ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 3
2008/01/22 1 Comment
ТӨСӨЛ БОЛОВРУУЛАХ НЬ
Энэ удаагийн зөвлөгөөний чиглэл нь төсөл боловсруулах талаар байх болно. Энд маш олон алдаа гардаг болоод тэр л дээ. Эрхэм Таныг нэг сэдэвтэй болоод авлаа гэж бодъё. Ингээд юу хийх вэ гэдэг асуулт залуу хүнд ямагт тулгардаг.
• Би энэ, тэр сэдвийг судалж байгаа гэж ярьсаар байгаад арав гаруй жил болсон хүнийг би мэднэ. Судлаагүй байж яриад явах нь их л муухай байдаг юм. Ийм хоосон амт болохгүйн тулд Та дор хаяж өөртөө өдөрт 1 – 2 цаг зарцуулах төлөвлөгөөтэй болж, улмаар ингэж ажиллаж сурах хэрэгтэй. Энд ӨӨРТӨӨ гэдгийг онцолж байна. Яагаад гэвэл Таны өөрөө хийсэн судалгаа чинь Танд алдар нэр, мэдлэг, амжилт авчирдаг учраас тэр юм.
• Та аль нэг сэдэв, төсөл дээр ажиллах боллоо. Өөрөө юм уу, байгууллагын төлөвлөгөөнд тусгаад судалгаа хийж болно. Энд Та төлөвлөгөөгөө, өөрөөр хэлбэл төслөө дураараа зохиож болно. Гэхдээ залхуурах үүднээс удаан хугацаа тавьж болохгүй. Ингэвэл Та өөрийгөө хорлож байна гэсэн үг.
• Та өөрийгөө нэлээд шахсан төлөвлөгөө зохиох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрийгөө албадаж сурах хэрэгтэй. Монгол хүн ингэхгүй бол болдоггүй юм. Мэдээж өвчин зовлон, спорт, урлагийн тэмцээн, найз нөхөд гээд Танд цагаа зарцуулах өөр зүйл, амьдралын асуудал бишгүй олон байгаа. Гэхдээ дээр дурдсан бүхэн чинь Таны амьдралыг хэзээ ч тодорхойлохгүй.
• Та яг судалгааны ажил эрхлээгүй байсан ч ажлаа судалгаан дээр тулгуурлан явуулах зайлшгүй шаардлага үүснэ. Та ядахдаа судлаач нарт залилуулчихгүй байхаар мэдлэгтэй байх ёстой. Мөн арга ядсан үед өөрөө бие дааж судалгаа хийж чаддаг байх ёстой. Аль нь ч байлаа гэсэн Та төсөл боловсруулах ёстой боллоо.
• Судалгааны төслийг өөрөө боловсруулаад холбогдох байгууллага, эрх мэдэл бүхий хүмүүст танилцуулах, эсвэл тендерээр зарласан судалгаанд оролцох хоёр хувилбар байдаг.
• Аль алинд нь цаг хугацаа давчуу. Одоо яах вэ ?
• Түүнээс гадна зарласан тендерт оролцох гээд судалгааны өөр олон баг ажиллаж байгаа. Энд илт өрсөлдөөн явагдана. Тэд Танаас буюу Танай багаас лав л дутахгүй мэдлэгтэй байгаа гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.
• Эхлээд төслийн баг бүрдүүл. Социологи бол ямагт ХАМТЫН ТОГЛОЛТ гэдгийг насан туршдаа санаж яваарай. Хичнээн сайн социологич байсан ч ганцаараа юм хийж чаддаггүй юм. Багийн гол цөм нь 3 – 5 хүний бүрэлдэхүүнтэй байвал хамгийн үр дүнтэй мэт байдаг. Зарим ном зохиол үзэж байхад багийн гишүүдийг 5, бүр 9 янзаар ангилсан байх нь ч бий. Гэхдээ аливаа ажлыг хийхэд санаа гаргагч (генератор идей), зохион байгуулагч, гүйцэтгэгч гэсэн гурван үндсэн элемент байдаг юм шиг санагддаг. Багаар удаан ажиллаад ирэхлээр энэ хүмүүс чинь аяндаа ялгараад ирдэг юм. Дээрх элементүүдэд хэдэн ч хүн байж болно. Багийн гишүүдийн тоо хэт олон байх нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлдөг. Ер нь багийн гишүүдийн тоо 10 – аас хэтрэх нь дэмий байдаг юм.
• Та, эсвэл танай баг тендерт оролцохоор судалгааны төлөвлөгөө боловсруулах боллоо. Эхлээд сэдэвтэй холбоотой материалуудыг цуглуул, огт судлаагүй сэдэв гэж бараг байхгүй дээ. Тэгээд ч та судлах гэж байгаа сэдвийн талаар тодорхой мэдээлэлтэй болохын тулд энэ нь зайлшгүй чухал.
• Тэгээд багаараа цуглаж юу хийх, юуг судалж мэдэх шаардлагатай байна, бид юуг хийж чадах вэ гэдгээ тооцоолж бодож төлөвлө, хамгийн гол нь сайн маргалд. Үүнийг оюуны шуурга гэж нэрлэх нь ч бий. Ингэж онолдож, мэтгэлцэж, маргалдах нь их үр дүнтэй болохыг та нар мэдрэх болно.
• Судалгааны төсөлд гардаг түгээмэл алдаа бол нэг амьсгаагаар бүх зүйлийг судлах гэж оролдох явдал байдаг. Тендерт шалгарах гэдэг нь сайхан судалгаа хийх мөрөөдөл биш. Тендер зарлагч гадаад, дотоодын хүмүүс сайхан төлөвлөгөөнд хууртдаг үе өнгөрсөн. Бүх юмыг нь жин тан, цааш судалгаа хийх аргагүй болтол сайхан хийсэн төлөвлөгөө гаргах, залуучуудын хэлдгээр бүлт үсрэх нь нэгдүгээрт, ичмээр, хоёрдугаарт, цаад хүмүүс чинь Та нарыг солиотой гэж бодоход хүргэнэ.
• Тендерийн төсөл багцаагаар 5-8 хуудаснаас хэтэрч болохгүй. 50 хуудас төлөвлөгөө боловсруулаад унаж байсан олон тохиолдлыг би мэдэх юм. Ний нуугүй хэлэхэд би ч гэсэн нэг удаа ингэж үзсэн.
• Төлөвлөгөөнд гардаг удаах алдаа нь тулгамдсан асуудлыг дэлгэрэнгүй тоочих явдал байдаг. Энд голдуу юу судлах, ямар үр дүнд хүрэх зэрэг энгийн юм байхгүй байдаг. Тэр хүмүүс чинь тендер зарласан сэдвээрээ Та нараар лекц бичүүлэх гээгүй шүү дээ.
• Хамгийн хөгийн алдаа нь зарласан мөнгийг судалгаанд хуваарилахад олонтаа гардаг. Энэ нь монголчууд бидний мөнгөтэй харьцаж сураагүйгээс үүдэлтэй юм уу даа. Ухаандаа 5000 долларын төсөл байлаа гэхэд монголчууд бид түүнийг хуваахдаа 500, 1000 гэх мэтээр тэгш том тоогоор хуваадаг. Ингэвэл цаад хүмүүс чинь таныг тэнэг гэж бодохоос өөр аргагүй юм. Центээр хувааж болдоггүй юм гэхэд ядахдаа аравтын оронгоор хувааж болно шүү дээ. Ялангуяа Герман, Англичуудтай харьцахдаа үүнийг илүү анхаар. Хэдэн тоо хуваахаас залхуурна гэдэг бол таны ажилдаа хайхрамжгүй хандаж байгаагийн нэг л жишээ болно. Нөгөө талаас энэ нь таны судалгааны үнийн санал бодитой биш байгааг харуулж байдаг.
• Ер нь бол эхлээд мөнгөө бодох нь Таны амжилтыг гарцаагүй багасгана. Иймээс судалгааныхаа тооцоог их бодитой, шударга, нарийн, үнэн зөв гаргах хэрэгтэй. Та нэг удаагийн судалгаа хийх гэж байгаа биш л бол үүндээ шударга хандах ёстой. Тендер зарлагч, олон улсын багууллагуудад энэ талын маш тодорхой нарийн үнийн судалгаа байдаг юм. Иймээс та унааны зардал, онгоцны тийзний үнэ, бичгийн цаас, принтерийн хор гэх мэт бичиг хэргийн зардлаа ч гэсэн маш үнэн зөв тухайн үеийн бодит үнэ ханшаар тооцох хэрэгтэй. Ингэвэл Танд хүмүүс итгэх болж, цаашдын тендерт Таныг шалгаруулах магадлал ихэснэ.
• Надаас олон залуу хүн надад сайхан гээчийн төсөл олоод өгөөч гэж гуйдаг юм. Өөрөөр хэлбэл надаар хэлүүлж их мөнгөтэй төсөл олж авахыг хүсч байна. Аливаа ажилд гэв гэнэт их мөнгө орж ирэх нь бараг байхгүй л болов уу. Ялангуяа Та залуу бол Таныг хүмүүс бараг тоохгүй. Би ч ийм зовлонг амсаж байсан. Ийм учраас Та эхлээд юмыг багаас нь эхлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өвдөл цөвдөл гэж голж болохгүй гэсэн үг.
• Өөрийнхөө туршлагаас яръя л даа. Би улс төрийн судалгаагаар нэг хэсэг хөөцөлдөж байлаа. Энд судалгааны төсвийг цаанаас нь өгчихдөг байсан болохоор санаа зовох юмгүй байв. Тэгээд цэвэр нийгмийн тулгамдсан асуудлаар социологийн судалгаа хийх гэтэл орон зайг нэгэнт бусад хүмүүс эзэлчихсэн байв. Одоо яах вэ? гэдэг асуудал тулгарлаа. Тэгээд би өвдөл цөвдлөөс эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, нэгэнт явуулсан судалгааны дахин боловсруулалт хийх, тайлан бичих, арга зүйн зөвлөгөө өгөх гэх мэт. Энэ үед би өөртөө болон бусдад гомдмоор бага мөнгө олж байлаа. Гэхдээ би мэргэжилдээ үнэнч байсан, шударга байсан.
• Баг бүрдүүлэхийн чухлыг дахин хэлье гэж бодож байна. Сайн баг дор хаяж хоёр жилийн уйгагүй хөдөлмөрөөр бий болдог. Эхлээд манай залуучууд хамтын тоглолтыг мэдэхгүй, туршлага гээд байх юм огт байхгүй байлаа. Ажлын дунд тэд маш хурдан өсч, одоо зарим талаар надаас хавьгүй илүү болсон. Миний бахархдаг гол юм энэ.
• Миний багийн залуучууд надад их тус болсон. Би ч гэсэн тэдэнд багагүй тус болсон. Аажмаар хагас төсөл, бүтэн төсөл, сүүлдээ захиалгын төсөл ирэх болсон. Миний мундагт болоод захиалга өгөөд байгаа юм биш шүү. Бидний шударга, хэлсэн амандаа хүрдгээс ийм болсон болов уу гэж би боддог юм. Залуу социологич Танд ийм бэрхшээл гарцаагүй тулгарна гэдгийг би сайн мэдэж байна. Иймээс Танд гэж хэлэхэд эхлээд мөнгө бодолгүй ажил хийхийг бодож үз. Хэрэв Та ажилдаа дуртай болоод сайн хийдэг болоод ирэхийн цагт мөнгө хар аяндаа ороод ирнэ. Танд өвдөл цөвдлөөс эхлээрэй, ажлыг битгий голоорой гэж дахин хүсч байна.
• Олонх дарга түшмэдүүд өөрийгөө социологи мэддэг гэж үздэг юм. Үнэндээ бол тэд юу ч мэдэхгүй байгаа. Гэхдээ тэд Танд заавал саад болно. Энэ тохиолдолд мэдэмхийрээд байх хэцүү, үгэнд нь ороод байх хэцүү байдаг. Энэ асуудлыг аажим аажмаар шийдэх өөрийн төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Аливаа асуудлыг аажмаар, харьцаагаараа дамжуулаад шийдчихэж болно. Аль нэг дарга даамалын үгийг хэт үгчлэн дагах нь олонхи тохиолдолд судалгааны чанарыг бууруулдаг. Тэгэхлээр эвийг нь олж үз.
• За ингээд Таныг баг болох хүмүүс бүрдүүлээд тендерт оролцох боллоо гэж үзье. Та нар цуглаад ажил үүргээ хувааж авах хэрэгтэй. Баг гүйцэд бүрдээгүй байхад энэ нь ч гэсэн хүнд асуудал байдаг. Хэн нэг нь голлоод бусдыгаа үгүйсгээд байгаа ч юм шиг, хэт мэдэмхийрээд байгаа ч юм шиг болчихдог. Хэрэв ажилдаа сэтгэл гаргаад байвал Та бүхэн удалгүй бие биенийхээ занг ойлгох болж, дасаад эхэлдэг. Ажил үүргийн хуваарь ч тодорхой болдог. Бид нэг их заавар дүрэм гаргаад байгаагүй хэдий ч хэн нь энийг нь, нөгөө нь үүнийг нь, би удаагийнх нь хийнэ гэдгийг мэддэг болчихдог. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн хуваарь нарийсч, хүмүүс чинь нарийн мэргэшлийн болж байна гэсэн үг.
• Төслийн зорилго нь тодорхой асуудлыг хамгийн бага өртгөөр хамгийн сайн судалж чадах багаар гүйцэтгүүлэх явдал байдаг. Иймээс маш товч, тодорхой судалгааны төлөвлөгөө гаргах зорилт үүснэ. Үүнийгээ та бүхэн төсөл шалгаруулагчдад өгөх төслийн материалдаа тусгах хэрэгтэй болно. Судалгааны төсөл бичихэд юуны түрүүнд судалгаанд оролцохыг хүссэн өргөдөл (Өөрийн байгууллагын бланкан дээр хэвлэсэн тамга тэмдэгтэй гарын үсэгтэй), багийн танилцуулга, судлаачдын CV судалгааны санал, үнийн санал, календарчилсан төлөвлөгөө зэргийг бүрдүүлэх хэрэгтэй.
• Эдгээр үндсэн материалуудаас гадна зарим байгууллагууд бусад зарим нэмэлт мэдээлэл, баримт бүрдүүлэхийг шаарддаг. Тиймээс тендер зарласан байгууллагад хандаж ямар ямар материал бүрдүүлэх шаардлагатайг биечлэн лавлавал зүгээр. Зарим тохиолдолд судалгааны төслөө монголоор бичихэд хангалттай байдаг бол зарим олон улсын байгууллагууд зөвхөн англи хэлээр бичсэн төсөл хүлээж авахыг шаардана.
• Ихэнх тохиолдолд тендерт ирсэн саналуудыг шалгаруулах баг ажилладаг. Тэд нэн тэргүүнд танай багийн танилцуулганд анхаарлаа хандуулна. Үүнд хэн хэн гэдэг судлаачид оролцож байна, тэдгээр судлаачдын ажлын болон судалгааны туршлага, оролцсон, удирдсан, гүйцэтгэж дуусгасан судалгааны ажлууд, тухайн зарлагдсан сэдэвтэй холбогдох ижил төстэй судалгааны ажилд оролцсон эсэх гэх мэт судлаач тус бүрийн CV маш тодорхой бичигдсэн байх хэрэгтэй.
• Тухайн баг хэр зэрэг туршлагатай баг байна гэдэг нь бас чухал. Урьд нь багаараа ямар судалгааны төсөл хэрэгжүүлж байсан, судалгааны багийн ахлагч хэр зэрэг туршлагатай судлаач байна, мөн баг маань аль байгууллагыг төлөөлж байна гэдгийг анхаарна. Өөрөөр хэлбэл захиалагч байгууллага маань судалгааг чанартай гүйцэтгэх, хариуцлага хүлээх чадвартай багийг сонгохыг илүүд үзнэ. Ихэнх тохиолдолд судалгааны баг нь хууль зүйн этгээд байхыг шаарддаг. Энэ нь хууль зүйн яаманд бүртгэлтэй, өөрийн гэсэн байгууллагын харилцах данстай байх ёстой гэсэн үг. Танай баг тендерт шалгарлаа гэхэд судалгааны зардлыг бэлнээр олгохгүй дансаар шилжүүлнэ, ингэхдээ аль нэг хувийн дансанд мөнгө шилжүүлдэггүй юм.
• Дээрх багийн ерөнхий танилцуулгаас гадна өөрийн багийн давуу талыг сайн харуулах хэрэгтэй. Танай багийн чадавхи, боломж, хүний нөөц (үндсэн болон туслах баг) зэргээс гадна байр, тоног төхөөрөмж, техник, материал хэрэгслийн хүрэлцээ хангамж зэрэг нь үүнд багтана.
• Судалгааны санал нь голдуу тулгамдсан асуудал, зорилт, зорилго, үндсэн таамаглал, хүрэх үр дүн, судалгааны арга зүй, судалгааг гүйцэтгэх хугацаа зэргийг багтаасан байна. Тухайн судалгаагаар тодруулах асуудал, хүрэх үр дүн, зорилго, судалгааны үр дүнг юунд хэрхэн ашиглах зэрэг нь хэдий чухал боловч тухайн судалгаанд судалгааны ямар аргуудыг хэрэглэх, яагаад энэ аргуудыг ашиглах нь тохиромжтой гэж үзэж байгаа, эдгээр аргуудыг хэрхэн зөв зохистойгоор хослуулан хэрэглэх болон судалгааг хэр зэрэг богино хугацаанд чанартай гүйцэтгэх боломжтой вэ гэдэгт төсөл шалгаруулагчид илүү анхаарал хандуулах болов уу.
• Календарчилсан төлөвлөгөөг монголчууд ихэвчлэн сараар, их сайндаа л долоо долоо хоногоор гаргадаг. Тэгэхлээр та гүйцэтгэх ажлаа өдөр дөрөөр нь төлөвлөөд үз. Хийх ажлаа багийнхаа гишүүдэд хуваарилж эзэнтэй болгоод ард нь нэрийг нь биччих. Ингэсний эцэст судалгаанд зарцуулагдах хугацаа тань илүү бодитой болно. Арга ядахад та ажлаа долоо долоо хоногоор төлөвлөж, хийх ажлаа гүйцэтгэх эзэнтэй нь тодорхой болгосон байх хэрэгтэй. Ингэж гаргасан үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөө тань шалгаруулах багийнханд бусад багийн саналаас арай илүү таалагдана.
• Дээрх хэсгүүдийн ерөнхий бүдүүвчийг нэг сайн тохирч аваад хүмүүстээ хуваан өгч хийлгээд дараа нь нийлүүлж ахин дахин шалгах, нягтлах ёстой. Эхний удаад Та нар лав олон удаа бичнэ. Харж л байгаарай. Гэхдээ энэ чинь илүү ажил огтхон ч биш. Уул нь бол хэд хэдэн хувилбараар хийгээд дараа нь тэдгээрээсээ сонгож авах арай өөр арга ч байдаг. Алийг нь хэрэглэх нь Та нарын л хэрэг.
• Материалаа бэлэн болмогц бичиг хэргийн соёлын дагуу хавтас, гарчиг гэх мэтийг заавал гоё, сайхан хийхээ мартав. Энэ бол жижиг зүйл биш. Ямар ч хүн сайхан гоё хавтастай, хэсэг бүлгүүд нь ойролцоогоор тэнцүү, гарчиг болон онцлох хэсгийг нь ялгасан төсөлд илүү анхаарах болно. Гол нь гадаад байдлаасаа л таалагдана. Үүний оронд алдаа мадагтай хэдэн хуудас бичээд сугандаа хавчуулчихсан орвол Та ажилд хариуцлагагүй ханддагаа, бичгийн соёлгүйгээ харуулж л байна гэсэн үг.
• Төсөл шалгаруулах багт материалаа өгөхдөө үнийн саналаа тусад нь дугтуйнд хийж, өгөөрэй. Төсөл зарласан жижгэвтэр байгууллагад хамгийн түрүүнд үнийн санал нь сонирхолтой байдаг бол томоохон байгууллагууд болон олон улсын байгууллагууд эхлээд судалгааны саналтай чинь танилцаад дараа нь үнийн саналыг чинь сонирхох болно. Аль нь ч байлаа гэсэн үнийн санал нь тусдаа байх хэрэгтэй болно.
• Тендерт судалгааны саналаа аваачиж өгчихөөд төсөл шалгаруулагчид шийдвэр гаргахыг хүлээх хооронд Та нар судалгааны дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргасан байх ёстой. Тендерт ялж байж түүнийгээ гаргана гэж бодож байвал Та тун их эндүүрч байна. Ялагдсан тохиолдолд ч энэ чинь илүү зүйл болохгүй, харин Таны туршлагыг л нэмнэ.
• Танай баг тендерт яллаа гэж бодъё. Бөөн баяр хүмүүс давхиж ирээд эхлээд мөнгөө хуваах талаар ярьж эхэлбэл Та нар буруу замаар явж байна гэсэн үг. Одоо бол түрүүн хийж байсан төлөвлөгөөгөө дэлгэрүүлэн гаргаж, график гарган ажилдаа шууд л орох нь зөв. Энд хүн бүрийн оролцоог коэффициентээр гаргаж байх хэрэгтэй. Бүх мөнгөө тэнцүү хувааж авах арга нь социализмын үеийн юм шүү.
• Төслийн мөнгийг эхлээд үйл ажиллагааны зардалд зарцуулж, төсөл амжилттай хэрэгжиж дууссаны эцэст мөнгөө хувааж авч болно. Төслийн мөнгөний тодорхой хэсгийг дундын фонд маягаар хадгалах ёстой. Ийм маягаар Та нар хуримтлал бий болгох хэрэгтэй. Та нарт мөн ч их хэрэг болно доо. Дор хаяж компьютерийн хор, цаас, дискет гээд юм юм л хэрэг болно.
• Нэгэнт гаргасан график, төлөвлөгөөг Танай багийн хэнбугай ч зөрчих эрхгүй байхаар бие биедээ шаардлага тавьж сур. Ганц хүнээс болж төслийн ажилд саад учрах ёсгүй. Асуудлыг найзан дундаа хаявал ажил чинь л будаа болно. Та нарын гаргасан төлөвлөгөө, график Үндсэн хууль л гэсэн үг. Тодорхой шалтгаанаас болж саатал гарвал багаараа цуглаж байгаад л бүх асуудлыг шийд. Гэхдээ графикийг хойшлуулах асуудлыг биш, гүйцэх асуудлыг л ярих ёстой.
• Анхлан баг бүрдүүлж байгаа тохиолдолд багаар хамтдаа сууж ярилцаж байгаад хамтран ажиллах багийн дотоод дүрмээ боловсруулж ав. Нэгэнт бүгдээрээ ярилцаж гаргасан багийн дүрэм -Үндсэн хуулийг хэн ч зөрчих эрхгүй. Зөрчсөн тохиолдолд ёс суртахууны болон эдийн засгийн хариуцлага ч хүлээлгэж болно. Хэрхэхийг та нар мэдтүгэй.
Таны бичсэн энэ зөвлөгөө залуу судлаач бидэнд маш их хэрэг болж байна. Баярлалаа.