ТӨР ХИЙГЭЭД БИДНИЙ ЭРСДЭЛ
2008/12/20 Leave a comment
Нийгэм унадаг дугуй шиг эд аж. Хэрэв хуучнаараа буюу “дөрөөгөө жийхгүй” бол эвдрэлд ордог. Эсвэл шинэчлэгдэнэ гээд “хар хурдаараа” давхивал бас л эвдрэлд ордог эд аж. Ийм нөхцөлд нийгэм, үндэстэн гээч зүйлийг яаж тогтвортой авч явахав гэдэг нь хамгийн чухал болоод байна. Энэ удаад нэгэнт цаг нь болсон учраас системийн түвшинд “ярих” оролдлого хийгээд үзье.
Салгавал нийлүүлэхийн учир
Биднийг хэрүүл хийж, мэдэхгүй юмаа “онолдож” байх хооронд системийн хандлага, системийн ерөнхий онол, синергетика, сүйрлийн онол, шинэ сонгодог философи, шугаман бус динамик, тэнцвэргүйн социологи гэх мэтчилэн хавьгүй ирээдүйтэй, цоо шинэ онол-арга зүй хөгжөөд холоо гэгч явчихжээ.
Нийгэм гэдэг “ганц”-хан зүйлийн үйлдвэрлэлийн талыг нь эдийн засаг, засаглал талыг нь эрх зүй, улс төр судлал гэх мэтчилэн “хувааж” аваад судалдаг үе нэгэнт өнгөрч. Энэ нь бүр хэтрээд эдийн засаг л ганцаараа хамгийн мундаг нь, ганц эрх зүй л биднийг аврана гэхчлэн шинжлэх ухааныг тэрсэлдүүлэх явдал солиорлын хэмжээнд нэгэнт хүрчээ. Гаднаас цээжилсэн ганц нэг гаргалгаа, дүгнэлтээр мэтгэлцэх нь бүр хэрээс хэтэрч байна.
Дээр дурдсан шинэ чиглэл, хандлагууд “хувааж” аваад судалсан дүгнэлт, гаргалгаагаа нийлүүлэх, илүү дээд түвшинд үнэлэх, шинэ хандлага, зүй тогтол олох замаар системээ бүхэлд нь тогтвортой болгох, авч үлдэх агуулгатай байгаа нь тодорхой байна. Энэ нь бүх шинжлэх ухааныг “хольж нийлүүлнэ” гэсэн үг огт биш нь мэдээж. Олон шинжлэх ухааны зааг дээрээс, илүү дээд түвшинд шинээр нэгтгэн дүгнэдэг болжээ.
Манайхан бүхэллэг систем дотроос зөвхөн эдийн засаг, улс төр гэсэн хоёрхон зүйлийг “тасдаж” ярьдаг өвчтэй болоод байна. Бусдыг нь дайвар байдлаар, хоёрдугаар зэргийн асуудал мэт авч үздэг нь нийгмээ сөнөөх гол шалтгаан болж байна.
Нийгэм гэдэг чинь энэ хоёроос гадна гэр бүл, соёл, шинжлэх ухаан, шашин, боловсрол, эрүүл мэнд, ёс суртахуун, эрх зүй гэхчлэн систем бүрдүүлэгч олон дэд системтэй бөгөөд эдгээр нь бие биедээ байнга харилцан нөлөөлж байдаг, иймээс заавал хамтад нь авч үзэх ёстой. Эдгээрийг салгаад хаячихаар чинь л системийн хямрал болдог учиртай.
Ухаандаа хүн гэхэд зүрх, уушиг, тархи, ходоод гэх мэтчилэн маш олон эрхтэнтэй (бүтэц), эдгээр нь дан дангаараа “ажиллахгүй”, тэдгээрийг яс булчингийн, мэдрэлийн, зүрх судасны, тунгалагийн гээд олон систем зэрэг зэрэг ажиллаж баймаажин (функци) холбож байж сая нэг амьд хүн болдогтой төстэй юм уу даа. Бид ямар ч онош тавилгүйгээр “өвдсөн” ганц нэг эрхтэн, түүндээ уух эмийн тухай л ярьж байгаа нь дэндүү өрөвдөлтэй.
Ийнхүүгээр бүхэлд нь харж, эдгээр олон үйл явцыг удирдах ажлыг төр гэгч нь хийдэг ёстой.
Хаа сайгүй эрсдэл буй…
Удирдлагын аливаа шийдвэр их бага хэмжээгээр эрсдэл гэсэн үг бөгөөд үр дагаврын тодорхой бус байдал юм. Энэ утгаар нь эрсдлийг тохиолдолтой харьцуулан үзэж болно.
Манайд бол тохиолдол гэдгийг шалтгааныг нь юунд ч тохож үл болох, дүрэм журмаар биш, гэнэт болдог зүйлийг л ойлгодог. Бидний хувьд тохиолдол бол заавал “зугтах” ёстой саад, таагүй явдал мөн.
Иймээс бид эрсдэлээс үүдэх аюулыг “зөв” зүйлээс гажсан ямар нэг “муу” зүйл гэж ойлгодог бөгөөд иймээс ч түүнийг ямагт засч, залахыг оролддог.
Хэрэв шийдвэр хэрэгжүүлэхэд учирсан гарз хохирлыг ард түмэн л үүрч таарах бөгөөд энэ нь засаг төрд огт хамаагүй юм. Ийм учраас манай иргэдийн хувьд эрсдэл нь юуны өмнө материаллаг болон ёс суртахууны хохирол, чадан ядан босгосон амьдралынх нь сүйрэл байдаг. Эндээс тэд өөрсдөө л “хар махаа” зулгааж байж л гарна шүү дээ.
Монгол орноор цаг ямагт “туршилт” хийгээд сурчихсан эрх баригчид ардчиллыг “ойлгодоггүй”, зах зээлд “дасан зохицож чадахгүй”, нийгмийн шалгарал даагаагүй “арчаагүй” хүмүүс гэж ард түмнээ үздэг юм.
Нэг нь удирдаж байгаа, нөгөө нь удирдуулж байгаа дүр л үзүүлж байгаа болохоос биш энд жинхэнэ төрийн удирдлагатай дүйцэх юм тун хомс.
Манай засаг төр төдийгүй, бас үйлдвэр, бизнесийнхэн, төсвийнхөн, төрийн албан хаагчид, мөн иргэд нь хүртэл “эрсдэл”-ээс айдаг бараг төрөлх гэмээр өвчтэй болж байна.
Ингээд бүх монголчууд ямар ч “алдаа” гаргахгүй “амар сайхан” байж болдог бөгөөд энд хэн ч хариуцлага хүлээхгүй нь мэдээжийн хэрэг. Ингээд л бүгдээрээ хохирч дуусдаг юм даа.
Одоо Монгол орон сүйрлийн босгон дээр байна. Ард түмэн чимээгүй дургүйцэх, дураараа дургих, дайсагнах, төрийг үзэн ядах, олон улсын байгууллагад хандах, ганц нэгээрээ чимээгүй эсэргүүцэл үзүүлэхийг илүүд үздэг болж байна.
Нийгмийн систем тогтворгүй үед системийн онолд бифуркаци гэж нэрлэдэг сонголт хийх шаардлага үүсдэг. Энэхүү бифуркаци гэдэг нь салаалал гэсэн утгатай латин үгнээс гаралтай бөгөөд дурын систем, түүний дотор нийгмийн системийг өөрчлөх шийдвэр нь түүнийг чанарын өөр төлөв байдалд оруулахад үүсдэг эмзэг чанарыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл онолын хувьд бидний өмнө цаг ямагт бифуркаци байх бөгөөд сонголт (шийдвэр) хийхдээ системээ аврахын тулд шинэ төлөв байдалд ухаалгаар шилжүүлэх ёстой. Энд хоёр туйлшрал гардаг.
Юу ч үл хийх. Тогтвортой байдал алдагдаж, аюул нүүрлэсэн үед төр засаг шийдвэр гаргахаас зайлсхийж, зөвхөн өөрийнхөө бүтэц, дэг журам, эмх цэгцийг боловсронгуй болгох ажлаар оролдож эхэлдэг. Үүний улмаас бифуркацийг улам татан ойртуулж, үндэстний хувьслын нөөц боломжийг устгадаг.
Үндэсний хувьслын нөөц боломж гэдэг нь замбараагүйдэл, тэнцвэргүй байдал, шугаман бус байдлын нөхцөлд тэсэн гарах үндэстний чадвар бөгөөд амьдралын шинэ чанар, арга, соёлын шинэ хэв маягт шилжих эрчим хүч, эрэл хайгуулыг агуулж байдаг юм.
Энэ үед төр “юу ч үл хийснээрээ” нийгмийг дараагийн улам илүү хохиролтой төлөв байдалд оруулдаг.
Засаг төр сүйрэл гаргахгүй гэж оролдох тусмаа “хуучнаараа байх”-ыг эрмэлзэж, нийгмийн олон янз байдалтай тэмцэж эхэлдэг. Уг нь бол нийгмийн олон янз байдлыг устгах огтын боломжгүй.
Энэ тохиолдолд хувь хүмүүс өөрийгөө зохион байгуулах чадвараа алддаг ба харин засаг төр нь дур зоргийн авир, субъективизм, хяналтгүй байдлыг олж авдаг юм.
Хаазаа нэмэх. Нийгмийн тогтворгүй байдлын улмаас засаг төр засаг шинэчлэх шийдвэрийг яаруу сандруу, хүчээр хийж, өөрөөр хэлбэл “хаазаа” галзуутай нэмдэг. Ямбий машины хаазыг нэмээд хурдлана л гэж лав байхгүй. Үүнээс болж нийгэм шилжилтийн эвдрэлд ордог. Өөрөөр хэлбэл гэрээ нураагаад хаячихсан, шинэ байшин барьж чадахгүй хүмүүс чинь “ядарч зүдрэх” нь мэдээжийн хэрэг.
Аль ч тохиолдолд төр засаг удирдлагын техник–технологийн талыг туйлын болгож алдаа хийдэг.
Харин нийгмийн хөгжил огт өөр зүй тогтолд захирагддаг. Нийгмийн дурын үйл явцын салшгүй урьдач нөхцөл бол ашиглаагүй боломж ямагт байдагт оршино.
Ийм боломжийг ашиглаагүйгээс нийгмийн систем дурын үл ялих хүчин зүйл, нөхцөл байдлаас шууд хамааралтай болдог. Энд гэнэтийн явдал гарах нь бараг зүй тогтол болон хувирдаг. Манай нийгэм бол ардчилсан гэж үзсэн орон болгоноос “таалагдсан” зүйлсээ аваад бүгдийг нь хольчихсон систем учраас ихээхэн тогтворгүй байх нь гарцаагүй юм. Ийм механик “эрлийзжүүлэлт” нь системийн чанарыг заавал муутгадаг. Үүнийг сүүлийн үед “абортын шинэчлэл” гэж нэрлэх болж байна.
Гэхдээ “зөв” шийдвэл системд шинэ мөн чанар хугацааны ямар нэг тасралтат агшинд ямагт үсрэлт байдлаар бий болдог. Ийм таатай боломжийг инноваци буюу төгөлдөршилт гэж нэрлэдэг.
Төгөлдөршилтийн эерэг шинж нь тэр дороо биш, харин нийгмийн шалгарлын явцад бий болдог. Заримдаа систем шинэ шинж чанартай болсон мэт гаднаасаа харагдавч хүчдэлийн байдалд орж, бүр ч илүү дордох аюул байдаг.
Шинэ шинж чанар давуу талтай болбол систем өсөлтөд хүрнэ. Энд л синергетикийн хүч нэмэх суурь зарчмын агуулга оршино. Хэрэв төр шинэ тогтворгүй байдалтай тэмцэж, тэсэн гарч чадвал төлөвшлийн илүү өндөр түвшинд ордог.
Ийм удирдлагыг синергетикэд урвуу эерэг хамааралтай удирдлага гэж нэрлэдэг. Инноваци буюу төгөлдөршил нь зан үйлийн хувилбаруудыг шалгаралд оруулах түлхэц л юм.
Төрийн өвчин
Харамсалтай нь зах зээлийн эдийн засаг, ардчиллын европ загварыг бий болгох гэж 20 жил зүтгэсэн монголын төр олон шалтгааны улмаас удирдлагын субъектын хувьд энэхүү орчинд оршин байх чадваргүй болсон нь одоо хэнд ч тодорхой байна.
Энэ нөхцөлд өөрчлөлт хийх буюу бүх юмыг шинээр солих гэсэн хуурамч сэтгэгдэл бараг өвчин болтлоо хөгждөг. Эдүгээ хамгийн эмзэг ядруу байгаа төрийн байгууллагууд үр ашиг муутай, авилгалд автсан хэдий ч “өөрийнхөө” зорилгын үүднээс бол “найдвартай” нөөцтэй, холбоо харилцааны салбарласан сүлжээтэй, хамгаалалтын “бат” шугамтай мэт харагддаг. Үүнээс илүү хуурамч зүйл гэж үгүй…
Гэтэл нийгэм өөрийгөө зохицуулах хуулиар амьдарч сурсан байна. Энэхүү зорилго болон чиглэлийн үл давхцал нь төрийн удирдлагын үндсэн эрсдэл болж байдаг. Аливаа шинэчлэлийг боловсон хүчний “төгс” бүрэлдэхүүнтэйгээр хийхээр төлөвлөх нь хамгийн аюултай. Эхлээд арга барил, дараа нь боловсон хүчний шударга сонголт, тэдний бүтээлч идэвхийг өрнүүлэх механизм бий болгохгүйгээр ямар ч шинэчлэлт боломжгүй юм. Энэ талаар Монголын төр хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа.
Ийм болохоор эрх мэдлээ хэтрүүлэх нь төрийн “төрөлх” шинж болдог бөгөөд ингээд л төр засгийн дутмагшил, арчаагүйдэл, дайсагнал зэрэг илүү ноцтой эрсдлийг төрүүлдэг. Эдгээр эрсдэл нь тодорхойгүй, замбараагүй, тэнцвэрт бус байдал болон социал орчны таагүй байдлаар өдөөгддөг. Харин монголын төр засаг ямар ч хэвийн бус байдлыг хаах, устгах уламжлалт чиглэмжтэй байдаг. “Хэвийн” бус байдалд оршин байдаг хэрэгжээгүй боломж эргэж хэзээ ч ахин олддоггүй.
Засаг төрийн дараагийн том эрсдэл нь шийдвэр гаргах нийгмийн хэрэгцээ асар хурдан өсч байгаад оршино. Энэ өсөлтийг түшмэдүүдийн тоог олон болгох аргаар огт шийддэггүй.
Орчин үед цаг хугацаа өөрөө түгшүүрийг өдөөгч, эрсдлийн эх булаг болон хувирч байна. Төр засаг шийдвэр гаргах ийм их хэрэгцээтэй хэзээ ч тулгарч байгаагүй юм. Уг нь төр засаг тулгамдсан асуудлуудаа эрэмбэлж, түүнийгээ цаг хугацааны хэмжүүр дээр үйлдлийн дараалал болгон суулгаад, бүгдийг нь биш, харин гол гогцоо хэдхэн асуудлаас эхлэн шийддэг. Манай “Үндэсний Хөгжлийн Цогц Бодлого” шиг 130 гаруй “юм”-тай (vision) зэрэг ноцолдох нь сүйрлээ л гэсэн хэрэг болно.
Манай нөхцөлд дасаж дадсан хуучин дэглэмээрээ ажиллахыг хүсч, тогтсон холбоо харилцаа, хэвшмэл практик, удирдлагын дадал зуршилтайгаа зууралдсан төрийн алба аливаа өөрчлөлтийг саармагжуулах, түүний чиглэлийг өөрчлөх буюу дутуу хагас хийх, хэлбэрийн эрлийзжилт, дараалал алдуулах зэрэг аюулын үндсэн голомт мөн.
Ер нь бол ямар ч өөрчлөлт системийн төлөв байдлыг хэсэг зуур муутгадаг зүй тогтолтой байдаг. Нэг талаас баахан юм амлачихсан байдаг, нөгөө талаас хийх юм нь хязгаартай учраас их л хүнд байдал үүснэ дээ. Энэ тохиолдолд олон түмэндээ үнэнийг хэлэхээс өөр арга байдаггүй л юм даа. Ер нь бол үндэслэлгүй, хоосон амладаг явдлыг нэг мөсөн таслан зогсоох ёстой. Одоо тун өчүүхэн мэт хүчин зүйлийг “шүргэхэд” л сүйрэл бол гарцаагүй. Уг нь гарах гарц байдаг л юм…
Тэгээд мэдэхгүй бол жорлон шиг нийгэмдээ сууж л байхгүй юу…
Судлаач Д.Ганхуяг
2008 оны 12 дугаар сарын 21.