Г.УЯНГА: АРД ТҮМЭН БА ТӨР
2019/03/31 4 Comments
Г.Уянгын шинэ өгүүллийг сонирхоно уу ?! Бодож санаж байгаагаа өөрөө бичдэг улс төрч Монголд ховор л доо…
Эрхтэн бүхэн тархи биш!
2012 оны намар. Тангараг өргөөд удаагүй байсан цаг. Сонгогчийн анхны өргөдөл ширээн дээр ирэв. Чингэлтэй дүүргийн 17-р хорооны сонгогч Н… цахилгааны төлбөрөө төлөлгүй удааснаас алдангитайгаа нийлээд 400 гаруй мянган төгрөгийн төлбөрт уначихаад байгаа бөгөөд намайг эмэгтэй хүн болохоор нь ихээхэн “харж үзэж” зөвхөн тал төлбөрийг нь гаргуулахаар өргөдөл гаргажээ. Нөгөө талыг нь Г.Баярсайхан гишүүн төлөх учир би түүнд санаа зовохгүй байж болох “азтай” гишүүн ажээ. Өргөдлийн төгсгөлд “Жич: гэсэн тодотголтой төлбөрийн нэхэмжлэлийг хавсаргаад мобиком, юнител, скайтел, жимобайлийн нийт дөрвөн утасны дугаар бичсэн байлаа.
Сар орчмын дараа нэг дугаараас дахин дахин дохих болов. Нэг удаа утсаа автал “Дохиод байхад чинь утас авчих юм, нааш нь залгаач” гээд ууртай тасалж байна. Манай хамаатны хэн нэг нь юм болов уу, ямар нэг яаралтай явдал гараа юм болов уу гэж сандраад залгатал мөнөөх сонгогч Н: “Өргөдлийн хариу яачихав аа? Тогны мөнгөний алданги бүр л нэмэгдээд байгаа шүү дээ!” гэж надад анхааруулан санууллаа. Уг нь бага дээр нь төлөх нь надад ашигтай гэдгийг сонгогч нухацтай зөвлөв. УИХ-ын гишүүнд сонгогчийнхоо цахилгааны төлбөрийг хийх үүрэг байхгүй талаар учирлатал сонгогчийн уур нь шатаж “Чи ард түмний төлөө гэж гараа биз дээ! Би ард түмний чинь нэг байна!” гэж загналаа. Г.Баярсайхан гишүүн тэр “ард түмэн”-ий өмнө “хүлээсэн үүрэг”-ээ биелүүлсэн эсэхийг мэдэхгүй.
Сонгогч Н-ээс эхлээд УИХ-ын чуулганы танхимд хүртэл гишүүн хүн “Бид чинь бас ард түмний нэг” гэж ярихыг олонтаа сонссон билээ. Тийм л дээ, бид бүгдээрээ “ард түмэн”. УИХ-д жинхэнэ манай “ард түмэн”-ий төрөл бүрийн төлөөлөл яаж ийгээд сонгогдож чаддагийг бид мэднэ. “Ард түмэн” л сонгосон юм чинь. Хэн хэнийг нь “та нар ард түмэн биш” гэж үгүйсгэх бас боломжгүй.
Ард түмэн гэж хэн бэ? Миний ойлгож байгаагаар “Монголын ард түмэн” гэж зөвхөн энэ газар нутагт яг л өнөөдөр, одоо амьд байгаа 3 сая хүнийг хэлэхгүй. Монгол хэмээх нэрийн дор үеийн үед амьдарч, Монголын гэх түүхийг бүтээлцсэн өнгөрсөн үе, өдгөө эх орноо, үндэстэн улсаа авч үлдэхийн төлөө тэмцэж байгаа, өөрийн эрх ашгийг биш тасралтгүй үргэлжлэх Монголын мөнхийн эрх ашгийг ухамсарласан, түүний төлөө золио хийж чадаж байгаа хүмүүс болон ирээдүйд Монголыг авч явах тэр үеийнхэн бүгд нийлж байж “Монголын ард түмэн” гэдэг ухагдахууныг бүрдүүлнэ. “Би ард түмний нэг!” гэж хэлэх нь маш том зориг, өөртөө итгэх бардам итгэл, бас үүрэг хариуцлага. “Ард түмний хүү” “Ард түмний охин” гэх нэрийг тухайн цаг үедээ амьд байгаа хүмүүсийн олонхид таалагдсан үг хэлж, үйл хийсэн хүмүүст биш тасралтгүй орших Ард түмний мөнхийн эрх ашгийн төлөө үеийн үед дурсагдах үйл хийсэн хүү, охиндоо л Ард түмэн өөрөө өгдөг. Үеийн үед мөнхөд амьдрах тэр л Ард түмний төлөө үйл хийж чадаж гэмээ нь “Би ард түмний нэг” хэмээн бардам хэлэх эрхтэй.
Ард түмэн хувь заяагаа өөрсдөө шийддэг. Бас Ард түмэн дундаасаа баатраа, эх орончдоо төдийгүй, эх орноо худалддаг адгийн шааруудыг ч төрүүлж л байдаг. Ард түмэн хэзээ ч баатруудаар, бас адгийн шааруудаар дутаж байсангүй.
Хэрэв Монгол гэдэг нэгэн бие цогцос юм аа хэмээвэл яг өнөөдөр амьд байгаа миний сонгогч-“ард түмэн”-ээс эхлээд бид бүгд түүнийг бүрдүүлж буй эд, эс нь төдий юм. Бие организм эрүүл, дархлааны систем нь зөв ажиллаж байвал буруу, муу, өвчин үүсгэгч эд эсийг сэргээж гааруулахгүй, бас гаднаас өвчин үүсгэгч эсүүдийг оруулахгүй байх чадвартай. Дархлаа нь муудмагц бие организмд угаас байдаг муу эсүүд гаарч, эрүүл бусдаа өвчлүүлдэг. Бид энэ мөнхийн бие цогцосыг одоо цаг үедээ амьд байлгах үүрэг хүлээсэн түр зуурын эсүүд төдий хэмээн сэтгэнэ.
Гэхдээ бие организмд байх эрхтэн бүр, түүнийг бүрдүүлэгч эд, эс бүр өөр өөрийн маш тодорхой үүрэгтэй. ЭРХТЭН БҮХЭН ТАРХИ БИШ! Тэгэхээр сонгогч бүхэн ухамсартай, зөв сонголт хийх боломжгүй. Учир нь бүх сонгогч улс орныхоо талаар иж бүрэн мэдээлэл авч, түүнийг боловсруулах чадваргүй, бас боломжгүй. Эрхтнүүд бүгд төв мэдрэлийн системээс өгсөн удирдлагаар ажиллана. Гол нь тархи л зөв ажиллаж байх ёстой! Учир нь гаднаас ирж байгаа болон дотоод мэдээллүүд зөвхөн тархинд л хуримтлагдаж, тэнд боловсордог. Мэдээлэл боловсруулсны үндсэн дээр бусад эрхтнээ удирдлагаар хангаж байгаа. Эс, эд, эрхтэн бүхэн өөр өөрийнхөө л үүрэг зориулалтын хэмжээнд мэдээллээ авч үүргээ гүйцэтгэхээс бүх мэдээллийг тархи шиг нэгтгэн боловсруулж чадахгүй, угаас болох ч үгүй.
Миний “ард түмэн”-д цахилгааны төлбөр нэмэгдээд байгаа нь үнэхээр том тулгамдсан, магадгүй амьдралын нь хамгийн том асуудал. Харин түүнд улс орон нь уруудаж байгаа, дээрэмчид дээр нь суучихаад бусдын гар хөл болж, баялгийг нь цөлмөж, үр хүүхдийн нь ирээдүйгээр наадаж байгаа нь даан ч падгүй хэрэг бөгөөд, түүнийг сонирхох ч үгүй. Угаасаа энэ нь миний сонгогчийн асуудал ерөөс биш. Түүнд ийм үүрэг байхгүй. Гэхдээ тэр нийгэмд ямар ч үүрэггүй гэсэн үг биш. Нэгэнт Монгол гэдэг бие организмын эд, эрхтнийг бүрдүүлэгч эсийн хувьд эс зохих үүргээ гүйцэтгэж, наад зах нь цахилгааны төлбөрөө төлөх, өөрийгөө болон үр хүүхдээ тэжээх гэх мэт энгийн үүргүүд бий, яг л нөгөө “Бөн бөн”1 шиг. Түүнийг улс үндэстний ирээдүйн төлөө санаа зовохыг шаардах нь ч утга учиргүй юм. Харин сэтгэх, ухамсарлах, ойлгох, үйл хөдлөлийг удирдах нь тархины үүрэг. Тархи гэмтэж, өөрийн удирдлагаа гээсэн бол харин жинхэнэ аюулд учрах нь тэр!
Уншсан нэг номоосоо эш татъя:
“…Сэтгэлгээнийх нь цар хүрээгээр авч үзвэл ямар ч эрвээхэйд хөлөг онгоц живж буйг ойлгох ухаан үл заяажээ. Хэдхэн цагийн настай эрвээхэйд живэлтийн хурд үл анзаарагдах тул асуудлыг ажиглах сөхөө байдаггүй. Харин живж буй хүний амь тэмцэн сарвалзах гар мэт усны мандал дээр үлдсэн хөлөг онгоцны ганцхан шураг юу юугүй далдрахын алдад буюу өөрөөр хэлбэл живэлтийн хурд дэнгийн эрвээхэйн сэрэл, сэтгэхүйн хурдтай тэнцэх мөчид л хөөрхий тэрбээр живж байна гэдгээ сая ухаарна. Гэвч энэ нь нэгэнт оройтсон байна. Ерөөс эрвээхэйд ямар нэгэн юм хийх боломж өмнө нь ч байх учиргүй байсан бөгөөд болзошгүй аюулын тухай сануулга болгон эрвээхэйн элгийг хөшөөхөөс цаашгүй байсан…
Ихэнх хүмүүсийн сэтгэлгээний хэмжээ “мод тарих, байшин барих, хүүхдээ хүний зэрэгт хүргэх” зэргээс хэтэрдэггүй. Эдгээр нь мэдээжээр зөв, сайн сайхан үйлс мөн боловч хэн нэг нь ой ургуулж, хот босгож, ард түмнээ сэнхрүүлэх талаар бодох ёстой биз дээ…” 2
“…Орон гэрийг нь тонох гэж ирсэн ухаалаг хийгээд авъяаслаг араатнуудаас хүүхдүүд өөрсдийгөө хамгаалж чадах уу? Хэрхэвч барахгүй… “Томчууд”-ын суудал ханхайхад том асуудал эзэнгүй үлддэг. Хэнд ч юу ч хамаагүй болж, хэн ч айсуй аюулын цар хүрээг ухамсарлаж үл чадна. Арай хөдөлгөөнтэй, арай овжин “хүүхдүүд” улс орны нөөц баялагт эзэн сууж, үнэ цэнэт зүйлсийнхээ үзэмж дарааллаар түүнийг ашиглаж эхэлнэ дээ… Тэрбумтнууд улс орныхоо баялгаар хэрхэн гараа угааж байгааг хараач. Тэд цэцэрлэгийнхээ төсвийг зарцуулах эрх мэдэлтэй хүүхдүүд мэт аашилж байгааг хараарай. Таван настай хүүхдүүд төсвөө цэцэрлэгийнхээ дулаан, цахилгаанд зарцуулж чадахгүйтэй адил тавьтай эрчүүд улсынхаа баялгийг эх орныхоо сайн сайхны төлөө зарцуулж чаддаггүй ээ. Хүсэхгүй байгаадаа биш, “жаахан хүүхэд” байгаад, борви нь тэнийгээгүйд учир байгаа юм. Тэд ямар ч нөөц баялгийг тоглоом, чихэр худалдаж авах боломж гэж харах болно…
Ерөөс энэ дэлхий дээр Орос нь байна уу, Герман, Франц нь байхаас үл хамаараад эртний уламжлалт улсуудыг уг үндсээр нь устган тасдах сонирхолтой хүчин байдаг. Сулруулах хамгийн энгийн, бүр “гэм хоргүй” ч гэмээх хувилбар бол хэр хэмжээ нь уг албан тушаалд жулдах хүмүүсийг чухам уг албан тушаалуудад тараан байрлуулж, тохоон томилох ажлыг зохион байгуулах явдал юм. Бүр ясны шударга хүмүүс байлаа ч асуудал бөндгөрийн нь хэрээс хэтийдсэн бол ямар ч ажил хийлээ гээд тэд улс орноо устгаж сөнөөхөөс өөр юманд хүргэхгүй. Ямар ч хорлон сүйтгэгчид, ямар ч хорлон сүйтгэх ажиллагаа хэрэггүй. Зүгээр л насанд хүрсэн “хүүхдүүд”-эд эрх мэдэл өгөхөд л юуг ч баталгаатай нурааж хаяна…”!
“…Санаа сайхантны дүр эсгэж байгаад “хүүхдүүд”-эд чүдэнз хаана байгааг зааж өгчээ. Гоё үгээр халхавчилж байгаад эцэг, эхийнхээ хараа хяналтаас ангид байх эрх чөлөөг тунхаглав. Дуртай нь төр, улсын дурын асуудлыг дуугүй шийдчих мэдлэг, туршлагатай ухааны юм сурталдаж “түрийний бөөс” толгойд гарах замыг засав. Одоо үйл явц өөрийнхөө гольдролд нэгэнт оржээ. “Жаалууд” гэр орноо хэзээ галдан түймэрдэж, хэзээ цөлмөн дээрэмдэж, хэзээ зарж үрж дуусах нь ердөө л цаг хугацааны асуудал аж”3.
2016 оны сонгуулийн өмнөхөн. Тавантолгойн хувьцааг хятадууд худалдаж авах үйл ажиллагаа Урт цагаанд болж байна, хүмүүс гадаа нь оочирлож байгаа тухай шуугиан дэгдэв. УИХ-ын чуулган дээр энэ тухай асууж, Засгийн газрыг хариулт өгөхийг хүссэн боловч Ч.Сайханбилэгийн ЗГ хариулсангүй. Орой сонгогч Н-ээс өөр бусад олон сонгогч утас амраахаа болив.
-1072 хувьцааг дор хаяж нэг сая төгрөгөөр аваад байна гэнэ. Бүр 5 сая, найман сая ч хүрч байна гэнэ. Яг хаана авч байгаа юм бэ?
-Мэдэхгүй байнаа. Та түүнийгээ зарж болохгүй шүү дээ. Яваандаа заавал үнэ хүрнэ. Таны үед үнэ хүрдэггүй юмаа гэхэд үр хүүхдэд тань өвлөгдөх жинхэнэ хөрөнгө шүү дээ. Монголын төр дандаа ийм байхгүй, Та итгэ! …
-Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр байнаа, гишүүн минь…
-Ийм мөнгөөр одоо хятадууд л худалдаж авна. Та чинь эх орноо зарах нь уу?
-Та нар дээгүүрээ зарж болдог, би болохгүй юу?!…
Сонгох эрхээ 20 мянган төгрөгөөр үнэлэгчдээс эхлээд хувийн хаус, амралтын газар, онгоц, үйлдвэр, орд газар, газар, арал… буюу тоглоом худалдан авах сонирхолтой 50, 60 настай хүүхдүүд хүртэл “ард түмэн”-ий өргөн фронт өнөөдөр Монголыг авч явна. Жаахан хүүхэдтэй хариуцлага ярьж тооцож болдоггүйтэй адил тэдэнтэй хариуцлага тооцох болохгүй, бас боломжгүй. Харин энэ үүрэг хариуцлагаас ТӨР зугатах боломжгүй.
Дээрх жишээгээр бол хүүхдүүдийн эцэг эх нь, өмнө өгүүлсэнчлэн бие организмыг удирдах учиртай тархи нь төр юм. Өнөөдөр амьд байгаа 3 сая хүнийг бус өнгөрсөн, одоо, ирээдүй-гурван цагийн хэлхээст мөнхөд орших учиртай жинхэнэ ард түмнийг залж авч явах тархи нь төр юм. Хамгийн муу төр ч энэ үүргээс бултах өчүүхэн ч орон зай үгүй. Төр ард түмний эрх ашгийн төлөө шийдвэр гаргана гэдэг нь энэ л мөнхийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргана гэсэн үг болохоос яг өнөөдрийн 3 сая хүнд таалагдах, эсвэл зөвхөн тэдний ходоодыг тэжээхийн төлөө эдийн засгийн явцуу шийдвэр гаргана гэсэн үг биш. Төр бол олонх тодорхойлолтод байдагчлан, бас олонхийн ойлгодогчлон зөвхөн хүчирхийллийн аппарат төдий биш. Төр бол тухайн улс, үндэстний өнгөрсөн ба одоог нэгтгэн дүгнэсний үндсэн дээр ирээдүйг хамгийн сайнаар тодорхойлж, түүний төлөө шийдвэр гаргах зохион байгуулалтын нийтлэг гэсэн агуулгатай А.Гитлерийн тодорхойлолт хамгийн оновчтой нь ч байх. Төрийг тодорхойлох хамгийн цөм мөн чанар нь энэ юм.
Ямар нэг үндсэн хуультай, хууль тогтоодог, түүүнийг хэрэгжүүлдэг байгууллагатай байгаа нь төртэй байна гэсэн бүрэн утга биш юм. Гаднаас харахад малгай тохож болмоор толгой байна, харин дотор нь тархи ажиллаж байна уу гэдэг нь гол чухал асуудал. Тийм ч учраас Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийн үйл хэрэг зөвхөн Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг шийдэх, эсвэл “давхар дээл”-ний маргааныг шийдэх төдий асуудал биш.
/Үргэлжлэл бий/
Гантөмөрийн УЯНГА /сэтгүүлч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх/
1 http://www.journalism.mn/content/27006.shtml
2 Орчуулагч Б.Баттогтох “Орос төсөл” 1-р боть 12-р тал
3 Орчуулагч Б.Баттогтох “Орос төсөл” 19-р тал
5 сая, 8 сая ч биш, 500 мянгад хэдэн хүүхдүүдийнхийгээ өөрийнхтэйгөө хамт өгчих юмсан гэж хөдөөнөөс нэг бус мянган малтай хүн шалаад. Та яах нь вэ, байж байг л дээ гэхээс өөр хэлэх үг олдоогүй. Хэрэв ардчилал гэгчийг иргэд ингэж ойлгож, буруу замаар будаа тээж яваагаа ухаарахгүй байцгаавал мөхөл сүйрэл хаалгыг маань онгойлгоод ороод ирчихсэн гэсэн үг. Оройтох тусмаа цэгцлэхэд улам хэцүү болно. Засах арга зам заах сэдэл, онол, шийдэл, гүйцэтгэл нь “хулхи ардчилал”-аас тэс өөр, хамаагүй хатуу байсан ч юм ойлгодог ухаардаг гэж өөрийгөө боддогчууд хүртэл хүлээн авахад бэлэн болчихоод байна даа.
Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө байдаг бол сайн л байна даа.
Сайн бичсэн байна. Үнэхээр түрийний бөөс толгойгоор язганаж, байгууллагыг үндсээр нь цөлмөж байна. Олгогдсон 4 жилийнхээ дотор байгууллагын хөрөнгөөр гараа угаагаад явах…
феодалын үеийн ноёны тавьсан өрийг хошуугаараа төлдөг цаг үед бид амьдраад байна.зүгээр л хонгилын түлхүүрийг хэн атгах вэ гэсэн өрсөлдөөн л явагдаад байна уу даа.Ганаа ахаа бидэнд итгэл найдвар үлдсэн үү.