ЭСЕРҮҮДИЙН ХУВЬ ТАВИЛАН…

Бидний олонхи “эсер” гэж олонтаа сонссон байх. Харин залуучуудын олонхи нь огт мэдэхгүй ч байж магад. Эсер гэдэг бол “социалист-революционер” буюу “социал (ист)-хувьсгалчид” гэсэн үгийн товчлол бөгөөд ийм нэртэй нам Орост байсан юм. Манайхаар бол “нийгмийн шинэчлэл” гэж орчуулж бүрнээ болно. За тэгээд тэр нь нэг иймэрхүү түүхтэй…
Эсер онол
Н. Г. Чернышевский, П. Л. Лавров, Н. К. Михайловский нарын онолын бүтээлд тулгуурлан эсер намын түүх-гүн ухааны бясалгал үүссэн юм. 1906 онд болсон анхдугаар их хурлаараа программаа баталжээ. Намын гол онолч нь В.М. Чернов гэгч байлаа.
Үзэл онолын хувьд эсерүүд хуучны народничество үзлийг шууд баримталж байв. Энэ үгийг монголд социализмын үед ч орчуулж байгаагүй. Гэхдээ үүнийг үндэсний ардчилсан гэвэл илүү ононо гэж бодож байна. Үзэл санааных нь гол агуулга Орос орныг капиталист бус хөгжлийн замаар социализмд хүргэх явдал байсан юм. Эсер үзэл бол ардчилсан социализмын туйлширсан нэг л хувилбар гэж түүхчид болон онолчид санал нэгтэй үздэг. Монголд л “баруун” болгочихгүй бол тэр шүү дээ…
Тэд үйлдвэрчний эвлэл (манайхаар бол Ц.Ганбаатар ч юм уу), хоршооллын холбоод (манайхаар бол том компаниуд), ингээд хамгийн эцэст нь “зохион байгуулалттай” (?!) иргэдэд түшиглэн нөгөө социализмаа байгуулна гэдэгт үзэл санааны хувьд итгэж байсан.
Өөр нэг онцлог нь газар тариаланг нийгэмшүүлэх онолтой байсан бөгөөд энэ нь дэлхийн социалист сэтгэлгээний сан хөмрөгт орсон юм. Хувьсгалыг хөдөөнөөс, чингэхдээ газрыг нийгэмчлэхээс эхлэнэ гэсэн хэрэг л дээ. Дараа нь тэгшитгэсэн хөдөлмөрийг ашиглана гэж тов тодорхой заасан нь буй. Энэ нь эсерийн минимум программ болно.
Харин максимум буюу улс төрийн программ нь бусад намуудтайгаа адилхан л социализм байгуулахад чиглэнэ.
Хувьсгалаас өмнөх түүх
Эсерүүд Оросын бусад намын адил дугүйлангаас л ажлаа эхэлсэн. Ингээд 1901 онд “Эсерүүдийн холбоо” байгуулав. (манайхаар бол ардчилсан социалист залуучуудын холбоо юм уу даа) 1902 онд Дотоод яамны сайд Д.С.Сипягины амь насанд халдах оролдлого хийв. (манайхаар бол Ц.Нямдорж хавьцаа л болов уу)
1905-1906 онд муудалцаан эхэлж, Ардын Социалистуудын Нам, Социал-Хувьсгалч- Максималистуудын нам болж салжээ. Ингээд эсерүүд цэрэгжсэн нууц байгууллага байгуулж, терроризм үйлдэх болжээ. Тэд зөвхөн 1905-1907 оны хооронд 233 халдлага үйлдэж, түүний дотор 2 сайд, 33 губернатор, 7 генерал, тэр ч байтугай хааны ахыг алсан үлэмжийн “гавъяа” байгуулжээ.
Яг л Ленинтэй адил Төрийн Думын удаа дараагийн сонгууль, хуралдааныг бойкотолж байжээ. Дэлхийн I дайны үед энэ нам төвийн болон интернацианалч гэсэн хоёр урсгалд дахин хуваагджээ. “Интернационалч” хэсэг нь “зүүн эсер” хэмээх жигүүрт нэгдэж, хожим нь М. А. Спиридоновагийн хамт коммунистуудтай нэгджээ. (манайхаар бол дэд сайд Ц.Цолмонтой дүйнэ байх, гэхдээ тэр бүсгүй их төлөв түвшин амьдралтай байсан гэдэг)
1917 оны эсер
1917 оны хувьсгалуудад эсерүүд хамгийн идэвхитэй оролцсон юм. Тэд 1917 онд 1 сая гаруй гишүүнтэй болсон учраас ингэхээс ч өөр арга байгаагүй байх.
Эсерүүд Эвслийн Хамтарсан Засгийн газарт (манайхаар бол “тэр чигт” нь л орчуулж таарна байх) орж ихээхэн суудал авчээ. Ухаандаа Түр Засгийн Газрын хууль зүйн сайд, цэргийн сайд, хожим нь Ерөнхий сайд болсон А.Ф.Керенский, хөдөө аж ахуйн сайд В.М.Чернов, Дотоод хэргийн сайд Н.Д.Авксентьев нарыг онцлон дурдаж болно. Хожим нь “зүүн” эсерүүд Октябрийн хувьсгал хийхэд идэвхийлэн оролцож, Улаан армийг байгуулалцаж байсан. Ингэлээ ч гэсэн тэднийг хэн ч өршөөгөөгүй юм.
Нэг намт диктатурын үед
Ленин “багшийн” коммунист нам дэргэдээ улс төрийн ийм том хүчийг байлгаад байна гэдэг ёстой “номонд хазгай” учраас 1918 онд “баруун эсер”-үүдийг бүх шатны Зөвлөлүүдээс хөөж орхижээ. (манайхаар бол УИХ-аас эхлээд бүх шатны хурал юм уу даа) Үлдсэн “зүүн эсер” нь бослого мослого ч гаргаж үзэж, тэгээд ч барсангүй…
Ингээд 1921 он гэхэд Эсер нам оршин тогтохоо больжээ. Удирдах бүрэлдэхүүний зарим нь алагдаж, зарим нь “сайн дураараа” намаасаа гарч, зарим нь гадаадад дүрвэжээ. Үлдсэн нь мэдээж хэрэг оросын шоронгуудыг дүүргэжээ. 1922 онд “баруун эсер-ийн удирдагч 20 шахам хүнд нөхцөлт байдлаар цаазаар авах ял оноожээ. Энд Лениний амь насанд халдсан хэрэг их том байр суурь эзэлсэн нь мэдээжийн хэрэг. Ингээд шоронд “хонь” болоод ирэхийн үед бүгдийг нь суллажээ. II Интернационал өмөөрсөн тулдаа л ингэж “азтай” үлдсэн байх. Чингэхдээ 1923 онд маш нарийн хяналтын дор тэднээр “санаачлагчдын хэсэг” байгуулж намаа тараах шийдвэрийг “өөрсдөөр” нь гаргуулжээ. Цаашаагаа бол нөгөө аймшигт 1937 он болсноор Орост нэг ч эсер үлдээгүй юм. (манайхаар бол Н.Энхбаярын “ардчилсан социалист” нэртэй “эсер” шинэчлэлтийн үед олон сайхан залуус амь насаа алдсантай дүйцүүлэн үзэж болох байх)
Энэ ч яахав Оросын түүх. Гэтэл манайд сүүлийн үед “нийгмийн шинэчлэл” гээд энд тэндгүй орилох болж. Үүнийг монгол хэлэнд хоёр утгаар буулгадаг. Дашрамд дурдахад манай нийгмийн шинжлэх ухааны ихэнхи нэр томъёо оросоос “гаралтай” байдаг. Нэг дэх нь утга нь “общественный”. Энэ нь нийт нийгмийг бүхэлд нь заах бөгөөд дээрээс нь “шинэчлэл” гээд нэмчихээр энэ утга нь гарцаагүй “эсер хувьсгалч” болно. Удаах утга нь “социал”. Энэ нь нийгэм доторхи үй түмэн харилцааг илэрхийлнэ. Ингэвэл хэрэлдсэн авгай, нөхрийг эвлэрүүлэх, эсвэл гараа сайн угаах, хог үл хаях, “зөв хүмүүжих” гэх мэтийн үй түмэн “ажил” хийж болно. Хэдийгээр буруу биш боловч Туул голыг цэвэрлэх ч энд хамаарна. Энэ тохиолдолд улс төрийн байгууллага гэсэн утга оргүй алга болно…
Энэ удаад хүний нэр ус дурдаагүйд баярлаж яваарай даа, харин дараа нь “үзэл онол”-оо хэрхэн, яаж “хөгжүүлсэн” онигоог чинь ярих хангалттай боломж надад байгаа. Миний ганц хайртай “өвгөн багшийн” минь ард удаан “нуугдах” ямар ч боломж Та нарт байхгүй. Яагаад гэвэл Б.Даш-Ёндон багш системийн шинжилгээ хийх аргаа надад болон тоотой хэдхэн хүнд л зааж өгсөн юм. Ингээд “шинэ онол”-оо тайлбарлачих ганц ч болсон хүн гараад ирвэл ихэд баярлах байна даа, “монгол эсерүүд” ээ…
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 09 дүгээр сарын 18.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

8 Responses to ЭСЕРҮҮДИЙН ХУВЬ ТАВИЛАН…

  1. Билэгчулуун says:

    Сайхан өгүүлэл байна. Өөр олон өгүүлэл оруулаач. Төрөл бүрийн сэдвүүдийг хөндсөн байвал их сайн байна.

  2. Maliish says:

    Тэгвэл одоо энэ ХУ намын залуучуудын “үүр” бол нэг ёсны таны яриад байгаа шиг л юм болж таарах нь ээ?

  3. gankhuyag says:

    Өөр яахийм ?! Яг ийм болохгүй ч нэг иймэрхүү юм гарцаагүй болно. Миний сануулж, сэрэмжлүүлж, харамссан олон өгүүлэл байдгийг Та сайн мэднэ. Тэр үед “бүгдээрээ дарга болно” гэж хөөрөөд “тоогоогүй” л дээ. Ер нь бол шинжлэх ухааны прогноз нэг их алддаггүй юм ш дээ. Та энэ оны 7 дугаар сарын эхнээс хойш юу ч уншаагүй болохоороо “мэдэхгүй” байх шиг. Хэрэв Таныг ахин ингэж “асуух” аваас би саяхны шившигтэй, бас эмгэнэлт түүхийг “нэн дэлгэрэнгүй” ярихад бэлэн байна. Гэхдээ гарц бол байгаа шүү дээ, Эрхэм Малыш аа. Ингэхэд “малыш” гэдэг чинь “пацаан” гэдэгтэй адилхан бил үү ?!

  4. MOngol says:

    Сайн байна уу. Ганаа ахаа. Уншигчдынхаа эрэлт хэрэгцээг нь бололцон үзээд Танин мэдэхүйн шинжтэй юм уу Монголчуудын тухай ч юм уу түлхүү орчуулж, бичиж болох уу? Угаасаа бичдэг хүмүүс цөөхөн болохоор л тэгж байна л даа. Гумилев болон Монголчуудын Уухай нарын талаар бичсэн зүйлс тань их таалагдсан шүү. Хараад байхад та дандаа улстөрийн талаар бичих юм аа даа. Миний бодлоор эхлээд энэ олон хагас ухаантай хүмүүсийн (би бас) тархийг цэнэглэх хэрэгтэй мэт. Ухаантай хүний үгийг сонсох ч сайхан хоол идсэнээс гоё шүү бас.

    Жич: Би тэр тагнуул энэ тэр нь биш шүү ккк. зүгээр хүсэлт гэж ойлгоорой.

  5. gankhuyag says:

    Сайн байна уу ? Хуучны танил минь. Чи өөрөө таг чиг, харин олон сайтууд чинь зэрэг зэрэг “зүв зүгээр” ажиллаад байхаар чинь сайн байгаа гэж л бодож явлаа. Чамайг түүх сонирхож байгаад их баярлаж байна. Ер нь бол судалгаа, анализ, орчуулгаа зүгээр уншуулдаг хүн монголд тун цөөхөн дөө. Манайхан чинь орчуулга хийхэд хүртэл барьж авч зодчих гээд их зовлонтой ш дээ. Намайг доромжилж “тархиа цэнэглэх” гэдэг хүмүүс чиний онож хэлснээр эсвэл зүгээр л “гоё хоолоо” идэх, эсвэл “эсер” болсон нь дээр биз. Гэхдээ энэ хоёр яг адилхан байж ч магадгүй. Би хэн нэгнийг тагнуул гэж хэлж байгаагүй. Тагнуул чинь их “том” гэж би боддог юм ш дээ…Чиний хүсэлтийг биелүүлэхийг хичээнэ ээ. Амжилт.

  6. MOngol says:

    Thanks, Та нэг л хүн андуураад байнаа даа. Надад ажиллуулдаг web байхгүй ш дээ. Анхнаасаа ч байгаагүй. Миний IP аар хандаад хаанаас дандаа орж байгааг мэдэж болох байх. нэг л газраас орж байгаа шдээ. Яахав сэтгэгдэл бичсэн хүнийг загнаад байхаар чинь би тэр хүний талд орсон гэм бий. Тэгээ л хонь чоно болсон шд үнэндээ.

  7. gankhuyag says:

    Ойлгов. Хонь юм бол хол зугт, учир нь “бариулна”. Чоно юм бол бас л зугт, учир нь “чонын ав” хэдийн эхэлсэн…Иймээс Залуу минь эртхэн больж үз. Тэгээд сэтгэл зүйн онолын номнууд сайн унш…

  8. MOngol says:

    Та ер нь их сонин хүн юмаа. Их хартай хүн мэт санагдлаа. Тэгээд ч хүний бичсэнийг уншдаг болохоос өөрөө бичээд сэтгэл зүй тал уруу мэргэшье гэж боддоггүй тал бий. Үзэл бодлоо илэрхийлээд найрсаг сэтгэгдэл бичихээр барьдаг нохой шиг дайрах юм. Дайснаа зөв тодорхойлсон нь дээр байхаа даа. Ном уншаагүй тэнэг мангартаа таньд ямар муу зүйл хийсэн болоод ийм ном унш ингэ тэг гээд байгааг чинь ойлгосонгүйээ. Та миний яг ямар үйлдлийг боль гээд байгаа юм бэ?

    Зиаз ямар ч байсан дэмждэг шүү. Эрүүл ухаантай хүн монголд цөөхөн байгаа ба тэдний нэгийг таныг гэж боддог. Амжилт.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: