ОДОО “ЦОГЦ БОДЛОГО”-ООРОО ЯВНА ШҮҮ…

Одоо улс төрийн нам, хүчнүүд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулаад бараг дуусч байна. Ахиад л олон гоё гоё бодлого, төлөвлөгөө гаргаад эхэлж байна.

Дөнгөж саяхан УИХ улс төрийн бараг бүх намуудын оролцоотойгоор Монгол Улсыг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хэмжээний, шинжлэх ухааны лут үндэстэй, 138 алсын хараатай төрийн цоо шинэ бодлогоо баталсан билээ. Түүнийгээ одоо л баримтлахгүй бол хэзээ баримтлах ёстой юм. Иймээс Сонгуулийн мөрийн хөтөлбөр гэж “цоо шинэ юм” зохиож үйлээ үзэх ямар ч шаардлага намуудад байхгүй. Гэхдээ сануулах хэдэн зүйл байна.

Сөнөсөн хувьсгал хийгээд хөтөлбөрүүд

Улс орон бууран доройтох тутам агуу их төлөвлөгөө улам ихэсдэг гэсэн үг байдаг. Үүний тулд сүүлийн 18 жилд боловсруулсан 360 гаруй хөтөлбөр, төлөвлөгөө, төрийн бодлогоос тоймлон сануулах нь зүйтэй байх.

  • Ногоон хувьсгал
  • Цагаан хувьсгал
  • Ногоон хэрэм
  • Төвлөрлийг сааруулах Үндэсний хөтөлбөр
  • Хар Хориныг жишиг хот болгох
  • Мянганы зам
  • Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал
  • Сайн засаглал
  • Тогтвортой хөгжлийн хөтөлбөр (хожим нь “тулхтай” хөтөлбөр)
  • Ядуурлыг бууруулах хоёр удаагийн хөтөлбөр
  • Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр
  • Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөр
  • Ардчилсан засаглалыг хангах Үндэсний хөтөлбөр

Энэ бүхэн чинь одоо хаачсан бэ гэж асуувал хариулж чадах улс төрч монголд л лав байхгүй. Яагаад гэвэл дээр дурдсан болон бусад 360 гаруй хөтөлбөр, төлөвлөгөө бүгдээрээ сөнөсөн учраас тэр. Тухайн үедээ ердөө л улс төрийн реклам, шоу болоод өнгөрсөн энэ хөтөлбөрүүдийн явц, хэрэгжилтийг ярих юм бол онигоо л ярьсан хэрэг болох учраас энэ удаад дурдаад л өнгөрөхөөс…

Мөнгө хулгайлахаас санаа хулгайлах хүртэл

Эрх баригчид өмнө нь банк, үйлдвэр, мөнгө хулгай хийдэг байв. Одоо сонгууль ойртсон чинь санаа хулгай хийдэг болов. Тархи нь хулгай хийхээс өөр юм бодохоо болчихсон нь илт.

Хэсэг сэхээтний байгуулсан “Шинэ бодлого” хүрээлэнгийн суурь дээр тал талаасаа нэгдэж улс төрийн шинжтэй “Иргэний Холбоо”-г 2007 оны эхээр байгуулсан билээ. Шинэ тутам байгуулагдсан “Иргэний Холбоо” нэлээд амжилт олох шинжтэй болмогц эрх баригчид сандарч эхлэв.

Иргэний хөдөлгөөний ид тэмцлийн үед эрх баригчид эсрэг, зэрэгцээ, хуурамч хөдөлгөөн байгуулж саармагжуулах ихээхэн туршлагатай болсон юм. Түүнчлэн иргэний хөдөлгөөн, байгууллагуудад тагнуул гэх нь хаашаа юм, зүгээр л ховлон мэдээлэгчдийн өргөн сүлжээ байгуулж, дотроос нь байнга эвдэн бусниулж байдаг юм. Энэ сүлжээ одоо ч гэсэн бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Хэдхэн төгрөгний төлөө ямар ч үзэл санаа, ямар ч найз нөхрөө худалдаж байдаг адгийн новшнууд өнөөдөр ч гэсэн жигтэйхэн идэвхитэй ажиллаж байгаа бөгөөд тэд өөрсдийгөө хүн мэдэхгүй гэж боддог бололтой.

Харамсалтай нь энэ ховлон мэдээлэгчид дангаараа ард олны дургүйцлийг дарах хүч болох ямар ч чадваргүй бөлгөө.

Иймээс эрх баригчид мөнгө хулгайлахынхаа зэрэгцээ үзэл санаа хулгайлдаг болов. “Иргэний Холбоо” маш сайн боловсруулсан иргэний хөтөлбөрөө 2007 оны эхээр батласан юм. Гэтэл эрх баригчид 2007 оны дундаас эхлэн бүгдээрээ иргэн гэж бахирах болов. Одоо иргэн гэж ярихгүй бол бараг л улс төрч биш болох шинжтэй.

Ингээд 2007 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Иргэний нийгэм – иргэний боловсрол” чуулганыг сүр жавхлантайгаар хийв. Энэ чуулган дээр Ерөнхийлөгч Н.Энхбаяр :” Үндсэн Хууль батлагдсан цагаас хойш Засгийн газрууд энэ асуудалд нухацтай хандаж, иргэний боловсролын цогц хөтөлбөр дэвшүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлж байсангүй ээ” гэсэн суут дүгнэлт хийв. Өөрөө Засгийн Газрын тэргүүн байгаагүй юм шиг аашилж, чингэхдээ дутагдлыг бусад бүх Ерөнхий сайдуудад нялзаах новшийн арга хэрэглэж байгаа царай нь энэ. Ингээд тэр иргэний нийгэм, иргэний боловсролыг булаагаад авчихав.

Ивээлдээ авч том чуулган хийгээд ийм мундаг үг хэлчихсэн болохоор ямар ч хүн “иргэний боловсрол” хөтөлбөр бэлэн болжээ гэж бодох нь зүйн хэрэг. Гэтэл энэ нь болоогүй юмсанжээ.

2008 оны 2 дугаар сард Ерөнхийлөгч (Миний) ивээл дор боловсруулагдаж буй “Иргэний боловсрол” хөтөлбөрт буддизмын боловсрол тодорхой байр суурь эзлэх учиртай” гэж айлдав. Ядахдаа тэр “Иргэний Холбоо”-ны Д.Энхбатыг дуудаад энэ чинь ямар учиртай эд вэ гээд асуучихаж болно ш дээ. Гэвч тэр нэгэнт төрийн тэргүүн учраас бүх юмыг өөрөө санаачилж байх нигууртай гэж боддог бололтой.

Ингээд улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас “Иргэний Холбоо”-ны цөм хэсэг Ногоон Намд орж, түүнийг шинэчилж эхлэв. Энэ бол улс төрийн бараг цорын ганц, ухаалаг шийдэл байсан билээ. “Форумын” Д.Энхбат иргэнээ хаясангүй, харин ч иргэн хүнийг амьдрах орчинтой нь холбосон бүхэл бүтэн концепци дэвшүүлэн ажиллаж эхлэв.

Яг ингэмэгц нь Ногоон Намыг дотроос нь бужигнуулах гэж нэг үзэв. Хуучин арга нь бүтэж өгсөнгүй…

Тэгээд дөнгөж хэдхэн өдрийн өмнө 2008 оны 5 дугаар сард БОЯ, ШУА-тай хамтран “Байгаль орчин –шинжлэх ухааны бодлого” гэсэн том зөвлөгөөн зохион байгуулав. Тэд байгаль орчныг хамгаалах 6 зүйлт том зорилт дэвшүүлснээс гадна асар удахгүй “Үндэсний Эко Форум” зохион байгуулахаар тохирчээ. Энэ “Эко Форум”-ыг Ерөнхийлөгч “ивээлдээ” авах нь гарцаагүй, харж л байгаарай. Ер нь бэлэн болсон юм болгоныг “ивээл”-дээ авдаг нэг шинэ өвчтэй болчихсон юм л даа, тэр.

Хөөрхий муу Д.Энхбат форум, иргэн, эко (ногоон) гэсэн хамаг санаагаа хулгайд алдаж байгаагаа мэддэг ч юм уу, үгүй ч юмуу “Иргэний Эвсэл” байгуулаад л давхиж явна. Удахгүй “Иргэний Эвсэл”-ийн хөтөлбөрийг хулгай хийх биз. Яагаад гэвэл нөгөө сүрхий “Цогц Бодлого”-д нь огт байхгүй, цоо шинэ үндэслэлүүдийг шүтэн барилдуулж дэвшүүлсэн учраас тэр л дээ.

Ахиад л улиг болсон хөтөлбөр

УИХ –д суудал бүхий намууд сонгуулийн хөтөлбөрөө боловсруулахдаа “Цогц бодлого” –оо яг баримтлах ёстой гэсэн мөрдлөгө гарна. “Төрийн бодлого”-оосоо зөрнө гэж хаашаа харсан юм байдгийм…

Саяхан Дархан-Уул аймгийн Засаг дарга Д.Хаянхярваа гэгч лайтай нөхөр “Бид “Цогц бодлого” боловсруулсан. Одоо голыг нь сугалж байгаад юмаа хийх ёстой” гэж телевизээр донгодож байх юм. Цааш нь сонсоод байхад тэр нөхөрт төрийн бодлого байтугай, өөрийн бодлогын үнэр ч алга, тас харанхуй амьтан юм…

Лав л МАХН –ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн төсөлд”Цогц бодлого”-той холбоотой зүйл байхгүй байна лээ дэг. АН ч гэсэн “үйлдвэржүүлэлт” гээд бас л хадуураад явчих бололтой. Нөгөө Ногоон хэрэм, Хархориныг жишиг хот болгоно молгоно, энээ тэр гээд байсан нь газрын гаваар орчихсон бололтой. Ингээд Д.Хаянхярваагийн хэлдгээр “Цогц бодлого”-ынхоо “голыг нь сугалах” бололтой.

Ингэх байсан юм бол үхснээ хийж бүхэл бүтэн гурван жил рекламдаж, эрдэмтэн нэртэй баахан амьтан бужигнуулж, ард олны толгойг эргүүлж сүржигнэсэн юм.

Төрийн бодлого гэж жаахан ч гэсэн амьдралд хэрэгждэг юмыг хэлдэг болохоос биш, сонгууль болохоор иргэдээ хуурах чихрийн цаас биш билээ. Бас мөрөөдлөө жагсаагаад бичихийг ч бодлого гэдэггүй юм.

Гэтэл одоо цоо шинэ “бодлого” яриад эхэлж байгаа чинь хуучны ядарсан арга биш гэж үү ? Хэрэгжүүлж чадахгүй хэвтэж яасан ч “бодлого” боловсруулах дуртай амьтад байдгийм… Одоо яаж ч шахаад Та нарын толгойноос “бодлого” гарах хөг нь өнгөрсөн.

Харин богино хугацаанд боловсруулсан хэдий ч С.Баярын “Таван төгөлдөржилт” бол ёстой жинхэнэ бодлого байсан гэдгийг би мэргэжлийн хүний хувьд нотолж чадна. Энийг ч одоо унагаагаад бараг дуусч байна даа.

Уг нь ном ёсоороо бол улс төрийг албан ёсны баримт бичгээр нь судалж дүгнэдэг юм л даа. Манайд бодлого, үйлдэл хоёр буюу ам ажил хоёр нь ямагт зөрдөг болохоор “судлах” гэж тамаа цайдаг юм. Үнэнээ хэлэхэд Би Та нарын бодлого гэсэн “хур хог”-оос ёстой залхаж байна.

Одоо Та нарын ямар “бодлого” гаргахыг чинь гадарлаж байгаа, бас түүнийг чинь няцаах оюун сэтгэлгээний боломжтой байгаадаа л баярлаж суухаас…

Хэлээд байхад үхэр шиг зүтгэж байгаад баталсан “Цогц Бодлого”-оо хэрэгжүүлэхийг чинь харъя л даа.

Улс төрчид өө, Та нар жаахан аятайхан байж, саяхан баталсан “гэгээн” төрийнхөө “Цогц Бодлого”-оороо явна шүү…

Судлаач Д.Ганхуяг

2008 оны 5 дугаар сарын 18.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: