СОНГУУЛЬ БОЛГОН ЛУЙВРААР ЭХЛЭХ ЁСТОЙ ЮУ ?
2008/02/04 4 Comments
Сүүлийн хэдэн өдөр ТВ – 9, Үндэсний Пи-Ар, Face PR зэрэг байгууллагууд “Next – 76” улс төрчийг шалгаруулна гэж зарлах болов. Тэгээд “түмэн олны саналаар шигшигдэн сонгогдсон” улс төрчдөд “ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛ” үзүүлэх юм гэнээ. Олон түмний сонголтод тус дөхөм болох ариун мэт харагдах энэ рекламын цаана ямар аймшгийн хорлогчинтой зүйл байдаг талаар өгүүлсү.
Луйврын эхлэл.
Тэр үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д. Идэвхтэн нар “Face PR” агентлаг, мэдээллийн “Дөрөв дэх засаглал” төвийг байгуулах санаачлага гаргасан юм. Эдгээр байгууллагууд 2004 оны 2 дугаар сард Засгийн газрын шууд мэдэлд байсан “Зууны мэдээ” сонинд “Ард түмэнд итгэл төрүүлсэн шилдгийн шилдэг 99 улс төрчид” гэсэн огт тайлбаргүй фото зургуудыг нийтэлсэн юм.
Үүнтэй бараг нэгэн зэрэг “Өдрийн сонин” болон улс төрд огт хамаагүй Монгол Шуудан банк, Н.Энхбаярын шууд мэдэлд байсан “Сэрүүлэг” сонинууд нийлж байгаад “Монголын шилдэг 76 улс төрч”-ийг яг ийм байдлаар шалгаруулав. Энэ ажлыг “PR ассоциаци” зохион байгуулж, тэр үед мандаж байсан Болдхуяг, бас Буянбадрах нар гардан гүйцэтгэж билээ.
Бас хэдхэн хоногийн дараа “Монголын мэдээлэх товчоо” нэрлэж байна” гэсэн нэртэй “Хонин жилийн шилдэг 108 улс төрч”-ийн зургийг “Өдрийн сонин”-д нийтлэв.
Нэг сар орчмын дараа “Зууны мэдээ” сонин бүр эрээгээ алдаж “Монгол Улсын түүхэнд онцгой гавъяа байгуулсан нийгэм-улс төрийн байгууллагыг нэрт 150 бие хүмүүс нэрлэж байна” гэсэн алингаа алдсан өгүүлэл гаргасан бөгөөд энэхүү 150 “нэрт” хүмүүсийн 127 нь МАХН-ыг нэрлэсэн байж билээ.
Энэ бол ард түмний тархийг угаах талаар МАХН, АН хоёрын хамтарч хийсэн тоглолт байсан юм. Тэр үед АН сонгуульд ихээхэн амжилт олно гэдгээ ерөөсөө ч төсөөлөхгүй байсан учраас МАХН-аас бараг гуйн алдаж байсан үе юм. Энэ тохиолдлыг тэр үед навсайтлаа ялагдана гэдгээ бас л мэдээгүй явсан МАХН-ын дарга, Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр ашиглахгүй байна гэж ёстой номонд хазгай билээ. Ингээд тэр ганц МАХН-ыг төдийгүй, АН-ыг давхар удирдах үүргийг өөртөө ногдуулж дээрх бүх заваан бүх луйврыг зохион байгуулсан нь энэ юм.
Луйврын өрнөл
2004 он дөнгөж гараад байтал өөрийгөө Лувсандашийн Нинжжамц гэж танилцуулсан нэгэн хүүхэн манай нэг шавь хүүхнийг дагуулчихсан манайд ороод ирдэг юм байна. Хэрэг зоригийг нь сонирхтол “Бид “Face PR” гэсэн агентлаг байгуулах гэсэн юм. Та надад туслаач” гэж гуйлаа. Тэр үед нь би “Улс төрийн хошуучлагчийн имиж, түүнийг бүрдүүлэх нь” гэсэн номоо дөнгөж бичиж дуусаад байсан үе таардаг юм байна. Ингээд анхны лекц – хурал хийхэд нь би туслах, Л.Нинжжамц миний номыг зарах үүрэг хүлээж 60 ширхэг номыг маань аваад явж билээ. Ингээд жигтэйхэн сүртэй хурал “Чингис” зочид буудалд болсон юм даа. Энэ адгийн хуралд нь баахан судлаачдыг хүчээр дагуулж очоод телевизээр мэлийтэл харагдаж луйварчдад тус болсондоо би одоо ч гэсэн ичдэг.
Хэд хоногийн дараа нөгөө Л.Нинжжамц маань нөхөртэйгээ хамт ахиад л ирлээ. Энэ удаагийн хүсэлт нь “Шилдэг улс төрчдийг шалгаруулах” судалгааны ажил удирдаж өгөөч” гэсэн хүсэлт байлаа. Толгойтой үснээсээ их судалгаатай байсан болохоор би шууд л татгалзсан юм. Тэгсэн чинь хэрэг нэг л биш болоод явчихваа. Тэгвэл “Та хийж байгаа судалгаагаа бидэнд 1 сая төгрөгөөр зарчих” гэсэн дараагийн гаж хүсэлтийг тэд тавив.
Яагаад гаж гээд байна гэвэл социологич хүний хатуу сахих ёстой мэргэжлийн ёс зүйд хэн нэгний захиалгаар судалгаа хийж байгаа бол захиалагчийн зөвшөөрөлгүйгээр түүний үр дүнг өрсөлдөгч буюу олон нийтэд мэдээлэхгүй гэсэн зарчим байдаг учраас тэр л дээ. Мэдээж би татгалзав. Энэ нь миний хувь хүний болон мэргэжлийн бахархал боловч бас миний ядуу байдгийн шалтгаан мөнөөс мөн гэдгийг дурдах нь илүүдэхгүй болов уу. Залуучуудыг эрэгцүүлнэ биз гэж л үүнийг хэлж байна.
Нөгөөдүүл маань их л дургүй мөртлөө нэмж 60 ном аваад арилж өглөө.
Ингээд л хэдхэн хоногийн дараа дээр дурдсан “Ард түмэнд итгэл төрүүлсэн шилдгийн шилдэг 99 улс төрчид” -ийн фото зураг сонинд дурайтал гараад ирэх нь тэр дээ.
Луйврын арга
Судалгаагүй байж улс төрчдийг яаж шалгаруулдаг байна аа гэж хэн хүнгүй бодож таарнаа даа. Энэн шиг амархан юм хорвоо дэлхий дээр байдаггүйг би хожим нь мэдэж билээ. “Та манай “Face PR” агенлагийн олон нийтийн дунд явуулсан судалгаагаар УИХ – д нэр дэвших боломжтой нь харагдаж байна. Бид Тань шиг шилдэг тэргүүний хүмүүсийг ойрын үед хэвлэлээр мэдээлэх юм. Хэрэв Та үүнээс татгалзахгүй бол фото зураг, товч намтраа судалгааны зардал нөхөх 200 $-ын хамт явуулна уу” гэсэн утгатай бичгийг Л.Нинжжамц улс төрч болох хэнээтэй баахан хүмүүс рүү явуулж орхижээ. Ийм тэнэг юманд итгэдэг хүн баймааргүй мэт эрүүл ухаанд бодогдоно.
Тэгсэн чинь Монголоор дүүрэн ийм хэнээтнүүд байдаг ажээ. Тэр дорхноо л баахан тэнэгүүд хариу ирүүлсэн юм байна лээ л дээ. Ингэж л “шилдэг тэргүүний улс төрч”-дийг шалгаруулдаг юм даа. Дашрамд дурдахад нөгөө хэдэн ном маань ч оргүй болж, дөнгөж 20-хон номныхоо мөнгийг олж авч билээ. Луйварчдад жижиг, голох, нэрэлхэх гэдэг зүйл ор байдаггүй аж.
Давтан луйвар эхэлж байна
Өнөөдөр тэр явдал дахин давтагдаж ТВ – 9, Үндэсний Пи-Ар, Face PR агентлагууд “түмэн олны саналаар шигшигдэн сонгогдсон” улс төрчдийг шалгаруулна гэж дайрч байна. Дөрвөн жилийн дотор нэлээд зүйл өөрчлөгдөж. “PR ассоциаци” бараг оргүй болж, Болдхуяг Ц.Элбэгдоржийн ХМА –ны дарга хийж байгаад одоо Н.Энхбаярын “Зууны мэдээ” сонины эрхлэгч болжээ.
Харин “Үндэсний пи – ар” агентлаг хаанаасаа гараад ирдэг байна аа ? Лавлаад үзсэн чинь мөнөөх Л.Нинжжамцын нөхөр А.Энхбаяр гэгч этгээдийн байгуулсан эд байдаг юм байна. Монгол жижигхэн гэж үнэхээр үнэн шүү. Энэ хооронд Л.Нинжжамц МАХН-ын Бага Хурлын гишүүн, Монголын сонины холбоонуудын Удирдах Зөвлөлийн гишүүн болж ихэд дэвшжээ. Үүнээс өмнөхөн Монголын олон нийтийн телевизийн Тамгын газрын даргын албыг гүйцэтгэж чадалгүй хөөгдсөн юмдаг.
Монгол улсын хуулиудад “төрийн өндөр дээд албан тушаалтан гадаадын иргэд, байгууллагаас бэлэг авч болохгүй”, “хэрэв бэлэг нь сарын цалингаас илүү гарвал зөрүүг тушаана” гэх мэт агуулгатай заалтыг зөрчиж луйвраар байгуулсан “ТВ – 9” энд луйварт бас давхиад орчихож.
“Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” гэсэн ардын үг юутай үнэн. Ингээд луйварчдын луйвраар байгуулсан луйврын гурван байгууллага нийлж луйвар хийж байгааг би ард түмэндээ сануулж байна.
Зарим хүн эмэгтэй хүнийг арай дэндүү хэллээ гэж шүүмжилж магадгүй. Тийм хүмүүст “Алтан загасны үлгэр” зүгээр ч нэг дэлхийн классик болоогүй юм шүү гэдгийг сануулмаар байна.
Дархан болон бусад олон газарт хийсэн олон луйврыг дэлгээгүйгээрээ би эмэгтэй хүнийг хүндэлж байгаагаа нотолж байна.
Анхнаасаа луйвар шингэсэн “ТВ – 9”-ийг төрд хураан авч, ТББ –ууд болон Иргэний хөдөлгөөнүүдэд шилжүүлэх нь зүйд нийцэх бөгөөд энэ санаачлагыг олон нийт дэмжинэ гэдэгт итгэж байна.
Н.Энхбаяр тэргүүтэй луйварчдын луйвраар байгуулсан луйврын гурван байгууллагын шинэ луйварт автахгүй, хууртахгүй байхыг ард түмэндээ дахин дахин сануулахын ялдамд сонгууль дөхсөнтэй холбогдон хийж буй, хийж гэж буй луйвруудыг цаг тухайд нь илчлэхээ амлаж байна.
Та нар надыг ажлаас дахин дахин халж гудамжинд гаргаад бүх гэр бүлийнх хамт амьдралаар нь хавчиж байгаад зогсооно гэж бодож байвал ёстой горьдсоны чинь гарз…
Судлаач Д.Ганхуяг.
2008 оны 2 дугаар сарын 5.
shildeg 50n zaluu uls torch morch gsn yum yvaal bn lee
aa ya ya, daraa jiliin songuulid beldeed ingesgeed bas iimerhvv yum boloh bh daa,
Аль дээр үед бичсэн байхад хүмүүс тоохгүй юм даа. Ажлын хажуугаар ийм судалгаа хийхийг хүсэж байна.
Мөн өнгөрсөн түүхийн талаар системийн шинжилгээ хийснийг унших нь сонирхолтой юм.