгээр л нэг сэтгэл зүйч, бясалгагч байсан. Чухам ийм болоод л тэр үнэнээс зөрдөг юм. Ийм болоод л Агарын орон Цагаан Ах Дүүстэй нийцдэггүй юм. Сэтгэл зүйн салбар нь нэн хуурамч. Нарийн авч үзэх юм бол олон сонирхогчдод Агуу Их Дүрийг биежүүлэхийг хүсдэг. Сент-Ива д’Альвейдерын ном, мөн Шюре-гийн номууд нь медиумын бүтээлийн хурц тод жишээ болох авч хамгийн учир утгагүй төөрөгдлөөр дүүрэн учраас тэдгээрт тулгуурлаж болохгүй. Сент-Ива д’Альвейдерын намтрыг уншаад үзэхэд л бүх зүйл тодорхой” гэжээ…
Ф. Оссендовский номынхоо сүүлчийн бүлэгт газар дорхи Агарын орныг удирдаж байдаг Ертөнцийн Хааны тухай гайхмаар мэдээлэл, тэнүүчлэлээ баримтаар дүрслэхээсээ татгалзсан юм.
Учир нь Тува дахь Ноган-Куль нуурын ойролцоо газар дорхи Агарын оронд орох хаалганы тухай нэгэн соёдын анхдагч ярианаас эхлээд Жюль Вернын романуудад гардаг шиг адал явдлаар дүүрэн бүх дэлхийн тивүүдийг холбосон газар дорхи бүх хонгилуудыг холбосон сэдэв бүхий домог урган гарч ирж байна…
1922 онд гарсан Ф. Оссендовскийн нийтлэлийн дараах 80 жилийн туршид Рене Геноноос өгсүүлээд эртний уламжлалын ямар ч судлаач Дэлхийн Хааны болон газар дорхи Агарын орны тухайд Оссендовскийн баталсан домгийг баталсан буюу үгүйсгэсэн түүхэн нэмэлт материал олоогүй юм. Сент-Ива болон Ф. Оссендовскийн бараг адилхан бүтээлүүд нь Агарын орны мэдээлэл бүхий хүн төрөлхтний түүхэн дэх цорын ганц сурвалж буй за..
Магадгүй дундад зууны үед өргөн тархсан агуйн хот, сүм хийдийн цогцолборын хаа нэгтэй байгаа ч юм бил үү…
Орчуулсан: Судлаач Д.Ганхуяг
2010 оны 12 дугаар сарын 4.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

17 Responses to СЕРГЕЙ ВОЛКОВ: АГАРЫН ОРОН

  1. Aagii11 says:

    Очиж үзэх юмсан

  2. tsogoo says:

    sonirhotoi l yum. yer ni bol geophysik-iin argaar gazriin gunii hooson zai, aguinuudiig ilruuleh buren bolomjtoi. Uneheer tiim agui baigaa l bol sudlagaa hiihed garaad l irne. Shohoin chuluu (limestone)ihtei deer ni chiigleg uur amisgaltai gazar 10 km hurtel urttai agui (tom jijig olon tasalgaatai)uussen baih tohioldol bii. Mongoliin aguig hamgiin sain meddeg hun ni Avirmed, (gazarzuin hureelen), suhbaatar gesen humuus baigaa. mongold baidag bol ter gazar ni geophysikiin sudalgaa hiigeed medchihmeer yum bndaa.

  3. Да Хүрээ says:

    Агарын орны тухай Монголчууд ярьдаггүй мэддэггүй гэж энэ Орос нөхөр яагаад байн байн дурдаад байна.Агар Жагарын орон гээд ярьдаг шүү дээ.Газар доорхи хүмүүний тухай баримт нь нууц ном судруудад байснаас биш нийт ардад хүртээлтэй эд биш байжээ.Мэдлэгийг үлдээх,дамжуулах арга нь багшаас сайн шавьд байж.Харин мунхаг ардад зориулсан биш байж.Гэвч 21 р зуун бол дураараа дургих зуун билээ. Эрхэм ариун мэдлэгүүдийг эзэмшигчид газрын гүндээ нойрсон байюуу.Ганхуягт амжилт хүсье. Хүү минь их сайхан орчуулж,уншихад тун таатай байлаа.

  4. Gantumur says:

    Сонирхолтой материал орчуулж тавьсанд баярласнаа илэрхийлэж цаашдын оюуны ажилд тань амжилт хүсэе.

  5. ФО says:

    Энд зохиогч нэг зүйлийг дутуу анзаарчээ. Оссендовский Монголоос гарах гээд явж байхдаа гэнэтхэнорон зайн өөр урсгалд орчихсоноо дурдсан байдаг. Хөтөч Монгол өвгөн Шамбалын үүд нээгдлээ гэж сөгдөн тарни уншдаг. Харин эргэн тойронд зүйл чимээгүй болж, мөнхийн амар амгалан ирэх мэт сэтгэгдэл төрдөг. Тэгээд төд удалгүй шамбалын үүд хаагддаг. Өөр нэг сурвалжаар Гитлер Төвдүүдийн тусламжтай Агартд нэвтэрч шумбагч завины маш сайн технологи олсон агаад тухан үед Германы шумбагчид гайхалтай байсан гэдэг. Бас нисдэг тавагны технологийг олсон гэдэг юм билээ. Германд энэ талын нууц судалгаа ихтэй, түүнийгээ Антарктид руу зөөсөн гэж бичдэг. Мулдашевын номд Агарт Шамбал хоёрын ялгааг ололгүй будилсан тал бий. Мулдашев Агартыг Шамбал гэж эндүүрсэн ба Агартын сайн тал нь Шамбалыг сайн үйлийн орон гэж дүрсэлдэг. Гэтэл үнэндээ Шамбал бол сайн үйлийн орон бус. Мууг цээрлүүлэгч орон. Мөн энэ зууны эхээр зодрын таван мэргэд тэр дундаа Жавзандамба хутагт нар ирээдүйг зөгнөхдөө Агартын үүдний байршлыг энэ өгүүлэлд байгаатай тун төстэй тодорхойлсон байна. Гайхалтай. Монголд ч бас нэг цөлийн нууц хаалга бий. Улаанбаатараас өмнө зүгт 450 орчим км-т. Оюу толгойн ордын хуйларлын төгсгөлд. Гэвч үүнийг зааж өгөх ёсгүй мэт санагдах юм.

  6. David says:

    Баярлалаа Ганхуяг ахаа. Маш сонирхолтой орчуулга байна. Миний сонирхолыг маш ихээр татлаа. Би ч гэсэн ийм сонин зүйлийн газарт нэг удаа зүүдэндээ орсон гэж боддог. Та миний емэйлээр холбогдоорой. Тэр газар дэлхийн дотор байсан. Тэнд цэнхэр тэнгэр, бас нар байсан. Гэхдээ би тэнд хүнтэй таараагүй. Өөр хэмжээст ертөнц мэт байсан. Сэрчээд үгээр тайлбарлах гээд өөрөө чадаагүй.

    Тэр зүүд тэнэмэл хоосон зүйл байгаагүй.

  7. Доогии says:

    Дээрх усан гахайд хэлэхэд битий мээгийтээд бай

  8. Gerel says:

    TAnii enehyy orchuullaga bolood haritsuulsan sudalgaa mash ih taalagdlaa. Urid umnu ni sonsoj baigaagyi zyil bolood ch teryy ilyy ihiig medhiig hysej bna. Tand ajliin amjilt hysie

  9. Anonymous says:

    tsiiganuud agaraas huugdsun geheer ted entheg garaltai ulsuud shuu dee. enthegiin tuhai yaria yavsaar baigaad iim domog bolson yum bish baigaa daa. deer ued yamar tv ene ter baisan bish amnaas am ruu damjigdsan yaria esun shideer huvilaad tardag bsan ue shuu dee.

    deerees ny uneheer iim oron baidag bol ter taliin uhaand gegeerel ene terd hureegui hund yaaj oldoh yum be haij sudlah tsag mungu hairan sanagdah yum.

    shambaliin tuhai mongol lamaas asuuhad hoid musun dalaid hatan haan ulsaa udirdaj bdag aral bna ter gej helsen yum gene lee. Angli uls shambaliin oron bolj taarch bh shig bna. Haih hereg bna uu? Laliin esreg shambaliin dain 300 garui jiliin daraa bolno gedeg yum gene lee. Uneheer ter ued eh gazriin evrop laliin shashind uusaad aral deerhi Angli buddiin shashintai bolood hoorondoo baildah ch yum biluu hen medlee.
    Shambaliin oron, agariin ornii tuhai SF unshij baigaa tudiid l oilgoj bval yaasan yum dee. Tuund hooson itgeed hoorondoo metgeltseed bh utga bna uu.

    Uneheer sudlamaar baigaa bol lam bolj burhanii uhaan surah heregtei tegvel hariu oldoh baih.

  10. Ганбат says:

    ЮУН ДЭМИЙ ЮМ БЭ. ТА ЯАГААД БУСАД ЮМАА ХИЙХГҮЙ БАЙНАА. АЙГААД БАЙГАА ЮМ УУ, НӨГӨӨ МОНГОЛБАНКНЫ ТАЛААР ЮУ БОЛСОН ВЭ

  11. Anonymous says:

    Mash saihan mash sonirholtoi niitlel bn. Ulam ih ene talaar neleen ih um bichij tavij bn uu. Tanid asar ih amjilt husii

  12. Batdorj. B says:

    Er ni hun turluhtun neg oilgoltiin tuluu olon uur zamaar yvsaar udii hursen… Heseg hugatsaa ungursnii daraa ter zuil deeree sanaa negden togtdog… Agar, Jagariin ornii tuhai ch mon adil tsag ni irheer… Er ni ertuntsiin bolood hun turluhrunii GEN-iin san bdag tuhai minii huvid nileen sonirhoj bgaa bidnii oyunii hugjil heden myangan magadgui heden galaviin daraa oyunii undur hugjild hursnii daraa ene yeiin soyol irgenshil bid daraagiin soyol irgenshliin Agar, Jagariin oron bolj boloh l ym…

  13. maliish says:

    би хүүхэд байхда нэг ууланд авирсан юм. Учир юу гэвээс тэр уул их хадтай чулуу цохиотой, арай гэж авирсаар нэг агуйд тулсан. Үүүдэндээ нэг модтой. 2 тийшээгээ маш гүн орсон 2 зэрэгцээ нүхтэй. очоод харсан лав л ёроолгүй үргэлжлэх мэт санагдаад буцаад оргил өөд авирсан. Хааяа нэг зүүдэнд ордог юм тэр газар. би 7-р ангид байсан гэж бодохоор 1994 оны намар юмуу даа. Та хүсвэл хаягаар холбогдоорой.

  14. maliish says:

    Хааяа нэг холын замд аялахаараа тэр газрын хажуугаар өнгөрөхдөө дахиж нэг авирч үзэх юмсан гэж боддог шүү. Куль гэдэг узбек үг шиг санагдаж байна. нуур юм даа. Гэхдээ өөрөөр бол манайхны Хөвс”гөл”, “гол” гэдэгтэй бас утга дүйхүйц санагдаж байна.

  15. Tserengbat says:

    Sain bnuu? Agariin ornii talaar bichsen neg onol baidiim bna lee. Hundii delhiin onol.. Delhii yag geoid helbertei bish.. Hoid umnud tuil 2uulaa mash tom, bur greenladiin daitai nuh buhii tsoorhoi baidag gesn. Gevch ter n musuur huchigdaad musun aguinuudaar damjin ordog gene. Hariinhan araatnii esreg, yamar neg yum gedeg kinon deer hari garigiinhanii delhiid orhison hugvvdiin talaar gardag. Teheer minii bodloor ufo gedeg chin unendee delhiin gunees l gardag gej oilgoj bgaa. Delhii hundii gedgiig bi geophysicst hunii huvid batalj chadna. Ene talaar ta nadtai holboo bariarai.
    Regards, tsenba

  16. Shambala says:

    Энэ сэдэв өөрөө дэлхийг Монгол руу аялуулах гарц гэж би хувьдаа бүрэн итгэдэг. Нэг зүйлд бүрэн итгэдэг. Багш маань нэг удаа та хаанаас ирсэн бэ гэхэд би үнэндээ Их Нарны улсаас ирсэн гэж ярьж билээ. Бас нэг удаа түүх хуучилж байхдаа 7 нарны тухай өгүүлж билээ. Би дотроо Тарваганы үлгэр чинь учиртай байсан юм байна даа гээд л өнгөрсөн. Харин дараа санамсаргүй мэдээлэл уншиж байтал нетэд Агарын орны газрын зураг гарч ирсэн. Үнэндээ газрын доор их зүйл байна гэдгийг хүмүүс хичнээн үгүйсгэсэн ч гэсэн цаг хугацаа явсаар, бас нээсээр байна шүү дээ. Сонирхвол тэр зургийг би тань руу явуулнаа.

    Хамгийн гол нь энэ их нөр орчуулгыг маш уран гоёор хүргэж байгаад маш их баярлалаа.


  17. Баян хар уулын дискийн талаар …Хөх нуурт байдаг юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: