ИРГЭНИЙ НИЙГЭМ Л ОГТ БИШ…

Сүүлийн үед Ерөнхийлөгч Н.Энхбаяр иргэний нийгэмд их хайртай болжээ. Том том зөвлөгөөн хийж, иргэний нийгмийн байгууллагуудыг бүх талаар дэмжихээ амлаж эхлэв. Нөгөөдүүл нь ч гэсэн энд тэндгүй мэдэгдэл гаргаж, яриа таниулга хийгээд жигтэйхэн. Энд монголын онцлогтой тун сонин үйл явдал болж байгаа талаар өгүүлсү.

Хувьсал

Социализмын үеийн олон нийтийн гэгдэх байгууллагуудын оронд барууны маягаар төрийн бус байгууллагууд (ТББ) үүсгэх их аян өрнөв. Хэн дуртай нь нь ямар ч байгууллага байгуулж болно, тэр нь тамга тэмдэгтэй, хамгийн гол нь мөнгөн данстай байгаад хамаг учир нь байлаа.

ТББ-аа ашгийн ба ашгийн бус гэж хуулиар хоёр хуваагаадахсан чинь бүгдээрээ ашгийн бус болоод явчихав. Ашгийн төлөө гэж бүртгүүлээд татвар матвар төлдөг тэнэг монгол гэж хорвоод байхгүй. Ийм юман дээр чинь монгол хүний ухаан ёстой нэг ундарч өгнө шүү дээ.

Асар удалгүй иргэний хөдөлгөөнүүд гарч ирээд жагсаал цуглаан болоод явчихав. Иймээс ТББ-ууд арга буюу “тэмцэх” шаардлага үүссэн юм. Гэхдээ олонхи нь иргэний хөдөлгөөнийг урдаа барьчихаад нэр нүүр олох, үймүүлэх ажилтай болсон юм даа.

Ингээд Монголд иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллага хоёр нь яг ижилхэн болчихдог юм байна. Энэ хоёр чинь ялгаатай гэж хэлээд хэлээд огт нэмэр болсонгүй. Энэ үеэр ямар хөгийн юм болсныг яривал бараг үлгэр домог шиг юм болно. Одоохондоо би үүнийг ярихгүй…

Иргэний хөдөлгөөн ид тэмцэж байхад эрх баригчид харьцангуй эвтэй байдаг байлаа. Харин тэдний үйл ажиллагаа саараад ирмэгц эрх баригчид гэдсэндээ хөлөө хийлцээд эхэлдэг юм байна. Энэ мэт олон шалтгааны улмаас тэдэнд иргэний нийгмийн байгууллагаас “хэрэгтэй” юм алга. Үүнийг л би хувьсал гээд байгаа ухаантай.

Монголын ТББ-ууд

Аль ч үндэстэн-төрийн иргэд туйлын олон янзын эрх ашигтай байх бөгөөд энэ нь нийгмийн ач холбогдолтой болоод ирэхээрээ төрөөс гадуурх бүлэг, байгууллага, холбоо, клуб зэрэг зохион байгуулалтын хэлбэрээр ажиллах нь түгээмэл. Үүнийг л ТББ гэх.

Жишээ авъя. Хэн нэг нөхөр эхнэрээ балбадаг бол тэр нь мэдээж хувийн болон эрх зүйн зөрчлийн асуудал болно. Хэрэв үүнийг зохих байгууллагад мэдэгдвэл хуулийн болон захиргааны аргаар шийдвэрлэх бүрэн боломжтой.

Харин зодуулдаг хэдэн хүүхэн нийлээд балмад нөхрүүдээ муулбал зүгээр л зовлонгоо хуваалцсан явдал болно. Энэ нь хараахан байгууллага биш боловч, олон удаа давтагдаад ирвэл ямар нэг бүлэгэрхүү юм болно.

Бүр ч олон зодуулдаг хүүхнүүд нийлж байгаад энэ муусайн “юмнуудтай” ёстой нэг үзэж таръя, гэр бүлийн болон бусад хууль тогтоомжийг өөрчилье, дарлагдсан хүүхнүүдэд тусламж үзүүлье, эрчүүдийн “дээр нь гаръя” гэсэн зорилго дэвшүүлж зохион байгуулалтад орвол энэ нь иргэний нийгмийн байгууллага болно.

Гэхдээ энэ нь нийгмийн нэлээд хэсгийн дэмжлэгийг авч байж л сая жинхэнэ ТТБ болно. Ерөнхий агуулга нь ийм. Тэрнээс биш үүнийг Хууль зүйн яамны бүртгэлээр хэмжээд байдаг эд огт биш…

Харин манайд бол энэ бүх юм мэдээж урвуугаараа л явна шүү дээ. Жишээлбэл, нөхөртөө зодуулдаг биш, харин ч нөхрийнхөө толгой дээр гараад суучихсан, эсвэл нөхөртэйгээ нийлж бизнес хийх гэсэн даварсан авгайчууд гадаадын аль нэг байгууллагаас төсөл олж аваад жинхэнэ зодуулдаг хүүхнүүдийн эрх ашгийн өмнөөс судалгаа хийх, тэдний өмнөөс улс төрд шууд оролцох, мөнгө олох хэрэгсэл болгочихвол ямар элэнцэг нь иргэний нийгмийн байгууллага байхав.

Манайд хаана л бол хаана “хүнд ихээр дарлагдсан хөөрхий бидний бүсгүйчүүл”-ийн байгууллагууд пиг дүүрэн байвч эмэгтэйчүүдийн ахуй байдалд ахиц огт гардаггүйн нэг учир нь энэ болно. ХЗДХЯ-ны бүртгэлээс өөр юмгүй ийм ТББ-уудыг хүмүүс нэг хэсэг сонирхож байгаад дараа нь голдуу хаяад явчихдаг юм.

Энд би ганц эмэгтэйчүүдийн байгууллагаар жишээ авч байна, цаашаагаа хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүний эрхийн гэхчлэн ихээхэн “аюултай” байгууллагууд манайхаар дүүрэн бий.

Энд нэгд, мөнгө олохын тулд олон улсын хэмжээнд худал ярина, хоёрт, олсон мөнгөө идэж уух, завших ажлыг зохион байгуулна, гуравт, төр болон намтай далдуур шууд хамтран ажилладаг болохоор нь би аюултай гэж хэлээд байгаа юм. Тэд голдуу хийдэг хоёрхон ажилтай. Нэгд, судалгаа хийнэ. Тоотой хэдхэнээс бусад нь судалгааг ч ёстой нэг оронцоглоно. Судалгаа бол мэргэжил атал манайд дурын ТББ “судална” шүү дээ. Судалгаа бол гадаадын төслийн мөнгийг идэх хамгийн шалгарсан арга юм. Хоёрт, хурал хийнэ. Энэ бол бас л сонгодог арга болно. Хааяа нэг хэвлэлийн бага хурал хийнэ. Ингээд л гүйцээ.

Гадаадынхан төсөлдөө хяналт тавьдаг болохоор төр шигээ арай ч бүгдийг нь “идэж” зүрхлэхгүй. Гэхдээ гадаадынхныг онхолдтол хуурах мянга түмэн монгол аргатай. Гадаадынхан монголын энэ “аргыг” гадарладаг хэдий ч эсвэл “илрүүлж” чаддаггүй, эсвэл “нүдээ аниад” өнгөрдөг юм.

Иргэний мэргэжилтнүүд

Сүүлийн хэдэн жил ТББ байгуулж, гадаадын төслийн мөнгө байнга идэж, улс төр хийдэг мэргэжлийн нэлээн олон иргэнтэй болов. Эднийг бид бараг нэр нэрээр нь мэднэ дээ. Хар ухаанаар бодоход нэг хүнд нэг байгууллага байхад хангалттай санагдана.

Ухаандаа Та бидний сайн мэдэх Ж.Занаа гэхэд л “Cedaw Watch”, “Иргэдийн алъянс”, “Ардчиллын төлөө олон улсын иргэний нийгэм”, “Төрийн бус байгууллагын сүлжээ”, “Соёмбо”, “7 дугаар сарын 1” зэрэг 10-аад байгууллагын ерөнхийлөгч, тэргүүн, дэд тэргүүний албан тушаалтай. Түүнтэй адил нөхөр, гэр бүлээрээ нийлж байгаад иргэний байгууллагаар дагнан “ажиллаад” сурчихсан эмэгтэйчүүд голдуу олон хүн байх.

Ухаандаа магадлал болон сэтгэл зүйн хувьд Ж.Занаа л нөхрөө “зодож” магадгүй юу гэхээс хөөрхий нөхөр нь авгайнхаа байгууллага болгоны нягтлан, хяналтын зөвлөлийн гишүүнээс нэг их хэтрэхгүй. Гэхдээ тэр нөхөр эхнэрийнхээ төсөлд аудит хийх ажлыг жигтэйхэн “сайн” хийгээд байдаг юм билээ. Ерөнхийдөө бол эдгээр цөөн хүмүүс манай “иргэний нийгмийн мэргэжилтнүүд” болох бөгөөд ийм мэргэжил бусад улсад байдаг эсэхийг би сайн мэдэхгүй.

НҮБХХ-ийн нэг том судалгааны багт орсон эрдэмтэд арга зүйн сургалт зөвлөгөөн хэд хэд хийсэн юм. Монголын судалгааны багийнханд яриа хийх мэргэжилтнүүдийн нэрсийн дотор өнөөх Ж.Занаагийн нэр байж байх нь тэр. Жирийн багш хүүхэн монголын нэрд гарсан эрдэмтдэд иргэний нийгмээр зөвлөгөө өгөх хүртэл “томордог” л юм билээ. Аливаа юманд чинь хэмжээ хязгаар гэж баймаар…

Сүүлдээ иргэний нийгэм гэнгүүт энэ хэд л санаанд орох жишээтэй. Тэд ч энэ үүрэг рольдоо дасчихсан, өөрийгөө “иргэний нийгэм”, түүний “шууд төлөөлөл” гэж ойлгодог болжээ. Хувь хүн юм уу, ТББ өөрийгөө нийгэм гэж үзэх ахул хамаг юм болохоо байж байгаагийн баттай шинж болно.

Иргэний нийгэм яагаад хэрэг болов ?

Тони Блейр 2002 онд Олборлох Үйлдвэрийн Ил Тод Байдлын Санаачлага (цаашид ОҮИТБС гэнэ–Д.Г.) гээчийг санаачилж, энэ нь олон улсын конвенци болж, түүнд нь манайхны өрөөсөн дугуй 20 гаруй орон нэгдсэн юм. Энд Олборлох салбарыг хөгжүүлэхэд Засгийн Газар, хөрөнгө оруулагчдаас гадна ТББ-ууд заавал оролцоно, тэгээд ил тод байх ёстой гээд баримтлах зарчмыг нь заагаад өгчихсөн байдаг юм.

Манай эрх баригчид 2005 оноос эхлээд ашигт малтмалаа хулгай хийх гэж их оролдсон юм шүү. Энд үед болсон олон хөгийн юмыг ярих цаг удахгүй биз .

2006 оны 2 дугаар сар. “ОҮИТБС-ын төлөө төрийн бус байгууллагуудын эвсэл” гээчийг байгуулав. Энэ эвсэлд: Ариун суварга хөдөлгөөн, Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо, Бүс нутгийн байгаль хамгааллын Хангай хан сүлжээ, Зориг сан, Ил тод байдал сан, Миний монголын газар шороо, Монголын байгаль орчныг хамгаалах холбоо, Монголын жижиг дунд уурхайнуудын Монмин нийгэмлэг, Монголын ногоонтны хөдөлгөөний сүлжээ-Сэлэнгэ аймгийн зөвлөл, Ойн менежментийн холбоо, Монголын Тул хамгаалах нийгэмлэг, Мэдээлэл, олон нийтийн харилцааны Инфорум төв, Нээлттэй нийгэм форум, Онги голынхон хөдөлгөөн, Онон-Улз голынхон хөдөлгөөн, Уугуул хөдөлгөөн, Хүний эрх хөгжил төв оржээ. Эд нар монголын иргэд болон нийгмийг бүхэлд нь “төлөөлж”, улмаар төр засаг гэрээгээ үзэглэхэд бэлэн болоод байсан нь эндээс тодорхой байдаг юм.

Одоо эрх баригчид тэр үед ёстой “сайхан гэрээ” хийж ашигт малтмалаа ашиглах гэсэн чинь энэ иргэний хөдөлгөөнүүд үймүүлээд хамаг цаг, алтан боломжийг үгүй хийчихсэн гэж донгосч байгаа.

Үгүй шүү, ноёдоо. Та нарын эв түнжин хагарч, олох ашгаа тохирч чадаагүйгээсээ жинхэнэ болон хуурамч хөдөлгөөн, ТББ байгуулж, хутган үймүүлж, хэрүүлээ гудамжинд гаргаснаас болсон. Тэднийг тал талаас нь турхирч, өөрсдөө ард нь суучихаад үймүүлж байсныг чинь нотлох баримтууд одоохондоо устчихаагүй байгаа шүү…

ТББ-аас Иргэний нийгмийн байгууллага руу…

Яагаад ТББ-ууд Иргэний нийгмийн байгууллага болчихов ? Энд шинэ юм огт байхгүй. ТББ-ууд үүсч, тэгээд төрийн ажлын зарим боломжтой хэсгийг гүйцэтгэх, хяналт тавих талаар зохицон ажилладаг болчихвол иргэний нийгэмд дөхөж очно. Ингэж ажилладаг нийгмийг ерөнхийдөө иргэний нийгэм гэнэ. Энэ нийгэмд төрөө хянадаг байгууллагуудыг иргэний нийгмийн байгууллага гэнэ. Угаасаа л ТББ л байхгүй юу даа.

Гэхдээ манайд иргэний нийгэм байхгүй. Үндсэн Хуулин дээр л байдаг байх. Учир нь иргэдийн оролцоо, идэвхи гэж чухал юм оргүй болсон, мөн иргэдийн эрх, эрх чөлөө, хүний эрхийн бүх үзүүлэлтээр судлаад ийм дүгнэлт хийж байгаа юм.

Одоо Та хар л даа, нөгөө л хэдэн “иргэний мэргэжилтнүүд” хуучин дуугаа шинэчлэн дуулж байна даг. Телевизээр дүүрэн “иргэний нийгэм” байгаа биз дээ. Тэдний олонхийг гаднаас нь харахад нэг их сүрхий иргэдийн төлөө юм шиг боловч дотроос нь үзвэл голдуу мөнгөний улс төр л байдаг юм ш дээ.

Иргэний нийгмийн байгууллага хэрэгтэй болсон хоёр шалтгаан буй. Нэг. Ашигт малтмалын асуудлыг шийдвэрлэхэд, тодруулбал иргэний нийгмийг төлөөлөхөд тэд амин чухал хэрэгтэй. Дээр үүний жишээг үзүүлсэн. Одоо тэд “хоёр толгой”-д хяналт тавихын тулд “иргэний байгууллагуудын” хувьцаа нэхнэ. Энэ бол гарцаагүй. Хоёр. Улс төрийн задралын үед иргэнээ “бараадах” зүй ёсны шаардлага үүсдэг.Ядахдаа МҮОНРТ-ийг хянах, бүр болохгүй бол жагсаал цуглаан зохион байгуулах, улмаар үймээн гаргасан ч болно ш дээ.

Жинхэнэ иргэний хөдөлгөөнийхний заримыг нь шоронд хийчихсэн, заримыг нь айлгачихсан учраас мөнгөний шуналтай, гоё ярьж чаддаг “иргэд” амин чухал болчихсоны учир нь ердөө л энэ. Үүнийг л жинхэнэ улс төр гэдэг юм. Н.Энхбаяр Ж.Занаад бараг “дурлачихаад” байгаа нь лав л сайны ёр биш дэг…

Монголд зорилтынхоо дагуу жинхнээсээ ажиллаж байгаа хэдхэн ТББ буй. Энд зориуд тэдний нэрийг дурдаагүй. Нийгмийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсээр ирсэн цөөн нөхөд минь намайг уучлана биз ээ. Би хэн нь гомдох, хэн нь уурлахыг л харах гэсэн юм.

Зарим хүн намайг эмэгтэй хүнийг хүндэтгэсэнгүй гэх байх. Хэдхэн гэр бүл эхлээд “идэвхитэй” бараг бүх ТББ-уудыг хянаж, дараа нь бүгдийг нь нийлүүлсэн сүлжээ байгуулж “удирдаад” байхаар нь хэлэхээс өөр арга надад алга. Би олон жил харж, судалж, тэссэн юм шүү…

Жишээ болгож нэр дурдсан хүнээс бусдыг нь би мэдэхгүй байгаа зүйл огт үгүй, зүгээр л төртэй “жиг ургуулсан” олон авгайтай зэрэг муудалцах эвгүй учраас тэр л дээ. Хэрэв тэд хилэгнэх аваас хэлэх үг, баримтаа бэлэн байлгаж байсан нь дээр биз дээ. Тэд л лав иргэний нийгэм огт биш дэг…

Судлаач Д.Ганхуяг

2009 оны 2 дугаар сарын 2.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: