“ЧӨТГӨРИЙН ТОЙРГИЙГ” ЭВДЭХИЙН УЧИР
2017/06/02 8 Comments
Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж манайхны уламжлалт тэнэг хэрүүл эхлэв. Эрлийз хурлийз, хөөрхөн муухай, эхнэртэй эхнэргүй, боловсролтой боловсролгүй г.м ёстой манарч, манаруулж байна. УИХ-ын гишүүн асан Г.Уянгын хэлснээр “мангасыг томоор нь, бүтнээр нь харах” чадвараа олон хүн гээсэн байна. Тэгвэл “томоор нь, бүтнээр нь харах” боломж бий юу ?! Байлгүй яахав. Ингэж бүх нийтээрээ “тэнэгэрсэн” үед шинжлэх ухааны үндэстэй системийн анализ л бидэнд тус болно. Ингээд хийсэн анализаа өгүүлсү…
Гадаад түгжээ
ОУВС аль 3 дугаар сараас эхлэн өгнө өгнө гэсэн амлалтаа олон удаа хойшлуулсны эцэст Ерөнхийлөгчийн сонгуулийн яг өмнө тулгаж байгаад арай гэж зээл тусламжаа өгөхөөр болов. БНХАУ-ын зээл бүтсэнээр үл барам “хязгааргүй” гэмээр их зээл “идтэй шид”-тэй мэт бүтэв. Бас л сонгуулийн өмнө…
Өмнөх 20 гаруй жилийн турш Монголд мөнгө өөрөө орж ирж байлаа. “Ардчилал байгуулах” гэсийм, “Зах зээл байгуулах” гэсийм, “Коммунизмын үлдэгдлээс салж, цэвэрлэх” гэсийм, “Хоёр хөршийн хяхан хавчилтаас гарах” гэсийм, “Манай баялгийг ашиглаж өгөөч” гэх мэт үй түмэн шалтаг, шалтгаан тоочиж болж байв. Дэлхийн олон улс коммунизмд дарлагдан “үйлээ үзэж, зовлонд унасан” жижигхэн Монголыг өрөвдөв, хайрлав, зүйл бүрээр туслав. 20 гаруй жил туслав, магтав, “ардчилал байгуулахын үлгэр жишээ” болгон дэлхийд алдаршуулав. Гэтэл нөгөө Монголд нь ардчилал, зах зээл эсвэл нуран унаж, хүн танихын аргагүй зэмдэг зүйл болон хувирчээ.
Монгол Улс “ардчиллын үлгэр жишээ, баян бүрд” болох нь бүү хэл, “Барууны ардчиллыг гажуудуулах, гутаах, сүйрүүлэхийн сонгодог жишээ” болов. “Барууны ардчиллын хор уршиг, хөнөөлт үр дагаврыг Монголд очиж үз…”
Сүүлийн 20 гаруй жилд төрөн гарсан Монголын шинэ удирдагчид улс орноо удирдах чадваргүйгээс гадна худалч, хулгайч, дээрэмчин, авилгач, оффшорчин, хэлсэн үгэндээ хүрдэггүй, бантан хутгагч, хов зөөгч, хоосон амнаас өөр зүйлгүй, үл бүтэх баагийнууд гэдгийг дэлхий нийтээрээ мэдэх болов.
Үүний улмаас Монгол Улсын олон улстай хамтран ажиллах, тэдний дунд маневрлах чадвараа оргүй алдсан нь энэхүү тэнэглэлийн хамгийн ноцтой, хор уршигтай үр дагавар болсон юм.
Ингээд олон улс, ялангуяа Барууныхан манайхыг “чангалж” эхлэв. Энэ талаар сүүлийн жилүүдэд гарсан Барууны ХМХ-ийн тоймоос хялбархан мэдэж болно. Тэгвэл яагаад ОУВС, БНХАУ хоёр Монгол Улсын хэрэгцээнээс илт давсан зээл олгох болов гэсэн асуулт үүснэ. Энэ богино хугацаанд Монгол Улс “шударга” болоо юу ? эсвэл “хөөрхөн” болоо юу? Үгүй л дээ…
ОУВС-гийн зээл ямагт стратегийн зээл байдаг. ОУВС зээл өгөх болсон нь олон учир шалтгаантай:
Нэг.Монгол Улс дампуурлаа зарлавал “ардчиллын үлгэр жишээ, баян бүрд” байхаа больж, “Барууны ардчиллыг гутаан харуулахын сонгодог жишээ” болох ба энэ нь Барууны нэр хүндэд туйлын халтай тусна.
Хоёр. Монголыг өөртөө татаж чадвал Хятад, Орос хоёрын дунд “шаантаг” болж, тэдэнд саад болох гол бөгөөд үндсэн талбар болно.
Гурав. Монгол Улс өөрөө биш юмаа гэхэд газар нутгийн байршил нь Хятад, Орос хоёрыг зааглах, тэдний аль алинд хүчтэй нөлөөлөх боломж бий болгоно.
Дөрөв. Дэлхийн эдийн засгийн хямралын үед уул уурхайд хөрөнгө оруулах нь хамгийн аюул багатай бөгөөд ирээдүйтэй, мөн зардлаа олон дахин нөхнө.
Тав. Монгол гэсэн “цагираг”-ыг өөртөө татсанаар Хятадыг тойрсон “гинжийг” бүхэлд нь битүүлнэ.
Эдгээрээс өөр шалтаг, шалтгаан байж болох авч гол голыг нь дурдаж чадсан гэж бодож байна.
ОУВС-гаас зээл авмагц “хөрөнгө оруулагчдын итгэл” (“итгэлийг татах”) гэсэн нэг айхтар зүйл Монголын газар нутгийн 21%-тай тэнцэх болсон анхны “үр дүн” гараад байна. Мөн Оюу Толгойн 34%-ийг гадныханд тавиад туучихсан байж тун ч болзошгүй…
Ямар ч гэсэн Барууны хөрөнгө оруулагчид Монголын газар нутгийн 21%-д ашигт малтмалын хайгуул хийх эрхтэй болж байна. Энэхүү “хайгуул” хэмээгч нь эсвэл “хугацаагүй” үйлчилдэг, эсвэл тун удахгүй ашиглалтын эрх болон хувирдгийг бид сайн мэдэх юм.
Тэгвэл Хятад яагаад зээл өгөөд байгаа юм гэвэл дараах хэдэн шалтгааныг дурдаж болно:
Нэг. Эргэн тойрны аюултай болон дайсагнагч хүрээллийн “гинжин” дундаас Хятадтай хамгийн ойр, найрсаг, “нээлттэй” байдаг цорын ганц “цагираг” нь Монгол. Үүнийг хааж “гинжийг” битүүлж болохгүй.
Хоёр. Монголыг алдвал Орос болон Баруунд алдах аюул хоёр талаас ирнэ.
Гурав. Монгол дампуурвал нөлөөлөл нь түүхэн болон иргэншлийн нөлөөгөөрөө Хятад болон бүс нутагт халдварлах аюултай.
Дөрөв. Монгол тэртэй тэргүй “манайх” учраас түүнийг “үхүүлчихгүй тэжээгээд” байх хэрэгтэй.
Тав. Өөрсдөө гүйж ирээд өрөнд унаад байгаа тэнэг лаларуудыг бид яалтай…
Яг үнэндээ бол Монгол Улс сүүлийн хэдэн жил Хятадын үзүүлсэн зээл тусламжаар амьдарч байгаа. Монголчууд зээл гуйж авчихаад, мөнгийг нь оргүй идчихээд, дээрээс нь хараачихаад сууж байдгийг Хятадууд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэд Далай ламын гэнэтийн айлчлалын үеэр хатуурхвал хатуурхаж чадна гэдгээ харуулсан. Миний төсөөллөөр Хятадын удирдагчид цаашаа харж манай хэдэн баагийн усан тэнэгийг “гайхчихаад”, наашаа харж инээгээд мөнгөө өгдөг байх…
Манай улсад хямралаас гарах хэмжээний мөнгө л хэрэгтэй болохоос “хязгааргүй их” мөнгө хэрэггүй. Гэтэл манай эрх баригчид эсвэл ОУВС-гаас, эсвэл Хятадаас зээл авна гэж байснаа болиод одоо аль алинаас нь “хязгааргүй зээл” авахаар шийдэв.
Ингэснээрээ Монгол Улс АНУ болон Хятадын геополитикийн аварга өрсөлдөөний фронтын “тэргүүн шугаман” дээр гарч ирэв. Энэ бол ихээхэн аюул гэдэг нь хэнд ч тодорхой. Дээрээс нь манай нөлөө бүхий, аварга том хөрш ОХУ-ыг үл тоомсорлож, огт тооцохгүй байгаа нь аюулын хэмжээг улам нэмэгдүүлж байна. Үүнээс үүдэн Монгол Улсын Тусгаар Тогтнол, Бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлын асуудал илт хөндөгдөж байна.
Хар багадаа олон том хүнтэй “найзалж”, тэдний дунд гүйж хов зөөдөг хүүхэд ёс мэт өөрийгөө эвдэж новш болдог. Монгол бол “зодож ч болохгүй, аргадаж ч болохгүй” эрхийн тэнэг хүүхэд мөн. Энд дурдсан гадаад нөхцөл байдал, түүнээс үүдэн гарсан аюул заналыг манай эрх баригчид, түүний дотор АН, МАН хоёрын удирдагчид огт тоохгүй, огт тооцохгүй, зөвхөн мөнгөний төлөө үхэн хатан зүтгэж байгааг бид бэлхнээ харж байна.
Зүй нь ийм утгагүй, арчаагүй, бодлогогүй, ухаангүй төрийг халж солих ёстой байдаг ба энэ цаг нь аль хэдийн болсон.
Дотоод ялзрал
Би ийм гарчгийн дор улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг өгүүлэх гэснээ болилоо. Учир нь манай монголчууд үүнийг маш сайн мэддэг, гасалж гангинадаг, “үй түмэн” жишээ гаргаж чаддаг. Монголд төр болон төрийн удирдлага гээч юм ор мөргүй алга болсон, өнөөгийн нам төрийн систем улс орныг удирдах чадвараа бүрэн гээсний улмаас Монгол Улс төргүй болж, манай дотоод, бас гадаад байдал хямарч, ялзарч, дампуурч, сүйрсэн юм. Бусад олон дүгнэлтийг уншигчиддаа үлдээж байна…
Судалгаа
Ийм туйлын хүнд нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Иймээс эхлээд судалгааны тойм танилцуулъя:
Хоёр тал буюу АН, МАН хоёр сайн муу, чанартай чанаргүй маш олон судалгаа явуулж байна. Хэд хэдэн судалгааны дунджаар М.Энхболд 31%, Х.Баттулга 29%-ийн дэмжлэгтэй байна. Энэ нь тэдний гарааны нөхцөл яг адилхан гэсэн үг. Харин сонгогчдын 40 орчим хувь хэнийг дэмжихээ шийдээгүй байна. Одоо МАН, АН хоёр энэхүү “хөвөгч сонгогчид”-ыг татахын тулд хамаг хүчээ дайчилж байна. С.Ганбаатар гарч ирснээр дээрх байдалд ямар ч өөрчлөлт орох боловч “хувийн жин” багатай учир нөлөөлөл нь бага гарна байх…
АН-ын “сунгаа”
АН-аас Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Б.Жаргалсайхан, Д.Дорлигжав, Лу.Болд нарын 6 хүн нэр дэвшиж “дотоод сунгаа”-нд оролцсоныг бид мэднэ.
Үнэн хэрэг дээрээ АН-д “Ц.Элбэгдоржийг залгамжлагчдын бүлэг”, “Шинэчлэгч” гэсэн хоёр бүлэг өрсөлдсөн юм. “Ц.Элбэгдоржийг залгамжлагчдын бүлэг”-ээс энэ сонгуульд Р.Амаржаргал, Д.Дорлигжав, Лу.Болд нар нэр дэвшсэн. Харин бусад нь өөр өөрийн фракцид түшиглэн, түүндээ найдаж сунгаанд оролцжээ. Н.Алтанхуяг “Алтан гадас”-даа, Х.Баттулга МоАХ-доо, харин Б.Жаргалсайхан АН-ын дарга С.Эрдэнийн дэмжлэгт тулгуурлан сунгаанд оролцжээ.
Х.Баттулга “Ц.Элбэгдоржийн фракц”-ыг ялан гарч ирсэн нь АН-ын сунгааны хамгийн том, алсын үр дагавартай ач холбогдол бүхий үр дүн мөн.
МАН-ын нэр дэвшилт
МАН “санал нэгтэй” байж М.Энхболдын нэрийг дэвшүүлэв. М.Энхболд Ерөнхийлөгч болбол УИХ-ын дарга, МАН-ын дарга гэсэн 2 том албан тушаал сул болно. Мөн Засгийн Газрын болон Ерөнхий сайдын асуудал, түүнчлэн баттай мэдээгээр Улаанбаатар хотын мээр болон Иргэдийн Төлөөлөгчдийн даргын асуудал ноцтой хөндөгдөж байгаа.
УИХ-ын даргад Ц.Нямдорж, МАН дарга бөгөөд Ерөнхий сайдад У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин нар санаархаж байгаагаас гадна Ж.Эрдэнэбат “үлдэхийг” гарцаагүй хүснэ. Энэ нь МАН-ын ил хэлэхгүй байгаа ч бодитой оршин буй ноцтой зөрчил мөнөөсөө мөн.
М.Энхболд УИХ-ын дарга болмогцоо Улаанбаатар хотыг зөвхөн “өөрийн фракциас” бэхжүүлсэн нь маш олон хүнд таалагдаагүй. М.Энхболд нэр дэвшсэнээр Монгол Улсын “түлхүүр” 4-5, магадгүй 10 гаруй албан тушаал хөндөгдөж байгаа нь МАН-д учирч буй гол аюул юм.
МАХН-ын горьдлого
Н.Энхбаяр өөрөө дэвших боломжгүй болсон учраас С.Ганбаатарын нэрийг дэвшүүлсэн. Энэ нь мэдээж хэрэг АН, МАН хоёрын саналыг хуваах гэсэн оролдлого. С.Ганбаатар иргэний хөдөлгөөнд гол найдлагаа тавьж буй нь эргэлзээгүй. Гэтэл иргэний янз бүрийн хөдөлгөөнүүд “сөрөг хүчин” буюу АН талдаа илүү сайн ханддаг. Ингэхлээр С.Ганбаатар АН-ын буюу Х.Баттулгын саналыг илүүтэй хуваах магадлалтай. Гэвч өөрийн эзлэх “хувийн жин” багатайн улмаас сонгуулийн эцсийн дүнд онцын нөлөө үзүүлж чадахгүй.
“Шинэ” хамтын ажиллагаа
Энэ сонгуулийн хамгийн содон зүйл нь Ц.Элбэгдоржийн пиарын итгэлт баг, тухайлбал “Гаабий” хочит А.Ганбаатар, “Бууяа” хэмээх М.Буянбадрах, зөвлөх Д.Болдхуяг, “News.mn”-ийн А.Амундра нарын шилдэг пиарчид МАН-н мэдэлд бүрэн шилжиж, М.Энхболдын пиарыг хийж эхэлсэн явдал юм. Энэ талаар би саяхан бичсэн “Ц.Элбэгдоржийн хойт дүр” өгүүлэлдээ тодорхой өгүүлсэн. (https://ganaa.mn/2017/05/17/jgjhuwsytdtratclaskjd/)
Ц.Элбэгдоржийг МАН, түүний дарга М.Энхболд хаацайлан хамгаалж, түүнтэй хамтран ажиллаж байгааг энэ үйл явдал нотолж байна.
“Хачин шинэчлэл”
МАН Үндсэн Хуулийн өөрчлөлтөд бэлтгэж байна. Үүнийгээ ард түмний хүсэлтээр гэж тайлбарлаж буй боловч төслийн баримт бичгүүдээс үзэхэд эсвэл Засгийн Газрын эрх мэдлийг өргөтгөх, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалд шилжих гэсэн агуулга, хандлага илт ажиглагдаж байна.
Мөн МАН үзэл баримтлал, үзэл санаагаа өөрчлөх гэж байна. Энэ нь МАН “зөвлөлдөх ардчилал”, “Прогрессив Аллианс Дэвшилт эвсэл” гэсэн суртал нэвтрүүлэг 2 жилийн турш хийж ирснээр батлагдаж байна. МАН үзэл санаагаа 20 орчим жилд 5 удаа сольж байгааг ямар ч хүн дэндүү солиотой явдал гэнэ. Энэ талаар би саяхан бичсэн “Үзэл санааны гуйланчлал” өгүүлэлдээ тодорхой тайлбарласан. (https://ganaa.mn/2017/05/26/qaqzqzq2waewseawawawa/)
Энэхүү “Прогрессив Аллианс Дэвшилт эвсэл” гэдэг нь Социнтерны АНУ-ын Бүгд Найрамдах намаас санхүүждэг намуудаас бүрдсэн шинэ байгууллага юм.
МАН-ын “зөвлөлдөх ардчилал” гэсэн “шинэ онолыг” дотоодоос УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Д.Цогтбаатар, А.Ундраа нар, “Нэг Монгол” ТББ, Стратеги академи, УБ бодлогын судалгааны төв зэрэг байгууллагууд, гадаадаас Швейцарийн ЭСЯ, Фридрих Эбертийн сан ихээхэн дэмжин тусалж байна.
“Зөвлөлдөх ардчилал”-ынхан “Ардын үг” хэмээх “зөвлөлдөх аян”-ы хүрээнд Ц.Элбэгдоржид “онц” дүн тавих ажлыг “Eagle” телевиз, “Монголын медиа корпораци” МЕС судалгааны төвийн хамтран зохион байгуулж байна. Гэтэл МАН Үндсэн Хууль өөрчлөх санаархлаа бас л “зөвлөлдөх ардчилал” нэрээр хийж, “зөвлөлдөх санал асуулга” хэмээх дэлхийд байхгүй хачин юм санаачилж байна.
Яагаад АН, МАН хоёрын “зөвлөлдөх ардчилал” ав адилхан зүйлийг сурталчилж, чиглэл хандлагаараа нэг зүгт яваад байна ? гэсэн асуулт үүсч байна. Эндээс хэд хэдэн ноцтой дүгнэлт хийж болно:
Нэг. МАН дотор “зөвлөлдөх ардчилал” хэмээх барууны чиг баримжаа бүхий залуусаас бүрдсэн шинэ бүлэг үүсэн төлөвшиж, тун удахгүй МАН-ын эрх мэдлийн төлөө өрсөлдөх улс төрийн хүч болон хувирч байна.
Хоёр. “Зөвлөлдөх ардчиллын” хүрээнд Ц.Элбэгдорж МАН-д тусалж, МАН түүнийг хамгаалснаар түүний замбараагүй, учир утгагүй бодлого, үйлдэл уламжлагдан үлдэх улс төрийн нөхцөл бүрдэж байна.
Гурав. Барууны онол, үзэл суртал, санхүү, боловсон хүчний зэрэг гол гол тусламж АН-аас МАН руу, чингэхдээ түүний залуу үе рүү шилжиж байна.
Ц.Элбэгдорж
Саяхан УИХ гадаадад 6 дипломат томилоход 3-ыг нь Ц.Элбэгдоржийн зөвлөхүүд, ойрын хүмүүс, 3-ыг нь МАН томилж байгаас тэдний нягт “хамтын ажиллагааг” харж болно.
Яагаад Ц.Элбэгдоржийг хаацайлж, яагаад түүнээс “айгаад”, яагаад түүний үгээр яваад байна ? гэсэн асуулт олон жилийн өмнө үүссэн юм. Тодорхой болсон баримтуудаас үзэхэд эдүгээ Ц.Элбэгдорж Баруунд ч, Монголд ч хэрэггүй болсон. Гэхдээ Ц.Элбэгдорж гадаад, дотоод оролцсон олон гэмт хэрэг, бульхайг дэлгэн, хэнийг ч “чирч мэдэх” аюултай учраас түүнийг аажмаар зайлуулахаар шийдсэн мэт…
Барууныг баримжаалж болно, гэхдээ энэ нь бусад улс, түүний дотор хөрш улсуудыг хууран мэхлэх, тэднээс салж холдох, тэдэнтэй муудалцах, тэрсэлдэх, дайсагнах хэмжээнд хүргэх ёсгүй.
Ц.Элбэгдоржийн гадаад бодлого Монгол Улсыг ямар ч маневр хийх боломжгүй болгож, гадаад түгжигдмэл байдалд оруулсанд хор уршиг нь оршино. Энэ бодлогыг Монголд хадгалан үлдээх Барууны стратегийн ноцтой сонирхол байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй.
М.Энхболд
М.Энхболд Улаанбаатар хотын бүлэглэлийг үндэслэгч юм. “Улаанбаатарын бүлэглэл” бол удаан хугацааны турш туслах, хоёрдугаар зэргийн үүрэг гүйцэтгэж байв. М.Энхболдыг Ерөнхий сайд байсан 2005-2007 оны үед нэг хэсэг хүчирхэгжих гэж оролдсон боловч ялагдсан. Харин 2012 онд М.Энхболд МАН-ын дарга болсноор “Улаанбаатарын бүлэглэл” гол бүлэглэлийн нэг болон хувирсан. 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулснаар МАН-ын тэргүүлэх бүлэглэл болж чадсан түүхтэй.
2016 оны сонгуулийн дараа М.Энхболд өөрийн бүлэглэлдээ илт давуу байдал олгосон нь нэг талаас хүчээ төвлөрүүлэх гэсэн зайлшгүй ажил, нөгөө талаас бусад бүлэглэлийн дургүйцэл, эсэргүүцлийг төрүүлэх болжээ. Ялангуяа Засгийн Газар болон Улаанбаатар хотод хүчний харьцаа илт шудрага бус болсон нь ихээхэн маргаан дагуулж буй. Ерөнхий сайд болон Засгийн Газрыг шүүмжлэх явдал огт тасраагүйгээр үл барам М.Энхболдын бүлэглэлийг ил тод шүүмжилдэг бага биш бүлэг МАН-д үүсээд байна.
Эдүгээ МАН үзэл суртал, пиараас гадна нийт намын системээ сахилгажуулж, сонгуулийн хатуу зохион байгуулалтад оруулж байна. Энэ бол адгийн боловч ихээхэн үр ашигтай арга юм. М.Энхболдод өөрөө ялахаас гадна сонгуулийн үр дүнгээр намаа задлахгүй, бат цул байлгах ихээхэн хүнд үүрэг ногдож байгаа юм.
Х.Баттулга
Түүнийг шинэ үеийн амжилттай бизнесмений нэг гэдэг. Х.Баттулга АН-ын олон бүлэглэлийн дундаас гарч ирсэн учраас сулран доройтсон АН-ыг нэгтгэж, зохион байгуулах ихээхэн хүнд асуудалтай тулгарч байна. Үнэндээ АН өөрийн дотоод дайн, мөн Ц.Элбэгдорж, МАН хоёрын хутгасан хороос болж “үхсэн ч биш, амьд ч биш”, нэрийн төдий болсныг дурдах нь шударга хэрэг болно.
Х.Баттулга “төгс хүн” биш ч хамгийн дэвшилттэй нь тэрээр “МАН + Ц.Элбэгдорж” гэсэн холбоог таслахыг эрмэлзэж байгаад оршино. Энэ холбоо хүнээрээ бол “Ц.Элбэгдорж + С.Баяр + М.Энхболд” гэсэн хэлбэрт орох ба үүнийг тасалж чадвал МАНАН-гийн “чөтгөрийн тойрог” гэж нэрлэгдсэн гинжний гол бөхлүүр суларч, улмаар бүх гинж тасран унах гол нөхцөл бүрдэнэ.
Сонгуулийн компанийн эхэнд Х.Баттулга М.Энхболд руу “хятадын эрлийз” гэж дайрсан нь ямар ч үнээр хамаагүй ялах гэсэн оролдлого төдий л юм. Харин үүнийг МАН шүүрэн авч нэмэн хөөрөгдөж, лайг нь Х.Баттулгад тохох гэж байгаа нь бас л баримт юм. Хоёр талын “хар пиар”-аас болоод Монголд “хятадын эсрэг хийрхэл” газар авсан болохоос үнэндээ бол Х.Баттулга ч, МАН ч Хятадаас холдох бодлого баримтлах санаагүй, мөн ингэх боломжгүй.
С.Ганбаатар
Би Иргэний хөдөлгөөний үеэс сайн таньдаг С.Ганбаатарыг нэр дэвшмэгц тооцоолол хийгээд дараах дүгнэлтийг хийсэн юм:
Нэг. С.Ганбаатарын өөрийнх нь “хувийн жин” хэтэрхий бага.
Хоёр. С.Ганбаатарыг дэмжих нь МАН-ын дангаар, хяналтгүй ноёрхох боломжийг улам нэмнэ.
Гурав. Түүний санжүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй, С.Баяртай холбогдсон сэжиг бүхий байна
Дөрөв. Түүнийг яаж ч дэмжсэн тодорхой үр дүнд хүрч чадахгүй, бас боломжгүй.
Тав. Санал хуваах нь цаг ямагт нууц хуйвалдааны үр дүнд үүсэн бий болдог гэсэн дүгнэлтүүд юм.
Эдгээр дүгнэлтэд С.Ганбаатар гомдож магадгүй авч би зөвхөн гарцаагүй үнэн зөв, алдаа мадаггүй, батлагдсан болон батлагдаж болох үндэслэлийг л баримталдаг. Би үүнээс илүү олон юм яримааргүй байна.
Дүгнэлт ба хандлага
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хоёрхон сонголттой, гурав дахь сонголт нь “туслах” шинж чанартай.
Энд хийсэн гадаад, дотоод нөхцлийн анализаас үзэхэд Монгол Улс АН, МАН хоёрын олон жил халаагүй бугшсан, идэж ууж ханадаггүй, салж өгдөггүй “чөтгөрийн тойргийг” хэвээр үлдээж, түүнийг улам бэхжүүлэх үү ?, эсвэл бүх нийтээрээ, бүх үндэстнээрээ “чөтгөрийн тойргийн” гинжийг тасалж, шинэ замыг сонгох уу? гэсэн хоёрхон сонголтын өмнө тулгараад байна.
Энэ асуултыг би мэдэж томъёолоогүй гэдгээ онцлон дурдаж байна. Монголын улс төрийн үйл явцын өрнөл монголчуудад хоёрхон боломжит сонголт үлдээсэн ба энэ нь яван явсаар “чөтгөрийн тойргийн” системийг үргэлжлүүлэх үү, эсвэл эвдэх үү ? гэсэн мөн л хоёрхон сонголтод монголчуудыг хүргэж, үүнийг нь би шинжлэх ухааны арга зүйгээр томъёолсон юм.
Энэ талаар би “Чөтгөрийн тойргийн учир” (2014.10.23) өгүүлэлдээ тайлбарлан дараах дүгнэлтийг хийж байсан (https://ganaa.mn/2014/10/23/xjkghshsysbr/):
1. Монгол орны системийн хямрал дампуурлаасаа бүрэн мухардалд орсон.
2. Улс төрийн дээд хүрээнд “байраа солих” халаа сэлгээнээс өөр үйлдлийн боломж байхгүй болсон.
3. “Байраа сольсноор” юу ч өөрчилж чадахгүй, ийм боломж шавхагдсан.
4. Үзэл санаа, зохион байгуулалтын хийгээд үйлдлийн өөр боломж бас л байхгүй.
5. Боловсон хүчний бүх боломж нөөц дууссан.
6. Зөрчлөө “чөтгөрийн тойргийн” хүрээнд дийлэхээ байсан зэрэг болно.
7. “Чөтгөрийн тойргийн” цаг үе нэгэнт өнгөрч, нийгмийн дэвшил хийгээд нийт үндэстний эсрэг хүчин болж хувирсан.
8. Монгол Улс, Монгол орон “чөтгөрийн тойргоос” гарахгүйгээр хөгжин дэвжих боломжгүй.
Хэрэв М.Энхболд ялбал “чөтгөрийн тойргийг” бэхжүүлж, түүнийг сайжруулан, төгөлдөржүүлэх замаар явах нь эргэлзээгүй.Асуудал М.Энхболд гэсэн хувь хүндээ биш, харин хувь хүнийг муу зүйл рүү өөрийн эрхгүй хөтөлдөг, залуурддаг МАНАН хэмээх “хараал идсэн” системдээ байдаг юм. Өөрөөр хэлбэл М.Энхболд ямар ч сайн санаатай байсан МАНАН-г эсэргүүцэж, түүнийг сөрөн зогсож чадахгүй.
Ц.Элбэгдоржоос түүний “хойт дүр” болох замаар ангижрах боломжгүй, үлэмж аюултайг М.Энхболд мэдсээр байж ийн зүтгэж байгаа нь тэдний эрх ашиг нэгдмэл цул бөгөөд салшгүй болсныг харуулж байна.
Хэрэв М.Энхболд ялбал МАН алив хяналтаас ангид дангаар ноёрхогч хүчин болох ба тэд Үндсэн Хуулийн өөрчлөлт хийж, дангаар ноёрхох харгис засаглал руу тэмүүлэх нь гарцаагүй.
Хэрэв Х.Баттулга ялбал АН, МАН хоёрын заналт “чөтгөрийн тойргийн” гол тулгуурыг эвдэн өөрчилж эхлэх нь бас л гарцаагүй.
МАНАН бол шууд утгаараа МАН, АН хоёр биш, харин МАН, АН хоёрын эгэл жирийн гишүүдийн нэрийг барьж, тэднийг хууран мэхэлдэг, шулан мөлждөг, дарладаг, боолчилдог нэр бүхий хэдхэн хүний олигархи бүлэглэл мөн.
Одоо МАН тал талаас орж ирсэн асар их мөнгийг хэнтэй ч хуваалгүй яаж цөм идэхэв ? гэсэн ганцхан асуудалд “санаа зовж” байгаа. Иймээс монголчуудад учрах гол аюул үлгэн салган байгаа АН-аас биш, дангаар ноёрхох болсон МАН-ын зүгээс л ирнэ. Иймээс МАН-д дангаар, хязгааргүй ноёрхох боломж нэмэн олгож болохгүй. Энэ нь би АН-ыг дэмжсэн гэсэн хэрэг биш, харин шинийг эрэлхийлсэн явдал мөн.
“МАН-ын 90 минутын нууц бичлэг”-ийг үзэж дүгнэхэд өнөөгийн УИХ-ыг хууль бус аргаар төрийн эрх мэдэл авсан легитим бус, хууль бус байгууллага гэж үзэх ноцтой үндэслэл гарч байна. МАН ноцтой гэмт хэрэг санаатайгаар бүлэглэн үйлдэж байна. Ийм нөхцөлд Монголын шинэ Ерөнхийлөгч “овойж оцойсон” их зүйл хийсэн хийгээгүйгээсээ үл хамаарч “чөтгөрийн тойргийн” ялзарч муудсан хэдхэн цагиргийг авч хаяхад л Монгол үндэстний өмнө цаглашгүй гавъяа байгуулах ба үүгээр шинэчлэлийн цуврал үйлс аяндаа өрнөж эхэлнэ.
Х.Баттулгыг “бүх юмыг эвдлээд баллаад хаяна” гэж болгоомжлох нь бас ч гэж бодууштай зүйл. Гэвч тэртэй тэргүй эвдээд ямбийлгачихсан юмыг нэмж эвдэлнэ гэж байхгүй, харин засал авахгүй хуучныг хурдан хаяж, шинийг хийхийг монголоор “өөд нь татна” гэдэг. Угаасаа ч хуучныг эвдэхгүйгээр, шинийг бүтээнэ гэж байхгүй, энэ талаар зүтгээд ч, мөрөөдөөд ч нэмэргүй.
Монголчууд “бөх хүн мангар” гэж ярьдаг ба үүгээрээ өөрсдийн хийж гүйцэтгэж чадахгүй хүнд хүчир үйл хийхийг нь харах гэсэн хүслээ илэрхийлдэг. Үнэндээ бол МАНАН-гийн “чөтгөрийн тойргийг” түс тас, олон таван үггүй, элдвийн гадаад “онол”, “зарчим” ярьж балайраад солиороод байлгүй, “мангар зоригтой” таслан хаяхыг нийгмийн болон үндэстний эрх ашиг шаардаж байна. Өөр яаж салах юм, энэ новшнуудаас…
Дэндүү даварч, хэмжээ хязгаараа мэдэхээ байж, “буг” болон хувирсан МАНАН системийг эвдэж, түүний “чөтгөрийн тойргоос” аль болох хурдан, аль болох хор хохирол багатай салах нь монгол түмний чин хүсэл болой…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2017 оны 06 дугаар сарын 02.
Сонгуулийн хар машин найдвартай юу? Бидний сонголт шударга гарахад эргэлзэхгүй байж болох уу. Мөн Х.Баттулга ОХУ-ын талын оролцоог хангаж чадах уу. ОХУ нь бидэнд болон дэлхийд маш хэрэгтэй байгаа санагдах юм.
Тантай санал нэг байна, ард олондоо мөн уриалах байна
Энхболд ялагдвал МАН дотор том зодоон гарч идээ бээр нь гарна даа
saihan niitlel baina, bayarlalaa. chutguruun toirog tasrah boltugai.
Баттулгыг дэмжиж бга
Хөдөөний ялангуяа хурдан морь уяачдийн гэх хүмүүсийг яаая даа байз, санал хураах дээр том лай болно доо
Четгерийн тойргоос зоригтой салахгуй бол ард иргэд улам зовж ядарч зудрэх болно.
юун ОХУ ын оролцоо вэ тэд чинь ТРАМП ийн ялалтанд нөлөөлсөн нь нотлогдоод байгаашдэ Энхболдынхон тэр ажиллагаагаа хийчихсэн юм бишүү