ТОГООЧ – БААТАР

Агуу Их Ялалтын 75 жилийн ой болж байна. Энэ ойд зориулан нэгэн орос цэргийг баатарлаг яюдлын тухай өгүүлнэ. Ахиад л сүхтэй орос цэрэг, гэхдээ тогооч цэрэг. Энэ тогооч орос цэрэг ганцхан сүхтэй атлаа бүхэл бүтэн танкийн экипажийг буулгаж авсан гайхалтай баатарлаг түүхийг өгүүлье…

Оросын тариачны гэр бүлд 1919 онд төрсөн Иван Павлович Середа тосгонд өсч, дараа нь гэр бүлээрээ Донбасст шилжин иржээ. Энд дунд сургууль, дараа нь Хүнсний техникумд суралцаж төгсчээ. Эх орны дайны өмнөхөн цэрэгт татагдан мэргэжлийнхээ дагуу танкийн 46-р дивизийн 91-р хорооны тогооч-цэрэг болжээ. Гэтэл дайн эхэллээ…
1941 оны 8-р сар. Энэ үед 46-р танкийн дивизийн бүрэлдэхүүнд байсан хошууч-генерал Дмитрий Лелюшенкогийн 21-р механикжуулсан корпус Двинскээс зүүнээ байрлах байрлалаа арай ядан хамгаалж байв. Тэдний өөдөөс Германы генерал-фельдмаршал Эрих фон Манштейны танкийн 56-р корпус давшиж байлаа. Немцийн энэ бүлэглэлийн нэг хошууч-генерал Эрих Бранденбергерийн танкийн 8-р дивизийн 10-р хороо ойгоор тойрон зөвлөлтийн цэргийн ард гарсан байна. Энэ ойн захад мань Иван Середа хорооныхоо хоолыг ганцаараа хийж байв. Учир нь аж ахуйн бүх тасгийг хамгаалтын шугам руу татаж, дайсны улайрсан дайралтын эсрэг оруулсан учраас Иван Середа ганцаараа үлдсэн нь тэр…
Гэв гэнэт оросуудын байрлалын ар талын ойн зүгээс германы Pz.38(t) танк гараад иржээ. Середа сандарсангүй, хэдэн морио нуусныхаа дараа өөрөө хээрийн гал тогооныхоо ард нуугджээ. Түүний гарт винтов, сүх хоёр л байв. Винтов, сүх хоёроор танкны өөдөөс тулалдах ямар ч боломжгүй атал Середа байлдахаар шийджээ…
Танк хээрийн гал тогооны дэргэд зогсч, герман танкистын толгой цухуйжээ. Дайны эхний өдрүүдэд германууд ялж байсан тул сонор сэрэмжээ “мартсан” үе байжээ.
Герман толгойгоо цухуйлгамагч Середа гал тогооныхаа араас үсрэн гарч ирээд сүхээ барин танк руу гүйжээ. Түүнийг харсан германы танкист отолтонд орлоо гэж бодсон бололтой танк руугаа буцан орж, дээд хавхагаа хааж, дотроос нь түгжиж орхих нь тэр.
Яг энэ үед Середа танкан дээр үсрэн гарч амжжээ. Германы танкнаас хэнийг ч хараагүй атлаа эргэн тойрноо пулемётоор шүршиж эхлэв. Середа ч удаан бодсонгүй пулемётных нь гол төмрийг гулзайтал хэд сайн сүхдэж гэнэ. Гол төмөр нь муруйсан пулемёт ч таг болжээ.
Немцүүдийн гай болоход танкны цамхаг дотроо сэлүүн зай гаргах гэж эд зүйлсээ, хамгийн гол нь автомат буунуудаа хуягныхаа гадна талд бэхлэж орхисон байжээ. Хэт их ялалт сонор сэрэмж алдагдуулдаг гэдэг энэ л байх…
Середа цамхагт бэхэлсэн шмайсар “МР-40” автоматыг шүүрэн авчээ. Бас танк болгонд байдаг брезентээр харах нүхийг нь бүтүүлэн хучиж орхив. Ингээд немцийн танкчид юу ч харахаа байжээ…
Середа хий буудаж, сүхээрээ танкны хуягийг дөжиртөл нь балбаж “Анхаар, гранатаа ойрын тулалдаанд бэлтгээд”, “Танкыг бүсэл”, “Байрлалаа эзлээд”, “Танкыг эзлэхэд бэлтгээд” гэх зэргээр байхгүй цэргүүдээ командалж эхэлжээ.
Ойролцоо байсан хорооны цэргүүд “хонх шиг юм” дуугараад байхаар нь нэг юм болсныг мэдээд гал тогоо руу гүйлджээ.
Нөхдийнхөө ирж явааг харсан Середа “Гитлер капут”, “Хенде хох” гэж хашгирангаа брезентийг хуулж, германы танкчдыг гарч ирэхийг хүлээжээ. Дараа нь дохио зангаагаар бие биенээ хүлэхийг тушааж, бүгдийг нь газар хэвтүүлжээ…
Тогооч цэргийн баатарлаг гавъяаг өндөр үнэлсэн тагнуул ангийн дарга түүнийг ангидаа татан авчээ.
1941 оны 8 дугаар сарын 31-нд ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн № 507 тоот зарлиг гарч, Иван Павлович Середад Баатар цол олгож, Лениний одонгоор шагнажээ.

Үүний дараа ч гэсэн Середа баатарлаг тулалдаж, Эх орны дайны II зэргийн одон, “Москваг хамгаалсны төлөө”, “Ленинградыг хамгаалсны төлөө” зэрэг одон, медалиудаар шагнагдаж байжээ. Мөн хэд хэдэн удаа шархаджээ.
Дайны дараа гвардийн ахлах дэслэгч Середа бэлтгэлээр халагдаж, төрөлх Александровка тосгондоо тосгоны зөвлөлийн даргаар ажиллажээ.
Дайнд олсон шарх эрүүл мэндэд нь муугаар нөлөөлж, 1950 оны 11 дүгээр сарын 18-нд Середа дөнгөж 31 настайдаа нас баржээ. Тэр Эх орны дайны үед цорын ганц тогооч баатар юм.
Судлаач Х.Д.Ганхуяг.
2020 оны 05 дугаар сарын

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to ТОГООЧ – БААТАР

  1. Bat says:

    Баярлалаа. Яруу алдарт ялалтын баярын мэнд хүргэе.

  2. Anonymous says:

    Surgamjtai, saihan tuuh bna. Bayarlalaa.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: