ХЯМРАЛЫН ҮНДЭС

Дэлхийн эдийн засаг хямарч байна. Манай хувьд бол улс төр-эдийн засгийн том хямрал болж байна. Энэ нь “бүгдээрээ адилхан хямарч байна” гэсэн монгол сэтгэгдэл төрүүлж болох боловч биднийг яагаад ч аварч чадахгүй. Ингээд дэлхий даяараа бодлогоо өөрчилж байна. Манайх л либерализм гэж хөөрөөд ганцаараа үлдэж байна. Нээрээ шүү.
Одоо байгаа царайгаа хар даа. Эдийн засаг “хөгжиж байгаа”, “муудаж байгаагаа” ч мэдэхгүй хэрэлдээд, гадаадынхныг “буцааж авчраад” мөнгө гуйх ганцхан юм хэлээд зогсож байна ш дээ. Уг нь бол улс орныхоо эдийн засгийг ингэж аварна, ингэж хөгжүүлнэ гээд зогсож байх ёстой биз дээ…

Хэнийг ч зөвхөн үр дүнгээр нь үнэлдэг
Биднийг зах зээлийн ид шидийн тухай, түүний үл үзэгдэх гарын тухай үлгэр шиг балай юм донгосоод “хөгширч” байх хооронд 1992, 1998, 2008 оны хямралууд дайраад эдүгээ үргэлжилж байна. Ингээд байхад чинь тэнэг царайлчихаад либерализм гэж 20 жил орилж байна. Монголын олигархууд энэ яваа насандаа эдийн засгийн онол, практик мэдэж байгаагүй. Тэд бол хулгай хийхээс өөр юу ч мэдэхгүй, бас чадахгүй. Эд нар Монгол Улсыг хямралаас гаргадаг нь юу л бол ?!
Ленин: “сайн онолоос илүү сайн практик байдаггүй” гэж хэлсэн билээ. Дэлхийн социалист систем задарсны дараа зах зээлийн үзлийг онол болгож авсан антикоммунистууд энэ үгийн учрыг одоо л арай гэж олж байна. Харин Монголд бол ойлгохгүй явсаар байгаад сүйрэлд хүргэж байна.
Эдүгээ дэлхийн капиталист системийн практик үйл ажиллагааны суурь үндэс болсон сонгодог неоклассик онол марксизмын нэгэн адил эцсийн үнэний төлөө зүтгэдэг болсон байна. Нөгөө олон ургалч үзэл нь хаашаа алга болсон юм, бүү мэд.
Гэтэл энэ онол социалист системийг нураахад л хэрэг болсноос биш, цаашаагаа даян дэлхийг хамрахад хүч нь хүрэхээ больсон нь илт тодорхой байна. Яагаад гэвэл олон орны нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх, эдийн засгийг шинэчилж, хөгжүүлэхэд нэмэр болж чадсангүй.
Бүр анхнаасаа буруу байсан нь мэдэгдэж байсан. Манайд 1990-ээд оны эхэнд үеэр “цочир эмчилгээг” хийсний үр дүнд манай эдийн засаг шинэ түүхийнхээ бүхий л дайн гамшгаас илүү их хор хохирол амссан юм.
Үүнийг цухас дурдвал: гэмт хэргийн шинжтэй өмч хувьчлал явуулсан, эдийн засгийн суурь болсон материал-техникийн баазыг устгасан, нийгмийн баялгийг гадагш зөөж цөлмөсөн, үндэсний аж үйлдвэрийг бүхэлд нь устгасан, байгаль орчин сүйтгэсэн зэрэг болно.
Эдийн засгийн суурийг бараг устгасан учраас гадаад худалдааны тэгш бус механизм тогтсон юм. Энэ нь манай эдийн засаг байнгын гадаад зээлээр амьдрах үндсэн гол нөхцлийг бүрдүүлсэн юм. Улмаар эдийн засгийн болон улс төрийн тусгаар тогтнолд байнгын ноцтой аюул үүсгэсэн.
Энэхүү ноцтой байдал улс төр, эдийн засгийн либерал туршилтаар тоглогчдын санааг огт зовоогоогүй бөгөөд тэд улам чангаар ардчилал хэмээн орилж, шүүмжилсэн хүн болгоныг коммунист гэж дайрах болсон юм. Монголын ард түмэн энэ хөөрүү солиотуудын туршилт ямар үр дүнтэй байгааг одоо харж байна.
Шинжлэх ухаан бол догм биш
Зах зээл өөрөө өөрийгөө аяндаа зохицуулдаг, төр бол хамгийн муу менежер гэсэн үгийг Та бид зөндөө сонссон. Нээрээ ч өнөөгийн төрийг харахаар тийм мэт санагдана. Хамгийн инээдэмтэй нь энэ мэргэн үгийг хэлдэг нөхдүүд төрд өөрсдөө гараад зах зээлийг “зохицуулаад”, өөрөө “менежер” хийгээд байдагт хувь заяаны шоглоом байдаг юм. Тэдний либерал төсөөллийн шинжлэх ухааны үндэслэл ийм хөгийн байдаг.
Үнэндээ бол манайд өмч хувьчлал, байгалийн баялгаас хулгай дээрэм хийсэн цөөхөн хүн нам болж, улс төрөөр тоглон төрийн эрх мэдлийг барьж байна. Тэд хулгай дээрмээ олон жил үргэлжлүүлж байгаа учраас монголын төр хамгийн муу менежер байх нь зүй ёсны хэрэг.
Энэ арчаагүй хүмүүс хязгааргүй их хөрөнгө мөнгөтэй, асар их эрх мэдэлтэй учраас одоохондоо тэсэж байна. Тэд нэгэн эрх ашигтай болсон, тэдний эрх ашиг монголын ард түмний эрх ашигтай огтхон ч үл нийцнэ.
Сүүлийн жилүүдэд суурь шинжлэх ухааныг хог дээр хаяж “эрэлт нийлүүлэлт” гэж орилсон болгоныг эдийн засагч гэж өргөмжилсний гор одоо гарч байна. Монголын эдийн засагчдын дийлэнхи олонхи “таавчик” хийвэл эдийн засаг хөгжинө гэдэг балай тэнэг амьтад болсон байна.
Эд нар олон жил чалчсаар байгаад өөрийгөө мундаг гэж боддог ч яг үнэндээ бол либерализмаа ч гүйцэд мэдэхгүй, социализмыг бол бүр ч мэдэхгүй зүгээр л зах зээлийн суурь атгаг үзлийн сонгодог догматикууд болон хувирсан юм. Олон зууны тэртээх лам нар ч ийм догматик байгаагүй байх.
Монголын жижиг эдийн засагчид нь их л сайндаа англи сайтаас авсан хэдэн тоо, график тайлбарлахаа мундаг ажил хийлээ гэж боддог болж, “том” эдийн засагчид нь бүгдээрээ шахам эсвэл гадаадын хөлсний ажилчин, эсвэл луйварчин болсон байна. Ийм байхад улс орны эдийн засаг сөнөхгүй яадаг юм ?!
Дэлхийн мөнгө
Өнөөдөр дэлхийн эдийн засгийн мөнгийг АНУ-ын Холбооны Нөөцийн Сан, Английн банк, Европын Төв банк, Японы Банк л хэвлэж байна. Эдгээр валютыг гаргагчид хийгээд тэдэнтэй холбоо бүхий олон улсын корпорациудад бусад жижиг улсын хууль тогтоомж огтхон ч хамаагүй юм.
Тэд нөлөөллийн агентуудаараа дамжуулан өөрт нийцтэй зохицуулах дүрмээ жижиг орнуудад тулган хүлээлгэдэг. Ийм агентууд монголоор дүүрэн байгаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.
Тийм хүмүүс валютын хяналтын механизмыг алга болгоё, эдийн засгийг удирдах төрийн зохицуулалтыг сул болгоё, төрийн бүх өмчийг хувьчилъя, хамаг юмыг гадаадын хөрөнгө оруулалтад даатгая гэж байнга орилдог юм.
Үүнийгээ нотлохын тулд дээр дурдсан улиг болсон либерал онолоо ярьж, зах зээлийн тэнцвэр энэ тэр гэж солиордог юм. Энийг чинь 20 гаруй жил сонслоо ш дээ. Хаа байна тэр тэнцвэр чинь, одоо бараг онхолдчихоод байна…
Би гадаадын хөрөнгө оруулалтыг огт буруу гэж хэлээгүй. Энэ бол ашигтай, хэрэгтэй зүйл. Харин эдийн засгийн болон улс орны хувь заяаг дан ганц гадаадын хөрөнгө оруулалтад даатгах нь үлэмж аюултай, мунхаг ажил болохыг л хэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалт бол бараг Бурхан багш гэсэн суртал бол эх орноо худалдсан жигшүүрт үйл мөн.
Гадаад хөрөнгө оруулалт хэтэрхий орж ирвэл үндэсний эдийн засаг тэнцүү биш солилцоонд нэрвэгдэх нь гарцаагүй бөгөөд үндэсний эдийн засгийн болон санхүүгийн систем асар их алдагдал хүлээнэ.
Манай эдийн засаг хэзээ ч сэхэл авахгүй үхээнц байдалд орж, хамаг лай ланчиг нь бидний үр хүүхэд дээр буух юм.

Эдүгээ зарим тохиолдолд гадаадын капитал мянга хүртэл хувийн ашиг олдог явдал ч байдаг. Түүнчлэн олон саяын валют гадагшлах жамтай.
Ний нуугүй хэлэхэд энэ гариг дээр чинь дэлхийн III дайн эдийн засгийн хэлбэрээр болж байна.
Постсоциалист болон хөгжиж буй орнуудад тулган хүлээлгэж буй либерал онолын хамгийн орчин үеийн хэлбэр болох Вашингтоны консенсусын номлол эдүгээ олон улсын капиталын үзэл суртлын үндэс болж байна.
Том капиталист орнууд Вашингтоны консенсусын номлолоо түгээн дэлгэрүүлэхийг туйлаас хичээдэг юм. Энэ номлол нь дэлхий валютын эмиссийн механизмыг дэмжих агуулгатай. Гэхдээ АНУ, Англи, Европын Холбоо, Япон зэрэг том орнууд гаднаа дэмжихгүй байгаа мэт дүр үзүүлдэг авч цаанаа эрэлт, хөрөнгө оруулалт, инновацийг дэмжсэн уян хатан мөнгөний бодлого, стратегийн төлөвлөлт, хөгжлийн институтын салбарласан сүлжээндээ тулгуурлан зорилтот зээлийн ашиглалтад хяналт тавих замаар асар их дэмжиж байдаг юм.
Үүний үр дүнд төгрөг хэмээх валют жорлонгийн цаас болов. Хулгай хийхдээ ч доллараар тооцоо хийдэг хүмүүст ард түмний хэрэглэдэг төгрөгний төлөө зовохын хэрэг юу байна. Монгол төгрөгийг зөвхөн доллар, евротой уяж, рубль, юаныг ад үзэх болов. Үр дүн нь төгрөгийг цаас болгож байна.
Ийм маягаар Монгол банк болон арилжааны банкууд монголын баялгийг завших гол үүрэг гүйцэтгэж, санхүүгийн пирамид босгодог, элдэв хангайн гадаад нэр томъёогоор халхлан хулгай дээрмийг нуун дарагдуулдаг гол газар болоод байна.
Сургамж авдаггүй Монгол
Орос гэхэд л 1990-ээд оны эхэн дунд үед либерал онолоор баахан харайлгав. Тэгээд хэд сайн манартал “онхолдож” аваад хашраад бодлого, үйлдлээ засаад одоо гайгүй болж байна. ОУВС-аар удирдуулсан бусад олон орон ч мөн ингэсэн юм. Ганц хаширдаггүй нь Монгол.
Зах зээлийн социализмыг тунхагласан Хятад бидний нүдний өмнө босоод байхад бид тэднийг зөвхөн үзэл суртлын үүднээс хараах бөлгөө. Ийм тэнэг байж болохгүй ш дээ.
Өөрийн замаар явсан Энэтхэг, Бразил хоёр өндийгөөд ирэв. Манайх болохоор Израилаас хамтарсан засгийн газар байгуулах, мөн Гүрж, Киргизээс “бүх” туршлага судлах жишээний. Гүрж, Киргиз хоёроос ямар юмыг нь судалдаг юм ?!
Хурдан хөгжсөн орнуудын туршлага либерал номлолын зохистой бус, ихээхэн эргэлзээтэй гэдгийг бүрэн баталсан юм.
Гэтэл манайх эдийн засгийн үзэл суртал, бодлогоо “улам чангаар” үргэлжлүүлэв. Энэ онол нь сүүлдээ хулгай дээрмийг цагаатгах, тайлбарлах хэрэгсэл болов. Тэдний ганц мэддэг юм нь Ф.А. Хайек, М.Фридманы зэрэг номууд болов. Бүр либерал тулгуур үзлийн үзэл суртлын төв, сурах бичиг, хялбаршуулсан ном зохиолыг орчуулдаг, түгээн дэлгэрүүлдэг тусгай газар бий болов. Засгийн газар эдийн засгаа хорлогчдод мэдээлэл, улс төр, санхүүгийн дэмжлэг үзүүлж, тэднээс зөвлөгөө авч байна. Ингэхээр эдийн засаг сүйрэх нь мэдээж хэрэг.
“Онолын” маргааны тухайд
Либерализм онолын үндэслэлийг “буруу” гэж хэлэх аргагүй. Түүнчлэн түүний “эсрэг” социализмын үндэслэлийг ч онолын хувьд буруутгах боломжгүй. Энэ талаар маргаад байвал хэдэн зуун жил маргаж ч болно. Энэ маргаан одоо ч үргэлжилж байна.
Харин нийгмийн болон эдийн засгийн практик онолын маргааныг хүлээж байдаггүй юм. Нийгмийн олон талт үзэгдлийн тайлбарлахад нийгмийн аль ч онолын анхдагч постулатууд аль нэг хэмжээгээр таарч байдаг. Харин бүхэлдээ таарч, нийгмийг тайлбарладаг тийм онол хүн төрөлхтөн одоогоор нээгээгүй байгаа.
Ийм атал Монгол Улс эдийн засгаар хамгийн их “онолддог” улс болон хувирав. Чингэхдээ ганц либерал онолыг бишрэн шүтэж, бусдыг нь хараан зүхдэг гаж зуршилтай болов. Энэ гаж үзэл үйлдэл бараг бүх нийтийн сэтгэлгээний солиорлын хэмжээнд хүрэв.
Тэднийг шүүмжилбэл коммунист, социалист болж муугаа үздэг хачин сэтгэл зүй Монголд тогтов. Дэлхийн сэтгэлгээний нэг урсгалаар явахаар нийгэмдээ ад болдог хаанахын ёс юм ?! Энэ одоо юу болж байгаа юм ?!
Идэр дүү Дори нар XXI зууны оюун сэтгэлгээний шаар шавхруу болж гүйцсэн байна.
Биелүүлбэл бүх “онол” сайн…
Манайхан бараг өвчин туссан юм шиг “онолдоно”. Системийн түвшинд нийгмийн онол гадарлах хүн Молор-Эрдэнээс өөр олон гарахгүй байна, нээрээ шүү. Хэрэв мөрдөж биелүүлж чаддаг юм бол “онол” болгон сайн гэж би хэлмээр байна. Энэ нь харьцангуй дүгнэлт нь мэдээж хэрэг…
Жишээлбэл, либерал “онол” байна. Хувийн өмчийн эрх чөлөөг тунхагладаг энэ үзэл баримтлалын амин сүнс нь шударга өрсөлдөөн, гарааны ижил нөхцөл, жигд оролцоо байдаг. Энэ нөхцлүүдийг хангасан буюу хангахын төлөө монголын либералууд хуруугаа хөдөлгөсөн бил үү ?! Үгүй ш дээ. Феодал зангаараа намын, ах дүү хэдэн баагийнууддаа улс төрийн давуу байдал олгочихоод ямар үхснээрээ либерализм гэж орилоод байгаа юм. Ингэхээр нөгөө сүрхий либерал онол нь нохойн баас л болдог байхгүй юу. Либерал онолуудад хулгайч нарыг өмөөрөөд бай гэсэн ганц ч үг үсэг байхгүй л юмдаг…
Социализмыг бас их хараана. Муулж болно л доо. Гэхдээ түүнээс давуулсан бүтээн байгуулалт хийчихээд муулах хэрэгтэй л дээ. Бүтээн байгуулалт гэдэг бол ганц нэг төсөл биш, нийгэм-эдийн засгийн ач холбогдол бүхий цогц системийг хэлдэг юм.
Юу ч бодолгүй асар үнэтэй нисэх онгоц хэд хэдийг авчихаад хэдхэн сарын дараа онгоцоо “дүүргэж” чадахгүй гадаадад түрээслэхийг бүтээн байгуулалт гэдэггүй юм. Өдөрт 30-50 машин явдаг газраар 500 км урт зам барьж мөнгө газар булахыг бүтээн байгуулалт гэдэггүй юм. Цахилгаан дулаанаар хангаж чадахгүй байж баахан барилга барьж мөнгө түгжихийг бүтээн байгуулалт гэдэггүй юм. Эхлээд цахилгаан станц барьж байж дараа нь байшин барьдаг гэдгийг монголоос бусад орны эдийн засагч, улс төрчид бол мэдэж л таарна.
Ухаандаа Эрдэнэт гэхэд дан ганц Эрдэнэт концерныг биш, Эрдэнэт хот болон түүнийг дагасан аж үйлдвэр, нийгэм-соёлын цогцолборыг хэлдэг юм. Чухам ийм газар амьдрал цогцолдог юм. Ийм маягийн үйлдвэр, завод, технологи, мэргэжил, бүтээгдэхүүн үйлдвэрлэн бүтээдэг цогц системийг нийтэд нь эдийн засгийн суурь гэдэг. Хуучнаар “социализмын материал-техникийн бааз” гэдэг юм.
Эдийн засгийн ийм суурь манайд бүрэн устсан. Өөрөөр хэлбэл эдүгээ Монгол Улсад “эдийн засгийн суурь” буюу “эдийн засгийн систем” байхгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын “эдийн засаг” өөр хоорондоо эдийн засаг, технологи, нийгмийн амьд холбоо байхгүй, хэсэг бусаг, дан дангаараа аж ахуйн нэгжүүдээс бүрдэж байгаа гэсэн хэрэг юм. Энэ бол жинхэнэ утгаараа үндэсний эдийн засаг биш. Ийм эдийн засаг өөрөө өөрийгөө нөхөн үйлдвэрлэх чадваргүй, тархай бутархай, удирдан зохицуулах боломжгүй, үр өгөөж байхгүй, үндэсний биш шинж чанартай байдаг.
Хэрэв “онол ном” ярих тийм их дуртай юм бол чухам үүнийг л ярих ёстой. Гэтэл үүнийг ярьдаг эдийн засагч, улс төрч, эрдэмтэн бараг байхгүй, ганц ч эрдэм шинжилгээний байгууллага байхгүй нь даанч гачлантай.
Юу ярьдаг гэхээр либерализм, социализм хоёрын аль илүү мундаг тухай, эдийн засаг аль намын үед муудсан, сайдсан тухай, гадаадаас яаж их мөнгө зээлэх тухай ярина. Ярьдаг цаг хугацааны хэрчим нь ердөө л 4 жил. Ингэхээр чинь эдийн засаг сөнөхгүй яадаг юм.
Эдийн засаг яагаад сүйрсэн бэ
Үүнд хариу өгөх гэж бас л баахан “онол ном” болно. Ямар үхснийх нь “онол” байдгийм !!!
Ажил хийхгүй залхуураад, хулгай дээрэм хийгээд сүйрсэн гэсэн ганцхан хариулт бий.
Энэ хорвоо ертөнц дээр зөрчилтэй, өрсөлдөгч эдийн засгийн “үй түмэн” онол байдаг боловч тэдгээрт ганцхан юм нийтлэг байдаг. Энэ бол бүх нийтээрээ ажил хөдөлмөр хийх явдал мөн.
Харин монголчуудыг “ажил битгий хий”, “ганц ганцаараа амьдар” гэж Монголд л сурталчилдаг. Шууд ингэж хэлээгүй ч яг ингэж сургадаг. Зөвхөн хар амиа, гэр бүлээ бод, харин улс үндэстэн, эх орон бол хуцваа л байна гэдэг энэ хорвоод байхгүй хачин философи номлогч зөвхөн Монголд л байдаг. Нийгмийг үүнээс илүү хорлоно гэж үгүй билээ. Энэ “үзэл суртлын” үр дүнд монголчууд “жаргана цэнгэнэ” гэдгээр ёстой гиннесийн номонд орохоор болж, монголын нийгэм бүрэн “атомжив”. Монголчууд бүгдээрээ дуучин, бүжигчин, жүжигчин, тамирчин, кино найруулагч, дипломат, улс төрч, хуульч болж байна. Харин материаллаг үйлдвэрлэл гэвэл түй л байна.
Дүгнэлт 1: Бүгдээрээ ажил хийхгүй “жаргаж цэнгээд” байхаар эдийн засаг сүйрдэг юм.
Дашрамд дурдахад урлаг соёл нь эдийн засгийн идэвхжлийг тэтгэх, өдөөх үүрэг биелүүлдэг байх ёстой.
Эдийн засгийн бодит сектор гэсэн нэг чухал ойлголт байдаг бөгөөд ерөнхийдөө материаллаг баялаг бүтээдэг салбарыг ингэж үздэг. Үүнийг Марксын ойлголт гээд хаячихсан улс үндэстэн энэ дэлхийд Монголоос өөр нэг ч байхгүй. Идэх хоол, өмсөх хувцас, орон байраа хүн ч бай, улс үндэстэн ч бай өөрөө үйлдвэрлэн бүтээх ёстой. Монгол болохоор XXI зуунд энэ бүхнээ зээлээр авна гэнэ. Ингэхээр эдийн засаг сөнөдөг юм.
Дүгнэлт 2: Материаллаг баялаг үйлдвэрлэхгүй, түүнийг үйлдвэрлэх суурьгүй болохоор эдийн засаг хөгжих ямар ч найдвар байхгүй.
Материаллаг суурьгүй болохоороо “жижиг, дунд үйлдвэрлэл” гэж солиордог бөгөөд XXI зуунд өрхийн үйлдвэрлэл, гар урлал, мануфактураар эдийн засгаа хөгжүүлнэ гэж дайрдаг солиотой улс Монголоос өөр байхгүй. “Толгойдоо таавчик угласан” Ерөнхий сайдууд Монголоор дүүрэн байхад эдийн засаг яаж хөгжихийм ?!
Одоо манайхан юу ярьж байна гэхээр хөрөнгө оруулалтын хуулиа гадаадынханд зориулаад “сайхан” болгоод засчихъя, тэгээд гадаадын хөрөнгө оруулагчдыг бөөнөөр нь оруулаад ирье, тэгээд тэднээс баахан мөнгө зээлье, ингээд эдийн засгаа хөгжүүлье гэж байна. Ингээд завсраас нь хулгай дээрэм хийгээд ямар ч мөнгө тогтоохгүй, яагаад гэвэл юу ч бүтээн байгуулахгүй.
Дүгнэлт 3: Монголын эдийн засгийг аврах цорын ганц арга бол хулгай дээрмийг зогсоох явдал болно. Гэхдээ Монгол Улс “хоёрхон хулгайчтай”, тэр хоёр нь хулгай хийчихээд “онол” ярьдаг үнэн гажигтайг хүн бүр мэднэ…
Энд чинь “онол монол” яриад дүйвүүлээд байх ямар ч шаардлага байхгүй. Тэгээд ч хулгай дээрмийг зөвтгөдөг “онол” гэж энэ дэлхийд байхгүй. Манай аваргууд л “зохиочихгүй” бол тэр шүү дээ…
Энэ дэлхий дээр ӨӨРСДӨӨ ХӨДӨЛМӨР ХИЙЖ, энэхүү ХӨДӨЛМӨРӨӨ НИЙТЭЭРЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ЭДИЙН ЗАСАГ гэдэг болохоос хулгай дээрэм хийж улс гэрээ сүйдэлчихээд хүнээс мөнгө зээлэхийг хэлдэггүй юм.
Монголын төлөө гэсэн болгоныг даяарчлал нэрийн дор “онолын хувьд” гутаан доромжилдог мунхаг явдлыг таслан зогсоох цаг нэгэнт болжээ…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 9 дугаар сарын 21.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

25 Responses to ХЯМРАЛЫН ҮНДЭС

  1. bayanaa says:

    Браво!!! Нийлж нэгдэж байгаад юм хийхгүй бол. Та номлоод бид уншаад 22-р зуунтай золгоно байх шүү. Үнэндээ эдгээр 220 70 20 жилүүдэд бид чинь хүнээс асуухгүйгээр өөрсдөө юу ч хийж чадахаа бсан шүү дээ.

    • Түвшин says:

      Сайхан бичжээ. сүүлийн хориод жил галзуураад байсан барууны үзэл суртлаар тархиа угаалгасан бүхэл бүтэн нэг үе бий. тэднийг энэ нийтлэлүүдийг олж уншаасай гэж бодож байна. Заавал нэг юм хийе энэ тэр гэж догдлоод яахав. гол нь олон хүний тархинд үнэний гэгээ орох нь чухал. нээрээн Молор-Эрдэнэ сүүлийн үед гайгүй бичиж байгаа алга болчихгүй бол. Хэвлэл мэдээллийн бүх төрлийн хэрэгслээр зохион байгуулалттай, системтэйгээр тархи угааж байгаа энэ үед үзэл санааны тэжээл, миний зөв байж гэсэн урам өгч байдаг Ганаа ахад баярлаж явдаг шүү.

  2. Juzz says:

    Uneheer yag iim bga. Uzel bodliin huvid tuurtsun. Unuu margaashaa l dunguj bh shig bn. Huvichlal negent tegsh bus yavagdsan. Medeeleld oirhon, avilgal hahuuli ugdug heseg n oligarhiud bolson. Tehdee tanii heldegeer buteedeggui hulgai hiideg gedeg bol YAG UNEN. Biy biyniige hodorj, bas uraldaj ulsiin mungiig huvaaj iddeg. Niigemd ene n shudarga bus baidliig delgeruulj humuus zugeer hudulmurluhuus iluu yamar negen argaar hurdan bayjih sonirholtoi bolson. Zaluuchuud n ch gesen ireeduide itgeh itgelgui demii uls turjij tom yarij ih yum hussen humuus bolj bn. Hurdan hugjsun ornuud bugd mash nyagt udirdlagatai, todorhoi zorilgo tuluvluguutei, ard niiteere neg setgeleer hudluj bj yavsan bdag. Olon urgalch uzel, ardchilal, liberalism gedegeer halhalj hen ih idej uuh n gol bolson ene uyed, shudraga, huchtei socialism capitalism iin dund hul aldchihgui udirdagch heregtei bn.

    • Juzz says:

      Bid hediig ingej manguurj bh hoorond uul uurhain surgaar akuluud n orj ireed Ediin zasgiin aluur hiiged bh shig sanagdah yum. Ene Tony Blair uneheer zuvlugch mun uu? Jinhen aluurchin n ircheed bga yum bishu? Rio, Ivanhoe bidnees iluu tolno bizde uilchilgeend n? Tom mega tusuluuder damjuulj urund unagaj hiideg arga n yag l manaid yavaad baiga haragdaad baigaa. Ivenhoe mines ehnii hurungu oruulaltaa tegj ogtsom nemdeg n yamar ch uchirtain. Gaihmaar tom toogoor nemsen bsan. Zugeer avaad alga bolii ch gej bodsiimu. Teged bas teriig eserguutssen humuusig nam bolgoj darj avj bga sanagdaj bn. Iim gadnii yavuulga erchimjij baiga uyed uneheer chas hiisen hun l udirdahgui bol odoo manai hed shig loitson huvia borluulj dovoo sharluulsan novshnuudiig bol zajlahgui zalgij duluhgui baana gedeg l bolno

  3. Baljaa says:

    Unekheer kharamsaltai baidal barilga deer kharagdaj baigaa. Material, ajillakh khunee khyatadaas avaad baishingiin ikhenkh zardal ni gadagsh yavaad baidag. Mongol khun yum uildverlej niiluuleegui, ajillaj tsalin a adagio baidag. Uuniigee buteen baiguulalt geed baidag.

  4. Bat says:

    Үнэн, хүчтэй, зоригтой нийтлэл. Бүр нарийн яривал мөнгөний бодлого дээр хамаг луйвар булхайнууд байгаад байх шиг байгаан. Манайд статистик мэдээг танил талаараа дамжуулж олдог гаж үзэгдэл байнаа. Судлуулахгүй гэж байгаа юм шиг

    • Ганаа says:

      Тийм ш дээ. Монгол Гүрэн статистикийг 1200-аад онд Орост анх зааж байсан бол одоо Барууныхан манайд “заадаг” болсон. Одоо Монголын статистик шиг худал юм гэж энэ хорвоод байхгүй. Дарга авгай нь харваас худалч, тэрнийг “судалж” ядаад байх юм огт байхгүй…

    • Манайхаас өөр статистик мэдээгээ зардаг нуудаг улс орон ховор байх. Уг нь статистик мэдээнүүдийг олон нийтэд нээлттэй болгож судлаач эрдэмтэд чөлөөтэй ашиглах боломжийг бүрдүүлмээр юм.

      Нөгөө талаар манай статистик тоо баримтуудын чанар хэр байдаг юм бол доо. Өнөөгийн байдлаараа Олон Нийтийн Телевиз Радио шиг биеэ дааж хараат бус болж чадаагүй төр барих аливаа намын ухуулга сурталчилгааны хэрэгсэл л болж худлаа тоо баримт цуглуулдаг болов уу гэж хар буугаад байх юм. Дээр нь манай статистикчдын мэргэжлийн ёс зүй гэх мэт нь ямар юм бол доо. “Жаст” группийн захирал Ш.Батхүү шиг хүмүүс статистикч байсан гэж бодохоор сонин санагдаад байх юм.

  5. Ганаа says:

    Нэлээд олон хүн “тоон” нотолгоо шаардаж намайг “сүрдүүлэв”. Би энд ганц ч тоо хэлээгүйг олон хүн санаж байгаа. Манай монголчууд ганц ч “тоо тогтоодоггүйг” би сайн мэднэ. Үүнийг би шүүх дээр хэлж болох юм. Чаддаг, хэрэглэж чаддаг болчихоод надаас “тоо” нэхэж бай…

  6. Та энэ том сэдвийг маш ойлгомжтойгоор товчилж хүмүүст ингэж хүргэж байгаад баярлалаа.

    Энд хэдэн зүйл дээр бодлоо хуваалцая. 18-19р зуунаас Европт хүчээ авч дэлгэрсэн либерализм анхны утгаасаа маш олон янзаар салаалсан. Эрх чөлөө, тэгш байдлыг (эдгээр нь тус бүрдээ бас онол, философийн маргаан болох бх) анх голчилж байсан нь яваандаа сонгууль, иргэний эрх, шашин шүтлэгийн чөлөөтэй байдал, чөлөөт худалдаа, хувийн өмч гэх мэт олон зүйлийн тухай болсон. Үнэхээр ч тэр үеийн Европын нийгэмд хүчтэй байсан хаант төр, удам дамжсан эрх ямба, шашны ноёрхол гэх мэтээс үүдэлтэй хэт тэгш бус байдал, дарамт шахалтууд Европын нийгэмд ийм өөрчилөлт хувьсгал гарахад нөлөөлсөн. Энэ утгаараа анх гарч ирсэн түүхэн шалтгаан болоод өнөөдөр бий болгосон олон нийгмийн дэвшилүүдийн хувьд либерализмд сайн ч зүйл их бий саар зүйл ч цөөнгүй байх. Гэхдээ манай улс шиг хөгжиж буй орнууд битгий хэл барууны орнуудад өөрсдөд нь гай авчираад байгаа гол буруутан бол 80аад оноос хүчээ авч дэлхийд ноёрхосон нео-либерал онол гэж нарийн цохон заах нь зөв байх. Энэ нь чөлөөт зах зээлийг (зэрлэг зах зээл ч гэмээр юм уу) номлож хууль дүрэм, төр олон нийтийн оролцоог үгүйсгэж бүх зүйлүүдийг корпорац хувийн эздэд төвлөрүүлж банк санхүүгийн системыг тахин шүтсэн либерализмын мутант хувилбар юм шиг санагддаг. Социалист систем нь нам болон хэсэг бүлэг хүмүүсийг тахин шүтэх гажиг алдаа гаргаж түүнд хэт их эрх мэдлийг төвлөрүүлсэн коммунизм гэсэн мутантыг төрүүлсэн бол бол капитализмд корпорац, хувийн эздэд хэт эрх мэдлийг төвлөрүүлсэн нео-либерал гэсэн мутант бий болжээ. Уг нь бол аливаа нийгэмд хувийн болон улсын/олон нийтийн аль алиных нь оролцоо чухал. Тэгвэл дээрх хоёр бие биеэ хэт үгүйсгэсэн нь алдаа болов уу. Либерал дотор зүүнийх ч, барууных ч бий. Тэгэхээр нарийн цохон зааж ярихгүй бол бүгдийг нь үгүйсгэх буруу байхаа.

    Гэхдээ “цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэдэгтэй адил аливаа юм цагийн эрхэнд өөрчилөгдөн солигдож бүх зүйл ээлж дараалалтай гэдэгт би итгэдэг. Либерализмын хувьсалаас гарч ирэх зайлшгүй шаардлагатай нийгмийн хэв загавар бол социалист маягын тэгш байдал дээр үндэслэсэн эгалитариан нийгэм байх болов уу. Гэтэл либерализмын ачаар хөрөнгөтөн капиталистууд Европын нийгэмд гарч ирж чинээлэг даврхарга (буржуази ч гэж дуудагддаг) бий болсон. Мэдээж энэ ангийн дотор хуучин нийгмийн үлдэгдэл язгууртан эрх ямбатнууд ч олон байсан. Нэг үгээр хэлвэл Европын феодализмын үед ноёрхогч анги байсан хаад ноёд, газрын эзэд мэт хүмүүс ард олны эсэргүүцэлтэй яалт ч үгүй тулгарч тэдний эсэргүүцлийг намжаахын тулд яалт ч үгүй зарим шаардлагуудыг хүлээж авсан аятай юм болсон. Үүнээс үүдэж нийгмийн зарим дэвшилүүд гарсан хэдий ч үнэндээ эрх мэдэл феодалын үеийн ноёрхогч ангиас ард олон бүрэн шилжээгүй. Тэгэхээр 16-19 зууны Европын феодал ангиуд аажмаар капиталистууд болон дүрээ хувиргасан. Тэд нийгмийн баялаг бүтээх бүх үүсвэрүүдийг гартаа авсан барууны орнуудын чинээлэг анги болсон. Энэ ангийн дийлэнх хүмүүс социализмын эсрэг тул чадах бүхнээрээ социализмыг нураалцахад оролцсон. Хэрвээ социализм өөрсдийнх нь улсад дэлгэрвэл тэд хамаг юмаа алдаж баян тансаг амьдралаасаа хагацахаас айсан. Тэгээд ч барууны орнуудад эрх мэдлийг атгасан байсан чинээлэг ангийнхан дийлэнх иргэд болох өөрсдийн жирийн иргэдэд социализмын талаар бүх сөрөг ухуулага сурталчилгааг хийж тархийг нь угаасан байдаг. Барууны жирийн иргэд социалист улсуудын талаар маш бараан ойлголттой. Үнэндээ эдгээр нь нэг талаараа ангийн тэмцэлтэй ямар нэг байдлаар заавал холбогддог. Энэ тал дээр Марксын онол чухал байр суурь эзэлнэ. Оюун санаа, эд материалын бүх төрлийн аргаар капиталистууд социализмын эсрэг тэмцэж байсан. Жишээ нь социалист орны иргэдийн дунд барууны тухай гэнэн ойлголтуудыг янз бүрийн аргаар сурталчилах болсон. Хүмүүсийн эрх чөлөө, эд материалын тухай гэнэн итгэл үнэмшилүүдийг үүнд ашигласан.

    Социалист систем ялангуяа коммунистуудын хувьд ч алдаанууд олон байсан. Жишээ нь энэ үзэл суртлыг хамгаалах гол анги болох ажилчин ангиас бүрдсэн нам гэдэг зүйл хамгийн хүчтэй болгож эрх мэдлийг хэт их төвлөрүүлсэн. Сүүлдээ энэ байдал нь завхарч намын дээд шатны цөөн хүмүүс хэт их эрх мэдэлтэй болох нэг хүнийг тахин шүтэх зэрэг завхралууд бий болсон. Лорд Актон гэж дуудагддаг 19р зууны английн улс төрчийн хэлсэн “… Absolute power corrupts absolutely.” буюу “Хэт эрх мэдэл хэтэрхий ихээр завхардаг” гэсэн үг бий. Хяналтгүй эсвэл хэтэрхий их эрх мэдэл задгайрч завхарч дуусдаг жамтай. Монголд ч гэсэн ийм байдал дээд цэгтээ хүрсэн байгаа нь манай улсын завхралын нэг шалтгаан байх.

  7. Dorj says:

    Unen talarhaya!

  8. sugardorj says:

    baabar.mn нийтлэлчид нь дандаа шударга ёс ярьж, бусдыг үгүйсгэж, хар амиа хичээхийг хамгийн зѳв онол гэж сурталчилдаг болсон. Анх бол олон мэдээллийг тэндээс авдаг байсан. Сүүлдээ тэгээд дандаа худлаа ярьж, булхайцаад байхаар нь тэдний ѳмнѳѳс ичдэг. Ядаж байхад уншсан тоогоо 7оор үржиж харуулдаг, нэг газраас олон тоолдог гэх мэтээ засахгүй байхаар нь бүр ой гутах тал руугаа. Яагаад гэвэл хамгийн их шударга ёсны талаар бичиж, ѳѳрсдийхѳѳ шударгыг гайхан бичдэг хүмүүсийн бусдад биеэ гайхуулж ярих гол үзүүлэлтийн нэг нь болох уншсан тоо нь л нуль булхай. Манай 5 оюутан энэ байдлаа засаасай гэсэн үүднээс Бат-Үүлийн нэг эртний нийтлэлийн уншсан тоог ѳдрийн дотор бараг 2 сая болгосон. (Түүнийг хүндэлдэгтээ биш, бас тэнд юу бичсэн байсныг нь ч сайн мэдэхгүй, гол нь одоо хэн ч уншихааргүй болсон аль нэг нийтлэлийн тоог их болгож үзүүлье гэсэн үүднээс сонгогдсон)

  9. Anonymous says:

    bayar hurgie Gankhuyag aa. Demjij bn. Chamd gej bichhed Zorig buhnig yalna DSuhbaatar gedeg. Naiz mini Ih Zorig eznee alna. TAlt gedeg boson shuu. Chamaig demjij chini bichsenig unshaad oilgood bosood ireh tim asvin huu mash hovorhon bolson n haramsaltai. Nigem n uls turchid n ard tumnigee iim bolgoson shuu dee. Hun bur duugsrvsl Oimos n gozooh baih geed l hir taaruu hulgaagaa hiigeed lbie bienee hulihdaad l yavdag bolj dee. Todorhoi uks turin huchinuud tedni udirdagchid gadni nuluund ih orson n unen boljee. Oligarihi geed baigaa Undesni tom geed baigaa heden kompanuud n dandaa/gadaad gotoodin hamtarsan luivsrchd/ tedni gar hul bolson nuhud l bn sh dee. Ard tumenni amidrsl mash hund bn daa haramsaltai l bn.

  10. mongolzuu says:

    Би нэг сонин юм уншсанаа хэлэх гэсэн юм. Би тэр онол монол мэдэхгүй сонирхдоггүй. Гэвч эдийн засгийн үүднээсээ Сингапур улс их сонирхол татахаар юм байна лээ. Манайх шиг 3 хүрэхгүй сая хүн амтай, томоохон хөршүүдтэй, газрын баялаг, уух ус юу ч байхгүй гэх мэт. Хөрш улсаасаа хоолойгоор цэвэр ус авдаг байсан. Нөгөө нь бас крантаа хаалаа гэж их сүрдүүлэг байсан ба одоо бол борооныхоо усаар асуудла шийдсэн байх юм. Ер нь харьцуулж болохоор. Харин ганц авууштай нь усан тээврийн ашигтай байршилтай мэт. PPP нь нэг хүнд ноогдохоороо 62500$ байгаа нь дэлхийд 3-рт эрэмбэлэгддэг бололтой. Гол нь чөлөөт худалдаанд суурилсан нээлттэй зах зээлтэй СОЦИАЛИСТ чиг баримжаатай улс. Ли Кван Юу өөрөө тэгж хэлэхийг нь би эртээд баримтат кинон дээрээс харлаа. Энэ улс ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-ыг хөхүүлэн дэмждэг, АВИЛГАЛЫН индексээр дэлхийд эхний 1 уу 2 уу гэдэг. Маш бага татварын орчин болоод “бизнес хийх хамгийн таатай улс” гэсэн тодотголтой юм байна. Гол нь улсын томоохон аж ахуйн нэгжүүд, үйлдвэрийн газрууд нь бүгд төрийн өмчит байх бөгөөд тэдгээр нь мөнгийг ёстой хийх шиг болдог юм байна. Үндсэндээ санхүүгийн мэдээлэл, шийдвэрүүд нь нээлттэй байдаг бололтой юм. Хүн амаа бүрэн орон сууцжуулсан, санхүүгийн хувьд иргэдээ маш хүчирхэг болгосон улс гэжээ.

    Гол нь хууль нь маш чанга, энэ улсад хуулиар бохь худалдаалахыг хориглодог. Танхайн гэмт хэрэг бараг гардаггүй, учир нь нойтон бургасаар ороолгодог шийтгэлтэй. Гудамж талбайд цуглаан, эсэргүүцэл хийж болохгүй. 5гр хар тамхи авч явбал аль улсын иргэнээс үл хамааран одоо хүртэл дүүжилдэг гэх мэт. Манайд хүний эрх яриад юу болох бол доо.

    Юу гэх гээд байна вэ гэхээр энэ улсаас сурах юм их байна уу даа л гэх гэсэн юм.

  11. mongolzuu says:

    бид Ази хүмүүс бүр нүүдэлчид. Шууд суурин хүмүүсийн бодож олсон дүрмээр тэр чигт нь хуулж амьдарч болохгүй байх л даа. Хувцас өмссөн сармагчин лугаа болох биш үү.

  12. Anonymous says:

    http://www.amjilt.com/hyamralyn-uendes/
    ingeed shuud huulaad bichsen bn
    tanaas zuvshuurul avsan u?

    • Ганаа says:

      Үгүй. Энэ одоо хаанахын блог юм бол ?! Надтай нэг их олон хүн тоглож чаддаггүй л юм. Энэ хэд тогломоор санагдаад байвал уйлуулж болох байлгүй дээ…

    • deaglefx says:

      бүгд л хамаагүй авдаг шүү дээ

    • Ганаа says:

      Тэр “хамаагүй авдаг” нь тэгдэг юм байгаа биз. Ганцхан минийхийг бол болохгүй, би зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл би нэр төртэй, түүнийгээ хамгаалж чаддаг юм.

    • orhon says:

      Ene ch gesen hulgai. Ooroo hiigeegui bj zugeer avaal boloo. Hun yaj hodolmorloson ni ogthon ch hamaagui.

  13. Odonchimeg says:

    Энэ нийтлэлүүдийг уншиж, алдаагаа засаж, ажил болгох хүмүүс байна уу? Ингээд л уншаад л, бичээд л, санал солилцоод л байх уу?

  14. ЭЗА says:

    Испанийн барилгын хямрал Грекийн өрийн хямралын аль алиных нь шинж тэмдэг манайд байна. Хямрал судалж байгаа хүмүүс энэ хоёр улсын эдийн засгийн хямралыг заавал судлаад үзээрэй. Гэхдээ Монгол улс бол баялагтай улс. Богино хугацаанд доргисон ч урт хугацаанд доройтох үндэсгүй. Бид хямрахыг хүссэн ч биднийг дураар нь дургиулахгүй цаад зээлдэгчид чинь.

  15. Tuvshin says:

    Bayar hurgie. Goliig ni olj hellee. Uneheer talarhaj baina. Hen negen ingej heleh tsag ni bolson.

  16. Од says:

    Үнэн бичсэн бна, Хөрөнгө оруулалтыг нэг хэсэг валютын нөөц нэмэгдүүлэх хэрэгсэл гэж ойлгож байгаа нь харамсалтай. Оюу толгой шиг гааль дээр 10 доллараар авсан бараагаа 30 гэж бичүүлж 3 доллар татварт төлж 17 долларын ашиг хийж байгаа хөрөнгө оруулалт бидэнд хэрэггүй. Тэгээд ч түр зуурын хөрөнгө оруулалт бүр хэрэггүй. Жинхэнэ бодит материаллаг баялаг урт хугацаанд үйлдвэрлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгтэй.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: