МАНАЙ ШАШНЫ ШИНЭ ЗӨРЧИЛ БА МОНГОЛ

Далай ламын саяхан хэвлүүлсэн “Voice for the Voiceless” (“Дуугай хүмүүст зориулсан дуу хоолой”)  гэсэн шинэ ном шарын шашныг тойрсон илт боловч ярихгүй явж ирсэн зөрчлийг бүх нийтийн анхаарлын төвд оруулж ирэв. Энэ тухай товч өгүүлсү…

Уг номд: “Миний хойт дүр үүргээ биелүүлэхийн тулд “чөлөөт ертөнцөд” төрөх ёстой” гэж мэдэгджээ.

Улмаар: ”Дахин төрөхийн зорилго нь өмнөх дүрийн үйлсийг үргэлжлүүлэхийн тулд байдаг учраас шинэ Далай лам бүх нийтийн зовлонгийн дуу хоолой, Түвдийн Буддизмын оюун санааны манлайлагч, Түвдийн бэлэгдэл, түвдийн ард түмний хүсэл мөрөөдлийн биелэл болох уламжлалт үйлсээ үргэлжлүүлэхийн тулд чөлөөт ертөнцөд төрөх ёстой” гэж тодруулан хэлжээ.      

Далай лам өмнө нь ч хойт төрлийн асуудлыг хэд хэдэн удаа хөндөж байсан юм. Тухайлбал, Түвдээс өөр газарт, умард Энэтхэгт, эмэгтэй хүн болж төрж ч магадгүй, хойт төрлийн асуудал надаар дуусах байх гэх мэтээр янз бүрээр ярьж байв. Далай ламын эдгээр мэдэгдэл тухайн үедээ шуугиад өнгөрөх хэмжээнд байв.

Харин энэ удаагийн дүгнэлт бол шарын шашны институтын өмнө тулгарсан зайлшгүй, гарцаагүй, ноцтой зөрчлийг гарган тавьж байгаагаараа онцлог юм.

Далай лам 1935 онд төрсөн, одоо 90 настай. Өнгөрсөн жил өвдгөндөө хагалгаа хийлгэсэн. Үүнийхээ дараа 2024.12 сард Би 110 хүртэл амьдарч ч магадгүй” гэж Ройтер агентлагад хэлсэн байдаг.            

Энэхүү номондоо Далай Лам: “Олон арван жилийн турш маш олон түвд хүмүүс, ахмад лам нараас Далай ламын залгамж чанарыг үргэлжлүүлж өгөхийг чин сэтгэлээр гуйсаар ирсэн” гэдгийг онцлон дурджээ.

Шашнаас улс төр рүү

2024 оны 6-р сард АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Танхимийн Олон улсын хорооны дарга Майкл Маккол, спикер асан Нэнси Пелоси нарын 7 хүнтэй баг Дарамсалад очиж Далай ламтай уулзжээ. Майкл Маккол энэ уулзалтын дараа: “Далай лам дагалдагсдын хамт Түвдэд тайван амгалан эргэн очно гэдэгт найдаж байна. Харин Далай ламын залгамжлагчийг Бээжин тодруулахыг бид зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ. Үүний хариуд Бээжин эрс эсэргүүцэл илэрхийлжээ.

Гэтэл энэ оны өнгөрсөн сард Бээжин: “Далай лам “зөв замдаа эргэн орж” болох бөгөөд тодорхой нөхцөл хангасан тохиолдолд түүний ирээдүйг хэлэлцэхэд бэлэн байна” гэж мэдэгдэв. Энэ нөхцөл нь Түвд Тайвань хоёр Хятадын салшгүй хэсэг бөгөөд түүний цорын ганц хууль ёсны засгийн газар нь Хятадын ЗГ мөн гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал аж.  

Үүний хариуд Энэтхэгийн Дарамсалад байгаа Түвдийн дүрвэгсдийн ЗГ-ын тэргүүн Дулам Цэрэн Техан: “Дээрхийн гэгээн худал зүйл хэлдэггүй, ийм зүйл болохгүй” гэж мэдэгджээ.

Сүүлийн үед Далай ламын ч байр суурь зөөлөрч, Түвдийн бүрэн тусгаар тогтнолын төлөө биш, харин “дундаж замын” тухай ярих болсон. Үүнийг Түвдэд илүү автономит эрх олгохыг нэхэж байна гэж ойлгож болох.             

Далай лам дурдан буй номондоо: “Бидний түүхээс мэдэж авсан нэг том сургамж бол: хэрэв хүмүүсийг байнга зовлонд байлгавал тогтвортой нийгэм байж чадахгүй юм” гэжээ.   

Түүнчлэн насан өндөр болж байгаагаас миний Түвд рүү эргэн очих найдлага “улам бүр багасч байна” гэжээ.

Шашны геополитикийн зөрчил ба Монгол

Ямар ч гэсэн хорвоогийн жам ёсоор Далай лам жанч халах цаг маш их ойртож, түүний хойт дүрийг тодруулах нэн хүнд бөгөөд зөрчилт асуудал тулгаран ирж байна. Үүнийгээ Далай лам ч, түүний дайсан болон нөхөд ч бүгдээрээ сайн мэдэж байна. Харин манайд…

Монголчууд бид Х Богдыгоо залаад амар сайхандаа жаргалаа гэж бодож байвал тун их эндүүрэл. Далай ламыг жанч халсны дараа түүний хойт дүрийг нь тодруулах асуудал геополитикийн том зөрчил болон хувирах нь ойлгомжтой байна.

Уг нь Далай ламыг тодруулах асуудал Америкийн асуудал огт биш, харин Азийн асуудал, тодруулбал Түвд, Хятад (Манж), Монголын асуудал байсаар ирсэн ба ингэсээр 437 жил болсон юм. Энэ зан үйлд АНУ орж ирснээр Далай ламын хойт дүрийг асуудал геополитикийн хурц зөрчилдөөний талбар болон хувирав. Мэдээж Далай ламын хойт дүрийг Хятад тодруулж таарна. Үүнийг сөргүүлж АНУ “чөлөөт ертөнцийн” Далай ламыг тодруулах нь ойлгомжтой. Ингээд 2 Далай лам тодрох нь…

Шарын шашин түгэн дэлгэрсэн Төвд, Монгол, Хятадад Гэлүгбагийн ёсны Далай лам, Ванчин Богд, Богд Гэгээн гэсэн 3 том шашны удирдагч-багш бий. Энэ гурван том багшийн аль нэгний хойт дүрийг тодруулахад нөгөө хоёрын зөвшөөрөл (баталгаа, соёрхол) хэрэгтэй.

Далай ламын байдлыг дээр өгүүлсэн. Харин Ванчин Богд Хятадад бий. “Хятадын” Ванчинг жинхэнэ мөн, биш гэх мэт маргаан гардаг ч энэ бол ил байгаа ганц Ванчин юм. 2 настайдаа гэр бүлийн хамт алга болсон гэх Ванчинг одоо олох боломж бараг үгүй.

Далай ламыг тодруулах болон соёрхох үйл явцууд эрс өөр юм. Эхлээд шашны ёс заншил уламжлалаар тодруулна, үүний дараа нөгөө хоёр нь соёрхоно (зөвшөөрнө).

Ингээд Далай ламын хойт дүрийг тодруулах, түүнийг соёрхох (зөвшөөрөх) эрх мэдэл Монголын Х Богдод ногдож байна. Энэ бол маш хүнд, шийдвэрлэхэд нэн түвэгтэй, шашны хүрээнээс халин гарсан геополитикийн том асуудал юм.

Хятадын Далай ламыг зөвшөөрөх үү, Америкийн Далай ламыг зөвшөөрөх үү ?!  

Далай ламын хойт дүрийг соёрхох асуудал бол Х Богдоор шинээр тодорсон бяцхан хүүгийн биш, харин Монгол Төрийн бодлогын том асуудал мөн.

Манай Х Богдыг тодруулах үеэр Монголын төр засаг америк Богд нь дээр гэж ил хэлээгүй, гэхдээ яруу найрагч Ц.Хуланг шийтгэж шоронд хийсэн үйлдлээрээ бодол санаагаа тод харуулсан юм. Гэвч энэ бол өнгөрсөн явдал, Х Богдоо өөрсдөө мэдээд залсан нь сайн хэрэг.

Би Х Богдыг залсан нь буруу гэж хэлээгүй, харин Ц.Хуланг шоронд хийсэн нь буруу гэж байна. Ц.Хулан Хятад Богд зална гэж хэлээгүй, монгол Богд зална гэсэн, мөн Монголын шашны хуулийг Баруунд англи хэлээр боловсруулж, манайд орчуулан баталж байна гэж шүүмжилсэн. Энд худал буруу юм юу ч байхгүй…

Далай ламын хойт дүрийг тодруулах асуудал ойрын жилүүдэд тулгаран ирэх нь гарцаагүй. Үүнийг одооноос эхлэн бодолцож, ҮАБЗ-өөр төр-шашны бодлогын стратегийн хэд хэдэн хувилбарыг авч үзэх нь зүйд нийцнэ.

Энд 3 том хувилбар бий: Нэг. Хятад Далай ламыг зөвшөөрөх, Хоёр. Америк Далай ламыг зөвшөөрөх, гурав. Далай ламыг Монголоос тодруулах. Мөн энэ 3-ын завсрын хувилбарууд ч байж болох. Энийг тухай тухайн үед нь тодруулах ярих шаардлага гарах байх…

Далай ламын хойт дүрийн асуудал бол зүгээр нэг шашны тэргүүн тодруулах асуудал биш, харин шарын шашны институтын хямралыг зогсоох эсэх, мөн мандах, сөнөх хувь заяаг шийдэх ихээхэн том асуудал мөн.       

Зүгээр сууж байгаад цагийг нь тулгачихаад “хоёрын хооронд гурвын дунд” алцганаж үйлээ үзэхийн оронд эртнээс бэлтгэж байсан нь хавьгүй дээр.

Эхлээд юу ч гэсэн Ц.Хуланг сулласан нь өлзийтэй…

Судлаач Х.Д.Ганхуяг.

2025 оны 03 дугаар сарын 16.

Unknown's avatarAbout Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

4 Responses to МАНАЙ ШАШНЫ ШИНЭ ЗӨРЧИЛ БА МОНГОЛ

  1. Unknown's avatar Anonymous says:

    Өө тэр Далай ламаа Монголоос бүү төрүүлэйрэй Ертөнцийн галыг өөр дээрээ чирж авчирах огтоосоо хэрэггүй. Тэр нар саран дээрээ ч юмуу Ангараг гариг мариг дээр төрүүлдэг юмуу яадгийн.Тэр Америк замерик хол л байсан нь дээр шүү:

  2. Unknown's avatar Anonymous says:

    Далай лам яах вэ…. Нуурс юу болоод байна. Ах минь нэг сайхан халаач…. Таны уг их хэрэгтэй байна шуу

  3. Unknown's avatar Anonymous says:

    Putin-g zugeer l ailchluulaad butsaachihsan uls shuu dee. Bid tegeheer, neg ch ih yum bodolgui, China taliig n zuvshuurchih baih gej sanagdaj bna.

Leave a reply to Anonymous Cancel reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.