ДУТУУ ИДСЭН ХООЛ

Манайхан тусгаар тогтнол, хүнсний аюулгүй байдал энэ тэр гэж их ярих. Энэ удаад тэр чинь алс холын, том юм биш гэдгийг нотлох гэж байна. Зүгээр л хоол хүнснээсээ эхэлье. Хоол хүнс олон учраас хиамнаас эхэлсэн ч болно. Энэ талаар асуудал хөндөх гэсэн юм…
Жинхэнэ хүнсний үнэр
Бидний багад өвөл дэлгүүрт ороход алим, мандрины (жүрж) үнэр ханх тавьдаг байв. Бараг гармааргүй байдаг байж билээ. Одооны жимс ямар ч үнэр алга. Хүүхдүүдэд хэлэхэд өөдөөс бараг инээх. Арай л Та хөгшрөөд юм үнэртэж чадахгүй байна гэх шахаж байна. Мөн хиам гэж сайхан үнэртэй, амттай салахын аргагүй нэг юм байлаа. Энэ хиам, сосиска чинь нэг л биш гэнэ. Тоох хүн манай гэрт л лав байхгүй. Бүгдээрээ л шалтаг болгонд идэцгээнэ. Бусад айлууд ч бүгдээрээ тэгдэг шиг байгаам. Миний багын ундаа гэхэд л нулимс гартал хийжүүлсэн байдагсан. Зайрмаг гэхэд л янзтай.
Эхлээд би социализмын үеийн хүүхдүүд бид юм үзээгүй “өлсөж үхэх” шахдаг байсан болоод хааяа нэг идэх юм үзэхээрээ тэгж айхтар тод санадаг байжээ гэж бодоод өөрийгөө буруутгадаг байсан. Гэтэл тийм биш байжээ…
Ард түмний хүнс
Сая би ЗХУ-д хүнсний чанар стандарт болон асуудлыг яаж хангаж байсан талаар нэг өгүүлэл уншив. Энэ асуудал манайтай шууд хамаатай учраас товч агуулгыг хүргэж байна. (Сонирхсон хүн эл өгүүллийг http://svpressa.ru/society/article/80025/ хаягаар үзнэ үү.)
1974 оны зөвлөлтийн стандартаар “докторский” хиам: 23% дээд зэргийн үхрийн мах, 70% гахай, 3% өндөг, 2% үхрийн сүү, 2% цардуул буюу гурил гэсэн найрлагатай байжээ. Энэ болон бусад хиаманд натурал биш ямар ч хольц хийдэггүй байжээ. Энэ болон бусад орос хиамыг манайхан сайн мэднэ дээ. Энэ бол хатуу стандарт байсан ба үүнийг аль эрт 1936 оны 4 дүгээр сард баталсан байна.
Энэхүү стандартыг баталсан тогтоолд: “Иргэний дайн болон хаант засгийн дарлалын улмаас эрүүл мэнд нь нэрвэгдсэн хүмүүст тусгайлан зориулсан” гэж тэмдэглэсэн байж. Энэ стандартыг зөрчвөл нэн хатуу шийтгэдэг байсан нь хожим хадгалагдан үлджээ.
Үүнээс өмнө Зөвлөлтийн Эрүүл Мэндийн Ардын Коммисариатын дэргэд Хоол Тэжээлийн эрдэм шинжилгээ-судалгааны улсын Институт байгуулж, захирлаар нь эрдэмтэн биохимич Б.И.Збаркийг томилжээ. Энэ яамны сайд нь бидний “сайн мэдэх” Анастас Иванович Микоян байжээ.
Энэ үе бол Зөвлөлт Орос дөнгөж өлсгөлөнгөөс гараад байсан учраас хүнсний асуудал амин чухал байжээ. Ард түмний хүнс тэжээлийн асуудлыг сууриар нь шийдэхийн тулд Голланд, Данид Д.Гранников, Германд В.Василевский нарын том эрдэмтдийг, АНУ-д А.Микоян нарыг явуулжээ.
Тэд эргэж ирээд хүнсний аж үйлдвэрийг нийт аж үйлдвэржүүлэх төлөвлөгөөнд оруулж асар олон хүнсний үйлдвэр барьжээ. Ингэж байж эх орны дайныг даван туулж чадсан байна. Дайн хоол хүнсний чанарт бүр ч өндөр шаардлага тавьжээ.
Асар удалгүй дээр дурдсан институтыг Бүх Холбоотын Хүнс Тэжээлийн Институт болгон өөрчлөв. Түүний дарга хүнс тэжээлийн физиологийн том мэргэжилтэн, профессор О.П.Молчанов өөрийн мэргэжлийн гайхамшигт багийн хамт “О вкусной и здоровой еде” (“Амтат, эрүүл хоолны тухай”) гэдэг одоо ч манай эхнэрүүдийн амтархан унших дуртай номыг тэртээ 1939 онд зохиожээ. Би хүртэл тэрийг чинь зав зайгаараа хардаг гээд бодчих. Харин дөнгөж саяхан зохиосон гэж боддог байсан юм. Мэргэжлийн өндөр түвшин гэж үүнийг л хэлдэг байх.
Хожим Эх орны дайны дараа аж үйлдвэрийг сэргээхэд энэхүү хүнсний хатуу стандартыг яг тэр хэвээр нь үлдээж, Горбачевын ардчилал эхлэх хүртэл хэвээр нь мөрдсөн байна. Ийм болоод л орос хиам амт сайтай байдаг байсан аж.
Оросууд олон юман дээр стандарт зөрчдөг байсан боловч хаа очиж хүнс хоолон дээрээ тэрийгээ хатуу барьж заншжээ. Ингээд ардчилал эхэлж, олон жил мөрдсөн стандартыг эвдэж, зах зээлийн зарчим үйлчилж эхэлжээ.
Үр дүн
Зах зээл хүнсний нэр төрөл, тоо хэмжээг нэмсэн боловч чанарт өчүүхэн ч ахиц гаргасангүй. Ганц хиаман дээр жишээ авахад л оросын хиамны 40% нь махан дүүргэлттэй, бусад нь арьс хөрсний эмульс, тосны эмульс, хүүхдийн будаа, төмсний болон эрдэнэ шишийн цардуул, арвай, цагаан будаа, овъёос, хөц зэргийн гурил, маргарин, наран цэцгийн тос зэрэг олон нэмэлт байдаг байна. Өөрөөр хэлбэл одоогийн орос хиам бол ихэнхи нь өөр юмаар дүүргэсэн хиам хэлбэртэй эд байдаг аж.
Хэрэв ийм жороор хиам үйлдвэрлэвэл орост хүнсний ямар ч хомсдол үүсэхгүй юм байна. Нөгөө талаас орост онкологийн өвчин ихээхэн газар авч байна гэж энэ өгүүлэлд дурдсан байна.
Монголтой харьцуулах нь
Энэ өгүүллийг уншаад яагаад миний бага, залуугийн буюу “социализмын хиам” амттай байсныг учрыг олов. Миний “хамар” муудаагүй аж. Яагаад гэвэл тухайн үед Монгол Улс Зөвлөлтийн стандартыг хатуу барьдаг, үгүй ядахдаа бага зэрэг өөрчлөөд мөрддөг байсан нь ямар ч эргэлзээгүй.
Иймээс манай социализмын үеийн хоол хүнсний стандарт нэлээд шилдэг байсан нь тодорхой байна. Тэр үед монголчууд турж үхэхийн ирмэг дээр байсан гэдэг яриа бол суртал нэвтрүүлгийн үнэн утгагүй заль мэх мөн. Юм ховордуу байсан нь үнэн ч бид хангалттай цатгалан байсныг саяхны түүх гэрчилнэ.
Эдүгээ манайхан хиам болон бусад хүнсэндээ элдэв төрлийн дүүргэгч болон бусад нэмэлт бодис ямар ч хараа хяналтгүй нэмэн дүүргэж байгаа нь ямар ч эргэлзээгүй гэж би бүрэн үндэстэйгээр хардаж байна.
Дөнгөж саяхан 80-аад оны сүүлээр би монгол хиамаа хаа байсан Болгарт аваачаад хоёр гурван сарын дараа гадаадынханд гайхуулаад иддэг байсан юм. Одоо тэгвэл гарцаагүй үхнэ гэдгээ би нэг муу мэдэхтэйгээ…
Иймээс би ардчиллын үед монголчуудын хүнс тэжээлийн чанар ихээхэн муудсан гэсэн дүгнэлт хийж байна. Учир нь үндэсний хүнсний үйлдвэрлэлийн цогцолбороо бүхэлд нь устгасан учраас…
Цогцолбор гэдэг бол эдийн засаг, технологи зэрэг олон зүйлээрээ бусад салбаруудтайгаа нягт холбоотой амилаг системийг хэлдэг. Ухаандаа сүүний үйлдвэр гэхэд л хөдөө аж ахуй буюу үнээний ферм, мал эмнэлэг, зоотехникийн албад, тээвэртэй шууд холбоотой байх жишээний.
Зарим нь миний өөдөөс тооцоо судалгаагүй, мэргэжлийн бус гэж дайрах нь гарцаагүй. Миний болон бусад монголчуудын хамар, ам болон бусад мэдрэх эрхтэн байхад тооцоо судалгаагаар ямар үхснээ хийнэ. Харсаар байтал илт юм чинь. Энд би ганц хиаман дээр жишээ авч байна. Цаашилбал мах, сүү, цагаан идээ, ногоо гээд бүх хүнсэн дээр ярьж болно. Ухаандаа монголчуудыг архи их уудаг болохоор нь хортой архи зараад алаад байж болно гэж бодож болохгүй биз дээ…
Хэрэв социализмын үед хоолны хордлого гаргасан албан тушаалтан “толгойгүй” болох байсныг би сайн мэднэ. Иймээс ч хордлого бараг гардаггүй байсан. Үүнийг хариуцлага гэдэг юм. Одоо бол төрийн хүлээн авалт, хүүхдийн зуслан, сургууль, цэцэрлэгт хүнсний хордлого гарахад бид цаг агаарын мэдээ шиг зүв зүгээр уншаад өнгөрдөг болж байна.
Ийм утгагүй тэнэг, адгийн муу юманд дасаж болохгүй ш дээ, монголчууд аа…
Ийм хоол хүнсийг хятадууд, оросууд, америкууд авчирч өгөө юу. Үгүй ш дээ. Монголчууд өөрснөө зөөн авчирч, өөрсдөө үйлдвэрлэж, монголчууддаа зарж ашиг олж байгаа биз дээ.
Энэ асуудлыг шийдсэн, шийдэх гэж зүтгэдэг төрийг “ухаалаг төр” гэж би ойлгодог юм ш дээ. Гэтэл “шилэн данстай”, “соёлч боловсон” үйлчилдэг “эмнэлэг шиг” юмыг хэлдэг юм байна…
Эндээс чинь ёстой нөгөөх тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал чинь эхэлдэг юм. Шууд хэлэхэд тусгаар тогтнол ард түмний хоол хүнснээс эхэлнэ. Ард түмнээ хорлочихоод, хордуулчихаад бизнесийн эрх чөлөө нэмээд өг гэнэ үү. “Ухаалаг” Ерөнхийлөгч эрх чөлөөг нь “нэмэх” юм гэнэлээ…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 01 дүгээр сарын 04.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

19 Responses to ДУТУУ ИДСЭН ХООЛ

  1. GNS says:

    … хятадууд Монголоос хиамыг бол ачаандаа багтах хэмжээгээр авч гардагийг бол нэг юм мэдээд байгаа юм. Харьцуулахад тэдний өөрсдийх бол улаан картон, манайх бол мах учраас. Мунхаглан нэг дүгнэлт шууд хийе олон таван тайлбаргүйгээр.
    1. Хүнсний ямарч ногооны импортыг 100% хориглоё. Тэгвэл газарын үнэлгээ дагаад үр шим хүртэгчид болон нийгмийн ухамсар шууд сайжирна “лаваар мөн”. Хятадын газрын эзэд болон завсарын том бага бүх зуучлагчдыг дэмжихээ больё. Задлаад ойлгоно биз.
    2. Ямар нэгэн боловсруулаагүй мах махан бүтээгдэхүүний экспортыг 100% зогсооё. Дэнжийн 1000 дээр хужаа нар энэ бизнесийг бүхэлд нь атгачихсан. Манайхны шинэ үеийн кадруудын гоё бизнесээс болж бид нар эрэлтийн дараах үлдэгдэл дээр үнийн шуурганд байнга өртөж байна. Хүнсний зах дээр хэдэн зуун тонн махыг хэн дарж байна хужаа нар. Монгол хүн махгүй 3 хонохгүй гэдэгтэй маргах нэг нь байвал чи монгол биш. Инфляцийг ганцхан уул уурхайтай холбож тэнэгтэхээ боль. Салбар бүрт хувийн амбиц гаргаж арчаагүйтэхээ зогсоо. Монгол 30 байтугай 40 сая малтай болоод “яахий” бүгд л урагшаа ачигдаж байгаагаас хойш. Крантыг нь хаачихаар угаасаа эрэлт нийлүүлтээрээ асуудал цэгцэрнэ. Тэгээд ч тэр хэдэн малчид чинь бүгд махаа урагшаа гаргадаг нарийн сайхан сувгуудтай. Худлаа л гэж бүү хэлээрэй дээ..
    3. Монгол малын генийг задлахаа боль. Шууд утгаараа тэр тува энэ тэр рүү мал хөлөөрөө гаргаж тэнэгтэхээ боль. Солонгосын хилээр ганц хонины гуя. больё хиам, бүүр больё нунтаг борц аваад орчихсон байж харагдаарай…. Гадныхан ийм байдаг юм.
    Худлаа үнэн ногоон цагаан хувьсгал бонд монд богд могд гэж тэнэгтэж байхаар зүгээр л дээрх 2-ийг хийгээд аль.
    4. Төр хувийн ямар ч бизнес рүү бүү хутгалд. Зүгээр л бодлогоо тодорхойлоод хуулиа батлаад хэрэгжүүлэлтэд нь хяналтаа тавь.
    5. Бүзүр цааш ярих юм бол хүнд үйлдвэрүүддээ, дээрийн мах гэдэг үгээ төмөрийн хүдэр болгож орлуулаад, ногоо гэдэг үгээ цементээр сольчихсон байгаарай. Даан ч хувийхаа бизнесийг хийх гэж төрд орсон болохоор чадахгүй л дээ.. Угтаа төрд нэгч бизнесийн бүлэглэл байтугай бизнесмэн шургах ёсгүй л байхгүй юу. Ганаа ахын үүсгэсэн сэдэв дээр Октябрь гуай л хамгийн сайн хариулт өгөх байхдаа мэргэжлийн үүднээс…

  2. Ganaa says:

    Хүнсний асуудал дэндүү орхигдсон.Уул нь Мэргэжлийн хяналт гэдэг л зохицуулж баймаа юм.Гэтэл тэднийг сайн хэлэх хүн алга.Айхавтар ганган,айхавтар аашгүй, аймаар л улс гэж ярих.Мөнгө өгвөл асуудал гарнаа гэж байхгүй.Гадаад эзэдтэй газруудаас зөрчил гарлаа гэж гомдол ирвэл тэдэнтэй асуудлыг шийдэх амар байдаг юм байхаа.Манайхан матчих гээд байдгийн биш үү.Хүнсний асуудал үнэхээр хүнд байгаа шүү.Манайхан дан чанаргүй,хямд,хугцаа хэтэрсэнийг л авчирна….Маш хэцүү ,чухал сэдэв хөндлөө та.

  3. tugs says:

    Уг нь хүн бүрт ногоогоо өөрсдөө тариад өөрсдөө боловсруулаад идэх нөхцөл нь байна, юун тулд айл бүр, иргэн бүр газартай билээ. Юм л хийдэггүй залхуу болохоор бэлэн хямдхан юм гэж бодон өөрсдийгөө хуурч хордож байдаг байх

    • Ганаа says:

      “Хүн бүр, иргэн бүр газартай” гэдэг чинь төр засгийн ярьдаг худал үг. Тун өчүүхэн хэсэг хашаа байшингийн газартаа ногоо тарих боломжтой. Тэгэхдээ бүгдээрээ ногоо тарьдаг маанаг улс орон ганц ч байдаггүй. Чи өөрөө ногоо тарьдаггүй байж худлаа сүржигнэх, уриалах хэрэггүй.

    • Дэлгэр says:

      За ёстой шаа гээд хэлчихье. Хэзээ хаана тэгэж айл бүр, хүн бүр өөрийнхөө идшийг өөрөө бэлддэг нийгэм үзээв? Тэнэгтээрэй.

      Миний ойлгож байгаагаар бол энэ ардчилал нэртэйгээр манайд хөгжөөд байгаа төрийн тогтолцоо (төрийн ч гэж дээ, хэдхэн хүний тохиролцооны систем гэвэл дээр юм уу) төрийн институт гэдэг юмыг орхигдуулсны гор л хаа сайгүй байх шиг. Тэгээд тэрийгээ нөхөж, засаж байгаа нь энэ гээд баахан хяналт, аудитын газар, агентлагууд байгуулаад, тэр нь жинхэнэ авилга, хүнд суртлын сүлжээ болж хөгжөөд улам л замраад, задраад байх шиг.

      Ганаа ахын хэлсэн нэг гоё үг байнга бодогдох юм. Ахиц дэвшил гаргахгүй юм бол хувьсгал хийхийн, хувьсгал гэж нэрлэхийн хэрэг юун гэж…

  4. Сайн байна уу судлаач ах аа? Таны блогоор зочлон нийтлэлүүдийг тань уншдаг болоод 3 жил болжээ. Юу зөв, юу буруу гэдэг нь үл мэдэгдэх үй түмэн эргэлзээн дунд алмайран зогсох миний үеийн олон залууст харах өнцөг нэмж, өргөн харах боломж өгдөгт тань баярладаг шүү. Мэдээлэл авах боломж хангалттай олон, эх сурвалжууд нээлттэй байгаа мэт боловч цэгцтэй мэдлэг бий болгож чадаж байгаа эсэхтээ эргэлзэж байна. Тиймээс энэ хугацаанд бичвэрээр тань дамжуулан сурах хүсэлтэй залуусыг дэмждэгийг тань мэдэх болсны хувьд туслах болов уу хэмээн найдаж байна. Надад сурах чин хүсэл байна, харин танд миний суралцахыг хүсч буй зүйлс байна. Тантай бодитоор танилцан танаас суралцахыг зөвшөөрнө үү? Та дараах enkhbadral.m@gmail.com хаягаар хариу илгээнэ үү? Дахин хүндэтгэсэн : МУИС-ын оюутан М.Энхбадрал.

  5. bi says:

    iim l bdag um bn lee bidnii zorij bui niigmiig turuuleed bosgochihson ulsuud

  6. Уншиж судлах үнэт цагийг минь хэмнэж , ухаан нэмэх амттай сайхан хоол бэлдэж өгдөг судлаач Танд гүнээ талархаж явдагаа энэ ялдамд илэрхийлж ажлын амжилт, амар тайван, эрүүл энхийг хүсье

    • Ганаа says:

      Баярлалаа Танд. Би төгс юм хийгээгүй, хийж ч чадахгүй гэдгээ сайн мэднэ. Харин Та бүхнийг цааш нь үргэлжлүүлэн бодоосой гэж бичдэг юм. Гэтэл Монголд боддог хүн цөөрөөд байна даа…

  7. Mugi says:

    Сайхан мэдээлэл өгж бидний нүдийг нээдэгт тань баярладаг шүү. Ганаа ахаа

  8. Anonymous says:

    Адууны мах чанахаар урьдын шиг орц дуурэн унэртэхгуй байна аа. Малчид маань зарах мал еерсдее болон ойр дотныхоныхоо хунсэнд хэрэглэх мал гэж 2 тусдаа малтай болсон байна гэж нэг бус хун ярьж байнадаа

  9. mungunii tuluuh niigem ediin zasagaa gej. Huns uildverlej baigaa gesen neriin dor , baga bagaar orluulagch himiin-bodis holyj, hyamd uneeree turii barysan huns-uildverlegch monopoluud ny , jinhene chanartai huns uildverledeg uildverlegchdiig dampuuruulaad , etssiin dundee hen ny ch baigaliin tsever huns uildverlej “chadahgui” bolchihson niigmiig bi Yapond yag medreed amydarch l baina. Amerik bol bur Yaponoos turuuleed, “himiin bodis” deeree nemeed , genetikiin uurchlult oruulsan vandui, erdene shish, buudai geed gachin gachin yumaar ideh yum “uildverledeg ” yum shig bailee. Haa ochij, eneniig ny meddeg hun olon baidag bolohoor, durtai durgui ch gesen, yaarlikan deeree yamarhuu yum dotor ny holysnoo bichdeg ny sain.
    Yapon, amerik 2iin (ihenh)ard tumen ny ihenhdee yuu idej uuj baigaag ny harahaar, manai Mongolchuud harin ch guriltai hooloo orig-hunseeree hiij ideed baij baigaa ny aztai yum gej bodogddog. Eruul hursund eruul bordoo(? maapaantai)-oor bordoj tarysan buudaigaaraa eruul gurilaa uildverleel, eruul ongon heer tald belcheerlesen eruul maliin mahaa l ene chigeeree avch uldeh ny tur zasgiin maany alsiin zorilgo boloh yostoi baih . Mah guril 2oo l batalgaatai hamgaalah heregtei dee, enenii tuld gazar shoroogoo eruul, horduulahgui baih yostoi . Medeej malchid, mahnii chenjuud ny kg deer ajillah gej mahiig zugeer zarchihgui zavaartaj yum shahaad, tarialanchid ny haa hamaagui sejigtei , huchtei bordoogoor tariagaa bordood ehlehgui l bol ug ny sanaa zovood baih asuudal baihgui l baih ldaa .

  10. Anonymous says:

    Хүнсэн зэвсэг хамгийн аюултай зэвсэг.

  11. Aagii says:

    Энд үнэхээр зөв сэдвийг хөнджээ. Намайг хүүхэд байхад үнэхээр л дэлгүүрт ороход АЛИМ, МАНДАРИН-ы үнэр үнэртээд арааны шүлс ялгаруулдаг байлаа даа. Одоогийн зарж байгаа жимсийг үнэртэх гэж хичээгээд ч үнэр байдаггүй шүү дээ. Ер нь л миний хүүхэд байхдаа идэж өссөн бүх хүнс хуучных шиг чанарлаг биш болсныг социализмын үед төрж өссөн бүх хүмүүс хэлнэ дээ.
    Манай улсад мөрддөг стандарт, түүнд тавих хяналт үнэхээр байхгүй болсоон. Бодвол МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТынхан монголд зарагддаггүй хуучнаар бол АРЫН ХААЛГАНЫ буюу ХААЛТТАЙ ДЭЛГҮҮРийн хүнс хэрэглэдэг юм байлгүй дээ. Тэгээд тэд үлдээд бусад нь стандартад нийцэхгүй хүнс хэрэглэсээр нөгөө ертөнцөд очих байлгүй дээ. ҮНЭХЭЭР УХАМСАРГҮЙ хүмүүсийг төрийн албанд шалгаруулж авдаг юм байна гэсэн ойлголтыг өгч байна даа. ХАРАМСМААР л байна.

  12. Aila says:

    Хуулийг дагаж стандарт, тэгээд стандарт бол хууль байх зарчим нь эвдэгдсэн. Олон хууль биш харин олон нарийн тогтоосон стандарт. Мэдрэмж болон хагас мэдлэг бус харьцуулсан мэдлэгт суурилсан стандартууд амь юм. Энэ нийтлэлийн давхар өгүүлэмж нь шинээр зохиох гэж цаг гарздах шаардлага байхгүй, шилдэг стандартууд бэлэн байгаа гагцхүү эр, харьцуул, нэвтрүүл, мөрдүүл.
    GNS-д: төрд бизнесийн дуу хоолой зайлшгүй байх эсвэл найдвартай хүрч байх ёстой. Харин өнөөдөр бизнесийн улс төр байгаа гэдэгтэй чинь санал нийлж байна. Энэ л биднийг алж байгаа. Цаашлаад энэ нь төрийн албан хаагчдын (хууль, стандартуудын жинхэнэ боловсруулагчид буюу мэргэжилтнүүдийн) хүсэх, сэтгэх, гүйцэтгэх орон зайг хайрцагласан. Мэдлэг, сэтгэл, боломж болон шинэ, зөв зүйл нэвтрүүлэх бүх суваг хаалттай. Иймээс тэнд зөвхөн “алба” хаагчид л ажиллаж бус оршин байдаг, мэргэжилтнүүд нь цалин болон урам хөөн одсон.
    Aagii-д: мэргэжлийн хяналт ойлгомжтой хууль, тодорхой стандартаар дутаж байдаг. Иймд тэнд бас л “алба” хаагчид оршин байдаг. Ямар сайндаа хууль ойгомжгүй, стандарт байхгүй үед хувийн үзэмжээрээ, “ер нь тэгдэг” гэж мугуйдлахыг би их олон үзсэн. бас нэгэн инээдтэй зүйл байна: МУ-ын стандартаас илүү (сайн буюу иргэнд хэрэгтэй) нөхцөлтэй тулсан байцагч хэцүү байдалд орно. Үүнийг чинь нэвтрүүлмээр юм байна гэж хэлэх нь тун цөөн… 🙂

  13. ХадгалагдаХ says:

    Жишээнд дурьдагдсан хиамны одоо хэрэглэж байгаа дүүргэгч нь шар буурцгийн МАХ. Тэр нь хамгийн хямд, генетикийн өөрчлөлттэй эсэх нь үл мэдэгдэх, тодорхойгүй зүйл. Харин энэ засгийн бодлого хилээр бизнесийг дэмжээд ОРУУЛААД БАЙ л гэх

  14. Anonymous says:

    Sots niigmiin ued manai ber egch nasaaraa mah kombinatad ajilsan Bug German yavj ajildag bailaa Mani hun barag gantsaaraa yavj chadalgui uldseniig medeh yum

    Za ta nar hyam l idehgui baihiig hicheegeeree gej bidend aminchlan zahidag bailaa bi nasaaraa tend ajillaa yamar muu mahaar ter hyamiig hiidgiig bi hardag meddeg gedeg bailaa

    Odoonii hyam bol bur hog hor shuu

  15. очроо says:

    Хүн нэмвэл хүнс нэмэгдэнэ гжэ дэлхийн хүн амын өсөлтөөс бас дэлхийн дулаарлаас болж хүнсний чанар муудсан шим тэжээлтэй өвс ногоо нь ургахгүй болхоор махны чанар муудсан

  16. Эрдэнэбатын Эрдэнэсүх says:

    Таньд энэ өдрийн мэнд хүргэе! Үнэн зөв, цэгцтэй сайхан мэдлэг, мэдээлэл өгч байдаг судлаач АХ танд эрүүл энх, урт удаан насалж, аз жаргалтай байхыг хүсэн ерөөе! Таны Бүтээлийг шимтэн уншигч.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: