Сүүлийн үед МҮАН-ын дарга М.Энхсайхан ээлжит хувиралдаа орж эхлэв. Залуу хүн байсан бол бас яая гэхэв, үзэл санааны эрэл хайгуул хийж байна гэхсэн. Харин М.Энхсайхан одоо, өнөөдөр үзэл санаа хайж байвал хуцваа л байхгүй юу. Энэ тухай товч өгүүлэх гэсэн юм…
Бүтэц болоход амь нь тэмцэв
Засгийн Газрын бүтцийн өөрчлөлт намууд болон албан тушаалтнуудын тарыг таниулж байна. Эдүгээ манайд албан тушаалын аймшигтай, учир утгагүй дайн болж байгаа нь хэн бүхэнд илэрхий.
Олон хүн гол дайнд АН-д болон МАН, АН-ын хооронд болж буй гэж бодож байгаа нь үнэн бөгөөд бодитой юм. Үнэхээр тийм үзэгдэл болж байгаа. Гэтэл энэ дайнд “Шударга ёс” эвслийг бүрдүүлж буй МҮАН болон МАХН жигтэйхэн идэвхитэй оролцож түүнийг хүн ойлгохын аргагүй холион бантан болгож байна.
Үгийн шууд утгаар нам гэхэд арай л сэрүүдэх энэ бүлэг хүмүүсийг чухам юу гэгч хөтлөн жолооддог юм бол ?! Арай том АН, МАХН хоёрын талаар бид байнга бичдэг, талцаж харааж ерөөдөг. Үлдэх МАХН-ын талаар ч гэсэн намын дарга Н.Энхбаяр хийгээд түүнтэй холбоотой адал явдлаар нь ямар нэг хэмжээгээр мэднэ. Үгүй ядаж л манай намын дарга солонгосын иргэн болсон юм ерөөсөө байхгүй гээд хэвлэлийн хурал хийгээд ярьчихаад байгаа юм.
Ингээд МҮАН үлдэж байна. Энэ намын дарга нь манай туршлагатай улс төрч М.Энхсайхан.
М.Энхсайхан 2006 онд Ардчилсан намаас гарч Үндэсний Шинэ Намыг байгуулан 2007 он хүртэл анхны даргаар ажиллаж эхэлсэн юм. Ингэхлээр тэр 2006 он хүртэл ардчилсан, либерал үзэл санааг баримталж, хэрэгжүүлж байсан. Үүнийг түүний бүхий л үйл ажиллагаа нотолдог. Мөн түүний туслахаар ажиллаж байсан Д.Ганболдын дурдатгалын ном хөдөлбөргүй нотолдог.
М.Энхсайхан 2011 онд Үндэсний Шинэ Нам нэрээ Монгол Үндэсний Ардчилсан Нам болгон солиход даргаар нь сонгогдоод одоо болтол ажиллаж байна. МҮАН үндэсний үзлийг туг болгон мандуулав. Энэ нь монголын нийгэмд хамгийн чухал, хамгийн эрэлттэй үзэл санаа байсан юм.
М.Энхсайханы коммунист байгаад либерал болсон, тэгээд үндэсний үзэлтэн болсон мэтийг бол монголын хөгийн нөхцөлд байж болох явдал гээд орхиё гэж саная. Гэхдээ нэг хүн үзэл бодлоо солих бол “бага” асуудал, харин үзэл бодлоо солиод бүхэл бүтэн нам байгуулах бол “том” асуудал гэдгийг би онцлон дурдаж байна.
Гэтэл чамгүй амжилт олсон МҮАН М.Энхсайханаас болоод сүүлийн үед таг зогсох болов. Яав, юу болов ?!
Төсөл горьдсон нам
Намын дарга М.Энхсайхан том төсөл дээр ажилладаг мэргэжилтэн болсонд хамаг учир байгаа юм. Эхлээд тэр “Монголын төмөр зам” ТӨК-ийн захирлаар томилогдов. Хэдэн сарын дараа УИХ-аар баталсан бодлогын хүрээнд ажиллаагүй гэсэн шалтгааны улмаас халагдав. Ингээд Таван Толгойд баригдах Цахилгаан станцын төслийн дарга болов. Түүнээс хойш тэр мега төсөл гэдэг нэг сайхан юмтай болж авав. Аль нэг намын дарга аль нэг том төсөл дээр ажиллаж мэдээж болно. Гэхдээ намын ажил гэж байх ёстой биз дээ ?! Яг энэн дээр тэр үзэл бодлын хийгээд үйл ажиллагааны зөрчилд орсон юм. Энэ нь Засгийн Газрын бүтцийн өөрчлөлт дээр тод илэрч байна.
МҮАН ямар ч ажил хийлгүй их удсан байснаа Эрчим хүчний яамны асуудал сөхөгдөнгүүт гэнэт улс төр ярьж эхлэв. М.Энхсайхан “Бүлтрэлт” хэмээх өгүүлэл маягийн зүйл бичиж “хурц тод” тэмцэж эхлэв.
Намын дарга тэмцэж болно л доо. Гэхдээ төсөл өгсөн үед “энх тайван” зарлаж, тэмцэх гэсэн бусад хүмүүсийг зад загнадаг, Засгаас гарах болсон үед шүүмжилж тэмцдэг хөгийн зан үйл байж болохгүй л дээ.
Ингэснээр МҮАН-ын үндэсний үзэл гэсэн сүртэй сайхан уриа оргүй алга болж, намын дарга М.Энхсайханыг төсөлд үлдээх гэсэн хөгийн бүлэг болон хувирав. М.Энхсайхан өтөлж, “энхтайвныг” хүсэн мөрөөдөх болсон байж магадгүй. Гэхдээ түүнийг төсөлд байлгахын тулд бүхэл бүтэн намын үйл ажиллагаагаа саармагжиж зогсох утгагүй.
Одоо дүгнэлт хийгээд үзье. ҮШН-ыг байгуулж эхлэх үед нь “либерал үзэл М.Энхсайханы яс махны шинж” гэж Г.Уянгын эрхлэн гаргаж байсан “Улс төрийн сонинд” цагаан дээр хараар бичиж байсан. Үүнийг би үзүүлсэн ч чадна. М.Энхсайханы “үндэсний үзэлд” итгэсэндээ биш, харин үндэсний үзлийг нийгэмд дэлгэрүүлэхэд хэрэгтэй гэж тодорхой хүмүүс энэ намыг ашигласан юм. Харин энэ бол жич яриа болно.
Үндэсний үзэл бол М.Энхсайханы зөвхөн баг, хүнд үзүүлэх хэрэглүүр гэдгийг их эртнээс мэддэг хүмүүс байсан юм. Одоо тэр багаа хуулан хаяв, мэдээж хэрэг цаанаас нь хэн бүхний таних либерал царай харагдаж эхлэв. Гэвч тэр багаа хуулаад хоосон үлдэнэ, харин үндэсний үзэл үүрд байна…
Энэ тохиолдолд түүнтэй өөрөөр ярих учиртай. Яагаад гэвэл Монголын үндэсний үзэл санаа ямар ч тохиолдолд цахилгаан станцын мега төслөөс зүйрлэшгүй том гэдгийг бид бүрэн итгэлтэйгээр баталж чадна…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 10 дугаар сарын 09.