ХЭЛ ХИЙГЭЭД МОНГОЛЫН АСУУДАЛ
2013/12/19 24 Comments
Хүн гүрний 2222 жилийн ой тэмдэглэх үес дор гүн хүндэтгэлт, дотно итгэлт, доктор, профессор нөхөр Д.Эрдэнэбаатарын урилгыг хүлээн авч түүний зохион явуулж буй их ойн хуралд оролцох их завшаан өчүүхэн надад тохиосон үес монгол хэлний асуудал тун ч тулгамдаж буйг санан санан явдаг авч сайн нөхөртөө хэлж амжаагүй боловч өргөн олон уншигчдад хүргэвэл аяндаа олны хүртээл болно хэмээн сэтгэж энэ бяцхан өгүүллийг тэрлэвэй.
Учир юун хэмээвээс Хүн гүрний судлалыг олон шинжлэх ухааны зааг дээр сөөлжүүлэн үзэх нь шинжлэх ухааны нэгэн зарчим бөгөөтөл сүүлийн үес манайд эл асуудлын хэлний зүйн талыг илтэд мартан орхигдуулж байгаа нь нийт Хүн судлал хийгээд Монголын түүх бичлэгт ихээхэн хортой явдал болуужин хэмээн санаа зовнисны учир манай Хүн судлалд дам хийгээд шууд холбоотой нэгэн асуудлыг хөндөх нь түмний хэрэгт тустай болов уу хэмээн санажахуй.
Хэлний суут хүн
Оросын нэрт лингвист буюу хэл шинжлэгч, полиглот буюу олон хэлт, компаравистик буюу харьцуулсан хэл шинжлэлийн салбарын нэрт мэргэжилтэн, дорно дахины судлаач, кавказ судлаач, индоевроп судлаач хэмээх олон олон алдар гуншинг хүртсэн Сергей Анатольевич Старостин хэмээх хэлний суут хүний тухай болон түүний Алтайн хэлний салбарт байгуулж бүтээсэн гавъяат үйлсийн тухай яриваас дээр өгүүлсэн асуудал улам улам тодорхой болох буй за хэмээн мунхаг санаандаа найдахын ялдамд хэл шинжлэл хэмээх агуу ухааныг хөгжүүлэхүй дор улс гүрэн ямар их хүчирхэг болдгийг бэлхнээ толь мэт харж болно гэж бодохын сацуу тэр эрхэм хүн Оросын сурвалжит, удам дамжсан лингвист бөгөөд Оросын ШУА-ын Хэл уран зохиолын салбарын сурвалжлагч гишүүн, Оросын Хүмүүнлэгийн Их Сургуулийн Дорно дахины эртний үе, соёл судлах Институтын Компаравистикийн Төвийн эрхлэгч, Оросын ШУА-ын Хэлний Институтын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Нидерландын Лейдений Их Сургуулийн хүндэт доктор цолыг хүртсэн, түүнчлэн 5 настай байхдаа ахлах ангийн бүтцийн болон хавсарга лингвистикийн салбараас зохиодог хэл хийгээд математикийн олимпиадад оролцож түрүүлж байсан гоц ухаантан байсан ба түүний дэд эрдэмтний зэрэг горилсон “Эртний хятадын фонологи системийг нөхөн сэргээхүй” бүтээлд шууд докторын зэрэг санал болгож байсан хийгээд тэрбээр хар залуугаараа Оросын ШУА-ын сурвалжлагч гишүүн болсон асар удалгүй Санта-Фа Институтэд урин ажиллуулж, тэндээ олон улсын хэд хэдэн төсөлд амжилттай оролцсоны учир физикийн Нобелийн шагналд нэрийг нь дэвшүүлснийг гайхавч баршгүй бөгөөд хэлний хүнийг Нобелийн шагналд нэрийг дэвшүүлсэн дэлхий дээрх анхны тохиолдол гэдгийг онцлон дурдах гэхүй ану ямар ч бичгийн хүний нэр төрийн хэрэг хэмээн санахын хамтад эрхэм хүндэт Старостины мөрөөдөл бол Homo Safiens-ын өвөг хэлийг сэргээн ойртуулах хэмээсэн хэт давруун хүсэл байсан агаад гэтэл тэрбээр 2005 оны 9 дүгээр сард нас барсан боловч түүний шавь нар В. А. Дыбо нарын зэрэг авхай түүний нөр их ажлыг энэ хир амжилттай үргэлжлүүлж байгааг дурдах нь зүйн хэрэг буй за.
Эрхэм нөхөр Старостин болбаас глоттохронологи гэж хожим нэрлэгдсэн гайхамшигт аргыг шинжлэх ухаанд нээж, нэгэн амьдрах заяанд нэгэн хүний хийж чадахаас хавьгүй ихийг бүтээсэн хэмээж дэлхий дахинд болон түүний нөхөд шавь нар үздэг агаад түүний хийж бүтээж, нээн туурвисныг нэн ихээр товчлон, зөвхөн манай Монголд хамаатай, холбоо сүлбээтэй байж болох гэж өөрийн үзсэнийг сийрүүлбээс:
нэгд, эртний хятадын яруу найраг хийгээд бусад өгөгдөхүүнд буй рифм буюу дуурсан зохицохуйг шинжилсний үндсэн дээр эртний хятадын фонологи буюу дуу авианы системийг нөхөн сэргээсэн;
хоёрт, хятад-түвд өвөг хэлийг сэргээх явдлыг ихээхэн дөхөм болгосон;
гуравт, умард кавказ хэлний бүлийг анх удаа нөхөн сэргээж, умард кавказын этимологийн буюу үгийн гарвалын толь зохиосон;
дөрөвт, мөхсөн енисей хэлийг судалж, өвөг енисей хэлийг нөхөн сэргээсэн;
тавд, энэ гурван нөхөн сэргээсэн бүтэц дээрээ тулгуурлан тухайн үед гэнэтийн, үнэмшимгүй зүйл болох хятад-түвд, енисей, умард кавказ хэлнүүд төрөл болох баримтыг нээсэн. Ингээд тэдгээрийг сино-кавказ макро бүлд нэгтгэсэн;
зургаад, япон хэлийг алтай хэлний бүлэгт хамаарахыг тогтоосон;
долоод, алтайн хэлний бүлэг оршин байгааг нотолсон, бараг гурван мянган язгуур бүхий алтайн хэлний этимологи буюу үгийн гарвалын толь бичиг хэвлүүлсэн ба энд түрэг, монгол, тунгус-манжуур, солонгос, япон хэл орсон;
наймд, индоевроп хэлний ангийн парадигмийн шинэ шинэ нөхөн сэргээлтийг санал болгосон;
есд, эртний хэлэн дэх соёлын зээлдэл дээр тулгуурлан Өмнөд Азийн ард түмний өвөг эх орон, соёлын түүхийн асуудлыг судалсан зэрэг болмуй.
Эрхэм нөхөр Старостины агуу их хийгээд алдарт “Реконструкция древнекитайской фонологической системы. М., 1989” буюу монголоор “Эртний хятад хэлний фонологи (дуу авианы) системийг нөхөн сэргээхүй” ном 1989 онд Москва хотноо анх удаа хэвлэгдсэн бөгөөд эдүгээ Алтайн хэлийг судлах гэсэн хэн болгоны ширээний ном болсныг энд үл өгүүлэн өгүүлэхэд манай Монголд 1989 онд ардчилсан хувьсгал хийгээд шинжлэх ухаан бодох завтай зайтай хүн тун цөөхөн байсан нь мадаггүй үнэн ба түүнээс хойш шинжлэх ухаан бүхэлдээ уналтад орж, ялангуяа хэл шинжлэл сөнөхийн ирмэг дээр тулж ирсний учир энэхүү үнэт номыг Монголд уншсан хүн байтугай, үзэж харсан хүн цөөхөн гэж сэтгэсний учир ийн өгүүлж буй бөгөөд хэлтгийдэн омтгойдсон ахул өчүүхэн намайг өршөөн хэлтрүүлэх нигүүлсэнгүй сэтгэл гаргахыг хичээнгүйлэн гуйхын ялдар дор Старостиний энэхүү этимологи буюу үгийн гарвалын толиос эртний монгол үгсийг сэргээн судлах боломжоо алдуужин хэмээн сэрэмжлүүлэхийн учрыг дахин дахин айлтганам, дахин дахин гэхийн учир юун хэмээвээс өнөөгийн монгол хүний олонхийн ухаан хомс, бодол охор, сэтгэл бачим болсон нь даанч гасламаар болж, эрдэм ном, эрүүл ухааныг бараг дайсагнан үзэх болсны тул ийн үйлдэжэхүй.
Байхгүй хэлийг сэргээхүй
Эрдэм номыг үйл ойшоогч олон хүн эртний хятад хэлний фонологи буюу дуу авиаг нөхөн сэргээх нь монголчууд бидэнд юуны хамаатай хэмээн монгол зангаар мэдэмхийрэн чалчих нь ердийн хэрэг боловч монголын эртний түүхэн сурвалжууд Сыма-Цяны “Түүхэн тэмдэглэл”-ээс эхлээд бүгдээрээ шахам эртний хятад хэлээр байдаг бөгөөд эртний хятадын ханзны дуудлага ойролцоогоор 300 жил тутам өөрчлөгдөж байдаг учраас эртний дуудлага, одоогийн дуудлага хоёр ихээхэн зөрж, эрдэмтэн судлаачдад зовлон удахын учир, эртний хятад дуудлагыг сэргээх гэтэл тэр үеийн хүн байхгүй учир арга тасраад байтал гэнэт нэгэн их сайн арга эрдэмтэд бодож олсон ба энэ нь юун хэмээвээс япон, солонгос, вьетнам зэрэг дүрс бичигт ард түмэн бүгдээрээ хятад ханз буюу бичгийг зээлдэн авсан ба ингэж зээлдэх үедээ хятад ханзны түүхэн дуудлагыг хадгалан санаж үлдсэн байна хэмээн үзээд эдгээр улсын эртний ханз үсгийг харшуулан судлах аргаар эртний хятадын ханз үсгийн дуудлагыг нөхөн сэргээх болсон ба энэ арга нь ярихад амархан мэт боловч үйлийн лайтай ихээхэн хүнд хэцүү ажил байдаг хэмээн эрдэмтэд нэгэн дуугаар зөвшөөрдөг ба энэ мэт харьцуулах, харшуулан судлах аргаар байхгүй, мөхсөн хэлийг хүртэл нөхөн сэргээж болдог болсон нь орчин үеийн шинжлэх ухааны гайхамшиг хэмээн түүгээр бахархаж болох буй за гэхийн ялдам дор дээр дурдсан эрхэм нөхөр Старостин алтай хэлийг нөхөн сэргээх талаар нөр их ажил хийж саяхан болтол мөхсөн хэмээн үзэж байсан енисей хэмээх хэлийг нөхөн сэргээж чадсан болохоор түүний тухай нуршихийн учир энэ бөгөөд эдүгээ түүний үйл хэргийг түүний шавь нар хийгээд хамтран зүтгэгчид нэр төртэй үргэлжлүүлж байгаагийн дотор Оросын ШУА-ын Хэл Шинжлэлийн Хүрээлэнгийн Урал-Алтай хэлний салбарын эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Оросын Хүмүүнлэгийн Улсын Их Сургуулийн Компаративистикийн Төвийн профессор, Оросын ШУА-ын сурвалжлагч гишүүн Анна Владимировна Дыбо хэмээх авгай онцгой ялгарч буй бөлгөө.
Санаа зовохын учир
Эдүгээ “шаньюй” хэмээн уншиж байгаа манай Хүн улсын хааны цолыг дээр өгүүлсэн нөхөн сэргээх аргаар унших аваас эртний хятадад тэрхүү ханзыг “танва” хэмээн уншдаг байсан ба энэ нь “өргөн уудам”, бүр цаашилбал “дархан” хэмээн тайлбарлагдах “тэнгэртэй” гэсэн утгатай үг хэмээн тайлагдаж байгааг цааш үргэлжлүүлбэл хятадаар ч, монголоор ч ойлгож боломгүй олон үгийн учрыг тайлж, утгыг нягталж, эх түүхээ сайтар ойлгож бичихэд үлэмж дөхөмтэй ажгуу. Түүнээс гадна монголын “дархан”, “дарга” гэсэн үгс нэг язгууртай мэт хэмээн орос эрдэмтэд тайлбарлаж буй нь ихэд олшуурхууштай боловч би угаасаа хэлний мэргэжилтэн биш, мэдэх чадах зүйл өчүүхний учир санаа зовох асуудал байгаа мэт санагдах ба энэ нь юу хэмээвээс түрэг монгол хэлний харьцааны асуудал бололтой хэмээгээд сайн судлах ёстой хэмээн бодож хэлний сайн хүн хайвч энэ нь монголд байхгүй юм байна гэсэн гунигт дүгнэлтэд хүрээд байгаагаа өргөн олондоо сонордуулж байна.
Хэлний хүмүүс хэрхэн мундаг ажил хийж, хэрхэн чухаг үүрэг гүйцэтгэж, хэрхэн улс орондоо тус нэмэр болдгийг бид дээр дурдсан ганц жишээнээс толинд харах мэт тов тодорхой харсаар бөгөөтөл янагш монголын хэлний мэргэжилтнүүд хэмээн өөрийгөө хэтийдтэл өргөмжилсөн ухвар мөчид хүмүүс цагаан толгойнхоо 35 үсгийг нэмж хасах хэрүүлээс өөр бодох зүйлгүй, өдөр хоногийг аргацааж гиюүрэн суугааг харахад бөөлжис хутгам, тэдний ном хэмээн нэрлэсэн хэрүүл будлианы бичвэрийг ухаан санаа эрүүл хүн яахин худалдаж авах, энэ чинь үндэсний эмгэнэл бус уу хэмээн өөрийн эрхгүй гуниглан бодохын хамт монголын одоогийн хэлний мэргэжилтэн хэмээх үлэмж хоцрогдсон, хэлний вант улсууд байгуулсан, цол хэргэмээ дааж ядсан, цол хэргэмээс өөр эрдэмгүй нэр бүхий хэдэн феодалуудыг зайлуулан арилгаж, хэлний салбарт жинхэнэ ардын шинэ засаг тогтоох замаар эх монгол хэлээ бадруулан хөгжүүлж, хэл шинжлэлийн ухаанаа цоо шинээр цэцэглүүлэн мандуулж болмой, өөр зам бидэнд үлдээгүй гэж мунхаг ухаандаа бодож суунам.
Эрдэмтэн мэргэн хүн үгүй, нэгэн болгон хамтатгах хэлний шинжлэлийн суурь бүтээл ор үгүй болбаас монгол хэлийг нэгэн дор зангидан хөгжүүлж яахин чадна. Улс төрийг эелэх эвлэх эрдэмтэн үгүй, эрдэм ухаан мөчид болбаас хэрхэн улсыг байгуулж чадмой.
Учир иймийн тул Монголын шинэ Хэл Шинжлэл мандан бадрах болтугай, Хурай, Хурай…
Судлаач Х.Д.Ганхуяг
Усан Могой жилийн өвлийн дунд сарын 17-ны шарагчин хонь өдөр буюу
Европын 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үзэглэж дуусгавай.
Гоё нийтлэл болсон байна. Ганаа ах амжилт хүсье
Чихний чимэг болсон аялгуут сайхан монгол хэл минь, Баярлалаа танд эрүүл энх, улам их амжилтыг хүсье
Хэрвээ сайн судалвал Ойлголтын маш олон өөрчлөлтүүд явагдах нь гарцаагүй бололтой.Сонирхолтой юм. Гэхдээ хүнд гэдэг нь ойлгомжтой.
Их бэлэгт ахын энэ цагийн болоод ирэх хойч үеийн монгол түмний төлөөх чин ариун сэтгэл, энгүй саруул ухаан, гүн бат мэдлэг, хугараагүй ноён нуруунд мунхаг дүү би вээр сөгдөн хүндэтгэхийн ялдамд бага дори дүү нартаа бахдам түүнээс үлгэр аван суралцаж ашдын үйл хэргээ зохиож явахыг захимой. :o)
Ганаа ахдаа Европ тооллын Христийн мэндэлсний 2014 оны шинэ жилийн мэнд хүргэж эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.
Хэлний асуудал ийм байж, Монголд шинжлэх ухааны асуудалд цол хэргэмээ дааж ядсан хэдэн феодал суучихаад чадварлаг залуусыг хоолыг нь булаах гэж байгаа цөөвөр чоно мэт үзэн өөрсдийг нь дулдуйдан дагагчид болон юмны учрыг гүйцэт таниагүй залуусаар судалгаа шинжилгээ хийлгэх аядан тайлан бичих төдий л ажил хийж байна даа
Ганаа ахдаа үнэхээр их баярлалаа. Эх бичгийн хүмүүс ээж аав юугаан эргэн учирсан мэт боллоо. Таны орчин цагийн монгол хэлээр сайхан туурвисан сийрүүлээс үзэхэд ину өчүүхэн дүүд нь Еншөөбүү Ринчин их авайн бичлэгийн хэлбэрийг эргэн харсан мэт санагдсан бөгөөд ганц нэгэн үг давхцсан тулаасыг олж харсан гэмийг минь мэргэн ах хэлтрүүлж ажаам уу. Та бүхэн хэрвээ дээрх сурвалжийг анхааран тольдвоос эрт цагийн монгол хэлний зүй тогтол нь тухайн ардын сэтгэлгээг гүнээ илэрхийлэхийн ялдамд хүний амьдралын зөв замын эхэн болох мэдлэгийн хөтөч-эх хэл юугаан судлан шинжлэхээс эхлэхийг ухаарах нь юутай үнэтэй өв их эрдэнэ болохыг мэдэхийн сацуу хүмүүний амьдралын өчүүхэн мэт харагдах мөч нь хичнээн хайр хүндэтгэлээр дүүрэн байдгийг мэргэн ахын туурьвалаас ухан ойлгож болно….
egshiglent yaruu mongol hel gej zugeer ch neg hleegui bololtoi
шанью гэдэг нь сайн хүн гэсэн утгатай гэж 10 жилд заалгаж байваа хөөрхий.
Юу нь буруу байгаа юм. Шинжлэх ухаан хөгжиж байна ш дээ…
Uneheer oor “heleer “bichij ee, unshihad uramtai, bal buram shig l”amttai” baiv. :))
Хэл судлал гэж аймаар юмаа. Рифм гэдгийг “дуурсан зохицохуй” гэж хэлдэг болохыг сурч авлаа. Баярлалаа.
Нөр их ажлын хажуугаар Ганаа ахын блогоор байнга эргэлдээтэй байдаг боллоо… Өөрийгөө хараад байх нь ээ, хэдэн чанартай ах нарын бичсэн туурвисанг их уншдаг шиг байгаа юм. Харин нэг удаа гэнэдээд 90-ээд оны тунгалаг тамир уншаадахсан чинь тохиролцооноос “хужиао” чихэр идсэн мэт эвгүй сэтгэгдэл аргагүй төрсөн гэж… Соц нийгмийн үеийн үнэн үг хэлж чаддаг зохиолч нарын нэг Жигжидийн Бямба авгайн хорвоогийн өнгийг хүүхэд байхад уншсан санагдана. Хүний амьдралыг ямар хурдан нэг номонд багтваа гэж бодож байсан чинь, хүүхэд нас идэр ахуй, байрагших гэх мэтийн процессуудыг туулан яваагаа эргээд харахад нээрээ л бас богино бололтойдог уу даа. За энэ бол гол пойнт биш байлаа. Дээр Ганаа ахын форумд бүтэх бүтэхгүйн тухай бичихэд мэргэн ахын хариу зөвлөгөөг хараад үнэхээр бахдах сэтгэл төрсөн билээ.. системийн анализ гэдэг ёстой амар биш боорцог гэдгийг энгийн цөөхөн үгээр топ хийтэл тайлбарлачихсан. Ээ сурах зүйл мөн ч их байна даа… Харин яаж гэдгээ л олдоггүй…
Өвөр монголын эрдэмтэн Пунсаг билүү Пунсал билүү. Тэр хүн хэлж байсан ш дээ. Хятад хэлэнд “С” үсэг “Х” үсгээр уншигдах тохиолдол олон байдаг гээд жишээлбэл, “Синган”-ны нуруу гэж бичээд “Хянган”-ы нуруу гэж унших гм. Тэгээд “Шанью” гэж бичсэнийг “Ханью” гэж уншиж болно. “Ханью” гэдэг нь Хан, Хаан гэдэг монгол үгийн эртний хувилбар гэсэн зүйл ярьж байсан.
Уг нь монгол хэлний дуудлага хийгээд авиа шилжих Рамстедт-Пельо-гийн хууль гэж байдаг. Үүнийг эсрэг “хууль” ч гараад байгаа. Эдгээр “хуулиуд” асар их олон жилийн судалгаан дээр гардаг. Харамсалтай нь манай эрдэмтэд ч үүнийг судлахаа байсан, тэгэхлээр энгийн Та нар ор тас мэдэхгүй байх нь аргагүй. Гэхдээ бага шиг мэдэмхийрээч гэж хүсч байна.
Ta medehgui sedveere ih bichih yum daa avia shiljih ramstedt peliogin hul gej bhgui shuu bi ooro ene sedveer sudalgaa hiij bsan erdemten bn aa
Байдаг юм аа. Харин чиний судалгаа “хийж байсан” гэдэг чинь утгагүй байна. Тэгээд сэдвээ “хаячихаагүй” бол бичсэн “юм” чинь хаана байна ?! Нэр чинь ч байхгүй, бичсэн “юм” чинь ч байхгүй чамайг бол би нохойн баас л гэнэ дээ…
Старостин чиг мундаг нөхөр бололтой доо олж уншихыг хичээе танд баярлалаа сайн зүг зааж өгсөнд
Эдүгээ “шаньюй” хэмээн уншиж байгаа манай Хүн улсын хааны цолыг дээр өгүүлсэн нөхөн сэргээх аргаар унших аваас эртний хятадад тэрхүү ханзыг “танва” хэмээн уншдаг байсан ба энэ нь “өргөн уудам”, бүр цаашилбал “дархан” хэмээн тайлбарлагдах “тэнгэртэй” гэсэн утгатай үг хэмээн тайлагдаж байгаа….
Za tiim bailgui dee. Yaaj ch bodood xunnuchuud turgeer yaridag bailaa ch gesen xaaniigaa shanyu gej xaanaas ni ch xarsan xyatadaar duudaxgui gej bur bodood, gaixaad baisiin. Tuuxend ali neg ulsiin xaaniig tuxain uls yu gej duudaj baina, teruugeer ni l bichij uldeedeg baisan daa. Xuandi, Shax, Emir, Khan… gexchlen
сайн байна уу? таниас нэг зүйл хүсэх гэсэн юм. монголчууд хэл, ганцхан хэлээр зогсохгүй бусад зүйлдээ яагаад ийм авъяастай байлаг талаар та надад яриа өгөөч. япон улсын эргэдэд зориулж нэвтрүүлэг хийх гэсэн юм. монголчуудын сурах арга барил, ой тогтоолт, сэтгэхүй, гээд л сайн талыг харуулсан. хариу хүлээж байя.
Нүүдлийн мал аж ахуй маш их анхаарал, баясалгал шаарддаг. Хэрэв чи одот тэнгэр ажиглахгүй бол ган зуд болохыг мэдэж чадахгүй. Энэ бол астраномын мэдлэг. Хэрэв чи өвс ургамал ажиглахгүй бол малаа өсгөж чадахгүй. Энэ бол ургамал судлал. Хэрэв чи малаа сайн ажиглахгүй бол өсгөж чадахгүй. Энэ бол мал аж ахуй, анагаах ухаанын мэдлэг. Энэ бүх мэдлэг ухаан дан дангаараа биш, олон үеийн ажиглалт, туршилт дээр бий болдог. Энэ бүх орчинд монгол хүн төлөвшдөг. Хэлбэр нь бүдүүлэг байж болох ч агуулга нь гүн гүнзгий. Тийм болоод монгол хүн ямагт ухаантай байдаг.
таны яриа хальсаар байх хэрэгтэй л дээ. хэрэв таныг зөвшөөрвөл би асуултаа бэлдэж очоод таниас ярилцлага авах ёстой юм л даа.
Би ямар ч ярилцлага өгдөггүй. Ялангуяа гадаад хэвлэл мэдээлэлд бол бүр ч өгөхгүй…
ай мөн сайхан нийтлэл уншлаа. их баярлалаа.
Гялайлаа