“МАРТАГДСАН” ТЭМЦЭЛ

Монголчуудын мартамхай, улс төрийн мэдрэмжгүй, нийгмийн идэвхигүй гэдгийг бид өөрсдөө төдийгүй, дэлхий дахин мэддэг болжээ. Гэв гэнэт бүгдээрээ уурлаж, учир зүггүй оволзоно, хэдхэн хоногийн дараа тэрийгээ мартаж шалчийна. Юу ч болоогүй мэт дараагийн асуудал руу орно. Үүнийг нотлохын тулд би хүн бүхний сайн мэдэх, тэгсэн атлаа “мартчихсан” нэгэн том үйл явдлыг сануулах гэсэн юм. Түүнчлэн бүх хүн мартлаа ч гэсэн судлаач хүн хэзээ ч мартдаггүй гэдгийг нотлох гэсэн юм…  

Хувьсгалд дөхсөн тэмцэл

Дөнгөж “саяхан” буюу 2022.12.03-аас эхлэн Нүүрсний хулгай авилгаас үүдсэн эсэргүүцэл өрнөв. Нүүрсний хулгай бол төр засгаас шууд оролцсон үнэхээр цочирдом, аливаа хэм хэмжээнээс хэтэрсэн, арай ч дэндүү гэмт явдал байлаа.

Хятад руу гаргасан нүүрснээс 12 миллиард долларын нүүрс хулгайлсан гэм буруутай этгээдүүдийг шийтгэхийг шаардсан хүмүүс Сүхбаатарын талбайд цугларч Төрийн Ордон руу дайрсан билээ.

Цагдаагийнхан дайрсан хүмүүсийн эхний түрэлтийг няцааж амжсан боловч эсэргүүцэгчид тарсангүй.

Төр засгийнхан тэмцэгчидтэй уулзаж, энэ хэргийг мөрдөж шалгахаа амлав. Их Хурал мөрдөн шалгах комисс байгуулснаа зарлаж, нүүрсний хулгайд сэрдэгдэж буй хэд хэдэн офицерыг баривчлав.

Түүнчлэн Монголын төр засаг авилгатай тэмцэхийн тулд “Эрдэнэс Таван Толгой” компанийг шинэчлэн өөрчлөх төлөвлөгөө гаргаснаа мэдэгдэв.

Бүх ХМХ нүүрсний хулгайг ярьж, түүнд ямар ямар улс төрчид холбоотой болохыг “зарлах уралдаан” өрнүүлэв. Хүн толгойтой болгон жигшин зэвүүцэж, санал дүгнэлтээрээ “нет гацтал” жиргэв. Албан бус мэдээгээр 6,6 сая тн нүүрс хулгайлсан аж.

Хятад Монголын нүүрсний хулгайтай холбоотой хүмүүсийг цаазалж, энэ хэрэгт холбогдсон монголын албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг гаргаж Монголд өгсөн гэж олонхи ХМХ зарлав. Тэмцэгчид энэ жагсаалтад буй нэрсийг ил болгохыг шаардав. Хууль зүйн сайд Х.Нямбаатар ЗГ дипломат шугамаар нүүрсний хулгайн хэргийг мөрдөж буй хятадын прокурортой хамтран ажиллах хүсэлт Бээжинд гаргалаа гэж мэдээлэв.

Монголын зарж буй коксжих нүүрсний үнэ 1  тн нь 70 $ байхад Хятадад 140 $, харин олон улсын зах зээлд 300$ байгаа үнийн асар зөрөө нь ингэж хардах үндэс болж байлаа. 

Эсэргүүцэл

12 дугаар сарын 4. Тэмцэгчид Төрийн Ордын гадаа цуглаж, сүүлийн хоёр жилд нүүрсний экспортоос 44 триллион төгрөг хулгайлсан түшмэдүүдийн нэрсийг зарлахыг шаардав. Тэмцэгчид “Ард түмнээ дээрэмдэхээ зогсоо” гэсэн агуулга бүхий уриа лоозон барьж, Төрийн Далбаагаа мандуулж байв. Орой болоход жагсагчид нэгдэх өдөр дахин цуглаж тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдээд “эцсээ хүртэл тэмцэнэ” гэдгээ илэрхийлэв.

Мөн Дархан хотод жагсаал болж, нүүрсний хулгайчдын нэрлэж, тэднийг хөрөнгийг хураахыг шаардав. Маргааш нь тэмцэгчид хотоор жагсан явж, “Хулгайч нарын эсрэг нэгдэцгээе” агуулга бүхий олон лоозон барьжээ. Тэмцэгчид ҮХ-иар заасан эрх чөлөөг боомилж, амьдрал өдөр тутам муудаж байгааг тухай ярив.       

12 дугаар сарын 5.  Тэмцэгчид Төрийн Ордон руу дайран орохыг оролдов. Энэ үеэр Шинэ жилийн сүлд модыг шатааж, Энхтайвны гудамжны гол хэсгийг хэсэг зуур хаав.Улмаар тэмцэгчид Ерөнхий сайдын өргөө рүү явсан боловч цагдаа нар замыг нь хаажээ. 

ЗГ жагсагчидтай яриа хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулснаа зарлав. Түүнчлэн ЗГ “ЭТТ”-д үүссэн нөхцөл байдлыг 3 удаа хэлэлцсэн ба тэнд “онцгой дэглэм тогтоосон гэдгээ дурдав.

Эдийн засгийн Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нүүрсний хулгайд сэрдэгдэж буй “ЭТТ-н захирал асан 5 хүний нэрийг зарлав. 

12 дугаар сарын 6. Цагдаа тарааснаас болж тасалдсан эсэргүүцлийн ажиллагаа дахин эхлэв. Ойролцоогоор 200 гаруй жагсагчид цуглажээ.    

12-р сарын 7—8. ЕС Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай уулзав. Тэрээр хулгайн асуудлыг “нэг мөсөн шийднэ” гэж амлав.УИХ-ын дарга Г.Занданшатар: нүүрсний аж үйлдвэрт нүүрлэсэн авилгын хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулснаа зарлав.

УИХ-ын Эдийн засгийн байнгын Хороо ажлын хэсгээс гаргасан “нүүрсний сонсгол” явуулах саналыг дэмжив. 

Хууль зүйг сайд Х.Нямбаатар: Нүүрсний хулгайд сэжиглэгдэж буй хэд хэдэн хүн, түүний дотор Б.Ганхуягийг баривчилсан гэдгээ мэдээлэв.       

12 дугаар сарын 13.  

Ахин хэдэн зуун тэмцэгчид талбай дээр цуглаж, шинэчлэл хийх, ЗГ ажил хийхийг шаардав.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар авилгатай тэмцэхийн тулд “ЭТТ”-н тухай мэдээллийг ил болгоно гэдгээ зарлав. Х.Нямбаатар: “энэ нь уулын олборлох салбарын ил тод байдал, төрийн түшээдийн авилгын асуудалд цэг тавина гэж бодож байна” гэж мэдэгдэв.        

Түүнчлэн Х.Нямбаатар: “ЭТТ”-оос нүүрс тээвэрлэхэд оролцсон 25 мянган ачааны машины эздийн тухай талаарх мэдээллийг зарлана гэж нэмж хэлэв.

Мөн “ЭТТ”-н санхүүг шалгах олон улсын тэргүүлэгч аудиторыг томилохоор төлөвлөж байгаа гэв.     

Олон улсад дуулиан тарив

Манайд болсон энэ үйл явдлыг монголчууд гэхээсээ гадаадынхан илүү сонирхож, энэ талаарх мэдээллийг олон улсын том том ХМХ дэлхий даяар цацаж байв. Энэ ч аргагүй юм.

Учир нь хэрэв аль нэг орны төр засаг ийм хэмжээний хулгай, дээрэм хийсэн бол хамгийн эхлээд ЗГ огцорч, удаалаад парламент нь тарж, Ерөнхийлөгч огцорч, ахин сонгуульдаа тулах байсан.  

12-р  сарын 5-нд Монголд суугаа АНУ-ын элчин сайдын яам жагсаал цуглаан, олон хүн цугларсан газар руу очихгүй байхыг иргэддээ уриалав.    

12 дугаар сарын 6-нд Хятадын Гадаад Хэргийн Яамны төлөөлөгч Мао Нин: “Монголын ЗГ энэ үйл явдлыг зохих ёсоор шалгаж, зохицуулна гэдэгт Хятад сайн хөршийн хувьд итгэж байна. Хэрэв Монгол Улс хүсэлт гаргавал Хятадын эрх мэдэл бүхий байгууллагууд зохих хууль дүрэмд нийцүүлэн хэрэгтэй туслалцаа үзүүлэх болно” гэж мэдэгдэв.   

Төрийн Ордон руу дайрах үеэр болсон шахцалдааны улмаас 4 цагдаа, хоёр жагсагч гэмтсэн гэж ХМХ-үүд мэдээлэв. Хэрэв тэмцэгчид 22 цаг гэхэд тарахгүй бол цуглааныг хүчээр тараана гэж сүрдүүлэв.  

Ингээд “тэмцэл” дуусав…

Энэ мэтээр авилга, хулгайн бүх асуудлыг “бүрэн шийдвэрлэв”.  Хөгжлийн банкны хохирлын заримыг “нөхөж”, зарим буруутныг “шийтгэв”. БЗС-ийн ихэнхи мөнгийг “буцааж төлөв”.  Ногоон автобусыг “буцааж”, оронд нь шинэ автобус авчрав, ЖДҮ-гийн хохирлыг “барагдуулсан” гэх мэтээр бүх асуудлыг “шийдсэн” ба одоо ямар ч асуудал алга. Нэгэнт авилга, дээрмийн “бүх асуудлыг” шийдсэн тул одоо сонгуульдаа орцгооё…            

Энэ бүхний цаана улс төрийн бүлэглэлүүдийн хооронд ямар тэмцэл болж, эерэг сөрөг тал руу нь чангаалдаж, хэн хэнийг үлдээж, хэн хэнийг золигт гаргасан, ямар учир шалтгаантай, ямар механизм байгааг сонирхох хүн бараг үгүй. Үйлтэйгээрээ судлаач хүн л сонирхох бөлгөө. Ийм болохоор чинь монголын олон түмнийг хуурах хулхидах шиг амархан зүйл байхгүй…

Дараа нь юу болсон бэ ?

Хэн бүхний мэдэж байгаагаар “нүүрсний сонсгол” болсон. Иймээс олон тоо баримт ярих нь илүүц. Харин нүүрсний сонсголын тайланд 3,2 сая хуудас баримт материалыг хамруулсан шалгалтыг 72 хоногт багтааж хийсэн гэж мэдээлсэн. Эндээс бодож үзвэл “сонсголын” ажлын хэсэг өдөрт 44,444 хуудас материал уншсан болж таарч байна. Хэрэв ажлын хэсэгт 100 хүн ажилласан гэж бодвол 1 хүн нь өдөрт 444 хуудас материал уншсан байж таарна. Монгол өдөрт 500 шахам хуудас ном уншдаг хүн бараг байхгүй гэж би баттай хэлж чадна. Манай ажлын хэсгийнхэн дэлхийн рекорд түвшинд хурдан уншдаг гэдэгт “үнэмших” юм бол тэд хэдийд нь бичиж танилцуулах  ажлаа хийж амждаг юм бол ?!

Эндээс “нүүрсний сонсголын” ажлын хэсэг асар их баримтаас “үзэмжийн сонголт” хийж, тун цөөхнийг үзүүлж “нүүр тахалсан” гэх дүгнэлтийг баттай хийж болно.             

Дараа нь шүүх хурал болсон ба нүүрсний хулгайтай холбоотойгоор 84 хэргийг мөрдөн шалгаж, улс төрд нөлөө бүхий 13, нийтийн албан тушаалтан (төрийн албан хаагч гэдгийг саяхнаас ингэж нэрлэх болсон) 90, иргэн 53 (яав ч жирийн иргэн биш), нийт 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татсан.

Үүнээс 96 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох 12 хэргийг шүүхэд шилжүүлснээс 8 хэргийг шүүхээр шийджээ. Улс төрд нөлөө бүхий 2 хүн шийтгүүлэв. Т.Амарсайхан,  Б.Ганхуяг нар. 66 хүнийг хорих болон торгох ялаар шийтгэжээ. Хэдэн баагий хэргээс сугарч үлдсэнийг 84 хэргээс 12-ыг шүүхэд шилжүүлсэн баримтаас бэлхнээ харж болно. Цааш нь өөрсдөө энэ мэтээр нэмж хасаад бодно биз…

Одоо монголчууд нүүрсээ мартчихсан сонгууль ярьсан шиг сууж байна. Тэр нь ч сайн, энэ нь ч муу, тэрийг ч сонгоно, энийг ч сонгохгүй гэх мэт…

Ер нь ингэхэд Та нарт өөрийнхөө эрх ашгийг хамгаалах ухаан бодол байна уу ?! Эрх ашгаа чи өөрөө хамгаалахгүй юм бол хэн ч чиний эрх ашгийг хамгаалахгүй…

Судлаач Х.Д.Ганхуяг.

2024 оны 03 дугаар сарын 07.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to “МАРТАГДСАН” ТЭМЦЭЛ

  1. Anonymous says:

    Сонгож ял өгч буй нь үнэн шүү. Анх Нүүрсний хулгайчаар нэрлэгэдж байсан Баттөмөр нар нэр алга болсон. 10-д жилийн өмнөөс л нүүрстээврийн жолооч нар цагдаагийн дарамт дор ажиллаж байсан гэх мэтээр зугтаад ч нэмэргүй монголын хаанаас олоод хөөж авчиран ажиллуулдаг гэх мэт их яригддаг байсан Чойжисүрэн, Нямдорж нарын олон зуун машин хаалтгүй гааль хилээр гардаг байсан гэдэг гэтэл одоо нэр ч алга.

  2. Anonymous says:

    Амьдрал сайн байгаа болхоор хөдлөхгүй байна даа ???

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.