ЕРДӨӨ Л ЭНЭ ҮҮ…

МАХН лав хоёр гурав “салах” бололтой. “Жинхэнэ” МАХН үндэсний ардчилсан бөгөөд зүүн төв болно гэдгийг “онолч” дарга нар нь удаа дараа мэдэгдсэн. Харин МАСЗХ гэдэг сүртэй, алдар цуутай байгууллага нь аль хэдийн “нийгмийн ардчилал” болчихсон. Саяхан МАСЭХ нь бас л “нийгмийн ардчилал” болов. Одоо ахмадууд нь ийм болчихвол ч дөрөв салаад “хийсчих” юм байна л даа. Миний хувьд Та нарын төлөө санаа зовоод байгаа юм огт алга. Харин Та нар олон хүн суулгачихаад “согтуугаараа” жолоо бариад хаа хамаагүй давхиад байгаа болохоор чинь сануулж хэлэхээс өөр арга надад алга…
Шинэчлэлийн “орчуулга”
МАХН-ынхан онолын цоо шинэ нээлт хийчихсэн юм шиг л хөөрцгөөж байна. “Ардчилсан социализм”-ыг Н.Энхбаяртай хамт нэгэнт “хоцрогдсон” гэж бодоод байгаа бололтой. “Ардчилсан социализм”-ыг Н.Энхбаяр Та нар л нийлж байгаад шороотой хутгасан болохоос биш, түүнээс болоод Та нар муухай болчихсон юм огт биш. Өөр ямар ч “изм” байсан Та нар мөн л адил ингэж завааруулах байсан. Тэгээд Энхбаярыгаа л хараахгүй юу…
“Нийгмийн ардчилал” гэдгийг чинь буцаагаад орчуулж үзье. Лав л “нийгмийн” гэдэг нь гарцаагүй “social” болж таарна. Эсвэл “society” гэсэн ч ямар ч ялгаагүй мөн чанар нь адил юм. За “ардчилал” бол ямар ч маргаангүй, “demokracy”. Нийлүүлбэл англиар “social demokracy”, оросоор “социальная демократия” болно. Тодруулбал “эсер” буюу “нийгмийн хувьсгалчид” гэсэн утга гарцаагүй болдог юм. Би хэдхэн хоногийн өмнө “Эсерүүдийн хувь тавилан” гэсэн сануулга маягийн өгүүлэл бичиж билээ. Гэтэл Оросын буюу “гадаад жишээ” гээд “тоогоогүй” бололтой юм аа…
Тэгээд энд чинь “шинэ” юм чинь хаа байгаа юм ?! Одоо бүр байчихаад социал демократ гэдгийг “нийгмийн ардчилал” гэж орчуулчихаад “шинэчлэл” гэдэг болсон юм биз дээ…
“Онолын шинэчлэл” хийж байгаа улс чинь ядахдаа нэг толь харчихаж болмоор л санагдах юм. Эдүгээгийн ямар ч тольд:
Ардчилсан социализм бол үндсэн хуульт парламент буюу шууд ардчиллын хүрээнд социализмын эрхэмлэлийн төлөө зогсдог үзэл суртал бөгөөд авторитаризмын эсрэг тэмцдэг гээд тов тодорхой биччихсэн байгаа. Харин авторитаризм гэдэгтээ коммунизмыг ойлгож шүүмжилдэг гэсэн нь буй.
Ардчилсан социализм 1950-1970-аад он нэлээд гартал дэлхий дахинаа асар их нөлөөтэй байсан юм. Харин 1973 оны нефтийн хямрал болж социалистуудын байр суурийг сүрхий ганхуулснаас гадна неолиберал, нэн ялангуяа Хайек, Фридман нарын онолын шүүмжийн улмаас үзэл санааны хямралд орсон юм. Би энд тэдний үзэл онолын “буруу зөвийг” огт яриагүй, харин тэд бол өөрийн эсэргүүцэгчид болон дэмжигчидтэй томоохон сэтгэлгээний сор бүтээлүүд гэж үзэж байна.
Ядахдаа хажуухандаа байгаа Баабараас асуучихаж болмоор л санагдах юм. Ухаандаа Ф.А.Хаекийг 2004 онд орчуулж “залуу үеийнхэнд сэрэмжлүүлэг” болгосон Баабар цагтаа социал демократ намын дарга байсан биз дээ, аль эсвэл үгүй юм уу ?! За энэ ч яахав…
Наад “социал демократизм” чинь хөгжиж хөгжиж арай гэж “ардчилсан социализм” болсон юм. Тодруулж хэлбэл дангаараа, “цэврээрээ” ч хөгжчихсөн юм ч бас биш, харин өөртэйгөө тэрсэлдэгч либерализм, консерватизм, анархизм зэрэг олон “изм”-тэй өрсөлдөж, тэрсэлдэж, “дийлж дийлэгдэж” байж хамтдаа хөгжиж ирсэн юм.
Та нар “шинэчлэл” хийх гээд намаа 200-аад жилээр “ухрааж” байна. Ямар гээчийн “аз завшаанаар” 800 жилээр “ухраагаад” хаячихаагүй юм. Гэхдээ 600 жил “хэмнэнэ” гэдэг ч нэг их “муу юм” биш л дээ…
Ялаа яагаад заан болсон бэ…
Бага байхад нэг ийм хүүхдийн зохиол байдаг байж билээ. Эхлээд нэг хүүхэд “ялаа шиг” жаахан худал хэлнэ, тэгээд тэр нь томорсоор байгаад “заан шиг” том худал болоод сүүлд нь баригдаж балардаг агуулгатай. Гуравхан жилийн өмнө 2007 оны 10 дугаар сард МАХН-ын XXY Их Хурал болж “МАХН-ын шинэчлэлийн үзэл баримтлал”, “Төрийн шинэтгэлийн үзэл баримтлал”, “Монгол хүний хөгжлийн талаар баримтлах бодлого” баталж билээ. Би л хувьдаа “шинэчлэл” нь эхэлчихлээ л гэж ойлгосон юмдаг…
Ингээд МАХН-ын шинэхэн дарга С.Баяр намаа баахан “залуужуулж”, олон залуу дарга тавьсан юм. Энд нь дарга толгойтой болгон баахан “өөрийнхөө” хүнийг “шахаж” орхисон нь одоо лай болж байна. Одоо би нэр ус хэлэхгүй ээ…
Мэдээж “дарга” болсон залуу хүмүүс “шинэ” юм хийнэ гэж бодолгүй яахав. Тэдний нэг хааяа ном уншдаг, “онолдох” дуртай байж гэнэ. Тохиолдлоор Томас Майер гэгчийн “Социал демократ үзэл санаа ба нийгмийн ардчилал” 1999 он ном олж харсан юм байх. Тэр дотор нь нэг хүснэгт байх юм гэнэ. Тэр хүснэгт дотор нь “нийгмийн ардчилал” гэсэн нэг мөр байх юм гэнэ. Энийгээ “онолдоод яваад” байж гэнэ. Сүүлдээ өөрөө итгэчихээд эхлээд “залуу, дараа нь “хөгшин” дарга нартаа яриад л яваад байж. Энэ нь юу ч мэдэхгүй, тас харанхуй, өрөвдөлтэй хүмүүст “цоо шинэ” мэт санагдаж гэнэ. Би үүнийг ярьж явсан нэг залуутай тааралдаад “наадах чинь болохгүй шүү” гэж сайн санаагаар хэлсэн л юмдаг….
“Заналт дайсны” үгэнд юу гэж орохов. Ингээд л “нийгмийн ардчилал” МАХН-ын шинэчлэлийн уриа болсноор үл барам түүний хэд хэдэн байгууллагын нэр болон хувирах нь тэр. Харсаар байтал Н.Энхбаярын үед орчуулсан номыг “хамгийн орчин үеийн” гээд МАХН тэр чигээрээ “бужигнав”. Ялаа заан болно гэдэг ёстойгоосоо энийг л хэлдэг байх…
“Аян”
Ингээд МАХН “нийгмийн ардчилын аян” өрнүүлж эхлэв. Бүтэн улиралд монголын хамгийн том нам “шинэчлэгдэх” гэж хийсэн ажлынх жагсаалт энэ байна. Би эндүүрэл гаргахгүйн тулд он сар өдөртэй нь тавьж байна.
2009.09.15. Намын байрандаа нэг телефон тавьчихав. Энийгээ “Угтах үйлчилгээ” гээд нэрлэчихэж.
2009.09.15. МҮОНТВ-ээр “Нийгмийн ардчилал ба Монгол Улс” хэлэлцүүлэг хийж 30 минут зарцуулж.
2009.09.18-21. Баянхонгор аймагт “Би монгол хүн” чуулга уулзалт хийж, 10 аймгийн 300 залуус оролцжээ. Тэр нар нь “нийгмийн ардчилал”-ыг дэмжихээ илэрхийлж гэнэ.
2009.09.27-2009.10.11. “Залуу лиг” өсвөрийн хөлбөмбөг тэмцээн зохиожээ.
2009.11.03. “Ардчилал ба улс төрийн нам” онол практикийн бага хурал хийж. Баахан эрдэмтэд ярилцсан боловч “онол” нь гараагүй бололтой юм аа. Энд нэг өдөр зарцуулж.
2009.12.10. ЕБС-ийн сурагчдын дунд “Миний мэдэх ардчилал” эссэ уралдаан. Зарлал гаргаад, ирсэн материалыг “сонгоод” их л сайндаа л 3 хоног зарцуулж.
2009.09.15-2009.12.15. “Нийгмийн ардчилал ба экологи” нээлттэй хэлэлцүүлэг хийж. Үүнийг орон нутгийн намын байгууллагууд санаачилж гэнэ. Нутаг нутагтаа бол хагас өдөр зарцуулж.
Гахайн ханиад дэгдсэн болохоор “Нийгмийн ардчилал ба эрүүл мэнд” сэдвээр олон ажлыг зохион байгуулж гэнэ. Амны хаалт тарааж их л “ядарсан” юм байх.
Ахмадын холбоо “МАХН ба Монгол Улс” онол практикийн бага хурал зохиож. Баахан “түүх” ярьж. Хагас өдөр зарцуулж.
2009.12.03. МАСЭХ-оос “Нийгэм төрийн зүтгэлтэн хатагтай” хүндэтгэлийн уулзалт зохиож. “Уулзаад”, дараа нь концерт үзүүлээд 4 цаг зарцуулж.
2009.12.11-2009.12.13. МАСЗХ-оос “Нийгмийн ардчиллын төлөө” залуучуудын чуулга уулзалт зохиож. 3 өдөр шоудаж.
МАСЗХ-оос “Монгол улс ба ардчилал, Ардчиллын ирээдүйн төлөв” хэлэлцүүлэг хийж. Хагас өдөр болж.
2009.12.12-2009.12.14. МАСОХ-оос Оюутнуудын дунд Парламентын мэтгэлцээний улсын аваргын анхдугаар тэмцээн зохиож. Энд 50 багийн 120 оюутан оролцжээ. 2 өдөр зарцуулж.

Ингээд “асар их” 13 ажил хийжээ. Үүнийг “Нийгмийн ардчиллын аяны I шат” гэж албан ёсоор нэрлэсэн юм. I шат нь “амжилттай” дууссан болохоор II шатыг эхлүүлэв. Одоо залуу “жижиг гарууд” биш, хамгийн “том” МАХН-ын Удирдах Зөвлөл өөрөө оролцох болов.
Нэр нь “МАХН-ын нийгмийн ардчиллын аян: Ард түмнээ сонсоё”. Одоо Та санаж байгаа нь лавтай. Энэ хавар, зунжин, намаржингаа ядаргаа болтол ард түмнээ “сонссон” юмдаг. Сүүлдээ Туул гол мол цэвэрлэх ч боллуу яалаа, мартчихаж. Өөрсдөө лиценз олгож, 40.000 орон сууцны хайрга, элс ухаж, хар мянган байшин барьж, хог новш тариагүй бол Туул гол маань цэвэрхэн байх ёстой…
Би гайхаад МАХН-ын нэг нөхөртэй ярьж үзсэн юм аа. Тэгсэн чинь нөгөөх чинь “нийгмийн ардчилал”-даа бүр итгэчихсэн “онолддог” туучий юм гээч. Ганц би биш л дээ, Та бүхэн ТВ-ээр өдөр болгон үүнийг ядартлаа сонсоо л биз.
Ингээд “онол” нь шууд практик болж МАХН-ын дэргэдэх бүх байгууллагууд “Нийгмийн ардчилал” болж, улмаар МАХН “шинэчлэгдэх” юм гэнэ дээ…
Дарга нар нь нэг их “ухаантай царай” гаргачихаад “Нийгмийн ардчилал” гээд “онолдоод” байсны учир ердөө л энэ. Шог, балай, хөгийн, шившигтэй юм гэж үүнийг л хэлдэг байх…
Хэрэв МАХН ингэж “шинэчлэгдвэл” Н.Энхбаяр, Р.Гончигдорж нараас авахуулаад “нийгмийн ардчиллууд” хот хөдөөгүүр “овоолоостой хог” шиг л байна даг…
“Нийгмийн ардчилал” чинь ердөө л энэ үү ?!
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 10 дугаар сарын 28.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

11 Responses to ЕРДӨӨ Л ЭНЭ ҮҮ…

  1. Uuden says:

    Sain baina uu. Tand ene oroin mend hurgeye!
    Tanii niitleluudiig bainga unshdag shu.
    Namiin shinechlel hiigeed baigaa humuus uursduu l ene shinechlelee “sain oilgoj” baigaa. Engiin irgenii nudend huvtsasaa solison hulgaich heveeree l haragdaj baina shde.
    Deer democracy gesen ugiig anduursan yum shig baina. Zasna bizdee.
    Tand ajliin undur amjilt husen yuruuye!

  2. gankhuyag says:

    Баярлалаа. Үүдэн минь дээ. Би ямар “төр засаг” байгаа биш, дор хаяж “нэр үг, тэмдэг нэрэн” дээр “алдаж” болно биз дээ.

  3. Bagii says:

    Do you mean:”democracy”? Google

  4. tushig says:

    Хэхэ яасан ч олон ажил хийгээв дээ… Шинэчлэл нь нээрээ л Үүдэний хэлсэн шиг хувцасаа сольсон хулгайч л байх байх доо…

  5. ajiglagch says:

    Sain bna uu? saihan namarjij bna uu? ta internet bloggoor l humuust medeelel hurgeh yumaa. tanitai uulzaj yariltsah bolomj her baidag yum boloo ?

  6. Anonymous says:

    ta yg goliig n olood donjiig n taaruulaad helchihjee haha ovooloostoi hog genee zov zuirlesen bna

  7. tsogoo says:

    MOLOR-Erdene geed neg hun garaj ireed tuiveej bnaa. tanii hundeldeg dash-yondon guaig l lav muulaad avch. ene hunii niitleliig unshsan uu. http://ganchimeg.niitlelch.mn/content/2570.shtml

  8. gankhuyag says:

    Ер нь дандаа “магтуулаад”, эсвэл дандаа “муулуулаад” байдаг хүн байхгүй л болов уу. Хэн ч хэнийг, түүний дотор намайг шүүмжилж болно ш дээ. Харин Даш-Ёндон багшийг арай л болохгүй дээ…

  9. ИЗМ says:

    МОНГОЛ АКСИОМ ХИЙГЭЭД ТОМ “СТРАТЕГИ” чинь энэ цаг үеийн “үзэгдлийг” яг тодорхойлжээ.Үнэхээр МАХН МАН болох гэж ингэж “эрсдэлтэй” зүтгэж байгаагийн учир нь ердөө л “хөшигний ард буй” хэдхэн хүн эрх мэдлээ бас мөнгөө “үхтлээ” дараа нь “үе залгамжлуулан” үлдээх гэж л үзэж байна.Хэн хэн гэдгийг би мэдэж байна.Тэд бол эзэд бусад нь тэднийг “мөнхөд” амилуулах “зүтгэгч хүч” буюу тэдний нэрлэснээр “бүтээгч ард түмэн”.Бараг энэ нь дээр ч юм уу.”Бүтээгч ард түмнээ” чинээлэг дундач давхарга болгоно гээд байгаа бас.Тэгвэл надад эднээс шал өөр Империализмын араас нь “чирэгдэж” үхэх биш урдаас нь угтаж түрүүлэх ИЗМ байна.Энэ талаар тантай хөөрөлдвөл ямар вэ.Таны мэйл?

  10. Anonymous says:

    S.Zorigiig nuhsan hereg il bolno geed tsuu yavaad baih yum. Unen uu?

  11. gankhuyag says:

    Энэ хэргийг УИХ-аас эхлээд цагдаагаа хүртэл албан ёсоор “улс төрийн аллага” гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхлээр улс төрчид дотроос л хайдаг байх даа…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: