ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 4
2008/01/22 5 Comments
ӨГҮҮЛЭЛ БИЧИХ НЬ
Залуу хүмүүсийн байнга асуудаг, хүсээд байгаа хэрнээ болж өгдөггүй юмны нэг нь өгүүлэл байдаг. Иймээс энэ удаад өгүүлэл бичих тухай өгүүлнэ.
• Аливаа мэргэжилд эцсийн бүтээгдэхүүн байдаг бөгөөд социологичдын хувьд бүтээгдэхүүний үндсэн хэлбэр нь өгүүлэл болно. Ямар ч тохиолдолд залуу хүний ажлын гараа ном, товхимол, тайлан зэргээс биш, судалгааны ажлыг олны хүртээл болгох үндсэн хэлбэр болох өгүүллээс эхэлдэг. Иймээс Та чухам өгүүлэл бичиж сурч баймаажин алдар нэр, амжилтад хүрч болно гэдгийг санах хэрэгтэй.
• Өгүүлэл бол миний бодлоор судалгааны ажлын амин гол бөгөөд үндсэн хэлбэр мөн. Хожим хойно Та алдар хүндтэй болсон ч гэсэн дандаа ном бичээд байна гэж байхгүй, иймээс Та эхлээд өгүүлэл бичих дөртэй болох нь чухал. Ингээд авбал Та насан туршдаа хэрэгтэй зүйлтэй болоод авна. Дандаа өгүүлэл бичээд алдаршиж ч болно.
• Таны толгойд олон санаа оноо байгаа нь эргэлзээгүй боловч түүнийгээ эвлүүлэн өгүүлэл болгох шиг зовлонтой юм эхэн үедээ байхгүй. Та өгүүлэл бичих шиг амархан юм байхгүй гэж бодож байвал ихээхэн эндүүрэл болно. Номноос дутахгүй сайн өгүүллүүд олон байдаг.
• Өгүүлэлд санаа их чухал. Миний болон нөхдийн туршлагаас үзэхэд нэг өгүүлэлд 2 – 3 үндсэн санаа л байдаг. Яаж ч хичээсэн үүнээс илүү гарах тохиолдол ховор. Мөн цоо шинэ юм бичих гэж санасны ч хэрэггүй. Ямар ч мундаг хүн байсан зуун хувь шинэ юм бичнэ гэж байхгүй. Энэ нь урьд өмнийн буюу хүний санааг хуулна гэсэн хэрэг огтхон ч биш. Өөрийн гэсэн гол санаагаа дэлгэрүүлж, түүндээ нотолгоо гаргаж, түүнийгээ тойруулж бичнэ гэсэн үг л дээ.
• Өгүүллийг эрдэм шинжилгээний болон сурталчилгааны гэж хоёр үндсэн хэсэгт хуваадаг. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь хавьгүй илүү ёс дэг, мэдлэг ухаан шаардана. Энд баталгаа нотолгоог ягштал хийж, илүү дутуу сул үггүй байх ёстойгоос гадна ишлэл зүүлт заавал авдаг. Бичлэгийн хэлбэр нь төлөв түвшин байх ёстой. Yүнийг академический стиль гэдэг.
• Харин сурталчилгааны өгүүлэл бол санаа оноогоо харьцангуй чөлөөтэй илэрхийлсэн хэлбэр болно. Гэлээ гэхдээ энэ нь уран зохиолын өгүүлэл шиг байж хэрхэвч болохгүй.
• Ямар ч хэлбэртэй байсан гэсэн өгүүлэлд худлаа, санаанаасаа авсан, хэтрүүлсэн, баримт нотолгоогүй зүйл байх ёсгүй. Хамгийн гол зүйл энэ.
• Yндсэн санаанууд хоорондоо маш сайн холбогдсон, логик уялдаатай, дүгнэлт, гаргалгаа нь энгийн, тодорхой, ойлгомжтой байвал зохино. Ингэхгүй бол санаанууд чинь “үсчиж”, өөрөөр хэлбэл хэсэг бусаг санааны нийлбэр болбол Та амжилт олохгүй. Өөрөөр хэлбэл хүн ойлгохгүй.
• Мөн өгүүллийн хэмжээ гэж нэг айхтар зүйл байх. Эрдэм шинжилгээний өгүүлэл нэлээд том, тухайлбал бичмэл 10 – 20 хуудас голдуу байдаг болсон. Сонины өгүүлэл бол жижиг 5 – 7 хуудас голдуу байдаг. Yүнээс том болбол сониныхон дургүйцээд эхэлдэг юм. Энд би А4 гэж нэрлэдэг түгээмэл хэмжээний цаасан дээр 1,5 интервалаар бичсэн хэмжээг жишиг болгож байна.
• Тэгэхлээр Та гол санаагаа заавал дээр дурдсан хуудсанд багтааж бичих нь байна. Энэ нь тийм хялбар зорилт биш. Гэвч дадлага суугаад ирэхлээр яваандаа гайгүй болж Та хэмжээгээ мэдрээд эхэлнэ. Би залуудаа 42 хуудас өгүүлэл биччихээд давхиж л явлаа. Тэр үед ч, одоо ч ийм мангар том юмыг авах газар хаана ч байхгүй юм.
• Дараа нь стиль буюу арга барил гэж бас нэг айхтар зүйл байна. Энэ бол санаагаа илэрхийлэх хэлбэр болно. Энэ нь хүнд янз бүр. Ухаандаа би нууц нэрээр өгүүлэл бичээд Х.Гүндсамбуу, Г.Чулуунбаатар, Ц.Уртнасан нарт үзүүлэхэд тэд хэдхэн мөр уншаад миний өгүүлэл гэдгийг мэднэ. Энэ бол хүний гарын үсэгтэй адил бичлэгийн арга барил ямар ч хүнд байдгийн нотолгоо болно. Та ч гэсэн өөрийн гэсэн арга барилтай болохыг хичээж үз. Гэхдээ үүнд нэг их улайрч болохгүй. Бичсээр байтал чинь хар аяндаа тогтчихдог эд л дээ. Таны арга барил бол Та өөрөө л гэсэн үг.
• Хэт их задгай бичвэл академик стилээс холдчих гээд байдаг юм. Мөн хэт их академик стилээр бичвэл хүн уншихгүй болчих зовлон байдаг. Тэгэхлээр болж өгвөл аль болох олон хүн уншихуйцаар академик стилээр бичихийг оролдоод үз. Энэ нь бас л их хэцүү.
• Өгүүллийн доторхи өгүүлбэрүүд дээд зэргийн богино байх ёстой. Өгүүлбэр богино байх тусмаа хүнд ойлгомжтой болдог. Өөрөөр хэлбэл нэг өгүүлбэр 4-5 мөрөөс хэтэрвэл дэмий байдаг. Ажилдаа улайрсан залуу хүний гаргадаг үндсэн алдаа бол өгүүлбэрийг хэт урт болгодог явдал болно. Би ч залуу байхдаа ингэдэг байсан. Энэ “чалчаа” үеээ аль болохоор хурдан туулах ёстой.
• Эхэн үедээ өгүүлэл том болох гээд болдоггүй юм. Энд гардаг үндсэн алдаа бол санаагаа хэлэх гэж хэт хичээснээс болоод түүнийгээ тайлбарлан нуршдаг явдал болно. Бичиж буй асуудлыг чинь мэддэг олон хүн байдаг. Хэрэв Та арай хянуур байж, логик уялдааг харж, задаргааг сайн хийвэл өөрийнхөө алдааг олж чаддаг болно. Ингээд үзэхэд бид голдуу дэмий, илүү юм их чалчсан байдаг юм.
• Ер нь ямар ч өгүүлэл гарчиг, эхлэл буюу оршил, өрнөл, нотолгоо, тайлбар, дүгнэлт, төгсгөл гэсэн үндсэн хэсгүүдээс бүрддэг. Дотор нь ийм гарчиг байхгүй ч гэсэн ийм дэс дарааг заавал баримтлах ёстой.
• Заавал байх ёстой энэ зүйлсээ төлөвлөгөө болговол тэр чинь өнөөх сүрхий концепци гэдэг нь болно. Ер нь концепцигүй өгүүлэл бичихэд амжилт олно гэж бараг байхгүй. Иймээс Та заавал концепци хийж сурах ёстой. Концепци гэдэг нь заавал цаасан дээр бичсэн төлөвлөгөө, схем, дэс дараа байх албагүй.
• Тэр нь Таны толгойд буй төлөвлөгөө, схем, дэс дараа байж болно. Хамгийн гол нь Та өгүүллийнхээ санааг хүнд яаж хүргэх талаар цаг үргэлж бодож байвал болох нь тэр. Ийм хувилбар тоо томшгүй олон. Дандаа бодоод яваад байхлээр нэг аятайхан хувилбар санаанд чинь ороод ирнэ. Ингэтлээ их удна аа.
• Ер нь өгүүллийнхээ талаар ямагт бодож санаж байвал маш сайн. Өдөр тутам тааралдаж буй нийгмийн үзэгдэл юмсыг өгүүлэлтэйгээ холбохыг ямагт хичээ. Өөрөөр хэлбэл Таныг хамгийн их зовоосон санаа сайн өгүүлэл болох нь бараг хууль. Таны толгойд энэ талаар хязгааргүй олон хувилбар үүсч, өөрөө дотроо эргэлзэж байвал юм юм сайн болохын дохио болно. Хэрэв өөрт чинь нэг л амархан санагдаад байвал юм чинь буруу болохын цондон. Энэ дүгнэлт бол 20 гаруй жилийн туршлагаас гарч байгаа болохоор бараг зүй тогтол гэж ойлгож болно.
• Тэр олон хувилбаруудаас чинь нэг л өдөр хамгийн зохистой гэсэн гол санаа гэв гэнэт ороод ирнэ. Зарим тохиолдолд гол санаа ид шидтэй юм шиг гэнэт ороод ирэх нь ч бий. Заримдаа хэдэн сар, жилээр ч эвлэж өгөхгүй зовоох нь ч бий. Гэхдээ энэ бол миний хувийн онцлог байж болох юм.
• Хэрэв Та эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж байвал гарчгаа аль болох шинжлэх ухаанч байдлаар өгвөл зүгээр. Хэрэв сурталчилгааны өгүүлэл бичиж байвал арай сүртэй байдлаар өгч болно. Гэхдээ битгий их хэтрүүлээрэй. Хэт ерөнхий гарчиг өгч болохгүй. Жишээлбэл, “Орчин үеийн социологийн тулгамдсан асуудлууд” гэх мэт гарчигтай байвал мэргэжлийн хүнээс бусад нь бараг уншихгүй. Ном сурах бичгийн гарчиг, бүлэг, зүйлээр гарчиг өгөх нь зохимжгүй. Яагаад гэвэл хуулбар зүйл гэдэг нь гарчгаасаа л харагдана шүү дээ. Хүмүүсийн ижил дасал болсон санааг гарчиг болговол бас л хүмүүс анхаарахгүй болно. Жишээлбэл, “Архидалт нийгмийн дайсан” г.м.
• Өгүүллийн эхлэл буюу оршил анхнаасаа л хүний анхаарлыг татахуйц байвал зохино. Энэ нь их хэцүү. Ямар ч гэсэн эхний хоёр юмуу гурван абзац буюу догол мөр маш хүчтэй, хүмүүсийн тулгамдсан буюу сонирхсон асуудлыг хөндсөн байх ёстой.
• Хэрэв Та оршлыг муу хийвэл амжилтынхаа талыг алдлаа л гэсэн үг. Дараа нь өрнөл явах ёстой. Энд логик болон систем гэдэг сүрхий юм байх. Манай зарим хүн өгүүллийн логик ба системийг байтугай өгүүлбэрийнхээ логик, системийг анхаардаггүйгээс болж харамсалтай алдаа хийдэг. Ядахдаа өгүүлбэр бүрийнхээ өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүнийг шалгаж сурах нь зүгээр. Залуу байгаад хэт хичээхэд заримдаа эдгээрийгээ мартчих ч явдал гардаг.
• Өрнөлийн гол цөм нь Таны хэлэх гэсэн гол санаанууд болно. Хүний хэлэх гэсэн гол санаа нь 2 – 3 байх нь түгээмэл гэдгийг дээр хэлсэн. Гэхдээ Та өөртөө сайн итгэж байвал түүнээс ч илүү байж болно л доо. Yүнийгээ Та логик гаргалгаа, баримт буюу факт, бодит судалгааны үр дүнгээр батлах ёстой. Энд чинь л Таны уншиж мэдсэн, сурсан юм гарах ёстой. Гэхдээ системтэй, тодорхой дэс дараатай, хүнд ойлгомжтой, үнэмшилтэй байдлаар гаргавал зохино.
• Социологичдын гаргадаг түгээмэл алдаа нь өгүүллийнхээ ихэнхи хэсгийг тулгамдсан асуудлыг тоочсоор байгаад авчихдаг явдал байдаг. Ер нь Таны бичиж буй асуудлаар олон хүн өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг. Өөрөөр хэлбэл Та хүмүүсийн “мэддэг” юмыг бичиж байгаагаа мартаж болохгүй.
• Түгээмэл гардаг бас нэг алдаа бол санаагаа нотлох гэж хэт их тоо, баримт нурших явдал болно. Гол асуудал, санааг нотлоход жинтэй, үнэмшилтэй хэдхэн баримт л хэрэгтэй. Ер нь хэт их тоо баримт дурдах нь үнэн юмыг ч сонирхолгүй, үнэмшилгүй болгох сэтгэл зүйн нөлөө үзүүлдэг.
• Сайн социологичдын өгүүллийг ажаад байхад тоо баримт бага байдаг. Муу социологич байх тусмаа анкетаа дагуулж, түүнийгээ тайлбарлаж бичээд байдаг юм. Би ч залуудаа анкетаа тайлбарласаар байгаад хамаг өгүүллээ дуусгадаг байлаа. Маш их хөрөнгө хүч, цаг хугацаа гаргаж байж хийсэн судалгаагаа ганцхан өгүүлэлд багтаагаад цацах ямар ч шаардлага Танд байхгүй.
• Иймээс Та судалгаагаа сайн мөлжиж нэг судалгаанаас аль болох олон өгүүлэл бичиж сурахыг хичээ. Эхний үед 2-г, дараа нь 3-ыг гэх мэтээр ахиулаад байж үз.
• Та үндсэн санаануудынхаа нотолгоог буюу өгүүллийнхээ доторхи хэсгүүдийг жигдэвтэр байлгавал тун зүгээр. Нэг хэсэг нь хэт том, нөгөө нь хэт жижиг байвал тийм ч их зохимжтой биш. Yүний тулд жижиг гарчиг өгөх нь зүгээр мэт байдаг.
• Дүгнэлтийг хэсэг бүр дээр юмуу, эцэст нь хийхийг Та л өөрөө мэдэх хэрэг. Харин дүгнэлт чинь гарцаагүй, нотолгоотой, үнэн зөв байх ёстой. Хийсвэр, нотолгоогүй, санаанаасаа гаргасан, худал дүгнэлт байж хэрхэвч болохгүй.
• Заримдаа дүгнэлт төдийлөн сайн гарахгүй байх ч явдал бий. Тэгвэл асуудлыг байгаа чигээр нь үлдээж, цааш нь эрэгцүүлэх боломжийг хүмүүст олго. Энэ чинь ч гэсэн бага юм биш.
• Төгсгөл чинь бас л их сайн байх ёстой. Учир нь үүнээс Таны дараагийн өгүүллийн хувь заяа шалтгаална. Хүмүүс Танаас ахиад юм бичихийг хүлээж байвал зохино.
• Эхний хэдэн өгүүлэл амжилт олно гэж номонд хазгай. Бүү шантар. Яагаад гэвэл Таныг одоогоор хэн ч мэдэхгүй байгаа. Би залуудаа хүмүүсээс миний өгүүллийг уншсан уу гэж байнга шалдаг байлаа. Уншаагүй гэсэн хариулт сонсохоороо ийм чухал, мундаг юмыг яагаад уншдаггүй тэнэг улсууд вэ гэж гайхдагсан. Олон жилийн дараа гол алдаа хүмүүст биш, надад байсан гэдгийг мэдэж авсан юм.
• Яагаад гэвэл би тэдэнд хэрэгтэй зүйлийг бичиж чадаагүй буюу ойлгуулж чадаагүйгээс ийм болдог байжээ. Иймээс алдаагаа хүнээс биш, өөрөөсөө хай.
• Хэрэв Та шантрахгүй байвал Таныг уншигчдын хүрээ аажмаар (аажмаар гэдгийг бүү мартаарай) нэмэгдэх ба улмаар байнгын тогтмол уншигчидтай болно.
• Тэгсэн цагт Та өөрийгөө социологич болох дөхөж байна гэж ойлгож болно.
• Социологич хүн жилд наад зах нь дөрвөн өгүүлэл бичих ёстойг мартавзаа. Яагаад гэвэл Таны гэсэн бүтээгдэхүүн гараагүй тохиолдолд Таныг хэн ч мэдэхгүй хэвээрээ л байх болно. Бэрхшээл гарвал мэргэжил нэгтнүүдээсээ нэрэлхэлгүй асууж бай. Та хүнээс юм асуухгүй яваад болно гэж бодож: байвал ердөө л тэнэгээ нотолж байгаа хэрэг. Судлаач хүн бүх гол санааныхаа 70 гаруй хувийг мэргэжил нэгтнүүдээсээ олж авдаг гэсэн багцаа харьцаа байдаг.
• За тэгээд Залуу минь бичээд бай, Өөрөө түүнийгээ голоод урж хаяж сур. Ингээд ахиад бич. Тэгтэл нэг юм учир нь олдоно доо. Тэгвэл улам их бич.
2004 оны 10 дугаар сарын 29.
sain bnuu tanii site.g sayhanaas l olj unshsan gehuudee heregtei ym zunduu bn gehdee ene meregjileer sain suraagui sudlaagui bolhoor zarimiig n oilgohguimaa odoo ene talaar diplom bichih bolchood bdag yaadiin bilee sedvee ch songoogui bdag yaj bichnee tuslaad uguuch sanaa onoo heleed uguuch tehuu guij bn ene udurjin com toglood bdag zaluuchuud udurjin solongos kinogoor amisgalaad bdag huuhnuudiig bichij bolhiin boluu yaah ve tuslaach nadad pls
маш их залууст хэрэг болж байгаа гэдэгт итгэлтэй байна надад ч хэрэг боллоо
Mergejliin sydlaachiin zovlogoo ih ynetei bogood surgamjtai yum. Bayarlalaa. Tand amjilt hysie
маш их хэрэгтэй зөвлөгөөнүүд байна.маш их баярлалаа.
Маш их баярлалаа