МАКС ВЕБЕР: ПРОТЕСТАНТ ЭТИК ХИЙГЭЭД КАПИТАЛИСТ ҮЗЭЛ САНАА
2014/10/06 18 Comments
К.Маркстай эн зэрэгцэх агуу суут М.Веберийг (1864-1920) манайд сургаар ярих боловч огт мэддэггүй юм. Мэддэг байсан бол хаанаас ингэж тэнэгтэхэв. Социализмын үед түүнийг “хөрөнгөтний сургааль” гээд огт орчуулж байгаагүй. Дэлхий дахинд М.Вебер, К.Маркс хоёрыг онолын социологийн хоёр эцэг гэнэ. Манайд Марксыг нэг хэсэг худлаа бурханчилж байгаад нулимаад хаячихсан. Нөгөө М.Веберийг огт мэдэхгүй. Ингэхээр чинь манайд нийгмийн ухаан хөгжинө гэж номонд хазгай. М.Веберийн гол бүтээл нь “Протестант этик хийгээд капиталист үзэл санаа” (1905) юм. Марксынхаар бол “Капитал” нь юм. Монголчуудыг, ялангуяа залуусыг “жаахан ч болов юм уншиж сур” гэсэн сэтгэлийн үүднээс энэ суут бүтээлийн “Өмнөх тэмдэглэл” гэсэн өчүүхэн хэсгийг монголчуудын хүртээл болгож байна. Цаашаа энэ суутны энэ болон бусад бүтээлийг өөрсдөө уншина биз. Хэрэв уншихгүй бол Монголд нийгмийн сэтгэлгээ яагаад ч хөгжихгүй. Нэг зүйлийг анхааруулахад энд өгүүлж буй асуудал нэн гүнзгий, маш хүнд учраас “тэр дор нь” сэтгэгдэл бичихээсээ өмнө “жаахан бодсон” нь дээр болов уу. Дашрамд Монголд М.Веберийг анх удаа орчуулсан учраас алдаа мадаг нэлээд гарсан байх…
ӨМНӨХ ТЭМДЭГЛЭЛ
Европ соёлын үр хүүхэд болсон орчин үеийн хүнийг бүрэн тодорхой үзлийн үүднээс түгээмэл (универсал-Орч.Х.Д.Г.)- түүхэн асуудал гэж зайлшгүй бүрэн үндэстэйгээр авч үзэж болно. Түүний сонирхлыг: ямар нөхцөл байдлын хэлхээ чухам Баруунд, зөвхөн энд соёл гэсэн тийм үзэгдлийг бий болгож, түүнийг наад зах нь бид түгээмэл ач холбогдол бүхий чиглэл гэж үзэх болсон бэ гэдэг асуудлууд юуны өмнө татна.
Зөвхөн Баруунд л шинжлэх ухаан оршиж, эдүгээ бидний “ач холбогдолтой” гэж хүлээн зөвшөөрч буй хөгжлийнхөө тэр шатанд байна. Эмпирик мэдлэг, амьдрал болон ертөнцийн бүтээлтийн асуудал, философ, түүнчлэн амьдралын гүн гүнзгий теологийн мэргэн ухаан, гайхамшигтай нарийн танин мэдэхүй, ажиглалт энэ бүхэн бусад орнуудад, юуны өмнө Энэтхэг, Хятад, Вавилон, Египетэд ч оршин байсан. (Хэдийгээр системтэй теологийн бүрэн хөгжил эллинизмын нөлөөн дор байсан христианы ёстой холбоотой, түүнд ислам болон энэтхэгийн нэлээд сектүүд дөхөн очсон боловч). Гэхдээ Вавилоны ч, өөр ямар ч соёл астрономийн математик үндэслэлийг мэддэггүй байжээ, түүнийг эллинчүүд л (тухайлбал, вавилоны юу хйисэн, астрономын хөгжил бүр ч гайхалтай юм.) өгсөн юм.
Энэтхэгийн геометрт рациональ “баталгаа” байдаггүй, тэр нь механик, физикийнхээ нэгэн адил эллиний үзэл санааны бүтээгдэхүүн болно. Эмпирик мэдлэгийн үүднээс онцгой хөгжилтэй Энэтхэгийн байгалийн ухаан рационал туршилтийг ч (түүний үр хөврөл нэн эртний үед хамаарах ба бүрэн хөгжил нь Дахин Сэргэлтэд хамаарна.), орчин үеийн лабораторийг ч мэддэггүй байсан. Ийм учраас эмпирик ажиглалт, техник аргаараа л хөгжсөн Энэтхэгийн анагаах ухаанд биологийн, юуны өмнө биохимийн үндэс байгаагүй юм. Барууныхаас бусад ямар ч соёл рационал химийг мэддэггүй.
Өндөр хөгжилтэй Хятадын түүх бичлэгт Фукудидын үеэс Баруунд суурилж ирсэн прагматизм байгаагүй. Макиавеллийн өмнөх хүмүүс Энэтхэгт байсан. Гэхдээ Азийн орнуудад үүссэн төрийн тухай ганц ч сургаальд Аристотелийнхтай адил системт чанар байхгүй, ерөөсөө рационал ойлголт байдаггүй.
Энэтхэгт эрхийн салбарт хийсэн зүйлс байгаа ч гэсэн (Мимансын сургууль), голдуу Өмнөд Азид бүтээгдсэн хуулиуд, Энэтхэг болон бусад орнуудад бий болсон ердийн эрхийн хуулийн эмхтгэлүүд байгаа ч гэсэн энд ердийн эрхийн рационал онол гээд ярьчихмаар юу ч байхгүй, барууны эрхийн үндсийг бүрдүүлдэг, Римийн эрх зүйд байдаг шиг хууль зүйн чанд систем, хууль зүйн сэтгэлгээний хэлбэр байдаггүй. Суурь эрхтэй төстэй үзэгдлийг (феномен) бас л Баруун төрүүлжээ.
Ийм явдал урлагийн салбарт ч бас болжээ. Бусад ард түмний хөгжмийн сонсгол Барууны орчин үеийн ард түмнийхээс илүү нарийн, ямар ч тохиолдолд тэднээс дутуу хөгжөөгүй. Олон аялгуут хэв маяг бүх дэлхийд өргөн тархсан, олон хөгжим хослуулах, аялгуут шугамыг хөтлөх зэргийг бид хаа сайгүй олж болно. Бидний рационал тооцоолон гаргаж авсан интервалуудыг Баруунаас чанадад сайн мэддэг. Гэхдээ бүр Дахин Сэргэлтийн үед (орон зайн өмнөх төсөөллийн оронд) олж авсан контрапункт, аккорд-гармонын фактура, дууны материалыг гурван аялгууны үндсэн дээр дуурсгах, гармоник терц, манай хроматизм, энгармонизм, түүнчлэн үлээвэр хөгжмийн бүлгийн зохион байгуулалтын гол салбар болгож утсан хөгжмийн дөрвөлтэй (квартет) хослуулсан манай гармоник рационал үндэслэл, генерал-бас, орчин үеийн композицийг боломжтой болгож, орчин үеийн хөгжмийн бүтээлийг аялгуулан дуурсгах болгож чадсан манай нот бичлэг, өөрөөр хэлбэл тэдгээрийг нэгэн цаг хугацаанд зэрэгцэн орших болгосон, сонат, симфони, оперууд (хэдийгээр хөгжмийн илэрхийлэх хэлбэр болсон хөтөлбөрт хөгжим, тембр, дууны альтраци, хроматизм зэрэг нь бусад олон ард түмэнд байсан хэдий ч) хийгээд тэдгээрийг гүйцэтгэх хөгжмийн зэмсэг: орган, фортепиано, хийл энэ бүхэн нь зөвхөн Баруунд л оршин байгаа юм.
Гоёл чимэглэлийн элемент болсон нуман хаалгыг Ази болон Эртний ертөнцийн олон ард түмэн мэддэг байсан, балар эртний үед Дорнодод хэрээсэн хүнхэр байсан байж магадгүй. Гэхдээ готын хүнхэрийг хүндийн төвийг хуваарилах, орон зайн дурын хэлбэрийг халхлах хэрэгсэл болгон рационал байдлаар ашиглаж, юуны өмнө монументаль байгууламжийн хийцийн зарчим болгож, уран баримал, уран зургийн гоёл чимэглэлийн элементийг хослуулсан стилийн үндэс болгож, дундад зууны үед бүтээсэн нь Баруунаас бусад газар хаа ч байдаггүй.
Баруунаас гадна бол ганжирын (хэдийгээр түүний техникийн үндсийг Дорнын ард түмнээс зээлдэн авсан боловч) асуудлын шийдлийг мэддэггүй. Нийт урлагт “сонгодог” рационалжуулсан хэлбэр уран зурагт шугаман болон хоосон алслалтыг (перспектив) рационал байдлаар ашиглах болсон явдал манай Дахин Сэргэлтээр л бий болсон юм.
Ном хэвлэл Хятадад оршин байсан. Гэхдээ хэвлэмэл утга зохиол, өөрөөр хэлбэл зөвхөн хэвлэхэд зориулсан утга зохиол зөвхөн хэвлэх суурь машин бий болсон тэр үед л боломжтой болсон ба юуны өмнө хэвлэл, тогтмол хэвлэл Баруунд л бий болсон юм.
Элдэв төрлийн дээд сургууль, түүний дотор хэлбэрийн хувьд манай университет, академуудыг санагдуулам сургуулиуд янз бүрийн ард түмэнд байсан. (Хятад, исламын орнууд)
Гэхдээ зөвхөн Баруунд л рационал, системт сургуулиуд байдаг, өөрөөр хэлбэл баруунд мэргэжлийн, шинжлэх ухааны үйл ажиллагаа, мэргэжилтэн-эрдэмтэд орчин үеийн өвөрмөц утгаар, тухайн соёлдоо ноёрхогч байр суурь эзэлж, орчин үеийн барууны төр, орчин үеийн барууны эдийн засгийн тулгуур болсон мэргэжилтэн түшмэл байдлаар оршин байдаг.
Бусад соёлд бол энэ үзэгдлийн зөвхөн үр хөврөлийг л ажиглаж болно, гэхдээ энэ нь Баруунд байдаг шиг нийгмийн болон байгууламжийн хэмжээний асар их ач холбогдолтой байж чаддаггүй.
Мэдээж хэрэг тодорхой салбарт мэргэшсэн “түшмэдүүд” нэн эртнээс янз бүрийн соёлд байсан. Гэхдээ бүхий л амьдрал нь, түүний улс төр, техникийн болон эдийн засгийн урьдач нөхцөл нь мэргэжлийн хувьд бэлтгэгдсэн түшмэдүүдээс хамаарч, хүн төрөлхтний бүхий л оршихуй нийгмийн амьдралын өдөр тутмын үндсэн үүргийг (функци-Орч.Х.Д.Г.) тээгч түшмэдүүдээс техникийн хувьд, худалдааны хувьд, юуны өмнө хуулийн боловсролтой төрийн түшмэдүүдээс хамаардаг болсон явдал орчин үеийн Баруунаас өөр ямар ч оронд байхгүй юм.
Улс төр, нийгмийн бүлгийг язгуур угсаагаар (сословие-Орч.Х.Д.Г.) зохион байгуулах явдал газар сайгүй тархсан байсан. Гэхдээ барууны ойлголтоор язгуур угсааны улс rex et regnum (хаан ба хаант засаг-Орч.Х.Д.Г.) зөвхөн Баруунд л байсан. Эцэст нь хэдийгээр улс төрийн эрх мэдлийг авах булаан авах, нийгэм-улс төрийн нөлөөлөл үзүүлэхэд чиглэгдсэн байгууллага болох “намууд” бүх дэлхийд түгээмэл байсан ч “ард түмний төлөөлөгчдөөс” үе үе сонгодог парламент, түүний тухай номлол, парламентын өмнө хариуцлага хүлээдэг намын лидерийн ноёрхол бүхий “сайд” нар Баруунд л үүссэн.
Хэдийгээр энэ бүхний эхлэл бусад соёлуудад байдаг ч гэсэн ерөөсөө рационал боловсруулсан эрх, рационал боловсруулсан дүрэм болон “хуульд” баримжаалсан, шийдвэрлэх шинж тэмдгүүдээр гол чухал комбинаци хийдэг мэргэжлийн түшмэдүүдтэй рационал боловсруулсан “үндсэн хууль” бүхий улс төрийн институт болсон “төр” зөвхөн Баруунд л байдаг.
Манай орчин үеийн амьдралын хүчирхэг хүчин зүйл (фактор-Орч.Х.Д.Г.) болсон капитализм ч гэсэн бас л ийм юм.
Мөнгөн ашиг, их мөнгө олох гэж “худалдаа наймаа руу тэмүүлэх”, “шулах” зэрэг нь яг өөрөө бол капитализмтай нийтлэг зүйл юу ч үгүй. Ийм эрмэлзэл хоол зөөгч, эмч, морь тэрэгч, зураач, сээтэгнүүр, авилгач-түшмэд, цэрэг, дээрэмчин, хуягт баатар, мөрийтэй тоглоомчин, гуйлгачин зэрэгт ажиглагдаж байсан, ийм юм гарах ямар нэг объектив боломж байсан ба байсаар байгаа ба энэ нь бүх эрин үеийн бүх улс орнуудад байсан all sorts and conditions of men (бүх хэв маягийн бүх язгуурын бүх хүнийх) байжээ.
Капитализмын мөн чанарын тухай ийм гэнэн төсөөллөөсөө соёлын түүх судлах хамгийн эхэн үедээ бүр мөсөн, үүрд татгалзвал зохилтой.
Шулан мөлжихдөө хязгааргүй шуналтай гэдэг нь яагаад ч капитализмтай, тэр тусмаа түүний үзэл санаанд нийцэхгүй. Капитализмыг энэхүү иррационал эрмэлзлийг номхотгохтой адилтгаж болно байх, ямар ч тохиолдолд энэ нь түүний рационал байдал юм.
Капитализмыг тасралтгүй ажиллаж буй капиталист үйлдвэрлэлийн хүрээнд, тасралтгүй нөхөн сэргээгдэж буй ашиг, мөн ашигт ажиллагаагаар нь гарцаа байхгүй шулан мөлжих эрмэлзэлтэй адилтгаж болно. Тэр ийм л байх ёстой юм. Учир нь капиталист аж ахуйн системд ашигт ажиллагаанд баримжаалаагүй үйлдвэр гарцаагүй мөхөх тавилантай.
Бидний үзэж буй энэ үзэгдэлд ердийн хийдгээс өөр илүү нарийн тодорхойлолт өгөх гээд үзье.
“Капиталист” гэдэгт бид солилцох боломжийг ашигласны тусламжтайгаар ашиг олоход үндэслэгдсэн аж ахуй эрхлэх явдал, өөрөөр хэлбэл энх тайвнаар (хэлбэрийн хувьд) олз ашиг олохыг нэрлэж байна.
Хүчирхийлэлд үндэслэсэн (хэлбэрийн хувьд ч, мөн чанарын хувьд ч) олз ашиг олохуй нь өөрийн хуулиар явдаг, түүнийг эцсийн дүндээ солилцооны тусламжтайгаар ашиг олох боломжид баримжаалсан үйл ажиллагаатай нэгэн категорид оруулах нь (хэдийгээр үүнийг хориглож болохгүй авч) утгагүй юм.
Капиталист ашиг олох рационал эрмэлзэл байгаа газарт харгалзах үйл ажиллагаа капиталын тооцоонд (Kapitalrechnung) баримжаалдаг. Энэ нь материаллаг хэрэгсэл болон хувийн хүчин чармайлтыг ашиг олоход төлөвлөгөөтэйгөөр чиглүүлнэ, ийм маягаар балансад тооцсон мөнгөн үнэт зүйл материал баялгаар илэрхийлсэн үйлдвэрийн эцсийн орлого нь (буюу хэрэв байнга ажилладаг үйлдвэрийн газар, материал баялгийнхаа өртгийг мөнгөн үнэт зүйлсээр балансдаа тогтмол тусгаж байвал) “капиталаа”, өөрөөр хэлбэл материал баялгийн үйлдвэрлэлд ашигласан өртгөө (байнга ажилладаг үйлдвэрийн газарт баланс гаргах бүрд илүү гарах ёстой) даван гарна гэсэн хэрэг юм.
Энэ үед асуудал аянд явж буй худалдаачинд комменд хэлбэрээр өгсөн in nature барааны тухай ярьж байна уу, энэ тохиолдолд орлогыг зөвхөн худалдаа хийсний үр дүнд олж авсан in nature таваараар л илэрхийлж болно, эсвэл шаардлагын биелэл мэт болсон, хариу нь тодорхой үүрэг амлалт болж байдаг барилга, машин, капитал, түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хийгээд бэлэн бүтээгдэхүүний хэлбэр бүхий бүрдэлтэй үйлдвэрийн газрыг ярьж байна уу гэдэг нь ач холбогдолгүй юм.
Олз ашиг олох эдгээр бүх хэв маягуудад шийдвэрлэх зүйл нь орчин үеийн нягтлан бодохын бүртгэл хэлбэртэй байсан ч, хамгийн бүдүүлэг, өнгөц тооцооны хэлбэртэй байсан ч мөнгөн хэлбэртээ буй капиталын бүртгэл болно.
Ийм төрлийн тооцооллыг баланс гаргах анхдагч шатанд хийдэг ба үйлдэл тус бүрийн өмнө орлого зарлагыг тооцдог (калькуляци), энэ тооцоолол нь хяналтын хэрэгсэл болж, үйлдлийн зохистой эсэхийг шалгах, ажил дуусах үед “ашгийн” хэмжээг тогтооход тусалдаг. Комменд төрлийн худалдаа арилжаа хийх үед анхдагч бүртгэл гэдэг нь оролцогч бүх талууд хүлээн зөвшөөрөх ёстой (коммендын оролцогчдын ногдол хувь мөнгөөр илэрхийлэгдсэн тэр тохиолдол үүнд үл хамаарах нь мэдээж хэрэг) дамжуулсан барааны үнийг тогтоох явдал болно.
Төгсгөлийн шат нь ашгийн хувь болон коммендын тодорхой оролцогчийн алдагдлыг тогтоох үндсэн дээр бэлэн байгаа таваарыг үнэлэх явдал болно.
Ажил хэргийг рационал явуулсан үед калькуляцийг комменд авсан худалдаачны үйлдэл тус бүрийг үндэслэн гаргадаг. Яг таг үнэлгээ, тооцоо (үүнийг голдуу уламжлал, зуршилд нийлүүлэн багцаагаар хийдэг) байхгүй нь одоо ч гэсэн яс тооцоо хийх шууд шаардлага байхгүй тохиолдолд ажиглагддаг. Гэхдээ энэ нь капиталист үйлдвэрийн газрын рационал шинжийн хэмжээг л харуулдаг.
Ойлголтыг тодорхойлоход ямар ч бүдүүлэг байлаа гэсэн аж ахуйн үйл ажиллагаа орлого, зарлагаа мөнгөн илэрхийллээр харьцуулж баримжаалж байгаа тэр зүйл л чухал юм. Энэ утгаар капиталын хөдөлгөөний хангалттай рационал бүртгэлтэй “капитализм”, “капиталист” үйлдвэрийн газрууд дэлхийн бөмбөрцгийн бүхий соёлт газруудад, бидэнд хадгалагдан үлдсэн сурвалжаар аж ахуйн амьдралыг нь цэгнэн үзвэл Хятад, Энэтхэг, Вавилон, Египет, эртний Газрын дундад тэнгисийн улсууд, дундад зуун, шинэ үед бүгдэд нь байсан.
Зөвхөн салангид тусгаарлагдсан үйлдвэрүүд оршин байгаагүй, харин ч шинэ шинэ капиталист үйлдвэрийн газрууд, байнгын “гар урлал” тасралтгүй үүсэн гарахад бүрэн баримжаалсан бүхэл бүтэн аж ахуйнууд оршин байлаа. Хэдийгээр худалдаа удаан хугацааны туршид манай байнгын ажилладаг үйлдвэрийн газрууд шиг шинж чанартай болж чадаагүй байсан хэдий ч мөн чанартаа зөвхөн цуврал (сери-Х.Д.Г.) худалдаа арилжаа хийдэг байв. Аажим аажмаар л тодорхой салбаруудад том худалдаачдын гэж нэрлэж болох тийм дотоод харилцаа бий болсон юм. Зөвхөн түр зуур биш, тухайн үйлдвэрийн газар байнга ажилладаг капиталист үйлдвэрийн газрууд, капиталист ажил хэрэгч хүмүүс нэн эртнээс оршин байж, хаа сайгүй өргөн тархсан байсан нь тодорхой байна.
Гэхдээ Баруунд үүссэн капитализм шинэ ач холбогдолтой болсон бөгөөд өмнө нь хэзээ ч байгаагүй түүний хэв маяг, хэлбэр, чиглэл бий болсон нь онцгой чухал юм. Бүх дэлхийд орон нутагт болон харьд худалдаа хийдэг том жижиг худалдаачид бүхий л төрлийн зээлийн үйлдлийг хийдэг байсан, XYI зууны барууны банкыг санагдуулам туйлын янз бүрийн функци бүхий банкууд ч бас байж, далайн зээл, комменд, түүнтэй төстэй арилжаа, холбоод байнга ажилладаг үйлдвэр байдлаар газар сайгүй өргөн тархсан байлаа.
Хаа сайгүй улсын байгууллагад мөнгөн хэрэгсэл дутагдахад Вавилон, Эллада, Энэтхэг, Хятад, Римд байсан шиг зээл өгөгчид бий болж байв. Тэд дайн, далайн дээрэм, бүхий л төрлийн нийлүүлэлт, далайн чанадын орнууд дахь барилга байгуулалтыг санхүүжүүлж, боол буюу ажилчны хөдөлмөрийг ашигласан (шууд буюу далд мөлжлөгт нэрвэгдсэн) колоничлогч, плантатор болж, эзэмшил (домен-Х.Д.Г.), албан тушаал, юуны өмнө татвар худалдан авч, сонгуульд гаргахын тулд намын удирдагч нарыг, иргэний дайн хийлгэх гэж кондотьерүүдийг санхүүжүүлдэг байв. Эцэст нь зээл олгогч бүхий л боломжит мөнгөн операцид “луйварчин” байдлаар оролцох болов.
Ийм төрлийн ажил хэрэгч хүмүүсийн төлөөлөл болсон капиталист авантюристууд бүх дэлхийд байсан юм.
Тэдний амжилт олох боломж (худалдаа, зээл, банкны үйлдлээс гадуур) цэвэр иррационал-луйврын шинжтэй, эсвэл хүчирхийлэлд, юуны өмнө олзонд тулгуурладаг байсан ба энэ олзыг цэргийн үйл ажиллагааны явцад шууд буюу төрийн албатуудыг удаан хугацаагаар албаны (фискаль-Орч.Х.Д.Г.) мөлжлөгийн аргаар гарган авч болох байв.
Грюндерүүд, том луйварчид, колоничлогчид, санхүүчдийн капитализм бол үүнтэй төстэй нэлээд шинжийг орчин үеийн Барууны нөхцөл байдалд энх тайван цагт хүртэл байнга агуулж байдаг бөгөөд ялангуяа дайнд баримжаалсан капитализм түүнд бүр ч ойрхон байдаг.
Манай өнөөгийн, дашрамд хэлэхэд өнгөрсөн үеийн олон улсын худалдааны тусгай, зөвхөн тусгай шинжүүд түрэмгий (авантюрист-Орч.Х.Д.Г. ) капитализмтай бас л төрөл нэгтэй.
Гэхдээ капитализмын энэ хэв маягийн зэрэгцээгээр шинэ үеийн Баруунд огт өөр, өмнө нь хэзээ ч байгаагүй чөлөөт хөдөлмөрийн (хэлбэрийн) рациональ капиталист зохион байгуулалт бий болов. Бусад орнуудад иймэрхүү зохион байгуулалтын тусгай тусгай урьдач нөхцлүүд л байдаг.
Чөлөөт бус хөдөлмөрийн зохион байгуулалт тодорхой хэмжээний рационалжуулалтад плантациудад хүрсэн, маш хязгаарлагдмал хэмжээнд эртний эргастеруудад хүрч байсан, үүнээс бүр ч бага хэмжээгээр феодалын эзэмшил, феодалын дархны газрууд буюу шинэ үеийн бүр эхэнд хамжлага болон феодалуудаас хараат хүмүүс ажиллаж байсан гэрийн гар урлалд байсан юм.
Чөлөөт хөдөлмөрийн хувьд гэвэл Баруунаас гадна бол бид “гэрийн аж үйлдвэр” байсан тухай хэсэг бусаг өгөгдөхүүнтэй үлдэх ба энд хөлсний ажилчны хөдөлмөрийг газар сайгүй ашигласнаараа мануфактур байгуулаагүй төдийгүй, дундад зууны Барууны цехтэй адилтгам гар урлалд сургах рационал зохион байгуулалт ч бий болгож чадаагүй юм.
Маш цөөн тооны, нэн өвөрмөц ямар ч тохиолдолд орчин үеийн үйлдвэрийн газраас уг сууриараа ялгаатай, юуны өмнө төрийн монополийн хүрээнд байсан газрууд үүнд үл хамаарна.
Гэхдээ улс төрийн тэмцэл буюу иррационал луйварт биш, харин таваарын зах зээлд баримжаалсан үйлдвэрийн газрын рационал зохион байгуулалт нь барууны капитализмын цорын ганц онцлог биш юм. Капиталист үйлдвэрийн газрын орчин үеийн рационал зохион байгуулалтыг хоёр чухал бүрдэл хэсэггүйгээр: орчин үеийн эдийн засагт ноёрхож буй үйлдвэрийн газрыг өрхийн аж ахуйгаас салгахгүйгээр, үүнтэй нягт уялдаатайгаар рационал нягтлан бодохын бүртгэлгүйгээр сэтгэх аргагүй юм. Үйлдвэрлэх газар болон бараа худалдааг үйлдвэрлэгчийн амьдрах газраас зааглах явдал бусад орнуудад, өөр эрин үеүдэд байсан. (үүний жишээ нь дорнын захууд, эртний эргастериуд болно.)
Тусгай үйлдвэрийн газрын хүрээнд тооцоо гаргадаг капиталист холбоодыг бид Дорнын олон орон, эртний ертөнцөөс олж болно. Гэхдээ энэ нь орчин үеийн аж үйлдвэрийн газруудтай харьцуулахад үр хөврөл төдий юм. Юуны өмнө, яагаад гэвэл эдгээрт энэхүү бие даасан байдлын дотоод хэрэгсэл бүрэн байхгүй (эсвэл ажиглагдах төдий) байдаг: түүнчлэн рационал нягтлан бодохын тайлан, хууль зүйн хувьд хэлбэржсэн үйлдвэрийн газрын капиталын хуваарь, ажил эрхлэгчийн хувийн өмч хөрөнгө байдаггүй.
Хөгжлийн хандлага газар сайгүй эрх баригч хийгээд феодалуудын том том газар эзэмшил, өрхийн аж ахуйн хүрээнд (“ойкос”) гар урлалын үйлдвэрүүд үүсгэсэн ба энэхүү хандлага нь Родбестурын нэгэнт нотолсноор бидний авч үзсэнтэй өнгөц төстэй хэдий ч огт өөр, тэр ч байтугай бүр эсрэг шинж чанартай болсон байна.
Гэхдээ Барууны капитализмын энэ бүх онцлогын өнөөгийн учир холбогдлоо эцсийн дүндээ хөдөлмөрийн капиталист зохион байгуулалтын ачаар олж авсан болно. Үүнтэй “коммерциализация” гэж нэрлэгдэх үйл явц холбогдоно, (Энд М.Вебер “коммерц” хэмээх монгол хэлнээ орчуулахад нэн түвэгтэй үгийн ялгааг гаргаж байна-Орч.Х.Д.Г.) Өөрөөр хэлбэл луйврыг рационалжуулсан үнэт цаас, бирж бий болж байна. Учир нь хөдөлмөрийн капиталист рационал зохион байгуулалтгүй бол капитализмын бүх онцлог, түүний дотор коммерциализацийн хандлага алсдаа ч гэсэн хожим нь олж авсан тэрхүү ач холбогдолдоо хүрэхгүй байсан юм. (хэрэв энэ нь ерөөсөө боломжтой байсан бол). Юуны өмнө эдгээр нь нийгмийн социал бүтэц хийгээд түүнтэй холбоотой орчин үеийн Барууны өвөрмөц асуудлуудад ийм их нөлөө үзүүлж чадахгүй байсан. Дараах бүх үйлдлийн үндэс болсон яг таг калькуляци нь чөлөөт хөдөлмөрийг ашиглах үед л боломжтой.
Ийм учраас Барууны гадна хөдөлмөрийн рационал зохион байгуулалт байгаагүй, ийм учраас (яагаад гэвэл) дэлхийн бусад орнууд рационал социализмыг мэддэггүй юм. Бүх дэлхий даяараа хотын аж ахуй, хотын хүнсний бодлого, меркантилизм, эрх баригчдын нийгмийн бодлого, аж ахуйг тэтгэх, зохицуулах протекционизм, laissez-faire (Хятад дахь) зэргийг мэддэг байсан, гэр бүл, шашин буюу цэргийн шалтгаанаар нөхцөлдсөн коммунизм зэрэг хамгийн янз бүрийн төрлийн коммунист болон социалист аж ахуйг мэддэг байсан, бүхий л боломжит хэв маягийн төрийн социалист (Египет), монополист-картелийн болон хэрэглээний байгууллагуудыг мэддэг байсан.
Гэхдээ “бюргер” шиг ойлголт Баруунаас гадна хаа ч байгаагүй, “хөрөнгөтөн” гэдэг ойлголт орчин үеийн Баруунаас өөр хаа ч байхгүй, хэзээ нэгэн цагт хотын зах зээлийн давуу тал газар сайгүй байсан хэдий ч хот тосгоны ялгааг хууль зүйн хувьд хэлбэржүүлсэн цех, гильд болон бусад ойлголтууд Баруунаас өөр хаа ч байхгүй, мөн анги болсон “пролетариат” гэсэн ойлголт байхгүй, байж ч болохгүй, учир нь үйлдвэрийн газрын хэлбэрээр чөлөөт хөдөлмөрийг рационал байдлаар зохион байгуулах явдал хаа ч байгаагүй.
Нэн эртнээс зээл олгогч болон зээлдэгчдийн хооронд, газар эзэмшигч болон газаргүй тариачдын хооронд, бие даасан хүмүүс болон түрээслэгчдийн хооронд, худалдааны давхаргын төлөөлөгчид хийгээд хэрэглэгчид буюу газар эзэмшигчдийн хооронд “ангийн тэмцэл” хамгийн янз бүрийн хэлбэрээр оршин байсан. Гэхдээ дундад зууны үед Баруунд худалдаачин, гар урчуудын хооронд болдог шиг тийм тэмцэл бусад орнуудад эхлэлийн шатандаа л байсан. Барууны чанадад бол орчин үеийн ертөнцөд хэвшмэл байгаа том аж үйлдвэрийнхэн хийгээд хөлсний чөлөөт ажилчдын хоорондын эсрэг тэмрэг байдал огт байхгүй юм. Ийм учраас орчин үеийн социализмд байвал зохих асуудлууд Баруунаас өөр хаана ч бүрдэж чадахгүй юм.
Эндээс бидний хувьд даян дэлхийн түүхийн гол асуудал болсон цэвэр эдийн засгийн агуулгаараа янз бүрийн эрин үед янз бүрийн орнуудад зөвхөн хэлбэрээ өөрчилж ирсэн капиталист үйл ажиллагаа яг тэр байдлаараа сонин биш, капитализм хэв маягаараа авантюрист, худалдааны, дайн, улс төр хийгээд түүнтэй холбоотой шулан мөлжих боломжид баримжаалсан байж болно.
Бидний сонирхлыг чөлөөт хөдөлмөрийг рационал байдлаар зохион байгуулсан хөрөнгөтний аж үйлдвэрийн капитализмын үүсэл, соёл түүхийн талаасаа бол хөдөлмөрийн капиталист зохион байгуулалт үүссэнтэй үнэхээр нягт холбоотой, гэхдээ түүнтэй яг адилхан гэж үзэж болохгүй туйлын олон янзын барууны хөрөнгөтөн үүссэн тэрхүү үзэгдэл татаж байна.
Язгуур угсааны утгаараа “хөрөнгөтөн” бол Барууны өвөрмөц капитализм үүсэхээс өмнө оршин байсан. Зөвхөн Баруунд л байсан нь үнэн юм.
Барууны өвөрмөц капитализм техникийн хөгжил хийгээд түүний бүтээсэн шинэ боломжуудтай ихээхэн хэмжээгээр холбоотой. Одоо үед түүний рационал шинж маш нарийн калькуляцийн үндсийг бүрдүүлж буй техникийн шийдвэрлэвэл зохих хүчин зүйлүүдийг тооцоолох байдлаар ихээхэн хэмжээгээр нөхцөлдөж байна, энэ нь мөн чанартаа ийм рационал чанар барууны шинжлэх ухааны өвөрмөц байдал, юун өмнө рационал математик үндэслэл, маш нарийн туршилтын арга бүхий байгалийн шинжлэх ухаан дээр тогтож байна.
Эдгээр шинжлэх ухаан, түүнд үндэслэсэн техникийн хөгжил нь эргээд байгалийн шинжлэх ухааны судалгааны үр дүнг капиталист эдийн засгийн практикт хэрэглэх явцад олдож буй өнөөгийн тэр их давуу талаар урамшуулж, бас урамшуулагдаж байна. Баруун Европын шинжлэх ухаан эдгээр үзэгдлүүдээр нөхцөлдөж үүсээгүй юм.
Эртний Энэтхэгт позицийн зарчмыг мэддэг байсан, мөн энэтхэгчүүд алгебрыг ч мэддэг байсан, чухамхүү тэд л тооцооллын позицийн аравтын системийг бүтээсэн, гэтэл үүнийг нь Барууны хөгжингүй капитализм ашигласан байхад Энэтхэгт энэ нь орчин үеийн калькуляци, баланс гаргах арга нэвтрэхэд хүргэж чадаагүй.
Математик, механикийн хөгжил бас л капиталист ашиг сонирхлоор нөхцөлдөөгүй. Гэхдээ ард олны амьдралын хэвшлийг хувирган өөрчлөх шийдвэрлэх хүчин зүйл болсон шинжлэх ухааны мэдлэгийг техникийн хувьд хэрэглэх явдал эдийн засгийн урамшууллын ачаар Баруунд л эхлэлээ олсон.
Энэ бүхэн нь Барууны нийгмийн социал байгууламжийн өвөрмөц байдалтай нягт холбоотой. Дээр дурдсан өвөрмөц байдлын ямар бүрдэл хэсэгтэй (компонент-Орч.Х.Д.Г.) энэ урамшуулал холбоотой вэ ? гэсэн асуулт гарцаагүй үүсч байна. Учир нь эдгээр нь бүгдээрээ нэгэн зэрэг ач холбогдолтой байж болохгүй. Гарцаагүй чухал бүрдэл хэсэгт эрхийн рационал бүтэц хийгээд удирдлагыг оруулж болно.
Учир нь үйлдвэрлэлийн техник хэрэгслийг тооцоолдог тийм түвшний рациональ аж үйлдвэрийн капитализм хатуу хэлбэржсэн дүрмийн үндсэн дээр рационал байлдлаар боловсруулсан эрх хийгээд удирдлагыг шаарддаг, гэтэл авантюрист, луйврын худалдааны капитализм, бүхий л төрлийн улс төрийн хувьд нөхцөлдсөн капитализмууд үүнгүйгээр болоод байдаг бол өөрийн гэсэн үндсэн капиталтай, нарийн калькуляци бүхий рационал хувийн аж ахуйтай үйлдвэрийн газар ингэж чаддаггүй.
Хууль зүйн хийгээд хэлбэрийн төгс байдлыг шаарддаг ийм эрх, ийм удирлага аж ахуйн хүрээнд зөвхөн Баруунд л бий. Энэ эрхийн уг үндэс нь хаа байгаа юм ? гэсэн асуулт зүй ёсоор гарна.
Тухайн асуудлын судалгаа язгуур угсааныхан хуульчийн рационал эрхийн хэм хэмжээнд мэргэжлийн хувьд сургагдаж эрхийн салбарт батжиж, ноёрхлоо тогтооход капиталист ашиг сонирхол бусад хүчин зүйлүүдийн хамтаар нөлөөлсөн гэдгийг харуулж байна.
Гэхдээ энэ язгуур угсаа зөвхөн ийм ашиг сонирхол бий болгосон буюу голлон бүтээсэн гэж яагаад ч үзэж болохгүй. Тэд энэ эрхийг бүтээгээгүй. Хөгжлийн явцад огт өөр хүчнүүд үйлчилсэн юм. Тэгвэл яагаад хэрэг дээрээ капиталист ашиг сонирхол Хятад, Энэтхэгт үүн дүгээ адил үр дүнд хүргээгүй юм ? Яагаад эдгээр орнуудад ерөөсөө Баруунд хэвшмэл байдаг, рационалжуулах замаар шинжлэх ухаан нь ч, урлаг нь ч, төр нь ч, эдийн засаг нь ч ороогүй юм ?
Дээр дурдсан өвөрмөц үзэгдлүүдийн тухай яриа Барууны соёлыг тодорхойлогч өвөрмөц “рационализмын” тухай болох нь илэрхий. Гэсэн хэдий боловч энэ ойлголтод туйлын олон утга санаа өгч болно. (цаашдын хэлэлцүүлгийн явцад бид энэ талаар нэг бус удаа хөндөх болно.)
Жишээлбэл, далд бясалгалын “рационализм” байна (өөрөөр хэлбэл амьдралд хандах харилцааг өөрөөр үзэхийг өвөрмөц “иррационал” гэж үздэг.), түүнчлэн аж ахуй, техник, шинжлэх ухааны судалгаа, хүмүүжил, дайн, эрх, удирдлага зэргийн рационалжуулалт байна.
Түүнээс гадна иймэрхүү салбар болгоны хүрээнд “рационалжуулалтыг” янз бүрийн зорилго чиглэлээр, янз бүрийн байр сууринаас хийж болдог ба чингэхдээ нэг үзлийн үүднээс “рационал” зүйл нөгөө үзлийн үүднээс “иррационал” байх нь буй.
Ийм учраас амьдралын туйлын олон янзийн хүрээнд хамгийн янз бүрийн рационалжуулалт бүхий л соёлд оршин байсан юм. Тэдний соёл-түүхийн ялгааны гол шинж нь соёлын ямар хүрээг, ямар чиглэлд рационалжуулж байна гэдэг болно.
Эндээс асуулт Барууны өвөрмөц байдлыг тодорхойлох, түүний дотоодод орчин үеийн барууны рационализм болон түүний хөгжлийг тайлбарлах асуудал руу эргэн ирж байна.
Тайлбарлах өгөх гэсэн дурын ийм оролдлого эдийн засгийн суурь ач холбогдлын улмаас, юуны өмнө эдийн засгийн нөхцлийг анхааралдаа авах ёстой. Гэхдээ эргэх каузаль (эргэх, шалтгаацсан- Орч.Х.Д.Г.) холбоо харилцааг хараанаасаа гаргаж болохгүй.
Учир нь эдийн засгийн рационализм амьдралын практик-рационал зан үйлийн тодорхой төрлүүд дэх хүмүүсийн чадвар хийгээд дур хүслээс рационал техник, рационал эрх гэх мэтээс хамаардаг шиг тийм хэмжээгээр хамаарна.
Сэтгэл зүйн тодорхой хүчин зүйлүүд байгаа тэр газарт түүнд саад тотгор учирна, амьдралын зан үйлийн аж ахуй-рационал хөгжил ч гэсэн ноцтой дотоод эсрэг үйлдэлтэй тулгардаг. Хуучин бол амьдралын зан үйлийн төлөвшүүлэгч үндсэн элемент нь хаа сайгүй далдын (маги-Орч.Х.Д.Г) болон шашны үзэл санаа, түүнд суурилсан үүргийн тухай ёс зүйн төсөөлөл байсан юм. Энэ тухай бидний дараагийн ярианд гарах ба түүний үндэс нь өмнө хэвлэгдсэн болон энэхүү өгүүлэлд дахин боловсруулсан хэвлэлд орсон болно.
Ца хугацааны хувьд нэлээд эрт бичсэн анхны хоёр өгүүлэлд бидний авч үзэж буй асуудалд нэгэн маш чухал өнцгөөс хандаж, хүлээн авахад хамгийн хүнд талаас нь дөхөхийг эрмэлзсэн юм: энэ бол тодорхой шашны чиглэмж бүхий тухайн аж ахуйн хэлбэр “аж ахуйн сэтгэлгээ”, “этос” зэрэгтэй нөхцөлдсөн тухай байсан билээ.
Энэхүү нөхцөлдсөн байдлыг тайлбарлан үзүүлбэл орчин үеийн “этос”-ын аж ахуй болон аскет протестантизмын рационал этиктэй холбож болох байв. Энд тодорхой эргэх харилцааны зөвхөн нэг л талыг авч үзэж байна.
“Дэлхийн шашны аж ахуйн этикт” зориулсан дараагийн өгүүллүүдэд нэг талаас, гол чухал шашнуудын холбоо харилцааны тойм, нөгөө талаас, аж ахуйн болон социал ялгарлыг үндэслэх гэж, ингээд Барууны хөгжилтэй харьцуулж болох элементүүдийг тогтоохын тулд эргэх харилцааны хоёр талыг зайлшгүй байх тэр л хэмжээгээр шинжлэхийг оролдсон юм.
Зөвхөн ингэж баймаажин зөвхөн Баруунд байдаг, түүнийг бусдаас ялгаж байгаа Барууны шашны аж ахуйн этикийн тэр л агшнуудын талаар нэгэн утгат, ямар нэг каузаль мэдээлэл олж болох юм. Харин энэ өгүүлэлд бол зохиогч янз бүрийн соёлуудын ерөнхий анализыг хамгийн товч хэлбэрээр ч өгнө гэж ерөөсөө бодоогүй. Соёлын хүрээ болгонд Барууны соёлын хөгжилтэй зөрчилд байсан болон байгаа зөвхөн тэр зүйлсийг санаатайгаар цохон дурддаг. Энэхүү өгүүлэл бол Барууны хөгжлийг чухамхүү энэ үзлийн үүднээс шинжлэх нь чухал гэдгийг бүрэн баримжаалсан явдал болно.
Манай зорилгод хүрэх өөр аргыг бид төсөөлөхгүй байна. Гэхдээ буруу ойлголтыг арилгахын тулд бид өөрсдийн тавьсан зорилтын заагийг шийдвэртэйгээр зааж өгөх ёстой.
Энэ асуудлыг хангалтгүй мэддэг уншигчдад өөр нэг зүйл, чухамдаа бол энэхүү судалгааг хэтрүүлэн үнэлэхгүй байхыг урьдчилан сануулах ёстой.
Хятад судлаач ч, энэтхэг судлаач ч, семит судлаачид ч, египет судлаач ч эндээс сонирхож буй асуудлаараа үнэн хэрэгтээ шинэ юм юу ч олохгүй нь мэдээж хэрэг. Гэхдээ манай концепцийн гол мөн чанар болсон бидний судалгааны тэр хэсгийг буруу гэсэн биет ямар ч материал эдгээр мэргэжилтнүүд олж чадахгүй гэж найдаж байна. Мэргэжилтэн бус хүмүүст хүртэмжтэй хил заагт зохиогч ямар хэмжээгээр дөхөн очиж, тэдний шүүн тунгааж чадахгүй идеалд дөхөн очсон болж байна. Арга буюу орчуулга ашиглаж, тусгай, маш их зөрчилтэй утга зохиолын (эдгээр эсрэг тэсрэг зүйлсийн ач холбогдлыг тэр бие даан үнэлэх боломжгүй) асар их хэмжээний баримт бичиг, нарратив (өгүүлэмжсэн-Орч.Х.Д.Г.) сурвалжийг ойлгоход хүрсэн судлаач хүн өөрийн ажлыг даруугаар үнэлэх маш ноцтой үндэслэл бий. Тэр тусмаа жинхэнэ “сурвалжийн” орчуулгын тоо хэмжээ (өөрөөр хэлбэл албан бичиг, бичээс) зарим тохиолдолд (Хятад) байгаатай нь харьцуулахад маш бага байгаа нь чухал юм. Дээр дурдсанаас энэхүү өгүүлэл ялангуяа Азийн орнуудын тухай ярьж байвал цэвэр урьдчилсан шинж чанартай юм. Эцсийн үнэлгээ мэргэжилтнүүдэд ногдоно.
Иймэрхүү зорилго тавьж, матералуудыг ийм өвөрмөц өнцгөөр авч үзсэн тусгай ийм судалгаа одоо болтол байгаагүй учраас л энэ өгүүллийг бичсэн юм. Хэрэв шинжлэх ухааны дурын судалгаа эцсийн дүндээ хуучирдаг бол энэ нь эл бүтээлд хамгийн түрүүнд хамаарна. Хэрэв ийм төрлийн судалгааны явцад гарцаагүй харьцуулалт хийдэг ёстой бол зохиогч энэ эргэлзээтэй холбоотой бүх зүйлийг үл харгалзан шууд мэргэжлийнхээ хүрээнээс халин гарсан материалуудыг арга буюу татан ашигласан юм. Чингэхдээ үүнээс урган гарсан үр дагавар гэж байгаа ба тухайн тохиолдолд хийж гүйцэтгэсэн ажил амжилтын баталгаа болж чадахгүй юм.
Өнөөдөр моод хийгээд уран зохиолын сонирхол нь мэргэжилтэнгүй болгоно гэх буюу тэднийг бодит байдлыг зөн билгээрээ “бясалгагчийн” албанд тушаалд туслах үйл ажиллагааны үүрэгтэй байлгаж болно гэсэн итгэл үнэмшил төрүүлж байна. Асуудлыг голдуу нэн үнэ цэнэтэй тавьдаг дилетантуудад бараг бүх шинжлэх ухаан ямар нэгэн өртэй. Гэхдээ дилетантизмыг шинжлэх ухааны зарчим болгон өргөмжлөх нь шинжлэх ухааны төгсгөл болно. Бясалгал хайж байгаа тэр хүн кино үзэхээр явсан нь дээр. Энэ түвшинд түүний сонирхож буй асуудлын шийдэл уран зохиолын хэлбэрээр асар их хэмжээгээр байгаа. Бидний дээд зэргийн эрүүл саруул, уг санаагаараа хатуу чанд эмпирик манай судалгаанд ийм төрлийн сэтгэл зүй шиг харь, харш зүйл байхгүй.
“Сургааль номлол” хүлээж буй тэр хүн сектантуудын хурал руу явах хэрэгтэй гэж би нэмж хэлмээр байна. Энд харьцуулж буй соёлуудыг бид үнэт зүйлийн харьцаагаар нь нэг ч үгээр дурсаагүй. Тасралтгүй хөдөлгөөний ямар нэг хэрчимд бүрэлдсэн хүн, хүмүүний хувь заяандаа захирагдаж, заяа тавилангийн сүрдэм цохилтыг мэдэрдэг нь эргэлзээгүй. Гэхдээ тэр өөрийн өчүүхэн тайлбарлалаас татгалзвал зохилтой: тэдгээр нь энд бол далай буюу уул хараад дуун алдах илэрхийлэл шиг тохиромжгүй юм, ингэхэд хүн гээч өөрийнхөө мэдрэхүйг урлагийн бүтээлд шингээх чадвараа мэдэрдэг билүү, эсвэл хүмүүст хандсан зөнч хандлагыг илэрхийлж чаддаг билүү.
Үлдэх бүх тохиолдолд “зөн билгийн” (интуици-Орч.Х.Д.Г.) тоо томшгүй тайлбарууд бол голдуу объектод харьцах зохих ёсны зайгаа мэдрэх чадваргүй байгаагаас өөр зүйл биш бөгөөд хүнд харьцах байр суурьтай адилтгам (позици-Орч.Х.Д.Г.) тийм үнэлэлт дүгнэлттэй адил юм.
Бид зорилгодоо хүрэхийн тулд, тавигдсан асуудлуудыг жинхнээсээ гүн гүнзгий судлахын тулд, ялангуяа Азийн ард түмний шашинлаг чанарын тухай ярьж байхад зайлшгүй хэрэгтэй байсан угсаатны зүйн материалыг хэрэгтэй хэмжээгээр яагаад татан аваагүй вэ гэсэн асуултад хариу өгөх ёстой гэж үзэж байна.
Энэ нь хүний ажиллах чадвар хэмжээ хязгаартайгаас болоогүй, харин судлан буй орон тус бүрийн “соёлын трегер” болж байсан давхаргуудын чухамхүү шашны этикээр нөхцөлдсөн үйлчлэл болж байсанд байгаа юм. Чухамхүү тэдний амьдралын зан үйлд нөлөө үзүүлсэн тухай энд ярьж байна.
Хэрэв энэхүү амьдралын зан үйлийг угсаатны зүйн болон ардын язгуур урлагийн (фольклор) өгөгдөхүүнтэй харьцуулсан зөвхөн тэр тохиолдолд түүний бүхий л өвөрмөц байдлыг ойлгож болно гэдэг нь шударга бөгөөд мэдээж юм. Бид угсаатны зүйчид гарцаагүй илрүүлэх гаргах энэ алдаагаа бүрэн ухамсарлаж байгаа бөгөөд шашны социологийн бүтээлүүд дэх материалыг системтэй судалснаар ямар нэг хэмжээгээр нөхөж болно гэж найдаж байна. (Энэ ажлыг М.Вебер “Аж ахуй ба нийгэм” хэмээх өөр нэг суут бүтээлийнхээ “Шашны социологи” гэсэн бүлэгт хийж гүйцэтгэсэн юм.-Орч.Х.Д.Г.) Гэхдээ иймэрхүү зорилт нь тодорхой маягаар зорилго нь хязгаарлагдмал манай судалгааны хүрээнээс халин гарахсан билээ. Энд бид янз бүрийн шашны шинжүүдийг илрүүлэн гаргаж, Барууны соёлын шашинтай харьцуулах оролдлого хийснээр сэтгэл ханасан юм.
Эцэст нь асуудлын антропологийн тал дээр ярих ёстой. Учир нь рационалжуулалтын тодорхой хэв маягийг бид байнга Баруунаас олж байгаа бөгөөд бие биенээсээ үл хамааран хөгжиж буй амьдралын зан үйлийн тэр салбарт ч гэсэн зөвхөн тэндээс олдож байгаа, ингээд энэ бүхний үндэс нь удамших чанар гэсэн сэтгэгдэл тун амархан төрдөг юм.
Зохиогч өөрийн субъектив үзэл бодлын үүднээс биологийн удамшилд илүү ач холбогдол өгөх дуртай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ антропологийн ихээхэн амжилт байлаа ч гэсэн зохиогч өнөөдөр энд дурдсан чиглэлд антропологийн хувь нэмрийг яг таг тодорхойлох буюу багцаалчихаар арга зам, түүний шинж чанар, үйлчлэлийн хэлбэрийг олж харахгүй байна.
Ирээдүйн социологийн болон түүхэн судалгааны зорилтын нэг бол хүн төрөлхтөн хийгээд орчны хувь заяанд үзүүлэх хариу үйлдэл мэт хангалттай тайлбарлагдаж болох тэр бүх нөлөөлөл, эргэх холбооны (каузаль) эгнээг олж илрүүлэх явдал мөн.
Зөвхөн энэ тохиолдолд л (хэрэв үүний дээрээс арьстны неврологи, психологи анхдагч шатнаасаа гарах юм бол, эдгээр шинжлэх ухаанд ирээдүйтэй олон чиглэл харагдаж байгаа) асуудлыг ингэж тавьсны хангалттай үр дүнд найдаж болно.
Өнөөдөр бидний бодлоор ийм урьдач нөхцөл алга байна, ийм учраас “удамшлыг” иш татаж байгаа маань өнөөдөр л хүрэлцээтэй тэр танин мэдэхүйгээс татгалзаж, асуудлыг хараахан тодорхойгүй (одоо үед) хүчин зүйлд тохох гэсэн оролдлого төдий юм.
Орос хэлнээс орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 10 дугаар сарын 06.
Капитализмыг уг сурвалжийг нөгөө өнцөгөөс нь талбарласан, тун сонирхолтой өгүүлэл бна. Аливаа үзэгдэлд системтэй хандах, задлан шинжилгээ хийхийн чухлыг илэрхийлжээ. Маш сонирхолтой юм. Протестант этик хийгээд Барууны хүрсэн амжилтын нууц нь үндсэн өгүүлэлдээ дурдугдах болов уу.
Танд баярлалаа. Амжилт ерөөе.
Толгой муутайдаа л гомдохоос. Ойлгоход хүнд эд байна даа.
Олон дахин нухацтай уншвал хэн ч ойлгоно. Хэрэв бүх юм тийм амархан байсан бол манай хэд өдийд Монголоо “мандуулж” байхгүй юу…
yamarch bsn hevleed avchlaa, nuhatstai unshaad uziid ee, boloh bhaa
Веберийн энэхvv бvтээлийг “нухацтай” vзэх гэвээс “идеалист” байр суурьнаас хандах, Ж. Кальвин (John Calvin) – тай танилцах учиртай!
Эрхэмvvдэд амжилт хvсье!
Aнгли хувилбарын “title” нь: The Protestant Ethic and the Spirit of Capitalism
uzel sanaa suns 2 uur ….
Spiritual vs Natural…!?
“Тейст” итгэл vнэмшилтэн энэ номыг “Протестант Этик ба Капитализмын Сvнс” (Протестантская Этика и Дух Капитализма) гэдгээр нь vздэгийг онцлон хэлэх ёстой болов уу!?
>Amraa
“Дух”, “spirit” хоёрыг “сүнс” гэж ойлгож, орчуулж болохгүй ээ. Монголоор “мөн чанар”, “амин чанар”, “гол үзэл” гэж буух байх, Ганаа ахын орчуулга зөв л байна шдээ.
Коммунист намын тунхаглалын эхний мөр “Призрак бродит по Европе – призрак коммунизма”-г л “сүнс” гэж орчуулж болох байх… кк…
Хариу бичсэн эрхэмд: Вебер “идеалист” гэдгийг анзаарна биз ээ!?
Жишээ нь, ” Сотворитель (Бог) есть Дух” – ийг “материалист” (атейст) -ууд “…vзэл санаа, … ” гэх гээд байнаа даа?!
Угтаа, Вебер Марксын “диалектик материализм” -д л барьсан хариу биз дээ?!
Сайн байн уу Ганаа ах.
Ер нь бодоод байсан чинь өнөөдрийг хүртэл онол, арга зүй гэх зүйлийг ойлгож амжаагүй иржээ. Энэ ч яахав миний бядуугийнх. Бусад нь чааваасдаа гэж хэлж болно. Талхыг онолоор биш, хутгаар зүсдэг гэж хөндий царай гаргаж болно. Гэхдээ энэ бол цааш гишгэхгүй яриа. Энд би таниас арга зүйн талаар тодруулж асуух хүсэлтэй байна.
Надад нэг бүдүүлэг гайхшрал байх. Нийгмийн шинжлэх ухааны хүмүүс субьектив байдалдаа хөтлөгдөхгүйгээр яаж юм гаргаж авдаг болоо. Тийм аргазүйг ашигласан гэх үр дүн заавал тэр хүнийхээ идеагаар дамжиж гардаг. Гэтэл төмрийн үртсийг бид ямар нэг юмнаас ялгах шаардлага гарвал соронз хэрэглэхэд л болчихдог. Энд тухайн хүний бодол санаа, хандлага оролцсон гээд маргаад байх хэрэг үүсдэггүй.
Тэгэхээр Ганаа ахаа, ялангуяа нийгмийн чиглэлийн салбар шинжлэх ухааны мэдлэг гаргах арга зүй, түүнийг хөтөлж явуулж буй хувь хүний үзэл бодол хоёр ямар харилцаанд байдаг вэ? Мэдээж хэрэг судлаач хүн шинжлэх ухааны хэрэглэсэн аргазүйн хүрээндээ байх ёстой гэх байх, гэтэл энэ маань номын үг.
iim um bdagiig anh udaa duulj bn marks aas ooriig medddeggui bjee
Олон дахин нухцтай уншинаа. Баярлалаа.
Бидний Улс ( Монгол Туургатан ) л лав сорон мөлжих аргаар ( ” Арга – Билиг ” – ийн арга ) мандахгүй, батрахгүй!
Ganaa sudlaach tand ih bayarlalaa. Mash hudolmorch hun bna. Zaluus maani zalhuuralgui unshij ergetsuul bodoj suraasai. Germanaas ninomyn neriig orchuulbal arai oor yum shig. Protestant ethik ba kapitalismyn amin suns gej orchuulbal?