БАНТАНГ САНААТАЙ ХУТГАДАГ…

Саяхан би нэг найзтайгаа чааталсан юм. Мэдээж улс төр юу болж байна гэсэн уламжлалт асуулт тавьж байна. Би “хаосын удирдлага”, “системийн задрал” болж байна гэж хариулав. Задралыг нь бол “манай монгол нэг л хачин, эвгүй байна аа” гээд зөвшөөрч байна аа. Харин хаосыг удирдаж болдог юм уу, ямар хачин юм бэ ? гэж байна. Болно оо л гэлээ. Яаж ? Товч тайлбарлав. Нэг л сайн ойлгоогүй бололтой. Яаж ч чатаар дамжуулж “онол” ойлгуулах бил ээ. Ингээд найз бид хоёрын ярианы үргэлжлэл болгож энэхүү “онолын” өгүүллийг бичихээр шийдлээ. Та уншаад сайтар эрэгцүүлбэл “онол” нэг их холын юм биш гэдгийг ойлгоно гэдэгт би эргэлзэхгүй байна…
Ирээдүйг удирдахуй
Орчин үед нийгэмд зэрэг зэрэг болж буй олон үйл явдлын өрнөлийн магадлал, түүний цар хүрээг таамаглах аргагүй болжээ. Өнөөгийн хэт нарийн нийгэмд системийн аль нэг үзүүлэлт (параметр) өөрчлөгдөхөд л үр дагаврын маш том нөлөөлөл үүсдэг болжээ.
Энэ нь бидний мэддэг уламжлалт нийгэм, түүний бүтэц эвдэрч, оронд нь хэт уян хатан антрополог систем бий болж байгаа хэрэг юм. Энэ тохиолдолд “Өөрийн зохион байгуулалттай шүүмжлэлт чанарын” зарчим бий болжээ. (selforganized criticality буюу товчлол нь SOC).
Энэ нөхцөлд manterpriser гэж нэрлэгдэх болсон оюунлаг хүн-үйлдвэрүүд бүтээх болон эвдлэн сүйтгэхэд гол үүрэг гүйцэтгэх болж байна. Ингээд замбараагүйдэлд (хаос) ойрхон нөхцөлд хэт нарийн нийлмэл системийг удирдах боломж цоо шинээр хөгжиж байна. Цаашаагаа дассанаараа хаос гэдгээр нь явъя даа…
Өнгөрсөн зууны дунд үеэс эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн хөгжлийн нэг шат болж “сэтгэлгээний үйлдвэрүүд” (thinktanks) бий болжээ. Энэ нь мэдээжийн хэрэг Орос, АНУ-т, магадгүй Хятадад цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор, тагнуулын салбарт эхлэн хөгжсөн байна. Улмаар бусад салбарт өргөн ашиглах болжээ. Ингэж байж л сансарт нисч, компюьтер зохиох мэтээр цааш ахисан хэрэг байх. Мэдээжийн хэрэг “муу” тал руугаа жигтэйхэн сайн хөгжжээ.
“Хуучны”, монголоор бол “одооны” эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээс ялгаатай нь цогц асуудлыг практикт шийдвэрлэх алгоритмыг олох ажил хийдэг болжээ. Түүнчлэн судалгаа, шийдвэр гаргах хоёр үйлдэл шууд холбогдох болов. Оюун санааг програмчлах болж, утга санааны (семантик) хаалт хийх зорилтуудыг шийдвэрлэж байна.
Түүхийн болон анагаах ухааны хүрээлэн хоёрын хооронд ямар нэг холбоо бий юу ? гэж асуувал манайхан байхгүй л гэж хэлнэ дээ. Үнэн хэрэгтээ бол эд маш их, дээд зэргийн холбоотой байх жишээний. Яагаад гэвэл нийгмийн нэг системд байгаа учраас тэр…
Энэ мэтчилэн нийгэм бол саланги саланги нам, байгууллага, салбар, институт, гэр бүл, хувь хүн гэх мэтээс тогтдог биш, харин тэдгээрийн холбоо харилцаа, байнгын харилцан үйлдлээс голлон хамаардаг байна. Хэрэв асуудлыг ингэж үзвэл нийгмийг бүтэц бүхий организмаас гадна маш олон, нарийн функци бүхий цогц систем гэж үзэж болно.
Энэ ч аль дивангалавын юм даа. Салгаж задалж үзэх зарчмыг элементаризм, бүхэлд нь харах зарчмыг холизм гэж философи үүсэх цагаас л нэрлэж ирсэн нь үүний нотолгоо болно байх. За ингээд орчин үед сэтгэлгээний корпорацууд улс төр, эдийн засгийн нөлөө бүхий зөвлөл, хаалттай клубуудтай шууд нийлж ажиллах болжээ. Үүнтэй холбогдуулан Та масоны нийгэмлэгийн тухай сонирхвол тун зүгээр дээ. Энэ талаар манайд А.Баатархуяг л ганц удаа хөндсөн санагдана…
1970-аад оноос ирээдүйн талаарх төслийг системийн ерөнхий онолыг ашиглан тодорхой төлөвлөгөөт зорилго болгон томъёолж болно гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Үүний агуулга нь эхлээд хүсч буй ирээдүйгээ тодорхойлно, дараа нь бодит байдлыг уян хатан, зорилго чиглэлтэйгээр өөрчилнө гэсэн хэрэг юм.
Эхлээд норматив прогнозчлолын шинэ төрлийг бий болгов. Энэ нь нэг их холын юм огт биш. ЗХУ, улмаар манайд ч гэсэн ямар нэг хэмжээгээр хэрэглэдэг байсан. Жишээ нь Төлөвлөгөөний комисс. АНУ оросуудаас бас суралцаж байсан юм шүү…
Ингэж хөгжсөөр байгаад Збигнев Бежинский 1970-аад онд Барууны стратегийн зорилго бол дэлхийн ресурсыг дахин хуваарилах удаан хугацааны даяар төлөвлөлтийн систем бүтээх явдал гэсэн санааг анх гаргасан юм билээ.
Энэ стратегийн үндэс нь: ардчиллыг элитийн ноёрхлоор солино, үйлдвэрийн тэргүүлэх хөгжилтэй орнуудыг ойртуулах замаар үндэстнээс дээгүүрх засаглал тогтооно, дэлхийн тэргүүлэх улсуудын элитжсэн клубууд байгуулна.

Иймээс орчин үеийн даяарчлалыг тодорхой утгаар ирээдүйн хэтийн төлөвлөлт, нийгэм-хүмүүнлэгийн дээд зэргийн технологийн үр дүн гэж үзэж бүрэн болно.
Хаосыг удирдахуй
Хаа сайгүй нийгмийн уламжлалт бүтэц нь эвдрээд цоо шинэ төлөв байдалд орж байна. “Хуучин” ойлголтоор бол энэ нь үнэхээрийн хаос мөн. Монголоор бол хөл толгойгоо алдаж байна гэсэн хэрэг.
Ингээд 1970-аад онд үүссэн “хаосын удирдлага”-ыг 1980-аад оноос эхлээд цэргийн, улмаар улс төр, эдийн засгийн хүрээнд ашиглах болжээ. Үүнийг дагалдан сүйрлийн онол, тэнцвэргүй өөрийн зохион байгуулалт, шугаман бус динамик, синергетик зэрэг олон шинжлэх ухаан бий болжээ. Хаосыг удирдахуй нь дараах агуулгатай:
Нэг. Хуучин шиг статик (тогтонги) болон объектыг биш, харин динамик (хөдлөнги) болон үйл явцыг судалдаг, нөлөөлдөг, удирддаг болсон. Үүнтэй холбоотой системийн үе шатлаг шинж, үе шатлаг бус шинж, орон зайн фазын огтлолцол, фрактал, бифуркаци, аттрактор мэтийн ойлголтууд олон буйг манайхны зарим нь мэдэж судалдаг л байлгүй. Үгүй ядахдаа сонссон биз…
Хоёр. Нарийн хөдлөнги систем жам ёсоор задралын шат хүртлээ хувьсан хөгжинө. Энэхүү задралын шатанд санамсаргүй, өчүүхэн үйл явдал гинжин урвал үүсгэж, системийн бүх хэсгүүдэд нөлөөлөх чадвартай. Зарим тохиолдолд огт санамсаргүй тун өчүүхэн зүйл ч гэсэн системийг нурааж болно. Эсвэл урвуугаар системийг хатуу бүтэцтэй, төмөр мэт дэг журамтай болгож болно. Задрал болон хатуу чанд аль ч чиглэлд үйл явц маш хурдан болдог. Дашрамд хэлэхэд системийн энэ хоёр төлөв байдлыг сайн, муу гэж ялгаж болохгүй.
“Хөшчихсөн” систем байвал түүнийг “өдөөж хөдөлгөх” ёстой. Хэт “хөөрсөн” систем байвал түүнийг “тогтворжуулах” ёстой. Нийгмийн ийм төлөв байдалд ухамсартайгаар хүрэх, тэдгээрийг удирдахыг хаосыг удирдахуй гэнэ. Шинжлэх ухаан л даа…
Би Монголын нийгэм задралын төлөв байдалд орлоо гэж лавтайяа 4 жил орилж байна. Хэдэн жилийн дараа “ойлгохыг” ёстой бүү мэд. “Задрал боллоо” гэх мэт дүгнэлтийг би онолын болон бодит судалгаанд үндэслэн хийдэг юм. Зүгээр л уур хүрээд биччихдэг юм биш л дээ. Харамсалтай нь манайхан “гутлын ул задарсан” хэмжээнд ойлгож байгааг юу гэхээ бас л мэдэхгүй байна…
“Өөрийн зохион байгуулалттай шүүмжлэлт чанарын онол” буюу SOC хөгжүүлдэг төвүүд дэлхийн том улсуудад ажилладаг. Жишээлбэл, АНУ-д 1984 онд байгуулагдсан Санта Фе-гийн институт тун идэвхитэй ажилладаг. Цаашаагаа хэдэн зуу байдаг гэнэлээ. Тэгэхлээр бусад улсуудад мөн ч олон байх нь мэдээж. Тэд бүгд том онол дээр л ажиллаж таарна…
Энэ том онолоос доошоо бол хаосыг удирдах үй түмэн жижиг “онол”, “салбар” шинжлэх ухаан, үзэл санаа, технологи хорвоогоор дүүрэн. Бүр доошоогоо явбал манайхны “сайн” мэдэх пиар миар, имижилоги мимижологи болно. Үүнийг ч манайхан бүгдээрээ жигтэйхэн сайн “мэдэх” хойно юугий нь ярихав…
Нийгмийн шилжилт, хувьсгал, хаос зэрэг нь бараг ижил агуулгат ойлголтууд мөн. Үүнийг аль ч нийгэм ихээхэн бэрхшээл зовлон туулж байж давдаг. Гэхдээ манайх шиг шилжилт нь 20 жил сунжирдаг хөгийн юм гэж байхгүй л дээ…
Хоцрогдсон өнгөт хувьсгал
Хаосыг удирдахын сонгодог жишээ нь өнгөт хувьсгал мөн. Ер нь хувьсгал бол хаост ойрхон буюу хаосын төлөв байдал юм.
Эхлээд системийг тэнцвэргүй төлөв байдалд оруулна. Монголоор бол үймүүлнэ. Дараа нь хэрэгтэй үед хэрэгтэй газарт хуучин дэг журмыг нураах хүчин зүйлсийг бий болгоно. Шинжлэх ухааны хэллэгээр байгууллагыг хаост оруулна, монголоор бол бантан хутгана. Эцэст нь шинэ, хүссэн чиглэлд рүүгээ системийг бүтэцжүүлэх, залан чиглүүлэх аттрактор оруулна. Энэхүү attract гэдэг нь анхаарал татах, татан оролцуулах гэсэн утгатай бөгөөд бүдүүн тоймоор бол шинэ төлөв байдлын олонлог, гол тоглогч хэн ч байж болно байх.
Энэ талаар лав л хэдэн мянган боть ном бий байх. Энэ удаад гол гурван шатыг л дурдаж байна. Иймээс энд тэндгүй болдог “өнгөт хувьсгалууд” нь нэн тодорхой “хувьсгалт технологийн” дагуу хийгддэг юм. Кризис менежер гэсэн мэргэжил хүртэл буй.
Саяхан болтол аль ч нийгэм хэт аварга бюрократ байгууллагын системд тулгуурлаж байв. Одоо манайхны хамгийн сайн мэдэж, амжилттай хөгжүүлж байгаа цорын ганц юм нь энэ л байх. Сандал ширээ, компюьтер, өрөө тасалгаа, байр байшин, шаталсан дарга нар, хамгийн том дарга гээд л явж өгнө шүү дээ…
Гэтэл одоо дэлхий даяараа сүлжээний системд шилжиж байна. Уг нь “сүлжээний нийгмийн онол” гэж байдаг юм л даа. Бас л аль дивангалавын эд. Баруунд бол “хит онол” болж, эдүгээ практикт ид хэрэгжүүлж байна.
Энэхүү сүлжээний байгууллагууд нь орон тооны бүтцээр биш, төслийн зарчмаар, албан бус манлайлалд тулгуурлан ажилладаг болсон. Мөн албан тушаалын шаталж, салаалсан биш, харин тодорхой дэд төслийн төлөөх үүрэг хариуцлага, концепцийн нэгдэл, системийн аутсорсинг (гадаад эх үүсвэр гэсэн утгаас үүсэлтэй) дээр нэгдэж байдаг.
Энийг яримагц л бараа бүтээгдэхүүн зардаг “Орифлем” мэтийн худалдаа, үйлчилгээний сүлжээ мэт ойлгодог нь их зовлонтой. Уг нь би олон жилийн турш системийн ерөнхий онол, синергетик, сүйрлийн онол, шугаман бус динамик энэ тэрийг үзээч, судлаач гээд орилоод байсан маань ийм учиртай…
Өнгөт хувьсгал эдүгээ нэгэнт хоцрогдож, хаосын шинэ удирдлага хэрэгжүүлж байна. Гэхдээ зарчим нь нэг их хуучраагүй. Энэ нь системийн шинэ төлөв байдал буюу хувьсгал гэсэн хэрэг юм. Үүнийг зөвхөн дээрээс хийдэг юм ш дээ…
Одоо “онол”-оосоо “практик” руугаа явъя. Угаасаа зарчим нь ийм байдаг.
МАХН-ыг дэмжих гэтэл тэрийг нь хоёр хуваачихав. АН-ыг дэмжих гэтэл тэрийг нь хэдэн хэсэг хэрчив. Одоо МАН, МАХН, АН, Алтан гадас гээд наад зах нь дөрвөн намтай болов. Хамтарсан Засгийн Газрыг унагая гэхээр “хоёр” намаа сүйдэлчих гээд байдаг. Унагахгүй гэхээр нөгөө “хоёр” нь илт дээрэм хийгээд байдаг. Энд А.Баатархуягийн дүгнэснээр 2, минийхээр бол 3 том бүлэглэлийн “хаосын стратеги” хэрэгжиж ёстойгоосоо хаос болж байна. Энэ байдлыг хүн болгон мэддэг, мэдэрдэг, ингээд бид нар мянга хараасан ч сонголтын хувилбар үлдээдэггүй “технологитой”. Хэрэв хаосын удирдлагыг хяналтаасаа алдах л юм бол задрал болох нь гарцаагүй бөгөөд энэ ч их ноцтой асуудал болох нь мэдээж хэрэг. Тэгэхдээ тун удахгүй байж ч магадгүй ш дээ…
Энэ бүхэн санамсаргүй явдлууд биш л дээ. Цаашаа 2012, 2013 он гартал улам олон хөгийн “санамсаргүй” явдал болж, хаосын төлөвлөгөөт удирдлага хэрэгжинэ. Нөгөө талаас нийгэм шинэ төлөв байдал руу орох нь тийм ч их муу зүйл биш. Энэ балиар нийгмийг өөрчилж байвал сайн л биз…
Гагцхүү үүнийг одоогийн тэнэг, шунал хоёр нь дэндсэн улс төрчид биш, харин оюунлаг “хүн-үйлдвэр”, “сэтгэлгээний үйлдвэрүүд”-ийн шууд удирдлагаар хийх ёстой. Манайд монголоо гэсэн сэтгэлтэй оюунлаг хүн-үйлдвэрүүд хангалттай олон байгаа гэж бодож байна…
Би хаос буюу бантан хутгаагүй, учир нь би ямар ч шийдвэр гаргадаггүй. Харин хаосын бантанг санаатай хутгадаг” юм ш дээ…
2010 оны 11 дүгээр сарын 24.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

16 Responses to БАНТАНГ САНААТАЙ ХУТГАДАГ…

  1. ajiglagch says:

    sonirholtoil yum.

  2. Цолмон says:

    АЛИВАА ” БАНТАН “-Г САНААТАЙ Л ЗУУРДАГ БАЙХ.ТӨРД ГАРЧ БАЙГАА ХҮМҮҮС “ЭДИЙН ШУНАЛТАЙ” БОЛ ЭНЭ БАНТАН ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ ЗУУРАГДААД,УИХ -ЫН ГИШҮҮНИЙ СУУДАЛ УРУУ МӨЛХӨХ ЗАМ ХЭЗЭЭ Ч БҮДГЭРЭХГҮЙ. ЯАГААД ГЭВЭЛ ТӨР НЬ ЭЗЭНГҮЙ БОЛОХООР “ЭЗЭНГҮЙ ХОНЬ” УРУУ ЧОНО ҮРГЭЛЖ ДАЙРНА.

  3. bm says:

    mongold think tank baihgui bizde?

  4. gankhuyag says:

    Байлгаж болно ш дээ…

  5. Shinebayar says:

    Удирдагддаг хаосыг хаос гэх нь утгагүй юм шиг, эсвэл хэт хуучинсаг үзэл үү? Задралын дараах үр дүнг таамаглаж томьёолж болдог уу, оунлаг хүн үйлдвэр байгаа цагт?

  6. gankhuyag says:

    Утгагүй, хэт хуучинсагаар нь дуудаж байгаад юм асуух чинь л утгагүй байна. Чамайг хэт шинэ үзлээ гаргаад ирэхийг чинь би л лав боль гээгүй…

  7. New says:

    Шинэбаяр аа чи хаосыг оргүй, яаж ч болохгүй гэдэг талаас нь ойлгочихоод түүндээ автаад байна. Хаос ч гэсэн систем юм шүү дээ. Гагцхүү түүнийг эмх замбараагүй хөдөлгөөн дунд удирдах ёстой. Философийн зайлшгүй ба санамсаргүй тухай ойлголт байна аа даа. Энд санамсаргүйн тухай, түүнийг тооцох тухай, магадлах тухай асуудал ярьж байна. хуучин нийгэмд энэ талаар огт дурддаггүй, нийгэм нь өөрөө зайлшгүйд тулгуурласан байсан юм аа. Одоо санамсаргүйтэй жаахан утгалдаад үз. Тэгээд энд Ганхуяг гуайн бичсэн хэмжээнд хүртэл яваад үз. Тэгвэлтэнцвэрээ олно.

  8. Shinebayar says:

    Би өөрийнхөө бодлыг хуучинсаг уу гэж асуусан юм л даа, Хэрэв задралд хүрэх нь зайлшгүй гэж үзвэл эртхэн энэ хаос удирдлагаа алдаад дараагийн эмх замбараатай нийгэм бүрдэх нь ядаж л цаг хожих юмуу, энийг гэхдээ зөвхөн монголын нийгмийн хүрээнд битгий ойлгоорой, магадгүй бүр үр дүнг нь тааварлаж чадахгүйгээд ингэж байж магад, ерөөсөө хүн төрөлхтний нийгмийн ийм замаар замнах нь зайлшгүй бол шүү дээ?

  9. gankhuyag says:

    Шинэбаяраа чи зөв ойлгоорой. Залуус маань ярих, бичих, асуухдаа хүртэл санаагаа зөв гаргаж сураасай гэж бодоод би комментуудад хэл зүйн болон логик “өндөр” шаардлага тавьдаг юм аа. Энэ нь олон хүний дургүйг хүргэдэг ч уг нь Та нарт тустай юм л даа. Системийн төлөв байдлын өрнөлийг аль ч шатанд нь математик загварчлал, магадлалын болон системийн ерөнхий онол, синергетикийн анализаар маш өндөр нарийвчлалтай тооцоолж, бас удирдаж болно. Үр дүнг ч гэсэн тооцож болно. Дэлхийн хэмжээнд ч, монголын нөхцөлд ч ялгаагүй. Монгол хүний “толгой” юугаараа ч дутуу биш…

  10. Herlen says:

    Та иймэрхүү онолын өгүүлэл бичихдээ, гол санаа авсан, эсвэл энэ сэдвээр хүлээн зөвшөөрөгдсөн, эсвэл тухайн сэдвийг сонирхсон хүмүүст санал болгочихмоор ном зохиол байвал, “Reference” үүсгээд оруулж байвал зүгээр юм болов уу.

  11. gankhuyag says:

    Хэрлээн. Энэ чинь чухал санаа байна. Үнэндээ энэ бол онолын өгүүлэл биш. Нийтлэл бол бүр биш. Юу гэмээр юм дээ, шинжлэх ухааны хялбаршуулсан гэх ангилалд орно байх. Аль болох олон хүн ойлгох, тэгэхдээ сэтгэлгээний “дундаж” хэмжээг дээш “татах” гэсэн оролдлого л юм даа. Дурдсан үгсээр мэддэг хэлээрээ хайлт хийхэд үй түмэн юм байгаа. Уг нь лекц, яриа, ярилцлага, мэтгэлцээн зэрэг өөр хэлбэр байж болох л байх. Үүнийг ямар ч “мундаг” өгүүллээр нийтэд ойлгуулах их түвэгтэй л дөө. Би эвийг нь нэг л сайн олохгүй байна. Гэхдээ ах нь энэ талаар бодно оо…

  12. VperV says:

    Гагцхүү үүнийг одоогийн тэнэг, шунал хоёр нь дэндсэн улс төрчид биш, харин оюунлаг “хүн-үйлдвэр”, “сэтгэлгээний үйлдвэрүүд”-ийн шууд удирдлагаар хийх ёстой. Манайд монголоо гэсэн сэтгэлтэй оюунлаг хүн-үйлдвэрүүд хангалттай олон байгаа гэж бодож байна…

    “хүн-үйлдвэр”,”сэтгэлгээний үйлдвэрүүд” шууд удирдаад эхлэнэ гэхээр нөгөөдүүл үүнийг хүлээн зөвшөөрнө гэж үү? Уг нь улс төрч хамгийн дөт боломжит стратегийг сонгодог бол оюунлаг хэсэг аль болох олон боломжит альтернативыг эрж хайдаг.Улс төрчийн гол чанар нь үйл ажиллагаа, үйлдэгч юм бол интеллектуал нь үзэл, оюун санааны хүн юм. Улс төрч нь бодит реалист бол интеллектуал нь бодит зүйлийг байж болох боломжийн хамгийн өргөн хэмжээнд авч үздэг нэгэн байх.

    Эхнийх нь бүтээгч гүйцэтгэгч байдаг бол 2дахь нь шүүмжлэх талдаа. Энэ функцийг нь ойлгохгүй мулгуу удирдагчид нь шорон оронгоор айлгаж, ажлаас нь хөөх хүртлээ тэнэгтдэг төр засаг манайд л байна.
    “хүн-үйлдвэрүүд” эрх чөлөөг эрхэмлэдэг,тархины бүтээгдэхүүнээ өмчилдөг,тэд бол нийгмийн жинхэнэ баялаг.Тэдэнтэй хүндэтгэлтэй харьцаж, “удирдуулсаныхаа” төлөө зохих хөлсийг нь төлөх.Ийм л гарц манай мангуу удирдагчид байна.

  13. Содбаяр says:

    Баярлалаа. Задрал болох нь аюултай гэсэн ч болсон нь дээр гэжээ. Дахин эмхрэн цэгцрэх гэж ямар хугацаа алдах бол. Ингэж заваартаж байснаас задлаад дахин эхэлсэн нь дээр ч хучирхэг булэглэлууд улам хучтэйгээр нийгмийн баялагийг эзлэх одоо байгаагаасаа улам гажуудах аюул бий юу.

  14. gankhuyag says:

    Задрал бол физикийн хууль шиг явагдана. Хаосаас шинэ дэг журамд шилжихэд нийгэм маш эмзэг байдаг ба энэ зурвас үеийг бифуркаци гэдэг. Энэ үед нийгэм, үндэстэн эсвэл сөнөнө, эсвэл шинэ төлөв байдалд орно. Энэ үйл явцыг удирдаж, нөлөөлж болно. Даанч манай хэдэн аваргууд мэдэхгүй, чадахгүй, мэдэхийг ч хүсэхгүй байгаа нь хамгийн их аюул…

  15. Болд says:

    Бантанг ч санаатай хутгахгүй бол бас түлэгдэх аюул ч байх, тэр тусмаа ХАОСЫНХ /замбараагүйдэл гэхээс хуйларлын төлөв “эргэлтийн \эргүүлгийн биш шүү\ агшин ” гэмээр шиг/ БОЛ хутгахаасаа өмнө тооцоо чамбай хийхгүй бол задралаар тогтохгүй эвдрэл сүйрэлд дороо орчих аюултай шиг. Хаос /хуйлрал/-ын эргэлдэгч цэг төвчлөлийг оновчтой тодорхойлж эрчийн чиг, эрчмийн тунарлыг “аятай” тооцвол хаосыг удирдаад зогсохгүй ирээдүйг тодорхойлох явц эндүүгүй хийгдэж болно хэмээн санадаг.

  16. Болд says:

    Хөгжлийн, нийгмийн хаос маань “хүн-үйлдвэр”, сэтгэлгээний үйлдвэрлэлийн буруу урсгал, голдиролд цохигдож бгаагаас, болохгүй олон бантан зуурагдаж удирдагдах шинж нь алдагдан алгасарч, төвөг ихтэй, чирэгдэл олон болж нийтээрээ жинхэнэ задрал завхралд автаад мөсөн дээр цацагдсан чулуу мэт болж бна даа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: