ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 10
2009/12/28 4 Comments
ОЙЛГОЛТ, НЭР ТОМЪЁО ХИЙГЭЭД КАТЕГОРИ…
Залуу хөгшин гэлтгүй аливаа судлаачдын хувьд нэр томъёоны будлиан хамгийн зовлонтой, бас хамгийн хэцүү нь байдаг. Иймээс ойлголт, нэр томъёо, категори зэргээ сайн цэгцэлж авахгүй бол сүүлд нь лай болдог учраас энэ өгүүллийг бичиж байна. Энэ өгүүлэл “үндсэн ойлголтод тайлбарлал хийх”-тэй төстэй. Гэхдээ Таныг үргэлж “зовоох” зүйл учраас ярихаас өөр арга байхгүй болоод ингэж байна.
• Эхлээд ойлголт. Та хэн ч бай судлан буй зүйлийн талаар ямар нэг ойлголттой байх нь зүй тогтол. Огт юу ч мэдэхгүй хүн гэж бараг байхгүй дээ.
• Нэр томъёо буюу термин гэдэг нь латины terminus буюу хязгаар, хил зааг гэсэн утгатай үг. Нэр томъёо бол яг таг, нэгэн утгаар нэрлэсэн үг буюу нийлмэл үг болон тухайлан авсан хүрээ хязгаар дотор түүний бусад ойлголтуудтай харилцах харьцааг илэрхийлнэ.
• Таныг бусад ойлголтуудтай харилцах харьцаа гэсэн үгийг ихэд анхаарна гэдэгт найдаж байна. Энэ нь Та нэг биш, нэлээн хэдэн холбоо бүхий ойлголттой “үзэлцэх” жамтайг л харуулж байна.
• Нэр томъёо нь тухайн хүрээ дэх юмс, үзэгдэл, тэдгээрийн чанар, харилцаанд түгээмэл шинжүүдийг тухайлсан, хязгаарлагдмал утгаар илэрхийлэхэд хэрэглэгдэнэ.
• Ихэвчлэн олон утгатай байдаг, сэтгэл зүйн өнгө аясыг илэрхийлдэг ердийн үгүүдээс нэр томъёо нь нэг утгатай, мөн “дураараа” хэрэглэж болдоороо ялгагдана.
• Энд дураараа гэхээр дураараа хандана гэсэн үг огтхон ч биш, харин нэр томъёо болон түүний агуулга байнга өөрчлөгдөж, түүнд дурын ямар ч өөрчлөлт орж болно гэсэн үг.
• Жишээлбэл, ижил хүйст гэр бүл гэсэн нэр томъёо бий болоод их л сайндаа 10-20 жил болж байгаа биз.
• Жишээлбэл, бидний уламжлалт нийгмийн гэр бүл, бидний үеийн гэр бүл, одоогийн гэр бүлүүд асар их ялгаатай.
• Шинжлэх ухааны нэр томъёо болон олон нийтээр ярьж, ойлгодог томъёо “бишүүд” хоорондоо үлэмж холилддог учраас ихээхэн түвэг учруулдаг. Өөрөөр хэлбэл ярьж буй бүх юм бүх хүнд ойлгомжтой атлаа огт ойлгомжгүй болно гэсэн үг.
• Ухаандаа яг одоо гэр бүл гэдэг ойлголтын тодорхойлолтыг хэлээтэх гэвэл шууд хэлчихэж чадах судлаач л лав байхгүй. Энэ болон бусад бүх ойлголтууд нь асар олон өнгө аясыг агуулж байдаг болохоор судалгаа хийх бүрт үндсэн ойлголтод тайлбарлал зайлшгүй хийх хэрэгтэй болдог юм.
• Олон утгат нэр томъёо нь нэгээс дээш хэдэн ч утгыг агуулж болдог учраас ихээхэн “аюултай”. Энэхүү олон утгат нэр томъёог шинжлэх ухаанд омоним гэдэг.
• Ойлголт гэдэг бол онцлог буюу нийтлэг шинжээр нь нийт зүйлсээс ялган гаргаж, нэгтгэн базсан тэр юмыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдаас нь ялгах буюу адилтгаж буй бидний сэтгэлгээний нэг хэсэг гэсэн үг л дээ.
• Энэхүү ойлголт маань шинжлэх ухааны нэр томъёогоор илэрнэ гэсэн үг л дээ.
• Категори гэдэг бол бодит байдал болон танин мэдэхүйн хамгийн чухал зүй тогтолт холбоог дээд зэргээр нэгтгэн дүгнэсэн суурь ойлголт юм. Категори нь хэд хэдэн ойлголтуудыг нэгтгэн дүгнэсний үндсэн дээр гарч ирдэг. Жишээлбэл” хүн – сүүн тэжээлтэн.
• Категори бол ихээхэн өндөр түвшний, онолын, ихэд түгээмэл бөгөөд байнга хэрэглэдэг “том” ойлголт юм уу даа. Жишээлбэл, нэмүү өртөг, ажиллах хүч, ардчилал, хүний эрх гэх мэт.
• Ингэхлээр Та бид ойлголт, нэр томъёо, категори гэсэн шаталсан гурван “юм”-тай тулгарч байна. Та эхлээд энэ гурвынхаа зааг ялгааг олж сурах хэрэгтэй. Энэ талаар бичсэн ном зохиол маш олон буй.
• Таныг ерөнхийдөө багцаа ялгааг нь олж мэдэрч сур л гэж байна шүү. Түүнээс биш энэн рүү хэт их улайрч болохгүй.
• Учир нь аль нь “ойлголт”, аль нь “нэр томъёо”, аль нь “категори” болохын учрыг “бүрэн” олох гэвэл буцаж холилдчихоод толгой эргэчихдэг юм.
• Маш их зүйлийг товчлон энэ гурвыгаа маш “бүдүүлэг байдлаар” нийлүүлээд “нэр томъёо” гээд нэрлэчихье. Ингэж “бүдүүлэг аргаар” цаашаа явахгүй бол ном болчих гээд зовоогоод байна.
• Нэр томъёонд хүртэл хүмүүсийн сэтгэл зүйн болон бусад ялгаа гардаг. Ухаандаа гэр бүл гэхэд залуу хүмүүс ямар нэг “өөр” ойлголттой байхад хижээл болон ахмад хүмүүс огт “өөр” ойлголттой байх жишээний.
• Өөр нэг жишээ гэхэд л мөнгөний тоо ядуу хүнд “их”, баян хүнд “бага” мэт санагдана. Эндээс нийгмийн бүлэг тус бүрийн ойлголт өөр өөр байдаг гэж би хэлэх гээд байна.
• Шинжлэх ухааны болон ахуйн өдөр тутмын нэр томъёоны агуулга огт өөр боловч байнга холилддог учраас хамгийн зовлонтой асуудал байдаг.
• Нэгэн сонгуулиар нэг нам “дундаж наслалт”-ыг нэмэгдүүлнэ гээд хөтөлбөртөө оруулчихсныг би сайн санаж байна. Гайгүй боловсролтой буюу мэргэжлийн бидэнд бол энэ нь мэдээж ойлгомжтой нэр томъёо, бас ойлголт юм.
• Гэтэл өрсөлдөгч нар нь “наадуул чинь хүмүүсийн насыг уртасгана” амлаж байна гээд цуурхал тараачихаж. Үүнээс болж энэ нам ихээхэн боломжоо алдсан.
• Энэ нь энгийн болон шинжлэх ухааны нэр томъёог хэдийд яаж хэрэглэхээ байнга санаж явах нь бидний үүрэг гэдгийг л харуулж байна.
• Яг энэ хэсэг дээр би өөртөө ч гэсэн эргэлзэж явдаг. Надад болохоор “ойлгомжтой” байдаг, бусад хүнд болохоор “ойлгомжгүй” бол ямар ч ажил бүтэхгүй нь мэдээж. Өөрөөр хэлбэл Та нарт зөвлөгөө өгөөд сүйд болоод байгаа боловч би үүнийг одоо болтол сайн сураагүй яваагаа хэлэх нь нэг их ичмээр юм биш.
• Тэгэхлээр судлаач хүн аль ч үед гуравхан арга үлдэнэ. Нэг дэх нь нэр томъёогоо аль болох энгийн ойлгомжтой “ард түмний ойлголт”-оор илэрхийлэх.
• Удаах нь нэр томъёогоо энгийн ойлголтоор “хэмжиж” болохоор илэрхийлэх. Гурав дахь нь “энгийн” ойлголтоос шинэ нэр томъёо буюу түүний агуулга болон хүрээг тодорхойлох явдал болно.
• Ер нь практикт бол энэ гурван аргыг зэрэг хэрэглэх нь илүү өлзийтэй. Ер нь бол ингэж л таардаг юм.
• Ном зохиолоос авсан нэр томъёо бидэнд хэдийгээр “ойгомжтой” мэт боловч яг амьдрал дээр ер нь нь бол бараг л “таарахгүй” дээ. Ухаандаа авилга, гэмт хэрэг гэхчлэн бараг бүх нэр томъёо ийм “зовлон”-той байдаг юм.
• Ойлголт Танд хэдий чинээ “ойлгомжтой” байна, төдий чинээ хүнд хэцүү байдаг нь жам гэдгийг сайн тогтоож сайн аваарай, залуус минь. Ухаандаа “нар” гэж юу вэ гэдгийг хүмүүн заяат болгон мэддэг боловч яг ойлголтод оруулна гэхээр л болохоо байчихдаг юм. Зарим нь “дэлхий ертөнцийн гэрэлт дэнлүү”, зарим нь “халуун цөмийн урвал” гэвэл Та яахав ? Алийг нь нь буруу, алийг нь зөв гэх вэ ?
• За одоо бүр хамгийн их хэцүү юм ярих болох нь. Бүх юманд моод байдгийн нэг адил шинжлэх ухааны нэр томъёонд ч гэсэн моод байдаг бөлгөө.
• Хэдхэн жилийн өмнө ардчилал, хүний эрх, эрх чөлөө, харьцангуй саяхан авилга, иргэн гэдэг нэр томъёо ихэд моод болж байлаа. Одоо моодноос “гарсан”. Эрхбиш нийгэмд заавал байлгаж, хэвшүүлэх ёстой зүйл болохоороо л байж байх шиг.
• Саяхан бид “люмпен” гэж ярьдаг байсан бол одоо маргинал буюу маргиналь бүлэг гэж ярих жишээний. Бас саяхан анги, бүлэг гэдэг байсан бол одоо давхраа (страт) гэхчлэн.
• Энэ нь нэгд шинжлэх ухаан парадигм өөрчлөгдөж байгаа харуулж байгаа, хоёрт бид моодонд амархан автагддагийг харуулж байгаа хэрэг.
• Ухаандаа гаж үзэгдэл гэхийн оронд “девиаци”, аль эсвэл “эрх зүйн орчинг боловсронгуй болгох”, “чөлөөт сэтгэлгээ” гэж ярих ч янзтай бөгөөд чамин байгаа биз дээ. Энэ нь мэдээж хүний төрөлх сэтгэл зүйтэй холбоотой байдаг байх.
• Дашрамд хэлэхэд энэхүү “эрх зүйн орчин” болохгүй байна гэдэг “моод” бол угаасаа утгагүй эд. Зүгээр л хуулиа хийж чадаагүй буюу чадахгүй байна гэчихвэл хавьгүй илүү ойлгомжтой болно биз дээ.
• Олон жилийн туршлага, ажиглалтаас үзэхэд моодоор чимж өөрийгөө “орчин үеийн” хүн болгох гэсэн өвчин ихээхэн газар авч. Заримдаа өөрөө ч хүртэл нэр томъёоны “моодны цуглуулга” болчихсон хүмүүс ч олон байна.
• За залуус минь, мэдээж Та нар шинэ юм сурч, шинэ нэр томъёо олж болно. Гэхдээ л нэр томъёоноосоо агуулга нь хавьгүй илүү чухал шүү дээ. Иймээс моодонд битгий их автаарай даа.
• Ер нь бол нэр томъёогоор гайхуулах шиг адгийн юм шинжлэх ухаанд огт байдаггүй юм.
• Та бүхэн надаас би буюу бид нэр томъёо гаргаж болох уу ? гэж асууна байх. Бололгүй яадаг юм. Нэр томъёог зөвхөн нэртэй том эрдэмтэд гаргадаг гэж хэн ч одоо болтол нотлоогүй байгаа.
• Та шинэ нэр томъёо гаргах бүрэн бололцоотой. Үүнийхээ тулд судлан буй юмаа “онол ном”-ондоо тохируулах биш, харин нийгмийн болон хүмүүсийн амьдралын зүй тогтлыг олох гэж байгаагаа системийн хувьд мэдэрсэн үед хар аяндаа ингээд ирнэ.
• Асуудлын гол нь Та бид шинэ нэр томъёо хэрэглэх гаргахад огт байгаа юм биш. Ухаандаа “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэг нэр томъёог Та бид “гэр бүлийн девиаци” гэж мянга нэрлэлээ ч цаад мөн чанар нь огт өөрчлөгдөхгүй, бас ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй. “Хаванд хонх зүүчихээд Арслан” гэж хэн ч нэрлээд байж чадна шүү дээ.
• Харин гол асуудал бол судлан буй үзэгдлийнхээ мэдэгдэж, танигдаагүй байсан тэрхүү шинэ зүй тогтол, тал, онцлогийг олох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оршдог.
• За ингээд залуу минь нэр томъёогоо цэгцэлж ойлгох чинь л үлдэж байх шиг байна. Эхэн үедээ Та өөртөө гутарч магадгүй боловч үүнийгээ яаж ийгээд давчихвал ч цаана нь амжилтаас өөр юм байхгүй гэдгийг би баталгаатай хэлж чадах байна.
Судлаач Д.Ганхуяг
2009 онй 12 дугаар сарын 28.
Судлаачийн ажилд өндөр амжилт хүсье.
нэгэн зүйл асууж болох уу? Манай шинэ ерөнхийлөгч маань шагналыг ёстой л хур бөөндөж байна, уг нь шагналаас татгалзана гэж их л ярьсансан, албаа аваад мартчихдаг юм болов уу? аль эсвэл өгөхөөс өөр арга байдаггүй юм болов уу? эсвэл ерөнхийлөгчийн тамгын газар буруу ажиллаад байгаа юм болов уу? таны бодлоор яах ёстой вэ?
нэгэнт шагналын тухай асуусных нэгэн зүйл нэмье, Хубилай хааны одон гаргах тухай яригдаж байгааг та мэдээж сонссон л байлгүй, одонгийн дараалал нь Чингис, Өгөдэй, Хубилай гэсэн байх юм. Мөнх, Гүюг хаад Хубилайг бодвол албан ёсоор их хаанаар сонгогдсон, гэтэл Хубилай төрийн эргэлт хийж, хятадын цэргийн хүчээр монголчуудыг цохиж хаан болсон нь түүхэн үнэн шүү дээ. /сайн саар үйл нь тэнцүү л их хаан/ энэ тухай таны саналыг сонсох гэсэн юм,
Erhem sudlaach Tand bolon ger bul,huuhduuded tani irj bui 2010 ond enh tunh,az hiimoritoi,amar taivan baij,amidraliin horom burees bayar bayasgalnag hurtej baihiin eruul devshuulye!Shine ond tuluvlusun buhen tani bieleh boltugai!Olon saihan niitlel,orchuulaguudaaraa unshigch tumniihee melmiig mayalaagari.
Tand amjilt husye!
Судлаачдад хэлэхэд юуны түрүүнд төрөлх хэлээ маш ёайн сурч байж үгээ хүнд хүргэнэ шүү. Эс тэгвээс бөөн алдаа, тэгээд дээрээс нь “монгол биш” өгүүлбэрүүд гарангуут юун унших , чулуудчихаж байгаа юм .
санааг ойлгосон, судалгаанд мэргэжлийн үг хэллэг ашиглах нь тухай салбарын судалгаанд тавигддаг шаардлага мэт, судалгаандаа энгийн яриа болоод хар ярианы үг хэллэг ашиглах нь хэр зохимжтой эсэх, хуулиа муу хийсэн байна, хуулиа хийж чадахгүй байна гэж бичихээсээ илүү тус асуудлын эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай байна гэж бичих байх,энэ мода эсэх?