УЛС ТӨРИЙН “ХҮҮХЭД НАС” МИНЬ БАЯРТАЙ
2008/12/10 Leave a comment
Ерөнхийлөгч Н.Энхбаяр саяхан “25-р суваг” телевизээр шууд ярилцлага өгч, сонгуулийн гараагаа эхэлж байна. Энэ удаагийн сонгуульд тэр “ХАРИУЦЛАГА” гэсэн уриатай орох бололтой. Тэрээр монголчууд бидэнд хариуцлага гэж юу болохыг бүх талаас нь, бүр үндэс язгуураас нь тайлбарлаж эхлэв. 2008 оны 12 дугаар сарын 6-нд болсон энэ “лут” ярилцлагын дэлгэрэнгүй тэмдэглэл “olloo.mn” сайтад байгаа. Үүнийг нь хамтдаа шинжлэн үзье.
Хэл зүйн тайлбарлал
Ер нь аливаа асуудал хүндрээд ирэхэд үг үсгийн тайлбарлал эхэлдэг бөгөөд үүнийг шинжлэх ухаанд софизм гэж нэрлэдэг. Энэ нь монголоор бол “толгой эргүүлэх”, “тархи угаах” гэсэнтэй шууд дүйнэ. Н.Энхбаяр угаасаа орчуулагч болохоор хэл шинжлэл түүнд амар байдаг биз…
“Ха” язгуурын утга нь ямагт хажуу тал, хажуу талаас гэсэн санааг, хавсарч буйн утгыг, хоёр субъектийн хоорондын харилцааг илэрхийлдэг…
Жишээлбэл, “ха” язгууртай хавирга, хацар, хараа гэсэн үгнүүд байна. Тэгэхлээр “ха” гэдэг язгуураас бас хариу, хариуцлага гэсэн үгс үүсч гарсан нь ойлгомжтой.
Үүнийг Н.Энхбаярт Чой. Лувсанжав багш заасан юм гэнэ. Тэгвэл хаан, хатан, хайр зэрэг “сайн” үгс, хадлан, хамар зэрэг “ердийн” үгс, хачиг, хамуу зэрэг “муу” үгс бүгдээрээ “ха” язгууртай учраас “хариуцлага”-тай бараг нэг зиндаанд очиж таарнаа даа. Энийг чинь л “үг үсгээр хөөцөлдөх” гэдэг юм.
Энд ноён Н.Энхбаяр өөрийнхөө хамгийн сайн мэдэх “ха” язгууртай ганцхан үгээ мартчихсаныг сануулах нь зүйд нийцнэ. Энэ нь яах ч аргагүй “ха” язгууртай ХАХУУЛЬ гэсэн үг болно. Энэ үг ч гэсэн хахуульдагч, хахуульч гэсэн хоёр субъектийн харилцаанаас үүсдэг учраас Н.Энхбаярын тавьж буй хэл зүйн нөхцлийг бүрэн хангаж байна. Ингээд л хариуцлага, хахууль хоёр адилхан болж байна даа…
…Хүн төр хоёр байнга харилцаанд ордог учир хариуцлагын холбоогоор холбогддог гэж хэлж болно. Гэхдээ энэ хоёр субъектын харилцаанд хамгийн хариуцлагатай байх ёстой нь төр юм.
Гадаад, дотоодын олон арван байгууллага “Монгол Улсад хариуцлагын тогтолцоо алдагдсан” гэсэн дүгнэлтийг арав гаруй жил залхтлаа хэлээд байхад огт тоогоогүй байж Ерөнхийлөгчийн сонгууль дөхөхөөр хариуцлагаа гэв гэнэт ойлгож байгаа нь ихэд “баярлууштай” үзэгдэл юм. Монгол Улс хамгийн их “хахуулийн хариуцлагатай” гэдгийг бүгдээрээ мэднэ дээ.
Хэл шинжлэлийн үүднээс юуг ч, түүний дотор улс төрийг ч тайлбарлаж болох юм байна. Ухаандаа орчуулах, хөрвүүлэх хоёр төстэй үг учраас хахууль бол ердөө л төрийн хөрөнгийг хувь хүний халаасанд хийж буй “хөрвүүлэг” юмуу “орчуулга” гэж Та бид ойлгох ёстой юм л даа…
Нийгэм –түүхийн тайлбарлал
Манайхан ажил хэрэг нь болохоо байгаад ирмэгц онол, ном ярих өвчтэй. Одоо Н.Энхбаяр төрөлхөөсөө огт хальтлахгүй онолын асуудал руугаа арга буюу орж байна.
Гумилев гуай тухайн үндэстэн анх үүсэхдээ эрчтэй, хурдтай, хүүхэд шиг гэнэн, алдаа дутагдал ихтэй, улмаар эрийн цээнд хүрнэ, хэрсүүжнэ, дайчин зоригтой, идэвхитэй болно гэдэг ч юм уу, эцэстээ өтөлж, хөгширнө, хөдөлгөөн нь удаан болно, тэр үндэстэн хэврэгшинэ гэж сонирхолтой дүгнэлт хийсэн байдаг.
Л.Н. Гумилев хэзээ ч ингэж хэлж байгаагүйг би түүнийг арав гаруй жил судалж, орчуулж байгаа хүний хувьд баталгаатай хэлж чадна. Учир нь Гумилев XYI зуунаас хойш үеийг хэзээ ч судалж байгаагүй юм. Монголчуудаас болж дөрвөн удаа шоронд орсон, эцэстээ алагдсан энэ агуу хүнээр тоглоно тоглоно гэхэд арай дэндэж байна аа. Уг нь мэдэхгүй юмаа ярих дэмий л байдаг юм, гэхдээ Н.Энхбаяр дандаа ингээд сурчихсан юмыг чинь яалтай билээ ?!
Монголчуудыг залуу насандаа яваа үндэстэн, Чингис хааны үед идэвхижил, эрчимжилтийнхээ оргилд хүрсэн үндэстэн гэж бичсэн нь буй…Өнөөгийн монголын ардчилсан нийгэм бол залуу, бага балчир насандаа яваа нийгэм юм шиг.
Дунд сургуулийн хүүхэд хүртэл нийгэм, үндэстэн хоёр ялгаатай гэдгийг мэддэг атал манай Ерөнхийлөгч эдгээрийг эсвэл мэдэхгүй байна, эсвэл санаатайгаар хутгаж байна. Дашрамд дурдахад Гумилев үндэстэн гэсэн ойлголтыг хэзээ ч хэрэглэж байгаагүй, харин этнос буюу угсаатан гэсэн ойлголтыг шинээр бий болгосон юм. Тухайн үед манай зарим хэвлэлүүд Н.Энхбаярыг “Хоёрдугаар Чингис хаан”, “Үндэсний удирдагч” гэж магтаж байсныг олон уншигчид санаж байгаа байх. Нэгдүгээр Чингисийн үед үндэстэн нь “залуу” байсан, хоёрдугаар чингисийн үед нийгэм нь “хүүхэд” болчихдог юм гэнэ. Энэ чинь онол юм уу, тоглоом юм уу ?
Магадгүй хүүхдийн гэмээр алдаануудыг манай ардчилал эхэн үедээ гаргасан байж магадгүй. Манай ардчилал…(хүүхэд шиг-Д.Г.) тийм эрх танхи байсан байх. Тэр утгаараа цөөнгүй алдаа дутагдал гаргасан байх гэж хэлж байгаа юм. Гэхдээ энэ алдаа дутагдлаас нь болоод хүүхдээ гэрээсээ хөөгөөд гаргаж хаядаггүйтэй адил бид ардчиллыг гаргаж хаяж болохгүй.
Энд уншигчид хачин жигтэй хувирал, зальхай илбийг харж байна. Эхлээд Гумилевын угсаатны нийлэгжилтийн үе шатыг нийгмийн настай холбосон. Нийгмийн байгуулал солигдохтой угсаатны нийлэгжилт огт хамаагүй гэж нөгөө Гумилев нь хэлсээр байхад Н.Энхбаярынхаар манай нийгэм гэв гэнэтхэн эрх танхи “хүүхэд” болчихож байна. Энд Н.Энхбаяр ардчиллын алдааны тухай ярьж буй мэт боловч хэрэг дээрээ өөрийгөө ярьж байна.
Дээрхийг монгол хэлэнд “орчуулбал” удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эрх танхи байсан, цөөнгүй алдаа дутагдал гаргасан Хариуцлагатай овогтой Н.Энхбаяр гэсэн хүүхдээ гэрээсээ битгий хөөгөөрэй л гэж байна даг…
Энд чинь онол монол огт хэрэггүй, ердөө суран бүс л хэрэгтэй байдаг юм…
7 дугаар сарын 1-ний үйл явдал бол Монголын ардчиллын хүүхэд нас өнгөрснийг, идэр нас нь эхэлж байгааг сануулсан хатуу сануулга юм биш үү ? …Төр засаг нь ч бас хүүхэд шиг байхаа болих хэрэгтэйг сануулмаар байна.
Монголчууд бид нар “юм” ойлгодоггүй шүү. Одоо сайн ойлгохыг хичээгээрэй. 7 дугаар сарын 1-ээс хойш Н.Энхбаярын хүүхэд нас өнгөрч, идэр нас нь эхлэж байна. Хэн нэг хүүхэд түймэр тавиа л биз. Аавынхаа гэрийг шатаагаа л биз. Одоо бол хүмүүжээд идэр болчихсон юм байна. Нэгэнт төрийн тэргүүн хэмээх энэ хүүхдийн “хариуцлага нэмэгдсэн, хэрсүүжсэн…” учраас өөрөөсөө доошхи хүүхдүүд буюу төр засгаа хүүхэд шиг байхаа боль гэж зандрах нь зүйд нийцнэ. 7 дугаар сарын 1-нд хүүхэд насаа “гээчихснийхээ” дараа л нөгөө гоё хүүхнийхээ нэрийг “Ардчилал” гэдэг юм байна гэж тогтоож авсанд нь түүнд бид ихэд баярлах ёстой. Гэхдээ монголчууд Н.Энхбаярыг ямар үнэ цэнээр “эр хүн” болгосноо мартаагүй байх гэж санана…
Хэрсүүжсэн хүний үг
Тэр одоо нэгэнт насанд хүрсэн болохоор “хэрсүүжсэн” үг хэлэх ёстой нь мэдээжийн хэрэг. Ингээд тэр ингэж хэлж байна.
Намчирхах, улс төржих, нутгархах, ангисах, хамаатансах энэ бүх юм бол хариуцлагаас мултрах аргууд юм гэж ойлгоход буруудахгүй.
Хүн ухаан орно гэж сайхан юм. “Хүүхэд” байхдаа энэ бүх “нүглийг” зэрэг бөгөөд тасралтгүй хийдэг байснаа одоо бол энэ мэтийг үзэж чадахаа байснаа зарлан тунхаглаж байна. Харин хариуцлага яриад хариуцлагаас мултрах бас нэг “шинэ” арга байдгийг бид ойлгож авлаа.
Төрийн тэргүүний хувьд миний бие аливаа зөв бүхнийг дэмжиж ажиллана. Дэмжих шиг дэмжинэ. Туршлага ч байна. Мэдлэг ч байна. Чадвар ч байна.
Өмнө нь Соёлын сайд, МАХН-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байсан 20 жилийн “хүүхэд” насыг нь эс тооцвол түүний 7 дугаар сарын 1-ээс хойш мэдэж авсан зүйлийг “туршлага” гэж ямар ч хүн хэлэхгүй л байх. Н.Энхбаяр урьд нь хүний бичиж өгсөн юмыг А, Б-гүй уншдаг байсныг нь би сайн мэднэ. Энэ олон жилд “хариуцлагатай” хүн бол мэдлэгээ нэмсэн байх учиртай. Гэтэл Гумилевын талаар ярьсныг нь үзвээс тэрэнд ямар ч мэдлэг нэмэгдээгүй нь тодорхой байна. Харин түүнийг “хор найруулах” гэсэн ганцхан чадвартайг монголчууд бүгдээрээ мэднэ дээ. Энийг чинь бүх сонин хэвлэлд олон жил бичээд ирсэн биз дээ. Хүүхдийн цэцэрлэг шиг болчихсон төрийн “зөв” юмыг өөр нэг “хэрсүү хүү” дэмжлээ ч яалаа, байлаа ч яалаа…
Худлаа юм бичээд, тараагаад эхлэх юм бол, бодитой биш мэдээлэл түгээвэл, хэн нэгэн хүний юм уу, эсвэл байгууллагын захиалгаар “юм хийгээд” унавал, яг тэр мөчөөс эхлээд хариуцлага дуусч, хариуцлагатай сэтгүүлч, хариуцлагатай сэтгүүл зүй аль аль нь алга болж байгаа хэрэг.
Одоо тэр бас л хамгийн сайн мэдэх сэтгүүл зүй рүүгээ орж байна. Хатагтай О.Цолмонгийн “Чөлөөт хэвлэлийг дэмжих сан” хэрхэн яаж захиалга өгч, улс төр “хийдэг” байсан, сонгуулиудад яаж оролцдог байсан, “Монгол таймс”, одоогийн “Улс төрийн сонин”-ыг хаалгаж мөрдөн мөшгөж байсан, олон арван сэтгүүлч, нийтлэлч шүүхийн “манаач” болж, зарим нь ял шийтгүүлж, үйл тамаа эдэлж байсныг олон хүн мэдээж мартаагүй байгаа.
Н.Энхбаяр “хариуцлагатай” сэтгүүл зүйгээрээ дамжуулан “Үндэсний удирдагч”, “Хоёрдугаар Чингис”, тэр ч бүү хэл “Гималайн уул” хүртэл нэртэй болж, 5 жилийн дотор 30 гаруй оны шилдэг болж байсан зэрэг нь ердөө л “хүүхэд” насны гэнэн ажил юм гэнэ ээ.
Ямар хариуцлага ?!
Хувь хүн, бүлэг, хамт олон, нийгэм хоорондоо тавьсан харилцан шаардлагаа хэрэгжүүлэх гэж ухамсартайгаар хэрэгжүүлж буй бодит харилцааг хариуцлага гэж ерөнхийд нь хэлдэг юм. Ийм учраас хариуцлага гэдэг нь хүний нийгэмтэй хамт үүссэн. Хариуцлагыг нийгмийн хүрээгээр нь ёс суртахууны, улс төрийн, эдийн засгийн, хууль эрхийн, нийгмийн гэх мэт, субъектээр нь хувь хүний, гэр бүлийн, хамт олны гэх мэтээр олон хуваадаг. Ямар шалгуур сонгож авснаасаа хамаарч хэчнээн ч хариуцлага байж болно. Авилгачийн, хулгайчийн гэсэн хариуцлага ч гаргаж болно. Харин төрийн удирдлагын хувьд хэвтээ, босоо гэж хоёр том хариуцлага байдаг юм л даа.
Ингэхлээр хариуцлагын тухай яръя гэвэл чухам алийг нь ярьж байгаагаа тодруулах ёстой байдаг. Харамсалтай нь хэрсүүжсэн хүн маань мэдлэг, туршлага, чадвараа гаргаж чадалгүй бүгдийг нь “хольчихоод” их л “хариуцлагагүй юм” хийсэн байна даа…
Миний гайхашрал
Уг нь би Н.Энхбаярыг хамгийн сайн мэдэх хүний нэг юмсан. Тэр монголын нийгмийг системийн хямралд оруулсан эзэн хэдий ч тодорхой шийдвэр хүчлэн гаргуулах, дарамт, шахалт үзүүлэх, хор найруулах зэргээр улс төрийн нэн зоримог, шийдэмгий тоглолт хийж чаддаг л байсан юмсан. Одоо юу вэ ?! Нөгөө сүр хүч, цог золбоо, заль мэх нь бараа сураггүй. Тэр арай ч ийм сул дорой байгаагүй дээ. Үүнийг л би гайхаж байна !
Н.Энхбаяр хөгшөөн, чамайг хүний чинь хувьд үнэхээр өрөвдөж байна шүү. “Н.Энхбаярыг судлаач Д.Ганхуяг биш, харин “найз нар” чинь л “ална” даа” гэж би мөн ч олон удаа хэлсэн дээ.
Чамайг ПИАР-аа эхэлж байгааг хүн бүхэн ойлгож байгаа. Гэхдээ Пиараа ингэж эхэлбэл сүйрэл бол гарцаагүй. Уг нь пиарыг ингэж хийдэггүй л юм даа. Чи “байхгүй” болчихвол надад л лав хийх юм “үлдэхгүй” нь бололтой. Яваандаа судлах “хүн болон юм” олдох л байлгүй. Ядахдаа орчуулагч ч болсон хийнэ дээ. Чадахгүй бол чамаас асууна шүү, харин битгий “халчихаж” үзээрэй дээ…
Судлаач Д.Ганхуяг
2008 оны 12 дугаар сарын 10.