ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 8

Ойлголтын систем бүрдүүлэх нь

Судалгааны чиглэлийн аль ч ном, сурах бичигт “үндсэн ойлголтод тайлбарлал хийх” гэсэн бүлэг, зүйл заавал байдаг. Би залуудаа энийг уншсан хэр огт ойлголгүй явсаар олон жилийг алдсан юм. Тэртэй тэргүй ойлгомжтой юмыг юуг нь тайлбарлах ёстой гэж ?! Энэ удаад огт буюу бараг тоодоггүй энэ асуудлыг хөндөх гэсэн юм.

  • Ухаандаа “Мөчит дөрвөн хөлтний мөр нь гараагүй оргил, мөгөөрс нимгэн хоолойтны дуу нь хүрээгүй оргил” гэхэд тун ойлгомжтой мэт. Гэхдээ энэ нь уг уулын мөн чанарыг огт өгүүлж чадахгүй. Бидний сайн мэдэж байгаа ойлголтууд үүнтэй тун ч төстэй байдаг.
  • Залуучуудад Та нар “хэтэрхий сайн мэдэж байгаа буюу ойлгомжтой мэт санагдаж байгаа тэр ойлголтоосоо цаг ямагт болгоомжилж бай” гэдэг хамгийн чухал зарчмыг цаг ямагт санаж явах хэрэгтэй.
  • Яагаад гэвэл энд л залуу хүний хамаг алдаа байдаг юм даа. Бид олон ойлголтыг мэддэг юм шиг мэддэг хэрнээ огт мэддэггүйд л хэргийн учир оршино.
  • Тэгэхлээр сэдэв олон болохоор “гэр бүл” гэсэн нэг л ойлголт дээр жишээ авъя. Өөрөөр хэлбэл Та гэр бүлийг судлахаар болжээ гэж саная.
  • Олонхи хүнд энэ нь дэндүү ойлгомжтой мэт санагдах бөгөөд ердөө л гэр бүлийн аль асуудлыг судлах (аспект)-аа шийдчихвэл болоод явчих мэт санагддаг. Эндээс л алдаа эхэлнэ дээ.
  • Аль нэг бүтээлээс юмуу төслийнхөө ойлголтуудаас гэр бүлийн тодорхойлолт аваад болчихно гэж олонхи залуу хүн боддог юм.
  • Манайд гадаадын тусламжгүй төсөл гэж бараг байхгүй учраас энэ нь гадаад гэр бүлийн жишгээр монголын гэр бүлийг судлах асуудал болон хувирна.
  • Дашрамд дурдахад эндээс чинь л болоод “гэр бүлийн хүчирхийлэл”, “жендерийн тэгш бус байдал” гэх мэтийн манай нийгэмд мэдээж байгаа боловч хэлбэр, агуулга нь огт өөр “зохиомол” ойлголтууд, улмаар асуудал үүсгэчихдэг юм л даа.
  • Тэгвэл гэр бүл гэж юу юм бэ ? гэдгийг Та бараг мэдэхгүй байна гэсэн үг. Хачин байгаа биз.
  • Хөтөлцөөд гүйж яваа дурлалт хос, хүүхдээ дагуулаад явж буй гэр бүл, тэдэнтэй амьдарч байгаа аав, ээж хоёр гээд тоолоод байвал манайд судалснаар гэр бүлийн лавтайяа 47 хэлбэр байдаг. Энэ бол зөвхөн ам бүлийн тоогоор нь ангилахад тэр шүү дээ.
  • Ухаандаа шинэхэн гэр бүлтэй нэг гэрт амьдарч байгаа аав, ээж хоёр нь ч гэсэн гэр бүлийн баталгаа бүхий хууль ёсны гэр бүл мөн биз дээ. Зөвхөн энэ хялбар тохиолдолд гэхэд л Та энийг нэг гэр бүл үү, хоёр гэр бүл гэх үү гэдгийг сонгох ёстой болж байна.
  • Монголчууд үүнийг сайн мэддэг байсан юм. Жишээлбэл, гэр бүл, ам бүл, өрх бүл, айл гэр гэхчлэн нэрлэх нь хүртэл ондоо байсан.
  • Ингээд л бүрэн бус гэр бүл, өрх толгойлсон эмэгтэйчүүд гэх мэтчилэн энгийн ухамсрын буюу шинжлэх ухааны алин болох нь үл мэдэгдэх ойлголтуудын дунд залуу Та орчихож байгаа юм.
  • Өөрөөр хэлбэл амьдрал дээрх гэр бүл Та бидний номноос уншсан гэр бүлээс ихээхэн баялаг олон хэлбэртэй болох нь ойлгомжтой байна.
  • Энд амьдралыг номонд (төсөлд) захируулах уу, номыг амьдралд захируулах уу гэдэг зарчмын асуудал үүсдэг юм.
  • Олон залуу хүн мэдээж амьдралыг судална гэж хариулах боловч практик дээр голдуу амьдралыг номынхоо бүдүүвчид захируулах гэж оролдсоноосоо ихээхэн алддаг юм.
  • Ингэхлээр Та гэр бүл гэсэн ойлголтоо нэн тодорхой болгох ёстой. Энэ нь номоо хогийн саванд хаячихна гэсэн үг огт биш. Бас гэр бүлийг шинжлэх ухаанд шинээр нээх гэж байгаа хэрэг бол бүр ч биш.
  • Тэгэхлээр Та ном зохиолоос Таны үзэл бодол, судалгааны чиглэлд арай илүү нийцсэн гэр бүлийн тодорхойлолтыг тулгуур болгон аваад статистик мэдээлэл, эргэн тойрондоо байгаа гэр бүлийг харж, эрэгцүүлэх ёстой болж байна.
  • Та гэр бүлийн 47 хэлбэрийг (заавал ч 47 байх албагүй) бүлэглэх аргаар цөөлөх юм уу, судлаж буй асуудалдаа (аспект) захируулан гол гол гэсэн хэлбэрээ сонгож аваад бусдыг нь орхих арга хэрэглэж болно.
  • Гэр бүл ийм олон янз байхад түүний харилцаа үүнээсээ ч их байх нь гарцаагүй юм.
  • Танд “ерөөсөө” гэр бүлийг судлах ямар ч боломж байхгүй гэдгийг сайн санаж яваарай. Тэгээд юу судлах юм гэж үү ?
  • Гэр бүлийн амьдралд социал, бэлгийн, гишүүдийн, сэтгэл зүйн, эдийн засгийн гээд л хязгааргүй гэхэд хаашаа юм маш олон харилцаа бий.
  • Танд энэ олон харилцааг бүгдийг нь зэрэг судлах боломж огт байхгүй.
  • Ингээд ирэхлээр Та бидний мэдэж буй гэр бүл гэдэг ойлголт нь бараг судлаад барахааргүй “том юм” болж байгааг бид харж байна.
  • Энд ч гэсэн бидний “ойлгож” байгаагаас хамаагүй илүү нарийн түвэгтэй асуудал, тал, зүйл олон байдаг. Жишээлбэл, бид хүүхэд болгон аав, ээждээ хайртай гэж шууд л боддог.
  • Яг шинжлэх ухааны үүднээс авч үзвэл хүүхэд болгон аав ээждээ хайртай байдаггүй. Заримдаа бүр үзэн ядах тохиолдол олон бий. Энэ нь бидний ёс суртахуунд харш мэт санагдах боловч шинжлэх ухааныг зөвхөн бусдын ёс суртахуунаар хэмждэггүй юм.
  • Өөр нэг жишээ. Монгол гэр бүлд голдуу эхнэр нь, хааяа нөхөр нь өрхийн төсвөөсөө ах дүү, аав, ээж рүүгээ “зөөх” явдал түгээмэл. Бас гэр бүлийн маргааны нэлээд ноцтой шалтгаан нь энэ байдаг.
  • Асуудлын энэ тал мэдээж ёс мэт нуугдмал байдаг, үүнийг Та “номын” аргаар судлаад хэзээ ч илрүүлж чадахгүй.
  • Гэхдээ иймэрхүү далд тал, зүй тогтлыг илрүүлэх явдал л судлаач хүний гол зорилт, үүрэг байх ёстой.
  • Ингэхлээр нийгмийн амьдралын олон тал “ойлгомжтой” бөгөөд “ил” байна гэж ойлговол Та тун их эндүүрч байна. Хэрэв Таныг асуумагц л бүх юмаа хэлээд өгчихдөг байсан бол заавал мэргэжил эзэмшиж, судалгаа хийх гэж үйлээ үзэх ямар ч хэрэггүй байх байсан биз.
  • Түүнчлэн гэр бүлийн харилцааг илэрхийлсэн “аж төрөх ёс”, “амьдралын хэв маяг”, “ядуурлын түвшин” “гэр бүлийн хүмүүжил” гэх мэтчилэн тал талаас нь харсан өч төчнөөн ойлголт байх.
  • Зарим номонд эдгээрийг бараг адилхан, зарим нь жаахан ялгаатай, зарим нь тэс ондоо гэээд биччихсэн байгаа. Тэхээр энийг Та л тодруулах ёстой болж таарлаа.
  • Ингэхлээр Та “өөрийн” гэсэн ойлголт буюу хэд хэдэн ойлголтын бүдүүвчтэй болж авахыг л “үндсэн ойлголтод тайлбарлал хийх” гэж нэрлээд байгаа юм.
  • Та судалж буй асуудлаасаа хамааран гол гол ойлголтуудыг өөрийнхөөрөө ойлгож, хоорондын холбоо харилцааг нь холбосон бүдүүвч судалгаа хийхээсээ өмнө хийж (заавал цаасан дээр биш л дээ) заавал сурах ёстой.
  • Сүүлдээ сураад ирэхээр судалгаа хийхээсээ өмнө цаасан дээр үүнийгээ хийгээд сурчихдаг юм. Ерөнхийдөө бол дунд зэргийн нэг судалгаанд үндсэн 3–7 ойлголтод тайлбарлал хийх, тэдгээрт логик холболт хийх хувилбар л голдуу гардаг юм.
  • Энэ бол судалгааны амин сүнс бөгөөд Та үүнийг хийгээд сурчихвал боловсруулалт хийх болон тайлан бичихэд чинь үүнээс илүү хэрэгтэй зүйл үгүй.
  • Би ч гэсэн социологийн гол гол ойлголтуудынхаа “учрыг сайн олдоггүй” гэвэл Та одоо нэг их гайхахгүй болсон гэж санана. Энэ нь уг асуудлыг би огт мэдэхгүй, таамгаараа бичээд байгаа хэрэг биш юм.
  • Өөрөөр хэлбэл зарим ойлголт маань зарим үед таараад зарим үед таарахгүй гэсэн хэрэг болж таарч байна. Энэ нь ойлголтуудаа өдөр болгон өөрчлөөд байна гэсэн хэрэг биш л дээ.
  • Нийгмийн амьдрал өдөр болгон өөрчлөгдөж байдаг болохоор ойлголт нь хүртэл бас л өөрчлөгдөж, бас бидний танин мэдэхүй өөрчлөгдөж байна.
  • Ухаандаа аль нэг намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн хүнийг “улс төрч” гэж нэрлэх үү, “нутгийн удирдах ёсны төлөөлөгч” гэх үү ? Мэдээж аль алинд нь хамаарч ч болно, хамаарахгүй байж ч болно.
  • Хэрэв Та нам судалж байвал “улс төрч” гэсэн ойлголтод оруулсан нь илүү дээр байх, засаглалын түвшин судалж байвал тусгайд нь авч үзсэн нь дээр байх. Эсвэл Та “орон нутгийн улс төрч” гэсэн шинэ ойлголт гаргаад ирэх ч юм бил үү.
  • Энэ нь Таны ямар аспектаар судалгаа хийж байгаагаас хамаарах юм.
  • Үндсэн ойлголтод тайлбарлал хийх нь хүн хийж барахын аргагүй хүнд хэцүү зүйл огт биш, өөрийнхөө эрэгцүүллээр судалж байгаа зүйлээ аль болохоор олон талаас нь харахыг эрмэлзэж буй Таны сэтгэлгээний арга барил юм.
  • Энийг хэт их анхаарвал Та өөр нэг туйлшралд орно гэдгийг анхаараарай. Энэ бол ойлголт тайлбарлах гээд “хоосон онолдох” явдал болно.
  • Өөрөөр хэлбэл Та ч бай, өөр ямар ч том эрдэмтэн байсан ямар аливаа нэг мадаггүй, засваргүй тайлбарлал, бүдүүвч хийж чаддаггүйд хамаг учир оршино.
  • Иймээс Та яв цав, яг оносон тайлбарлал хийнэ гэж зүтгэлгүй (учир нь судалгаа эхлээгүй байгаа), харин тайлбарлалын зөрүүг (алийг нь сонгохоо мэдэхгүй байна) шалгах хэрэгтэй.
  • Энэ тохиолдолд Та туршилтын судалгаа (жишээлбэл 10 хүний дунд ч юм уу) явуулах, эсвэл дараагийн судалгаанд харгалзах хоёр үндсэн арга л үлдэнэ.
  • Энэ бол “мэдлэг гүнзгийрэх тусам эргэлзээ улам нэмэгддэг” гэсэн аксиомыг л баталж байгаа хэрэг. Хэдэн жилийн өмнө би “бүх юмыг” дэндүү сайн мэддэг байжээ. Та ч гэсэн нэг иймэрхүү байдалд л байгаа болов уу даа.
  • “Амьдралаас илүү баялаг юм үгүй” нь үнэн боловч амьдралд “харанхуй орж болохгүй” нь бас л үнэн бөлгөө. “Харанхуй орохгүй”–н тулд Танд тайлбарлал буюу өөрийн чинь ойлголтын систем хэрэгтэй болж байгаа юм шүү дээ.
  • Ах нь “мэддэг” юмнаасаа болж хэд алдсаныг ёстой Бурхан л мэдэх байх. Тэхээр “хэтэрхий их мэдээд байвал нэг л болохгүй байна” гэж дүгнэх ёстой.
  • Мэдсэн хэрнээ аль болох олон зүйлд эргэлзэж байвал тэр чинь харин сайны шинж шүү.
  • Харин ойлголтдоо заавал эргэлзэж сур, гэхдээ өөртөө л эргэлзэх хэрэггүй. Ийм итгэлтэй байвал Та мөн ч их юманд хүрнэ дээ.

Судлаач Д.Ганхуяг.

2008 оны 11 дүгээр сарын 1.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: