ШИНЭ ЗУУНЫ УЛААН ХАМГААЛАГЧИД

У.Хүрэлсүх, Ц.Чимэдцэрэн, Д.Энхтуяа гэдэг сайхан залуучууд шоронд оров. Өмнөхөн нь Ц.Бадраа, Д.Түмэнгэрэл нар амь үрэгдсэн билээ. Мөн ХЗХ-ны олон залуу, зарим нь гэр бүлтэйгээ шоронд сууж байна. Би эдгээр залуусын ихэнхийнх нь буруу хэрэг, гэм зэмийг ил далдгүй сайн мэднэ. Зөвхөн залуучууд банк ухдаг, хулгай хийдэг, авилга авдаг болчихоогүй байлтай. Энэ бол 1960-аад онд залуучуудыг хөөргөж “соёлын хувьсгал” гэгчийг хийлгэчихээд хэсэг хугацааны дараа бүгдийг нь золигт гаргаж хятадын ард түмний бүхэл бүтэн үеийн амьдралаар тоглосон Мао-гийн туршилттай утга нэг юм аа. Залуучуудыг зольж байгаа муу ёр шүглэсэн адгийн новшнуудыг зайлуулаагүй цагт энэ бузар явдал цаашид ч үргэлжилнэ гэдгийг би сайн мэдэж байна. Дээр хэлсэн муу ёр гэдэг бол мухар сүсгийн эртний үг биш, орчин үеийн шинжлэх ухаанд ч антисистем гэсэн сөрөг ойлголт байдаг юм. Тэгээд залуучуудыг золих антисистем яаж хөгждөг талаар яг нэг жилийн өмнө бичсэн өгүүллээ дахин нийтэлж байна. Залуучууд минь ухаараач, болгоомжтой байгаач дээ.

Ардчилсан социалист залуучуудын холбооныхон Эрүүл нийгмийн О.Магнайг сүрдүүлж гэнээ. Эхлээд энэ бузар улаан хамгаалагчид хаанаас төрснийг нь хэлээд өгье, дараа нь намайг сүрдүүлэхийг нь харъя л даа.
Нам доторх аятайхан залуучууд
1994 оны 6 дугаар сарын 8.9 –нд МАХН –ыг дэмжигч, гишүүд, залуучуудын анхдугаар хурлаас “МАХН – ын залуу гишүүд дэмжигчдийн зөвлөл”-ийг байгуулсан юм. Энэ нь тухайн үеийн нөхцөл байдлыг сайтар тунгааж бодсон ухаалаг алхам байлаа. Шинэ байгууллага МАХН тогтолцоог ашиглахаас өөр аргагүй байсан ба Б.Даш-Ёндон үүнд ихээхэн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ намын аппаратыг залуужуулж У. Хүрэлсүх Ү.Ариунаа, С.Дэлгэрнаран нарын хэдэн залуу авсан юм. Залуучууд хэд хэдэн хурал хийж, намын ажилд тун идэвхитэй оролцдог байсан юм. Энэ хэдэн залуусаа ажилд сургаж, аажмаар ахиулна даа гэж Б.Даш-Ёндон хэлдэг байсныг би сайн санаж байна. Тэд үнэхээр аятайхан залуучууд байв.
Ялагдлын дараах галзуурал
1996 онд МАХН сонгуульд ялагдав. Энэ ялагдлын дараа П.Жасрайн засгийн газрын гишүүд нэгэн газар нууцаар цугларч, бие биенээ насан туршдаа дэмжиж явах тангараг өргөсөн байдаг. Үнэн хэрэг дээрээ тэд нам болон төрийн ар хударгаар банкнаас мөнгө дээрэмдэж, түүгээрээ өмч хувьчлалиас завшиж гаршсан анхны дээрэмчид байсан юм. Мөнгөний амтанд гүнзгий орсон тэд Б.Даш -Ёндонгоор туг тахиж, өөрсдөө хязгааргүй эрх мэдэлд хүрч чадсаны оргил нь Н.Энхбаяр юм. Ингээд намыг залуужуулах лоозон сайхан боловч тэнэг лоозон дэвшүүлэв. Нөгөөх У.Хүрэлсүх бүр галзуурав. Үүнийг нь сэтгэл зүйн хувьд ойлгож болох байв. МАХН- ын эдийн засгийн удирдагчид намыг шинэчлэх гэсэн сайхан урианы дор улс төрийн эрх мэдэлд хүрэх операци явагдаж эхэлж байгааг тун цөөн хүн мэдэж байлаа. Үүнд зэвсэг хэрэгтэй ба тэр нь мэдээж залуучууд байв.
Тулгалт
У.Хүрэлсүх МАХН – ын ялагдалд буруутан хайсан баахан залуучууд цуглуулан Удирдах Зөвлөлийг огцруулах, МАХН – ын Бага Хуралд 60 шинэчлэгч шууд нэмж оруулах улс төрийн шаардлага тавьсан ба энэ залуусын магнайд Н.Энхбаяр байсан нь мэдээжийн хэрэг. Б.Даш-Ёндонгийн даалгавраар Г.Чулуунбаатар бид хоёр У.Хүрэлсүхтэй одоогийнхоор бол зөвшилцөл хийх гэж хэд хэдэн удаа уулзсан юм. Боловсрол байхгүй сагсуу пацааныг яриан дунд няцааж, саналаа зөвшөөрүүлэх шиг амархан зүйл үгүй байв. Гэтэл тэр амлалтаасаа байнга няцаж, түрэмгий үйлдэл дэс дараалан санаачилж байсан нь түүнийг хэн нэгэн хүчирхэг гар удирдаж байсныг харуулдаг юм. Уурлаж галзуурсан тэр сагсуу залуу Б.Даш-Ёндонг элэгдэж унагаж байсан л юм даа. Энэ тулгалтын дагуу МАХН – ын Бага Хуралд шинэ төрсөн улаан хамгаалагчид орж, Н.Энхбаярыг дэвшүүлэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн билээ.
Залуу шинэ нам
Намын шинэ даргын амны уншлага намын шинэчлэл болов. Тэр нам дээр үзэгдэхээсээ илүү Лениний музейд нүүн очсон залуучуудын байгууллага дээр байнга ажилладаг болсон юм. Гадна талаасаа бол намын шинэ дарга залуучуудтай тулж ажиллаж байна гэж ойлгож болох боловч асуудлын мөн чанар огт өөр зүйлд байлаа. Учир нь удахгүй хуралдах МАХН – ын Их Хурал дээр туйлын эрх мэдэл авах гэсэн хуйвалдаан, зохион байгуулалт хийгдэж байгаа нь илт байлаа. Хэрэв тэд ингэж чадахгүй бол шинэ Монголын Ардчилсан Социалист Нам байгуулах төлөвлөгөө боловсруулсан байсан нь олон баримтаар нотлогддог юм. Намын бага хурлаар намын шинэ дүрэм боловсруулж намын даргын албан тушаал бий болгосон байв.
XXII их хурлын өмнө ба хойно
1997 оны 2 дугаар сарын 21 – 24 – нд МАХН – ын XXII их хурал болов. Мэдээж намын даргын суудалд Н.Энхбаярын нүд унаж, шүлс гоожиж байв. Н.Багабандийг намын дарга болгож, удалгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд түүний нэрийг дэвшүүлж Ерөнхийлөгч болгоод дараа нь намын даргын албан тушаалыг Н.Энхбаярт өгөх нь нь хамгийн ухаалаг хувилбар байсан юм. Гэтэл Н.Энхбаяр шууд намын дарга болох гэж улайран зүтгэж, үүндээ шинэ зохион байгуулсан улаан хамгаалагчдаа ашиглаж эхлэв. Их Хурлын өмнөхөн Ардчилсан Социалист нам байгуулах бүлэг байгуулагдаж байгаа, түүнд оролцохыг хүссэн хүмүүс цуглана уу гэсэн зар хэвлэлээр цуврах болов. Цуглах газар нь МАХН – ын Удирдах Зөвлөлийн гишүүн У.Уламбаярын хувийн кампанийн хаяг байсан юм даа. Их Хурлаас хоёр хоногийн өмнө болсон Удирдах Зөвлөлийн нэгэн хуралдаан дээр Н.Энхбаяр “Манай намын хэсэг гишүүд нам шинэчлэгдэхгүй бол Ардчилсан Социалист нам байгуулна гэсэн өргөдөл өгөөд байна. Яах вэ ?” гэсэн асуулт гэнэт тавив. Сорьж байгаа нь тэр. Тэр үед Удирдах Зөвлөлийн гишүүн байсан би “Наад хөгийн асуудлаа Их Хурлын дараа ярьвал таарна. Ер нь шинэ нам байгуулах асуудал бол МАХН – ын асуудал биш” гэдгийг пал хийтэл хэлж орхив. Н.Энхбаяр над руу нэг том харснаа шинэ нам байгуулах “өөрийнхөө” өргөдлийг ширээндээ далд хийж орхилоо.
XXII Их Хурлаар Н.Багабанди 75.45 хувийн саналаар намын дарга, Н.Энхбаяр Ерөнхий нарийн бичгийн дарга, Л.Энэбиш нарийн бичгийн дарга болсон юм.
Улаан хамгаалагчид өрх тусгаарлав
Ингэж байтал 1997 оны Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирэв. 1997 оны сонгуульд Н.Багабанди намын удирдлагын зүгээс огт дэмжлэггүй, зөвхөн намын олон түмний дэмжлэгтэйгээр оролцож ялсан нь хачирхалтай боловч үнэн юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн компани ид явж байх үед МАХН – ын залуу гишүүд, дэмжигчдийн III (II ?) зөвлөлгөөн хийхээр төлөвлөж байтал гэв гэнэт “Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо”-ны анхдугаар их хурлыг хийх юм болов. Үүнийг тун нууцаар бэлтгэсэн байжээ. Бие даасан санхүү, бие даасан бүтэцтэй шинэ байгууллагын төслийг уг хурал болохоос хоёрхон өдрийн өмнө бидэнд танилцуулдаг юм байна. Энэ бол улс төрийн дуэльд шууд дуудсан хэрэг байлаа. Энэ асуудлыг Удирдах Зөвлөлөөр хэлэлцэе гэсэн санал гаргахад дуртай дургүй зөвшөөрсөн бөгөөд энэ хуралд нэг талаас МАХН- ын Удирдах Зөвлөл бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн байхад МАСЗХ – ны талаас Тунгалаг гэдэг нэг годгор охин ирсэн гээд бодчих. Ямар ч гэсэн МАСЗХ –ны нууц удирдагч Н.Энхбаяр, ил удирдагч У.Хүрэлсүх нар намаа үл тоож байгаа нь илэрхий болов. Н.Багабанди энэ хурал дээр аядуу үг хэлж байдлыг арай зөөлрүүлж чадсан юм. Ингэж МАХН улаан хамгаалагчдын зэрэгцээ намтай болсон юм. Тэд ажлаа МАХН – ын нэрээр 150.000 ам.доллар зээлж, компаниудад тарааж үрэн таран хийж эхэлсэн юм. Энэ талаар хангалттай баримт бий.
Зэрэгцээ нам
Н.Багабанди Ерөнхийлөгч болсны дараа Н.Энхбаяр намын дарга болов. Шинэ даргаа УИХ – ын гишүүн болгох гэж шинэ хуучингүй нам даяараа хөдлөв. Н.Энхбаяр Завханд амжилт олоход Н.Багабанди, Л.Энэбиш нар ихээхэн үүрэг гүйцэтгэж, асар их тус болсныг би гэрчилж чадна.
Н.Энхбаяр МАХН – ын бүтцийг өөрийн шинэ бизнесийн бүтцээр солих зохион байгуулалтын ажилд ханцуй шамлан орсон юм. МАСЗХ 1997 оны 9 дүгээр сард Хөвсгөл, Баян –Өлгий, Ховд, Сэлэнгэ, Дархан-Уул, Сүхбаатар, Төв аймгуудад, 1998 онд Дорнод, Говь-Алтай, Өвөрхангай, Говьсүмбэр, Дорноговь, нийслэлийн Баянгол, Налайх, Багануур зэрэг дүүргүүдэд өөрийн бие даасан салбарыг байгуулж, оюутан залуусын “Тэмүүлэл” хөдөлгөөнийг үүсгэн байгуулав. Эдгээр нь МАХН –тай зэрэгцээ ажиллах, сөрөг хүчин болон өрсөлдөгчдөө дарах тэнэг муна болсон МАСЗХ, МАСОХ (оюутны холбоо) байгууллагын үндэс болсон юм. Үүний удирдагч, зохион байгуулагч нь МАХН – ын шинэ дарга Н.Энхбаяр байлаа.
2000 – 2004 оны сагсуурал
2000 онд МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан нь улс төрийн нэн таатай орчин бий болгов. Ардчилсан Нам дотоод тэмцэлдээ идэгдэн хоёр жил гаруй таг дуугүй болов. МАСЗХ –оос У.Хүрэлсүх ганцаараа УИХ – ын гишүүн болов. Харамсалтай нь түүнтэй хамт тэмцэж явсан олон сайхан залуус гудамжинд хаягдсан юм. Одоо тэдний заримтай хааяа тааралдах. Чи чинь улс төрөө яачихаав гэхэд Ганаа ах минь дээ, би ахиад ийм балиар юманд ахиж оролцохгүй гэж тэд хэлдэг юм. У.Хүрэлсүх үй зайгүй найз Дэлгэрнарангаа эмнэлэгт хэвттэл зодож байсныг би сайн санадаг бөгөөд одоо түүнд замын цагдаагаас эхлээд зодуулсан хүний тоо замаа алдсан. Гэвч дараа дараагийн ашиглах залуучуудаар МАХН, АСЗХ хангалттай болсон байлаа.
Энэ хооронд Н.Энхбаяр Үндэсний Удирдагч, Чингис хаан болон тодорч, монголын төрийг авилгалын аалзны тороор бүрэн хэрж, хордуулах болов. Тэр МАХН – ыг МАСЗХ –оор сүрдүүлж, дарамталж, түүнийг улс төрийн өрсөлдөгчдөө дарах зэвсэг болгон хувиргасан юм.
Хувьсал
Н.Энхбаярын удирдлагаар төрийн байгууллагуудын албан тушаал зах зээлд шилжиж, өгсөн мөнгөнийхөө хэмжээгээр албан тушаал авдаг, өгдөг болсны гол суваг нь МАСЗХ болсон билээ. Асар удалгүй эдийн засгийн ашиг сонирхлыг гол болгосон, үүндээ дуйлдуйдан дарга болох хүсэлтэй залуучуудаар МАСЗХ дүүрсэн бөгөөд тэнд албан тушаалд орохын тулд өгөх авилгын мөнгөний ханш эртнээс тогтсон байдаг. Намд хаа хамаагүй байсан, дарга болох хүсэлтэй бухан бяруунууд эрх баригчдаа магтан дуулах үндсэн ажилтай болж, тэдний аман тушаалаар намд хандив цуглуулах, элдэв баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах зэрэг хууль бус ажлуудыг хийж эхэлсэн билээ. Тансаглалын дээд болсон элдэв төрлийн бүсийн чуулга уулзалтууд, “Алтан сарнай”, Үндэсний удирдагчийн 30 шахам оны шилдгийн найр наадам, хамгийн гол нь сонгууль зэрэг арга хэмжээнүүд нь бидний татварын мөнгийг ёстой нэг ховх сордог байлаа. Энд “бурхдын найр” болдог байсан ба одоо дор хаяж эдгээр арга хэмжээнд орсон залуучуудаас ДОХ – ын шинжилгээ авах шаардлагатай гэж би боддог юм. Тэд сүүлийн жилүүдэд иргэний хөдөлгөөний эсрэг янз бүрийн хувилбараар сөрөг хөдөлгөөн, жагсаал зохион байгуулах нэг чухал ажилд гаршсан бөгөөд энэ нь одоо ч гэсэн үргэлжилж байна. Нэрд гарсан тэмцэгч хөдөлгөөнүүдээс бусад хөдөлгөөн хэмээгчид нь Н.Энхбаярын зохион байгуулсан МАСЗХ –ны хувилсан дүрүүд юм.
Золиос
Эрх баригчид залуучуудын нэрээр Хадгаламж зээлийн хоршоо байгуулж мөнгө угаахын зэрэгцээ тэдний ХЗХ -оос намдаа хандив авдаг гэмт хэргийн пирамид тогтоожээ. Одоо энэ пирамид нурж, түүний буруутан нь ХЗХ байгуулж, МАХН-д хандив өгсөн залуучууд болж таарч байна. Н.Энхбаярын байгуулсан авилгын системийн золиосонд нэлээд хүний амь нас үрэгдэж, олон залуу шоронд орсон ба одоо бас нэмж олон хүн орох нь гарцаагүй байна. Улаан хамгаалагч залуучууд намайг мэдэхгүй боловч би тэднийг сайн мэддэг юм. Энэ удаад наранд болон нарсанд буй нэр нь ил гарсан цөөн хүний нэрийг дурдаж буй ба энэ нь тэдний хувийн нэр төрийг бодсон хэрэг юм.
МАСЗХ – ны анхны Ерөнхийлөгчийн албыг У.Хүрэлсүх, дараа нь У.Уламбаяр, М.Энхболд нар хашиж байсан ба одоо Г.Занданшатар гүйцэтгэж буй.
Улаан хамгаалагчдын энэ отрядыг Н.Энхбаяр өөрийн гараар байгуулж улс төр санхүүгийн луйврын зэвсэг болгосон нь хаашаа ч хөдөлшгүй баримт юм. Ангалын ирмэг дээр ирсэн ямбий машины жолоон дээр сууж буй М.Энхболдыг өмөөрөөд байх ямар ч шаардлага надад алга. Гэхдээ гол бөгөөд үндсэн нүгэлтэн нь буруугаа бусад руу чихэж ганцаараа амьд үлдэнэ гэж хор найруулж байгаа нь дэндүү жигшилтэй байна.
Н.Энхбаярын өмнөөс гаалийн Х.Баатар болон УИХ–ын гишүүн асан Б.Өвгөнхүү нар шоронд< оров, Д.Бадраа амь үрэгдэв, Ц. Түмэнгэрэл болон Ц.Чимэдцэрэн мөн ялд унав, МАХН-д хандив өгсөн ХЗХ–ны ихэнхи залуучууд олон жилээр хоригдох ял авав. Нүглийнх нь тухай бичсэн Г.Дашрэнцэн, Г.Уянга болон мань мэтийн сэтгүүлч судлаачид шүүхийн байнгын ажилтан шиг болж, ял шийтгүүлэв. Саяхан тэр дотно найз Ц.Нямдоржийгоо золионд гаргав. Хууль засах ажил Н.Энхбаярын үед эхэлснийг нотлосон хэвлэлийн хуудас шарлаагүй л байгаа шүү. Одоо тэр өөрийн залгамжлагч М.Энхболдыг унагах гэж улайран хор найруулж байна.
"Хажуудахаа бүгдийг нь зольчихоод ханилснаа бүгдийг нь барчихаад хорвоо дээр яаж амьдарна гэж бодож байгаа араатан бэ ?"
Судлаач Д.Ганхуяг
2007 оны 3 дугаар сарын 7.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to ШИНЭ ЗУУНЫ УЛААН ХАМГААЛАГЧИД

  1. bat says:

    Уурлаж галзуурсан тэр сагсуу залуу Б.Даш-Ёндонг элэгдэж унагаж байсан л юм даа. ahmad hvniig hvndetgeh mongol yos zanshil maani haana bna, ene ahmad hvniig ingej bgaa hvn uuriinhuu aaviig ch ingene l gsn vg dee, ene bol hvn bish bnaa.

  2. bat says:

    Тансаглалын дээд болсон элдэв төрлийн бүсийн чуулга уулзалтууд, “Алтан сарнай”, Үндэсний удирдагчийн 30 шахам оны шилдгийн найр наадам, хамгийн гол нь сонгууль зэрэг арга хэмжээнүүд нь бидний татварын мөнгийг ёстой нэг ховх сордог байлаа. Энд “бурхдын найр” болдог байсан ба одоо дор хаяж эдгээр арга хэмжээнд орсон залуучуудаас ДОХ – ын шинжилгээ авах шаардлагатай гэж би боддог юм…heleh yum algaa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: