А.БААТАРХУЯГ: ХҮННҮГИЙН ГУНИГТ ДУУН
2015/02/25 31 Comments
Манай А.Баатархуяг саяхан үзэгнээсээ гарсан нэгэн нийтлэлээ үзүүлснийг сэтгэл догдлон уншигчиддаа хүргэж байна. Чин сэтгэлээс гарсан үг гэж үүнийг хэлдэг буй за…
Эртний тэрсэлдээн
Нүүдэлчдийн орон зай уг нь Номхон далайн эргээс эртний Грек хүрч байсан юм. Эртний Грек ваарны “Нумаа хөвчилж буй Скиф” зургаас нүүдэлчдийн дайчин алдрыг өрнийн түүхийн сурах бичигт анх үздэг. Нүүдэлчид…
Эзлэн түрэмгийлэгч, эвдэн сүйтгэгч. Гэвч нүүдэлчдэд нэн сайн чанар байсан юм, өнгөрсөн цагт хэлэхийн учир нь нүүдэлчид орон зайгүй болж, мөхмөл соёл иргэншлийн тоонд оржээ. Үлдэж буй нь Халхын талд буй 170 мянган малчин, тэднийг ч суурьшуулах гэж үзэж тарж байна. Уул уурхайн эзэлбэр, лиценз, тариа ногооны талбайгаар хашсаар. Бүр Америкчууд Монголд “Бэлчээр ашиглалтын менежментыг сайжруулах төсөл” гэгчийг хэрэгжүүлж байсан гээд бод доо. Аягүй бол одоо ч байгаа даа. Хэдэн мянган жил нүүдэллэсэн Монголчууд тариачдаар бэлчээр яаж ашиглахаа заалгалаа юу ? “Малаа яаж маллахаа Марксизмаар заалгахгүй” гэхэд нэг их алгаа ташдаг байсан монголчууд өнөөдөр заалгаж л байна. Шоглоом уу?
Өмнө дурдсан нүүдэлчдийн сайн чанар нь байгалиа сүйтгэдэггүй, хэвээр хадгалах эрмэлзэл юм. Энэ байгальтай харьцах соёл өдгөө хүн төрөлхтний нэн ховор үнэт зүйл болсон байна. Энэ бол өнөө “Чоно тотем”-ыг алдаршуулагч санаа. Чингис хааны байлдан дагууллын үр дүнд Евроази экологийн томоохон сүйрлээс зайлсхийжээ. Хааны байлдан дагууллын явцад өргөн уудам газар нутаг хүний “дарангуйллаас чөлөөлөгдөж” атаршсанаар байгаль сэргэжээ. Хэрэв тийм бол нүүдэлчид сүйтгэгчид биш, харин ч сэргээн тэтгэгчид ажээ. Хүний гараар боссоныг эвдэвч байгалийн жамаар бүрдсэнийг сэргээгч ийм соёл хаана байна?… энэ ертөнцөд. Эсвэл иргэншлийн эсрэг иргэншил үү?
Хүн төрөлхтөний хамгийн аюултай нүүдэл бол суурин иргэншлийн нүүдэл юм. Түүнийг хориглон зогсоож байсан нүүдэлчдийн морьт харваачид технологийн эрэмбэд гүйцэгдсэнээр өргөн уудам нутгаа хамгаалах чадавхиа алдсан.
Суурин иргэншлийн тэлэлт газар нутгийг эвдэн сүйтгэх агаад тэд өөрийн хөнөөлт тэжээвэр амьтад, байгальд халтай ахуйг тээж явдаг. Суурин иргэншил алс холын бага Азиас их Ази руу хэдэн мянган жил зогсолтгүй тэмүүлсэн. Нүүдэлчид сөрөн давшиж байсан, Блокийн бичсэн өргөн шанаат Скифүүд өндөр хамартныг устгаж чадаагүй, тиймээс Грекийн хот улсууд цэцэглэн соёл иргэншил дэлхий дахинаа тархав.
Хүннүгийн Атилла Баруун Ромыг унагасан ч дорно зүгт Византид соёл шилжсэн. Византын соёлын гэрэл гэгээн мандан бадарсан лалын их гүрнүүдийг яйр цохисон Монголчууд суурин соёл иргэншлийг Газар дундын тэнгис цаад талд түрэн гаргажээ. Буцаад Итали. Энэ завшаанаар Түрэг сельжукууд Византыг мөхөөсөн ч цааш ахиж чадсангүй ихэд соёлжжээ.
Технологи нь байгалийн хүчийг даван гарах эрмэлзэлтэй тул байгалийг сүйтгэн устгана. Байгаль дэлхий хамгаалагчаа алджээ. Орос, Хятадын суурин иргэншил дэггүй нүүдэлчдийг 800 жил шахсаар Халхын хуурай талд хашиж авчээ. Одоо энд ус, ургамал алтнаас үнэтэй биш үү? Л.Гумилёвын нэрлэх дуртай “их тал” эзнээ алдаж талхлагдан сүйрэв. Казахууд Арал нуурыг сэргээх гэж хамгаа зарж байна. Байгаль эх хамгаалагчдаа алджээ. Хамгаалагчид нь хүчин мөхөстөх тусам тэр хамгаалагчдийн голомт нутаг эцсийн сүйрлийн цэг болж байна.
Тансаг сайхан Килэн уулаан алдаад би
Таван хошуу мал минь өсөхөөн болив.
Тэнгэрийн хаяанд сүүмэлзэх
Тэртээх ууландаа яаж хүрэх билээ?
Өнөр баялаг Яньжи уулаан алдаад би
Үзэсгэлэнт хатад минь өнгө зүсээ алдав.
Ямархан нутгийн зосоор одоо
Яаж шүү хатад минь хацраа гоодох билээ? (Хүннүгийн гунигт дуун шүлэг. МЭӨ 121 он)
Ноён уул бол ургамлын төрөл зүйлээр хамгийн баялаг нутаг, Монголдоо. Орчуулагч Я.Ганбаатар Хилэн уул, Хөх уул гээгүй нь учиртай л биз, үгийг хамаагүй тайлбарладаг гэмээс хол явалтай. Хятад шастирт үлдсэн Хүннү шүлэг. Шүлэг бичиж байсан тэр цагт л суурин иргэншлийн түрэлт нүүдлийн иргэншлийн голомт руу алхаж эхэлжээ. Магадгүй Тураны зүрхэнд Хүннүгийн төрт улс үүссэн нь энэ түрэлтээс хамгаалах гэсэн зөн билгийн үр дүн байж уу ? Чөлөөтэй нүүдэллэгч тал нутгаа хамгаалахын тулд өөрсдөө хил хязгаар тогтоож, төр улс байгуулснаар нүүдэлчин суурин иргэний хил тогтож, тэр цагаас хойш нүүдэлчид хязгаараа алдаж эхэлжээ. Гэвч үргэлж хил хязгааргүй мэт сэтгэж ирсэн тэдний сэтгэлгээ нь Евроазийн дараа дараагийн тив дамнасан эзэнт гүрнүүдийг үүсгэсэн. Гагцхүү хил хэмээгч нь суурин иргэдтэй залгалдах учиртай байж. Энэ төр улсаас айсан Си Мачян (Орос сурвалжид голдуу Сыма Цянь гэж бий. Гэвч өдгөө хятад нэрийг Си Жинпин, Ли Көчян гэж бичиж байгааг дагавал ингэж бичих ёстой байх) тэдний чанад дахь суурин иргэншилтэй холбоолох гэж нутгаасаа гараад Хүннү нарт баригдаж 12 жил хорионд байгаад улмаар зугтан Ром хүрсэн байна. 24 жилийн дараа эргэж ирээд алдарт “Түүхэн тэмдэглэл” буюу “Ши Зи”-гээ бичихдээ Тураны зургийг үйлджээ. Энэ хүнийг дорнын Геродот гэдэг. Ингээд л нүүдэлчдийн өрнө дорно этгээдээс суурин иргэншил алгуур түрж эхэлжээ.
Геродот “Түүх”-ээ бичихдээ Грекээс дорно зүгт Персүүдийн нутаг Иран байгааг мэдэж байв, тэгээд цаана нь Скифүүд давшин гарч ирсэн энгүй Туран байна гэж сэтгэж байжээ. Энэ Туран бол Каспийгаас Номхон далай хүрсэн “их тал”. Тэгээд л 2135 жилийн тэртээд зах хязгаар нутгаа алдаж эхэлжээ. Тэнгэр уулын Килэн уул. Энэ түрэлт явсаар Хүннүгийн голомт, Ноён уулын ихсийн хоригийг ухах хүртэл найман эзэнт гүрэн, бүр суурин иргэншлийнхний байгуулаагүй аугаа гүрнүүдийн түүх бичигдэнэ. Гэвч энэ түүхийн бүрэн дүр зураг нь улам бүр хавчигдан шахагдаж, устан мөхөж буй нүүдлийн соёл иргэншлийн гунигт шастир болой.
Цагаан уулаа алдаад
Зургаан хошуу мал минь өсөхөө болилоо
Ягаан уулаа алдаад
Авгай хүүхнүүд минь энгэсэггүй боллоо. (Өмнөх шүлгийн Г.Сүхбаатарын орчуулга)
Зургаа дахь хошуу мал нь сарлаг. Хятад бичиг Сүн-юй, Монгол орчин цагийн хэлэнд Хүннү гэгддэг нүүдэлчдийн эзэнт гүрний нэрийн тайлбар ч маргаан дагуулсаар. Саяхан “Сионы мэргэдийн протокол” номын орчуулгыг хянаж байхдаа “гое”-чууд гэдэг үгийн утгыг олох гэж их мачийж билээ. Гэтэл эртний Мисир хэлнээс утгыг тайлсан нэг тайлбартай таарав. Гое гэдэг бол “нохой” л гэсэн үг ажээ. Харин Еврей ба түүнээс үүдэлтэй Европ гэдэг нь хүн, хүний нутаг гэсэн эртний үг аж. Харин албан түүхэнд Европ бол “Ереб” буюу наран ургах зүг, Ази бол “Асу” буюу наран шингэх зүг гэсэн Грек үг, Геродот анх хэрэглэсэн гэж заасан санагдана. Харин манай эрдэмтэд Хүннүг Хүн гүрэн гэж тайлсан нь нүүдэлчид бас өөрийгөө яг жүүдийн адил “хүн” гэж өргөмжилж байж. Ийнхүү Евразийн хоёр талын “хүмүүс” тэрсэлдэн хэдэн мянганыг өнгөрөөхөд нүүдэлчид гал голомтоо сахих чадлаа бараад ихсийн хүүрийг ухуулан амь зогоохдоо хүрч бууран доройтжээ, бидний үед шүү. Үхсэн өвгөдийнхөө ясыг мөлжиж улаан голоон зогоохдоо тулсан бус уу? Энх-Амгаланд Галдангийн шарилыг өгөөгүй юмсан, Үхэвч өвгөдийн ясыг мөлжихгүй гэж байгаа “хүмүүс” харь нохдын боол бологчдоо хараан Галсансүхийн тамлагад бичсэн шиг “Өвгөдийн ясанд хахаж үхэг, хэг, хэг ээ” хэмээн бөөлнө. Улаан яс хэмлээд алтан шүдтэй болов хэмээн зүүдэлж хононо, тэд.
Ноён уулаа ухуулаад Нотлох түүхгүй боллоо
Ихсийн хоригийг ухуулсан Ичих нүүрээ яалтай
Энгэсэг оо түрхээд ч Илэг эсгэж наагаад ч
Хүннүгийн үр сад гэж Хүний өмнө хэлэлтгүй
Тэнгэрийн хаяанд сүүмэлзэх Тэртээх уулаа яах вэ?
Тэнэгийн шуналд автсан Монголын төрийг яах вэ?
Эдүгээн тэрсэлдээн
Суурин иргэд нүүдэлчдийг цохин хөөгөөд олзолж авсан алтаа гулууз болгон хадгална. Нүүдэлчид эргэж дайраад алтыг нь аваад гайхамшигт гоёл чимэг болгон биедээ зүүнэ. Нүүдэлчдийн хувьд алтны үнэ цэнэ хийц, ганган тансагт байна. Харин суурин иргэдийн хувьд алтны үнэ жин, хэмжээнд л байна. Нүүдэлчдэд их алт хэрэггүй, харин суурин иргэдэд их, бүр их алт хэрэгтэй.
Хэдэн мянган жил зөрчилдсөн энэ сэтгэлгээ Хүннүгийн их хоригийг оршоосон Ноён уулыг ухахад тэрсэлдэн байна, орчин үеийн Монголд. Даяарчлагдсан, либералчлагдсан, ардчилсан монголд. Хэрэв унаган соёл иргэншлийнхээ сэтгэлгээнээс салсаныг нь “Монголоо алдагсад” гэж нэрлэж болдог бол тэдэнд Гацууртын ордын 50 тонн алт хэрэгтэй. Харин язгуурын соёлоо хамгаалахыг хүсэгчдэд их алт биш, харин ихсийн хориг илүү үнэ цэнэтэй. Тэнд алтаар урласан гайхамшигт бүтээлүүд бий. Бусдад хөндүүлэхгүй гэж нуусан их хааны шарилыг ч бэдрэгч, зарж идэхийн донтонд эрт хийгээд эдүгээгийн түүх юуны хамаатай. Алт, алт л чухал.
“Алтны хумхаа” гэж аюултай дон байдаг бол тэр дон төр засагт нь очиж тусахдаа ч яадаг юм. Гадаадын “шууд” хөрөнгө оруулалт хэрэгтэй, түүнийг хааж боолоо гэгсэд мөн ч олон. Гацууртын ордыг ухаад эхэлбэл Гацууртын гол алтаар урсаад эхэлнэ гэж боддог бололтой юм. Даан ч дахиад доллараар урсахгүй л дээ, ямар юмных нь хөрөнгө оруулалт байдаг юм, нэгэнт Бороог ухах гэж “оруулчихсан хөрөнгөөрөө” л ухах гэж байна даг. Хятад хятад гэнэ, нүүдэлчдийн таньдаг суурин иргэд тэд байсан учраас бид ихэд болгоомжилж, тэдний түрэлтийг эсэргүүцдэг байж. Гэвч тэр хар хятадаас ч аюултай өрнийн суурин иргэншлийнхэн орж ирээд тоноход бидний нөгөө “гал хамгаалагч” ажиллахаа больчихдог юмсанж. Оросуудыг ирэхэд бас л ийм байсан даа. Уг нь бол өндөр гэгээн тэднийг “шар хятад” л гэсэн юм шүү дээ.
“Сентерра гоулд”-ыг бид ямар мэдэхгүй биш. Бороогийн алтны ордыг яалаа? 43 тонн алттай ордыг социализмын үеийн ТЭЗҮ-гээр 20 жил ашиглана, жилд хоёр тонныг л олборлож, байгалийг чинь сэргээнэ гэлцээд эхэлсэн. Хорин жил жаргах юм бодтол тавхан жилийн дотор уулыг эргүүлээд хаячихсан. Яаж байгаа юм гэхэд орчин үед алт үнэтэй үед нь ухаж зардаг болохоос алтны үнэ буучихвал манай хөрөнгө оруулагчид ирээдүйд алдагдал үзэх гээд байна, хэрэв тэд алдагдал хүлээвэл бусад хөрөнгө оруулагчид ирэхгүй болчихно гээд халгаагаагүй. Бид өөрсөддөө биш бусдад санаа тавьдаг мөн ч найрсаг ард түмэн шүү. Нөгөөдүүл нь ч Монголчуудын найрсаг зочломтгойг гайхаад л. Нутгийн иргэд нэг онигоо ярьж байна. Манай одоогийн хотын дарга тэр үед “Сэлэнгийн дивтаат” байсан. Тойргоороо явж байгаад Бороогийн олборлолт явуулсан уулын нөхөн сэргээлттэй танилцаж л дээ. Тэгээд либерализмаа магтсан уу? “Пөөх, өмнөхөөсөө гоё уул болчихсон байнашдээ” гэж авсан гэх. Арай ч үгүй байх, манайхан ч хүнийг бас явуулна шүү.
Гэтэл асуудлын гол нь алтны үнэд ч биш, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хуулиар эхний гурван жилд 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувь татвараас чөлөөлөгдөх байсан учраас тэгж яарсан байв. Өөрөөр нь өөрийг нь ална гэж энэ.
1997 оны Ашигт малтмалын хуулийг угтаад л анхны хөрөнгө оруулагч гэж энхрийлээд манай анхны ардчилсан засаг “Тогтвортой байдлын гэрээ” гэгчийг хийгээгүй юу. Эцсийн дүндээ 43 тонн алтаа ухуулаад, “өмнөхөөсөө гоё уултай” болоод, Монголын төр НӨАТ-ын 2,8 тэрбум төгрөг буцааж өгөх болоод дууссансан. Алт яасан? “Сентерра гэж мам нь аваад явчихсөөн”. Үүнийг манай өнөөгийн жиргээд байгаа шар завьжтай либерал бацаанууд сонсоо ч үгүй байх. Буруу юу байхав хөөрхий, хүний бага нь жиргэдэг юм хойно. Үхсэн хүн л алддаггүй гэж үг бий. Хэзээ нэгэн цагт тэд эх орончид болно. Хүн гэгч ухаантай юм болохоор амьдарч буй тамаа диваажин болгож чадах бурхантай ч тэрсэлддэг цорын ганц амьтан, цагаачлаад явчихгүй бол шүү дээ.
Тэгээд бөөн юм болсон, жагсаал хийж явсан нэг хүн, татварын булхайг гаргаж тавьсан О.Энхсайхан гишүүн цэл залуугаараа тэнгэр болсон. Эцэст нь Мандал сумыг хөгжүүлээд хаяна гэсэн. Эмнэлэг, соёлын төв бариад зам засаад, манай алдарт банкир О.Чулуунбат хөрөнгө оруулалт гэгч ийм гоё гэж удтал ярьсан. Үнэндээ мань банкир “Сентерра”-гаар ийм юм хийлгэхийн төлөө хуруугаа байтугай хумсаа дүрж байсныг санахгүй байна, тэгээд соёлын төв, эмнэлэгхэн барихаар ач гавъяа нь шаардаж хийлгэсэн хөдөлгөөнүүдэд биш, араа бодсон компанид ноогдож байгаа юм даа. Ийм юмны дараа гарч яваагүй нь Гацууртыг ордод л хөрөнгө нь хоргодчихоод байсан хэрэг. Зам тавилаа гээд шуугиулаад байсан нь алтны хүдэр л зөөх гэж байсан хэрэг. Оруулсан хөрөнгөө луйвардсан 43 тонн алтаараа нөхөөгүй учраас тултал нь явуулахаар болж л дээ.
Чухам энэ Бороогийн “Тогтвортой байдлын гэрээ”-гээр ясаа цайтал шулуулсандаа сургамж авч “Оюу толгой”-н ХОГ-нд Монгол Улс 34 хувийг эзэмших заалт оруулсан. Манайхан юмыг амархан мартах юм даа, яагаад Ашигт малтмалын хуулинд 51, 34 хувь гэгч гараад ирснийг санах хүн одоо байхгүй болчихож. Тэр хуулийн тавдугаар заалтыг гадаадынханд ашигтайгаар зассан хэргээр “гадаадын тагнуул, Монголын тавдугаар цувааны идэвхтэн” гэгдсэн нөкөр парламентат төрийн өндөр сэнтийнээс гулссаныг хүртэл мартчихаад л “Гацууртаа ухуулъя өө…” гээд сууж байна. Тэгээд урт нэртэй хуулийн барцадаас салгахын тулд стратегийн ордод хамруулаад, түүнээсээ 20 хувийг гуйж авах юм байна, энэ бол “Цагаан суваргын орд”-ыг МАК-д өгөхийн тулд нэг өдрийн хугаст дөрвөн ч хуулийн заалтыг машиндаад хаячихсан тэр өдрөөс эхтэй жишиг. Тэгэхэд өөрчилсөн дөрвөн заалтыг иргэний хөдөлгөөнүүд хуулинд тусгуулахын тулд дөрвөн жил үхэн тэмцсэн шүү дээ.
Аргаа барж шаралхахдаа Г.Уянга Н.Номтойбаярыг аавтай нь нэг сайн хэлж аваад л даший шог болсон. “Наад 20 хувь чинь цаашдаа буруу жишиг болно шүү, Монголоо бодоод арай өөр хувилбараар гэрээ хийчихээч” гэж бүр Ерөнхий сайдын өрөөнд орж гуйгаад бүтээгүй шарандаа “хоёр хүн идэж барахгүй, хоёр сая гаруй хүний өмчийг алдлаа” гэсэн үг хэлсэн. Үнэндээ манай бор шувууд Нямтайширыг муулсан, Номтойбаярыг босож явсанд баярласан болохоос эрт эдүгээгийн сургамжийг нь огтхон ч олж хараагүй юм. Баян гэж муулаагүй, балаг тарьсанд нь цухалдсан хэрэг шүү дээ, ямар хүнтэй муудахын мөн болсон хүн байгаа биш..
Уг нь хуулиар бол Монголын төр хайгуул хийж олсон ордын 51 хувь, хэрэв олборлогч хайгуул хийж олсон бол 34 хувийг эзэмших ёстой байсныг 20 болгож, гадаадын хөрөнгө оруулалт татах мэргэн санаагаар өөрчилсөн юм. Гэвч ахин хэлэхэд Гацууртад хөрөнгө орохгүй, тэр нь аль эрт ордгоо ороод Бороог ухчихаад байгаа. Жаал жуул юм орно л доо, тэр нь элэгддэг эдээ л солиход зарцуулагдана.
Роза Отунбаева гэж нэг Азийн ардчиллын дагина Монголд жил бүр наадам үздэг байлаа. Манай Элбэгээ даргаас ардчиллын тухай лекц сонсоод наадам үзээд буцахаар ирсэн л гэж хүмүүс боддог байсан. Гэтэл өнөө “Сентерра гоулд” нь Киргизийн алтны ганц толгой “Кумторын ордыг нь самраад” түүнээс болж дараалан хувьсаж Акаев, Бакиев хоёр Ерөнхийлөгчөөрөө туг тахисан учраас л энд ирж учир начрыг нь олох гэдэг байж л дээ. Ухаантай л хүүхэн, одоо Кумтороос болоод Киргиз Канадуудтай заргалдаж байна. Яг Бакиевын үед цианиттай машин онхолдож Киргизийн Хөвсгөл болсон Иссык кул нуурыг нь бохирдуулснаас болоод Бурдууд (Кыргызүүд) боссон. “Арав, ерийн” Акаевыг хөөсөн “Алтан зулыг” санхүүжүүлэгчид нь “Сентерра” байсан учраас тэр.
Тэр ч байтугай олон хүн бүдэг бадаг санаж байгаа бол Бороогийн алт баяжуулах цөөрмөөс цианит алдагдсан тухай шуугиан гарч байсан. Тэр үед Монголын хамгийн чанартай төмс Жаргалантынх гэдэг байсан. Яг тэр цагаас Жаргалантын төмс гэдэг бичиг бүх лангуунаас алга болсон. Бараг л цианиттай төмс гэсэн үг болчих гээд байсан. Монголчууд аанай л босоогүй.
Харин Бурдуудад ардчилал заадаг манайхан ахиад Гацууртаа 10 жил ухуулж, ахиад Бороод тунгаалган жаргах үлгэрээ яриад сууцгааж байна. Нөгөөдүүл нь Гацууртын гол тасарсныг зангидаж нуур болгоно, хун хөвүүлнэ гэх нь холгүй панаал үсэргээд байж байна. Гагцхүү тэр бүх тайлбарыг дан монголчууд хийж байсан, тэдний нүдэнд тодрох айдас нь Гацууртын ордыг ухахаа больчих вий, бид хэдэн жил авах цалингаа алдчих вий л гэж байсан. Үүний тулд аль эрт алтны татварыг буулгах татварын хуулийн өөрчлөлтийг ч хийсэн. Монголд хүчирхэг лобби бүлэгтэй ба тэр бүлгийг нь хөдөлгөгч нь манай тагнуулын газрын дарга байсан генерал Сандаг гэгч.
Энэ компанийн түүхийг бие хүн болон төлөвшөөд 10 жил амьдарсан хүн бүр л мэдэж байх ёстой. Одоо шоронд байгаа Ц.Мөнхбаяр “Сентерра”-д сум өргөж байсан. Яг тэр үед Киргизэд байдал бишидсэн тул асуудлыг дараад өнгөрсөн. Ц.Мөнхбаярыг, “Хатанбаатар” кинонд Магсаржавт багш нь “Нохойгоо хориод харийнхныг гэртээ оруулах энэ төрийн өнгөнд чам шиг хүн яах юм” гэдэгчлэн хорьчихсон байгааг ухаарахгүй л байна даа, манай ард иргэд. Эдүгээн тэрсэлдээнд харийнхан ба Монголчууд биш, Монгол Монголтойгоон тэрсэлдэж байгаа нь гунигтай. Монголоос Монголоо хамгаалахдаа тулсан уу?
Голомтоо самруулагсад
Түрэгийн Күл тегиний хөшөөнд “Дужиншан (Хэнтийн нуруу)-аас илүү сайн газар гэж огт үгүй, хээр талын олон овог аймгийг үр ашигтай эзэрхдэг газар орон бол Дужиншанд буй, хааны ордыг өмнөдийн нутагт, эсвэл баруун чигт байх Зүүнгарын тэгш тал нутаг руу шилжүүлэх гэж оролдож хэрхэвч болохгүй, учир юун гэхүл зөвхөн Дужиншанд л байх аваас Монголын өндөрлөгийн зүүн баруун хоёр жигүүрийг эзэрхэн барьж байх хамгийн шилдэг байрлал мөн. Чухам энд л сахин суувал зүүн барууныг эрхшээж, өмнөд умардын тухайд түрж болно, ухарч болно. Хааны ордыг эндээн байлгавал дотор газрын бүс нутагт заналхийлж, дарамталж болно, бас өнөөдөр олон цэргээр үлдсэн газрыг хураан захирч болно, Монголын өндөрлөгийг эрхшээе гэхүл, дотор газрыг түрж оръё гэхүл энэ газар бол зайлшгүй сахиж байх ёстой эрдэнийн газар болой” гэжээ.
Харин өдгөө Монголчууд энэ газраа эзэрхүүлэн алдаад гунигт дууг үргэлжлүүлж суух гэж… Арчаагүй л байна, чааваас…
Чингис хаан “Гурван голын савд харийн мөр бүү гарга” гэсэн л гэнэ. Ноён уул гурван голын савд багтдаггүй гэж мэтгэх вий дээ. Ноён уулын Зүүнхараа талын аманд Чингис хааны угсааны сүүлийн хүн Хараагийн баатар ван Наваан-Юндэний тайж тахидаг овоо байсан л гэнэ. Тийм болохоор Төрийн тахилгатай болгоё гэж байгаа ч 17 гишүүн л дэмжсэн. Зөвхөн Сүжигтийн аманд Козловын тоолсноор 210 гаруй булш бий, харин нутгийн иргэдийн тогтоосноор 500 гаруй булш бий гэнэ. Зөвхөн Хүннүгийн үеийнх гэлтгүй хүрэл зэвсгийн үеийн булш бунхан ч байдаг гэнэ. Үүнийг би давуулж яриад байгаа юм биш, “Гол мод-2” археологийн малтлагаар Хүннүгийн үеийн гайхамшигт олдворуудыг гаргасан, өнөө цагийн эдэмтэд дундаа Хүннү судлалаар тасархай түрүүлсэн археологич Д.Эрдэнэбаатар хэлсэн.
Ноён уул бол Монголд ургамлын хамгийн олон төрөл зүйл ургадаг газар. Тэр ч байтугай Ноён уулын орчимд Монголын “Цахиурын хөндий” байгуулах санал гарахад булш бунхан сүйтгэнэ гээд зөвшөөрөөгүй төр өнөөдөр алтыг нь ухуулахыг төлөө үхэн зүтгэж байна. Хувьсгал гараагүй, эзлэгдээгүй атал төр ийм өөр бодлого барьж болдог юм уу?
Археологийн хүрээлэнгийн Батболд гэгч нөхөр явсан юм, тэрээр Гацууртын аманд юу ч байхгүй гэж дөнгөж баталтал археологчид Д.Эрдэнэбаатар МУИС-ээс гаргасан тодорхойлолтоор 75 булш бунхан бий гэсэн байна гээд өврөөсөө нэг бичиг гаргаад ирэв. Харин ШУА мэдэгдэл гаргахдаа 63 булш гэж байна. 12 нь хаачсан юм бүү мэд. Тэр нь бүр 1990-ээд оны эцсээр гаргасан судалгааны жагсаалт байв. Батболд сандарч Гацууртын аман нэг ваар савны хэлтэрхий олдсоон, гэхдээ энэ ашиглалтын талбайгаас их хол гэж булзав.
Гэтэл нөгөө Соёлын сайд асан маань нөгөө бичгийг булаах шахам аваад булшнууд аль аманд байгаа юм, ваар савны хэлтэрхий хаанаас олдсон бэ? гэж асууж эхлэв. “Сентерра”-гийн монгол геологич нь энд гээд ашиглалтын талбайн зах руу заав. Бас нэгэн булшны нэр хэлээд энэ хаана вэ? гэтэл Сүжигтийн аманд гэх юм. Гэтэл Сүжигтийн аманд нь 200 гаруй булш байдаг гэдгийг дөнгөж түрүүхэн нь үзээд өнгөрсөн юмсан. Ж.Батзандангийн хууль батлагдчихгүй яав гэж дотроо гаслав.
Байгаль орчны үнэлгээ хийлгэсэн гэх хүүхнээс археологийн хайгуулын тайланг Д.Эрдэнэбаатар доктор нэхлээ. Одоо өгье гэснээ гишүүдийг гараад явмагц “Одоо эндээс өгөх бололцоогүй байна” гээд өгөхгүй юм гэсээр мань хүн орж ирэв. Ажилтнаас нь асуувал энэ кэмпээс авах техникийн бололцоогүй гэнэ. Аргаа барж уур хүрэх ч шиг. Гарч тамхиа татаж тайвширсан нь дээр санагдав. Харин нөгөө Батболд нэг юм үглээд байна. Археологийн судалгааны тайланг таван газар гаргадаг, тэгэхээр МУИС яаж гаргасныг бид мэдэхгүй гэсэн шүү юм яриад байх юм.
Үгүй бүр гайхшаа зураг үзүүлсэн нь барсан нь Сентеррагийн зурган дээр Ноён уул хоёр болчихож. Ядаж хатан уул нь хоёр баймаар. Бүү үзэгд, хоёр ноёнтой хатан гэж дуулаагүй толгой дөч хүрээд дуулдаг л юм байна. Ёс уламжлал, сэжиг цээр ч гэж байхгүй болж. Энэ бол доромжлол мөн, цаад шалтгааныг нь Гацууртын ордыг л Ноён уулын оргилоос холдуулах гэсэн байж таарна. Түүнээс ямар ч монгол хүн хоёр ноён, нэг хатан уул байна гэж үхсэн заяа нь сэтгэхгүй. Тэр групп энэ тэрдээ хүртэл ёс суртахууны ялзралд орсноороо Канадууд нь л тэгдэг байх.
Доктор Д.Эрдэнэбаатар сахлаа цантуулаад бухимдаж байна. Тэр таван газар нь соёлын өвийг авран хамгаалах ажил хийсний зардалд овоохон юм авдаг аж, тэгээд сүрхий ч ажилласан юмгүй мөнгө нь даший шог болоод компанид ашигтай тамгатай бичиг хийж өгдөг новшийн сүлжээ бий болсон юм даг уу ? Оюу толгойн ил уурхайг ашиглахын өмнөх жил зардал аваад ганц жилд 100 гаруй соёлын өв “хамгаалсан” түүхтэй гэнэ. Гэтэл Ноён уулын булшнаас шинжлэх ухааныг хөгжүүлснээс хойш 10-ыг ч малтаж чадаагүй байгаа эрдэмтэн мэргэд шүү дээ. Түүх ч нь түүхээ хайрлахгүй, археологч нь олдвороо хайрлахгүй, бүхнийг мөнгөөр зардаг бол энэ улс ч баларч л дээ. Тийм л болоод түүхийн, археологийн хүрээлэнгийн захирлын төлөө үхэлддэг юм байна л даа.
Уг нь ердөө Г.Уянга л Ноён уул руу явна гээд хэдэн сэтгүүлч авч явах гээд машин хүрэхгүй өчнөөн юм болсон, санаа зовоод хамт явсан юм. Очоод ийм ч юм сонсох гэж… Гэтэл яг явахдаа тулахаар археологийн хүрээлэн, уул уурхайн яамныхан, бас гишүүд гэсээр бараг танкийн цуваархуу юм болчихсон. Том том үнэтэй жийпний мотор нүргээн дунд “Та нар яах гэж байгаа юм?“ гэж асуухад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх “даалгавартай” гэсэн. Тэр зөвлөгөө нь ямар ч байсан Ноён уулыг ухахаас өөр арга байхгүй, манай мэргэжилтнүүдийн үг энэ.
Мандал сумын иргэд замд тосч хамтдаа Гацууртын ам руу орсон юм. Та нартай л хамт орохгүй бол биднийг ийшээ алхуулдаг ч үгүй гэсэн тэд Гацууртыг амыг нь там болгосныг хараад уйлж байсан. Тийм ч юм болох гэж…
Ус нь халаад явахгүй болохоор нь моторынх нь дулаалгыг авчихсанд үүдний амбаар шиг сийгэсэн чөтгөр тогтохын аргагүй хүйтэн Засгийн баазын “Грейс” автобусандаа Уянга, археологчич Д.Эрдэнэбаатар, түүх СГЗ О.Батсайхан, Л.Цогийн зөвлөх Орос Баярхүү, бас нэг зураглаач охин бид хэд суугаад буцлаа. Очих замдаа “За даа бид хэдээс өөр Ноён уулыг хамгаалах амьтан эд нарын дотор алга юм байна даа” гэж ярилцаж явсан маань оносон байв. Замд нутгийнхантай салах ёс хийлээ, Болорчулуун гишүүн “Энэ муусайнуудын хоолыг идэхгүй шүү” гэж шаралхаж байна. Юун хоолойгоор хоол давах. Эндэхийн хоолыг идсэнээс “Урьхан”-д хооллоё гээд бусаддаа хэлээд давхив. Хожим сонсох нь ээ, бүгдээрээ “хоолны хахуулийн хэрэгт” орохгүй гээд биднийг дагаад явсан байв.
Түүхийн шүлэг
Түүнээс хойш юм юм л болсон доо. Нөгөө дагаж явсан “Ийгл” телевизийнхэн энд ирээд “Эвсэл рекет хийсэн” гэсэн агуулгатай нэвтрүүлэг хийжээ. Гэхдээ сурвалжлагчийг нь сольжээ. Очиж үзээгүй сурвалжлагч рекетийн талаар сүрхий ярьсан гэнэ. “Голомт”-ынхон голомтоо ухуулах гэж захиалав уу? Нэг аймаар нэр хүндтэй нийтлэлч бараг л текстийг нь хэлж өгсөн юм даг уу?
Хэрэв “Голомт”-ын захирал Баясгалан гэгч банкныхаа гүйцэтгэх захирал байсан гадаадын иргэнд “Тэр монгол чинь надад ямар хамаатай юм” гэж хэлээд гайхшийг нь барсан тухай “тэр гадаадын иргэнээс” Монгол банкинд бичсэн “матаас”-ыг уншвал аргагүй бололтой юм. Банк санхүү эмзэг учраас гаргавал улс орон сүйрнэ гэсээр удаан дарсан зузаан матаас гарах цаг болсон бололтой.
Ноён уулын бүх олдворыг бүгдийг нь Оросууд ачаад явсан гэж мэдэмхийрэгч ч гарч. Козлов уг нь Төвдөд малтлага хийхээр явж байгаад Хүрээнд визгүй саатаж, тэр зуур Ноён уулын булшны тухай мэдээл сонсоод очиж ухтал “тэнгэрийн умдаг” атгажээ. Түүхч, СГЗ О.Батсайхан энэ тухай хамт явсан цувааныхандаа ёстой хэлээ цуцтал тайлбарласан.
Ганцхан булш ухсан, тэр нь 11 метр гүн, 23 тэмээ “ачаа” гарчээ. Бүгдийг нь судар бичгийн хүрээлэнтэй гэрээ байгуулж, “судлаад эргүүлээд өгье” гээд аваад явжээ. Тэр олдвор тэндээ Дамбийжаагийн толгойтой хамт Монголын хэсгийн үнэт үзмэр болжээ. Манай музейнүүдэд ёстой ширдэгний тасархай, жаал жуул юм өгчээ. Тэртэй тэргүй та нарт хэдэн зуун булш байгаа юм чинь гэсэн байлгүй дээ. Харин бид эрмитажийн үзмэрийг булаацалдаад энд байгаагаа нулимж байна. Тэр Хүннү яах вэ?, алт л олж байвал… Өнөөдөр Хүннү бол Монголын анхны төрт улс гэж цээжээ дэлдэж “омогшдогийн” анхны баталгаа тэр. Хүннү нэртэй юм бүхэнд тэр ширдэгний хээ л дүрслэгддэг. Түүгээр үй олон компани бэлгэ тэмдгээ хийж, хоолоо олж иддэг. Ердөө ганцхан булш шүү дээ.
Хөөрхий Козлов хаант Засгийн офицер, хоосон буцсан бол хоолойгоо хэрчүүлэх байсан ч Ноён уулын олдвороор мөнхөрчээ, үүндээ ч их ч ач санаж, Ноён уулыг их ч сурталчилсан даа.
Гацууртын үндсэн ордыг ашиглахын тулд тэсэлгээ хийх юм байна. Харин Хүннүгийн үеийн булшнууд гүнзгий бөгөөд цэвдэгт хүнээ оршуулдаг, иймдээ ч удаан хадгалагддаг, харин булшны хучаасыг модоор хийсэн, тэр нь 2000 жилийн уртад ялзарч муудаад цөмөрч эхэлсэн байна. Тэсэлгээний дориглтод нурвал яах бол? Нэг булш 50 тонн алтнаас ч үнэтэй. Тэр булш нь харцын булш байлаа ч бид цаг хугацааг буцааж хүүр булж чадахгүй. Европын жуулчинд Хархоринг үзүүлэхэд “Иймхэн юм үзүүлэх гэж тэр олон мянган километр” замыг туулуулсан юм уу гээд уйлсан гэж ярих дуртай, манайхан. Гэвч нүүдэлчид бид хамаг соёл эд өлгөө цэвдэгт нуусан, манай түүх соёлын өв газар дээр биш газрын гүнд алтны судалд булаатай байна. Тэр ч байтугай Хархорины доор ахиад хот байна, 6-9 метр өндөр хэрэм байна гэсэн гайхаш тасрам тайлбарыг Хархоринд сонсож явсан толгой шүү.
Хэрэв соёлгүй, бүдүүлэг, үсээ самнадаггүй, усанд ордоггүй, хир ханхлуусан нүүдэлчний тэр өв паартай байшин, паалантай жорлон шүтсэн бидэнд хамаагүй, алт л хэрэгтэй гэж байгаа бол ингэж хэлж байгаа хүмүүс костюм өмссөн түүхийн зандалчид, варварууд, вандалууд мөн. Соёлгүй нүүдэлчид энгэсэггүй боллоо гэж харуусч байсан юм 2000 жилийн өмнө.
Муулдаг Хятадууд Сианд яг ийм бунханыг нээгээд яаж мөнгө олж байна. Мөнгийг олж болдог. Шавар хүн, шарил хоёрын ялгааг мэддэг бол. Монголд Хүннүгийн үеийн ийм хориг 6 бий, хэрэв та нар буриадыг Монгол гэж боддог бол долоо бий шүү. Нэгийг нь хусчихсан ч цаана нь зургаа бий гэж л битгий хэлээрэй дээ!
Тэртээ оргилуун 1930-аад онд энэ уулнаас олдсон гайхамшигт олдворын баталгаа болгож их Д.Нацагдорж “Миний нутаг” шүлэгтээ “Хүннү Сүннүгийн үеэс…” гэж бичсэн. Харин өнөөгийн бид Соёны нуруу хаа байна гэж нэхэх дуртай атлаа бид Ноён уулаа яав ийв гэж чадаж байна уу? Тэгвэл Д.Нацагдоржийн бас нэгэн алдарт шүлэг байна. Энэ түүхийг их эртнээс бичлээ, бараг л нийтлэлийн төрөл зүйлээр бичдэггүй хүн л дээ, би. Гэхдээ энэ бол нийтлэл юм шүү. Цаг хугацаа орон зайг багтаах гэсэн юм, энэ түүх эртнээс эхэлсэн, их ч үргэлжилнэ гэх гэсэн юм. Мөхөс учраас урт сунжруу нийтлэл уншихад цаг хайран хүмүүс энэ л шүлгийг уншчихаарай. Харин Д.Нацагдорж гэгч өмхий популист хувьсгалд уриалсан гээд шүүхээр шийдэх гээд унав даа.
“ТҮҮХИЙН ШҮЛЭГ”
Манай Монгол улс маш эртний улс аа,
Монголын яруу түүх, магад их гэрэлтэй,
Гэгээн наран мандсаар, хангай говийг гийгүүлсэн,
Хэдэн мянган жилээс, бид энд оршсоор,
Хэдийнээ балар цаг, таван мянган жилийн өмнө,
Хойд газар оршиж, хол ойрыг хувьсгасан
Хүннүгийн үе хүрээд, хүчирхэг улсыг мандуулсан
Хянган уулын тэндээс, Тэнгэр уулыг тулсан,
Энэхүү Хүннүгийн улс, хоёр мянган жилийн тэртээ,
Өмнө нанхиадыг сүрдүүлж, урт хэрэмийг цогцлуулсан
Ромын улсыг хүрч, Европ дахиныг сандруулсан,
Өөрийн дурсгалт зүйлээ, Монгол орондоо хоцоргосон,
Сяньби, Тобагийн монгол, шаштир түүхийг залгамжилсан
Түрэг, Уйгуртай нийлж, төрөлх орноо сахисан
Харь хязгаар газарт, Хитан улсыг байгуулсан,
Гадаадын дайсан алинд, хэзээд эрэлхэг явсан,
Хаан Чингисийн үед, хамаг улсын тэргүүнд,
Хөх Монголын үрс, хуяг дуулгаа засацгаасан
Хоромсог саадгаа агсаж, хүлэг морио ташуурдсан,
Холхи ойрхыг нэгтгэж, хүний түүхэнд манлайлсан
Мянган голыг гаталсан морин туурайн гавьяа,
Найман зүгт мандсан эцэг өвгийн гавьяа,
Нармай төрийг байгуулсан, дэлхий дахинд гавьяа
Манай өнгөрүүлсөн түүх хүн төрөлхтөнд гавьяа
Монгол хэмээх нэгэн нэр, ертөнцийн чихнээ дуурсгалтай,
Монголын тул хэмээх сэтгэл, манай зүрхэнд холбоотой
Өсөхөөс сурсан үндсэн хэл, орхиж болшгүй соёл мөн.
Үхтлээ орших төрөлх нутаг, салж болшгүй орон мөн өө,
Хангай дэлхий хэвээрээ атал, хүний явдал их хувирсан,
Хойших мөрийг харж, урагшлах замыг давшилтай,
Харийн хөнөөл хэтрэхэд, үндэсний хувьсгал гарсан шүү
Түмэн оны энхийг ийнхүү тэмцэн бүтээнэ.
2014.02.25
Сайхан хэлжээ. Би тэмцэгчдийн билэг тэмдэг, хувцас, фашист ёсолгоонд дургүйцэж байсан. Түүнийг минь олон хүмүүс дайсан мэт хүлээж авсан даа.
Сайхан бичжээ. Харин би тэмцэгчдийн Нацист хас, хувцас, фашист ёсолгоонд дургүйцэж байсан. Үүнийг минь олон хүн дайсан мэт хүлээж авсан. Эвтэйхэн тайлбарлахаар шууд доромжилж байлаа.
гээд Ганаа ах намайг загнах байлгүй. 🙂
МОНГОЛЧУУДЫН ХОТОН ДОТОРОХ АМЬДРАЛЫН ХЭВ ШИНЖ НЬ ЗӨВХӨН НИЙЛЖ ДОРГИСОН ҮЕДЭЭ НИЙТЭЧ, ОЛОНХИ БОЛДОГ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ. АЛТ УХАХАД НУТГАА ХЯТАД ТРАКТОРООР СОЛИХОД ЮУ Ч БОДДОГГҮЙ ХҮМҮҮС ХАРИН ХҮННҮ, СҮННҮ ГЭЭР НЬ ТАЙЛБАРЛААД ӨГВӨЛ БОСЛОГО, ТЭМЦЭЛД АМАРХАН ОРОХ БАЙХ ШҮҮ
Гайхалтай сайхан бичжээ. Тайлал энд байна!!!
negent uls undestnee boddoggui humuus deedsiin bulshiig hairlana gej uu ingej bichij gonshignoj baihaar ers temtsel hiivel yadag um be yagaad temtsegchid uharch olsgolongoo zogoov iim arga mehend orson oodgui hulchgar bhad gadniihantai niilsen 5r tsuvaaniihnii zov bolj bn ertnii hatan zorigt saruul uhaant mongolchuud bhgui bolsiim bn zovhon tuuhend uldjee bid bol augaa mongol neriig ch heregleh erhgui shaaruud
Чи өөрөө ингэж гоншигнож байхаар тэмцээч. Хүн шордоод л суугаад байдаг. Бидний багад хүн өддөг жижигхэн гарууд байсан юм. Очиж өдөөд дагуулж ирэхээр нь нөгөөхийг нь зоддог байв. Ийм гарууд л өөрсдөө ядаж юу ч хийхгүй байж хүн шордоод л, хөгийнштээ.
Эргүү мал минь. Энэ дэлхий дээр үзэл санааны тэмцэл шиг хүнд хэцүү тэмцэл гэж байдаггүй юм. Толгойд “цэнэгтэй” хүн л бодитой тэмцэж, амжилт олж чаддаг юм. Тэр “цэнэгийг” чинь хийдэг хүн цөөхөн байдаг. Чи үнэн эргүү мал юм…
dotoodiin daisnuudaasaa uter turgen salah heregtei bn ted uneheer gutamshigtai um tarhia ugaalgah aimshigtai ch um
ter arhiologiin hureelengiin batbold gm etgeeduud bolichvol yasiim be say noen uuland um bn bhguig shalgaj togtooh komiis bguulagdsan suragtai ted iim l humuuseer hun huurah tsaas garguulah ni oilgomjtoi
ih natsagdorjiin shuleg mash saihan uma nulimas gargalaa
Huvisgald udirdan chigluuleh manlailagch huch heregtei ba Mongolchuud temtseld belen ba Augai ih ezent ulsiin nutagaas chadan yadan avch uldsen 28 han huvi deeree eznii esoor amidarmaar ba
Козловын 6-р булш хамгийн алдартай нь гэхээр мань эр зургаа байтугай булш малтлага хийсэн байж таараа.
27 оноос Сэрэлт киноны орос эмчийн нөхөр Симуковын хийсэн малтлага, 2006, 11-13 онуудад Орос-Монголын хамтарсан экспедицийн хийсэн малтлагын талаар нэг ч үсэг дурдагдсангүй.
Тэмцлийн учир нь соёлын үнэт өвдөө биш алтандаа л байгаад байх шиг харагдаад байгаа юм даа.
Гээд яахав “Амидрал бол тэмцэл” хойно
Чи чинь харин овоо муу малуу гүй юу?… Дархан цаазат болгоно гэж ярьж байхад. хэн хожих вэ? Монголын ард түмэн хожно.
Өтөл өвгөн би зүрх сэтгэл өвдөхөөс өөрийг үл чадах нь даанч хяслантай агаад одоо ард бидний эв нэгдэл бослого тэмцэлээс өөр юү ч МОНГОЛЫГ аварч чадахгүй нь ойлгомжтой болсон атал Монголчууд бидний “Л. Н. Гумилевын пассионар – оргилох шинж” чанар нь хаана яаж үхчихээрээ ийм арчаагүй болдог байнаа Хөх тэнгэр минь сэрээгээч нэгдүүлээч биднийг
mongolchuud mini seren undiih boltugai…
Д.НАЦАГДОРЖИЙН ЭНЭ ШҮЛЭГЭНД АЯ ХИЙГЭЭД ДУУ БҮТЭЭЧИХ ХҮН ОЛДОХ БАЙХАА. ХОНХНЫ ДУУ ШИГ САЙХАН ДУУТАЙ БОЛОХ ЮМСАН.
гайхалтай сайхан бичжээ. vvнээс ондоогоор яаж илэрхийлж ойлгуулах юм бэ?
ALTNAAS 10000 DAHIN UNETEI TUUH SOYOL USTAH GEED BNA.NOYON UUL BOL ZUVHUN MONGOL BISH DELHII DAHINIITUUH GEDGIIG TARVAGA EKBEGEED HELEED UGUH HUN, ZUVLUHUUD GEJ BAINA UU?
HUNNU-MONGOLIIN TUUHIIN UVIIG USTGAH N HEND HEREGTEI BE?
За тэр түүх мүүх бол би мэдэхгүй хүн. Гэхдээ 50хан тонн алтны төлөө байгалаа сүйдлэх гэж байгаа нь харамсалтай. Цаана чинь Оюутолгойн одоогоор батлагдсан алтны нөөц нь 1950 тонн байхад тэрийгээ ухахад болчихмоор л юм байгаан. 1950-ийг 50-тай харьцуулаад бодоод үзээсэй энэ Сэнтэрра Голдыг дэмжээд байгаа хүмүүс нь. Хайран сайхан байгаль.
Босоо хөх Монгол мэтийн худлаа цээжээ дэлдсэн гарууд биш учир мэдэх хүмүүс нь зөвөөр тэмцсэн бол. Баатархуягийн энэ нийтлэл олон хүний бодлыг эргүүлсэн байх гэж бодож байна. Өлсгөлөн зарласан хүмүүс ингэж зөв ойлголт өгсөн бол нийтэд хүрэх л байсан байх.
50 тонн алтандаа биш байхаа, энэ дээр сууж байгаа хужаа нар л Монгол их гүрний түүх соёлыг устгах тал дээр л түлхүү анхаараад байх шиг байна даа
HUZUUN DEEREE SUUGAA HUJAA NARIIG TONILGOTSGOOYO
Үнээн алтандаа биш монголыг уг ундэс уг удам түүхээс нь салгаж бахархах юмгүй болгох нь АНУ ба Хятадад хэрэгтэй юм шигээ 2015-03-01 жагсаалд очлоо Бид даанч эв нэгдэлгүй монгол үнднэстэн гэх сэтгэлгээ маань дуусч буй бололтой Маш цөөхөн хүн цуглах юм Энэ хэвээрээ удвал бид мөхлөө Үнэхээр харамсалтай Өвгөн миний бодох тутам зүрх өвдөх юм
Ийм сайхан ухаарал танин мэдэхүйн нийтлэлийг мөнч цөөхөн монглчууд унш ч дээ . Тиймээ бид ийм л цөөхүүлэн байгаа юм биш биз. Эсвээс бүгд ухвар мөчид болсон юм болбуу . Харийн хөнөөл хэтрэхэд үндэсний хувьсгал гарсан шүү, түмэн оны энхийг ийнхүү тэмцэн бүтээнэ !!!
ODOO OILGOLOO. TA IH OILGOGDOHOOR TAILBARLASAN BNA. MARGAASHIIN TSUGLAAND OCHIJ DUU HOOLOIGOO ORGOHOD BELEN BNA
АЯНГА гэгчид.
1. Эх орныхоо түүхийг уншиж мэд.
2. “Босоо Хөх Монгол” ТББ ынханы хувьд шүүмжлжлтэй зүйл нь чиний хэлсэнээр “цээжээ дэлдсэн” үйлдэл нь зарим нэг хүмүүст “буруу” ойлголт төрүүлсэн байх (үнэхээр нухацтай, хүмүүст хүрэхээр тайлбарлаж чадаагүй гэж би бас боддог) магадтай ч Ноён уулынхаа төлөө, тэр сайхан хангайг ухуулахгүйн төлөө ЧИ юу хийсэн юм бэ? ЧИНИЙ хажууд тэр хүмүүс өөрийн чадлаараа тэмцсэн гэж би боддог.Иймээс ХУРУУ нэмж чадахгүй бол дуугүй л байсан чинь дээр шүү.
Зөв зүйл дээр тэмцэл жагсаал тал дээр сайн судалж мэдсэн нь хамтраад нэг том жагсаал цуглаан хийгээсэй. Энэ элбэгээ жагсаал цуглаан хийж, бас яаж хурдан тараахыг ч мэддэг хүн байх. түүнээс илүү л байх хэрэгтэй бол уу
Буцаад нүүдэлчин болцгоох уу? Мэдээж түүх соёлоо хамгаалах нь туйлын зөв гэвч монгол улсын 3 сая “нүүдэлчин” иргэн даян дэлхийн эдийн засаг улс төрийн дайнд шилбүүрээ бариад морио унаад давхиад орох боломжгүй. Цэнтэра бороо мороо энд ямар ч хамагүй. Бид хариуцлагатай байж сурмаар бна. Хэлсэн үгэндээ эзэн болж сурмаар бна. Яах вээ одоо? Ямар шийдэл бна? Бид энэ дэлхий дээр амьдарч байгаагаа 7 тэрбум хүн амын 0.05 орчим хувь гэдгээ л мартмааргүй бгаа юм. Эсвэл ясаа цайж үр удмаа тасарч газаргүй болтлоо тэмцэцгээе.
Баярлалаа Бид сэхээрч гэгээрэх хэрэгтэй байна. Биднийг ядуу байлгаж үмх талх чимх махны хэрүүлд байлгаж байгаад дэлхийд хосгүй соёлын дурсгалыг арчин устгах бодлого яваад байна.Одоо улс үндэстэнүүд нэн эртний түүхтэй төрт улс болох бүхийл арга чаргаа хайж бусдын түүх соёлыг ондоошуулан өөрийн болгон суртал нэвтрүүлгээ хийж байна.Энэ нь дэлхий дахинд ноёрхолоо тогтоох бусдыг үгүйсгэх л далд санаа юм. Одоо ирж буй зууныг Азийн зуун гэцгээж байна тэгвэл Азид хэн хамгийн түрүүнд төр улсыг байгуулан хууль цаазыг бий болгон орондоо унтах завгүй олзлолдон булаацалдаж байсан хүн төрлхтөнг номхотгон сэхээрүүлсэн бэ Энэ бол бидний өвөг Хүннү тэгвэл тэдний түүхийг 2000 гаруй жилээр хэвлийдээ хадгалж ирсэн Ноён уул юм ийм ээс энэ агуу үнэнийг хүн төлхтөний ой санамжнаас арчих маш нууц төлөвлөгөө хэрэгжиж эхэлчихээд байгаа бөгөөд түүнийг хэрэгжүүлэгч нь Сентаро гэх байгууллага түүний гар хөл бологч Монгол гэрийн банхарууд болох төрийн эрхэнд тэдний санхүүжилтээр сандайлсан нөхөд юм. Иймд монголчуудаа сэрэмж сонороо нэмэгдүүлж нэгдэцгээж монголоо хамгаалцгаая.
МОНГОЛ УЛСИЙНХАА НУТГААС ОЛДСОН ЭРТНИЙ 14-р ЗУУНААС ӨМНӨХ ОЛДВОРУУДЫГ АНХААРАЛТАЙ СОНИРХДОГ БОЛЛОО,ХАЧИРХАЛТАЙ НЬ ТЭР ҮЕИЙН ХЭЭ УГАЛЗ,ХУВЬЦАС,БҮРГЭД ШОНХРИЙН АН,ялангуяаЭМЭЭЛ ХӨГЖИМ ОВОГ УДМЫН ХЭЛХЭЭНЫ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БУЙ ЗЭРЭГ НЬ МОНГОЛЫН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ КАЗАХУУДЫН АХУЙ СОЁЛТОЙ ТУНЧИГ АДИЛ БНА,БИДНИЙ ЖИНХЭНЭ МОНГОЛ СОЁЛ ХЭМЭЭН БАХАРХДАГ НӨГӨӨ АЛДАРТАЙ ДАРИГАНГА ХИЙЦИЙН МӨНГӨН ЭДЛЭЛ,ОДООГИЙН БОСОО ЭМЭЭЛ,БОСОО ЗАХТАЙ ДЭЭЛ ХАНТААЗ,ХӨӨРӨГ ДААЛЯН,ШАНЗ ХУУЧИР гх мэтийн ХӨГЖМҮҮД,АРСЛАН Ч ЮУМ ШИГ БЭЭЖИН ХАВ Ч ГЭМЭЭР ШАВАР БАРИМЛУУД.МӨН ТӨРИЙН ДАЛБААНД ЗАЛАРЧ БУЙ ЗАГАС( үнэндээ хятадийн ИН-ЯН гээч билэгдэл юм)бас ЛАНЗ ЕВЭН ХЭЭНҮҮД 14-15Р ЗУУНААС ӨМНӨХ АРХИОЛОГИЙНбаримт ОЛДВОРТ ОГТ БАЙДАГҮЙ НЬ УРМИЙГ МИНЬ ИХ ХУГаЛААД БНА,ТҮҮХИЙН ЯВЦАД МАНАЙ СОЁЛ ХУВИССАН БАЙЖ БОЛОХ Ч АНХДАГЧ ХЭЛБЭРЭЭ ТАНИХАА БАЙТЛАА ХЯТАД,МАНЖИЙН СОЁЛИЙГ ЯЛГАХ ТЭНХЭЭГҮЙ БОЛТЛОО ӨӨРИЙМШҮҮЛСЭН НЬ ,БИДНИЙГ ХЯТАД МАНЖУУД ГЕНИЙН БОЛОН СОЁЛИЙН НӨЛӨӨНДӨӨ ХЭТЭРХИЙ ОРУУЛЖДЭЭ ГЭСН ГУНИГТАЙ ДҮГНЭЛТЭНД ХҮРЭЭД БНА,,ЭРХЭМ ТА 14-р ЗУУНААС ӨМНӨХ ЭРТНИЙ ОЛДВОРУУДЫГ ОДООГИЙН МОНГОЛ,МАНЖ,КАЗАХИЙН ҮНДЭСНИЙХ НЬ СОЁЛ АХУЙТАЙ НЬ ХАРЦУУЛААД ҮЗЭЭРЭЙ МАШ СОНИН ДҮГНЭЛТ ГАРНА