МОНГОЛЫН ОНЦЛОГ БА ТҮҮХ БИЧЛЭГ

Өнөөгийн монголын түүхчид шиг мангуу амьтад энэ ертөнцөд үгүй. Яагаад гэвэл тэдний дийлэнхи олонхи түүхийн философ, онолын болон түүхэн социологи гэж шинжлэх ухааныг ор тас мэддэггүй. Ийм учраас тэдний олонхи (цаашид тэд гэх болно-Х.Д.Г) түүхэн баримтын хойноос үхэн хатан хөөцөлдөх бөгөөд улмаар түүхэн баримтынхаа зөрчил дороос босч ирж чаддаггүй болой. Хэрэв түүхэн туурвил бүтээе гэж бодож байвал дээр дурдсан түүхэн философ, онолын болон түүхэн социологи гэдэг шинжлэх ухааныг жаахан ч гэсэн үзэх ёстой. Манай Монголын түүх бичлэг өөдөлдөггүйн үндсэн шалтгаан энэ мөн. Үүнийг хэдхэн жишээн дээр авч үзье.
Мал үйлдвэрлэлийн хэрэгсэл үү ?!
Хөдөлмөрийн зүйл болон хөдөлмөрийн багаж нийлж хөдөлмөрийн хэрэгсэл болно. Хэрэв үүний дээрээс мэдлэг мэргэжил бүхий хүний хөдөлмөрийг нэмбэл үйлдвэрийн хэрэгсэл болно. Энэхүү үйлдвэрийн хэрэгслийг өмчилж буй байдлаараа хүний нийгэм ихээхэн ялгагдана. Энэ бол Марксын сургааль гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Тун олон хүн Марксыг нь буруутгасан боловч дээр дурдсан бүдүүвчийг үгүйсгэсэн аавын хүү одоохондоо байхгүй.
Өөрөөр хэлбэл хүний ямар ч нийгэм үйлдвэрлэл явуулж амьдрах ба ингэж үйлдвэрлэл явуулахын тулд: хөдөлмөр, газар, капитал, мэдлэг хэрэгтэй гэж европ шинжлэх ухаан сургана. Үүнийг олон хүн зөвшөөрдөг, уухайлдаг боловч “нэг юм” байхгүйг огт анзаардаггүй юм. Тэр нь Монгол хүн, монголчуудад туйлын их хамаатай мал хийгээд мал аж ахуй юм.
Ахиад Марксын онол руугаа оръё. Яагаад гэвэл түлхүүр нь энд байгаа учраас. Тэнд үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчилсөн анги нь шулан мөлждөг. Ухаандаа капиталист бол хөрөнгө буюу капитал, газартай, бас бага зэргийн мэдлэгтэй байж байгаад пролетари буюу ядуусын хөдөлмөр болон мэдлэгийг шулан мөлжих ёстой. Мөн энэ онолоор пролетари буюу ядуус өөрийн гэх газаргүй, ажиллах хүчнээс өөр өмчгүй байх ёстой.
Одоо монголыг аваад үзье. Монголд хэзээ ч газар өмчилж байгаагүй. Тэхээр мөлжлөг байгаагүй гэж үзэх үү ?!
Социализмын үед үүнийг анзаарч байсан юм. Сайндаа ч биш, “капиталист бус хөгжлийн зам”-ыг судлах явцад Марксын “азийн үйлдвэрлэлийн аргын” талаар социалист орнууд, улмаар дэлхий дахинд болсон эрдмийн маргааныг олж үзсэн хэрэг. Ийм маргаан Орост 1920-1930-аад он, хожим 1960-1970-аад оны үед болсон ба нэг хэсэг өрнөөд хаагдсан юм. Манайхан тэрийг нь олж үзсэн хэрэг.
Ингээд их зовлонтой учрав. Нэг талаас асуудал их сонирхолтой байдаг, нөгөө талаас марксист-ленинист үзэл сурталдаа тааруулах хэрэгтэй байдаг. Ингээд “хүчээр тааруулсан” юм. Юу гэж тааруулсан гэхээр нэг иймэрхүү: Муусайн феодалууд малын бэлчээр нэрийн дор хамгийн сайн газрыг өмчилж малчин ардыг шулан мөлждөг байжээ.
Би агуулгаар нь ярьж байна. Энэ бол цэвэр гүтгэдэг юм. Яагаад гэвэл: нэг, монголд газрын өмч хэзээ ч байгаагүй, феодалууд сайн газар эзэмшиж байсныг өмчилж байсан гэж үзэж болохгүй. Хоёрт, малчин ард үгээгүй хоосон пролетари биш, харин өмчтөн байсан. Тэднийг тариачидтай жишиж зүйрлэдэг байсан нь газартай болгох гэсэн оролдлогоос өөр зүйл биш. Малчин тариачин хоёр бол түүх, эдийн засаг, оюун санаа, социал бүхий л утгаараа тэс өөр анги (давхраа) юм.
Академич Майскийн тооцоогоор 1919 онд монголын дундаж өрх 3 тэмээ, 14 адуу, 13 үхэр, 90 орчим хонь ямаатай байсан нь одоо ч гэсэн нэлээд “өндөр” үзүүлэлтэд орно. Энэ бол зөвхөн дундаж тоо бөгөөд мэдээж тэр үед баян ядуугийн зааг ялгаа их байсан, ядуу хүмүүс олон байсан.
Мал үйлдвэрлэлийн хэрэгсэл мөн үү, биш үү гэсэн эдийн засаг, нийгмийн суурь асуудал энд гарч байна. Гарч байна ч гэж дээ, шийдэгдээгүй хэвээрээ олон жил болж байна. Ингээд мал аж ахуйгаа “хааш нь хийхээ” мэдэхгүй болохоороо монгол иргэншлээ ор тас мэдэхгүй байх нь мэдээжийн хэрэг.
Европ уу, ази уу ?
Ухаандаа монголын нүүдэлчдийн мал аж ахуйн нийгэм анхнаасаа европ онолд огт таарахгүй өвөрмөц онцлогтой байсан нь тодорхой байна. Таарахгүй байхад нь заавал европ онолоор тайлбарлах гэж бид тун олон жил зүтгэжээ.
Нарийн аваад үзвэл европ онолын олон урсгалуудад энэ талаар цөөнгүй авч үзсэн нь буй. Жишээлбэл, Марксын сүүлчийн зарим бүтээл, түүнчлэн суут Макс Веберээс эхлээд олон эрдэмтний суурь бүтээл зэрэг олон туурвилыг дурдаж болно. Иймээс “европ онол таарахгүй” гэж дээр миний хэлдэг харьцангуй юм. Иймээс тэр бүгдийг бид үзэж судлах ёстой. Гэхдээ европын сонгодог классик, академик онол-түүхийн арга зүй ихээхэн мухардмал байдалд орсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бидний мэддэг, үзэж ирсэн шинжлэх ухаан, түүний арга зүй хоцорсон, хоцрогдсон.
Өнөө үеийн бид шинэ, хуучин хоёр шинжлэх ухаан, түүний арга зүйн завсарт, дунд, салаанд амьдран байгаа нь бидний танин мэдэхүйг үлэмж түвэгтэй болгож байна. Ийм байлаа ч бид шинэ рүү нь үргэлж тэмүүлэх ёстой. Энэ нь хуучныгаа хаяад нулимаад бай гэсэн үг биш нь ойлгомжтой.
Товчлон өгүүлбэл өнөөдөр дэлхий дахинаа онол түүхийн нэн их, маш олон суурь бүтээлүүд гарч байна. Харамсалтай нь эдгээрийг Монголд лавшруулан судалсан, эрэгцүүлэн бодсон нь бараг үгүй. Монгол орон эрдэм ном уншихаа огт байж. Онолын номыг бол яамай л байна.
Манай Монголд хамгийн адгийн нэг муухай зан байдаг юм. Онол сургаальд хандахдаа эсвэл магтан дуулж бурханчлан шүтнэ, эсвэл газар дор ортол муулж нулимна. Дандаа цээжнийхээ бангаар. Ингэж тэнэгтсээр байтал Монголын нийгмийн сэтгэлгээний суурь үндэс алга болж, өнгө будгийн марзан шовгорууд үлдэв. Энэ нь монголын нийгэм, түүхийн ухаан өөрөө суурьгүй байгаатай холбоотой.
Монголын онцлог оо гэж…
Сэдэвтээ эргэж оръё. Ухаандаа хамжлагын харилцааг халсан, малчдын малыг нийгэмчилсэн үйл явц ихээхэн онцлогтой байсан юм. Энд үйлдвэрлэлийн хэрэгслийг нийгэмчилсэн, хувийн өмчийг хураасан гэх “аймшгийн” асуудлыг тавьдаг. Өнөө үеийнхэн шүү дээ. Хэрэв мал үйлдвэрлэлийн хэрэгсэл биш бол энэ чинь ямар үйл явц юм ? Хөдөлмөрийн зүйлийг нийгэмчилсэн бол асуудлын мөн чанар өөрчлөгдөх үү ?
Амин зуулгын (натурал аж ахуйн) өмч, үйлдвэрлэлийн өмч хоёр харсаар байтал ялгаатайг хүн бүр мэднэ. Гэтэл монголын түүхч, эдийн засагчид үүнийг огт тоодоггүй. Натурал аж ахуйг хамтын аж ахуй болгоход нийгмийн дэвшил болох нь ямар ч эргэлзээгүй.
Энд өмчийн харилцаа, нийгмийн дэвшил хоёрын аль нь илүү чухал, хөдөлмөрийн хуваарь нарийсан сайжрах, машин техник хэрэглэх, эсвэл жалгын нэг тарж, нэг хувийн өмчтэйгөө байх хоёрын аль нь илүү ач холбогдолтой тухай ихээхэн ач холбогдол бүхий зарчмын асуудал сөхөгдөж байна. Мөн нийгмийн байгууллын асар том ялгаа гарч ирж байна. Энэ суурь асуудлыг бид одоо болтол хөндөлгүй, цаг ямагт үзэл суртлын үүднээс ярьж ирсэн. Ийм тэнэг байж хэрхэвч болохгүй. Бидний танин мэдэхүй цаг үргэлж урагш ахин дэвших ёстой.
Зүгээр л жагсаан бичихэд эндээс түүх, эдийн засаг, нийгмийн тун сонирхолтой маш олон асуудал урган гарах нь хэн бүхэнд тодорхой байна. Энэ суурь асуудлыг шийдэхгүйгээр, шийдэх гэж оролдохгүйгээр түүх бичлэгийн хийгээд нийгмийн онолын салбарт ахиц гарах нь юу л бол ?!
Эндээс монголын нийгмийн онцлогийн олон асуудал урган гарч байна. Энэ асуудлыг сонирхдог, судалгаа хийсэн онолч, түүхч лав л монголд байхгүй. Энэ мэт суурь асуудлаа мэдэхгүй хэвтэж ямар балдуушаараа онол түүх ярьж судлах гээд байгаам ?! Та нар хүнээс ичих хэрэгтэй ш дээ…
Эдгээр суурь асуудал одоо ч гэсэн ихээхэн практик ач холбогдолтой. Ухаандаа монголд газар өмчлөл түүхэндээ байгаагүй байхад анх удаа газар өмчлүүлж байна. Энэ бол нийгмийн харилцаанд гарч буй асар том өөрчлөлт юм. Нийгмийн харилцаа төдийгүй, хувь хүний сэтгэл зүй, зан төлөв, үйл хөдлөл, үнэлэмжид гарч буй асар том өөрчлөлт юм. Үүнийг бодож тооцсон хүн, түүний дотор түүхч байхгүй л гэж би бодож байна.
Саяхны жишээ гэхэд л социализмын үеийн нэгдлийг юу ч бодолгүй тараагаад хаясан, одоо болохоор нөхөрлөл, хоршоо байгуул гэж уриалж байна. Ц.Элбэгдорж нэгдлийг устгасан ба одоо сэргээн босгохыг уриалж байна. Бид түүнийг нураа гэхээр нураадаг, босго гэхээр эргээд босгодог баймааргүйг дашрамд дурдаж байна. Монголын нийгмийн онцлогийг харгалзахгүй тэнэг юм хийхээр ингэж эргэж буцдаг ажээ. Одоо монголын хөдөө аж ахуйг сэргээн босгохын тулд олон арван жилийн хүчин чармайлт шаардлагатай болоод байна.
Нийгмээ мэддэггүй түүхчид
Дээр авсан бол ердөө л ганцхан жишээ юм. Монголын түүхчид монголын нийгмийг огт мэддэггүй. Тэд зүгээр л европын нийгмийн тухай ойлголтуудыг тэр чигээр нь ямар ч шүүлтүүргүй авч хэрэглэдэг хөгийн улсууд.
Ухаандаа “хот”, “тусгаар тогтнол” “шашин” гэх мэт энгийн ойлголтуудын зааг ялгааг ч тэд мэддэггүй. Гайхалтай байгаа биз. Үүнийг нотлох гээд үзье…
Жишээлбэл “хот” гэсэн ойлголт байна. Хэдэн хүн байшин сав бариад хаан голд нь суугаад худалдаа наймаа хийгээд бөөгнөрвөл хот болно гэж монголын түүхчид ойлгодог. Тийм биш л дээ. Энэ талаар суут Макс Веберийн “Эртний ертөнцийн аграр түүх” болон “Аж ахуйн түүх” зэрэг алдарт бүтээлүүдэд тодорхой дурдсан байдаг. Үүнийг манай “аварга” түүхчдийн хэн нь ч уншаагүй гэдэгт мөрий тавьсан ч болно.
Тэнд европын хотууд үүсэхдээ ураг төрлийн байгууллыг эвдэх чиглэлтэй байдаг ба энэ нь хувь хүний эрх чөлөөний үндэс болсон гэж нотолсон. Мөн дорно дахины, тухайлбал Азийн хотуудад ийм зүйл байгаагүйг бас нотолсон. Өөрөөр хэлбэл Азийн хотуудад “иргэн” бий болдоггүй аж. Манайх ч гэсэн тийм байх маш өндөр магадлалтай. Яагаад гэвэл Нийслэл Хүрээ шашны төв байдлаар анх үүссэн.
Хүрээнд аймгууд, голдуу Түшээд хан аймгийнхан анх суурьшсан. Хүрээнд ирсэн нүүдэлчид лам болсон үр хүүхэд, хамаатан саднаа харж хандах гэж улирлын чанартайгаар анх суурьшсан байж тун болзошгүй. Мөн ноёдууд хуралдах гэж цугладаг байгаад хожим байнгын маягийн суурьшил болсон байх. Гэхдээ ноёдууд хөдөө өргөөтэй, “хоёр” нутагтай голдуу байжээ. Манай Хүрээнийхэн өөрийгөө “хотын иргэн” гэж төсөөлж байсан нь юу л бол ?! Монголд хот үүссэн хүчин зүйл нь европоос шал өөр байгааг бид харж байна. Хожим болтол Хүрээний оршин суугчдын ихэнхи өвөл хотдоо, зун хөдөө гардаг хагас нүүдлийн шинжтэй байсан. Энэ нь ч гэсэн Монгол хотын онцлог юм.
Европт хотын хүний ураг төрлийн харилцаа эвдэрч, хотын шинэ харилцаа үүсч, хотдоо “тангараг өргөх” хүртлээ шинэчлэгддэг байсан. Энэ нь Европт капитализм үүсэх нэг гол нөхцөл болсон. Гэтэл Хүрээнд ирсэн Монгол хүний ураг төрлийн харилцаанд хэр өөрчлөлт орсон бол ?! Миний бодлоор бараг ороогүй, орсон ч их өвөрмөц байдлаар өөрчлөгдсөн. Тухайлбал, маш өндөр шургааган хашаагаар бие биенээсээ тусгаарлаж, зэрлэг догшин гарз нохдоор өөрийгөө “хамгаалдаг” байсан. Мөн аймаг хошуугаараа ялгаран суудаг, тэдний хооронд зодоон цохион цөөнгүй болдог байсан. Европын хотуудад бие биенээсээ тэгж их тусгаарлах шаардлага байгаагүй мэт. Манай Хүрээ шиг тийм өндөр хашаагаар тусгаарласан хот байгаагүй байх. Үүнийг манай түүхчид судлах нь байтугай, анхаарч ч байгаагүй.
Одоо ч гэсэн манай Улаанбаатарт “иргэний нийгэм” тун муу буюу удаан төлөвшиж байгаа нь энэхүү суурь харилцааны онцлогтой ихээхэн холбоотой. Манай хотын тухай социал ойлголт европынхоос ихээхэн өөр юм.
Ганц “хот” ч биш, манай түүхчид болон нийгмийн ухааныхны огт бодолгүй хэрэглэдэг бүх ойлголтууд монголын нөхцөлд ийм олон онцлогтой байдаг. Харамсалтай нь үүнийг монголын түүхчид огт анзаардаггүй, судалдаггүй, мэддэггүй юм. Ийм жишээ би үй олныг дурдаж чадна.
Нэн ялангуяа монголын нэн шинэ түүхчид “хувьсгал”, “нийгмийн дэвшил”, “тусгаар тогтнол”, “бүрэн эрхт байдал”, “уламжлал”, “шинэчлэл”, “шашин” зэрэг суурь ойлголтуудын талаар анхдагч мэдлэг байхгүй, тэдгээрийг эрэмбэлэх чадваргүй. Тэд энгийн ухамсрын ойлголтуудыг категорийн түвшинд операци хийж системчилж мэддэггүй, чаддаггүй. Ингэснээрээ тэд монголын нэн шинэ түүхэн үеүд, тухайлбал 1911, 1921 оны хувьсгалуудыг зөрчилдүүлж, монгол үндэстнийг хагалан бутаргах хорт үйл ажиллагаанд хутгалдан оролцоод тун удаж байна.
Монголын өнөөгийн нэн шинэ түүхчид бол шинээр олсон баримтандаа живсэн, түүнийгээ системчилж, нэгтгэн дүгнэх чадвар байхгүй үнэхээр өрөвдөлтэй хөгийн хүмүүс мөн. Ухаандаа манай цэргийн түүхчид байлдаантай кино ярьдаг онгироо пацаануудтай тун төстэй болсон. Үүнийг хэлэхээр манай түүхчид чи мэргэжлийн биш, түүхийн судлах талбар руу “зөвшөөрөлгүй” орлоо гэж загнадаг юм.
Хуцваа л байна, Та нарын “зөвшөөрөл” надад ёстой падлий байхгүй. Монголын түүхчид, ялангуяа нэн шинэ түүхчид ажлаа хийж чадахгүй, мэдэхгүй, дэндүү үхээнц, дэндүү арчаагүй байна. Тэд нийгмийн системийн онол арга зүй, түүний дотор түүхийн философи, онолын социологи, системийн ерөнхий онол огт мэдэхгүй, мөн түүх бичлэгийн арга зүй нь үлэмж хоцрогдсон байна. Хамгийн гол нь үнэн залхуу байна…
Ядаж хүн ичиж үхмээр таван боть “Монгол Улсын түүх”-ээ засаад биччихэж чадахгүй байж олон юм яриад томроод байх хэрэггүй л байхгүй юу. Улс төрчдийн хийдэг улс төр-үзэл суртлын баримтат кинонд жинхэнэ жүжигчин шиг “тоглох” чинь түүх бичлэг биш л дээ, эрхэм түүхчид ээ…
Сүүлдээ монголын түүх бичлэгийн чиг хандлага, юу хийх, юу хийхгүйг Баабар мэт нь зааж өгдөг болж байна. Бүр хорь гаруй жил “түүх зааж” монголын түүхийг бантан болгож байна. Нэртэйгээр нь Та нар Баабар, Цэнддоо хоёрыг Түүхийн Хүрээлэнгийнхээ захирал, дэд захирлаар тавьчих л даа. Нэг нь трагеди бичнэ, нөгөө нь комеди бичнэ. Дээрээс нь орчуулагч Нэргүй мэтийг авбал бүр ч гоё “дээрмийн түүх” болно. Ингэвэл ч мэдэж ядаад байх юмгүй, монголын түүх 1990 оноос л эхэлнэ дээ…
Түүхчид нь түүхээ мэдэхгүй, бичихгүй болохоор сайн дурынхан, сэтгүүлчид, орчуулагчид, улс төрчид, лам бөө мэтийн дурын баагий монголын түүхийг бичдэг болж байгааг эмгэнэл биш гээд хэлчих л дээ…
Түүх бичлэг бол түүхчдийн “нотлохыг” хүлээгээд байж байдаг “цаг наргүй” зүйл огт биш. Бид одоо илрээд байгаа асар их түүхэн баримт дээрээ шинжлэх ухааны боловсруулалт хийхийг хүсвэл, бас чадвал асар их ажил хийх боломжтой.
Гэтэл өөрсдөө залхуурчихаад, улс төрөөр өвчилчихөөд “түүхэн баримтаар нотлоно” хэмээн хүлээнэ гэдэг бол санаатайгаар үйлдэж буй гэмт хэрэг мөн. Гэтэл монголын түүхчид шинэ баримт олж ч чадахгүй байна, түүхээ ч бичиж чадахгүй байна. Хийх ёстой хоёр гол ажлаа хийж чадахгүй байна. Ухаандаа оросын архивт очоод хэд хэдэн түүхч яг адилхан материал чамгүй их мөнгө төлж авчирч байна. Энэ чинь монголын түүхийн баримт болохоос Та нарын хувийн өмч биш шүү дээ. Тэгээд ч түүхийг сэтгэл зүрхээрээ бичдэг болохоос төслийн мөнгөөр бичдэггүй баймаар. Та нарын ийм хөгийн араншин монголын эв нэгдэл, оюун санааг хорлодог юм.
Ийм арчаагүй болохоор чинь би Та нартай “дайн зарлана” гэж амласан, би Та нарт онолын социологи, системийн анализ гэж юу байдгийг харуулах л болно. Та нарын дунд миний найз нар ч байгаа. Гэхдээ л би Та нарын дийлэнхи олонхитой үзэж тарна. Би хэлсэндээ ямагт хүрдэг. Мөн үүнийг би эхлээгүй, Та нар эхлүүлсэн.
“Дайнд хүргэхгүй” хамтран ажиллах өөр нэг аятайхан хувилбар байгаа боловч Та нар хүлээж авахгүй л болов уу, яагаад гэвэл төсөл санаачилж, Та нарт төлөх мөнгө надад даанч байхгүй. Надад байгаа юм мэдлэг, мэдээлэл, сэтгэл зүтгэл, бас зориг зүрх л байна…
Гэвч энэ тулалдаанд би гарцаагүй ялна. Тиймээс Та нар эртхэн шиг “бууж өгөөд” миний нөхцлийг дагах ёстой. Энэ бол шинжлэх ухааны шинэ арга зүйн дагуу шинэ судалгаа эхэлж утгагүй заваарсан түүх бичлэгээ засах явдал болно. Үгүй бол “асуудал” ойлгомжтой, харж л байгаарай…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 01 дүгээр сарын 14.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

24 Responses to МОНГОЛЫН ОНЦЛОГ БА ТҮҮХ БИЧЛЭГ

  1. NNN says:

    Goy nittlel bna

  2. ЗАЛХУУ ХҮҮ says:

    Өнөөдөр азтай өдөр байна. Ийм нийтлэл үзээд бас цөөнгүй жил Баабар зэрэг нийтлэлчийн бичсэн түүхийг номнуудтай дотроо хэрэлдээд байсан шалтгаан нь арга зүйд зэрэгт байсан гэдгийг ойлгосон. Түүнчлэн хавар, зундаа хөдөө гарч, морь унаад давхимаар санагдаад байдгын цаад шалтгаан нь угаас, удмаасаа би чинь хотын хүн биш юм байна гэдгээ мэдэв.

  3. ЗАЛХУУ ХҮҮ says:

    Гэхдээ түүхчид болон бусад судлаачдын дунд том хэрүүл битгий болоосой. Учир нь хэрүүл гарвал манай түүхийг хуулаад, үнэн зөвөөр сайхан засаад бичих мөнгөтэй, чадалтай хөрш бидэнд байгаа шүү.

    • Ганаа says:

      Хуулаад байх юу ч байхгүй ээ. Угаасаа манай түүх юм чинь. Одоо бол гуйвуулсан түүхийг засах, түүх бичлэгийн онол-арга зүйн асуудал яригдах учраас энэ түвшинд сайтар ярилцах ёстой. Хоншоор нь хүрдэг юм бол хэрэлдэг л дээ, энэ түүхчид…

  4. Sukhee says:

    Taniig demjideg shuu, am jilt husey

  5. Orgilkhuu says:

    Баярлалаа. Таниас өөр ингэж суурь ойлголтуудын талаас нь хөндөж бичдэг хүн үнэндээ алга даа. Таны бичсэнтэй санал нэгдэхээргүй үе гардаг ч энэ нь байх л ёстой зүйл биз.

    Одоогоор харь оронд байгаа болохоор Монголд асуудал ямар байгааг сайн мэдэхгүй байна. Гэхдээ таны бичсэн зүйл дээрээс ойлгоход манай сүүлийн үед бэлтгэгдэж буй нийгэм ба түүхийн ухааны судлаачид үнэхээр муу байгаа санагдлаа.

    Мэдээж таны дээр дурьдсан ялангуяа нийгмийн асуудлуудыг судлахад ямар арга барилаар судалж байгаа нь маш чухал байх. Ядахдаа судлаач гэх хүмүүс индукц болон дедукц аргуудын ялгаа юу болох мөн тэднийг мэддэг байх ёстой болов уу. Хараад байхад манайхан дедукц аргаар ямар нэг онол дээр тулгуурлаж нийгэмд буй үйл асуудал үйл явцуудыг тайлбарлах гэж их оролдох юм. Ингэхлээр нөгөө Монголчуудын ахуй амьдрал соёлын ялгаанаас барууны онолуудаас таарахгүй зүйл их байх шиг байна. Үүний оронд индукцын аргаар энгийн ажиглалт зэрэг дээр үндэслэн Монголчууд өөрсдийн ахуй соёлд таарах шинэ онол ч гаргаж болмоор.

    Гэхдээ энэ мэтээс гадна бүр илүү гүнзгий философийн суурь асуудалууд болох онтологи болон эпистемологиос эхлэн дэс дараатай сууриа зөв тавьж эхлэх ёстой мэт санагдах юм. Байр сууриа зөв тодорхойлж ингэж системтэй асуудлуудад хандахгүй бол ямар ч судалгаа утгагүй байх.

    • Ганаа says:

      Тантай санал нэг байна. Гэвч онтологи, эпистемологи ярих л юм бол Монголоос “хөөгдөх” нь гарцаагүй. Зүгээр л арга зүй жаахан ярихад л “алангаа” алдаж байгаа юм. Ухаандаа Молор-Эрдэнэ жаахан юм ярингуут л “галзуу солиотой” хочтой болчихож байгаа юм. Өөрсдөө болохоор тэнгэр мэнгэр, далдын хүч энэ тэр гээд “томроод” алга болдог юм…

  6. Orgilkhuu says:

    Таны хэлдэгээр нээрээ бараг “хеегдех” биз дээ. Бухимдалуудыг тань бага ч гэсэн ойлгож гадарладаг шvv. Ямартай ч гэсэн таньд шинэ оны мэнд хvргээд мен ирж буй сар шинэдээ сайхан шинэлэхийг хvсье. Мен та эрvvл энх, урт удаан наслаж бидэнд vнэтэй зевлегеенvvдээ егсеер байгаасай гэж ероое.

  7. Одлой says:

    Хятад, Орос болон Хасаг, Узбек зэрэг бүхий л “стан” – ууд, Солонгос, Япон…… цаашлаад дундах ази, зүүн европ, бага азийн хойг гээд тэр чигээрээ монголын түүхээр “амьсгалж” байна.. Эдгээр улсуудын алин ч бай Монгол гэсэн үгийг оролцуулахгүйгээр түүхээ бичих огтоос боломжгүй байдагт нь би үнэхээр баярлаж, шөнөд алхахуйд нүдэн гийм баяраар халгиж байдаг даа. Гэвч их түүхийг мэслэж, урж таслах лугаа сэглэж тэр гэхийн тамтаг үгүй болгож орхих вий дээ л гэж сэтгэл чичирч суудаг даа…

  8. Ганаа says:

    Монголын түүх 1990 оноос эхлэхээр чинь ямар үхсэний чинь “түүх” байдаг юм…

  9. Бадраа says:

    Мал уйлдвэрлэлийн хэрэгсэл мен. Учир нь Итгэлтийн малын ачаар Буян чавганц хоолтой хонох бололцоотой болсон. Газарын тухай ойлголт харин амаргуй. Буян хэдийгээр гэрээ хошууны хаа нэг газар шовойлгож болж байгаа ч малгуй бол явахгуй байна. Тэгэхээр монголын мал европын газартай эквивалент ойлголт болж чадна.

    • Ганаа says:

      Магадгүй. Гэхдээ чи үүнийг Марксаас илүү гарч нотлох хэрэгтэй. Чадахгүй бол хуц…

  10. lambert K says:

    Мал сүрэг капитал мөн биш гэдэг бол феодолууд капиталистууд байсан байгааүй гэсэнтэй адил юм аа даа.

  11. EZA says:

    2012 onii suulch 2013 onii ehen ue umdaa delhiin zah zeeld ashigt maltmaliin une unaj Ouytolgoin dald uurhain sanhuujilt butelguitej mongold dollariin ursgal bagassan tul togrogiin hansh unah ni todorhoi bolson ue um. Gevch Bankuud hanshiig barisaar baisan ni negd 1.5 terbum orj irsen bolon dollariig ih hemjeegeer avah noots horongogui baisantai holbootoi. Getel zasgiin gazraas tosol hotolboruud ni batlagdaagui zeregeer 1.5 terbumaa oligtoi zartsuulj ogdoggui bas gargasan mongonuud ni togrogoor sanhuujigdeed baidag. Ene ni Bankniihaniig baij suuhdaa hurgejee. Getel daarin deer davs gegcheer eronhiilogchiin songuuli bolov. Elbegdorj eronhiilogch boloh gej 8 huviin zeeliig garguulav. Uul ni 6 huviin zeeliig zad shuumjilj baisan bolovch AN-han ene zeeliig batalsan. Gevch ene bol Barilgiin bolon Bankniihanii hiisen lobby. Gol ni tsagiig ni mash sain taaruulsan. Umnii egzegiig olvol yamar ch zuil batlagddag ajee. Yagaad lobbynd avtav gej uzej baina ve gevel. Barilgiin salbart bairaa zarah. Banknii salbart mongoo gargah bolomj olgojee. Banknii salbart zeeliin huugee buulgaj zeeliin geree hiideg zuil gej baidaggui. Getel shiidvert huuchin zeeluudiig tor oortoo avsanaar Bankuudad dollar hudaldan avah asar ih nootsiig bii bolgoj ogch bgaa um. Bas hanshiin unaltaas hamgiin ih hohirol amsah baisan buteegdehuuniig tor oortoo avchee. Ingeseneer Bankuud intervents hiisen mongolbanknii dollariig oortoo shingeehees gadna zah zeel deerees dollariig iheer tataj hanshiig unagaajee. Hansh unasanaar Tor zeeliin bagtsaas 2 sariin dotor 25 huvi buyu 80-100 terbumiin aldagdald orj bgaa um. bi end dollartai haritsuulsan hanshaar ni helj bgaa um. Mon shine olgoson zeeldee ch gesen aldagdal huleeh ni medeej um, Gol hojison ni bankuud bolj bgaa um. Bas irged hansh unaad ehleheer sandarsandaa valut solij mash aimshigtai savalgaa uussen. uul ni bol toriin zov bodlogo yavagdaj baisan bol onii ehnees baga bagaar buulgaj hanshiin unalt 10-15 huvi l baih bolomjtoi baisan. endees bi ene eronhiilogchiin songuuli ih unetei bolloo gej harj baina. Muu zuil modon ulaatai gegcheer muu zuil l bol yamar ch heregtei met haragdaj baisan hiigeed hereggui um

  12. амараа says:

    А.Тойнби Түүх судлал” цар хүрээ ямар вэ? Та бол Л.Н. Гумилевийг орчуулсан, иш татсан байдаг.

    • Ганаа says:

      Агуу ш дээ. Уг нь А.Тойнбийн энэ бүтээл 12 боть. Гэхдээ манайдаа л болно. Харамсалтай нь 500-хан хувь хэвлэсэн энэ ном одоо болтол манайд дуусаагүй байна. “Агуу их” монголчуудад үүнийг унших шаардлага байхгүй юм шиг байна лээ…

  13. Ganaa says:

    сайхан нийтлэл, баярлалаа.

  14. Цэнгүүн says:

    Баярлалаа. Таны блогоос ухаарал, мэдлэг авдаг юмаа..

  15. Арилдий says:

    Хойч үедээ үнэн түүхээ өвлүүлэн үлдээх энэ ажилд таньд өөрийнхөө сэтгэл, зүтгэлээр туслахыг хүсч байна.

  16. Би таны нэрлэсэн “мангуу түүхчдийн” нэг мөн байна. Би ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн орчин үеийн түүхийн салбарт ажилладаг, одоо докторын зэрэг хамгаалахаар судалгаа хийж байгаа. Би таны хэлснээр юм уншаагүй мангуу учраас таны ярьсныг бүхэлд нь үгүйсгэх ёстой байх. Гэхдээ зарим нэг санааг, тухайлбал түүхийн ухаанд онолын мэтгэлцээн дутагдалтай байна гэсэн саналыг тань мангуу ч гэсэн хувьдаа зөвшөөрчихье. Улс төрийн түүхээр амьсгалсан өнөөгийн Монголын түүхийн судалгааны ертөнцөд аж ахуй, эдийн засаг, худалдааны түүх үнэндээ хавсарга шинжтэй явж байна. Ялангуяа Зөвлөлтийн эхшээлийн үеийн Монгол дахь үйлдвэрлэлийн харилцааг судлахын тулд эхлээд үзэл суртлын зузаан хальсыг хуулах олон жилийн их хөдөлмөр шаардлагатай. Гэхдээ би мангуу түүхч тул таныг эхлээд энэ талаар нэгэн сэдэвт бүтээл гаргачих, тэгээд энэ талаар ажиллаж байгаа хүмүүстэй онолын маргаан өрнүүл гэж зөвлөмөөр байна. Таны судалгаанд амжилт хүсье.

    • Ганаа says:

      Онол-арга зүйн маргааныг Та нарын хэлсэн хэлээгүй би өрнүүлнэ. Харин ажлаа хийхгүй Та нарын өмнөөс ажлыг чинь хийж чадахгүй. Одоо бүр санаа амар, надаар ажлаа хийлгүүлэх юм ярихаасаа ичихгүй байна уу, чи…Уг нь “хальс цэвэрлэх” бол чиний гол ажил биш, чиний хамгийн гол ажил бол “үрийг нь авах” байдаг юм. Чам шиг эргүү юмны гараас хэзээ ч олигтой түүх гардаггүйг би сайн мэднэ…

  17. Хэхэ. Та энэ удаа хэтэрхий мэдэмхийрчих шиг боллоо. Үзэл суртлын хальс цэвэрлэхгүйгээр үрийг нь олж харж чадахгүй, түүнийг цэвэрлэхэд их ажил орно гэсэн утгаар хэлсэн юм, мэдээж би жимсний хальсны тухай яриагүйг ойлгосон байх. Нөгөөтэйгүүр, таны бүтээлийн жагсаалтанд юу байдаг вэ? Энэ надад их сонирхолтой байна. Нэг л их чанга хашгирсан хүн олон жил өөрийн шударгаа гайхаж ирсэн. Хүн шүүмжлэх амархан, харин та муу ч гэсэн нэгэн сэдэвт бүтээл туурвиад бусдаар шүүмжлүүлж үзсэн үү?

    • Ганаа says:

      Чи санаа зоволтгүй. Би яг одооноос эхлээд чиний “хальс хэрхэн” цэвэрлэж байгааг тогтмол ажиглах болно. Тэгээд докторын зэргийн ажлыг чинь бас байнга ажиглах болно. Энэ жишээн дээр маргаан өрнүүлж болно гэж бодож байна. Би нэн дуртайяа шүүмжилнэ…

    • Сайн шүүмжлэл байхгүй бол угаасаа олигтой юм гарахгүй л дээ. Сайн л юм хийгээрэй ккк.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: