АВИЛГАЛЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ Н.ЭНХБАЯР
2008/01/23 6 Comments
Я. Цэвэл гуайн толийг сөхье. Авилга – ёсон бусаар шунаж авсан эд юм, авилгалах – 1. эдэд шунах, ёсон бус аргаар юмыг олзолж авах. 2. Хээл хахууль авах. Авилгач, авилгалдаг хүн гэсэн тайлбарыг бичгийн их хүн хийжээ. Хуулийн эмхтгэл сөхье. Авилгалын тухай ойлголт. Авилгал гэж эрх бүхий этгээд хээл хахууль авах, хувьдаа материаллаг болон бусад ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын байдал, боломжоо ашиглах, ийнхүү ашиглуулахаар түүнд шан харамж буюу хөнгөлөлт, давуу талыг хувь хүн хуулийн этгээдүүдээс олгох явдлыг ойлгоно гэж тайлбарлажээ. More…
УИХ – ын дарга Намбарын Энхбаяр авилгач болох тухай сүүлийн 5 – 6 жил баримтад түшиглэн өч төчнөөн нийтлэл, өгүүлэл, шүүмжлэл сонинд гарлаа. Сэтгүүлч Г. Уянга олж авсан бодит баримтуудаараа телевизийн тусгай нэвтрүүлэг бэлтгэсэн нь маш амжилттай болсон хэдий ч шүүхээр орж 250 төгрөгөөр торгуулж байсан нь саяхан. Манай сэтгүүлчид хэмжээлшгүй их дарамт, хавчилганд байсан ч иргэний баатарлаг гэж хэлж болмоор зориг гарган энэ бүхнийг хийж, мэргэжлийн үүргээ ёс төртэй гүйцэтгэж ирснийг бахархавч багадна. Харамсалтай нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тэдгээр үнэт бүтээлүүдийн мөрөөр шалгах, нягтлах ажлыг огт хийсэнгүй.
Зах зухаас нь шалгасан нөхөд баримтаа хав даран, амаа тас жимийн сайн цагийг хүлээж сууна. Хэзээ тэр сайн цаг нь морилон ирэхийг бурхан л мэдэх байх. Үндэсний удирдагчийн МАХН, АН хоёрыг устган шинэ нам байгуулж өөрөө Ерөнхийлөгч болох гэсэн төлөвлөгөө улс орныг маань хямралд оруулчихаад байгаа өнөө үед судлаач миний сайн цагийг хүлээх тэвчээр алдарч, тэрхүү сайн цагийг хүлээлгүйгээр олон жилийн турш хэсэг хэсгээр нь махаа зулгаан олж авсан мэдээллээсээ цувруулан олон түмэндээ өгүүлэхээр шийдлээ. Би эдгээр өгүүллүүддээ зөвхөн баримттай, буух эзэн буцах хаягтай зүйлсийг бичнэ. Эндээс хэвлэл, мэдээллээр гарч байсан ноцтой баримтууд яагаад шалгагдаагүй өдий хүрснийг уншигчид аяндаа ухаарна байх гэж найдаж байна.
УИХ – ын гишүүн, дэд бүтцийн сайд агсан С. Зориг хэрцгийгээр алагдсан хэргийг шалгах явцад цөөнгүй хэрэг илэрч шийдвэрлэгдсэн байдаг. Тэдгээрээс хамгийн том нь Казиногийн гэгдэх авилгалын ноцтой хэрэг бөлгөө.
Баабар, мөн “Монгол таймс” болон бусад сонинууд хэд хэдэн нийтлэлдээ Казиногийн хэргийн гол эзэн нь ямар ч ял зэмгүй өнгөрсөн тухай олон удаа дурдсан. Гэхдэээ шүүх, цагдаадаа хүрч, сонин хэвлэлээр дайтаж, адгийн зарга арав хоногтой гэдгийг мах цусандаа хүртэл ойлгосондоо ч тэр үү, тэд гол авилгачийн нэрийг шууд дурдалгүй орхиод байсан юм. Шүүх, цагдаа гэдэг маань Ц. Нямдорж гэсэн үг л дээ.
Учир мэдэх, мэдээлэл сонирхдог хэн ч гэсэн энэ авилгач нь Н. Энхбаяр гэж хэлээд байгааг түвэггүй ойлгодог. Казиногийн хэрэгт Н. Энхбаяр хэрхэн холбогддог вэ ? Болсон явдлын балрах дөхсөн мөрөөр бэдрэе.
Казиногийн хуулийг УИХ – аар батлах эсэх нь ихээхэн маргаан, зөрчилтэй байлаа. Хуулиа батлуулж үйл ажиллагаагаа албан ёсоор явуулахын тулд казино эрхлэгчид УИХ – ын гишүүдийг лоббидож, хахуульдаж байсан цаг. УИХ дахь МАХН – ын хүчтэй цөөнхийн бүлэг Казиногийн хуулийг жадлан эсэргүүцлээ. МАХН – ын бүлгийн гишүүдийн хөлд сууж, ая эвийг олохгүй бол казино балрах шинжиндээ оров. Тэд Н. Энхбаяр руу дөхөх гарц хэрэгтэйг ухаарав. Энэ хүн нь бэлэн байж байх нь тэр. Олон жилийн өмнө хотын эвлэлийн хороонд хамт ажиллаж байсан хуучны танил, МАХН – ын нарийн бичгийн дарга асан, Намын даргын зөвлөх Б. Энхмандахыг сонгож авлаа Казино Л. Байгаль МАХН – ын цагаан байрны байнгын зочин болж, өгөө аваагаа тохирох ажлыг эрчимтэй хийлээ. Л.Байгаль Н.Энхбаяртай уулзахаар намын байранд хэд хэдэн удаа очсон боловч энэ уулзалт болоогүй юм.
Мөнгөнд дургүйдээ биш, хүний гараар могой бариулж, өөрөө уснаас хуурай гарах шаардлага Н. Энхбаярт байсан юм. Энэ удаад ч Б. Энхмандахыгаа урдаа барив. Казиногийн хуулийг УИХ – аар батлуулахад МАХН – ын бүлэг дэмжинэ гэсэн амлалтын үнэ цэнэ болгож, хорин мянган долларыг авилга болгон авлаа. Гардаж авсан хүн нь Б. Энхмандах. Унгар улсад явах гэж байна, намын санхүү хүнд. туслаач гэдэг нэрийдлээр хорин мянган доллар эзэддээ очиж, Казиногийн хууль ч ногоон гэрлээр гялалзтал батлагдлаа.
МАХН – ын дарга нар хорин мянгынхаа нэг хэсгийг Улаанбаатарт, нөгөөг нь Унгарт хувааж авцгаасан гэдэг. Л.Байгаль энэ мөнгийг Н.Энхбаярт өгсөн гэж цагдаад мэдүүлсэн байдаг. Үүнийг цагдаа, тагнуулынхан мэдэхийн дээдээр мэддэг юм. Казиногийн хэрэг ийнхүү мандлаа. Ерөнхий сайд Ж.Наранцацралт энэ асуудлыг шалгуулна, УИХ – д асуудал болгон оруулна гэдгээ УИХ – ын индрээс зоригтой гэгч нь зарлав. Үүнд нь Хууль зүйн сайд Л. Цог ихээхэн нөлөөлсөн юм. Эрүүгийн цагдаагийнхан хаашаа ч хөдлөхийн аргагүй гүйцэтгэх ажлын баримтууд гаргаж авсан учраас Л.Цог сайд бардам суулаа. Эхлээд 6 дугаар сард болох хандивлагчдийн зөвлөгөөний дараа, улмаар наадмын дараа баривчилна гэж хүн сэтгэл гарган асуудлыг хойшлуулсан нь тэдний уучлашгүй алдаа байлаа
Б.Энхмандахыг баривчлан хорив. Н.Энхбаярын багийнхан үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж, үүрдийн хагацал үзэх гэж байгаа мэт түгшиж эхлэв. Зарим нь шоронд өмсөх хувцсаа хүртэл базааж байв. Намын даргаа “ганц худаг” – т илгээчихгүй байх бүх нүх сүвийг хайж, Н. Энхбаяр баригдвал МАХН сүйрнэ гэдэг “бор шувуу” – г дадсан аргаараа нисгэж орхив. Олон хүн Н.Энхбаярт дургүй нь хүрч байсан ч намаасаа өмнө өөрсдийгөө бодоод чадах ядахаараа чардайн хөөцөлдөцгөөв.
Хамгийн идэвхитэй гүйсэн хүн нь Ц. Нямдорж. Нэг талаас намын даргадаа үнэнчээ харуулах, нөгөө талаас Н. Энхбаярыг нээнтгэнд барьж байх эр хүний хувьд од шүүрсэн аз гээч чухам энэ л байлаа. Ц. Нямдорж гурван чиглэлээр идэвхийлэн ажиллалаа. Хууль зүйн дэд сайд байсныхаа хувьд прокурор, “ганц худаг- ынхнаас Б. Энхмандахыг аль болох чангалахгүй байх, эртхэн суллуулахыг юуны өмнө чухалчлав. Цагаан гартай тэр эрхмийг удаахан суулгачихвал долоон булчирхайгаа тоочих магадлал нэн өндөр байлаа. Харин нөгөөдөх нь шоронгийн хэлээр бол ёстой л “жиргэж” өгсөн байна. Гэсэн ч цагдаа, мөрдөнгийнхөнтэй ажиллахад тулах цэгээрээ энэ хэргийн зангилаан дээр сууж байсан С. Болдбаатарыг сонгож авлаа. Ерөнхий прокурор Н.Ганбаяртай таарамж муутайхан тул түүний орлогч Ж. Чойжанцантай найрахаар төлөвлөлөө.
Н.Ганбаяр прокурортой долоон голтой хашир чоно П. Жасрайг уулзууллаа. Хашир өвгөн ерөнхий прокурорыг гэртээ урьж хоол унд, архи дарсаар дайлан түүнээс намаа аврахыг хүсчээ. Н. Ганбаяр ерөнхий прокурор болохоосоо өмнө П. Жасрайн засгийн газрын Соёлын сайд Н. Энхбаярын дэд сайдаар ажиллаж байсан тул түүнд хатуурхаад байх үндэслэл байхгүй байв.
Н.Ганбаяр ч хүний мөс, жудагтай эр хүний хувьд Н. Энхбаярын хэргийг зөнд нь орхисон юм. Гэхдээ хуулиа хүний жудагаар сольсон нь түүнд сайн юм авчраагүй юм.
Казиногийн хэрэгт Ерөнхий прокурорын хяналтыг Ж. Чойжанцан тавьж байсан юм. Тэр Ц. Нямдоржтой нэг системд ажиллаж, дээр үеэс бие биенээ сайн мэдэх хүмүүс байсан тул гарцаагүйдээ оржээ.
Харин Б. Энхмандахыг суллуулах төлөвлөгөө хэрэгжээгүй удсан юм. Энэ хооронд цагдаагийнхан Б.Энхмандахаас мэдэх ёстой зүйлээ үндсэн нь мэдэж амжсан юм. Ямар ч гэсэн Н. Энхбаяр хорин мянган доллараас хувь хүртсэн нь тодорхой боллоо. Н. Энхбаяр, Ц. Нямдорж болон бусад нөхөд цагдаагийнхантай учир зүйгээ олохыг зүйл зүйлээр оролдсон боловч Д. Алтангэрэл хэмээх шударга нь дэндсэн архаг хурандаа ургаа хад шиг хөдөлж өгсөнгүй. Цагдаа талаас зөөлрүүлэх ажлыг С. Болдбаатар хийж өглөө. Казиногийн хэрэг мандаж Н. Энхбаяр орох байх газраа олж ядан байсан тэр үед хууль ёсоо умартан түүнийг аварсан хүмүүс хожмын өдрөө хувь хишгээ хүртсэн юм. Албан тушаалаа урвуулан ашиглаж, ёсон бус ашиг тусыг олохыг соёлтой орнуудад авилгалын хамгийн хүнд хэрэг гэж үзэж жигшдэг юм билээ. Үүнээс хойш манайд энэ нь хэвийн үзэгдэл болон хэвшлээ.
Казиногийн хэрэг хүрээгээ тэлэх нь тодорхой боллоо. Ерөнхий сайд Ж. Наранцацралт Хууль зүйн сайд Л. Цог нарын үүргийн дагуу Цагдаагийн Ерөнхий газраас УИХ – ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нэмж оруулахаар зэхэж байлаа. Тэдний магнайд Н. Энхбаярын нэр дурайж байв. Уг нь бол Цагдаагийнхан Н. Энхбаяр тэргүүтнийг 1999 оны 5 дугаар сарын 15 – аас өмнө баривчлах төлөвлөгөөтэй байсан юм. Н. Энхбаяр ба түүний багийнхан нарсанд суухад хуруу дутуу болов. Одоо яах вэ ?
Үүнээс нь өмнө Засгийн газрыг огцруулж олны анхаарлыг өөр том зүйлд хандуулах, түр ч атугай амсхийн цаг хожих хэрэгтэй болов. Ингээд Их Тэнгэрийн аманд Н.Энхбаяр, Р. Гончигдорж, З. Энхболд зэрэг хүмүүс нууцаар уулзан зөвлөлдлөө. Ж. Наранцацралтын Засгийн газрыг огцруулсан хуйвалдаан эндээс эхтэй юм. Ж. Наранцацралт Ерөнхий сайд болмогцоо З. Энхболдыг Төрийн өмчийн хорооны даргын албанаас халсан заналт дайсан нь билээ.
Р. Гончигдорж тэргүүтэй соцдекүүдийн хувьд ганц сүүтэй үнээ – Төрийн өмчийн хороогоо булаалгачихаад цангаж хатаж үхэхдээ тулчихаад байсан үе. Мөн өмч хувьчлалаас хуйлгайлахаар төлөвлөж байсан бүх ажлыг нь нураасан Ж. Наранцацралтад дээд зэргээр өширхөж байсан цаг.
Н. Энхбаярын тухайд хувь заяа нь хутганы ирэн дээр ирчихсэн болохоор Р.Гончигдорж, З. Энхболд нарын юу хэлснийг өвдөг сөхрөн, хушуу цорвойн хүлээн авахад бэлэн байв.
Р. Гончигдорж ба түүний нөхөд нэг сумаар хоёр туулай намнан, Ерөнхийлөгчийн сэнтий рүү өлөн нүдээр ширтэн, шүлсээ залгин унтаж чадахаа байсан үеүд давхацсан юм. Ж. Наранцацралтыг огцруулах шалтгаан нь хэнд ч хэрэггүй, хэн зохиосон нь одоо хэр тодорхойгүй ОХУ – д явуулсан захидал гэгч хөгийн зүйлээр дөрөөлсөн зохиомол хуйвалдаан байсныг олон түмэн сайн мэднэ. Энэ захидал гэгчийг Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу бичсэн гээд хэлчих Наранцацралтаа. Тэгвэл чамайг огцруулахгүй гэж тулгаж байжээ. Үүний цаана Ерөнхийлөгчийг огцруулж оронд нь Р. Гончигдоржийг суулгах Н. Энхбаяр, Р. Гончигдорж нарын хуйвалдаан нуугдаж байсан юм. Чоно оо, чоно.
Төрийн хэргийг хувийн эрх ашигт тулгуурласан хуйвалдаанаар шийдэж болох монгол зүй тогтлыг Н. Энхбаяр, Р. Гончигдорж нар энэ цаг үед мэдэрсэн юм. Хуйвалдаан одоо улам боловсронгуй болон үргэлжилсээр…
Хуйвалдагчдын сонирхол нэг цэг дээр давхцсанаас Ж. Наранцацралтын Засгийн газар огцорлоо. Казиногийн хэргийг шалгаж, шалгуулж байсан хүмүүсийн олонхи нь огцорч, солигдсон болохоор энэ хэрэг ч эрч нь харьсан дээс шиг болж замхран Н. Энхбаяр аврагдсан түүхтэй. Гэхдээ хэрэг өмхийрдөггүй гэдэг. Казино гэдэг үгийг сонсоод одоо ч гэсэн Н. Энхбаярын толгойтой үс нь өрвийдөг нь тодорхой.
Авилгалын нэгдүгээр үе тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Одоо тэр болгон хүн мэдээд байдаггүй хоёрдугаар үе эхэллээ. Гэхдээ энэ үед Н. Энхбаяр ба түүний багийнхны ялтны бус, ялан дийлэгчийн байр сууринаас гараагаа авсан билээ. Чухам эндээс дураар дургигчдын санаанд багтамгүй том том авилга, түүний бүхэл бүтэн сүлжээний шинэ эрин үе эхэлж, Н.Энхбаяр авилгалын загалмайлсан эцэг болон тодорсон билээ.
Энэхүү авилгын сүлжээ, сүлжээчингүүдийн далд бусармаг үйлдлийн үнэн байдлыг би уншигчиддаа цувуулан хүргэхээ амлаж байна.
Казиногийн хэрэгт холбогдон өвдөг нь чичирч, орох суух газраа олж ядан, царай нь мэнчийн байх үед нь Н. Энхбаярт тус болсон хүмүүс шан харамжаа хангалттай авч, харин хуулиа сахисан хэсэг нь хөсөр хаягдлаа.
Монгол төрийн боловсон хүчний бодлого Н. Энхбаярын засаглалын үед яг энэ зарчмаар хэрэгждэг юм.
Прокурорт шинэ удирдлага томилогдон Ж. Чойжанцан прокуророос халагдлаа. Түүнийг тэр дор нь Шүүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар хэмээх хяналт багатай, унац ихтэй газар даргаар томилов. Н. Энхбаяр, Ц. Нямдорж нарт шүүхийн шийдвэр биелүүдэг дарга биш, сайдын шийдвэр үг дуугүй хэрэгжүүлдэг дарга хэрэгтэй байв. Мөн энэ хэргийг нэлээд гаргуун мэдэх Л. Гарамжав генералыг зайлуулж санаа амрав. Ингэж Казиногийнхоо төлөөсийг Ж. Чойжанцанд өгсөн юм.
Д.Алтангэрэл хурандааг Цагдаагийн дарга болгоё гэж УИХ – ын дарга асан Л. Энэбиш санал болгоход Н. Энхбаяр сонсохыг ч хүссэнгүй, манай намын нэр хүндийг унагаасан хүнийг яасан ч болгохгүй гэж минчийн уурлав. Энэ нь өөрийнхөө нэр хүндийг намын нэр хүнд гэж ойлгох болтлоо эвдэрсний шинж юм. Н. Ганбаярыг огт хэрэгсэхгүй мартав. Ерөнхий прокурор байхдаа Казиногийн хэргээс Н. Энхбаярыг яаралтай суга татан гаргаагүйд нь зуусан хэрэг. Энэ зуулт удаан үргэлжилж байна, цаашид ч удах байх.
С. Болдбаатарыг ЦЕГ – ын дарга болгох учиртай боловч болгоомжиллоо. Хэтэрхий улайм цайм үйлдэл болно гэж тооцжээ. Түүнийг Н. Энхбаяр өөрийн хамгийн итгэлт баруун гарын хүн болох У. Барсболд сайдад хуулийн зөвлөхөөр өглөө. Хажууд өөрийнхөө ээж Бүдхандыг байгаль орчны асуудал хариуцсан зөвлөхөөр тавихаа мартсангүй. Түүнийг чимээгүй байлгах, байнга хянаж байх нь Н. Энхбаярын хувьд амин чухал.
Дээр нь С. Болдбаатарт хүн үл тааварлах тойруу замаар авилгалын аргаар туслах уран санааг Н. Энхбаяр сэджээ. С. Болдбаатарын эхнэр Б. Туулыг Төр, засгийн Их тэнгэр цогцолборын даргаар томиллоо. Даргаар томилоод зогссонгүй цогцолборын байрны их засварт 600 сая төгрөг төсвөөс өгүүлэв. Нэг байшинг засах нь битгий хэл, хоёр тийм байшинг шинээр барьчих мөнгө. Одоо тэр мөнгийг аятайхан хувааж иднэ. Мөн засвар хийх өөрийн хүн хэрэгтэй. Тийм хүнээр УИХ – ын гишүүн Д. Арвин тодорлоо. Б. Туул армийн хурандаагийн охин. Д.Арвин армийн эвлэлийн хороо хавиар ажиллаж байсан хуучны танилууд. Д. Арвины Их Өргөө кампанид Их тэнгэрийн байрны засварын тендерийг өгч, түүнийг өөртөө татан хэрэг болсон үедээ хэний ч өмнөөс хэрэлдүүлж байх нь Н. Энхбаярт ус агаар мэт хэрэгтэй байлаа. Тусыг тусаар. Д. Арвин Н. Энхбаярын өмнөөс хэрэлдэх үүргээ төрөлх авъяасаараа эдүгээ онцгой сайн биелүүлж байгааг олон түмэн бэлхнээ мэдэх хойно. Н. Энхбаяр ойрын хүндээ би Д. Арвиныг УИХ – ын шинэ Зэнээ болгоно гэж нуг нуг хөхөрч байсан гэдэг. Талийгаач сайн хүний ясыг өндөлзүүллээ гэж бүү зэмлээрэй. Гэхдээ энэ үг “Зэнээгийн гэрээслэл” гэж бичиж байсан Н.Энхбаярын амнаас гарсан л юм даа. М. Зэнээ гуай дуудах нэртэй, дуурсах алдартай хүн байсан юм шүү, Энхбаяр аа
Д. Арвин ч гэсэн мөнгөний сураг сонсмогцоо тун ухаалаг хөдлөв. Энхбаярт шууд нөлөөлдөг хоёрхон хүн байгааг Д. Арвин ажиж мэджээ. Нэг нь түүний эхнэр О. Цолмон, нөгөөх нь түүний ээж Бүдханд авгай. Д. Арвин эднийг мөнгө төгрөг харахаараа нүдээ ухаад өгчих нь холгүй хүмүүс юм байна гэдгийг мэдэж аваад хоёулангийнх нь хөлд эвтэйхэн суулаа, ойртлоо.
О. Цолмон Д. Арвинг хэсэг хугацаанд ашиглаж байгаад “бүдүүлэг, тэнэг боловсролгүй хар авгай” гээд голоод хаячихав. Ийм үгээр дайрч доромжилж байсныг нэг ам султай сэтгүүлч сонсоод тараачихаж. Энэ хоёр зай барин холдлоо. Гэхдээ Д. Арвин халширсангүй, харин ч Бүдханд авгайг лавхан барьж авлаа. Өөрөө Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дарга болж, орлогчоороо Бүдханд авгайг томилов. Буриад руу дагуулж яван ойр зуурын бизнес ярилаа. Гадагш явахад нь гарын мөнгө өгч аажим аажмаар дасгалаа. Одоо Д. Арвин Бүдханд авгайн хуурай охин. О. Цолмон бэрээс нь хэдэн арав дахин хүндлэгдэн эрхэлж байдаг итгэлт хүн нь болжээ. Энэ холбоогоор дамжин Дэлхийн байгаль хамгаалах сангаас хэрэгжүүлж байгаа Хан Хэнтийн дархан цаазат газрыг хамгаалах төслийн мөнгө дамждаг юм.
Нүхтийн аманд байх дээр үеийн томчуудын, манайдаа гайгүйд орох байрнуудын нэг нь Намбар гуайнх бөгөөд Д. Арвин тэнд байнга очин бандаганаж хэвтдэгийг тэнд гардаг хүн бүр мэднэ. Хүн хүнтэйгээ ойр байж бололгүй яахав. Ойртож буй учир шалтгаан, ойртуулж байгаа сэжим нь авилга байгаад л хэргийн учир оршино гэдгийг уншигчид дор бүрдээ тунгаана буй за. 600 сая төгрөгийн хэдээр нь Их Тэнгэрийг засч, юу хийж, юуг сайжруулав ? Хэдээр нь чөлөөт хэвлэлийг дэмжих санг хахуульдав ?
Хэрэв Та хэрэг болгоод засвар хийсэн гэх 50 – ийн IY хэмээх байранд очиж үзээд өрөө тасалгаагаар нь орж, ариун цэврийн өрөөг нь харвал арай ч дээ гэж гарцаагүй дуу алдана.
Энэ бүхнийг хэн хянаж шалгаж байна вэ ? Хэн ч биш. Улсын хөрөнгө, татвар төлөгчдийн хөлс урсган бий болсон мөнгө авилгачдын гарын салаагаар урсаж байна. Цаана нь хүн ард нь мянга мянгаараа өлсөж, өлбөрч, ядуурч үгүйрч, траншейд хоног төөрүүлж, хог ухан бор хоног өнгөрөөж байна. Дээгүүрээ яаж хуйвалдаж, яаж хувааж иддэгийг доодос даан ч мэдэхгүй нь харамсалтай. Хүний арьс нөмөрсөн чононууд хот руу нь дайрч байгааг тэд огт төсөөлөхгүй, хувь заяандаа гомдонхон суугаа. Дарангуйлагч тогтолцоо, хаалттай нийгэм, хяналтгүй төр, авилгачдын үүр уурхай энэ бүхэн нь Н. Энхбаярын сүүлийн 5 жилд бий болгосон гамшиг.
Б. Туул нэг их удалгүй Их тэнгэрээс халагдлаа. Гол шалтгаан нь О. Цолмонгийн таалалд нийцсэнгүй. О. Цолмонгоос арай илүү царай зүйтэй, бие галбиртай, залуухан бүсгүй түүний атаархлын хорыг маажжээ. Б. Туулын нөхөр С. Болдбаатарыг хуулийн томоохон албанд томилох үлгэр ч жаргав бололтой. Н. Энхбаяр хүнийг нэг удаа ашиглаад бохь, бэлгэвч шиг хаячихдаг хөгийн новш аж.
Б. Энхмандах Лондонд ЭСЯ – нд зөвлөхөөр явлаа. Түүнийг холхон цөлж, Казиногийн хэргийг нийгэмд мартагнуулах нь Н. Энхбаярын хувьд юу юунаас чухал алхам байв. Уг нь Б. Энхмандах элчин сайд болчих санаатай, горьдож суужээ. Хоригдож суухдаа илүү балай юм донгоссон учраас Н. Энхбаяр түүнийг элчин сайдаар томилуулах саналыг гаргалгүй орхижээ. Одоо тэр хүн Н. Энхбаярт дахин хэрэггүй. Б.Энхмандахыг шоронгоос суллагдахад Ц.Нямдорж Ардчилсан холбоо эвслийн холбоотнууддаа “Ийм ч юм байх гэж дээ. Н.Энхбаяр энэ хоёр аврагдчихлаа шүү дээ” гэж дуу алдаж байсан нь тэмдэглэгдэн үлджээ. Энэ нь хуйвалдагчид гүн гүнзгий зөрчилтэй, ямагт хоёр нүүр гаргаж байсныг харуулдаг юм.
Одоо Ц. Нямдорж хэтэрхий пээдгэр байдгийн учрыг уншигч авхай нар ухаарсан гэж найдъя. Н. Энхбаярыг Казиногийн хэргээс мултлахад ганц Ц. Нямдорж зүтгэсэн гэвэл дэндүү үнэмшилгүй болно. Н. Энхбаяр лам, бөө гээд яваагүй газаргүй, мэргэ төлөг, гүрэм дором, хараал засал гээд хийлгээгүй орхисон шашны зан үйл гэж бараг үгүй. Гэмт хэргийг лам бөө, мэргэч төлөгч, хараалч нар шийддэг юм биш, хууль шийддэг юм. Гэсэн ч энэ хэрэг дахин сөхөгдөх бодит аюул, аюул ч гэж дээ шударга ёс Н. Энхбаярыг хар дарсан зүүд мэт дагах нь гарцаагүй…
Н.Энхбаяр Казиногийн хавтаст хэргээс өөрсөдтэйгээ холбогдсон хэсгийг цагдаа, тагнуулын газарт байгаа холбоотнуудаараа дамжуулан авч оргүй устгасан гэж бодож байгаа бол дэндүү их эндүүрэл болно…
Албан тушаалаа урвуулан ашиглаж авилгалын сүлжээг хэрхэн бий болгодог ганцхан жишээг энд зураглалаа. Дүгнэлт хийх эрх нь Танд байгаа.
Үүнийг худлаа гээд маргах гээд үз. Гүтгэж байна гээд шүүхдээд ир. Энэ байтугайг чинь дэлгээд өгье…
Судлаач Д.Ганхуяг
2005 оны 2 дугаар сарын 15.
Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын үеийн хийсэн, хэрэгжүүлсэн 20 тэрбум долларын их өрийг П.Очирбат, Н.Багабанди нар хаах, багасгах гээд бараагүй том асуудлыг Намбарын хүү Энхбаяр хийж, хааж чадсан нь Монголын түүхэнд алтан үсгээр бичигдэх агуу том гавьяа. Энэ хүний эсрэг элдэв муу зүйл хэлж ярихаа болимоор юм. Энэ Элбэгээг харалдаа шал худлаа энэ тэнд очиж өнхөрсөн, хэлж ярьснаа мартсан алиалагч. Төрийн тэмцэл, түмний ядуурал, дэлхийн хямрал дундуур гарч ирсэн Гүүш хааны өрөөсөн дугуй. Чоно борооноор гэдэг шиг. Нэг их СЕО зан гаргаж, маркетингтай ажиллаж гайхшруулах гэсэн хэлбэр гаргасан хүн. Өглөөний цай гэж Хааны зоог юм уу хаашаа юм. Онигоо ярьж инээлгэж байгаад л гаргадаг гэсэн. Ямар ч асуудал шийдсэн юмгүй, улсын хөрөнгөөр тансаглах бас нэг муу арга нь..
Eh oronch oo chi bitgii shal hamagui um yari l da. yund n omoorood bgan. niitleliin togsgold helsenchlen hudalaa ged margad uz l dee tiim l um bol. bi ene tuhai medehgui endees medej avlaa. teged ch sudlaachid itgej bn.
Enhbayaraa: Ta iim ih mongo ided heze barigdah bol gj shanalaj yavah, esvel shanalahguigeer hodolmoroooroo bolgood amidrah 2iin ali n amttaig heleed ogooch? bi 2 dahi argaar n az jargaltai setgel taivan untaj yavaa hun.
энхбаЯр бол азгүй амьтан
Хаана уншлаа гээд хайгаад байсан энд байсан байна. ҮНэхээр Н. Энхбаяр өөрөө ерөнхийлөгч болохыг мөрөөдөж, 2 намыг устгах төлөвлөгөөтэй байсан гэдгийг яах мэдэв ээ. ОДоо Энхбаярын засаглал тогтож Казакстан шиг болох юм байна л даа Та энэ талаар МАХН ын талаар өөрийн судалгаа таамаглалаа дэвшүүлбэл их сонирхолтой байна. Хариу бичээрэй таныг хүндэтгэв
ta ene ued shashin turiin hoslon barigch guaig huluu gozoilgood, ulaan oimsoo haruulaad, gutalgui, avdrant ruu tsagdaa nart chiruuleed, achigdana gedgiig bur medej bjee..hehe..araas ni heniig achaad avaad yavhiig bas l gadarlaj bga yu..2012 onii 4 sariin 26nd..
Ингэж дэлгээд байхад шүүх, цагдаа, прокурорыхон барин тавин дэлгээд, нотлоод шудрага ёсыг тогтоож болдоггүй юм байх даа. Уг нь хэрэг хуучирдаггүй гэдэгсэн.