БАЯЛГИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨНИЙ ШИНЭ ШАТ

Манайхан асар их байгалийн баялагтайгаа гайхуулан шагших боловч баялгаа бүртгэнэ, хянана гэдгийг огт мэдэхгүй. Нэгэнт хянахгүй, тоохгүй болохоор эрх мэдэлтнүүд дураараа дургих нь мэдээж хэрэг. Мөн монголчууд байгалийн баялаг ярихдаа нүдэнд ил байгаа хэдхэн томыг ярина, чингэхдээ хэрүүл хийхээс хэтрэхгүй. Жи: ОТ, ТТ, Эрдэнэт гэх мэт. Энэ хэдээс өөр баялаг, орд газрыг бараг мэдэхгүй, огт сонирхохгүй. Гэтэл 30 гаран жилийн дотор Монгол орныг хөдлөн гулд ухаж амжсан бөгөөд энэ хэрээр манай баялгийн хэмжээ бүх төрлөөрөө олон дахин нэмэгдсэн. Энийг ч бас сонирхохгүй. Нэгэнт ард түмэн нь сонирхохгүй байгаа тохиолдолд гадаадынхан сонирхох нь мэдээж хэрэг. Ингээд монголын баялгийн талаарх өрсөлдөөн, баялаг ашиглахтай холбогдон үүссэн буй зөрчил, хандлагын тухай товч өгүүлье.

Баялгийн төрөл, хэмжээний өөрчлөлт

  1. Алт

2000 онд “Алт”, 2017 онд “Алт-2” хөтөлбөр баталснаар эхлээд алт руу дайрцгаав. Энэ нь замбараа задгаа алдаж, хувиараа аль олборлох нинжа нарын арми Монгол улсыг сүйдлэв. Нинжа нарын армийг алтыг бэлэн мөнгөөр газар дээр нь худалдаж авдаг “нууц ноёд” удирдаж байсан юм. 2006 онд алтны 68%-ийн ашгийн татвартай болсноор алт олборлолт нууц байдалд шилжиж, алтыг хууль бусаар хил давуулан наймаалах шинэ бизнес бий болов. 2010 оноос гэнэтийн ашгийн өндөр татварыг цуцлаж, алт ашигласны төлбөрийг 2,5% болгон бууруулж, ААН-ийн орлогын татварыг таван жилээр тэглэснээр иргэд алтаа Монголбанкинд худалдах боломж нээгдэв. Энэ нь “алтны нууц ноёд”  аль нэг хүний нэрээр зөвхөн 2,5%-ийн татвар төлөөд Монгол банкинд олон улсын үнээр зарах луйврын нэг том сувгийг нээв.

Нинжа нар алга болсонгүй. Өнөөдөр албан бүртгэлтэй 8,000, бүртгэлгүй гучаад мянган “нинжа” монголын өргөн уудам нутагт ажиллаж байна. Манайхан нинжа нарыг түмпэн, хүрз, жоотуу барьсан ядарсан амьтад гэж ойлгодог үе нэгэнт хоцрогджээ. Орчин үеийн нинжа нар экскаватор, трактор, элдэв төрлийн техник эзэмшсэн нэлээд том үйлдвэрлэгчид болон хувирчээ. Жил тутам газрын хэвлий рүү дайрсан гэмт хэрэг 150 гаруй бүртгэгдэж байгаа нь алтны гэмт хэргийн цар хүрээг илт харуулна.

Сүүлийн үед алтны нөөц эрс нэмэгдэж, алт олборлогч том том компаниуд бий болов.

ОТ бол мэдээж зэсээс гадна алтны том олборлогч. Одоогийн байдлаар ОТ-н баяжуулах үйлдвэр өдөрт 100.000 тн хүдэр боловсруулж байна. 1 тн хүдрээс 0,36 г алт гардаг гэдгийг харгалзах юм бол ОТ-оос ямар их алт гарч байгааг багцаалж болно.

“Erdene Resource Development” компани “Баянхөндий” өндөр агуулгатай алтны төсөл эхлүүлсэн ба Алтан Нар алт-полиметаллын төсөл, Зуун Мод молибден-зэсийн порфирийн төслүүд дээр ажиллаж байна.

“Steppe Gold” компани саяхан алдар цуут Бороо голдыг авснаар олборлолтоо ихэд нэмж, 90.000  унци алт авахаар төлөвлөж байна. Мөн Дорнот аймгийн Алтан Цагаан Овоо орд дахь олборлолтоо 2 дахин өсгөж, 2026 онд 160.000 унци алт авахаар төлөвлөж байна. “Алтан цагаан овоо”-оос тн тутамдаа 2 гр алтны агуулгатай 533 мян.тн хүдрийн чулуулаг олборлож, овоолгон уусгах технологиор боловсруулж байна. Мөн Баянхонгорын “Уудам хөндий” алтны ордыг эзэмшиж байна. Ингэснээрээ “Steppe Gold” монголын хамгийн том алт олборлогч болов.

2. Зэс

Манайхан бүгдээрээ мэдэх учраас энд ОТ-г ярихгүй. Монгол зэсийн нөөцөөрөө дэлхийд 7-рт, зэс олборлолтоор 13-рт, зэсийн баяжмалын экспортоор дэлхийд 6-рт, мөн Хятададын зэсийн баяжмалын импортоор 3-рт орж байна.

“Xanadu Mines” компани Өмнөговийн зэс-алтны “Хармагтай” төслийг хэрэгжүүлж байгаа. Шинэ тооцооллоор “Хармагтай” төслийн нөөц 1.3 тэрбум тн бөгөөд үүнд: 3.4 сая тонн зэс, 8.5 сая унц алт байгаа. “Xanadu Mines” компани “Хармагтай” төслийг БНХАУ-ын “Zijin Mining Group”-тэй хамтран хэрэгжүүлдэг. Мөн “Red Mountain” буюу “Улаан толгой” төсөлдөө Японоос санхүүжилт татсан. Хармагтайн ордын талаарх мэдээллийг манай эрх баригчид нуун дарагдуулдаг.  

Британийн “Kincora Copper Limited” компани хайгуулын чиглэлээр ажиллаж буй хэд хэдэн компанийг нэгтгэж хайгуулын ажил гүйцэтгэх болов. “Kincora” ОТ болон Цагаан суваргын орд газруудын дунд болон дагууд хамгийн их ирээдүйтэй 1500 кв.км талбайн лицензийг олж авчээ. Учир нь ОТ, Цагаан суваргын орд газрууд нь үргэлжилсэн зэс, алт, холимог металлын орд илрэх хамгийн их магадлалтай юм. Мөн “Kincora Copper” компани “Хүрэл үнэг”, “Зүүн цагаан суварга”, мөн өнгөрсөн оноос алт зэсийн “Бадрах” төсөлд хайгуул хийж байна.Рио Тинтогийн захирал байсан Камерон гэгч “Kincora”-ын зөвлөхөөр ажиллаж байна.

3. Нүүрс. Энд ТТ ярихгүй.

“SouthGobi Resources” компани 2023 онд 75.9 сая ам.долларын ашигтай ажилласан нь 2022 оны цэвэр ашиг болох 13.6 сая ам.доллароос даруй 457 орчим хувиар өссөн дүн болж байна. “SouthGobi Resources” урт хугацаандаа БНХАУ-аас 40 км-ийн зайд байрших “Овоот толгой” уурхайн үйл ажиллагаандаа голлон төвлөрөх юм байна.

“Mongolian Mining Corporation” Коксжих нүүрс экспортлогч “Mongolian Mining Corporation” өнгөрсөн онд 1.03 тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь өмнөх оноосоо 89.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Харин татварын өмнөх цэвэр ашиг нь 509 сая ам.доллар хүрч 280.4 хувиар, татварын дараах ашиг нь 304 гаруй хувиар өссөн байна. Өнгөрсөн онд “Mongolian Mining Corporation” 14.6 сая тонн нүүрс олборлосноос 12.1 сая тонныг Ухаа худгийн уурхайгаас, үлдсэнийг нь Баруун наран уурхайгаас олборложээ.

Аспайр Майнинг Лимитед (Aspire Mining Limited LLC) компани. Орхон-Сэлэнгийн бүс нутагт Овоотын коксжих нүүрсний ордын төслийг эзэмшдэг.  Мөн Өмнөговийн бүст байрлах нүүрсний 11 тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.Эрдэнэт-Овоотын төмөр замыг байгуулахаар төлөвлөсөн.

“TMK Energy”. Манайд байгалийн хийн хайгуул хийж байгаа компани.  Нарийн сухайтад 2023.04 сард өрөмдлөгийн ажил эхэлсэн. Богино хугацаанд 3 цооногийн олборлолт оны турш тасралтгүй явагдаж, хийн урсгалын хэмжээ нь тогтмол нэмэгдсээр байжээ. Мөн Өмнөговийн Гурван Тэсд метаны хайгуул хийж буй.

4. Уран

Монгол орны ураны 13 ордын хэмжээнд 192 орчим мянган тн батлагдсан нөөц, 1.5 орчим сая тн геологийн нөөцийг тогтоогоод байна. Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийн 47 улсаас эхний 11-дүгээрт орж байгаа ба дэлхийн нийт нөөцийн хоёр хувийг бүрдүүлж байна. Монголын ураны нөөц дэлхийн атомын эрчим хүчний 1 жилийн хэрэгцээг хангаж чадах аж. Энэ бол манай дотоод мэдээ. Дэлхийн ураны хайж олсон нөөц 5 сая тн болох ба энэ нь дараах байдлаар тархсан. Австрали 1234 мян. т, Казахстан – 817, Орос – 545, ӨАБНУ – 435, Канад – 423, АНУ – 342 мян.тн олсон нөөцтэй. Харин МУ-ын ураны таамаглаж буй нөөц 1,5 сая.тн-оор үнэлэгдэж байна. Ингэхлээр МУ ойрын 10 жилд дэлхийн томоохон уран олборлогч болох нь гарцаагүй.

Одоо Монголд ураны 13 орд илрээд байна. Тэдгээрийг дурдвал: Зөөвч-Овоо (Бадрах Энержи), Хайрхан (“Гурвансайхан”), Хараат (Гурвансайхан, Кожеговь), Гурвансайхан (Гурвансайхан), Өлзийт (Гурвансайхан), Дорнод, Гурванбулаг (Эмээлт майнз”), Мардайн гол ба Нэмэр (“Адамс майнинг”), Улааны холимог метал (“Шинь шинь” ХХК, “Хунбөө” ХХК), Далт (Нуклер энержи Монголиа ХХК), Дулаан-Уул (“Кожеговь” Бадрах Энержи ХХК), Энгэр-Ар (Лукрий ХХК), Дулаан-Уулын баруун урд үргэлжлэл (Бадрах Энержи ХХК) болно.

Монгол, Францын хамтарсан “Зөөвч овоо” ураны төслийг “Бадрах энержи” компани гүйцэтгэж буй. Одоогоор “Бадрах энержи” компанийн 34 хувийн “Эрдэнэс Монгол”, 66 хувийг Францын төрийн өмчит “Орано майнинг” компанин эзэмшдэг. Зөөвч овоо, Дулаан-Уул орчим нийт батлагдсан нөөц нь 100.345 мян.тн. Үүнээс ашиглаж болох нөөц нь 70 гаруй мян.тн гэсэн урьдчилсан тооцооллыг гаргажээ. Зөөвч овоо төслийн хүрээнд жилд 2500 тн уран олборлох боломжтой. Энэхүү нөөц нь сүүлийн 20 гаруй жил дэлхийн бүртгэгдсэн хамгийн өндөр нөөц болно.

Харин энд нэр гарч буй “Гурвансайхан ХХК” нь Чех, Казакстаны “Казатомпром”, Монголын “Монатом”-ын хамтарсан компани юм. Гэтэл ноднингоос эхлээд “Гурвансайхан” компанийг ад үзэж, дарамталсан учир тэд Монголын ЗГ-ыг арбитрийн шүүхэд өгөөд байна. Эндээс үзэхэд Монголд ураны төлөө хатуу ширүүн өрсөлдөөн болж байгаа нь илэрхий байна.

5. Газрын ховор металл

Хятадын ГХМ-ын таамаглалт нөөцийг 44 сая тн гэж үздэг. Гэтэл АНУ-ын Геологийн Албаны үнэлгээгээр 2009 оны байдлаар МУ 31 сая тн ГХМ-ын таамаглалт нөөцтэй бөгөөд энэ нь дэлхийн ГХМ-ын нөөцийн 16,77 %-ийг эзэлнэ гэж дүгнэжээ. Улмаар АНУ-ын Геологийн Алба Монголын нутагт ГХМ-ын Алтайн, Умард Монголын, Хэнтийн, Хангай, Зүүн-Өмнөд Монголын, Өмнөд Монголын гэсэн 6 муж бий гэж улам тодруулан заажээ.

Энэ бол МУ ГХМ-ын нөөцөөрөө Хятадын дараа 2-рт орох маш өндөр үзүүлэлт юм. Ямар ч гэсэн МУ ГХМ-аараа дэлхийд цойлох нь ойлгомжтой байна.  

Гэтэл манай улсын албан мэдээнд МУ газрын ховор элементийн ислийн нийт 3.1 сая тоннын нөөцтэй, нийт 6 орд илрүүлсэнээс 4 нь том, 2 нь жижиг орд бий гэж мэдээлж байна.

Манай мэдээгээр 3,1 сая тн, гадаад мэдээгээр 31 сая тн гэсэн тооны хооронд асар их зөрөө гарч байна. Манай ГХМ-ын тоо хэмжээг багцаагаар 10 дахин дарж мэдээлж байгаа нь тодорхой байна.

Монгол Улсад одоогоор ГХМ илэрч, ил тод зарласан дараах ордууд байна. Үүнд:

Улаандөлийн 124.78 мян.тн-ын орд, Халзанбүргэдэйн 1.511.6 мян.тн-ын орд, Мушгиа худагийн 365.1 мян.тн-ын орд, Хотгорын 1,213.7 мян.тн-ын орд, Цагаан чулуутын 274.55 мян.тн-ын орд, Лугийн голын 14.5 мян.тн-ын орд тус тус багтана.

ГХМ-ыг боловсруулж ялгаж авахад байгаль экологийг ёстой жинхнээсээ сүйд хийдэг. Жи: Хятадын одоо байгаа стандарт технологиор 1 тн ГХМ үйлдвэрлэхэд: 1 тн цацраг идэвхит хаягдал, 12.000 кубометр тоостой хийн холимог, фтор устөрөгчийн болон хүхрийн хүчил, 75 кубометр хүчлийн уусмал хаягдал болон ялгардаг. Энэ аварга их хаягдал байгаль орчныг яаж бохирдуулах нь ойлгомжтой.

Сульфидын тухай

Одоо монгол хүний толгой эргүүлдэг “сульфид” гэгчийн тухай товч өгүүүлье. Манайд алт, зэс хайж, олборлож байгаа гадаад компаниуд “сульфид” хайж байна гэж ярьдаг. Энийг нь монгол баагий “шал өөр нэг юм” гэж ойлгох нь гарцаагүй. Харин “сульфид” бол зэс, алтыг дагалдан гардаг нэгдэл юм. Сульфидыг химийн томъёогоор нь бичвэл: FeZnCuMoAgHgPbBiNiCoMnVGaGeAsSb элементүүд орно. Эндээс 2-3 элемент нь голлох, бусад нь дагалдах элементүүд байдаг. Аль элемент голлож байгаагаасаа шалтгаалж нэршил нь маш олон янз байдаг. Дашрамд сульфид болон холимог металл (полиметалл) нь тун ойролцоо ойлголт болно.

Ноцтой дүгнэлтүүд

Одоо Таныг Монголын ашигт малтмалын талаар анхан шатны ойлголттой болсон гэж бодож байна. Тийм ч учраас би аль болох товчилж, гол томуудыг нь дурдсан.

Нэгдүгээр дүгнэлт. Монгол орны байгалийн асар их баялагүндсэндээ нийгэм, ард түмний хяналтын гадна байна. Энэ нөхцөлд байгалийн баялгийг мэдэж захирах, удирдах эрхийг гадаадын компаниуд монголын төр засгийн хэдхэн хүний хүрээнд эдэлж байна. Энэ нь манай төр засаг гадаадын хөрөнгө оруулагч нартай хуйвалдах, зохицох бүрэн боломжийг бүрдүүлж байна.

Хоёрдугаар дүгнэлт. Дээр дурдсан алт, зэс, нүүрс, уран, ГХМ бол манай баялгийн охь манлай бөгөөд эдгээрээр манай улс дэлхийд толгой цохиж байна. Түүнээс гадна эдгээр ашигт малтмал дэлхийн стратегийн гол бүтээгдэхүүн бөгөөд энэ хэрээрээ геополитикийн өрсөлдөөний талбар болж байна. Ялангуяа алт, зэс, уран, ГХМ-аар дэлхийн том улсуудын дунд дайн өрнөж байна.  

Гуравдугаар дүгнэлт. Одоогийн байдлаар МУ-ын нутаг дэвсгэр дээр 515 компани 1000 гаруй лицензээр ашигт малтмал олборлох ажил эрхэлж, газар ухаж байна. Эдний ихэнх нь гадаадын компаниуд. Ингэхлээр гадаадын компаниуд бүгдээрээ Монголоос зугтаад явчихсан гэдэг яриа бол хий хоосон сүржигнэл юм. Харин ч гадаад компаниуд монголын баялагт шунаж байгаа нь тодорхой байна.

Дөрөвдүгээр дүгнэлт. Уран, ГХМ зэргээр Монгол Улс Барууны талыг (АНУ, Англи, Франц) хэт баримталж байгаагаас ОХУ, Хятад хоёр илт дургүйцэж эхлэв. МУ дэлхийн геополитикийн сөргөлдөөнд хоёр хөршийгөө илт үгүйсгэсэн байр суурь баримтлах болсноороо том гүрнүүдийн геополитикийн сөргөлдөөний галыг өөр дээрээ дуудав. Энэ нь МУ-д сайн үр дүн авчрахгүй.

Тавдугаар дүгнэлт.  Ашигт малтмалын өрсөлдөөн тэмцэл алт, зэс, нүүрсний хүрээнд байсан бол одоо уран, ГХМ нэмэгдэв. Энэ нөхцөлд ашигт малтмалын өрсөлдөөн тэмцэл шинэ дээд түвшинд гарч, улам түвэгтэй, улам харгис, улам хөнөөлтөй болох нь гарцаагүй. Манай төрд шургалсан хулгайч, дээрэмчин, авилгачид өмнө нь алт, зэс, нүүрсний хулгай хийдэг байсан бол одоо уран, ГХМ хулгайлж дээрэмдэх өргөн боломж нээгдэв. Ийм учраас уран, ГХМ-ын талаарх мэдээллийг ард түмнээс ихэд нууцалж, “шинэ түвшний” хулгай дээрэм хийхээр зэхэж байна.

Зургадугаар дүгнэлт. Ирэх 4 жилийн манай дотоод улс төрийн тэмцэл гадаад геополитикийн өрсөлдөөнтэй сүлэлдэн холилдох бөгөөд энэ нь МУ-ын тусгаар тогтнолд ихээхэн нөлөө үзүүлнэ. Монголын баялагт ард түмний хяналт байхгүйг далимдуулж, дураараа дургиж, хэн дуртайдаа хямдхан зарж болно гэж бодож үйлдэх нь томоохон гэмт хэрэг мөн.

Долдугаар дүгнэлт. Ирэх 4 жилийн улс төрийн тэмцлийн гол тэнхлэг нь ашигт малтмал тойрсон бүлэглэлүүдийн өрсөлдөөн тэмцэл байх нь тодорхой байна.Үүнтэй холбоотой мэдээллийг манай ард түмнээс нууж хаах ямар ч боломж байхгүй.

МАН, АН-ын аль бүлэг ямар ямар шийдвэр гаргаж, ямар ямар баялгийг яаж зарж, хэрхэн идэж ууж байгааг илчлэх нь монгол судлаачийн ариун үүрэг болой…       

Судлаач Х.Д.Ганхуяг.

2024 оны 05 дугаар сарын 02.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to БАЯЛГИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨНИЙ ШИНЭ ШАТ

  1. Болдоо says:

    Маш их баярлалаа, газрын баялаг ашигт малтмал тойрсон хуйвалдан савнаасаа хальж олон улсын хэмжээний зөрчилд хутгалдан холилдох нь нэн аймшиг билээ!

    Эдгээрийг БҮРТГЭХ ХЯНАХ өчнөөн олон арга боломж бий чиг хэлж бичихээр луйварч тонуулч иргэд олноос түрүүлж мэдэж хараад далдалж аргаа солих, зөвийг хэлчүүл ашиглаад илүү их хөлжиж ухчих гээд күэ мөн зовлонтой юмаа!?

    Ядаж ард иргэд нь тархидуулж атомжин бутралгүй энэ мэтийг уншаад ухамсарлаад ХҮН болчуул зүгээр байдаг? Уншиж таньж сэхээ ухаа орохын хүлээвэл худлаа тул яас хийж дайснуудын учрыг олдог юм билээ гэж…

  2. Anonymous says:

    …юуны түрүүнд эрхэм судлаач танд баярлаж явдагаа илэрхийлэе. Уншаад зүрх эмтрэх. Гарц байж л байгаа.Эх нутгынхаа эзэн нь байж, энх амгалан, эвтэй найртай амьдарч чадахгүй улс уу,бид,Монголчууд?…

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.