БИЧУРИН Н. Я. [ИАКИНФ]: “МОНГОЛЫН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ”-ЭЭС

Оросын санваартан, нэрд Дорно дахины судлаач, оросын хятад судлалыг (синологи) үндэслэгч Иакинф хэмээх Никита Яковлевич Бичурины (1777 оны 8 сарын 29- 1853 оны 5 сарын 11) алдарт “Монголын тухай тэмдэглэл”-ийн тун өчүүхэн хэсгээс сонирхуулж байна. Бичуриныг манайхан социализмын үед ч мэддэг байгаагүй. Учир нь тэр хаант Оросын, тэр тусмаа санваартан хүн байсан. Олон хүн түүнийг хятад судлаач гэдэг боловч тэрээр монгол судлалд анхны шан тавьсан суут хүн юм. Учир нь Бичурин дорно дахины “бүх юмыг” монгол үндсэн дээр авч үзэх оролдлого хийсэн анхны суут хүн юм.

Бичурин Бээжинд олон жил үнэн алдарт шашны санваартнаар ажиллаад буцахдаа тэндээс 400 пуд буюу 6,5 тонн ном хэвлэлийг нийт 15 тэмээнд ачиж явсан мэдээ байдаг. Үүнийгээ Оросын хил хүргэхэд тэр үедээ асар их мөнгө 750 рубль төлж байжээ.
1828 онд газрын зураг, угсаатны зүйн өнгөт зураг хавсаргасан “Монголын тухай тэмдэглэл” гэсэн ном нь хоёр ботиор хэвлэгдэн гарсан юм. Тухайн үедээ энэ номын гар бичмэлийг Оросын Гадаад Хэргийн сайд К.В.Нессельроде-д үзүүлэхэд маш өндөр үнэлж, 900 рублиэр шагнасан гэдэг. Одоо энэ номыг Монголд хэвлэн гаргавал мөн сайхнаа. Энэ орчуулга бол энэ номын өчүүхэн хэсэг юм…
Бичурин энэ номдоо монголчуудын гарал үүслийн асуудлыг анх удаа хөндөж, угсаатныг (этнос) угсаатны нэрийн (этноним) гарал үүсэлтэй хольж хутгаж болохгүй хэмээн Клапроттой маргалдсан юм.
Ингээд Бичурин Монголчууд бол наад зах нь НТӨ XXY (!!!) зуунаас нааш нэгэн улс орны ард түмэн мөн бөгөөд гэхдээ түүхийн туршид нэрээ л өөрчилж ирсэн. Иймээс сюнну, сяньби, татан, кидан, уйгур болон бусад нүүдэлчид бол бүгдээрээ нэг ард түмэн, бүгдээрээ монголчууд гэсэн дүгнэлт анх удаа хийсэн суутан юм.
Энэ чинь бидний өнөөдөр үндэслэх гэж ядаад үй түмэн онол ярьж балайрдаг асуудал мөнөөсөө мөн байгаа биз дээ. Гэтэл энэ дүгнэлтийг 1828 онд Бичурин хийчихсэн байна.

Энэхүү онолоо Бичурин насан туршаа баримталж явсан бөгөөд үүнээс хойшхи түүхийн болон угсаатны зүйн бүх бүтээлдээ бүх талаар үндэслэсэн байдаг. Түүний бүтээл “тоо томшгүй” гэдгийг би онцлон дурдаж байна.
Оросууд “шал тэнэг” ш дээ. Бичуриныг Хаант Орост буцаж очиход нь шашны шүүхээр оруулж цөллөгөд суулгажээ. Учир нь Бичурин Бээжинд байхдаа цэвэр шинжлэх ухааны ажлаар оролдоод шашны номлол айлдах хийх үндсэн үүргээ “мартаж” орхисон аж.
Цөллөгийн дараа Бичурин нэлээд хожим Хиагтад 18 сар болсон бөгөөд энд маш их ажил хийсэн мэдээлэл буй. Хиагтад Бичурин Түвдийн түүхийг бүрэн бичиж дуусгасан ба “Хятад-Монгол-Манж хэлний толь бичиг”-ийг (Саньхэ бяньлянь) орчуулж дууссан байна. Бичурин энэхүү гурван хэлний толийг хийхдээ монгол цагаан толгойн дарааллаар хийсэн баримт харин тодорхой байгаа юм. Ингэхлээр тэр Монголыг хэчнээн их хүндэтгэдэг байсан нь харагдана.
Уг толийг монгол хэл сурах гарын авлага маягаар зохиосон ба үүнд буриадын эрдэмтэн Ринчин Ванчиков оролцсон аж. 1849 онд энэхүү толь бичгийг бусад гар бичмэлийн хамт Казанийн шашны Академид шилжүүлжээ. Гэтэл Казань болон Петербургийн архивуудаас одоо болтол олдоогүй байна. Сайн эрж сурвал гараад ирэх ч юм бил үү ?!
Бичурин Монголын газар нутаг дээр амьдарч байсан эртний бүхий л ард түмнийг угсаатны хувьд манай үеийг хүртэл (энэ нь 1820-иод оныг хэлж байна.Х.Д.Г.) нэг ард түмэн гэж үзэж байсан юм. Өөрөөр хэлбэл тэр түрэгүүдийг хүртэл монгол гэж, тухайлбал, дундад зууны туцзюэ, уйгур нарыг шууд монгол гэж нэрлэж байв.
Эдгээр дүгнэлтүүд өнөөдөр хачин балай “онол” ярих, маргах дуртай атлаа ямар ч асуудал шийдэж чаддаггүй манай чалчаа түүхчид, сэхээтнүүдэд хэрэг болохгүй гэж үү ?!
Түүнээс гадна Бичурин монгол нэр томъёогоор өвчилж, нэр болон газар зүйн нэрийг заавал монгол язгуураар тайлбарладаг арга барилтай байсан юм.
Монголд элэгтэй, хамгийн их зүйл хийсэн суут хүнийг Монголд огт мэдэхгүй, Орост бараг тоохгүй байгаа нь нэн харамсалтай. Зүй нь Монголд л хамгийн их судалж баймаар. Энэ талаар манай Монголчууд жаахан ч гэсэн юм хийгээсэй гэсэндээ энэ суут хүний суут бүтээлийн өчүүхэн хэсгээс сонирхуулав…

V.
1390 ли үргэлжилсэн Шамо-г дамжин Өргөө хүрсэн зам.
1828. Зургадугаар сар.

15. Зүүн зүг ойролцоогоор 30 ли явж, Хан уулын зүүн сугын Хуль ус хэмээх намгархаг горхи урсдаг хоёр амыг гатлав. Дараа нь Хан уулын зүүн сугын өмнө хошуугаар Дарханы зам хүртэл ойролцоогоор 20 ли явж, дурдан буй Хан уулын зүүн сугаар урсах Туул голын гарам хүртэл 10 ли орчим үлджээ. Их замын хоёр талаар монгол маягийн янз бүрийн модон эдлэл хийдэг урчуудын гэр тархан байрлажээ. Эдгээр урчуудын ихэнхи нь хятадууд аж. Үдийн гурван цагт Туул голыг гатлав. Туул гол энэ хэсэгтээ гурав салаалсан ба нэг аршинаас илүүгүй гүн, том том хайрга чулуун ёроолтой аж. Туул голын баруун эргээс баруун тийш гурван ли-гээс ихгүй зайд Хүрээний Маймаачин оршино, түүнээс цааш долоон ли-д Өргөөд ирэх бидэнд зориулсан байр байгаа аж.
1807 онд барьсан содон тасалгаанууд нь маш муудсан учраас бидэнд гэр барьж өгөв, энэ нь бороо орсон тохиолдолд хангалттай тавтай, тайван эд аж, гэхдээ бороонд дэвтсэн газрын бүгчим хийгээд чийг бидний санааг борооноос илүү зовоож байлаа.
16. Эндэхийн Засгийн Газар маргааш Аяллын төлөөлөгчдийг урьдын ёс заншлын дагуу хүлээн авна гэдгээ мэдэгдэв, 17-нд бидэнд 18 монгол морь явуулжээ, Аяллын гишүүд хятад хувцас өмсөж, өглөөний 11 цагт манай байрнаас өмнө зүгт 200 сажин зайд орших Хилийн хэргийг Эрхлэх Газар луу мориор явав. Гүйцэтгэгч түшмэл Г.Тимковский, нэгдүгээр хөсөгч Г.Разгилдеев биднийг дагалдав. Ноён биднийг зочны тасалгаанд угтсан ба үүдний баруун талын өргөн буйдангийн дээд талын ширээн дээр Ноён, түүнээс дор бусад нөхөд нь суужээ. Хүлээн авалтын ёслол дээр өмнөхөөс бага зэрэг буулт хийв. Ноён өөрийнхөө эсрэг талд зөвхөн Аяллын ахлагч, гүйцэтгэгч түшмэл хоёрыг суулгаж, харин хятадын гүйцэтгэгч түшмэлд сандал өгсөнгүй. Тэрээр энэ удаад бидэнтэй Монгол, Манж, дээрээс нь Хятад хэлээр ярьж, чингэхдээ нэн элэгсэг байв.
Дашрамд дурдахад тэрбээр Манжууд орос хэл сургахаар Бээжин рүү сурагчид явуулж байхынхаа оронд Өргөө рүү явуулж сургавал дээр, тэгвэл энд өөр хоорондоо харилцаж орос хэлийг сайн сурна гэж хэлэв.
Ярианы завсар аягаар цай өгөв, дараа нь Ноёны тушаалаар хайрцагтай бэлэг авчирсан бөгөөд энэ нь өнгөрсөн жил Эрхүүгийн Иргэний Губернатораас Өргөөгийн Захирагчид өгсөн бэлэгтэй дүйцэж байв. Ноён хайрцгаа Гүйцэтгэгч түшмэлд Эрхүүд хүргэх захианы хамт гардуулсан ба салах үедээ бидэнд дунд зэргийн торгоны хэрчим бэлэглэв. (дээлийн торго өгсөн бололтой-Орч.Х.Д.Г.) Биднийг байрандаа ирсний дараа Ноён хоёр хайрцаг хатаасан жимс, мөн шар дарс бүхий арван фунтын хоёр ваар илгээж, үүний хагасыг Гүйцэтгэгч түшмэл болон дагалдагч офицерүүдэд, хагасыг Аяллын дарга болон бусад гишүүдэд хаяглажээ.
Ноён болон түүний нөхрийг цаасаар бол Ван болон Амбан гэж нэрлэнэ. Өнөөгийн Ноёны нэр нь Юндэндорж гэнэ. (түвдүүд ингэж ярьдаг, харин хятадаар бол юнь-дүн гэдэг нь сайн үйлст гэсэн үг аж.) Өмнө нь Чин ван байсан, өөрөөр хэлбэл, 1-р зэргийн ноён байжээ, гэтэл 1806 онд Оросын элчин граф Юрий Алексеевич Головкинтой буруу хэлэлцээр хийсэн гэж зэрэг буурсан байна. Одоо тэр жүн ван юм.
Түүний өөрийн эзэмшил Өргөөгөөс баруун тийш байдаг: гэхдээ тэр Хилийн Удирдах Газарт алба хашдаг, энэ газар нь Өргөөд байрладаг, иймээс тэр энд байдаг. Түүний нөхрийг Бээжингээс хилийн чанад дахь томилолтоор нааш нь илгээсэн ба өөрөөр хэлбэл манайхан 4, 5, 6 дугаар зэргийн түшмэлээ илгээдэг шиг гурван жилийн хугацаагаар илгээдэг, гэхдээ манайхаас ондоо юм.
Ёслол дуусаад бид хятадаар Хүрээ-Наймаачин гэж нэрлэх Өргөөгийн худалдааны хотоор явав. Наймаачин нь манай байрнаас долоон ли-д Туул голын баруун эрэг, Улиастай горхины баруун талд оршино.
Өндөр шивээ хашаагаар хүрээлсэн зөв тэгш өнцөгтэй газар юм. Тал талаасаа дөрвөн хаалгатай аж. Дотор нь дөрвөн хаалгандаа нийцсэн хэрээс хэлбэрийн нэлээд өргөн хоёр гудамж байна.
Энд дэргэдэх газрыг оролцуулаад 800 орчим байшин, үүнийг лангуу гэж нэрлэсэн нь дээр байх, 4000 хүртэл худалдаачин хятад, гэхдээ голдуу Шаньси мужийн хятадууд байдаг гэж ярилцана.
Энэ газрыг удирддаг Заргачийн газар, Гуань-юй жанжинд зориулсан сүмийг оруулахгүй бол бусад байшингууд нь худалдааны лангуу, дэлгүүрүүдээс бүрдэнэ. Байшингууд нь модон бөгөөд бүгдээрээ савх мод хадаж шавар тогтоожээ. Хотхоны эргэн тойрон хашаагаар хүрээлсэн олон гэр байна. Энэ нь жижиг худалдаачид, урчууд, ногоочид болон бусад хүмүүсийнх ажээ.
Хотхоны лангуунууд зөвхөн Монголчуудын хэрэгцээнд зориулагдсан, тэдний таашаалд нийцсэн бараа таваараар дүүрэн. Эндээс модон эдлэл хийхэд тохиромжтой нарс модыг маш их хэмжэээгээр Хөх хот руу илгээдэг аж.
Эргэлтэд зэс мөнгө бараг байхгүй; жижиг наймаанд дөрвөлжин хар цай юмны үнийг тодорхойлно. Нэг туйпуун цай бидний ирэх үеийн үнэлгээгээр 2 бүтэн, 1/2 цэн мөнгөн болж байв, нэг боодол хар цай долоон чех (чех буюу чох гэдэг нь хятадын зэс мөнгө аж.)
Нэлээд том худалдааг цалин мөнгийг жигнэж, ханшаар нь хэрэглэнэ.
Бараг лангуу болгон оросоор ярьж чадна. Хиагтын Наймаачинд залуу хүүхдийг ажилд авахдаа эхний хоёр жилд орос хэлээр бага зэрэг, ялангуяа худалдаа наймааны хэл заавал ярьж сурахыг шаарддаг ба хоёр жил өнгөрсний дараа сурч чадаагүйг нь Хятад руу буцаадаг гэж Хятадууд ярьж байсан юм.
Гэхдээ тэд хэрэгцээгээрээ ярихгүй, тэмдэглэл харж ярина, тэдний яриа хачин буруу хазгай учраас дадаагүй хүн их зовж байж ойлгоно. Манай худалдаачид тэдний буруу хэллэгийг засахын оронд Хятадуудтай түүгээр нь ярьж ойлголцдог; ингэсээр байгаад манай худалдаачдын Хиагтад хятадуудтай ярьдаг орос хэл үнэхээр эмдэг зэмдэг болжээ.
Өргөө бол (Өргөө бол үр төл гэсэн утгатай монгол үг юм, хятадууд энэ газрыг нэрлэхдээ голдуу Хүрээ гэх юм.) бөгөөд Түвд ёсоор барьсан хийд байдаг Хүрээ гэдэг өргөн уудам газрын нэр юм. Өргөө нь Туул голын баруун эрэгт түүнээс гурван ли хойт талд, Их Сэлбэ, Бага Сэлбэ хоёр горхины дунд оршино. Тойргоороо ойролцоогоор 12 ли болох ба мурий тахир гудамжуудаас бүрдэнэ. Гол дунд нь Жавзандамба хутагтын байдаг томоохон ордон байрлана. Эндхийн сүмүүдийг модоор барьж оройг нь алтаджээ. Бусад байруудыг далбаалан татсан асар том гэрүүдээр хийжээ.
Манай зарим оросууд ордон руу шагайж үзэх, ялангуяа, хүүхэд хутагтыг харахыг маш их хүссэн боловч зөвхөн сониуч зангийн улмаас өндөр дээд эрхмийн барааг харах нь эелдэг зангийн үүднээс ч түвэгтэй юм.
Түүнээс гадна хашаагаар хүрээлсэн тусгай олон орд байна. Эдгээр орд болгонд багана босгож, далбаалан татсан өргөн, өндөр гэрээс бүтсэн бага шиг сүмүүд байх юм. Эдгээр сүмийн том жижиг нь түүнийг эзэмшигч Ламын зэрэг дэв, бэл бэнчингээс хамаарна. Лам нар нь өөрсдөө эсгий гэр, шавар тагзанд амьдарна. Энгийн хүмүүсийн гэрүүдийг ч хашаагаар хүрээлсэн байна. Энд амьдардаг лам нарын тоо 10.000 хүрнэ, харин энгийн хүмүүс их цөөн гэж ярих юм.
Хүрээнээс зүүн-өмнө тийш хоёр ли-д Их Сэлбийн баруун эрэгт Хилийн хэргийн Газар гэх ноёны ирэхдээ байдаг намхан модон байшин байна. Их Сэлбэ дээгүүр өмнө талын нам газар талаасаа газраас хоёр аршингаас өндөргүй хашаа яг цонхны тушаа барьжээ. Тэгээд хашаанаас өмнө зүг хэдэн арван сажин газар үргэлжилсэн цэцэрлэг байна.
Цонхон дорх өтгөн бутны сүүдэр дор жоржигнох сэрүүн булаг энэ цэцэрлэг дэх хөдөөгийн хамгийн тансаг сайхны нэг бид тооцож болох байв. Ноёны энэ цэцэрлэг хэд хэдэн бургастай, сүүдрэвч бүхий намхан хөндий дэх нуга юм. Үүгээр ноёны хайртай өсгөлүүн морь идээшлэнэ. Хилийн Газраас зүүн тийш Сэлбийн зүүн эрэг дээр ноёны туслахын намхан, модон шавардсан байшин байна. Түүний ард Өргөөгийн жинхэнэ захирагчийн байшин байдаг, түүнээс цааш баруун хойт талд ирсэн түшмэдүүдэд зориулсан албаны байрнууд буй, энд бид байрласан юм.
Цаашлаад эргэн тойронд шавардсан олон тооны байшингууд тархан байрлах бөгөөд тэдгээрийн олонхи нь гэр, бас тагзнууд ч бас байна. Эдгээр байрнууд нь Хутагтын соёрхлыг олох гэж энд ирсэн янз бүрийн түшмэдүүдийнх ажээ.
Туул голын баруун эргээр Хан уул Гэнтэй (зохиогч ингэж бичжээ-Орч.Х.Д.Г.) хоёрын хооронд голын гармаас баруун тийш 15 ли-гээс багагүй хөндий оршино. Энэ нь дээд болон доод хоёр хэсэгт хуваагдана. Дээд хэсэг нь доод хэсгээсээ өндөр бөгөөд голын эргээс уул хүртэл өргөнөөрөө 2-оос 4 ли орчим хэмжээтэй.
Энэ хэсэгт Маймаачин болон Хүрээ хийгээд албаны янз бүрийн байшингууд баригджээ. Харин доод хэсэг нь өргөнөөрөө 5 ли орчим, Туул голын баруун эргийн өмнөд дээд хэсэг, зарим нь хэсэг нь зүүн эрэгт оршино. Чийглэг хөрстэй, энэ нь нүүдэл суудал болон явуулын хүмүүст тохиромжтой.
Түүний эсрэг талд Хүрээний бүх хөндий рүү хойт талаа харуулан сүндэрлэсэн Хан уулын ой сүглийнэ. Яг энэ талаас нь харахад Хан уул нэн сүрлэг аж.
Шууд хормойгоос нь оройг нь хүртэл өтгөн залуу нарс бүрхсэн ба зөвхөн хамгийн дээд орой дээр нь асар том боржин хадан дундаас өндөр бараан сүрлэг нарс харагдана. Хан уулыг (Хан уул гэдэг нь хааны буюу ноёны уул гэсэн үг аж.) Хятадын засгийн газар ариун дагшин уул гэж хүлээн зөвшөөрч, уулын эзэнд тахил өргөж, шүтдэг ажээ…
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 03 дугаар сарын 09.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

10 Responses to БИЧУРИН Н. Я. [ИАКИНФ]: “МОНГОЛЫН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ”-ЭЭС

  1. bi says:

    Li gej hyatad negjeer umnii zaig nerlesen bh um

    • Anonymous says:

      Ли-гээс өөр юм онцгой санагдсангүй юу?Зөвхөн энэ л таныг сэтгэгдэл бичхэд хүргэв гэж үү

  2. Anonymous says:

    сайхан бичвэр байна, танд баярлалаа.Уул нь иймэрхүү бичгийн хүмүүсээ судлан хойч үеийхэндээ алдаршуулж баймаар юм, эрдэмтэн мэргэдүүд.

  3. Anonymous says:

    Буруу хэлэлцээр хийсэн албаны хүмүүсийн зэрэг дэвийг буулгадаг байжээ. Одоо бол улам л дэвших юм даа.

    • Ганаа says:

      Тийм. Одоо бол Манжийн үеэс дордсон л байна даа…

  4. bat says:

    Ganaa ahdaa saihan chuhal temdeglel orchuulj oruulsand mash ih bayarlalaa. bidend hiih yum ih l baih yum daa.tvvh sudladag hvmvvs ene sanvaartang hir meddeg yum bol doo? hen bichsen bus yu bichsen, yaj bichsen gdg ni… urdah urdahaa l nomoor ni buurunhiildeg bhad l…

  5. Tugs says:

    Ли гэдэг нь хятадын уртын хэмжүүр, 500-600 метрийн хооронд /яг мэдэхгүй байна/ уртыг хэлнэ. Урьд үүнийг монголоор газар гэж орчуулдаг байж. Түмэн газрын цагаан хэрэм гэж ярьдаг даа. Энэ нь 5000 км-тэй дүйх байх.

    • Anonymous says:

      Bayarlalaa, “түмэн газрын цагаан хэрэм” гэдэг тийм учиртай байж. Ганаа ахад бас баярлалаа.

  6. Munkhbat says:

    Оросууд энэ Векипедиаг айхтар сайн хөтлөх юм даа. Таны бичсэний дагуу Бичурин гээд хайж үзсэн чинь а их юм бичсэн байдаг юм байна

  7. Anonymous says:

    (Өргөө бол үр төл гэсэн утгатай монгол үг юм,)гэж бн=Таамаг дэвшүүлэхэд тухайн үед Хүрээний монгол нэрийг “УРГА” гэсэн орос дуудлагаар хэлж утгыг нь асуусан бж магадгүй юм. Магад монгол хүний чихэнд “Урга” гэдэг нь “Ураг” гэж сонсогдсон тул учрыг магдлалгүйгээр ийм тайлбар өгснийг тэмдэглэн авсан байх.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: