ЮМ БОЛГОН УЧИРТАЙ…

Сонгуулийн үр дүнг нам бүр, хүн бүр өөр өөрийнхөөрөө дүгнэж тайлбарлах нь зүйн хэрэг. Эдгээр олон дүгнэлт дунд зөв нь ч бий, буруу нь ч бий. Харин улс төрийг системийн том түвшинд авч үзвэл байдал арай өөр. Үүнийг системийн буюу онолын түвшин гэх ба үүнийг монголчуудад ойлгуулах гэж би 30 шахам жил үйлээ үзэж байна. Ингээд “том анализ” хийж олон түмэндээ хүргэх нь судлаач миний үүрэг юм. Ингээд сонгуулийн өмнө ба үеэр, мөн дараа нь үүссэн улс төрийн нөхцөл байдалд хийсэн анализаа машид товчлон хүргэж байна…

МАН-ын зовлон

Эхлээд албан ёсны нэгэн баримт танилцуулъя:

Уриалга бичиг

…Намын шинэчлэл удааширч, намын дээд удирдлага, намын нэрээр засгийн эрхэнд гарсан хүмүүсийн хувьд улс төрийн ноён нуруу, шинэлэг сэтгэлгээ, бүтээлч уур амьсгал зарчимч шаардлага илт дутагдлаа. Одоо намын шинэчлэлийн асуудалд шинэ байдлаар хандаж, бодож боловсруулсан арга хэмжээг хэрэгжүүлэх цаг боллоо гэж МАХН-ын ойрын зорилтыг тодорхойлж байна. Энэ зорилтын хүрээнд намын их хурлыг бэлтгэн хуралдуулах, үзэл баримтлал, бодлогод зохих өөрчлөлт оруулах, намын тэргүүнийг сонгох, Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуульд одооноос бэлтгэж оролцох, дотоод нягтралаа бэхжүүлэх зэрэг асуудлуудыг хамруулж байна. Үүний тулд дараах арга хэмжээг авах шаардлагатай байна. Үүнд: А. Намын удирдах зөвлөл, бага хурал огцрох. Б. Намын их хуралд бэлтгэх түр зөвлөл байгуулах. В. Намын их хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг шинэчлэх. Бидний тавьж буй асуудлуудыг намын Бага хурлын болон Удирдах зөвлөлийн зарим гишүүд, санаачлага гаргаж буй намын гишүүдийн оролцоотой хуралдаанаар даруй хэлэлцэн шийдвэрлэхийг уриалж байна.

Үүнийг өнөө үед хийсэн бичиг гэж бодвол тун их эндүүрэл. Тэгээд хэзээ хийсэн юм ? Одоогоос 24 жилийн өмнө буюу тэртээ 1996.07.05-нд бичсэн албан ёсны баримт. Хэн бичсэн юм ? Тухайн үеийн МАХН-ын гишүүн: Т. Ганди, Т.Гантөмөр, Б.Очбадрах, С.Энхбаатар, Н. Энхбаяр, Ч. Улаан нар бичсэн. Яах гэж бичсэн юм ? 1996 оны УИХ-ын сонгуульд МАХН-ыг ялагдуулсан Б.Даш-Ёндонг шахаж намын удирдлагад гарахын тулд, мөн Н.Энхбаярыг намын дарга болгох “бослого” эхлүүлэх гэж бичсэн.  

Энэ бичгийг одоо тэр чигээр нь хуулаад тавьчихсан ч утга агуулга нь хэзээ ч хуучрахгүй учраас би “мөнхийн бичиг” гэж нэрлээд байгаа юм. 1996 оноос хойш яг ийм агуулгатай баримт бичиг МАН аль нэг сонгуульд ялагдсаны дараа “гарч ирдэг” ба миний тоолсноор лавтайяа 6 удаа гарч ирсэн. Гарах болгондоо намын дотоодод төдийгүй төр, нийгэмд үймээн самуун үүсгэж байсан. Цаашид ч удахгүй гарч ирнэ гэдэгт би огт ч эргэлзэхгүй байна. 2020 оны байдлаар бол энэ универсал бичиг АН-д ч гэсэн яг таарна…

Гэхдээ асуудал огт өөр зүйлд байгаа юм. Ийм бичиг болгоны тоогоор МАН шинэчлэгдсэн үү ? Үгүй л дээ, харин ч 30 жилийн турш МАН-д “зүй тогтол” болон тогтсон. Ямар зүй тогтол ? Аль нэг сонгуульд ялагдсаны дараа МАН-д бослого гарна. Бослогыг намын эрх мэдэл авах гэсэн хэд хэдэн бүлэг нийлж МАН-ын гол лидер болон түүний бүлгийн эсрэг хийнэ. Бослого амжилт олж, хэн нэг нь намын лидер болох ба түүний бүлэг нам доторхи голлох бүлэг болно. Улмаар намын лидер, түүний болон дагалдах бүлэг төр засагт голлох байр суурь эзэлж, эрх мэдэл олж авна. Ингээд дураараа идэж ууна, хулгай дээрэм хийнэ, авилга авна. Хулгай, дээрмээс олз ашиг олоогүй үлдсэн бүлгүүд “шударга ёсны” тэмцэлд мордож, хэрүүл тэмцэл хийнэ. “Хүчээ нэгтгэх”-ийн тулд АН-аас тусламж гуйх ба тэд ч дуртайяа “тусална”. Ингээд дараагийн сонгуульд ялагдана. Энэ талаар би “Чөтгөрийн тойргийн учир” болон түүнтэй төстэй олон өгүүлэлдээ хангалттай дурдсан. Эдүгээ “чөтгөрийн тойрог” монголын улс төрд нэлээд түгээмэл хэрэглэдэг нэр томъёо болон тогтжээ…

Системийн бүрдэл хэсгүүдийн аль нэг хэмжээгээрээ системтэй тэнцүү буюу илүү гарах боломжгүй. Тэгвэл систем бүхэлдээ эвдэрнэ гэх онолын аксиом буй. Жи: намын аль нэг бүлэглэл намтайгаа тэнцүү буюу түүнээс том болбол тэр нам гарцаагүй эвдрэлд орно.  

Энэ хууль, зарчмыг МАН 30-аад жил мэдэхгүй, тоохгүй явж ирсэн. Одоо мэдэх, тоох, харгалзах цаг ирээд байна.      

Стратегийн болон сонгуулийн тоглолтууд

М.Энхболдыг унагах үед “чөтгөрийн тойрог” ахиад л давтагдав. Энэ удаад 7 дахь нь…Эрх баригчид системийн эвдрэл болж байгаа эрхбиш мэдэж байв. Гэхдээ нийгмийн зүй тогтлын дагуу, ард түмний тулд биш, харин эрх мэдлээ хадгалан үлдэхийн тулд “чөтгөрийн тойргоо” баталгаажуулсан Үндсэн Хууль хийхээр шийдэв. Энэ талаар би хангалттай бичсэн. Жи: “Шинэ Үндсэн Хуулийн цаад учир” https://ganaa.mn/2019/06/24/khktwtregfgafafa/   

Ингээд У.Хүрэлсүхийн Засгийн Газрыг байгуулмагцаа зүтгүүлсэн хамгийн том ажил бол Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт болов. Тэргүүний хорчин Д.Лүндээжанцан, УИХ-ын дарга Г.Занданшатарын “зөвлөлдөх ардчиллын онол”-ын дагуу Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж, ЗГ “тогтвортой ажиллах” нөхцлийг бүрдүүлэв. Үүнийг бас л олон шүүмжлэгч У.Хүрэлсүхийг хүчтэй болгох гэж хийсэн гэж тун эндүү боддог юм. ҮХНӨ-ийг тогтвортой ажиллаж, дураараа дургих дараагийн Ерөнхий сайд буюу Ерөнхий сайдуудад зориулж хийсэн юм. Ингээд стратегийн сууриа бат тавьсан тул сонгуульд ялах бүх талын арга хэмжээ авч эхлэв.

2019 оны намар судалгаа хийгээд үзсэн чинь МАН-ын нэр хүнд навс унаж, чингэхдээ хотод маш их унаж, хөдөө арай гайгүй байгаа нь тодорхой болов. УИХ-аар нэн яаралтай хууль баталж, хөдөө олон мандат, хотод цөөн мандат хүчиндэж хуваарилав. “Улмаар ялсан нь бүхнийг хамдаг” томсгосон тойргийн хувилбарыг сонгов. Ингээд бүх зүйл бараг бэлэн болов. Одоо нам дотор бослого гаргагчид болон МАН-аас салж бие даан нэр дэвшигчдийг хаах л үлдэж байгаа юм. Үүн шиг амархан юм байхгүй…

Өмнөх бүх сонгуулиудад эхлээд нам хүмүүсийнхээ нэрийг дэвшүүлдэг, дараа нь бие даагчид дэвшүүлдэг “ардчилсан бус” эрэмбэтэй байлаа. Харин одоо бол МАН эхлээд бие даагчид эхэлж нэрээ дэвшүүлдэг, хамгийн сүүлд нам нэрээ дэвшүүлдэг “ардчилсан” цоо шинэ журам тогтоов. Ингэхлээр чинь хэрэв нам нэр дэвшүүлэхгүй хасвал бие даан нэр дэвшинэ гэсэн хүнд ямар ч боломж үлдэхгүй.

Үүний үр дүнд МАН-аас ганц ч хүн бие даан нэр дэвшээгүй бол АН-аас “хар мянгаараа” бие даан нэр дэвшиж, намынхаа суурийг 5-8 хэсэг болгон тасчиж хуваав. МАН гарын 10 хуруугаа 30 болгон харуулж илбэ үзүүлсэн чинь АН дуурайх гэж байгаад 10 хуруугаа тас авав. “Зүгээр зүгээр, яах үгүй” гэж Ц.Элбэгдорж, С.Баяр хоёр хэлж өгөв. Одоо энэ хоёрт АН-ын тасарсан хуруунуудыг нийлүүлж бариад “үлээж” өгөх л үлдэж байна. Үлээж биш, оёж ариутгаж эдгэдэг юм, тэнэг лаларууд аа…  

Сонгууль найруулах заль мэх

Одоо манайхан “МАН сонгууль луйвардсан” гэж орилж, дүгнэж байгаа. Энэ нь зөв л дөө. Гэхдээ энд нэг том зүйл дутуу…

Сонгуулиар хэнийг гаргах, хэнийг хорлох, хэнийг “үзүүлэн таниулах” байдлаар гаргах, удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар хэн хэнийг өрсөлдүүлэх, хэнийг гаргах, хэнийг хорлох, мөн МАН, АН-ын эрх мэдэлд цаашид хэн суухыг маш эртнээс найруулдаг юм. Үүнийг би “сонгууль найруулах” гэж нэрлэж байна. Өөрөөр хэлбэл, манайхан сонгуулийн луйврыг бүдэг бараг гадарладаг боловч “сонгууль найруулах” талаар анхны мэдлэг ч байхгүй гэдгийг би баталгаатай хэлж чадна. Мань мэт нь чадлынхаа хэрээр ойлгуулахыг оролдовч хэн ч үл тооно. Ингэхэд өөрийгөө “ертөнцийн төв” гээд бодчихсон монголын улс төрчид болон улс төр сонирхогчдод “юм ойлгох” шаардлага огт байдаггүй. Гэсэн хэдий боловч би “сонгууль найруулах” тухай энэ өгүүлэлдээ нотлон харуулахыг оролдоно. Харин сонгуулийн луйврыг хүн болгон сайн “мэдэх” учраас жичид нь ярьж болно…

Өмнөх гурван ч удаагийн сонгуульд сонгууль найруулах аргыг амжилттай хэрэглэж байсан. Гэхдээ судлаач би хүртэл үүнийг сайтар “ойлгож” байгаагүй, “ямар нэг муу юм” найруулаад байна гэж хардаж л байсан гэдгээ дурдах нь шударга хэрэг болно. Харин одоо бол сонгуулийн найруулгын талаар чамгүй их баримт цугларсан учир ярьж болж байна…

Ингээд 2020 оны эхээр хэд хэдэн судалгаа хийжээ. Энэ судалгаагаар МАН-ын рейтинг 2019 оны 8 дугаар сард 26% байсан бол 2020 оны 1 дүгээр сард 21% болж унав. Харин АН-ын рейтинг 2019 оны 8 дугаар сард 17% байсан бол 2020 оны 1 дүгээр сард 12% болон унажээ. Хоёулаа авахын танаг байхгүй. Мөнхүү 2020 оны 1 дүгээр сарын судалгаагаар иргэдийн 30% нь жижиг намуудыг дэмжинэ, 37% алийг нь ч дэмжихгүй гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл манай иргэдийн 70 шахам хувь нь МАН, АН-ыг дэмжихгүй байлаа. Энэ бол МАН, АН-ын хувьд ихээхэн аюултай төлөв байдал юм. Одоо бол найруулна аа…Яаж ?

Юуны өмнө МАН, АН-д итгэхгүй байгаа иргэдийн саналыг сарниулах хэрэгтэй. Үүний тулд хоёрхон ажил хийнэ. Нэг. Нийгэм рүү чиглэсэн, мөнгө тараах ажил хийнэ. Энд ноолуурын 100 мянга, ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх, хүүхдийн мөнгө олгох г.м. орно. Хоёр. Хуурамч эвсэл байгуулах, бие даагчид олноороо нэр дэвшихийг үзэл санаа болон хөрөнгө мөнгөний хувьд дэмжих.

Яагаад олон эвсэл байгуулах ёстой гэж ? Нэг эвсэл бол гарцаа байхгүй улс төрийн гуравдагч сөрөг хүчин гэж харагдахаас гадна МАН, АН хоёртой эн зэрэгцэнэ. Харин 2-3 эвсэл “нэмж” байгуулбал иргэдийн санал сарнина. 5-8 бие даагч байгаа бол бүгдээрээ гараад ирнэ. Харин 100 хол давсан бие даагч гарвал сонгогчдын санал гарцаагүй сарнина. Ингээд хуурамч эвслүүд болон бие даагчдыг бүх талаар хөхиүлэн дэмжиж эхлэв. Зарим жижиг намд мөнгө амласан гэх шуугиан оргүй хоосон зүйл биш байлаа.  

Хуурамч эвсэл яаж байгуулдаг тухай тов тодорхой жишээ авъя: Маш эрт 2019 оны 3 дугаар сард Баабар “Электорат хөдөлгөөн” байгуулав. Монголын шилдэг тэргүүний сэхээтнүүдийг цуглуулав. Нам бус, зөв бөгөөд шударга, нэр цэвэр, залуу хүмүүсийг дэмжинэ гэхээр том сэхээтнүүд зөвшөөрдөг юм байгаа биз дээ. Ингээд том сэхээтнүүдийг бараг бүгдийг нь цуглуулж байгаад нэг сайхан зураг авахуулав. Үнэндээ бол тэдний нэр, зураг хоёр хэрэгтэй байсан хэрэг. Дашрамд дурдахад манай нэрд гарсан эрдэмтэд, урлаг соёлын томчууд шинжлэх ухаан, урлагтаа л сайн болохоос улс төрийн стратеги, заль мэхний хувьд зөөлөн хэлбэл балчир хүүхэд, хатуу хэлбэл усан тэнэг гэдгийг би олон баримтаар нотолж чадна.                

Сонгууль дөхөөд ирмэгц “Электорат хөдөлгөөн” байхгүй болж, “Зөв хүн электорат эвсэл” бий болов. “Нам бус” гэсэн нь алга болж нам намаас нэр дэвшүүлэв, “шударга” гэсэн нь алга болж “зөв хүн” гэсэн нэн тодорхойгүй ойлголт гаргаж ирэв, залуу хүмүүсийг гаргана гэсэн нь алга болж, насны ялгаагүй дэвшүүлэх болов. Үүнийг л улс төрийн заль мэх (манипуляци) гэдэг.

Ингээд “Зөв хүн электорат эвсэл” МАН-аас 21, ХҮН намаас 15, АН-аас 14, МСДН-аас 13, Зүй ёс намаас 5, Гэр хорооллын хөгжлийн намаас 1, МАХН-аас 1, Шинэ намаас 1 нэр хүний нэрийг дэвшүүлэв.
“Зөв хүн электорат эвсэл” бол Баабар, С.Баяр, С.Оюун Ц.Элбэгдоржийн нарын маш эртнээс бодож байгуулсан “БабаЭл-торат” эвсэл мөн. Тэр их мөнгө хаанаас гардаг вэ ? Оюу Толгойгоос гарсан гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Одоо УИХ-д Т.Доржхандын авсан нэг суудал Ерөнхийлөгчийн суудлын үнэтэй дүйцнэ. Ингээд Электорат эвсэл үүргээ биелүүлэв. Энийг ч гэсэн цаанаас нь “найруулдаг” юм.

Түүнээс гадна Т.Доржхандыг Ц.Элбэгдоржийн “өргөмөл хүү” хэмээн нэрлэж бүрнээ болно. Пүүзтэй пиар нь хүртэл Ц.Элбэгдоржийг санагдуулна. Тэр эхнээсээ л худал хэлж эхлэв. Учир нь Японы Сангийн яам болон төрийн байгууллагуудад гадаадын ганц ч хүнийг ажилуулдаггүй. Гэтэл Т.Доржханд ажилласан болтой юмаа…

Ирэх жилүүдэд монголчууд “модоо барина…”

Шуудхан хэлэхэд ирэх 2 жил манай эдийн засаг өсөхгүй, өсгөнө, хөгжүүлнэ энэ тэр бол ёстой худал. Дэлхийн эдийн засгийн хямрал, корона вирусын тахлыг тойроод гарна гэж байхгүй. Саяхан би Дэлхийн банкнаас гаргаж, НҮБ-ын сайтанд тавьсан МУ-ын өрийн өсөлтийн графикийг тавьсан. Харин дүгнэлтийг нь хэлээгүй юм. Одоо хэлчихье: Дэлхийн банк манай улсын эдийн засгийг өрөө зохицуулах боломжгүй, сүйрэлт дефолтын өмнө ирээд байна гэж дүгнэсэн. Зүгээр нэг дефолт биш, харин сүйрлийн дефолт шүү дээ…Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өр дарсан, ирээдүй санд баахан хуримтлал хийсэн гэж шаагаад байдаг боловч түүний нотолгоог олон улсын бүх баримтууд няцааж байна. Ч.Хүрэлбаатар гадаадад баахан өр зээл нэмж тавиад, үндсэн өр төлөх хугацааг  хойшуулснаа “өр дарсан” гэж тайлбарладаг “улаан туучий” байгаа юм. Аягүй бол одоо ахин Сангийн сайд болно гэж дайрна, харж л байгаарай…

Ирэх жилүүдэд ажилгүйдэл, ядуурал гаарч, ард түмний амьдрал туйлдана. Жагсаал цуглаан бол юу ч биш, хурц ширүүн эрс тэмцэл эхэлнэ…

У.Хүрэлсүх үүнийг эрхбиш мэдэж байна аа. “Бид элгээрээ хэвтсэн эдийн засгийг хүлээж авлаа” гэж хаяагаа манаж эхлэв. Сонгуулийн өмнө эдийн засаг өсч байгаа гэж улиг болтол ярьснаа мартаагүй байлтай…

Хямралын хүнд нөхцөлд ганцхан арга үлдэх бөгөөд энэ Монголын ордуудыг зарах л үлдэнэ. Таван Толгой, Хармагтай, Асгат, Салхит, ураны болон газрын ховор элементийн ордууд гээд монголын буян их бий л дээ. Гэхдээ энийгээ шударгаар хуваарилна гэж бодож байвал тун их эндүүрэл. Нэгдүгээрт, гадаадынханд бараг зүгээр өгнө, хоёрдугаарт, хуваах гэж хэрүүл зодоон хийж, энэ нь улс төрийн талбарт гарцаагүй шилжинэ. Чингэхдээ ямар ч хяналтгүй шаана. Ингээд л Засгийн Газар тогтворгүй болж, төр улс үймнэ. Энэ бол гарцаагүй…

Олон олон Ерөнхийлөгч…

У.Хүрэлсүх өөртөө итгэлгүй байсны улмаас “найдвартайг хийх”-ээр шийдэж, илт ялах байсныгаа төгс ялалт болгон хувиргаж, тултал нь луйвардав. Энэ бол дараагийн баттай ялагдлын эхлэл мөн.

Яагаад ? М.Энхболдын үед хямрал болоогүй, корона гараагүй байсан учир зөвхөн дотоод зөрчлөө янзлахад л улс орныг удирдаж болох байв. У.Хүрэлсүхийн үед дэлхийн хямрал, коронагийн цар тахал гарч, дээрээс нь намын дотоод далд зөрчил эрс нэмэгдэв. Буруугаа тохох, алдаагаа хуваалцах хүнгүй болов. Буруу хүлээлгэх хүнгүй боловч корона вирусын цар тахал, дэлхийн хямрал гэсэн цорын ганц буруутан байгаа нь мэдээж хэрэг. Гэхдээ л хамаг лай нь У.Хүрэлсүх дээр бууна.    

Одоо У.Хүрэлсүх Засгийн Газраа өөрөө бүрдүүлнэ. Үүнийг У.Хүрэлсүх дангаараа, өөрийн дур зоргоор хийх ямар ч боломжгүй. Хэт шинэ хүмүүс авбал хууччуулдаа “алуулна”, хэт хуучин хүмүүс авбал шинэчүүд болон ард түмэнд “алуулна”. У.Хүрэлсүх ямар ч сонголт хийсэн Засгийн Газар нь “холимог хуурга” болох ба энэ нь өөрөө эвдрэлийн үүд болно. У.Хүрэлсүхэд гомдох болон алдааг нь отох баагийнууд язганаж байгаа. Хүрэлсүх минь дээ, даанч яав даа, хоол хийх гэж байгаад өөрөө хайруулын тавган дээр гарчихдаг хүн гэж байх уу даа ?!

Одоо М.Энхболдын зовлон У.Хүрэлсүх дээр ирж байна. Тэр Ерөнхий сайд болсон ч эдийн засаг унаж, нийгэм үймэх ба түүний бүх бурууг У.Хүрэлсүх ганцаараа үүрнэ. Энэ бол М.Энхболдын үеийнхээс хавьгүй хүнд, аймшигтай нөхцөл байдал юм.  

Шуудхан хэлэхэд МАН-д хаосын удирдлага мэддэг хүн ганц ч байхгүй. Зүгээр үед эдийн засаг, нийгмээ удирдаж чадахгүй унагачихдаг хүмүүс хаосын үед удирдана гэвэл ёстой гонжийн жоо. Хэрэв надаас асуудаг бол У.Хүрэлсүхийн “бөгсийг ухах” баагийнуудыг би нэрлэсэн ч чадна. Ийм хүнд нөхцөлд Засгийн Газар жил буюу жил хагасаас хэтэрдэггүй л юм…

Ерөнхий байдал юу болов гэдгийг зураглаад үзье. Үүний тулд МАН-ыг биш, АН болон эвслүүдийг шинжлэх ёстой.

АН С.Эрдэнээг хусч хаяв. Түүний оронд АН-ын даргын суудалд Ц.Оюунгэрэлээс эхлээд олон хүн санаархаад эхлэв. Энэ ч гэсэн маш эртнээс бодож хийсэн найруулга мөн. Олон хүмүүсийн толгойд Ц.Оюунгэрэл гэвэл жорлон санаанд нь буух боловч огт тийм биш. Ц.Оюунгэрэл бол Ц.Элбэгдоржийн хувилсан дүр болохоос гадна АН-д Ц.Элбэгдорж буцаж ирснээс ялгаагүй.

Н.Алтанхуяг яасан юм ? гэж олон хүн асуух байх. Н.Алтанхуяг бол бие даагч учраас тэндээ “түгжигдчихсэн”, дээрээс нь намаасаа хөөгдсөн.    

Мөн найруулгын дагуу С.Ганбаатарыг “Та бидний эвсэл”-ээс гаргав. С.Ганбаатар бол Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн “тохирох” хүн, хамгийн сайн санал хуваагч. 2017 онд түүнийг луйвардаж унагасан, одоо бол дэмжих сэтгэл зүй гарцаагүй үйлчилнэ. С.Ганбаатар ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ нуухгүй хэлсэн. ,

Мөн найруулгын дагуу Т.Доржханд хэн нэгний нэрийг Ерөнхийлөгчид дэвшүүлнэ. Энэ нь Ц.Элбэгдорж буюу түүний хойт дүр байвал яахав ?

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Г.Занданшатар нэр дэвшинэ. Харин АН-аас Х.Баттулга яаж ийгээд дэвшиж болох авч энэ тохиолдолд түүнийг “дэвшүүлэн зайлуулах” механизм зайлшгүй үйлчилнэ. Өнгөрсөн 4 жилд АН Ерөнхийлөгч Х.Баттулгад улс төрийн ямар ч, бүр ганц ч дэмжлэг үзүүлээгүй. ҮХ дээр ч, УИХ-ыг тар гэсэн 2 удаагийн санал дээр ч, сонгууль хойшлуул гэсэн 2 удаагийн санал дээр ч АН МАН-ын талд бат зогсож байлаа. Одоо бол “хөгийн муу” Х.Баттулга юу ч хийгээгүй…    

Нэг санал хуваагчтай 2 хүн өрсөлдөхөд бантан болдог юм чинь 3 санал хуваагчтай сонгуульдахад бүр ч илүү дажин болно. Энэ бүхнийг ард түмний сонголт биш, харин эртнээс бодож төлөвлөсөн сонгуулийн найруулгаар хийж тохируулдаг гэдгийг ойлгосон бол сайн байна.            

Танай “муу” Уянга чинь…

Энэхүү улс төрийн системийн анализ хийсний дараа надаас: “Уянга Та нар тийм сүрхий бүх нөхцөл байдлыг нэвт мэдэж байсан юм бол ямар үхснээ хийж нэр дэвшсэн юм ?” гэж асуух гэж байгааг чинь би сайн мэдэж байна. Энэ нөхцөлд Г.Уянгын тухай ярихаас өөр аргагүй. Тийм ээ, дээр дурдсан нөхцөл байдлын бүхий л хувилбарыг бид тооцож байсан, тэгээд бүх эрсдэл, алдааг тооцон байж нэр дэвших шийдвэр гаргасан. Шууд хэлэхэд бидэн шиг нарийвчилсан анализтай, хийх ажлын тов тодорхой төлөвлөгөөтэй сонгуульд орсон хэн ч байхгүй…

Эхлээд Г.Уянга АН-аас нэр дэвших гэж очив. Гэтэл С.Эрдэнэ үг дуугүй хөөв. Тэгээд бие даан нэр дэвших гэж байтал эргэн дуудаж намаасаа дэвшүүлье гэв. Г.Уянгын рейтинг дээр намын суурь рейтинг нэмэгдэнэ гэж тооцсон нь мэдээж хэрэг. Г.Уянга АН-д 100 сая төгрөг өгөөгүй. Өгье ч гэсэн байхгүй юм чинь…

Бид АН-ын суурь “үй түм” хуваагдсаныг мэдэж байв. Гэхдээ л АН-ын суурь нийт намынхаа шийдвэрийг бүгдээрээ биш юмаа гэхэд нэлээд нь дагана гэж тооцов. АН-ын ерөнхий суурь Г.Уянгыг илт дэмждэггүй юмаа гэхэд эсрэг ажиллахгүй, хорлон сүйтгэхгүй гэж бодов. Г.Уянгыг унагах ажлыг МАН-ын нэр бүхий хүмүүс голлон зохион байгуулж, АН-ын Ц.Элбэгдоржийн бүлэг хавсран ажиллав. Г.Уянгыг нэг удаа унагаад дараагийн 4 жилд нь “өөрөө үхсэн” улс төрчдийн жагсаалт Монголоор дүүрэн байгааг би зориуд сануулж байна…  

Бидний гаргасан том алдаа бол АН-ыг хэдийгээр ялагдаж, эвдрэлд орсон ч ямар ч гэсэн нам гэж тооцсонд байлаа. Одоо бол би АН бол нам биш, харин улс төрийн хар захын наймаачид мөн гэсэн баттай дүгнэлт хийж байна. Энэ дүгнэлт МАН-д ч гэсэн хамаарна. Ялгаа нь гэвэл МАН бол зохион байгуулалттай захын наймаачид, АН бол гудамжны наймаачид бөгөөд хоёулаа засаршгүй гэмт хэрэгтнүүд…

Ц.Элбэгдорж гол хүчээ хэд хэд хуваан заримыг нь АН-д шахаж, заримыг нь Электорат эвсэлд гэх мэтээр тараан байрлуулжээ. Энэ нь АН-д сүйрлийн аюултай ч намаа унагачихаад дараа нь “аврах” гэж ирэх нь Ц.Элбэгдоржид л ашигтай. Миний тоолсноор Ц.Элбэгдорж АН-аас 6 дахь удаагаа урваж, намаа хутгалж байна. Тэр АН-ын бүх лидерийг Ерөнхийлөгчөөсөө буухаасаа өмнө устгаж амжсан. АН-д Ц.Элбэгдоржоос өөр лидер байх ёсгүй. Энэ болгондоо тэр МАН-аас “тусламж” авдаг бөгөөд тэд ч тун баяртайгаар “туслаж” заншсан бөлгөө. Үүнийг Монголд МАНАН гэж нэрлэдэг боловч үнэндээ бол “Улс төрийн Харилцан Туслалцах Зөвлөл” мөн. Ердөө л 30 гэр бүл байдаг юм…

Ц.Элбэгдорж “буцаж ирэх” нь АН-ын “дотоод асуудал” мэт харагдаж болох ч үнэндээ бол хэдхэн жилийн дараа МАН-ын амь насыг авч одох нигууртай.

Удахгүй улс төрийн гурван том үзэгдэл болно. Нэгдэх нь: МАН-ын зовлон, будлиан, самуун. Үүнийг дээр тодорхой өгүүлсэн. Ахиад ч ярина. Хоёрдахь нь: АН-ын “шинэчлэл”. Хэрэв Ц.Элбэгдорж буцаж ирвэл АН-ын шинэчлэл үлэмж тун эргэлзээтэй болно. Стратегийн хувьд МАН-д “шинэчлэгдсэн АН” хэрэгтэй болохоос “Ц.Элбэгдоржтой АН” үхлийн аюултай нь эргэлзээгүй. Гэвч ерөөлөөрөө болно биз !!! Гурав дахь нь: улс төрийн шинэ хүчнийг бүрдүүлэх. Энэ рольд Н.Энхбаяр тоглох гэж байж ядаж байна. Түүний “гол зэвсэг” С.Ганбаатар боловч Ерөнхийлөгчийн сонгуульд санал хуваасны дараа түүнийг “хадгалах хугацаа – 1 жил” дуусна…

Улс төрийн хуучинсаг хүн, хүчнийг сонгуулиар зайлуулна гэсэн чинь: эрх баригч МАН-ын хуучуул, дээрээс нь Ц.Элбэгдоржийн АН, Н.Энхбаярын МАХН гээд хуучин бүхэн улс төрийн талбарт өрсөлдөх болж байна. Энэ бол хуучнаараа үлдэхээс бүр хэтэрч гарцаагүй ухарч сүйрнэ гэсэн хэрэг. Өөрөөр хэлбэл системийн хямралыг шийдвэрлээгүй, шийдэж чадахгүй гэсэн хэрэг.    

Энэ нөхцөлд улс төрийн шинэ буюу шинэлэг хүчин бүрдүүлэх маш өргөн талбар нээгдэж манай Г.Уянгыг маш их ажил үйлс хүлээж байгаа нь эргэлзээгүй. Юм болгон учиртай… 

Судлаач Х.Д.Ганхуяг.

2020 оны 07 дугаар сарын 03.  

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

4 Responses to ЮМ БОЛГОН УЧИРТАЙ…

  1. Д.Батмөнх says:

    Уянгын рейтинг Эрдэнэчимэгийн хэрэгээс болж унасан. Хэрэв гарсан бол төрд хэрэгтэй аянга байх байлаа.

  2. Bat says:

    Хүрэлсүх ч хөвсөргөн овилгогүй маягийн хүн, ард нь гадна дотны их новшийн юмнууд залж бна даа.. Түмний буян их юм, эх орон элгэн түмэн минь сэргэх болтугай.

  3. Хадаа says:

    Нэг зүйлийг ойлгохгүй байна. Зөв хүн электорат эвсэл-ХҮН, Зүй ёсны нам, МСДН-ээс бүрдсэн 53 хүн дэвшүүлсэн. Харин Электорат хөдөлгөөн нь МАН-21 ХҮН-15 АН-14 МСДН-13 гэх мэт тус, тусдаа намаас дэвшүүлсэн хүмүүсийг дэмжсэн. Дэмжсэн ч гэж ХҮН-ыг хошгоруулаад дагзадсан. Энийг та мэдсээр байж худлаа бичсэнүү, албаар ингэж бичээд байна уу. Доржханд болон ХҮН намаас эбэ.гийн хойд дүрийг хайх биш Электорат хөдөлгөөний дэмжсэн МАН-21 АН-14 хүнээс л хайсан нь дээр. Та угаасаа энийг мэдхийн дээдээр мэдэж байж яагаад бас ХҮН болон Доржхандыг нүд үзүүрлээд байгаа юм ??

  4. Иргэн says:

    Хятадаас баахан зээл авах байх даа. Тэгж байж эдийн засгаа торгоох биз. МАН мөрийн хөтөлбөр уншихад төрийн албан хаагчийн тоо эрс нэмэгдэх юм байна гэж харсан. Занданшатар ерөнхийлөгч болох байх.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: