А.БААТАРХУЯГ: ЗАРЧМЫН ТӨЛӨӨ..!
2018/12/28 9 Comments
Би тэнэг хүнд үнэн голоосоо дургүй. Бас зарчимгүй хүнд дургүй. Энэ хоёр голдуу хосолсон байдаг. Ухаалаг зарчимгүй хүн аюултай. Гэхдээ тэнэг найзаас ухаалаг дайсан хавьгүй дээр гэж боддог.
Өчигдрөөс хойш лав 20 шахам дургүй хүргэсэн хүнийг найзаасаа хасав. Блоколтлоо уурладаггүй л дээ, адилхан тэнэгтээд яах вэ?
Асуудал өнөөдрийн жагсаалаас эхтэй. Энэ жагсаалыг дэмжихийг “үзэл бодол” нэгтэй гэж бодсон МАНАН-г эсэргүүцэгч найзууд шахав. Тэгээд “үгүй” гэхээр хараав, хараахаар нь найзаас хасав. Голдуу нүүргүй, нэргүй нөхөд байна. Харамсах юм алга. Эрүүл ухаанаар нөхцөл байдлыг харахыг уриалав. Тэгээд болохгүй бол хэрэлдэж хэлцээд байх алба байхгүй… Гэхдээ сэрэмжлүүлэх нь миний үүрэг, “фэйсбүүк-өнгөт хувьсгалын” шинж тэмдэг ажиглагдаад эхэлсэн…
Энэ жагсаалыг дэмжих ёс суртахуун надад байсангүй ээ. Санаж байгаа бол би ЖДҮ-гийн тухай нэвтрүүлэг хөтөлсөн, редактораар нь ажилласан ухаантай. Материал цуглуулсан, магадласан. Тэгээд баримт үнэн тул бичсэн, оролцсон. “Ал, хяд” гэсэнгүй л дээ, буруу гэсэн. Гэсэн атлаа МАН-ын ЖДҮ-чид жагсаал хийхээр би яаж дэмжих юм? Тэгэх байсан юм бол би ер нь яах гэж тэр нэвтрүүлгийг хийсэн болж байна.
Нэвтрүүлэг хийж жидүүчдийг илчилчихээд, хоёр сарын дараа ой санамжаа алдчихсан, амьтанлаг зөнгөөр жидүүчдийг дэмжээд, нийлээд явбал харин миний найзууд “ичих нүүрэнд илэг наах нь” шударга учраас зөвшөөрнө. Ичнэ!
Би бас нэг муу нэр хичээдэг ухаантай, гэхдээ дэвших гэж оноо цуглуулж байгаа юм биш, хэзээ ч дэвшихгүй. Харин тийм нэг алсын шуналтай бол олонхи хаана байна түүнийг дэмжиж байна, түүнийг түрээд уухайлаад нөгөө хэдтэйгээ найзлаад хамж явах нь дээр л дээ! Гэвч ийм үйлдэл надад сохор зоосны ч үнэ цэнэгүй бөгөөд ичгүүртэй санагдана.
Оролцох ба оролцохгүй юм гэж бий, зарчим зөрвөл болохгүй! Бүр ухаанаа алдсан нэг нь мөнгөөр явлаа гэж үзэв. Өнөө М.Энхболдыг нь огцрох ёстой гэсэн байр суурь миний хаягаар дүүрэн бий! Тэр М.Энхболдыг огцруулахыг 100 хувь, магадгүй 200 хувь дэмжиж байгаа ч хулжин зальхай загнаж, М.Энхболдыг унагахын тулд зарчмаасаа зөрж болохгүй юм, энэ бол ёс суртахуун! Тэр М.Энхболдыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд унагахад оролцсон нь үнэн, бүгд л мэдэж байгаа. Тиймээс надтай нүүр тулахаас ч зэвүүцдэг биз!
Бодат байдалд хэрэв УИХ-ын чуулган хуралдах л юм бол жидүүчдийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Мэдээж МЭ-ийн тал нь тэнэг биш тул өрсөж “алах” гэж байгаа юм. Жидүүчид ч тэнэг биш тул МЭ-ийн асуудлыг урдаа барьж үзэлцэж байна. Үүндээ залуусыг ашиглаж байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайдын ЖДҮ-тэй холбоотой асуудлыг яаран гаргасан нь санамсаргүй юм биш. Хэлэлцээд эхлэхээр хамаатуулах гэж байгаа юм. Нэгэнт нэгнийхээ хоолойд ассан тул цаашид УИХ ба ЗГ-ын үйл ажиллагаа хэвийн явах нөхцөлгүй болсон. Ийм нөхцөлд аль, аль нь буруутан учраас алиныг нь ч дэмжихгүй, гаргалгаа нь тэд хамтдаа хариуцлага хүлээх ёстой, УИХ тарж, ЗГ огцрох ёстой. Энэ миний зарчмын байр суурь.
Энэ бол парламентад үнэмлэхүй олонх буюу 65 суудалтай, эрх баригч МАН дотоод дахь улстөрийн эвлэршгүй зөрчил. Антагонист зөрчил юунд хүргэдэг вэ? Тэд парламент ба ЗГ-ыг бүрэн эрхшээж байгаа ба төрийн энэ нөөц боломжийг шавхан ашиглаж нэгнээ, толгойлогчдоо дарж авахаар улайран тэмцэлдэж байна. Нэг тал нь ЗГ-т давуу, нөгөө тал нь УИХ-д давуу! Тиймээс сүйрэл сүйтгэлээс өмнө эднийг төрийн эрхнээс холдуулахгүй бол улс орон жолоодлогогүй болж, замаа алдана. 1 дүгээр сарын 30 гэхэд гадаад талд манай улсын санхүү-эдийн засгийн нөхцөл байдалд сөрөг нөлөөтэй шийдвэр гарч болзошгүй… Үүнээс улбаалсан гадаад хүчин зүйл өнгөт хувьсгалыг өдөөх магадлалтай байна! Жагсаалыг эсэргүүцэх аядсан бас нэг шалтгаан бол энэ.
Тиймээс энэ зөрчил, тэмцлийн аль нэг талд орох үүрэг надад байхгүй, би МАН-ын гишүүн биш, ер нь аль ч намын гишүүн биш! Хэтэрхий олон үйл явц өрнөж байгаагаас олон нийт баримжаагаа алдаж байна. Ой санамжууд арчигдаж, хаос түвшинд дөхөж байна. Жагсаал цуглаан толпа (үймсэн олны эмх замбараагүй үйлдэл) болж хувирахад ойрхон байна.
Эрх баригчдаас үүссэн хаос сөрөг намд ч нөлөөлж, бас тооцоогүй, сэтгэл хөдлөлд автсан шийдвэрүүд гарсаар. Гол хоёр улстөрийн хүчний энэ тогтворгүй байдал улс орныг удирдлагагүй болгоход ойрхон байна. Харин Ерөнхийлөгч институцээ энэ зөрчлөөс хол байлгаж, хутгалдуулахгүй байгаа нь ядаж нэг тогтвортой институци төрд үлдэх нь, жолоодлого алдагдахгүй нь гэсэн итгэл найдвар төрүүлж байна. Хэрэв энэ хямралд Ерөнхийлөгчийн институци татагдан орвол улс орон бүрэн хаост орно. Дашрамд би Ерөнхийлөгчийн заавар “добро”-гоор үйлддэггүй, ажлаа хийгээд гэрээгээ дүгнээд эрх чөлөөтэй болсон. Хамаатуулах хүсэлтэй хүн олон байдаг юм билээ, гэхдээ дэмжиж ажилласан хүнээ ёс зүй барьж шүүмжилдэггүй, шүүмжлэгчид нийгэмд хангалттай бий! Үүнийг орхиё!
Зарим нөхдийн шаардаж байгаачлан Ерөнхийлөгч асуудлыг зохицуулах, үнэн зөвийг тогтоох боломж байхгүй, учир нь хоёр тал хоёулаа буруутай! 60 тэрбум ба ЖДҮ хоёрыг салгаж хараад сэтгэл хөдлөлөөр аль нэг талыг дэмжих нь иргэдэдийн хувьд алдаа мөн. Энэ нэг л асуудлын хоёр тал. Үүнийгээ МАН-ынхан өөрсдөө ч ойлгохоо больчихоод байна, эсвэл бүр санаатай манипуляци хийж байна. Үнэндээ 60 тэрбумын төлбөрөө ЖДҮ-ийн сангийн зээлээр л буцааж авсан үйлдэл. Аль ч тал нь сүйрсэн, гогцоо нь МАН-ын л хүзүүг орооно! Эрчилсэн дээсний хоёр үзүүрийг барьчихаад л нэгнийхээ хоолойд углах гээд байгаа нөхөд!
Хоёулаа эрх мэдлээ хадгалж үлдээд эхний ээлжинд нөгөө талаа “мохоол мушгилгүй болгохоор” улайрчихсан байна. Намын дотоод эв нэгдлээ хангана гэвэл буруутнууд ард түмний эсрэг хуйвалдах зам байна. Гэвч сүүлчийн бага хурлаар хийсэн энэ оролдлого нь бүтэлгүйтсэн ба зөрчил улам хурцадсан, үүнийг хямрал гэж нэрлэвэл зөөлөн тодорхойлолт болно. Одоо сүйрэл сүйтгэлийн шатандаа орчихоод байна.
Гэхдээ нийгэм институтчилагдсан учраас одоохондоо энэ сүйрэл зөвхөн МАН гэдэг институци дотор эрчимтэй явж байна, гайтай нь МАН эрх барьж байгаа учраас энэ нь төрийн тогтвортой байдлыг эвдэхэд шууд нөлөөлнө! Бас үүн дээрээ АН ба Ерөнхийлөгчийн институцийг, бас ард олныг татан оролцуулах гэж оролдож байгаа нь аль нэг тал нь амиа аврах гэж зөнгөөрөө хийж буй үйлдэл. Энэ галзуурлын халдвар асар хурдан тархах сэтгэлзүйн нөхцөл нийгэмд нэгэнт бэлэн болчихсон байна. АН-ын даргын УИХ-ын гишүүн Ж.Батзанданг хөөсөн хөнгөн шийдвэр л тус намын бүлэггүй болгож, хоёр хүнийг МАН-ын дотоод зөрчилд оролцогч болгон хувиргалаа. Ямар нэгэн байдлаар АН хямралд татагдан орсон. Үүнийг ёжилж, хууль эшлэж сануулсаар авч тоохгүй л байна. Энэ мэтээр хаос үргэлжилнэ. Бараг хүчгүй шахам сөрөг намын шийдвэр л төрд шууд нөлөөлж байна.
Төр хямарснаас намууд асуудлыг өөртөө татан авч, төрийн хэрэгт шууд хутгалдаж байгаагаас хууль зөрчигдөж, зарчим алдагдаж эхэлсэн. Ж.Батзандан төрийн шийдвэр гаргахад нам шүүх гэж оролдсон нь АН-ын хагарлын эхлэл. Хэдий би ЖДҮ-г эсэргүүцэгчийн хувьд Ж.Батзандангийн шийдвэрийг буруутгаж байсан ч АН-ын шийдвэрийг энд бичсэн байдлаар шүүмжилсэн. Үүнийг зарим хүн хутган үймүүллээ, найзархлаа гэж дүгнэсэн авч үгүй юм, энэ зарчим. Зарчим алдагдвал энэ аюултай халдвар. Харин М.Энхболдыг огцруулах намын бага хурлын шийдвэрийг төрийн хуулиар халхавчилж үл тоомсорлож байна. Ингээд “зарчим хоёрдвол завхрал эхэлдэг” гэдэг теорем үйлчилж эмх замбараа алдагдаж байгаа юм. Энэ бүх үйл явцыг уялдуулсан нөлөөлөл байхгүй юу?
Ний нуугүй хэлэхэд яг ийм халдвараас би болгоомжилж байна! МАН-ын дотоод талцалд татагдан орсон ард түмэн цаашдаа аль алинд нь ашиглагдаад, эвлэршгүй зөрчилд орох вий гэж! Тиймээс тэдний проблемийг тэдэнд орхиод, ард түмэн тусдаа нэг тал болж нягтрах нь хямрал-сүйтгэлээс зайлсхийх арга зам мөн гэж ухамсарлаж байгаа болно.
Өнөөдөр нийгэмд хувьсгалын тохироо нь бүрдсэн гэдгийг нийгэм судлалынхан илэрхий хэлдэг болсон! Халалт өндөр түвшинд байна. Ард түмэн ямар ч хамаагүй тэмцэлд босоход бэлэн байна. Гэвч тэдэнд “чиглэсэн зорилготой, хатуу зохион байгуулалттай, ухамсартай” удирдах хүчин дутагдаж байгаагаас “дуртай ашиглагчийн боол” болоход бэлэн байна.
Зохион байгуулалттай цөөнх, зохион байгуулалтгүй үймсэн олныг ашигладаг. Олон хүн аль зохион байгуулсан талд нь орсноор нэгийг нь нөгөөгөөр нь дарна гэж бодож байгаа байх. Гэвч ямарваа нарийн судалдаа шинжилгээгүйгээр зүгээр л энэ нийтийн мэдээллийн орчноо анзаарах л юм бол одоо өөрсдөө талцан хуваагдаад нэгнээ, “найзаа” дарангуйлахыг оролдож эхэлснээ, өөрийн бодож байгаагаа ямарваа тайлбаргүйгээр муйхарлан тулгахыг оролдож, үүнээс болж зөрчил улам гүнзгийрч байгаагаа анзаарах болно! Аюул энд бий! Ард олон өөрсдөө хүсэл эрмэлзлээ нэгтгэж зохион байгуулалтанд ороогүй цагтаа аль нэг хүчинд ашиглагдах нь эмх замбараагүй байдалд л хүргэнэ.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “өршөөхийг” уриалсан. Шоолсноос тунгааж, бодож, шүүж үзээгүй, энэ бол аль нэг тал нь ард түмний дэмжлэгээр нөгөө талаа ялбал “өршөөхийг” хэлж байгаа юм. Ингэхгүй бол олон нийт “өршөөхгүй нь тодорхой” бахинд хавчуулагдчихсан. Ноёрхогч давхарга статусаа хадгалж үлдэхийн тулд, одоо байгаа нийгмээ тогтвортой хадгалахын тулд нэгнээ өршөөхөөс өөр гарцгүйг тэр олж харсан байна. Зарим талаар нь энэ нь нийгмийн тогтвортой байдлыг хангах төлөв бий ч “дээдэс хуучнаараа захирахыг хүсэвч доодос хуучнаараа захирагдахыг хүсэхгүй” болсон учраас ийм тогтворжилт удаан үргэлжлэхгүй! 7 сарын 1-ний хөдөлгөөний дараа ийм “өршөөлөөр” МАНАН дэглэм тогтворжсоныг мартаж болохгүй!
Нийгэм томоохон өөрчлөлт, шинэтгэлд бэлтгэгдэж байна. Оргилол, идэвх болгон үндэстэнд таатай үр дүн авчирдаггүй. Ийм түүхэн жишээ олныг дурдаж болно. Гэвч жишээ бүр эмх замбараагүй нийгэмд мэтгэлцээн, зөрчлийн үр болох тул албаар орхиё!
Дүгнэж хэлэхэд “Хэрэв зарчимгүй этгээдүүдийн эсрэг зарчимгүй хүмүүс тэмцэж байвал ирээдүй сайхан болно” гэсэн баталгаа огт байхгүй гэсэн үг!
Өмнөх үе ба ирж буй үе ялгаагүй бол ямар ч нааштай өөрчлөлт гарахгүйгээр барахгүй бүр дордож, сүйрэлд хөтөлнө. Ерийн нөхцөлд өнөөдөр Монголд яг Арабын хаварынх шиг “фэйсбүүк хувьсгал” эхэлсэн байна. Тиймээс аливаа пост, сэтгэгдэл нь өөрийн нэр, нүүртэй байхыг шаардах ёстой! Хэрэв тиймгүй бол шууд устгаж байх нь нийгмийн тогтвортой байдалд тустай, өдөөн хатгагч, ухамсаргүй үйлдэл, бачимдал (бухимдал биш) эмх замбараагүй байдал руу түлхэх болно! Диалектикт “Зайлшгүй ба санамсаргүй”-г авч үздэг. Би өмнө дурдсан жишээ болгоноо санамсаргүй биш, зайлшгүй гэж үзэж сонгосон болно. Ер нь бол би хуулийн маргаантай байгаа, бичүүлэхгүйг хичээж байгаа, гэхдээ сүржигнэх юм биш…
Одоо ҮХЦ Үндсэн хуулийн зарчмаа хамгаалж, М.Энхболдыг “Үндсэн хууль” зөрчсөн тул огцрох ёстой гэсэн шийдвэр гаргахгүй л бол Үндсэн хуулийн чадамж алдагдана. Энэ Үндсэн хууль сахиус ч үгүй, сахиул ч үгүй болбол яах вэ? Бэлэн зэхээний “Үндсэн хууль” бий, үүний төлөө 65 сонгогдсон юм шүү! Хувьсгалаар “Үндсэн хууль” өөрчлөгддөг, шалтгаан нь тодорхой, харин шалтаг нь М.Энхболд! Аливаа шалтаг ямагт “хүн” байдаг.
Дашрамд цэвэр нийгмийн шинэчлэлийн төлөө ухамсартайгаар жагсаалд оролцсон залууст баяр хүргэе!
Зүгээр, аз болоход бидэнд шинэ жилийн баяраар шүүн хэлэлцэх богино боловч хугацаа боломж гарч байна. Тиймээс бүгд шинэ жилийн хундагаа “Зарчимтай байхын төлөө” тогтооно биз ээ!
2018 оны 12 дугаар сарын 28.
Zarchim bolon philosophi geh met unet zuil ih chuhal bnaa. Ardchilal geh anarhizmiin achaar hvndlen deedlej zorih yum vgvi hvn svreg iheslee svvliin jilvvded.
Үндэсний шинж чанартай шинэчлэл хийх хэрэгтэй болсон нь үнэн.Засгийн газрын өр 7 тэрбум доллар,ААН-ын гадаад өр 20 тэрбум доллар,иргэдийн өр 7 их наяд төгрөгт хүрсэн. Н.Энхбаярын үеэс эхэлж НД сангийн хөрөнгийг төсвийн зардалд зарцуулснаас болж иргэдийн нэр дээр хоосон бичилт хийгдэж 15 наяд төгрөгийн өр хуримтлагдсан байна.Төв банкны своп хэлцлийн өр 4 тэрбум доллар бас байгаа.Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нийт өр хэд байгааг таашгүй.Эдийн засгийн засагт өрийн дарамт нэмэгдэж байхад ядуу төсвөөс хулгай хийж байгаа эрх баригчдыг харахад улам бүр уур хүрч байна.Эдийн засгийн таатай нөхцөл байдал бий болсны үр дүнд төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 1.8 их наядаар давж биелсэн эерэг үзүүлэлт гарсан байдлыг ашиглаж өрийн дарамтыг бууруулах эсвэл төсвийн орлого нэмэгдүүлэхэд зарцуулах байтал 2019 онд төсвийн зардлыг хэт өндрөөр баталж улам бүр өрийн дарамтыг нэмэгдүүлэх нь тодорхой болов.Засгийн газрын өрийн дарамт нэмэгдэж байгаа нь цаашдын бодлогын орон зайг хумьж ,эдийн засгийн дараагийн шоконд тэсвэргүй болгож байна.Цаашдаа үнэгүй цэцэрлэг,үнэгүй ебс,хөнгөлөлттэй эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ зэрэг халамжийн хөтөлбөрөөс бүрэн татгалзахаас аргагүй байдалд оруулж байна.Үнэхээр эрх баригчид бодит нөхцөл байдлыг ойлгож байна уу?Иргэд амьдрал нь хэцүү байхад өөрсдийн зовлонг ярихаас илүү шударга ёсыг тогтоож өгөөч гэж илүү хүсэмжлэх болсон.Өрөвдөлтэй шүү.Жил бүр 10000 монголчууд Европын цагаачлалын коммист хандаж,130000 хүн солонгосын визэнд оочирлож байна.Энэ улсад амьдрах хүсэл эрмэлзэл бага багаар унтарсаар байна.Нас залуу,цус шингэн байгаа дээрээ энэ улсаас хурдан явмаар байна.
Ганаагийн бичсэнттэй 100% санал нийлж байна. Сөргөлдөгч талуудын аль алин нь Ард олны өмнө буруутай, нөгөө талаас Монголын Төрийг зөвхөн өнөөдрийн төдийгүй сүүлийн 20-иод жилийн идээ бээр, бохирдол, монголын ард түмнийг хэтэрхий басамжлан “тоглосон” луйвар, гацаануудаас нэгмөсөн гаргаж “цэвэршүүлэх ” сайхан боломж олдож байгаа тул, цаашдын нөхдөд бас амьд сургаал болох тул зохих хуулиудийнхаа дагуу бүгдийг нь Төрийн өндөрлөгөөс буулгах нь түмэн ЗӨВ ажгуу. Ингэснээр Монголын ирээдүйг гэрэлтүүлж сайн зөв замын эхлэл тавигдах, 2020 оны сонгууль шударга зөв явагдах, ард олны сэтгэлийн сэвийг зөөллөх г.м олон талын ач холбогдолтой байх болно. Ард олон минь аль нэгийг нь дэмжиж бүү хэсэг луйварчдын гар хөл болж өөрсдийгөө зовоогоорой
Ta zov hellee hyvisgaliin tohiroo burdsen gej!Ene asyydliig yaj shiideh um?Oligarhi deglem togtoj het bayan het yadyy gesen 2r angilald l hyvagdsan bn manai nigem.Tiim ychraas gol asyydal boloh bayalgiin shydraga hyviarlaltiin l asyydliig shiideh estoi
Танд гэж зөвлөхөд Азийн хүлэг улс номын нээлт дээр Оюунэрдэнэ гишүүний хэлсэн үгийг сонсоод бас номыг нь ганц удаа ч болов эргүүлж нэг уншчихаад өгүүлэлээ дахиж нэг хараарай.
ganaa ahaa niigmiin daatgaliin san noil bolson gh um.zaluuchuud bid nar tsaashdaa tetgever avch chadah blv yy.
ganaa ahaa niigmiin daatgaliin san noillson.neg togrog ch bhgui gene.zaluuchuud bid tolood l bdg.tetgever avch chadah blvyy.ta yer n ene sedveer neg bichij bidend oilgolt ogch tys bolooch.
Ардчилал гэгчийг бүх нийтээрээ, тэр дундаа АН, МАН, МАХН ч зөв тодорхойлж, зөв ойлголтoop ажиллаж чадаагүй. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болонгуутаа нэргүй сэтгэгдэл бичих эрх чөлөөг тунхагласан. Тэр үед хэн дуртай нь “лалар”-таж болохгүй, энэ бол эрх чөлөөг гажуудуулж байгаа хэлбэр гэж бичсэн лалар нь өөрөө хараалын бай болж байлаа. Нийгэм гэгчийн оршин тогтнох үндэс суурь бол мэдээж ХУУЛЬ. Хуулийг зохиогч, мөрдүүлэгч, мөрдөгч нь маш тодорхой оноосон эзэн бие байх ёстой гэсэн суурь зарчмыг манай ҮХ-д ч яг таг тусгаагүй нь Монголыг зөрчилд хөтөлсөн гэж боддог. Санааг минь ойлгож чадах хүн байвал нэмээд нэг юм биччихье. Бид бүгд Монгол даяараа наймаачид, шулаачид, авлигачид болсны гол алдаагаа засах оролдлогыг Үндсэн хуульдаа тусгаж чадвал дараагийн үе буюу үр хойчдоо арай шударга нийгмийг цогцлоох боломж үлдээж магадгүй. Өөр найдах юм бидэнд байхгүй!
Баатархуяг аа Би цагаантнаар хятадуудыг хөөлгөөд цагаантныг улаантнаар хөөлгөвөл амжилтанд хүрэх боломжтой гэж харж байна. Түүнээс бус талцсан түмэн олноор цагаантан, хятад 2-оос хурдан салахгүй, ард олон ч улаантан болж чадахгүй байх. Бөөрөнхий баймааргүй байна. Шаардлагатай бол чөтгөртэй ч нийлнэ гэж та нар ярьдаг биз дээ. Нэг чөтгөртэй нь нийлээд нөгөөг нь дарахгүй юу