ЕВРОП АЯЛАГЧ ХИЙГЭЭД ТОРГУУДЫН АЛДАГДСАН ШҮТЭЭНИЙ ГУНИГТ ТҮҮХ

Саяхан манайд Данийн иргэн аялагч, судлаач, Хеннинг Хаслунд Кристенсений “Заяа тавилан. Монгол хүн ба Бурхад” ном (2013) монгол хэлнээ гарав. Энэ хүнийг манай олон түүхчид монголд элэгтэй гэж дүгнэнэ. Харин би эсрэгээр новш гэж хэлнэ. Энэ тухай өгүүлсү…
Барууны аялагч
XIX-ХХ зууны заагаар Монголд барууны аялагчид дүүрсэн бөгөөд тэднийг бүгдээрээ сайн санаат хүмүүс байсан гэвэл их эндүүрэл болно. Тэр үеийн барууны аялагчид бол барууны колоничлолын өмнөтгөл, шинжлэх ухааны тагнуул, стратегийг тодорхойлогчид байсан. Тэд газрын зураг гаргаж, байгаль, амьтан, хөрс, ашигт малтмалын илэрц зэрэг бүх юмыг судалдаг байсан. Мөн тэд “шинэ юм” олж европын чихийг дэлдийлгэхийн төлөө амь насаа ч үл хайрлах шинжлэх ухааны хэнээтнүүд байсан.
Эдгээр аялагчдын хүмүүн бусын эр зориг, тэсгэл тэвчээрийн ачаар шинжлэх ухааны олон нээлт хийж, цагаан толбо болж байсан олон газар орон нээгдэж, дэлхий дахиныг танин мэдэхүйд хувьсгал гарсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ л тэд ид хүчээ авч байсан империалист европ иргэншлийн үр хүүхдүүд учраас тухайн газар орны ёс заншил, соёл, ард түмнийг огт тоодоггүй буюу дорд үздэг байсан. Хэрэв хүндэтгэж байвал зөвхөн шинжлэх ухааны судлах объект байдлаар л үздэг байсан. Өөрөөр хэлбэл бусад хүмүүс, ард түмнийг тэд туршлагын амьтан шиг л үздэг байсан.
Тэдний нэг нь Ази тив дэх судалгаагаараа дэлхийд нэрд гарсан шведийн эрдэмтэн Свен Гедин юм. Тэрээр Гитлерийг бишрэн шүтдэг, нөгөөх нь Свенийг залуу үеийнхээ найз гэдэг байсан юм. Фашизмын үед еврей нарыг хядахад Свен Гедин Гитлерийн тушаалаар амьд үлдсэн юм. Энэхүү Свен Гединий 1929 онд Монгол нутгаар хийсэн экспепицид энд дурдаж буй дани гаралт Хеннинг Хаслунд Кристенсен орсон хэрэг. Тэр аяллын бүрэлдэхүүнд угсаатны зүйчээр оролцож, зарим салбарыг удирдаж байжээ.
Торгууд нутагт
Бүгдээрээ мэдэж байгаа хойно энд би уг аяллын тухай ярихгүй. Харин Хеннинг Хаслунд Кристенсен үндсэн экспедицээсээ салж торгуудын нутаг хэдэн сард болсон тухай өгүүлнэ. Тэрээр 1929 онд Зулас гэдэг газарт буй торгуудын нутагт орж иржээ. Энэ нь одоогоор манай Алтайн цаад, Хятадын Шинжаан-Уйгарын нутгийн зааг юм. Товчоор бол манай Алтайн цаадах 3 сумын залгаа нутаг гэсэн үг л дээ. Тэнд торгуудын сүүлчийн хан Сэнчин богд, түүний нүүдлийн бэсрэг өргөө нийслэл оршдог байв.
Хаслунд энд антропологийн хэмжилт хийх, угсаатны зүйн судалгаа хийх, хамгийн гол нь эд өлгийн зүйл цуглуулах зорилготой очсон нь илт байна. Түүний номноос энэ нь илт харагдана. Ар Монголд ардын засаг мандаж, Хятадад үймж бужигнаж байвч захиргаагаа тэлж, казакын дээрэмчид үймүүлж эхэлсэн ихээхэн хүнд нөхцөлд торгууд түмэн оршин байлаа. Тэд хэлбэрийн төдий хятадын мэдэлд байсан ч бие даан оршин тогтнохыг чадлынхаа хэрээр хичээж эл байдлаа нэр төртэй хамгаалж чадаж байсан юм. Торгуудыг угсаа залгамжлах ноён насанд хүрээгүй учраас аавынх нь дүү, язгуур угсаат Сэнчин гэгээн тэднийг захирч байсан юм. Тэр язгуур угсаатай, уламжлалаа хүндэтгэдэг ч европ соёлыг дагадаг, хэт гэнэн нэгэн байжээ.
Хеннинг Хаслунд Сэнчин гэгээнтэй танилцан тэр дороо л түүний бүрэн итгэлийг олсон байна. Ингээд тэр монголчуудын нүүр амыг хэмжих, дуу авиаг пянзны аппаратад бичих, ном судар цуглуулах зэрэг олон ажил хийжээ. Дашрамд дурдахад Хеннинг Хаслунд 60 орчим торгууд дуу пянзны аппаратад бичиж авсан гэж тэмдэглэсэн байгаа. Үүнийг манай урлаг судлаачид хайж олбол урлагийн асар их үнэ цэнэтэй өв сангаа олж болох юм. Байж л байгаа даа…
Хеннинг Хаслунд Сэнчин лам болон түүний бараа бологч торгуудын дээдэс, лам, ардуудтай бараг өдөр болгон олон цагаар ярьдаг байжээ. Ярьдаг биш, яриулдаг байжээ гэвэл илүү дүйх байх. Гэнэн цайлган монголчууд үүх түүхээсээ аваад бурхан шүтээнийхээ тухай бүх юмыг түүнд ярьж золтой л гэдэс дотроо уудлаад өгчихсөнгүй. Энэ нь Хеннинг Хаслундыг бүр давруулжээ.
Торгуудын шүтээн
Хаслундын номд торгуудын шүтээний талаар ийн өгүүлнэ:
“Гэр сүмийг гэгээнтний орд гэнэ. Сэнчин гэгээнтнийг ийш тийш залрахад тахилч лам нар гэр сүмээ аваад дагаж явдаг болой. Эдгээр сүмийн хамгийн том бурхан нь Майдар, торгуудын эзний гол шүтээн, ирээдүй цагийн Бурхан. Шүтээний зүүн гар талд захирагч Сэнчин гэгээн бурхны хувилгаан дүрийн хувиар мөргөлчдийг хүлээн авахдаа залардаг, дээрээ лавир бүхий гэгээний сэнтий байрлах авай. Гэгээнтний сэнтийн өмнө гоё сайхан сийлбэртэй, дэгжин сайхан шунхалсан явган ширээ байх бөгөөд түүн дээр хутагтын ариун номын зэмсэг байх ажээ. Гэрийн зүүн талд нэгэн алтадмал хүрээтэй, улаан шунхан хээтэй явуулын ор (fritsche) байх бөгөөд Сэнчин гэгээнтэн аянд явах үедээ энэ оронд дээр нойрсдог ажээ. Гэрийн дотор тал хөх, улаан торгон хөшигтэй, унинаас нь бадам, дарцаг, шашныг хамгаалагч догшдын дүр бүхий дэлгэмэл бурхад өлгөөтэй байх ажээ. Бурхан тахилын эд зүйлс зулын сүүмгэр гэрэлд гялалзаж, гэрийн доторхи бүүдгэр харанхуйд улаан шаргал гэрэл Азийн ер бусын ариун дагшин байдлыг бий болгох ажээ”.
Ийм сайхан зүйл хармагцаа л “ийм нэгэн ариун нандин зүйлийг наран жаргахын оронд аваачихсан гэсэн бодол миний сэтгэлд зурсхийлээ” гэж Хеннинг Хаслунд Кристенсен номондоо бичиж байна. Тэгээд “Ийм нэгэн зүйл аваачих аваас аливаа ном, зураг, орчноосоо тасархай, ямар нэг зүйлийг музейд тавихаар аваачсанаас түмэнтээ илүү Монгол орны зүрхний халуун лугшилтыг мэдрүүлэх биет зүйл болох билээ” гэж үнэн санаагаа тэр хэлсэн юм.
Энэ бол үнэхээр зэвүүн дүгнэлт юм. Европчууд өмнө нь ганц нэг буюу хэсэг бусаг эд өлгийн зүйл Европдоо аваачдаг байсан бол одоо бүхэл бүтэн цогцолбороор нь зөөж аваачих чөтгөрийн санааг Хаслунд Кристенсен бодож олж байна. Тэр үнэхээр өөрийнх нь хэлснээр монголын торгуудуудын “зүрхний халуун лугшилтыг” аваад алга болсон юм.
Цайлган нь дэндсэн монголчууд
Ингээд Хаслунд маш яаран уул ус даван байж төв экспедици дээрээ ирж Свен Гединтэй уулзав. Чингэхдээ “хүн олонтой газраар аль болох оролгүй”, “торгууд цэргээр хамгаалуулан” 5 хоног явсан байгаа юм. Ингээд тэр ийн бичиж байна: “Би торгуудын гэр сүмд очсоноос хойш толгойд минь эргэлдэх болсноо Свен Гединд танилцуулав. Энэ бол ийм нэгэн ариун шүтээнийг Экспедицийн цуглуулганд олж авах явдал ! Миний аз дайрахад дарга миний саналыг төсөөлж байсанчлан баяртай гэгчээр зөвшөөрөн хүлээж авав.”
Ингээд Хаслунд “овоо их мөнгөтэй” болсон ба “хэрэвзээ Сэнчин гэгээнтэн зөвшөөрөх юм бол тэдний уран дархчуудаар гэр сүмийг доторхи бүрэн хэрэгслийн хамтаар дууриалган хийлгэж ирэх зөвшөөрөл авав. Мөн торгуудын захирагч Сэнчин гэгээнд хандсан захиаг англи, монгол хэлээр бичиж, “аль болох өндөр сэтгэгдэл төрүүлэхийн тулд олдох бүх тамга, дардсаар баталгаажуулав”.
Энэ өгүүлбэр монголд хайртай гэж байнга хэлдэг хүний амнаас гарсан гэхэд тун ч зэвүүн сонсогдож байгаа биз. Новшийн европ зан нь энд ёстойгоосоо ил гарч байна. Энэ хооронд Хаслунд монголчуудын итгэлийг олж аль хэдийн Арслан гэдэг монгол нэртэй болсон байсан юм.
Захидлыг бараг л Шведийн хааны нэрийн өмнөөс бичих шахжээ. Үүнийгээ Хаслунд номондоо хавсаргасан байгаа. Агуулга нь Шведийн хааны үнэнч албат Арсланд бүх талаар туслана уу…
Ийм захидал, мөнгө өвөртөлсөн Хаслунд торгууд нутаг ахин ирэв. Мөн бэлэг бэлтгэв. Энэ бэлэг нь: Экспедицийнхэн аялалд гарахынхаа өмнө Бээжинд Ванчин Богдтой хамт татуулсан нэг ширхэг фото зураг, Эриксон фирмийн хоёр ширхэг телефон аппарат. Ингээд л болоо…
Буцах замд нь торгуудын баг цэрэг Хаслундыг хамгаалж, бас л хүнгүй газраар явуулсан боловч манай Алтайн ууланд цасан шуурга шуурч тэд төөрч үхэхээ шахсан гэдэг. Одоо бодоход эх нутаг маань ч гэсэн болох гэж буй явдлыг зөгнөн мэдсэн мэт байжээ…Тэд осгож үхсэн хүний шарилтай ч тааралдаж, “торгуудууд эрлэг Номун хаан Ямаг аргадан мөргөл үйлдэж байв” Хаслунд бичиж байна. Ингэж арай гэж Тэхийн давааг давжээ.
Шведийн хааны захидал уншсан Сэнчин захирагч Хаслундыг тэр дор нь “консул” болгов. Тэр Өрөмчид Оросын консултай уулзаж үзсэн болохоороо албаны гадаад хүний ингэдэг юм байна гэж ойлгосон бололтой. Маргааш нь “консул” бол монголоор “тайж” гэдэг юм гээд Хаслундад ёслолын хувцас олгожээ. Гэр сүмийг дуурайлган хийх асуудалд ” ямар ч саадгүй” гэсэн хариу өгсөн байна.
Ингээд гэр сүмийн бүх зүйлийг дуурайлган хийх ажил уран дархчуул, уран оёдолчид, хатгамалчдыг оруулжээ. “Тайж” Хаслунд ч яахав, хоёр телефоноо хооронд нь холбож, монголчуудын толгойг эргүүлэх ажлыг чадамгай хийв. Монголчууд их хөөрч баярласан гэнэ…
Хаслун ийн бичиж байна: “Бүсгүйчүүд гялалзан гялтганасан торго, дарайсан гэрэлтсэн хоргойг эсгэн бэлэгдлийн хээ дүрс болгон, оёж хатгаж, гарын уртай лам нар сүмийн туг, бадам, хийморийн дарцаг, зурж, захирагчийн дархцуул зэс, мөнгөн данх, домбо, тахил, цөгц хийж байлаа. Юм нэг бүрийг нямбайлан хийж урлаж байлаа. Гар урчуудын хичээл зүтгэл хэлсэн үнэ хөлсөнд нийцэж байгааг ярих юм байхгүй.”
Энд Хаслундын шинжлэх ухаан алга болж, үнэ хөлсний асуудал болж байгааг бид харж байна. Хаслундын шуналын сэтгэл үүгээр ханасангүй. Ингээд тэр ийн бодох болов:
“Гэлээ ч гэсэн “Гэгээний шинэ орд” миний урмыг хугалж эхэллээ. Дуурайлган хийж байгаа бүхэн жинхэнэ эхийнхээ мөнгөөр төлж баршгүй их үнэ цэнийн хаана ч хүрэхгүй санагдлаа. Бэлгэдлийн зургийн бийрний тод зураасанд улирах цагийн аясаар хүний гарын дулаанаар зүлгэгдэн бий болох илч дулаан дутагдаж байна. Дархны давтаж хийсэн металл хэрэгслийг шүтлэгтэн хүн нэг ч удаа илж үзээгүй ажээ. Арц хүжний анхилам үнэр, зулын дөлний дулаан илч, шүтлэгтэн хүний залбирлын аль аль нь энэ бүхнийг дамжуулж амжаагүй байна. Сүм маань захын хямд үнэтэй бараа шиг л харагдана. Жинхэнэ эх сүм нь гүн гүнзгий утга учиртай бол энэ хуулбар дэргэд нь зүгээр л нэг хүйт даасан, нүцгэн зүйл ажээ”
Хаслунд ахин нэг чөтгөрийн санаа бодож олов:
“Гэтэл энэ дуурайлган хийсэн юмны оронд нөгөө жинхэнэ шүтээн болсон сүмийг авах нэгэн ухаалаг бодол надад төрөв.” Тэр энэ санаагаа маш дотно болсон Лодон, Лирүв хоёр ламд хэлтэл тэд: “Энэ бол бүтэшгүй зүйл. Энэ шашинд хамаагүй хүн энэ гэр сүмийг гадагш гаргаж ламын ертөнцөөс өөр улсад аваачих байтугай хавьтаж ч болохгүй” гэсэн хариу өгчээ. Гэтэл Хаслунд чөтгөрийн санаагаа орхисонгүй. Энэ хооронд ямар нэг үйл явдал болсон бололтой. Миний хардаж байгаагаар Хаслунд лам дээдсийн дундаас цөөн хэдэн хүнийг өөрт байсан мөнгөөрөө хахуульдсан бололтой. Хаслунд өөрийн биед байдаг мэнгээ Сэнчин гэгээнийхтэй төстэй байгааг лам нарт “ойлгуулсан” байна. Ингээд лам нарын төлгөөр Хаслунд, Сэнчин гэгээн хоёр “заяа тавилангаараа” холбоотой” болж таарчээ. Энийг адгийн луйвар гэхээс өөр юу гэх юм ?! Ямар ч байсан тэд Сэнчин гэгээнд нөлөө үзүүлж чаджээ. Ингээд нэгэн өдөр Сэнчин гэгээн Хаслундад ийн хэлжээ:
“Чи манай сүмийн хуулбарыг наран жаргах зүгийн орондоо аваачих хэрэггүй. Түүний үнэ нь түүнд орсон төмөр, бараа, үйл ажиллагааны хөлсөөр л тодорхойлогдоно. Чи жинхэнэ сүншиглэсэн сүмийг аваачих болно. Тэр сүмийн бурхан л хүн ардад хамгийн сайхан сэтгэгдлийг түгээнэ. Ертөнц дэлхий мөнгөөр үл хэмжээлэх үнэтэй тэр гэр шүтээнийг чи аваачих болно. Сэнчин гэгээн Дорж хан миний бэлэг, Буддагийн бурхны хийгээд тал нутгийн нүүдэлчин түмний элч болсон гэр сүмийг чи Шведийн хаан, ирээдүй нэгэн цагт Банчин Богдын хувилгаан тодрох ёстой тэр ард түмэнд аваачиж өгөх болно” гэжээ.
Үүнийгээ Хаслунд новш “заяа тавилан” гэж нэрлэсэн юм. Би бол торгуудуудын “заяа нь хаясан” гэж хэлнэ…
Торгуудын бүх шүтээн Ванчин ламын 1 ш фото зураг, 2 ш телефон аппаратын үнэтэй аж…
Үдэн гаргалт
Хаслундыг үдэн гаргах гэж бөөн юм болжээ. Үнэн хэрэг дээрээ Хаслундыг биш, олон мянган жил олон үеэрээ амь насаараа дэнчин тавьж шүтэж, хамгаалж ирсэн шүтээнээ торгуудууд үдсэн юм. Энийгээ олон хүн мэдсэн мэт байдаг…
Хаслундад гэгээний туслагч өвгөн маш эртний хуучин цагийн хүрдээ бэлэглэв. Лувсан гэлэн мөнгөн шигтгээтэй гуу бэлэглэв. Сэнчин гэгээн өөрөө Убаши хунтайжийн үеийн бууг гарын бэлэг болгон өгөв. Зөвхөн энэ бэлэг гэхэд авдар, богц, ачаатай 10 морь болсон юм.
Үй түмэн зовлон бэрхшээл үзэж, ямар ч харь дайсны өмнө өвдөг сөгдөж үзээгүй торгууд монголчууд ганцхан муу луйварчинд удам судраараа, хотол олноороо хулхидуулах нь энэ...
Харин гэр сүм бол хятадуудад мэдэгдэхгүй нууц замаар торгууд цэргийн хамгаалалт дор өөр замаар явав. Хаслунд Өрөмчид ирмэгцээ Стокхольмтой холбоо барихад “нэн яаралтай усан онгоцонд ачуул” гэсэн зааварчлага өгчээ. Хэд хоногийн дараа хорин тэмээ дүүртэл ачсан торгуудын гэр шүтээн Хаслундын араас ирэх нь тэр. Ингээд торгууд 4 лам шүтээнтэйгээ сүүлчийн удаа салах ёс хийж, таван өдөр шөнө ном уншсан гэдэг. Мянган ном уншаад яахав дээ…Торгуудуудыг чөтгөр шулам хатгана гэдэг л болсон байх. Яаж ухаанд нь ухна үхэхээр бурхан шүтээнээ бүрэн бүтнээр нь уулзаад хэдхэн сар болсон харийн хүнд өгөөд явуулж болдог байна аа. Гайхаад харамсаад ч баршгүй…
Үүний дараа шүтээн усан онгоцоор дамжин Европ хүрч эдүгээ Шведийн Хааны Ордны музейд үүрд байх болсон бөлгөө…
Шүтээнгүй торгуудууд
1932 онд казакууд үймээн дэгдээжээ. Хятадууд Сэнчин гэгээнийг казакуудтай хамтарч тэмцэхийг урьж зөвлөлдөе гэжээ. Тэрээр цэргийн бүх дарга, том ноёдоо дагуулан Өрөмчид очжээ. Эхний өдөр нь сайхан дайлжээ. Маргааш нь бүгдээрээ цайгаа ууж суутал бүгдийг нь буудан алжээ. Алах алахдаа араас нь шүү…
Уг нь торгууд эрчүүд дандаа урагшаа дайсан руугаа харж үхдэг билээ. Шүтээн нь тэднийг харсангүй. Харсангүй ч гэж дээ, байхгүй юм чинь…
Төгсгөлийн оронд
Манай түүхч болон судлаачид гадаад судлаач, аялагчдын номыг зохиолыг орчуулан хэвлэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ Монгол хайртай гэж бичсэн болгоныг магтан дуулаад байх утгагүй. Хаслунд болон Свен Гединийг манайхан мэдэхгүй байж магтана гэж жигтэйхэн. Монголд хайртай гэж бичсэн болгон хайртай байдаггүй. Үүнийг бид Хаслундын “Заяа тавилан. Хүн ба Бурхад” номноос тодорхой харж байна. Хаслунд шиг ичих нүүргүй, хайрлах сэтгэлгүй, шуналдаа автсан, гаднаа инээсэн, түрэмгий аялагч, эрдэмтэд одоо ч үй түмээрээ байгаа гэдгийг сануулан хэлэх нь монгол судлаач миний үүрэг юм.
Хаслунд номынхоо хуудас болгонд шахам монголчуудыг магтан, хайртай гэж хэлнэ. Үүнийг нь уншсан монголын түүхч, судлаачид ихэд баярлан хөөрөх. Монголын түүхч, судлаачид ном уншиж, хүн таньж сурах хэрэгтэй л дээ. Нээрээ шүү. Хэрэв гадаадыг мухар сохроор дагалгүй энэ мэтийг харж чадвал монгол судлаач гэдэг юм…
Одоо ч гэсэн үүнтэй төстэй үзэгдэл манай бүх салбарт түгээмэл байгааг би маш олон жишээгээр нотолж чадна. Бид 100 жилийн өмнө гэнэн тэнэг байсан бол одоо шуналтай тэнэг болсон ганцхан ялгаатай гэсэн дүгнэлтийг би бүрэн итгэлтэйгээр хийж байна. Тиймээс язгуур үндэс, эх түүхээ аминаасаа илүү хайрлаж, сонор сэрэмжтэй бай. Учир нь үндэс язгуур бол бид өөрсдөө юм…
Давхар давхар ууландаа
Дангийн будан татна даа…
Далай их торгууд нутаг
Дандаа л мандаа л санагдана даа…
Энэ сүрлэг бөгөөд гунигт дуу зөвхөн мах цусны тасархай торгуудуудад маань хамаатай биш л дээ. Монголчууд бүгдээрээ энэ гайхамшигт дууг дуулах болгондоо энэ явдлыг санаж явах ёстой…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 09 дүгээр сарын 24.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

23 Responses to ЕВРОП АЯЛАГЧ ХИЙГЭЭД ТОРГУУДЫН АЛДАГДСАН ШҮТЭЭНИЙ ГУНИГТ ТҮҮХ

  1. Erdenee says:

    Сонсоогүй түүх байна. Би ээж аавын 2 талаасаа торгууд хүн. Өнөөдрөөс өнгөрснийг шүүгээд яахав. Ухаан дутаж л гэхээс. Гэхдээ хойшдоо энийг анхаарах ёстой. Гэснээс Өрөмчийн музейд бас торгууд ноёны тамга байдаг юм билээ. Хараад нулимс дуслуулахаас өөр юм хийж чадах биш дээ. Өрөмч ч тэгээд угаасаа л өөлд торгуудын нутаг байсан газар л даа

  2. Хөөрхийдөө. Шинжааны торгуудуудтай их л нөхөрлөж байлаа. Монголыг 3 нугалах үндсэрхэг хүмүүс, гэхдээ итгэмтгий гэдэг нь дэндсэн санагдсан.

  3. sainaa says:

    Урамтай сайхан өгүүлэл байлаа. Баярлалаа.

    ХҮН ТАНИХ чухлыг бас нэгээр сэдрээж өгөв.

  4. Бүргэд says:

    одооны луйварчид үүнээс их хохирол гаргаж байгаа……Ер нь 90 оноос хойш бүх сайд нар Монгол Улсад дандаа л хоноцын сэтгэлээр хандаж байгаа…

  5. S.miigaa47@gmail.com says:

    Damdinii Sukhbaatar gej hunii ug garal. Udam sudriin talaar medex zuilee bichbel ih sonirholtoi sanagdaj bn.

  6. BBold says:

    1624 онд одоогийн Нью-Йорк хот байрлаж байгаа бүхэл бүтэн Манхэттен хагас арлыг голландын нэг хурандаа 24-хан долларын хүзүүний шилэн зүүлтээр сольж авсан гэж өнөөгийн америкууд зүтгэдэг. Харин энэ нутгийн унаган эзэд Делавер овгийн ахлагч голландчуудыг түр буудаллаж өвөл өнгөрөөхийг л зөвшөөрч 24 долларын үнэтэй шилэн зүүлтийг нь гарын бэлэг гэж авсан гэж гэрээслэж үлдээсэн байдаг. Өнөөдөр тэд Оюу-Толгойг тэд ингэж л ийм харьцаагаар биднээс авч байгаа. Ийм хандлага бол барууны баян тансаг байгаагийн нэг үндэс юм. Гэнэн гэдэг бол тэнэглэлийг соёлтойгоор хэлж байгаа хэрэг. Үүнийг манай хулгайчид-неолибералчид шударга, хөрөнгө оруулалт гэж улаам цайм мэлзэж мурьж бгаа. Аймхай аминчхан арчаагүй байдал маань биднийг мөхөөх вий дээ…….

  7. tsogt says:

    Orosuudin expedition yamar baisin bol yumig heterhuu neg talaas ni harah yumaa ta

    • Ганаа says:

      Оросын экспедицийн талаар үй түмэн юм үй түмэн хүн бичсэн. Хүн бүхний мэдэж байгаа юмыг давтан бичих утгагүй. Би Монголчуудын сайн мэддэггүй, шинэ мэдээллийг л хүргэсэн. Би ийм л зарчим барьсан. Чи харин утгагүй, боломжгүй юм надаас шаардаж усан тэнэгээ нотлох хэрэггүй. Чи хэдийдээ 3 хуудас бүхий нэг сэдэвт бүхнийг багтаадаг хүн харсийм ?! Чи яаж ч хичээгээд надаас системийн алдаа олж чадахгүй…

  8. bi says:

    mash gunigtai tuuh bn er ni iim tuuh mongolchuudad ih bdag um shigee tsagaan tsailgan setgeltei shudraga unench baidlaa bid oorsdodoo l gargamaar

  9. bi says:

    odoogiin horongo oruulagch gm eoson joriin humuus dotor ch iimerhuu humuus bgaa gedgiig tuuheer oilguulj ogchee

  10. regzen says:

    Монголын түүхийн энд тэндээс алдаг оног унших тутам зүрх өвдөх юм. Үүнийг зөв болгож хойт үедээ хэлэх Монголын төлөө зүрхтэй хүн даанч цөөн эх орноо худалдаж харийн занганд орогч нь даанч олон аж. Танд баярлалаа

  11. Khaltar says:

    Өөр хоорондоо өрсөлдөж арцалдахдаа сайн мөртлөө гадны хулхи шуналтнууд жаахан мөнгө амлавал юугаа ч өгөхөд бэлэн шуналтай тэнэгүүд тун олон байна даа. Сургамжтай сайхан зүйлийг судалж бичсэнд баярлалаа.

    • Badral says:

      Niitlelees harahad mongo amlah ch hereg garaagui bololtoi. Genen tenegiin ulger boljee.

  12. Nomio says:

    Хеннинг Хаслундын цуглуулсан 60 орчим торгууд дуу пянзны цуглуулга Данийн нийслэл Копенхагэний Үндэсний музэйд байдаг гэсэн мэдээлэл оллоо. Очиж шалгаж үзээд байвал таньд хэлнээ.

    • Ганаа says:

      Наад мэдээлэл чинь Хаслундын энд дурдсан номонд угаасаа байгаа. Түүнчлэн энэ номонд торгууд дууны хэд хэдэн нот байгаа. Би мартаагүй бол 10 орчим дуу байсан санагдана. Манай уран бүтээлчид сэргээж дуулбал сайхан аа…

  13. Anonymous says:

    ene bol uneen iimdee l bidniig buduuleg soyolgui gej yaridag. usa bolon europiin soyol ni amid jisheegeeree baina duu

  14. Nimka says:

    Surgamj tuuhee uneneer ni medej avah yumsan

  15. Anonymous says:

    Oiriin yed Shvedees avah heregteim bnadaa. Avah bolomj bii yu

  16. kaab says:

    bolomj bl bgaa l bh daan ch araas n huutsulduud ywah hurungu mungut setgelt hun howordoo

  17. bat says:

    hariin hvmvvs bol yu gdg ni todorhoi.bid hicheeh heregtei yumdaa…

  18. Agi says:

    Americuud oorsdoo Alaskiin hoigiig 80 han cent eer orosoos hudaldaj avsan baidag biz dee

  19. Галдан says:

    Ард түмнийхээ нэгэн чухал түүхийг энэ номноос анх уншаад Хенинг Хаслундыг хүндэтгэж билээ. Гэхдээ Сэнгэчин гэгээнийг тэрхүү гэр сүмээ өгөөд явуулахад басхүү гайхаж байсан билээ. Тэр нэгэн өдөр Хаслундыг Сэнгэчин гэгээнд итгүүлэх тэрхүү ёслолыг (гарыг нь түлсэн гэж Хаслунд номондоо бичсэн) хийснээс хойш басхшш өвөг дээдсийнхээ нэгэг адилаар итгэж билээ. Цолтос дахь тэр үеийн торгуудчууд үнэхээр тухайн үедээ хүчирхэг байсан, Сэнгэчин гэгээн маш олон зөв бодлогуудыг явуулж байсаныг басхүү олж мэдсэн ба Европын өндөр хөгжилт орны техник, технологи, зэр зэвсгийн хүчээр тусгаар тогтнолоо олж авч чадна гэсэн бодол дээр нь Хаслунд тоглосон ажээ. Үнэхээр л гэнэн ард түмэн юмдаа бидний торгуудчууд. Тэр үеийн хятадууд торгуудчуудыг шууд дарангуйлж чадахгүй байсан нь торгуудчууд доны хасаг морин цэргийн зохион байгуулалт, зэвсэглэлтэй шилдэг морин цэрэгтэй байсан ба Сэнгэчин гэгээн “Дорнод туркестан даяар манай цэрэг хамгийн шилдэг нь” гэж хэлсэн байдаг. Хятадуудын урилгад бүх ноёдоо дагуулан хамгаалтандаа морин цэргээ авч очилгүй тийнхүү ар талаасаа толгой руугаа буудуулж үхсэн гэдгийг Ниржидмаа Хаслундад хэлсэн байдаг. Магадгүй шүтээн нь хаясан гэж хэлж болох юм. Гэхдээ л нөгөө гэнэн зан маань шүү дээ бидний. Юу ч гэхэв дээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: