МАХН-ЫН ДУУСДАГГҮЙ “ШИНЭЧЛЭЛ”-ҮҮД…
2010/04/09 1 Comment
Аливаа ажил үйлсийг эхлээд албан ёсны баримт, хэлж ярьсан үг, бодит үйлдлээр нь, тэгээд түүнийгээ хэрэгжүүлсэн үр дүнгээр хэмждэг жамтай. Олон хүн надаас асууж байсан боловч би дуугай байсан. Учир нь би нам, төрийн гол “томчуудын” хэлэх ярих, үйлдлийг хүлээж байсан юм. Энэ бол Ц.Элбэгдоржийн улс төрийн ямар ч баримжаагүй, утгагүй үг, С.Баярын арчаагүй үйлдэл хоёр болно…
С.Баяр Бага хурал дээрээ хэчнээн “гоё үг” хэлсэн ч одоо ямар ч ач холбогдол байхгүй юм. Эрүүл мэнд ч гол шалтгаан биш. Ингээд Н.Энхбаяр “тэмцэгч” болов. Ийм “хачин юм” хорвоо дээр байдаг л юм байна. Ц.Элбэгдорж дунд нь “тоглоно” гэж бодсон чинь ямар элэнцэг нь байхав. Энд нь дөнгөж саяхан “либерал” байж байгаад саяхнаас “үндэсний үзэлтэн” болсон М.Энхсайхан идэвхийлэн оролцож байна. Чадахгүй хэвтэж нэг их “онол монол” гаргаад сүйд майд. Тэр чинь ёстой “нохой шиншихгүй эд” байна лээ дэг. Ингээд “ардчилсан социалист” Н.Энхбаяр, “либерал үндэсний үзэлтэн” М.Энхсайхан хоёр нийлж байгаад “үндэсний социалист нам” (фашист нам) болон хувирах гэж байна. ҮШН гэв гэнэт “манлайлагч нам” болж үндэсний үзлийг “моод”-нд оруулав. Эрх баригчдын энэ хуйвалдааныг мэдсэн болон эс мэдсэн иргэний хөдөлгөөн, ТТБ-ууд, улмаар ард түмэн эсэргүүцэлд оролцож эхлэв. Энд мэдээж олон хүний “толгой эргэж” байгаа. Би аль 1998 оноос системийн хямрал боллоо гэхэд бүгдээрээ л солиотой гэж дуудсан, 2004 оноос системийн задрал боллоо гэхэд бас л адилхан. Уг нь миний хэлснийг бодлого боловсруулах, шийдвэр гаргахдаа харгалзаач гэж шүүмжилж бичдэг санаатай. Иймээс би “хохь чинь” гэж хэлэх ёс суртахууны бүрэн эрхтэй. Одоо яая гэхэв, ингээд “задраад” л байж дээ…Юу ч гэсэн МАХН-ын “хар мянган” шинэчлэлийг хронологийн дарааллаар нь өгүүлье…
1997 оны 2 дугаар сарын 21-24.
МАХН-ын XXII Их Хурал болов. Энэ хурал дээр намын даргаараа Н.Багабандийг сонгож, “нийгмийн захиалгаар” гарч ирсэн шинэхэн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Энхбаяр “МАХН-ын шинэчлэлийн тулгамдсан асуудал” гэсэн ланжгар илтгэл тавив. МАХН-ын мөрийн хөтөлбөр, дүрмийг шинээр батлаж, ардчилсан социалист үзэл баримтлалаар “замнах” болж, “зүүн төв”-ийн нам болсноо зарлав. Энэ илтгэлд “МАХН-ын шинэчлэгдэх үйл явц, эрч далайц өнөөгийн нийгмийн ухамсар, түүний хөгжлийн чиг хандлагаас хоцрох, нийгэмд, түүний улс төрийн тавцанд манай намын эзлэх байр суурь улам хумигдах, ард түмэнд, ялангуяа залуучуудад үзүүлэх нөлөө багасах хандлагатай болжээ” гэсэн “агуу их” дүгнэлт хийсэн юм. Б.Даш-Ёндонг “шүүмжилж” байгаа царай нь энэ. Уг нь өөрөө Засгийн Газрын гишүүн, Соёлын сайд байсан л юмсан. Энэ үе чинь МАХН 1996 оны сонгуульд ялагдаад одоо шатсан “цагаан байшин”-аар орох ч хүн цөөхөн байсан цаг. Улс төрийн хувьд “Ардчилсан Холбоо” эвслийн Засгийн Газрын Ерөнхий сайд М.Энхсайхантай дайсагнаж, Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж нартай анхны хуйвалдаанаа хийж, “эвсэл”-тэй ид дайтаж байсан цаг шүү дээ…
2001 оны 2 дугаар сарын 28- 3 дугаар сарын 3.
МАХН-ын XXIII Их Хурал болж намын дарга Н.Энхбаяр “Шинэ зуун-шинэ зорилт” гэсэн бүр ч ланжгар илтгэл тавив. Тэр нь “монголчуудын хамгийн эрхэм зүйл бол тусгаар тогтнол мөн” гэсэн жигтэйхэн том бүлэгтэйгээс гадна Монголд “Сайн засаглал” тогтоох зорилтыг дэвшүүлэн тавив. Чингэхдээ “Парламентат ёсонд тулгуурласан төрийн тогтолцоог боловсронгуй болгох, төрийн шийдвэрийг гаргахдаа судалгаа шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлаж, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, улс төрийн бусад хүчний бүтээлч оролцоог хангахыг зорьж байгаа бөгөөд энэ нь төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах үндсэн нөхцөл болно” гэж дүгнэв. Мөн мөрийн хөтөлбөр, дүрмээ зөвхөн даргадаа зориулж өөрчлөв.
Одоо харахад энэ дүгнэлт болон бусад баримт бичгүүд нэг их гэм халгүй мэт боловч дарангуйлал тогтоосон л юм даа. Энд МАХН-ын дутагдлыг огт ярихгүй өнгөрсөн нь мэдээжийн хэрэг. Юун “дутагдал” ярихтай мантай, Н.Энхбаярын алдар суу, МАХН-ын 80 жилийн ойг хамтад нь тэмдэглэж байхад чинь. Энэ үед АН аль хэдийнээ Н.Энхбаярын мэдэлд орж, Ц.Элбэгдорж гадаадад суралцахаар оргүй мөргүй алга болчихож билээ. Р.Гончигдорж, М.Энхсайхан хоёр тамгаа булаацалдаж хэрүүл хийснийг “улс төр” гэж тооцохгүй бол шүү дээ. 2000- 2003 онуудад АН “огт амьгүй” байсныг хэн ч гэсэн хэвлэл мэдээллээс шалгаад үзчихэж болно ш дээ…
2004 оны 6 дугаар сар.
“Үндэсний удирдагч”, “Хоёр дахь Чингис хаан”, “Ард түмний эцэг”, “Гималайн уул” Н.Энхбаяраас болж МАХН сонгуульд ялагдав. Ингээд Н.Энхбаяр 2004 оны сүүлчээр дараах мэдэгдлүүдийг удаа дараалан хийв. Түүний хэлснийг олон хүн мартчихсан байж магадгүй учраас би сонин хэвлэл, он сар, өдөртэй нь дурдаж байна.
Н. Энхбаяр “Тогтвортой, шуурхай ажилладаг төр л бүрдээсэй”. ЗМ. № 148, 149, “Бид ялагдсан ч ажилласаар байх болно”. ММ. № 127, “Шударга бус байдлаар нэг хүчин ашиг хонжоо оллоо ч гэсэн эцэст нь ард түмэн хохирно”. Үнэн. № 128, “Бид ялж, ялагдаж үзсэн нам”. ӨН. № 151. 2004.08.23. Энийг чинь ямар ч хүн ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн гэж бодно биз дээ. Харин Н.Энхбаяр ялагдлаа хэзээ ч үл зөвшөөрдөг төрөлхийн гажигтай новш аж. Яахийн аргагүй л цагаан дээр хараар, телевизээр мэлтийтэл ярьсан чинь энэ л байна…
2004 оны сүүл.
МАХН-ын Бага хурал болов. Одоо Н.Энхбаярын нөгөө дүгнэлт нь тэс өөр болж эхлэв. Та одоо уншаад үз дээ…
“МАХН сонгуульд сайтар бэлтгэж, шударгаар өрсөлдсөн…атал хийсэн бүтээсэнтэйгээ харьцуулахад УИХ–ын сонгуулийн дүн харьцангуй доогуур хэмжээнд гарсан”, “Үүнийг сонгогчиддоо гомдол мэдүүлэх үүднээс биш,….анхаарал сэрэмж алдвал ард түмэн, төр засгийн аль аль хохирч магадгүйг ард түмэндээ сануулах үүднээс үүнийг хэлж байгаа юм”, “Сонгуулийн дүн бодитой гарч чадаагүй гэж хэлэх бүрэн үндэслэлтэй юм”, “Сонгууль эрх зүйн хуучин, боловсронгуй бус орчинд явагдаж байгааг ашиглан олон төрлийн булхайг ашигласныг таслан зогсоож чадаагүй нь энэ удаагийн сонгуулиас авах хамгийн том сургамж боллоо”, “…Анхан ба дунд шатны улс төрийн албан тушаалтны нэр хүнд зарим газар тааруу байсан”, “Намын зарим гишүүдийн идэвхи сул, ёс суртахуун дорой байсан”.
“Буруутан” нь МАХН-ын гишүүд болж таарч байгаа бөгөөд ийм “дүгнэлтийг” Н.Энхбаяр шиг адгийн новш л хийж чадах билээ.
2005 оны 6 дугаар сарын 16-19.
МАХН-аас нэр дэвшиж, Ерөнхийлөгч болсон Н.Энхбаяр “Шинэчлэл, өөрчлөлтийн төлөө намын бодлого, зорилт” илтгэл тавив. Одоо түүний “дүгнэлт” нь буцаад өөрчлөгдөж эхлэв.
”Манай нам дангаараа эрх барьсан он жилүүдэд улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд гарсан нааштай өөрчлөлт, хүрсэн түвшин бол Монгол Улсын ойрын ирээдүйн хөгжлийн бодит суурь дэвсгэр болж байгааг манай ард түмэн зүй ёсоор хүлээн зөвшөөрч байна”. Тэр 2000-2004 оны “гавъяа”-гаа ард түмэндээ гайхуулж эхэлж байна. Тэгснээ тэр гэв гэнэт хатгуулсан юм шиг эргээд ард түмнээ доромжилж эхлэв.
“Улс төрийн хүрээний зарим гажуудал гарахад иргэдийн тодорхой хэсгийн улс төрийн мэдлэг нимгэн, соёл дутмаг байгаа нь ажиглагдаж байна” гэсэн “дүгнэлт” хийв. Ингээд Энхбаярыг сонговол ард түмэн “ухаантай”, сонгохгүй бол “мэдлэггүй, соёлгүй” болж таарч байна. Ёстой адгийн шаар гэж энийг хэлдэг юм…
Энэ Их Хурал ахиад л мөрийн хөтөлбөр, дүрэмдээ өөрчлөлт оруулах улигт ажлаа хийв. Ингээд М.Энхболдыг МАХН-ын даргаар “сонгов”. МАХН-ын шинэхэн дарга М.Энхболд УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшив. Түүнд “ялалт” авчрахын тулд Ц.Элбэгдорж АН-аас нэр дэвшчихээд “хугацаа” тулгаж байгаад нэрээ татаж билээ.
2005 оны 12 дугаар сарын 12.
МАХН-ын Бага Хурлын III хуралдаан болов. Намын шинэ дарга М.Энхболд “Улс орны улс төрийн өнөөгийн байдал, намын үйл ажиллагааны цаашдын зорилт” гэсэн илтгэл тавив. Илтгэлийн нэр нь Энхбаярынхыг бодвол “их даруухан” боловч МАХН-ыг “иж бүрэн” “шинэчлэв”. Учир нь “Цахим-МАХН” хөтөлбөр, “МАХН-ын бодлогын хорооны ажиллах журам”, “МАХН-ын сургалт, судалгааны ажлын талаар баримтлах бодлогын чиглэл” зэрэг томоохон багц баримт бичиг боловсруулсан юм. Энд балай балай юмнууд их бий. Жишээ нь: намд элсэгчдийн өргөдлийн интернетээр авна, намын ажилтан албан хаагчдыг нэгдсэн э-майл хаягтай болгоно, МАХН мэдээллийн технологийн хөгжлөөрөө монголын улс төрийн хүчнүүдийн дотор тэргүүлэх байр суурьтай болно гэх мэтчилэн. Одоо интернетээр хамгийн адгийн байгууллага гэвэл яах аргагүй МАХН л байна. Үүнийгээ намын байр “шатааснаас” болсон гэж “тайлбарлана” биз. Намынхаа байрыг “МАХН”-чууд өөрсдөө шатаасан гэдгийг нотлоход нэг их түвэг орохгүй…
М.Энхболдын Засгийн Газар нэг жил есөн сар л “амьдарч” билээ. Энэ үед Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын үерхэл эхэлж, “хайрын захиа” бичих, ууланд авирахаас эхлээд “янаг амрагийн” шинжтэй болж билээ. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр 2004 оны УИХ-ын сонгуульд МАХН-ыг ялагдуулчихаад нэр бүхий хүмүүсийн дэмжлэгээр Монголын хэмжээгүй эрхт хаан болов.
Шинэ цагийн феодалууд…
Харин энэ зураг бол “М.Энхсайханы хайр” нэртэй юм аа…
2007 оны 10 дугаар сарын 22-28.
Намын болон нийгмийн бусад хөдөлгөөн, байгууллагуудын шаардлагаар МАХН-ын XXY Их Хурал хуралдав. МАХН-ын дарга М.Энхболд “Хөгжлийн бодлого, МАХН-ын шинэчлэлийн тулгамдсан асуудал” гэсэн илтгэл тавив. Тэрээр Ерөнхийлөгчтэйгээ улс төрийн “сунжирсан тулалдаан” хийж, хүч нь аль хэдийнээ суларчихаад байсан юм.
Тэгээд марзан марзан дүгнэлт олныг хийсэн юмдаг. Жишээлбэл: “Манай намд шинэчлэл хэрэгтэй байхад зарим залуу намд төлөвшил чухал” гэх мэт. Тэгээд хэн Та нарыг “төлөвшиж гүйцээгүй” АН-тай “унтчихаад” дараа нь “муулаад бай” гэсэн юм. Хэдийгээр ийм “балай юм”-ыг Н.Энхбаяр “зааж өгсөн ч гэсэн энд ихэнхи “буруу” нь МАХН-д ногдох нь гарцаагүй…
Энэ үед чинь МАХН-д Ө.Энхтүвшингийн “Уламжлал, Шинэчлэл , Ардчилал Шударга ёс” жигүүр, Т.Гантулгын “Онц Их Хурлын төлөө”, Ч.Жаргалсайхан “Шинэ эргэлт” хөдөлгөөнүүд гарч сүйд болж байлаа ш дээ. Бүгдээрээ “дарга” болж аваад “алга болчихсон” нь маргашгүй үнэн. Тэд нар ичихгүй бол би өмнөөс чинь ичиж байх албатай биш…
Одоо МАХН доторх С.Баярын шинэчлэл эхлэв. “Ёстой ядаргаатай”, ахиад л “биелүүлдэг юм шиг” намын мөрийн хөтөлбөр, дүрмээ өөрчлөв. Дээр нь бас “МАХН-ын Тунхаг бичиг” гэж “нэг юм” гаргав. Ингээд бас болоогүй ээ. “МАХН-ын шинэчлэлийн үзэл баримтлал”, “Төрийн шинэтгэлийн үзэл баримтлал, “Монгол хүний хөгжлийн талаар баримтлах бодлого” гэсэн гурван том баримт бичиг батлав. Энэ “муусайн цаас” ч яахав, ямар “үйлдвэрлэж” чадахгүй юм биш. Харин “УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд бэлтгэх ажлыг эрчимжүүлэх тухай” тогтоол баталсан юм. Их эртнээс бэлтгэж байгаа биз…
МАХН-ын шинэ дарга С.Баяр намын янз бүрийн жигүүр, хөдөлгөөний “толгойлогчдыг” нам, төрдөө ажилд авснаар тэд нэг хэсэг “эвэндээ” орсон юм.
УИХ-ын сонгуулийн луйвраас үүдсэн 7 дугаар сарын 1, Ерөнхийлөгчийн сонгууль, ашигт малтмал гээд хар мянган асуудал үүсэв. Үүнд МАХН угаасаа бэлэн биш байсан бөгөөд учир нь МАХН аль эрт Н.Энхбаярын үеэс улс төрийн намын шинж чанараа бүрэн алдаж, цөөн тооны өрсөлдөгч бүлэглэлүүдийн өрсөлдөөний талбар болсон юм. Би л хувьдаа МАХН бол нам огт биш болсон гэж дүгнэж байна.
Ард түмэн амласан мөнгийг нь нэхсэн чинь бараг “уурлаж”, амлалтаа дөнгөж одоо “санаж”, “хуурах” гэдэг байна ш дээ. Тэгвэл үхснээ хийж амласан юм ?! АНАТХ-ийг “далимдуулан” улс төрд орох гэсэн “шалдан хаад”-аас гадна “шалихгүй боолууд” ч олон л харагдаж байна лээ. Өөрийгөө болон нөхдөө “худалдаж идээд” бүүүр сурчихсан новшнуудыг би иргэний хөдөлгөөний үеэс дэндүү “сайн мэддэг” юм л даа…
Хэрэв Н.Энхбаяр өөрөө дахин Ерөнхийлөгч болсон бол өдийд л лав “мөнгөгүй ээ” гээд мэлийгээд сууж байна даа. Учир нь тэр өөрөө ч гэсэн “амлаа” л биз дээ. Одоо бол “бөөн далим”. Түүнд “буруу” гэж огт байдаггүй учраас Ерөнхийлөгчийн сонгуульд “унагасан” МАХН-аас “хонзонгоо авах” нь мэдээжийн хэрэг. С.Баяр “ямар нэг шалтгаан”-ы улмаас түүнд “бууж өгсөн явдлыг би шууд л арчаагүйдэл гэж нэрлэнэ. Сү.Батболдыг ямар ч хүн “нийгмийн захиалга” гэж хэлэхгүй дэг. Одоо МАХН-ын шинэ дарга Сү.Батболд шууд хэлэхгүй ч гэсэн бас л “нийгмийн захиалгаар” намаа “шинэчилнэ” гэнэ , тэрийг нь дагаад “далдаганах юмнууд” МАХН-д мөн ч олон бий дээ…
Монголын нийгэмд хувьсгал, сөрөг хувьсгалын (контра) үе эхэлж байна. Хувьсгалд ард түмэн бэлтгэж байна, сөрөг хувьсгалд эрх баригч бүлэглэлүүд бэлтгэж байна. Мөн гадаадын оролцоо нэмэгдэж байна. Энэ чинь их аюултай ш дээ…Үүнд хариулах, шийдэл олох чадвар эрх баригчдад үзээд өгье гэсэн ч байхгүй. Үүнээс цааш би “нам” гэсэн ойлголтыг хэрэглэхгүйг хичээж байна. Нэрнээс цаашгүй “юмыг” юуг нь ярьдаг юм ?!
Ингээд МАХН үгийн шууд утгаар сөнөж байна даа, бараг тэр нь ч дээр биз. Яагаад гэвэл 12-20 гаруй жил буг болтлоо “шинэчлэл” хийсэн “хуучин” удирдагчдыг зайлуулаагүй цагт МАХН “шинэчлэгдэхээсээ” өнгөрсөн. Үүнийг л хувьсгал гэх буй за…
Энэ удаад би МАХН-ын Их болон Бага Хурлуудын гол гол баримт бичгээс “сануулж” байна. “Дунд” нь юу болсныг бүгдээрээ мэдэж байгаа хойно. Харин АН-ынхан битгий “баярлаад” байгаарай, учир нь тэртэй тэргүй Та нарын булайг удахгүй бичиж л таарна…
Улс төрийн задралыг зогсоож болдоггүй юм ш дээ…Яахав, нэг удаа аргацаалаа гэхэд дараа нь нөхцөл байдал улам л доройтоно доо. Энэ бол зүй тогтол…Үүнийг хэллээ гэж Та нар саяхан намайг 7 дахь удаагаа ажлаас халлаа. Харин би “нийгмийн жинхэнэ захиалгыг” байнга судалж, шинжилж байдаг учраас Та нарыг шоолж инээхээс өөр яах бил ээ…
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 4 дүгээр сарын 09.
teneg namantsruud