ХЯТАДЫН СОЦИАЛИЗМ…

Сүүлийн үед Орост Хятадын тухай нэн сонирхолтой олон ном гарах болов. Жишээ болгоход Оросын нэрт түүхч, нийтлэлч, эрдэмтэн Рой Медведевын “Хятадын өндийлт. Хятад маягийн социализм гэж юу вэ ? (2012) (Подъём Китая. Что такое социализм по-китайски) ном гарав. Түүнийг нь бараг уншиж амжаагүй байхад Михаил Делягин, Вячеслав Шеянов нарын “Үсэрч буй Гүрэн. Хятад дотор талаасаа” (2015) (Империя в прыжке. Китай изнутри.) ном гарав. Би Монгол судлаачийн хувьд Хятадыг сонирхон судлах үүрэгтэй ч бараг судалж амжихгүйд хүрээд байна. Ингээд энэхүү сүүлчийн номноос монголчуудад нэн сонирхолтой хэмээн санагдсан нэг хэсгээс найруулан хүргэж байна. Ингэвэл шууд орчуулснаас арай илүү ойлгомжтой болно байх…

Хятадаар “социализм” гэдгийн дуудлага нь “шэхуйчуи” гэдэг аж. Энэ нь бидний ойлгодог “үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөх нийгмийн өмч” гэсэн ойлголттой дүйцэх юмаар тун бага байдаг гэнэ.
“Шэхуйчуй” буюу социализм нь хоёр дүрс үсгээс бүрдэнэ. Эхний “шэ” гэдэг нь хоёр утгатай. Хамгийн эхний утга нь “тэнгэрийн хүслийн дагуу газар зохион байгуулах” гэсэн санааг илэрхийлдэг. Чингэхдээ газрыг зөвхөн хөдөө аж ахуйн утгаар ойлгож байгаа нь илэрхий бөгөөд энэ утга аж үйлдвэрийн хөгжлөөс хамаагүй өмнө үүссэн нь мэдээж. Ингэхлээр “шэ”-гийн эхний утга нь “тэнгэрийн хүсэл зоригийн дагуу үйлдвэрлэлийг зохион байгуулах” гэсэн утгыг илэрхийлдэг аж. Харин “шэ”-гийн хоёр дахь буюу орчин үеийн утга нь эгэл жирийн холбоодоос хэлээд нийтлэг хүртэлх “үйлдвэрлэлийн нэгдэл”-ийг хэлдэг аж.
Гэхдээ “шэ”-д өөр утга байдаг аж: тухайлбал, “талбайн бурханлаг шинж”, “газрын сүм”, тэр ч байтугай “золиос гаргах” гэсэн утга байдаг аж. Иймээс хятадууд социализмын үед золиос гаргахаас айдаггүй байж ч магадгүй.
Дараагийн “хуй” гэдэг нь “боломжтой байх, чадвартай байх” гэсэн утгыг илэрхийлдэг хятад хэлний хамгийн түгээмэл үйл үг аж. Гэхдээ үүнд өөр утга олон буй. Үгчилбэл: “нэгтгэх” гэсэн утгаар “үр тариа цуглуулах”-ыг, мөн ерөнхий утгаар “цугларах, уулзах, зөвшилцөх, хэлэлцэн тохирох” гэсэн утгатай. Хэрэв энэ нь нэр үг болбол “нийгэм”, “бүлэг”, “компани” гэсэн утга болон хувирдаг аж.
Ийнхүү “нийгэм” хийгээд “чадвартай байх” гэсэн утгыг ганц дүрс үсгээр илэрхийлдэг нь хятадын гүн гүнзгий хамтач ёсыг тод илэрхийлнэ: учир нь энд “нийгэм” нь хүчний “чадвартай” нягт холбоотой байна. Газар тариалангийн иргэншилд ганц хүн ямар ч арчаагүй байдаг бол нийгэмтэйгээ хамт бүхэлдээ бол тэр ямар нэг юм хийж чадна гэсэн утга энд тов тодорхой харагдана.
Ингээд “шэ”, “хуй” хоёр дүрс үсэг бие биенээ хэсэгчлэн орлож, бие биенийхээ утгыг нөхөж нийлээд ирэхээрээ “нийгэм, нийгмийн, социальный” гэсэн утгыг агуулдаг ба бид яг ингэж орчуулдаг. Гэхдээ дээр дурдсан агуулга хийгээд санааг дамжуулж ерөөсөө чаддаггүй.
Түүнээс гадна хятадад “нийгэм” гэсэн ойлголт нь европтой адил “нийт, нийтлэг” гэсэн утгыг агуулдаггүй, харин “хурал” гэсэн утгатай илүү дүйдэг аж. Гэхдээ энэхүү “хурал” нь нийтлэг өмчийн үндсэн дээрх нэгдэл биш, харин өөрийн өмч бүхий хүмүүсийн саланги тусгай байсан хүмүүсийн нэгдэл юм байна.
Эндээс хятадаар “социализм” гэдэг нь өмчийг нэгтгэж, үйлдвэрлэлийн хэрэгслийг нийгэмчлэх гэсэн европ буюу монгол утгаар биш, харин нийтийн үйл хэргээ тойруулан ард түмнээ нэгтгэх, түүнчлэн ард түмний хамтын ахуйг ойлгодог юм байна.
Ийм учраас өмчийн нэгтгэх асуудлыг хятадууд нэг их сонирхдоггүй аж. Энэ нь социализмын үед ч гэсэн ардын коммунууд байгуулаад байснаар тод харагдана.
Харин “социализм” буюу “шэхуйчуи”-ийн сүүлчийн үе “чуи” нь “гол утга” гэсэн санааг илэрхийлдэг, агуулгын хувьд “үзэл санаа”, “онол” гэдэгтэй дүйцдэг аж. Манайхаар бол “изм” гэсэн дагавар л аж. Энэ үгэнд “чуи” бие даасан утга агуулаагүй, зүгээр л “изм” болж оржээ.
Хэрэв Хятадууд социализм гэдгийг түүхэн болон нийгмийн утгаар ийнхүү ойлгож байвал хамгийн зөв ойлголт гэж би мэргэжлийн хүний хувьд хэлэх байна. Гэхдээ “буруу” байсан ч би хажуунаас нь юу хэлэх эрхтэй билээ ?!
Ингэхлээр “Хятадын онцлогтой социализм байгуулна” гэдгийг европ буюу монголоор ойлгоод загнаад байж болохгүй юм байна. Хятадыг байж байгаад л “социализм байгуулж байна” гэж загнадаг ноён Баабар үүнийг мэдмээр юм билээ. Ер нь ингэхэд бусад улс юугаа байгуулах нь маньд ямар хамаа байна ?!
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 06 дугаар сарын 20.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

9 Responses to ХЯТАДЫН СОЦИАЛИЗМ…

  1. Та Энэ номноосоо хятад социализмын онцлогийн талаар, ялангуяа яагаад улам дээшлэн дэвжээд байгаа түүний талаар тайлбарлаж өгөөрэй. Баярлалаа.

    • Ганаа says:

      Уг нь ч их сонирхолтой өгүүлсэн байгаа л даа. Гэхдээ “оросын тагнуул”-аас “хятадын тагнуул” болж улам дордоно ш дээ. Тэгээд цаашаагаа миний бичсэн бүх юмыг хятадыг сурталчилсан гэнэ. Ингэж балайрахыг нь би сайн мэдэж байна. Уг нь Хятадын хурдан хөгжлийн учрыг олбол бидэнд амин чухал хэрэгтэй л дээ…

    • Бид хөршийнхөө хөгжил, түүнийг талаар судлахгүй бол өөрсдөө л хоцрож доройтоно шүү дээ. Мунхаг хүмүүн юу гэх нь түүний хэрэг. Түүнийг таны түвшинд хүрэхийг хүлээвэл бидний нас гүйцэхгүй. Нохой хуцаж л байдаг шүү дээ. Тэднээр баримжаа авч болохгүй.

  2. bat says:

    bayarlalaa, vg ni ch utga uchirtai yumaa, нийтийн үйл хэргээ тойруулан ард түмнээ нэгтгэх, түүнчлэн ард түмний хамтын ахуйг ойлгодог юм байна…

  3. Хятадууд хатуу чанга, зөв, тууштай байж хөгжиж чадаж байгаа ард түмэн. Манайхан муулна уу л гэхээс яагаад эд ингээд хөгжөөд байна гэж бодохгүй л дээ.

    • MONGOL says:

      yag zuv.uls gedeg chin negdsen bodlogotoi,tuundee tuushtai unench baij hugjihees ulsaa shulj muljij hugjsun uls haana bna?elbegdorj tegj hugjuuldeg gesen shuu

    • bat says:

      harin tiimee, yagaad ingeed hugjuud baina ve?bid hugjih heregtei gej bodoh vndesnii uhamsar heregtei yumuu daa. ungu mungu gedgiig heterhii reclamdsan ene chuluut zah zeel, ardchilal gesen hudlaa uzel surtliig yay daa…

  4. dald shavi says:

    Муурны хар, шар нь хамаа байхгүй. нийгэм өөрийн уламжлал, давуу тал, боломжоо ашиглан, хулганыг барьж авах нь чухал гэдэг Дэн өвөөгийн сургааль энэ буюу

  5. Anonymous says:

    Машинаа бариад яв. Бид яагаад хөгжихгүй байна гэдгийг автозамын хөдөлгөөнөөс харна. Бүх салбатраа ийм байна даа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: