АЙДАС, АЙ ЯА ЯА…
2009/04/24 2 Comments
Сүүлийн хэдэн жил надад сайн болон муугаар ханддаг хүмүүсийн ганц хэлдэг юм нь “болгоомжтой байгаарай”, “сайхан мэдээрэй”, “цаадуул чинь яаж ч мэднэ шүү” гэсэн бараг ижилхэн үгс юм. Яагаад ? Сүүлийн үед “утсыг чинь чагнаж байгаа шүү”, “компьтерийг чинь IP-ээр нь олчихно шүү” гэж хэлэх нь олшров. Хүмүүс нэг л айдастай болчихож. Ийм айдас нийгмийг хамарсан сэтгэл зүйн түгээмэл үзэгдэл болсон нь илт учраас энэ тухай өгүүлэхээр шийдэв…
Хүн болгон айдаг
Хүн болон алив амьд амьтан, заримдаа ургамал ч хүртэл амьдрал хэмээгч АГУУ зүйлээ хамгаалах төрөлхийн зөн билэгтэй байх.
Айдсыг амьдрал, эрүүл мэнд, ойр дотнынхон болон эрхэмлэл болсон бусад зүйлд нь аюул занал, эрсдэл учруулж буй бодит ба бодит бус нөхцөл байдалд үзүүлэх хүний жам ёсны хариу үйлдэл юм гэж тодорхойлж болно.
Мэдээж өөр маш олон тодорхойлолт байгаа нь айдсыг шинжлэх ухаан одоо болтол тайлж чадаагүй гэсэн хэрэг л дээ.
Айдас нь өөр рүүгээ чиглэсэн, болоогүй буюу нүүр тулаагүй, сөрөг сэтгэл хөдлөл юм. Зөвхөн Та айж байгаа учраас өөр рүүгээ чиглэж байгаа юм, шууд тулаагүй учраас болоогүй гэсэн хэрэг, сөрөг гэдэг нь нэг л таатай биш байдагт оршино.
Айдас нь хүний тэсэн амьдрах тэмцлийн нэг салшгүй хэсэг мөн. Балар эртний нэг нөхөр арслан заантай тулгарчээ. Энэ бол нэг талаас айдас, нөгөө талаас олуулаа нийлж түүнийг агнах нь эр зориг. Ер нь бол амьдралын утга учир. Ингээд л музейд байгаа зурган дээрх шиг сүргээрээ нийлж аваад арслан заантай үзэж тарна даа. Энд бид айдас нь эр зориг болон хувирч байгааг харж байна.
Өөрөөр хэлбэл айдас, эр зориг хоёр сүлэлдэн байх нь хүний амьдралын салшгүй хэсэг бөгөөд айдастай хийх тасралтгүй тэмцэл мөн. Магадгүй хүнд айдас хэрэгтэй байж ч болох. Яагаад гэвэл тэр хүнийг болгоомж, сэрэмж, туршлага зэрэг чухал олон зүйлсэд сургаж байна.
Айдсыг түгшүүр, айдас, аймшиг, айдсын дон (фобия) гэхчлэн маш олон хувааж үздэг боловч эдгээрийг гүнзгийрүүлэн судлах нь эрдэмтдийн ажил буй за. Ямар ч гэсэн энэ удаад эдгээрийг бүгдийг нь айдаст нь багтааж маш бүдүүн тоймоор авч үзье.
Эхлээд биологийн айдас байна. Ухаандаа хулгана, могой, харанхуй, гүнзгий, өндөр, өвчин, аянга цахилгаан зэргээс хүн айж болно. Ийм шалгаан мундахгүй бөгөөд тоолж баршгүй. Энэ нь түгээмэл бөгөөд хүний төрөлх шинж байх.
Хулгана мэдээж хүнийг алчихгүй боловч олонхи хүн түүнээс үхтлээ айдаг. Харин могой бол өөр хэрэг. Гэхдээ л могойтой шууд учирсан, хатгуулсан хүн цөөн боловч олон хүн түүнээс айж байдаг. Энэ ч гэсэн хүмүүн заяатанд бас л хэвшмэл байдаг үзэгдэл.
Дараа нь метафизик айдас гэж байна. Ухаандаа уйтгарлан гуниглах, санаашрах, ганцаардах, үхлийн тухай үзэл зэрэг болно. Энийг мэдээж бид хөндөхгүй.
Бидний сонирхлыг хамгийн их татаж буй айдас бол нийгмийн айдас болно.
Хэрэв Робинзон Крузо л биш бол хүн эхлээд гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, нийтлэг зэрэг жижиг бүлгүүд, мөн байгууллага, институт, үндэстэн, нийгэм зэрэг том бүлэгт хамаарагдах бөгөөд энд тоо томшгүй олон харилцаа үүснэ. Энд түрүүчийн ярьдаг биологийн айдсаас уламжлалтай айдсын асар олон шинэ төрөл үүсэх нь мэдээж юм.
Өөрөөр хэлбэл хүн болгонд айдас байдаг. Хэрэв нийгмийн айдас нь байнгын бөгөөд тогтмол шинжийг олон аваас тэр нийгэм хувь хүний дайсан болж байгаа нь тэр…
Нийгмийн айдас
Хүн хотжих тусам биет байдлаар туйлын ойрхон бөгөөд нягт амьдрах боловч ганцаардал гэгч сэтгэл зүй болон үйлдэл ихээхэн нэмэгддэг. Энэ асуудлыг судалдаг социологи, сэтгэл зүйн тусгай салбар ч бий.
Ерөнхийдөө бол ганцаардал нь айдсын нэг гол эх үүсвэр олно. Та өдөр болгон хар мянган хүнтэй уулзаж учрах боловч энэ нь мөн чанарын хувьд хэт аминч шинжийг агуулсан учраас түүнийг бараг айдас, болгоомжлолын харилцаа гэж үзэж болно.
Нисэх онгоц хэзээ унах, галт тэрэг хэзээ мөргөлдөх, машин хэзээ осолд орох, хэн хаанаас гарч ирээд юу хийх, яадаг бол гэдэг нь тухайн хүнд одоохондоо тодорхойгүй боловч ямар ч гэсэн “бодитой” зүйл бөгөөд энэ бол айдсын төрлүүд мөн. Нийгмийн ийм социал айдсыг бас л тоолж баршгүй.
Тэгээд яах ёстой гэж ? Түүнийг бүр мөсөн арилгаж болдоггүй юм аа гэхэд аль болох боломжит хэмжээнд хүртэл бууруулахын төлөө тэмцэх ёстой.
Хүн болон нийгэм хоёрын харилцаан дунд нийгмийн айдас үүсэх бөгөөд үүнийг социал, эдийн засаг, улс төрийн болон оюун санааны хэмээн хүрээгээр нь ангилж болно.
100-аад жилийн өмнө монголчууд “нүгэл” гэсэн ганцхан зүйлээс айдаг байсан цаг бий. Энэ нь буг чөтгөр зэрэг үүнээс уламжилсан айдсын объект оргүй байсан гэсэн үг огт биш. Бусдаас нь нэг их айгаад байсан нь юу л бол ?! Харин байгальтай хэт ойр байснаас болоод хувь хүний болон нийгмийн айдас нь холилдчихсон байж магадгүйг нягтлан судлууштай.
Социализмын үед ч гэсэн нэг их айгаад байх юмгүй байсан санагдана. Энэ нь тэр үед айдас огт байгаагүй гэсэн хэрэг биш. Нам, төрөөс айдаг байсан.
Харин зах зээлд орж, мөнгө шүтэх үзэл хэт тархсны улмаас бие биенээсээ айх болов. Эхлээд “бүргэд” хаалга хийлгүүлж авав, дараа нь хөршийн давхар хаалгаа хийлгүүлэх болов. Өмчөө хамгаалах гэсэн нэртэй энэ айдсыг дарах бизнесийн системийн нэг хэлбэр нь дохиолол хамгаалалтын болон бие хамгаалах албадууд болно. Дараа нь орцондоо кодтой том гэгчийн төмөр хаалгатай болж авав. Мөн ардчилал гээд даргаасаа айдаг өвчтэй болов. Ингээд амар тайван болсон уу ? Мэдээж үгүй. Айгаад л, хамгаалаад л, улам тусгаарлагдаад л байдаг, айдас нь улам нэмэгдээд л байдаг…
Эрхбиш нийгэмд байгаа хүн юм чинь гадагш гарч амь албаны олон ажил хөөцөлдөх ёстой болно. Энд ч гэсэн аюул занал дүүрэн. Аль ч нийгэмд ийм байдаг.
Хэрэв дайн самууныг эс тооцвол манайх шиг замбараа задагаа алдсан, алхам тутамдаа айдас, түгшүүртэй нийгэм гэж байхгүй л болов уу.
Хоол идээд, архи уугаад үхчихээд байхаар чинь хүн айлгүй яадаг юм ?! Бизнес хийх, зээл авах, мөнгөө банкинд хадгалуулах болгонд л эсвэл шатаад, эсвэл хулхидуулаад байхад хүн мэдээж айж л таарна даа. Эсвэл зүв зүгээр гэрээсээ гараад орой нь дээрэмдүүлэхгүй, алуулахгүй гэх баталгаа огт байхгүй тохиолдолд хүн хүнээсээ айж л таарна. Ажлаасаа халагдах гэхчлэн нийгмийн олон айдас буй.
Айдастай холбоотой олон үзэгдэл байдгийн заримаас тоочвол болгоомжлол, хаширлал, эрсдэл, сонголт, стресс, гажуудал, амиа хорлолт, ганцаардал, зожигрол зэрэг болно. Дашрамд дурдахад социологи, психологийн уулзварт буй энэ сэдвээр судалгаа хийвэл залуучуудад мөн ч их хэрэгтэй юмсан.
Манай монголын нөхцөлд социал айдсыг олон ангилж болох боловч түүний гол эх үүсвэр нь монголын төр мөн.
Мөн чанараараа ч, үзэл санаагаараа ч, ажлын арга барил, дадлаараа ч, үйл ажиллагаагаараа ч монголын төр бол айдсын мангас мөн.
Монгол айдас
Ихэнхи тохиолдолд бидний саналыг луйвардсан, хууран мэхэлсэн эрх баригчид төрийг төлөөлж, сүүлдээ манийгаа айлгадаг болж байна. Энэ ч их эртнээс эхтэй.
Уламжлалт нийгэмд язгууртан, ихэс дээдсийн эсрэг тэмцвэл “ноёнтой өштэй хүн хонгогүй, нохойтой өштэй хүн хормойгүй” болдог байлаа.
Социализмын үед бол мэдээж “намын бодлогын эсрэг”, “эсэргүү”, “тэрс үзэлтэн” зэрэг монгол хоч, улмаар оппортунист, анархист, шовинист зэрэг гадаад хоч зүүж ёстой муугаа үздэг байлаа.
Харин одоо бол эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө бол “хүний амь хорхойн чинээнд ч үл хүрэх” болж байна. Энэ нь бодит байдал мөнөөс мөн учраас “айсан хүнд аргал хөдөлнө” гэсэн зохиомол айдсын хүчтэй төлөв байдал руу орчихож байгаа юм.
Энэ бүгд нийлээд монгол айдас болж байгаа юм.
Төрөөс айхуй
Ер нь аливаа төр бол хүчирхийллийн машин юм. Үүнийг олон улс орны олон үеийн олон түүх нотолдог. Дорно дахин болон Монголд төрийг хамгийн дээд төгс, хүчирхэг зүйл гэж үзэхээс гадна түүнийг хүнээр төлөөлж ойлгодог менталитеттэй. Энэ нь одоо ч буй. Төр бол хүн биш гэдгийг олон хүн мэддэг боловч төрийн тэргүүн гэмэгц л хулхи нь буучихдаг айдсын гажигтай юм, манайхан…
Төрийг хувь хүний буюу явцуу бүлгийн эрх ашиг, ааш араншингаас үл хамаат болгох, зөөлрүүлэх, шударга болгох гэсэн олон зууны хүсэл мөрөөдөл, тэмцлийн үр дүнд ардчилал гэж зүйлийг хүн төрөлхтөн бодож мэт байдаг.
Манай нэн шинэ түүхийг аваад үзэхэд л төрийн дарангуйллын оргил үеүд нь 1932 оны “эсэргүү” бослого, 1937 оны хэлмэгдүүлэлт, 1960-аад оны “сэхээтний төөрөгдөл” зэрэг болно.
Нэг сайн хядаж авчихаад л бусад үед нь төрийн машинаар айлган сүрдүүлж, дарамталж, хэлмэгдүүлэх нь нь бараг цикл шинжтэй болчихсон юм. Энэ нь ор мөргүй алга болоогүй, харин ч монголчуудын сэтгэл зүйд айдсын комплексийг бий болгосон, нөгөө талд нь монголын ямар ч төр түүнийг нь далимдуулж айлгадаг зуршилтай болжээ.
Харин 2009 оны 7 дугаар сарын 1-нд монголын ардчилсан хэмээгдэх төр дарангуйллын шинж чанартай болсноо ил тод харуулсан юм. Ардчиллын 20 жилийн түүхээ эргээд нэг харсан чинь монголын төр нэг дарангуйлагчийн мэдэлд бүрэн орчихсон байх нь тэр. 7 дугаар сарын 1-ний үйл явдлыг төрөөс, шууд яривал цөөн зарим эрх баригчдын зүгээс зориудаар зохион байгуулсан гэж би хэлэхээрээ нэг болсондог…
Төр бол хүчирхийллийн машин боловч хууль, ёс суртахуун, нийгмийн хэм хэмжээний дагуу, бас олон нийтийн хяналтын дор үүнийгээ үйлдэх ёстой бөгөөд төрийг чухам ийм болгохын тулд бид 20 жилийн өмнө ардчилал гэсэн замыг сонгосон бөлгөө.
Гэтэл энэ хугацаанд төр хуучин байдалдаа орсоноор үл барам, олон талаараа түүнээс долоон дор болжээ. Цаг хугацаа XXI зууныг заагаад байхад бид өөрийнхөө сонгож байгуулсан төрөөс айдаг болжээ. Уг нь хуулиас, ёс суртахуунаас л айж баймаар…
Даргаас айхуй
Нэгэн жишээ. Би нэг найзындаа очоод байтал ач нь үймүүлээд болдоггүй ээ. Тэгсэн чинь манай найз над руу зааж байгаад: “Энэ хүн манай дарга шүү. Чамайг үймүүлээд байвал өвөөг чинь аваад явчихна шүү” гэж хүүхэд айлгадаг амьтан юм байна, өнөөх чинь…
Ганцхан энэ өгүүлбэрт манайхны арчаагүй менталитет, айдсын далд ухамсаргүй шинж тод илэрч байна.
Даргаараа хүүхдээ хүртэл айлгаж хүмүүжүүлдэг манайх шиг хөгийн нийгэм тийм ч олон биш болов уу. Үнэхээр манай дарга болон дарганцарууд хүн айлгаж, дарамтлахын сонгодог жишээ мөн л дөө.
Одоо бол даргаасаа айна гэж жигтэйхэн. Дарга гэсэн монгол ухагдахуун ихээхэн олон салаа утгатайг хүн болгон мэдэх боловч тэрхүү “хүүхэд айлгадаг” дарга нь дээд даргаасаа айх гэхчлэн шаталсан айдас үүсч, энэ нь нийгмийн бүхэл бүтэн анги, үзэгдэл болсныг бид огт анзаараагүй явж иржээ.
Утаснаас айхуй
Олон хүн надтай суурин болон гар утсаар ярих. Тэдний дийлэнхи нь “Энэ бол утсаар ярих асуудал биш”, “Уулзаж байгаад яръя даа” гэх. Бодвол өөрийгөө чагнаж байгаа гэж бодоод байгаа бололтой. Тэгээд уулзахаар ярих гэсэн “нууц юм” нь өөрийнх нь гомдол, эгдүүцэл, даргадаа уурласан уур л голдуу байх.
Мэдээж аль ч улсад төрийн тогтвортой байдлыг хангах, төрд аюул учирсан нөхцөлд тагнах чагнах нь мэдээжийн хэрэг. Тэгээд хүн болгоныг чагнаад байдаг хэрэг үү ?!
Сүүлийн мэдээгээр монголд 250.000 гаруй суурин утас, 1,5-1,6 сая гар утас ашиглаж байна. Эндээс “улс төр-эдийн засгийн ач холбогдолтой” 50.000 хүн байна гэж багцаагаар бодоод үзье.
Энэ тохиолдолд ч гэсэн нэгд, эдгээрийг бүгдийг нь чагнаад сууж байх техникийн боломж манайд огт байхгүй, хоёрт, чагналаа гэхэд тэр асар их мэдээллийг боловруулаад, ангилж шинжлээд сууж байх үй олон боловсон хүчинтэй, тийм их завтай зайтай хүчний байгууллага гэж огт байхгүй, гуравт, ихэнхи хүмүүсийн яриа төрд бухимдсан, зарим эрх баригчдыг шүүмжилсэн нийгэм-ахуйн энгийн асуудал л байдаг юм.
Хүчний байгууллагын нэг нөхөр эхнэрийнхээ яриаг сонсож, нууц амрагийг нь илрүүлэх гэсэн “ажиллагаа” явуулж байсан инээдэмтэй тохиолдол сонсогдож л байсан.
Эндээс үзэхэд суурин болон гар утас чагнах явдал бол түгээмэл зүйл огт биш нь тэнэг хүнд ч ойлгомжтой. Хэрэв чагнасан бол Үндсэн Хууль болон бусад хуулинд заасан хүний эрхийг ноцтой зөрчиж буй явдал болно.
Энд айдсын монгол менталитет үйлчилж байгаа нь тодорхой байна. Ухаандаа намайг чагнаад яах юм ? Хэнд, ямар ашигтай юм ? Иймээс би гар утасныхаа дугаарыг 10 гаруй жил солиогүй болоод л ирсэн юмдаг.
Өөр нэг жишээ. Манай улс төрч, бизнесүүд хотоос гарч бидний дэд станц гэж нэрлэдэг трансформаторын дэргэд очиж ярилцдаг өрөвдөлтэй жишээ олон бий. Одоо ч гэсэн тэгдэг юм. Трансформаторын дэргэд маш хүчтэй цахилгаан соронзон долгион ялгаруулдаг учраас “чагнуулахгүй” гэж арчаагаа алдаж байгаа царай нь тэр юм. Харин тэднийг бол чагнаж бүрнээ болно. Миний хувьд бол энэ мэдээллийг хэдхэн хоногийг дараа мэдчихдэг учраас инээд хүрээд л сууж байдаг юм даа…
Ингээд чагнуулахаас айж буй хүнд “Битгий горьд, чамайг хэн тоодог юм ?!” гэж би шууд л хэлдэг. Энэ нь мэдээж Таныг доромжлоогүй боловч ӨӨРӨӨ нэг сайн эрэгцүүлээд үзэхгүй юу даа…
Компюьтерээс айхуй
Компюьтер гараад юм их гоё болж байна аа. Тэгтэл сүүлийн үед IP-аар чинь хайгаад олчихно шүү гэж айлгадаг болж байна. Энэ цуурлаас болж сүүлийн үед миний блогт хаягаа бичдэг хүн тун ховор болов. Олоод яадаг юм ?! Та ямар буруу юм хийсэн юм ?! Төр засгийг эргүүлнэ, тэдэн сарын тэдэнд бослого гаргана, буу зэвсэг нийлүүлнэ гэж яриагүй биз дээ…
Одоо манайд 250 гаруй интернет кафе, 350.000 гаран компюьтер ажиллаж байна. Насанд хүрсэн хүмүүсийн 40 гаруй хувь нь интернет байнга ашиглаж байна.
Мөн гадаадад байрлаж байгаа, идэвхитэй ажилладаг асар олон сайт, блог байна. Онолын хувьд ч, практикийн хувьд ч эдгээрийг бүгдийг нь чагнаад сууж байх зав зайтай байгууллага, чингэхдээ ийм их мэдээллийн массивыг боловсруулах элбэг дэлбэг боловсон хүчний нөөц гэж манайд огт байхгүй. Мэдээж техникийн хувьд бол энэ нь боломжтой авч асар олон хүнийг ингэж мөшгөх гэсэн тохиолдолд энэ “монгол” арга огт боломжгүй.
Мэдээж терроризм, түүний дотор хүний наймаа, зэвсгийн наймаа, хар тамхи, хүн худалдаалах, алан хядах зэрэгтэй холбоотой бол чагнаж шалгаж л таарна шүү дээ.
Энэ үй олон компюьтер сэлгэмэл хийж, чөлөөтэй, нэгэн зэрэг ажиллавал түүнийг хянах боломж хүчирхэг Орос, Хятад, АНУ –д ч байхгүй байх. Тэгээд ч Та биднийг (цөөн хүнээс бусдыг нь- Д.Г) тэд нэг их тоох нь юу л бол ?! Эсвэл Та тийм их сүрхий, олон улсын хэмжээнд анхаарал татах их мэдээлэлтэй хүн үү ?!
Та сайндаа л төр засгийг буюу одоогийн байдлаар Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, бас МАХН, АН-ыг л шүүмжилж байгаа биз. Хэн ч гэсэн магтах хүнээ магтаад л, муулах хүнээ муулаад л сууж байдаг ш дээ. Ингээд яачихаав ?! Ямар буруу юм хийчихээв ?!
Үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх эрх, эрх чөлөө чинь хаачсан ?
Хэрэв тийм их сүрхий тагнаж чагнаад байгаа юм бол надад хэл л дээ. Би бүх нийтээр нь чагнах явдал байхгүй гэж дүгнэж байна.
Надтай харьцаж буй олон хүнд тэмцмээр санагддагийг би сайн мэднэ. Чингэхдээ Та дарга, утас, комюьтерээсээ хүртэл айж байгаа бол тэмцлийн тухай бодсоны ч хэрэг байхгүй гэж зөвлөмөөр байна.
Билэгдлийн тэмцэл
Та бүхэн “Тод магнай” гэдэг гайхамшигтай киног санаж байгаа байх. Тэнд монгол морины тухай өгүүлсэн боловч монгол менталитетыг гайхалтай сайхан харуулсан байдаг. Энд би уг киног огт шүүмжлэх гээгүй юм шүү.
Хэрэв би эндүүрээгүй бол киноны агуулга нь манж-хятадуудтай хийж буй манайхны тэмцэл юм. Тэмцлийн хэлбэр болон зэвсэг нь морь болон морь уралдуулах явдал. Манж-хятадтай тэмцэхийн тулд морины эрэлд хатах бөгөөд амь насаа золин золин байж, нутаг хошуу алгасан арай гэж “тэмцлийн зэвсэг” морьтой болж авдаг даа.
Надад л лав монгол морь түрүүлмэгц манж-хятадыг ялчихсан гэх сэтгэгдэл огт төрдөггүй. Хэрэв өөр улсад байсан бол яаж ч тэнэгтсэн ийм “гажиг” хэлбэрээр тэмцэхгүй нь лавтай.
Одоо цаг өөр болсон боловч энэхүү “билэгдлийн тэмцлийн” менталитет зарим талаараа хэвээрээ мэт. Наад зах нь телевизээ “загнах” явдал болно. Мөн хаягаа нэрээ нууж байгаад аягүй мундаг сэтгэгдэл бичнэ дээ. Энийг чинь л билэгдлийн тэмцэл гэдэг юм.
Зарим нь бүр надаас “Чи энэ тэр сэдвээр бичээдэх” гэж захиалга өгөх ба хэрэв татгалзвал би гарцаагүй аймхай болж таарна. Ингээд би гэгч хүн бусдын өмнөөс ганцаараа тэмцэх үйлтэй болж таарч байгаа юм. Харин бичсэнийхээ дараа би шоронд хатна уу, яана уу “захиалагчид” огт хамаа байхгүй.
Долоо хоног бүр бичээд байхад чинь аймхай, тэмцлээс татгалзсан, айгаад дуугай болчихсон, хурц тэмцэл хийгээгүй, тус болоогүй гэхчлэн “цол” огт салахгүй. Хэрэв миний бичсэн чамлагдаад байвал өөрсдөө тэмцэж бас болно шүү дээ…
Билэгдлийн тэмцэл бол айдсаас үүсэлтэй хамгийн идэвхигүй, арчаагүй бэртэгчин зангийн тод илрэл бөгөөд ямар ч үр дүнд хүргэдэггүй юм.
Аливаа тэмцэл бол бодитой бөгөөд тодорхой үйлдэл байдаг. Одоо ч гэсэн хоёр нөхрийн нэр дэвшүүлчихээд морь шинжиж, бооцоо тавьж байгаа мэтээр авирлаж байгаа нь шинэ зуунд огт байж боломгүй. Тэрний оронд хоёр хүнийхээ морийг уралдуулчихсан нь дээр. Хямралын үед зардал нь арай хямд тусах биз. Гэхдээ мориндоо хүртэл допинг хэрэглэдэг болчихсон улс шүү дээ, бид чинь.
Иймээс бэлэгдлийн тэмцлээсээ салах цаг аль хэдийн болсон мэт санагдана…
Эр зориг
Ингэхлээр монголчууд бидний айдас бол үнэндээ бол “хөөс” байдаг, Та өөрөө л айж байна гэсэн хэрэг болно. Суут Зигмунд Фрейд аль 1925 онд: “Айдаст тодорхойгүй байдал, объектгүй байдал хоёр шингэсэн байдаг” хэмээн хэлсэн нь буй.
Мөн “Сэтгэл санааныхаа орон зайд хүлээж авалгүй хаячихсан тэр зүйл гадна талаас айдсын хэлбэрээр эргэж ирдэг” гэж францын психоаналитик Жак Лакан хэлсэн байдаг.
Айдас бол давахын аргагүй зүйл огт биш. Яагаад гэвэл эндээс ч гэсэн эр зориг гардаг байж магадгүй…
Нэгэн жишээ. Би Н.Энхбаярын эхнэр О.Цолмонг ХХБ-ны хувьчлалаар мөнгө идсэн тухай бичээд шоронд орохоо шахав аа. Лав л хоёр жил үйлээ үзсэн юмдаг. Нуугаад яахав, ерөнхийдөө айж байна аа…
Тэгж тэгж шүүх хурал дөхмөгц гэв гэнэт уур хүрээд явчихдаг юм байна. Яагаад би хулгайг илчилснийхээ төлөө шийтгүүлэх ёстой гэж, хэрэв шүүх шийтгэвэл идсэн уусан бүх баримтыг нь дэлгэнэ дээ гэхчлэн гэв гэнэт зориг ордог юм билээ. Эхнэртээ алив бүх оймс, дотуур өмд аваад ир гэлээ. Дөрвөөс илүү оймс, хоёроос илүү дотуур өмд байхгүй амьтан юм гээч, би чинь…
Сүүлд нь бодоод байхад би зоригтой болсондоо биш, харин тэд хэтэрхий их дээрэлхэж, бүх төр, нам ганц намайг хүмүүн бусаар, урт удаан хугацаанд доромжилсон учраас л би амьд амьтны хувьд хариу үйлдэл үзүүлсэн хэрэг байх…
“Хулчгар хүн бодохоосоо айдаг, аймхай хүн хийхээсээ айдаг, харин зоригтой хүн хийснийхээ дараа айдаг” гэсэн гайхалтай мэргэн үг байдаг юм.
Хулгай дээрэм хийж, луйвардаж, хүн амины олон хэрэгт нэр холбогдсон хүн чинь эрхбиш айдаг юм байгаа биз дээ. Тэд одоо зохиомол айдас үүсгэж, ард түмнээ айлгах гэж үхэн хатан оролдож байна. Эхэндээ олон түмэн айдаг байсан, одоо бол үзэн ядаж байна…
Хэрэв хүн бүрт айдас байдаг гэсэн анхдагч үндэслэлээр авч үзэх юм бол одоо хамгийн их айж байгаа хүмүүс бол эрх баригчид гарцаагүй мөн.
Гэхдээ бид зоригтой хүн болох гэж байшин шатаах хэрэггүй л болов уу. Юу ч гэсэн эхлээд даргаасаа, утаснаасаа, компюьтерээсээ айхаа больж үз л дээ. Энэ нь билэгдлийн тэмцлээс салж, зохиомол айдсаа дарах анхны алхам чинь болно…
Бүх ард түмнээ айлгаж буй ахул тэд өөрсдөө айж буй нь ямар ч эргэлзээгүй.
Сонгууль гэж тэднийг зайлуулах хамгийн үр ашигтай арга бэлхнээ байна шүү дээ. Хэрэв сонгууль луйвардаад болохгүй бол эрх баригчидтай “мэддэг хэл”-ээр нь ярих эрхийг зөвхөн бид л эдэлж таарна даа…
Судлаач Д.Ганхуяг
2008 оны 4 дүгээр сарын 25.
Ikh saikhan uguulel baina – neeree l niigem maani hooson aidsand umbachihaad baigaa ni unen shuu. Unendee hamgiin ikh aih yostoi ulsuud ni avilgal hiij baigaa darga, tegeed aidasaa davah gej zorig gargaad ulam l teneg yum hiigeed baih shigee – bayarlalaa,
Баярлалаа.