Г.УЯНГА: ИНГЭЭД ҮХЛҮҮТ АРГАЦААСААР БАЙХ УУ, ЭНЭ ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ ҮҮ ГЭДЭГ АСУУЛТ БИДНИЙ ӨМНӨ БАЙНА.
2015/10/22 9 Comments
Засгийн Газрын хувь заяа болон бусад тулгамдсан асуудлын талаар УИХ-ын гишүүн Г.Уянгын шинэ ярилцлагыг хүргэж байна.
– Улсын төсвийг УИХ-аар хэлэлцэж байна. Ирэх оны төсөв амаргүй байна гэдгийг улстөрч, эдийн засагчид бүгд хэлж байгаа. Эдийн засгаа тэлэх арга байна уу?
– Тэлэхийн тухайд бол ойрын үед худлаа. Би өмнө нь танай сонинд өгсөн ярилцлагадаа бас хэлж байсан даа, эдийн засгийг тэлэх эсвэл агшаах тухай асуудал байхгүй. Хэт хөөсөрч хөөсөн эдийн засаг бодит байдалтайгаа нүүр тулах л асуудал манайд бий гэж. Бодитойгоор эдийн засгаа тэлье гэвэл урт хугацааны системтэй бодлого, ялангуяа үйлдвэржүүлэх бодлого хэрэгтэй байна. Гэтэл өнөөдрийн асуудлууд хоолойд хутга тулгачихаад л биднийг боомилоод байна шүү дээ.
– Тухайлбал?
– Наанадаж цалин тэтгэврээ тавьж чадах уу үгүй юу, яаж хэдэн төгрөг олох вэ, яажшуухан улс төрийн тэнцвэрээ хангаж байгаад төсвөө батлуулчих вэ, яавал засгаа авч үлдэх вэ гээд л. Манай улс төрийн систем, парламент, түүнийг бүрдүүлж байгаа намууд, нийгэм тэр чигээрээ л бужигнаанд байна. Эхлээд үүнийг нь цогцоор нь шийдэхгүйгээр тулхтай, ул суурьтай урт хугацааны бодлого ийм парламент, ийм төрөөс гарахгүй шүү дээ.
Тодорхой хэлбэл өмнөх тогтолцоо бүх чадлаа бараад амь дүйж, өдөр хоног өнгөрөөж аргацааж байна. Ингээд л үхлүүт аргацаасаар байх уу, энэ тогтолцоог өөрчлөх үү гэдэг асуулт бидний өмнө байна.
– Тэр “хоолойд тулгасан хутга”-ны нэг нь тэгвэл таны цуглуулж байгаа гарын үсэг болж таарах нь?
– Өнгөц харвал тэгж харагдаж болно. Би Ч.Сайханбилэг гэж бие хүнийг биш биднийг сүйрүүлж байгаа системийн “хоолойд хутга тулгаж” байна гэж ойлгох хэрэгтэй. Засаг огцорсноор бүх юм өөрчлөгдөөд сайхан болчихгүй ч том өөрчлөлтөд тустай гэж би үзэж байна. Тэгээд ч Ерөнхий сайд огцрох ажлаа хангалттай сайн хийсэн, хийж байгаа. Би Дубайн гэрээг хэлж байна.
– Эдийн засаг хүнд байгаа энэ үед “Оюу толгой”, “Таван толгой”, “Гацуурт”-ын ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой биз дээ. Томоохон төслүүдээс хамгийн нааштай байгаа нь “Оюу толгой” гэх юм. Гэтэл танаас эхпээд зарим гишүүд Оюу толгойг эсэргүүцсээр байна?
– Эдийн засаг хүндэрч байгаа энэ үед л өөрсдийгөө байгаагаар нь харж, мөн чанараа таньж зөв зам руугаа орох алхмаа хийх ёстой гэж би бодож байна. Эдийн засаг хүнд байгаа нь алдсан дээрээ нэмж алдах шалтаг болох ёсгүй.
Том төслүүдээс хамгийн алдагдалтай нь “Оюу толгой”. Бод доо, “Оюу толгой”-г чамд байгаа чиний өмч гэж бод. “Рио Тинто” та хоёр хамтарч бизнес хийе гэж бодъё. “Рио” туршлагатайн хувьд эдийн засгийн тооцоо хийгээд “Дөрвөн тэрбум ам.доллараар энэ уурхайг босгоод ашигтай ажиллуулна” гэж тооцжээ. Чи түүнийг нь нягталсан ч үгүй, итгээд “за, тэгье” гээд гэрээ хийчихэж.
Гэхдээ хөрөнгө оруулалтаа хувааж гарга, чамд мөнгө байхгүй бол надаас зээл гэвэл чи юу гэх вэ? Захын наймаачин ч, “Надад мөнгө байхгүй ч “Оюу толгой” байна. Хэрэв Оюу толгой байхгүй бол энэ гэрээ байхгүй. Т иймээс энэ “өмчөө” өөрийнхөө оролцох хувьдаа тооцно. Ингэхгүй бол чи бид хоёр наймаа тохирохгүй нь дээ, дараагийн хамтрагчаа олно оо” л гэнэ биз дээ.
Гэтэл харин чи тэгсэнгүй, “За тэгье тэгье, чамаас л зээлчихье” гээд бүүр өндөр хүүтэй зээлийн 34 хувийг хүүтэй нь өгөхөөр мөнгө зээлээд баларчихжээ. Гэтэл “Рио Тинто” өөрөө хамаг менежментээ хариуцаж байгаа. Чи түүнийг нь хянаж чадахгүй олхиогүй хэдэн найзаа тэнд суулгачихсан учраас тэр.
Гэтэл нөгөө тал хөрөнгө оруулалт өсөөд байна гээд чиний өрийг нэмээд л, хааяа чамайг “Хөгшин нь хоосон хонох нь, баларлаа” гээд очихоор аяга хоол өгнө, чи түүнд нь баярлаад л өрөнд ороод л яваад байж. Гэтэл чамд “За хөгшөөн, хөрөнгө оруулалт өсөөд байгаа учраас ашиг ойрын үед хувааж чадахгүй нь/ээ. Би баахан найз нартаа менежментээ хариуцуулсан тэд зардал өсгөөд байна.
Тиймээс ашиг бол 2037 оноос л магадгүй шүү хө. Тэр болтол хоёулаа мөнгө зээлээд л яваад байя. Зээлийн 34 хувийг харин чи хүүтэй нь төлнө шүү. Чамд зээл олж өгсний төлөө найз нъ эндээс чинь хувиа авна, дээр нь энэ ордыг чинь зээлийн барьцаанд тавихгүй бол зээл авч чадахгүй нь” гэвэл чи яах вэ. Жинхэнэ эр хүн бол салаавч үзүүлэх нь ойлгомжтой.
Яагаад гэвэл чиний ганц “хөзөр”, ганц өмч “Оюутолгой” чинийх биш зээл олгогчийнх болно. Тэгвэл чи өөрөө “яг хэн юм бэ? Үнэндээ юу юм бэ?” Асуудал эвгүйцвэл зээл авахад зуучилсан “Рио” биш чи шүүхийн өмнө очно. Харин “Рио” найз чинь чамайг зээлийн барьцаанд тавьчихаад яваад өгнө.
Ч.Сайханбилэг С.Баярцогт хоёр ийм л юм хийлээ. Энэ хоёрын ард чи, би, монголчууд бүгдээрээ байгаа юм. Энд нэг ордын тухай биш монголчууд хэдэн үеэрээ идэх олон зуун их наяд төгрөгийн тухай ярьж байна шүү дээ
– Ер нь бол уул уурхайгаа үзэж чадахаа байсан хүмүүсийн үгнээс болоод гадны хөрөнгө оруулагчид нүүрээ буруулсан гэдэг. Гадны хөрөнгө оруулагчид Монголыг сонирхох боломж байна уу?
– Гадны хөрөнгө оруулагч, гадны хөрөнгө оруулагч л гэх юм. Тэр чинь бурхан юм уу. Хөрөнгө оруулалт гэж минийхээр нэгдүгээрт, бодитой мөнгөн урсгал-хөрөнгө оруулалт. “Оюу толгой”-н мөнгө Монголын банк, санхүүгийн байгууллагаар дамждаггүй учраас валютын ханшийг тогтворжуулахад ямар ч нөлөө үзүүлдэггүй. Хоёрдугаарт, биет бодитой бүтээн байгуулалт, техник технологийн шинэчлэлт-хөрөнгө оруулалтыг хэлнэ, яг Эрдэнэт шиг.
Зэс алтын хүдрийг баяжуулж байгаа “Оюу толгой”-н тэр хэсгийг үүнд тооцож болох ч “Эрдэнэт”-ээс илүү гарч баяжмалын дараагийн шатны боловсруулалт хийхгүй байна. Гуравдугаарт, мэргэшсэн өндөр түвшний мэргэжилтнүүд бэлтгэж байвал энэ гарцаагүй том хөрөнгө оруулалт. Дараагийнхаа том уурхайг аль болох гадны туслалцаагүй ашиглахыг эрмэлзэх ёстой.
Өмнөговийн залуусаар төмс цэвэрлүүлж, шал угаалгаж, машин жолоодуулж байгаагаа ажлын байр нэмэгдүүлчихлээ гэж хөлсөө арчих хэрэггүй юм. Одоо өөрөөсөө асуу, жинхэнэ хөрөнгө оруулагч манайд хэд байна вэ гэж. Одоогоор манайд хөрөнгө оруулагчид бус хөрөнгө гулгуулагчид л байна даа. Тэр нь тэдний муугийнх биш, бидний муугийнх. Тэд чинь эндээс аль болох их ашиг хийх гэж байгаа л хүмүүс шүү дээ. Тэдэнд манайх шиг ийм өгөөмөр, авлигадаа идэгдсэн орон төдий л олон олдохгүй дээ.
Бид баялгаа гаргаад эзний татвар буюу “роялти” гэж тавхан хувийг авдаг. 200 мянгаас буулгахгуй дээ гэж бодож байсан сайхан эр хонийг чинь “Рио” зараад ирье гэж авч явчихаад, “100 мянгад л өгчихлөө хө. Май таван мянган төгрөг, 95 мянгыг нь зарж өгсний хөлс, замын зардал энэ тэрдээ суутгалаа шүү” гэвэл яахав. Энэ чамд доромжлол биш үү.
– Таны огцруулах бичигт хэдэн гишүүн гарын үсэг зурсан бэ? Хэрвээ 19 гишүүн гарын үсэг зураад УИХ хэлэлцэн Засгийн газар огцорлоо гэхэд илүү сайн Засгийн газар бүрдэх үү. Цаг хугацаа алдсан асуудал юм биш үү?
– Гарын үсэг нэлээд дөхсөн. Ерөнхий сайд огцруулах гарын үсэг гэдэг чинь шаггүй наймаа байж магадгүй шинжтэй байна. Дөхөх тусмаа үнэтэй болдог ч байж мэднэ. Зарим нэгийг нь дуудаж наймаалцаж байгаа ч сураг байна.
Харин манай зурсан гишүүд зарчимтай, шударга хүмүүс юм. Тийм наймаанд ороогүй байна билээ. Одоо зурах хүмүүс ч бас л шаггүй, тулхтай улстөрчид бий. Үүнээс илүү Засгийн газар байгуулж чадахгүйдээ тулсан юм бол тэр нь АН-ын л байж байгаа царай. Наадах чинь явуургүй пиар. Хэрээ хэрээнийхээ зүгт ниснэ гэдэгчлэн наад эвслийн Засгийн газрынхаа бүтцийг хар даа. Жишээ нь чамд таалагдаж байна уу?
– Одоо хэн, хэн зурах юм бэ. Яагаад зурахгүй хүлээгээд байгаа юм бол?
– Ч.Улаан сайд Д.Тэрбишдагва сайд нар Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар тов тодорхой, маш хатуу байр суурьтай байгаа. Тэд анхнаасаа энэ асуудалд сайд байхдаа гардан санаа тавьж, хамаг луйвар булхайг нь илчилсэн хүмүүс учраас эргэлзээгүй зурна.
– Та зурна гэдгийг нь яаж мэдэж байгаа юм бэ. “Шударга ёс” эвсэл Засгийн газрыг хамтран бүрдүүлж байна. МАХН-ын дарга Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байгаа гэсэн үг үү?
– Манай ширээний хоёр зангарагтай улстөрч. Тэдний санаачилж хийсэн ажил Монголыг маш том алдагдлаас сэргийлж байгаа юм, уг нь. Ч.Улаан сайд Д.Тэрбишдагва сайд, Д.Ганхуяг сайдын хамтарсан ажлын хэсгийн шалгалтын дүн “Оюу толгой”-н алдагдалтай гэрээг илчилж, өөрчилж, монголчууддаа хүртээх ашгийг наашлуулах маш чухал, томоохон алхам болсон.
Гэтэл түүнийг нь Дубайн гэрээгээр юу ч биш болгочихсон. Оюутолгойн гэрээний алдааг засах замыг тавихад энэ хүмүүсийн олгосон түүхэн боломжийг Ерөнхий сайд арчаад хаясан. Энэ шалтгаанаар засгийг унагавал тэдний маань ажлын үр дүн эргэж сэргэх боломжтой. Тийм учраас ширээний “ах нар” энэ зарчимдаа тууштай байгаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байгаа. “Том” улстөрч бол эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхийн тулд тууштай явдаг хүнийг хэлдэг гэж ойлгодог, жижгүүд бол наймаалцахаа урьтал болгодог юм.
Ер нь бид Ч.Сайханбилэгийг огцруулах гээд улайраад байгаа юм байхгүй. Асуудал нь үнэхээр байж боломгүй ноцтой учраас л үүнийг үйлдсэн Ерөнхий сайд зохих шийтгэлээ хүлээж огцрох ёстой. Түүнээс өршөөгдөж болохгүй. Ерөнхийлөгч ч гэсэн ийм байр суурьтай байгаа байлгүй дээ, ямарваа хоёрдмол стандартгүйгээр.
– Сүүлийн үед МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг задарч магадгүй гэдэг зүйл яригдаад байгаа. Хоёр намын дарга нар бие биенээ ойлгож чадахгүй байгаа гэдэг юм уу. Магадгүй ирэх сонгуульд тус тусдаа орно гэх юм?
– Одоогоор лав л бүлэг дотор тийм юм болоогүй л байна. Тэр дарга нар бол бүлгээс гадуур байдаг хүмүүс. Зарчмын хувьд АН шиг парламентын асуудлыг нам нь шийддэг байж болохгүй байх. Хэрэв тэр дарга нар ойлголцохгүй байгаа бол ордноос гадна хаа нэгтээ ямар нэг хэлбэрээр асуудлаа шийднэ биз. Би энд намыг биш төрийг төлөөлж ажил ярьж байна.
– Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлаас “сална, хагацна” гэдэг иймэрхүү өнгө аяс харагдах болж. Үнэхээр бие биенийгээ татаж унагах гэдэг тамын тогооны үлгэрээсээ салахгүй бол энэ улс хөгжихгүй юм биш үү?
– Энэ бол үлгэр биш, бодит байдал. Энэ тамын тогоонд чинь 25 жил бүгдээрээ чанагдлаа шүү дээ. Үндсэн хууль бидэнд ийм тогоо л бэлдэж өгсөн юм. Асуудал нь тогоондоо байгаа юм аа. Түүнээс дотор нь буцалж байгаа шөлөнд биш. Хамгийн гол нь бид өөрсдийгөө тогооч биш, шөл гэж харж байгаад л эмгэнэл байгаа юм шүү дээ.
Тогооч нь хэн юм? Хэрэв бид тогооч юм бол тогоогоо л сольчихно биз дээ. Асуудлыг яаж харахаас шийдэл нь тэгж гарна. Одоо улаан луувангаа ахиухан хийгээд шөлөө амттай болгоё гэж бодох цаг биш. Тэртэй тэргүй 25 жил буцалсан зутангийн найрлагыг яаж ч өөрчлөөд өөр амт гарахгүй.
– Та Халх голын газрын өвсийг хятадууд хадаж байна хэмээн шүүмжлэх юм. Одоо намар болохоор хагдарчих л өвс. Манайхан Эрээнд очиж наймаа хийхэд бас л тэгж хардаг гэж үү. I Бизнест иймэрхүү зүйлс байдаг биз дээ?
– Ямар, юун, хэний бизнес? ; Малчдын өвөлжөөний өвсийг хадаад нэг хүн бизнес хийж болдог юм уу? 25 жилийн ийм бизнес чинь л монголчуудыг үй олноор нь тамын тогоонд чанаж байна. Хэний зөвшөөрлөөр хэн хийж байгаа, мөнгө нь хаашаа орж байгааг би мэдэхгүй байна, энэ талаар асууж тодруулна.
Хүмүүсийн ярих нь Дорнодын гаалийн дарга байсан гэнэ үү нэг нөхөр л хятадуудыг сумлаад ийм бизнес хийж байгаа сурагтай. Тэр нөхөр гаалийн даргаа өгчихөөд, “Би Дорноддоо л үлдэнэ. Намайг 19,21 дүгээр талбайн байцаагч болгочих” гэж байна гэнэ лээ. Ичгүүр сонжуураа алдсан ийм амьтад төрд үүрлэсэн болохоор л улс орон өөдлөхгүй байгаа юм.
Ер нь асуудал дунд доод шатанд байгааг бид харж л байна. Төр шиг төртэй болсон цагт энэ мэтийн “бизнес”-үүдийг цэвэрлэх цаг ирнэ. Ер нь бизнесийн гол зарчим нь хүнд хэрэгтэй зүйл хийж ашиг олохыг хэлдэг болохоос хүмүүсийг хорлож ашиг олохыг хэлдэггүй юм. Ямар ч бизнесмэн үүнийг хэлнэ.Та хөдөө өссөн бол мэдэх байх, малчид өвөлжөөгөө хаддаггүй юм. Хатуу хөтүү цагт тэр өвөлжөөгөө идэж онд ордог.
Би монголоор хэлж байна, ойлгохгүй хүнд нэмж хэлэхэд хүн нь биш мал нь идэж онд ордог, харин тэр мал сүрэг бол малчны амьжиргааны эх сурвалж. Зүй нь, өвөлжөөний өвсийг нэг дарга хятадуудтай нийлж идэж болохгүй, Матад, Халх гол сумын мал идэх учиртай юм л даа. Үүнийг монголоо алдаагүй хүн бүр мэднэ. Хэрэв Эрээнтэй зүйрлэх гэж байгаа бол очоод тэр тариачдынх нь тарьсан ногоог хурааж авах бизнес хийх гээд үзэхгүй юу.
2015 оны 10 дугаар сарын 22.
ЕР НЬ БОЛ ЗӨВ ХАНДЛАГА АЖИГЛАГДААД БАЙГАА ЮМ УЯНГААС. АРГАЦААСАН СИСТЕМИЙГ ӨӨРЧЛӨХ НЬ ЗӨВ. ХАРИН ХЭРХЭН ЯАЖ ГЭДЭГ НЬ ЗӨВ ХҮМҮҮСИЙН ХАМТЫН ЗОРИЛГО Л БАЙХ ЁСТОЙ БАЙХ. ДЭМЖИЖ БАЙНА.
manaihan salaavch baitugaig ni uguh heregtei sanagdaad baigaa yumdaa. ted nar burhan yumuu yu yum, 3han saya hvniig ingej bailgah gej…
Erchuudees iluu busgui
Suuld helsen ovoljoonii hadlangiin tuhai helsen ih taalagdlaa eniig hiij bga mongol hun neg bol mongol hun bish neg bol tolgoi no olgoi bolson hun bn ter baitsaagcg hiiye gej ichihgui helj bga huniig shorond hiih heregtei
Өөрийн бодлоо маш товчхон хуваалцъя:
Үндсэн хуулийг өөрчлөн сайжруулах цаг болсон. Харин үүнд ажлын эрүүл саруул орчин хэрэгтэй. Одоогийн энэ бүх бантанд цэг тавьж, бүхнийг шинээр эхлэх, улс орон эрүүл саруул орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн тулд юуны өмнө ХОЁР ХУУЛЬ батлах,.. ХАМГИЙН ГОЛ НЬ энэ хоёроо ЯГШТАЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ шаардлагатай. Тэгж чадвал энэ хоёр хууль нь үндсэн хуулийн өөрчлөлтийн чиг ч болж өгнө, төр хэвийн ажиллах нөхцлийг ч бүрдүүлж өгнө. Үнэндээ хоёр хууль гэвч нэг зүйлийн хоёр тал юм. Эдгээр нь:
1. Их өршөөлийн хууль
2. Тунгалаг төрийн хууль
Их өршөөлийн хуулиар санхүүгийн бүх гэмт хэрэгтнүүдийг үйлдсэн хэргээ үнэн шударгаар хүлээсэн тохиолдолд, мөн онц хүнд гэмт хэрэг үйлдэн ял эдэлж буй ялтнуудаас бусад ялтан, гэмт хэрэгтнүүдийг бүгдийг нь нэг удаа өршөөнө. Ямар ч хэлбэрээр шийтгэхгүй. Энэ нь хулгайч цагдаа, муур хулгана болж тоглосоор хайран ирээдүйгээ алж буй өнөөгийн эмгэнэлт байдалд цэг тавина.
Тунгалаг төрийн хуулиар төрийн бүхий л бүтцийг ил тод болгож, тэнд луйварчин, шамшигдуулагч үүрлэх ямар ч боломжгүй болгоно. Энэ нь цаашид гэмт хэрэгтнүүд төрд шургалах боломжийг хаахаас гадна, төр ба иргэдийн уялдаа холбоог хангаж өгнө. Хамгийн гол нь энэ нь ДЭЛХИЙД ҮЛГЭР ЖИШЭЭ болно. Энэ алхмыг хийж чадвал дэлхийн тавцан дахь Монгол улсын нэр хүнд… зохих байр сууриа эзэлнэ. Тунгалаг төрийн тухай үзэл санаа түгээмэл байдаг ч, одоогоор практикт алга. Үүнийг практикт хэрэгжүүлсэн анхдагч улс орон нь манайх байх боломжтой.
Энэ санаа гэнэн мөрөөдөл мэт санагдаж болох юм. Гэвч энгийнээр сэтгэхэд ингэж л буугаад байна.
Бидэнд өдөр бүр, хором мөч бүрт боломж байна. Амьдрал бол цаг хугацаа. Энэ цаг хугацааг ашиглан юу бүтээх, хэн болох, хэн байх нь хувь хүн, улс орны мэргэн сонголт, харьшгүй шийдвэр, тууштай байдлаас хамаарна. Зориг хүрвэл ухаан хүрнэ гэдэг. Зорилгоо харчихсан цагт хийх замаа олж таарна. Бид сайн сайхан, дэлхийд үлгэр жишээ улс орон байгуулахыг мөрөөдөж, зорьж чадахгүй гэж үү? Чадна. Ингээд бодохоор “боломжгүй” гэж сайхан мөрөөдлөө орхих нь тэнэг хэрэг юм. Монголчууд бид хийж чадна. Гагцхүү зоримог шийдэж, өөрсдөдөө итгээд хөдөлж чадвал шүү дээ. Товчхондоо бол бид цөхрөөд улс гэрээ түүхийн нэгэн хуудас төдий болгож үлдээх үү, эсвэл цөхрөлтгүй тэмцээд улс гэрээ ирээдүйн дэлхийг манлайлагч болгох уу гэсэн энгийн хоёр сонголтын аль нэгийг л эргэлт буцалтгүй сонгох явдал юм. Хоёр дахь сонголтыг сонгосон мэт яривч эхний сонголтыг сонгосон мэт үйлдэгчид их байх юм. Гэвч хийх хүн аргаа олно, хийхгүй хүн шалтгаа олно.
Миний хувьд эсрэг бодолтой байна.
Хэдэн асуулт байна.
1. Авилга, албан тушаалын хэрэгт холбоотой бүх хүмүүсийн нэг удаа өршөөгөөд цаашид тэд нар маань дахиж авилга авахгүй сайн ажиллаж болохыг үгүйсгэхгүй.
Насаараа үнэнч шударга ажилласан сайн хүмүүс нь тэгээд авилга аваагүй, албан тушаалаа ашиглаагүй нь тэдний буруу болж таарч байх шиг байна, тэднийг яах гэж байна?
2. Буруу зүйлийг буруу үйлээр зөв болгож болох уу? Зөв үйлийг буруу зүйлээр зөв үлдээж чадах уу?
Миний дэвшүүлэх санал:
1. Үнэхээр авилга, албан тушаалын хэрэгт холбоотой бол тэднийг шийтгэх, шийтгэхдээ бүх хууль бусаар олсон хөрөнгө мөнгийг хураах, дахиж улс төр, засгийн ажил хийх эрхийг бүх насаар нь хасах саналаар хууль батлах (хэрэв үүнийг дэмжихгүй бол төрийн төмөр нүүр гаргаж шийтгэх, эс бөгөөс хүссэн хүсээгүй нийгмийн хувьсгал гарах нь дамжиггүй)
2. Тогоогоо солих нь зайлшгүй ч солихоос өмнө тэр шөлийг хэрхэх вэ гэдгийг маш сайн бодох ёстой. Шууд асгах, эсвэл дээрээс нэмээд байж болохгүй. Харин шүүлтүүрээр оруулж сайн муугаар нь ангилах л хэрэгтэй байна, даан ч түүнийг нь хийх хүн Монголд алга. Н.Энхбаяр уу? тийм ч юм байдаггүй байх аа
3. Зөв шударга залуучууддаа байраа тавьж өгөөд тэднийг зөв чиглүүлэх, хариуцлагатай байлгахад анхаарах нь зүйтэй.
Нийгэм тэр аяараа л буруу тийшээ гулсаад байна. Бүх л салбарт ажил хийе, бүтээе гэхлээр дандаа танил тал, найз нөхөд, мөнгө төгрөг хэрэглэдэг нь тогтсон ёс мэт болжээ. Яаралтай л ямар нэг өөрчлөлт хийх, салхи оруулах хэрэгтэй байна.
Хүндэтгэсэн
Дариа
@Daria:
Таны саналын тухайд:
1. Таны хэлснийг хэрэгжүүлнэ гэвэл энэ улс орон чоно туулай болж хөөцөлдсөөр байгаад ирээдүйгээ алж дуусах болно. Яагаад ийм аргаа барсан юм яриад байна вэ гэхээр монголд гэмтэн нь хэт олон болсон. Тэдэнд боломж олгохгүйгээр цааш явахгүй. Ингээд гацаад байх нь бүгдэд нь хор хохиролтой. Олиггүй хүмүүсээ зохих ёсоор шийтгэх гэж улайрахаас илүү чухал асуудал бий шүү дээ. Яахав, ганц нэг үнэхээр дэндсэн хүмүүсийг зохих ёсоор нь шийтгэж, ихэнхийг нь нэг өршөөнө, харин дахиж гэмт хэрэг үйлдвэл өршөөл үгүй гэсэн байдлаар шийдэж бас болох юм. Ямар ч байсан гэмтэн бүрийг гэсгээнэ гэж дайрвал жоомоо алах гээд байшингаа шатаадгийн үлгэр болох гээд байна. Байшингаа аврахын тулд л ухаалгаар шийдэх гээд ядаад байгаа хэрэг.
2. Хийх хүн зөндөө байгаа. Бидэнд хамгийн гол нь бузар үүрлэх ямар ч боломжгүй тунгалаг төрийн бүтэц хэрэгтэй. Тунгалаг төрийн бүх албан хаагчдын, албан тушаалтнуудын сонгон шалгаруулалт, цалин урамшуулал, ажлын тайлан үргэлж ил тод байхаар хуульчлан зохицуулж болно. Ингэж чадвал бид жинхэнэ утгаараа дэлхийд гайхагдана.
3. Үүнийг тань ягштал хэрэгжүүлэхийн тулд миний дурдсан хоёр хууль зайлшгүй шаардлагатай болно.
Санал солилцоход таатай байна. Асуудал ямар ч байж болно. Гол нь ямар ч нөхцөлд дээд зэргийн өөдрөгөөр сэтгэх. Гутрах бол бууж өгөхийн хагас нь. Таны хэлсэн өөрчлөлтийн салхи өөдрөг тэмүүлэлд тулгуурлах ёстой. Ямартай ч бүх зүйл байр байрандаа очих цаг бий. Энэ цаг хэзээ вэ? Хэзээ гэдэг нь БИД ӨӨРСДӨӨ хэр хурдтай, хэр оновчтой ажиллаж, хэр зэрэг тууштай байхаас шууд шалтгаалж байна шүү дээ.
@Daria:
Таны асуултуудыг харин сайн ойлгосонгүй. Миний бодлоор:
1. Өршөөгдөгсдийг одоогийн ажилд нь хэвээр нь үлдээнэ гэсэн зүйл байхгүй. Үнэхээр миний яриад байгаа зүйл хэрэгжвэл ихэнх нь өөрсдөө ажлаа сайн дураараа өгнө гэдэгт итгэлтэй байна. Учир нь тунгалаг төрийн бүтэц дор жинхэнэ ёсоор үнэнч шударгаар ажиллах сайн хүмүүс тэдний дунд бараг байхгүй л болов уу.
2. Буруу зөв гэдэг бол абсолют, бараг хий хоосон ойлголт. Нөхцөл байдалд тохирсон уян хатан шийдэл чухал. Бидний гол зорилго нь улс орныхоо бантанд цэг тавиад цаашид ирээдүйдээ төвлөрч амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх явдал юм.
Bi bol ingene.Za ene minii gazar door alt bna.Nadad uuniig uhaad avah chadal mungu hun huch alga .Harin chamd mungu turshlaga bna.2-l hamtarch ajilaya.Tegheer chi munguu gargaad yh, garsan altnaasaa zardlaa hasaad uldesniig ni 2 laa yag tentsuu huvaaj avaya gene.Medeej nuguu nuhur neg ih zardal garsan uhaanii yum helj taaraa.Teruun deer zad heruul hiij tohiroltsono.Ed nar shig altaa aldaj deer ni bas hurungu oruulsan nereer urund orohgui.
БИ ӨӨРӨӨ НЭЭХ ХӨГШИН БИШ. ГЭХДЭЭ ЗАЛУУ ЗАЛУУ ГЭЭД ЯРИАД БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ЗОРИУД ҮЛ МЭДЭГЧ НАРААР ТӨРИЙГ НУРААЖ БАЙНА ГЭЖ ҮЗДЭГ. ЯГ ОДООГИЙН ТӨРД ШУРГАЛСАН ЗАЛУУС БОЛ НАМААР ДӨРӨӨЛСӨН ХӨӨСНҮҮД. АРДЧИЛЛЫН НУРААЛТЫН ГОЛ ХҮЧ НЬ ЗАЛУУС БАЙНА ОДОО