“ЦЭВЭР” СОЁЛ ХИЙГЭЭД МОНГОЛ ХЭЛ СОЁЛЫН ТУХАЙД
2015/02/08 26 Comments
Сүүлийн үед Монгол хэлний тухай хууль батлахтай холбогдон монгол “соёлын онолын” асуудлууд хөндөгдөх болов. Энэ ч муу хэрэг биш байх. Гэхдээ нэг хэсэг нь эх оронч, нөгөө хэсэг нь урвагч болж болмооргүй. Эсвэл хэт хөөрч, эсвэл хэт хаширлаж асуудлыг шийдэх болохгүй. Ямар ч гэсэн “хэл бичгийн асуудал” монгол соёлын амин чухал асуудал болох нь ямар ч эргэлзээгүй юм. Монгол соёлыг үндэсний гүн ухааны системийн үүднээс сэтгэж бодож түүний мөн чанарыг ойлгоогүй тохиолдолд энэ асуудлыг шийдвэрлэхэд нэн түвэгтэй. Иймд үүсэн буй маргааныг шийдвэрлэхэд нэмэр болох үүднээс монгол соёлын онолын зарим асуудлыг хөндөн тавихыг өөрийн үүрэг гэж үзэв.
Соёлын асуудлын тухайд
Соёл гэдэг тодорхойлолтоос эхлэвэл утгагүй юм болно. Учир нь хэдхэн жилийн өмнө соёл гэсэн 500 илүү тодорхойлолт байсан юмдаг. Одоо бүр ч олон болоо биз. Түүнээс гадна соёл гэдгийг хүн болгон “мэддэг”, энэ талаар ярьж чаддаг. Ийм болоод л ЮНЕСКО-гийн түвшинд ч, улс гүрний түвшинд ч, хүмүүсийн харилцааны түвшинд ч “бөөн маргаан” тасардаггүй юм. Гэхдээ түүнийг ойлгодог хүн тийм ч олонгүй.
Соёл бол хүн төрөлхтний хамгийн эмзэг сэдвийн нэг мөнөөсөө мөн. Ийм болоод л улс гүрнүүд соёлын бодлогоо эдийн засаг, гадаад бодлого зэргээсээ дутахгүй анхаардаг. Мэдээж хэрэг Монголоос бусад нь шүү дээ. Манайх шиг соёлын бодлогоо тавиад туучихсан улс гэж тун цөөхөн дөө. Тэр Африк энэ тэр юу байдгийм гэхээс…
Монгол соёлын тухайд
Монгол бол агуу их соёлтой гэж ярих бол зүгээр л хоосон үг юм. Энийгээ тов тодорхой ярих, нотлох хэрэгтэй. Иргэншлийн түвшинд манайхыг соёлтой гэж үздэг онолч, эрдэмтэд хуруу дарам цөөн. Энэ нь европ өнцгөөсөө бол “зөв” л байдаг. Гагцхүү үүний эсрэг нотолгоог бид онолын хувьд ч, практикийн хувьд гаргах ёстой. Гэхдээ энэ нь тийм ч хялбар ажил биш.
Энэ талаар миний “Нийгэм-түүхийн онолууд” гэсэн 6 цуврал өгүүлэлд нэн тодорхой өгүүлсэн. Дашрамд эдгээр өгүүлэл одоо ч миний ganaa.mn блогт байгаа. Харамсалтай нь “том том онол” ярьдаг манай залуус яг онол ярих гэхээр онолын бүтээл бараг уншдаггүй нэг том зовлон бий.
Өнөөгийн монгол соёлыг гарваль зүйн хувьд бие биенээсээ ялгаатай боловч, харилцан нягт холбоотой: 1. язгуур, 2. уламжлалт, 3. олдмол, 4. үүсмэл гэсэн дөрвөн том ай савд хуваан үзэж болно. Эдгээр нь монгол соёлын язгуур махбодь болно.
Монгол соёл бол олон гишүүнт нэгдмэл тогтолцоо бөгөөд язгуур, уламжлалт, олдмол, үүсмэл соёлуудаас бүрдэнэ.
Энэ ангиллыг түүхийн ухааны доктор, манай Соёлын яамны сайд байсан, сод ухаантан Б.Сумъяа анх гаргаж олон бүтээлдээ дурдсан байдаг. Олон мянган жилийн түүхэн явцад монгол соёл бүрэлдэн хөгжиж, баяжиж ирснийг Б.Сумъяа гуай ийн өгүүлсэн юм. Тэрхүү суут дүгнэлт энэ байна:
“Монголын үндэсний соёлын дотоод бүтцийн энэхүү нарийн түвэгтэй тогтолцоо нь түүний өөрийгөө хамгаалж, оршин амьдрах нэг ёсны дархлалын механизм болж иржээ. Хэрэв олдмол соёл байж, бусдын соёлоос өөртөө хэрэгтэйг хүлээн авч, тэр нь амьдрал, цаг хугацааны шалгуурыг даван уламжлалт соёл болон монголжиж байгаагүйсэн бол нүүдэлчдийн язгуур соёл дангаараа эрин цагийн урт удаан алхаанд сульдаж хоцрох байсан билээ. Олдмол, уламжлалт болон үүсмэл соёл нь монголчуудын язгуур соёлыг баяжуулж, амьдрах чадварыг нь дээшлүүлж, улам олон өнгө аяс, хэлбэр төрхтэй болгож иржээ”
Энэ бол бидний алхам тутамдаа санаж явах алтан дүрэм юм. Үүнийг мэдэхгүй буюу мартсанаас болж сүүлийн үед “цэвэр” монгол соёл олох гэсэн хийтэй, үл бүтэх оролдлого манайд ихээхэн газар авсны учир үүнийг сануулж байгаа юм. Дахин хэлье, энэ дэлхий дээр “цэвэр соёл” гэж байхгүй, цаашид ч байхгүй…
Соёлын ай савны тухай
Нэгэнт л ангилал гаргасан бол түүндээ соёлоо “хуваах” ёстой болно. Гэхдээ нэгэн бүхэл цогц болж, бүрэлдэн тогтоод нийгэмд үйлчилж байгаа зүйлийг “хуваах” харьцангуй гэдгийг онцлон дурдаж байна.
1. Монголын язгуур соёлд: Нүүдэллэн аж төрөх сонгодог хэлбэр болсон монгол аж төрөх ёс, түүнээс шууд ургаж гардаг эдлэг ба оюунлаг соёлын бүхий л үнэт зүйлс, түүний дотор газар тэнгэр, байгаль орчинтойгоо үл эсрэгцэж, зохицон аж төрөх амьдралын гүн ухаан, гадаад ертөнцийн тухай үеийн үед таньж хуримтлуулсан мэдлэг ухаан, ёс заншил, зан суртахуун, гоо сайхны өвөрмөц сэтгэлгээ, ардын аман болон бичгийн уран зохиол, үлгэр туульс, ерөөл магтаал, ардын дуу хөгжим, бүжиг, бий биелгээ, эрийн гурван наадам, хуур, хөөмий, төрт ёсны монгол уламжлал зэрэг орно.
Язгуур соёлыг Б.Сумъяа гуай өөр нэг бүтээлдээ “унаган соёл” гэж нэрлэсэн нь надад их сонсголонтой санагддаг юм. Манай язгуур буюу унаган соёл монголын үндэсний соёлын суурь үндэс, ноён нуруу болж байдгийг онцлон дурдаж байна.
2. Уламжлалт соёлд: Хөрш зэргэлдээ болон өргөн харилцаатай байсан Уйгар, Түрэг, Перс, Хятад, Энэтхэг, Төвд, Манж, Дундад Ази болон Европын олон улс орнуудаас эрт дээр үеэс монголын ахуй амьдралд нэвтэрсэн соёлын зүйлсийг оруулдаг. Жишээлбэл, буддын соёл, уйгаржин монгол бичиг, энэтхэг, түвд, хятадын утга зохиол, урлагийн зарим дэг сургууль, монгол үгсийн санд шингэсэн үг хэллэг, нэр томъёо, аж төрөх ёсны хувьд адил төсөөтэй манж, түвд зэрэг үндэстний эд өлгийн зарим зүйлс, хэлбэр хийц зэргийг оруулдаг.
Эдгээр нь эхэндээ олдмол соёлын хэлбэртэй байснаа нүүдлийн иргэншлийн нөхцөлд идээшин манай ард түмний язгуур соёлоос бараг ялгагдахгүй болтлоо монголжиж, уламжлалт соёлын ай савд багтах болсон юм.
3. Олдмол соёлд: Нэлээд хожуу ХХ зууны үед, голдуу Өрнөдийн соёлтой танилцсаны дүнд олж авсан оюунлаг болон эдлэг соёлын олон махбодь олдмол соёлын байдалтай оршиж, манай хүн амын дийлэнхи олонхийн хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Жишээлбэл, театр, кино, латин ба кирилл үсэг бичиг, барууны сонгодог болон поп рок хөгжим, дуурь, балет, уран барилгын нэлээд хийц маяг, өрнийн төрт ёсны загвар, уламжлалт бус шашны урсгал, сектүүд, нийтийн соёлын олон элемент зэргийг оруулж болно.
Эдгээрийн нэлээд нь өнөөгийн хүн төрөлхтний соёлын шилдэг ололт, нийтлэг үнэт зүйлс мөн нь эргэлзээгүй юм. Манай олдмол соёлд орчин үеийн нийгмийн дэвшлийн хамаг үр шим буй. Үүнийг үгүйсгэх нь үлэмжийн тэнэг явдал болно. Мөн манай язгуур болон үндэсний соёлд харшлах зүйлс ч цөөнгүй буй. Харин кирилл бичиг үсэг үндэсний болон язгуур соёлд харшлаад байгаа ноцтой шалтгаан бараг байхгүй.
Соёлын хандлага
Энэ сэдвээр ярих нь “үлэмж аюултайг” би сайн мэдэж байна. Гэхдээ олон хүн юмны учир мэдэхгүй хэвтэж солиороод байгаа болохоор би ч гэсэн оролцох ёстой гэж санана.
Эдүгээ хоёр том хандлага урсгал байгаа. Нэгдэх нь, хүн төрөлхтөн асар хурдан хөгжиж, үйлдвэржиж, техникжиж, мэдээлэлжиж байгаатай холбогдон нийт хүн төрөлхтний нийтлэг соёл бий болж байна. Арай тодруулж хэлбэл “барууны соёл” түгэн дэлгэрч байна гэж хэлж болно. Яг “барууны” ч арай л биш юм аа. Ямар ч гэсэн “нэг тийм” нийтлэг соёл бий болоод байгаа юм. Энэ үйл явцыг бүр томоор яривал нөгөө даяарчлал нь болчихож байгаа юм.
Хоёр дахь нь, хэдий ийм боловч нэгдмэл нэг соёл үүссэн нь үгүй. Дэлхийн бүх улс гүрэн үндэстнүүд дэлхийн “нэг соёлыг” бүтээхийн сацуу өөрийн үндэсний соёлыг нүдний цөцгий мэт хамгаалан хөгжүүлж байна. Энэ нь ч зүй ёсны хэрэг юм. Үүнийг дангааршил гэж нэрлэх нь буй.
Нэн эрт үед ч, одоо үед ч энэ хоёр том үзэгдэл, урсгал хандлага цаг ямагт зэрэгцэн оршиж, тэрсэлдэж, тэмцэлдэж, бие биенээ нөхөн баяжуулж, хөгжиж ирсэн нь дэлхийн түүхээс тодорхой байна. Өөр нэг зүй тогтол нь том соёл нь жижиг соёлоо устгадаг, уусгадаг зүй тогтол байдаг.
Дэлхийн аль ч улсад энэ үзэгдэл, урсгал, хандлага бодитойгоор оршин байна. Яаж зохицуулах нь харин тухайн улсын асуудал аж. Ухаандаа Орос гэхэд л саяхан “Төрийн соёлын бодлого” анх удаа гаргав. Түүнийг нь хараад байхад соёл нь ёс суртахуун, үзэл суртлын үүрэг гүйцэтгэдэг аж.
Оросын соёлын бодлогод: “Өнөөгийн түүхэн үед Оросын төр, нийгмийн зорилго бол нийгмийн хөгжлийн өөрийн гэсэн замаар замнаж буй хүчтэй, нэгдмэл, бүх талаар биеэ даасан, бүхий л ард түмэн, улс орон, соёлуудтай хамтын ажиллагаа, харилцан ажиллахад нээлтэй Орос орон мөн. Энэ зорилгод хүрэхийн тулд нарийн томъёолсон, шаргуу бөгөөд дэс дараатай хэрэгжүүлэх төрийн соёлын бодлого зайлшгүй” гэж заасан байна. Энэ нь оросууд соёлын бодлогоо төр, нийгмийн бие даан хөгжих гол нөхцөл болгон тавьж байгаа нь илт байна. Бусад орон ч ийм байдаг.
Нэгэн жишээ. Саяхан буюу 2004 оны 5 дугаар сард Тайваны парламент бичиг үсгийн тухай шинэ хууль баталсан юм. Тэр хуулинд хуучин босоо бичдэг байсныг больж, албан ёсны бүх баримт бичгийг хэвтээгээр бичдэг болсон. Үүнийгээ баримт бичигт тоо болон англи үг ороход будлиан хутгаж байна гэж тайлбарлаж байсан. Үнэхээр ч орчин үеийн байгаль, техник, нийгмийн шинжлэх ухааны бүх туурвил бүтээлүүд хэвтээ хэлбэрээр бичигддэг. Үүнийг тайваньчууд харгалзсан байна. Харин энэ шинэчлэл уран зохиолыг хөндөөгүй. Энэ мэтээр улс орнууд тулгамдсан асуудлаа шийдээд явж байна. Эндээс харахад босоо, хэвтээ хоёрыг зэрэг хэрэглэхэд түвэгтэй мэт надад санагдсан.
Өөр нэгэн жишээ: Казакууд яах аргагүй түрэг угсаат ард түмэн мөн. Тэд орхон-енисейн гэж нэрлэгдэх YIII-X зууны руни бичгийг өөрийн язгуур бичиг үсэг гэж үздэг. Үүнийг буруу гэх үндэслэл харьцангуй хомс. Харин манайх л юм яривал ярьж болно. Дараа нь араб мусульманы нөлөөгөөр одоогийн Казакстаны нутагт араб бичиг үсэг хэрэглэж байсан. Хожим хувьсгал ялж, 1929-1940 онуудад латин үсэгт шилжсэн. Дашрамд дурдахад Зөвлөлтийн славян биш үндэстнүүд энэ үед латин үсэгт бүгдээрээ шилжиж байсан. Гэтэл манайхан бид Европтой холбоо тогтоож латин үсэгт “сайхан” шилжиж байтал оросууд болиулаад кирилл үсэгт хүчээр шилжүүлсэн гэж ярьдаг нь оргүй гүтгэлэг юм. Харин ч зөвлөлтийн олон үндэстнийг латин үсэгт бөөнөөр нь шилжүүлэх кампанит ажилд Монгол хамрагдсан юм. Юмыг мэдэж байж ярих хэрэгтэй л дээ.
Ингэж байгаад 1940 оноос л орчин үеийн кирилл-казак бичигт шилжсэн юм. Эдүгээ латин бичигт үе шаттайгаар шилжинэ гэсэн шийдвэр 2012 онд Н.Назарбаев гаргасан. Энэ хугацаа нь 2025 он. Казакууд манайтай л адил “зовлон” амссан байгаа биз дээ. Хэрэв Казакстан болон бусад стантай харьцуулах юм бол манайх “орос хэлжилт” хамаагүй бага байсан гэж дүгнэж болно. Харсаар байтал ийм атал манайх ганцаараа “зовлонгийн дээдийг” эдэлсэн гэж орилох хэнд хэрэгтэй юм ?!
Харин казакууд яагаад язгуур руни бичиг рүүгээ шилжээгүйг анхаарах ёстой гэж санана.
Харин манайд бол бөөн “онолын” хэрүүл. Чингэхдээ асуудлыг эрх оронч, урвагчдыг ялгах хэмжээнд тулгаж байна. Энэ нь монгол хэлний асуудлаар тод илэрч байна. Гэвч асуудлын мөн чанарыг ойлгож байгаа нь цөөхөн байна. Үүнийг хүн бүр мэдэрч байгаа боловч мэдэж байгаа нь цөөн байна. Дээр соёлын онолын асуудлыг хөндсөн боловч хэл болон бичиг үсэг соёлын гол бүрэлдэхүүн хэсэг гэдэг утгаар хэлний тухай асуудал мөнөөсөө мөн юм. Тэгээд ч хэл бичгийг соёлын суурь дэвсгэргүйгээр авч үзэх боломжгүй.
Манай соёлыг: язгуур, уламжлалт, олдмол, үүсмэл гэсэн бүрэлдэхүүн хэсгээр нь авч үзвэл кирилл бичиг үсэг олдмол соёлд хамаарна. Гэхдээ манай соёлын салшгүй хэсэг мөн. Харин үндэсний бичиг бол язгуур соёлд хамаарна. Гэхдээ тухайн түүхэн үедээ олдмол соёл байсан нь эргэлзээгүй. Одоо бол хоёулаа монголын соёлд ямар ч эргэлзээгүй хамаарна.
Аливаа соёл хэзээ ч тасардаггүй юм. Харин манайд таслаад, зөрчилдүүлээд байгаа нь хачирхалтай. Нэг нь эх оронч, нөгөө урвагч болчихож ч байх шиг…
Тэгэхлээр эл асуудлыг соёлын өргөн суурь дэвсгэр дээр, даяаршил болон дангааршлын харьцаанд нухацтай шийдэх ёстой.
Эдүгээ хэлний асуудлыг хэл шинжлэлийн болон зохиолчид нийлсэн хэдхэн хүн зүтгүүлж байна. Энэ бол буруу зүйл биш. Гэхдээ манай зохиолчид монгол хэлний яруу тансагийг сайн мэдэж, түүнийг баяжуулагчдын тэргүүн эгнээнд явдаг боловч хэл шинжлэлийг өнөөгийн онолын түвшинд мэдэхгүй, түүнийг системчилж чаддаггүй. Шууд хэлбэл зохиолчдоос сайн эрдэмтэн төрөх нь өдрийн од шиг. Манай зохиолчид монгол хэлийг магтаж чадна, баяжуулж чадна, энэ нь эх хэлээ хөгжүүлж буй нэг хэлбэр, тэдний оруулж буй том хувь нэмэр юм. Харин зохиолчид үүнийгээ нэгтгэн шинжилж, нийгмийн үр дагаврыг нь системийн түвшинд тодорхойлж чадахгүй.
Нөгөө талаас зохиолчид голлон хийж буй манай нийгмийн туурвин бүтээсэн хэлний баялгийг судлан шинжилж эх хэлээ баяжуулах нь хэл шинжлэлийн эрдэмтдийн үүрэг юм. Гэтэл тэд энэ чиглэлээр хийсэн бүтээсэн зүйл тун хомс. Нөгөө талаас манай хэл шинжлэлийн эрдэмтэд өөр хоорондоо ихээхэн зөрчилтэйгөөс гадна хэл шинжлэлийн орчин үеийн онолын асуудлуудыг бараг мэдэхгүй гэдгийг шууд хэлэх нь миний үүрэг юм.
Монгол хэлний тулгамдсан асуудал бол хэлний дүрэм, толь, үгсийн сангийн багц асуудлууд биш, харин хэл өөрөө баяжин хөгжих улс төр, нийгмийн болон соёлын нөхцлийн асуудлууд байдаг. Үүнийг манай хэлний эрдэмтэд онолын түвшинд ч, практик түвшинд ч мэдэхгүй гэж би бүрэн итгэлтэй хэлж чадна.
Энэ асуудлыг над руу бүлэглэн дайрах аргаар шийдвэрлэх боломжгүй. Учир нь монгол хэлний нийгэмд гүйцэтгэх үүргийг дан ганц хэлнийхэн тодорхойлдог юм биш.
Хэлнийхэн хэлээ мэднэ гэх ахул онолын социологи хэлний нийгэмд гүйцэтгэх үүрэг, түүний нийгэм-соёлын нөлөөллийг судалдаг учраас би болон бусад хүн ч энд үгээ хэлэх эрхтэй…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 02 дугаар сарын 08.
manai helnii erdemted hel shinjeliin onolin asuudluudig medehgui gej saihan hudlaa zalahah yum aa hel shinjleliin onoloor medeej orniin ornuudtai haritsuulahad manai mongol uls tiim saingui gedgiig medne.ene bol zovhon manai mongolin hel shinjleld ch baigaa yum bish busad salbart ch adilhan gej boddog jishee n mongol ulsad onlin sotsiologior yamar mundag buteel garsanig bi medehgui yum baina magadgui gundsambuugiin davhraajiltiin sudalga geh met nomuud bii baih gehdee ene buteel n yag orniin hemjeend huleen zovshoorodoh esehiig sain medehgui yum jishee n giddensiin alain turanii buteeluud shig zovshoorogdoh uu ganhuyag sudlaach tani huvid ch gesen onolin tiim buteel baigaa yu ingeed bodohod horin heden jil hel shinjleliin onolin hicheel zaaj baigaa oniln chigleleer arvan heen jiiin omno baruund doktor hamgaalsan minii biy mongol hel shinjeechiin huvid hel hinjleliin onolin asuudlig meddegui gedgee tanas medej avlaa. jishee n hamgiin suuuld 2013 ond minii biy angli mongol helnii oguulber sudlalin tulgamdsan asuudlaar nom hevluulsen mini neleed heden jiliin sudalgaa baisan ene nom tani bodloor hel shinjleliin buteel bish yum baina yoroosoo tanig ingej buruu yarihiig chin huleen zovshoormoorgui baina
Чи битгий солиороод бай. Социологичид “юм хийхгүй” байгаагаар хэлнийхэн юу ч хийхгүй байгааг тайлбарлах гэвэл чи хуцваа л байна. Чи хэлнийхний үнэн тэнэг боловч сонгодог төлөөлөгч мөн байна. Ингэж тэнэгтвэл би чиний, Та нарын өмдийг чинь ёстой шувтлаад өгнө, гайгүй. Чинийх шиг судалгааг манай онолын социологид “орон нутгийн хавсарга судалгаа” гэж нэрлэдэг. Миний хувьд сар болгон 8-12 өгүүлэл бичдэг ба үүний 1-3 нь онол-түүхийн болон аналитик өгүүлэл байдаг. Чаддаг юм бол хоёулаа уралдах уу ?!
хэлний хүн гэчихээд ядаж кирилл үсгээр бичиж болдоггүй юм уу.
Энэ хүмүүс ядахдаа кирилээр өөрийн санаагаа бичгийн соёлтойгоор илэрхийлдэг болчихоод судлаачийн үзэл санаанд шүүмж бичвэл энгийн мань мэт ойлгох гэж хичээх байхдаа гэж…арай академик түвшиний …гээд хадуураад явчихгүй байгаа даа…
Suuliin yeiin sanhuugiin ner tomieog mongol hel ruu orchuulah, shine ner tomieog nutagshuulah, hevshuuleh ajil nileen hotsrood baigaa sanagdah um.
Ганц санхүүгийн салбар биш л дээ. Бусад бүх салбарт байдал адилхан ямар ч замбараагүй байгаа. Социализмын үед Нэр томъёоны Улсын Комисс ажиллаж, тусгай толь гарган энэ бүхнийг янзалж цэгцэлдэг байсан. Үүнийг хэлнийхэн хийхгүй л юм байна ш дээ…
manai mongoliin buh um ni bantan bolood auyltai ni bie bieniihee esreg boltson mongold haosiin buh shinj temdeg ilreed udaj bn haanaas ni ch um hen ni um tsahiur zuraad hayahad l gal durelzen asahad belen bn daritai torh erh barigchid medej bga ch arga hemjee ni mash huchgui negdmel bus arga yadsan shinjtei ajiglagdah um tednii gariig huleed amand ni alchuur chihchihsen um shig ch umuu esvel dor burnee chimeegui bn
ene oguulel tani tanii orgil niigemd hamgiin chuhal oguulel boljee taniig eruul enh urt udaan nasluulj mongol tor ashiglaasai gej husye
Нээрээ энэ “Монгол хэлний хууль”-ийг зүтгүүлээд байгаа эрдэмтэд хэлийг социологи, филисофийн талаас нь авч үздэггүй, судалдаггүй байх. Жак Деррида, Мишель Фуко-г сонссон болов уу
сайхан бичжээ. унаган соёлоо гээхгүй, олдмол соёлтойгоо хослуулаад л ирж дээ монголчууд маань
Орчин цагийн ШУ-н ололт, дэвшлүүд болох компьютер, гар утас, машин, техник хэрэгсэл гээд эдгээр олдмол соёлуудын даяаршлын их шуурганы эрхэнд бидний амьдралд үзүүлэх нөлөөлөл өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа энэ үед үүнийг бодлоготойгоор анхаарахгүй бол язгуур соёл гажуудах, мартагдах ч юм уу, үл ойшоогдох хандлага газар аваад байх шиг. Ялангуяа шинэ залуу үеийнхэн дунд.
Чиний хэлдэг үнэн. Ийм асуудал бүх улсуудад тулгарч байгаа. Гэхдээ том улсууд бол гайгүй л дээ. Харин манайх шиг улсад их хурц тавигдаж байна. Энэ нөхцөлд даяаршил, дангааршлын харьцааг зөв олох ёстой. Хөгжиж байна гээд язгуур соёлоо мартаж болохгүй, язгуур болж байна гээд ганцаараа хоцорч болохгүй. Үүнийг үндэсний соёлын цогц бодлогоор тодорхойлох ёстой. Харин хэлний бодлого түүн дотор багтах ёстой. Гэтэл манайд хэл нь “түрүүлээд” байна…
Hi.
Hereldeh met metgelzej olon oyutan shavi bolon busdadaa ulgerleh ym daa. Sudlgaanii ajildaa bol MGLdoo N1 ym bichij niiteldeg hun mun bolv uu.
Gehdee kazakstan uls tuuhee shineer bichij baigaa l uls ym bish uu dee. Kazakuud uursdiiguu mongoliin ch kirgizuudiin ch uvug etseg, uusel baisan met tuuhee surtalchilaad 20 jil bolj baigaa baih.
Oros oron odoohondoo baruunii esreg l bol hentei ch niilehed belen buguud N1 n Peter I bolhiig huseed baih shig sanagddag buguud turiin undurluguus buuh durgui baigaa baidlaaraa ilerdeg ym bish uu.
1. Казакууд түүхээ бичиж байгаа нь хэлний асуудлаар тэднээс жишээ авч болохгүй гэсэн хэрэг биш байх. 2. Орос хэнтэй тэмцэж байгаа нь гол биш, өөрийнхөө соёлыг юу гэж тодорхойлж байгаа нь бидэнд чухал. 3. Манай залуус монгол эх соёлын талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлбэл сайнсан. Эл өгүүллийг энэ л зорилгоор бичсэн юм…
Батхүү мэтийн өөрийн бичсэн ч юм уу хуулсан ч юм уу хэдэн хуудас зүйлээ Монголын хэл шинжлэлд том хувь нэмэр оруулчихсан мэтээр эхдүүрч явдаг нь Монголд маань олон болж.Ядаж кириллээрээ ч бичиж чадахгүй амьтад энэ ариун газар орж ирж бараан юм бичихээ боливол таарна.Таныг Монголчуудаа зөв мэдээлэлээр хангаж , асуудлыг цагт нь хөндөж тавьж байдагт тань баярладаг шүү.Эрүүл энхийг хүсэе
Манайх язгуур соёлоо даяаршлын шуурганд зүй зохистой хадгалж үлдэж чадвал энэ нь манай үндэстний маш том дархлаа, оршин тогтнох үндэс мөнөөсөө мөн. Энд зохист харьцаа маш чухал гэдэг судлаач ахын санаа их чухал шүү. Гэвч бид залуу үеийнхэн даяаршлын нөлөөнд хэтэрхий их автаад жингийн туухай эсрэг тал руу аажмаар л хэвийгээд л байна даа.
Биднийг бага байхад гадаад хэл болох Орос хэлийг 4-р ангиас Монгол хэлний хичээлийн цагаас арай бага цагаар ордог байсан нь учиртай юм байсан байна лээ. Төрөлх хэл, уран зохиолыг түлхүү үзэж, хэрэглэж сурсанаар УХАМСРААР гадаад хэл сурдаг. Одоо болохоор бүр цэцэрлэг нь хүртэл гадаад хэл заадаг болчихоор бид хэний ажиллах хүч, хэний соёлоор хойч үеэ бэлдээд байнаа гэж санаа зовнихоос өөр аргагүй болох юм.
Бас нэг санаа зовоосон зүйл нь манай МАА-г бид 13-р зууны үеийн бүтээлүүдээс ч гэсэн (жишээ нь Монголын нууц товчоо) харж болоод байгаа нь эдийн болон амьдрахуйн соёл маань зогсонги байдалд орсоноос оюун харьшихад нэмэр болж байна уу гэж бодогдох юм. Монгол хэлний өвөрмөц хэллэгийн 75% орчим хувь нь МАА-тай холбоотой байдаг гэж уншиж байсан. Харин өнөөдрийн Монголчуудын хэдэн хувь нь МАА-тай холбоотой билээ? Хотын иргэн болж төлөвшөөд ирэхээр хэл, соёл маань соёлын үндэс болсон нүүдлийн амьдралаас холдоод хотын гэх тодотголтой бүгдийг гадаадаас авчран нутагшуулж байгаа нь ийм хөрс бэлэн байгаатай нь холбоотой болов уу. Үүний жишээ бол Солонгос ресторан, Тай массаж зэрэг.
Та бүхэн хүүхдүүдээсээ асуугаад үзээрэй: Тунгалаг Тамир, Мандухай Цэцэн Хатан, Хөдөө талын үзэсгэлэн, Шувуун саарал гэх зохиолуудыг хэр мэдэж байна? Унших дуртай байна уу гээд. Бас Нийслэл хүү, Хүргэн хүү зэрэг кино үзүүлбэл хавтгай хөөгөөд явсаныг огт ойлгохгүй,хүлээж авахгүй болсон байгаа.
Ер нь ийм хотжилтын процесс дэлхий даяар болсон тул энэ бүхнээс өөрийн соёл, хэлээ авч үлдсэн туршлагыг сурч нэвтрүүлэх хэрэгтэй болов уу. Ядаж архиваас өөрийн гурван үеийн намтрыг олж уншиж хэний үр удам гэдгээ мэдэж бахархаж сурвал гэж бодогдох юм.
Цээжилдэг, хараадаг, гүтгэдэг биш цэцэн оюун, шинжлэн судлах энэ бичвэрүүд хичнээн их мэдлэг, ухамсарыг сэрээж байна вэ? Соёл, мэдлэг, ухамсар, хариуцлага гэдэг бас энэ ш дээ…
nuhatstai l bodoh asuudal yum ug ni.getel shuud l aihtar uurchlult hiiheer zutguuleh yumdaa.solino halna gej baihaar ner tomyonii komiss ene teriigee todorhoi bolgood baahan gadaad vgnvvdee tsegtselmeer. asuudliig neg ih shuugian tarih talaas ni barij avaad bh yum. ene ni yug ilerhiilj bna ve tegeheer…
Моонгол хэл сурахад хэцүү гэхдээ хэцүү юмыг сурснаар хүүхэд залуусын логик сэтгэлгээ хөгжинө гэж би боддог. Чухам иймд ээ л хятад тайваний залуус гэмт хэрэгт өртөх нь бага байж мэднэ. Рэнчин гүүш эх хэлээ хаяснаас орчин үеийн залуусын сахилга бат их дордоно гэж анхааруулж байсан нь оргүй зүйл биш болов уу.
Хос морьтой гэдэг шиг хос бичигтэй байхад боломоор юм шиг Насаараа техниктэй оролдсон мань мэтэд /инженер/ хэцүү хол байдаг нь үнэн. Гэтэл би тэтгэвэрт суугаад 6 сар оролдож сураад өөрийн сонирхосон номоо уншаад бас бичээд байгаа. Зээ хүүдээ заагаад түүнтэйгээ уралдаж уншаад бичээд алдаа оноогоо 2 том тольноос хараад бөөн “азарт” байгаа Ганцхан сурахын их хүсэл, монгол үндэстэн энэ бичигээрээ бахархах сэтгэл бас бага зэрэг хэрэглээ баймаар юмуу даа. Англиар: sugar- сугар гэж бичээд шүүгээ гэж уншаад элсэн чихэр гэж ойлгохоос одоохондоо тийм их хүнд бус ажгуу. Буриадууд эх хэлээ /буриад хэлээ/ олж авах гэж баларч байна Тэнд бүхэл бүтэн соёл мөхөж байна Бид хойноос нь орвол МОНГОЛ ҮНДЭСТЭН мөхөнө шүү Сэтгээрэй сэрээрэй залуусаа
bosoo mongol bichigtee hurdan ergej orsonn deere! ovormongold mongol bichig heregleed boloodl bnshde! bas runi bichigiig sudlah sudalgaanii hvreelen toroos baiguulj Runi bichigiig mongoliin soyliin ovoor UNESCO d bvrgvvleh heregteim bn!
mongol bol orosiin tow aziin mongolstan bish ooriin gesen heden myangan jiliin tor uls bichig soyliin tvvhtei oron! kiril vsgiig zvgeer erthen haysann deer
Үндэсний соёлыг дан ганц уриа лоозонгоор бүтээдэггүй…
Крилл бичгийн өөрчлөл шинэчлэлтийн нөлөө эерэг үү, эсвэл сөрөг үү гэдгийг хэн ч одоо таашгүй л байх. Гэхдээ өдийг хүртэл хэрэглэж заншсан зүйлээ солино өөрчилнө гэдэг асуудал ихтэй байж таарна.
Энэ асуудлыг ярьж байгаа учраас мэдээж соёлын асуудлыг хөндөх нь зүйтэй байх. Судлаач Ганхуягын хэлсэнчлэн соёл гэж яг юу вэ гэдгийг бид мэдэхгүй гэдэг нь үнэн. Таны соёлын тухай 4 ай савд хувааж бичсэн зүйлээс сая нэг соёлын тухай мэр сэр ойлголттой болж авлаа.
Мэдээж хэлний асуудлыг дан ганц хэл шинжээчид шийдвэрлэх нь буруу болов уу гэж бодож байна. Энэ асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэж, хэлний асуудлыг хөндөхөд аль аль шинжлэх ухааны салбарт хамааралтай зүйлс гарч байгаагаас үүдэн тус салбарууд бүгд дүн шинжилгээ хийж уг асуудалд оролцох нь зүйтэй бололтой.
Дан ганц энэ асуудлаас гадна соёл гэх энэ өргөн ойлголтыг нийтээрээ ойлгож ухааран цаашид хамгаалан хөгжүүлэх шаардлагатай гэж миний бие үзэж байна.
Мэдээж цэвэр соёл гэж байдаггүй гэдэг нь зөв бизээ. Эртнээс нааш авах гээхийн ухаанаар манай Монголчууд төдийгүй бусад улс орнуудын соёл уламжлагдахын зэрэгцээ хөгжиж ирсэн нь лавтай.
Судлаач Ганхуягийн 2015 онд бичсэн энэхүү чухал нийтлэлийг хожимдож уншсандаа харамсахын зэрэгцээ надтай адил тун олон хүн байгааг бодолцон фейсбуук-ээр түгээхийг хүслээ. “Монгол хэлний тухай хууль” гэх нэр томьёоноосоо эхлэн будилсан хуулийг Ерөнхийлөгч УИХ дахь АН-ын олонх болон элдэв популистыг ашиглан байж батлуулав. Энэ хууль ёсоор 2025 оноос албан хэргийг уйгаржин бичгээр хөтлөнө. Ингэхийн тулд улс орныг, ялангуяа боловсролын салбарыг хөнтрөх ажил эхлээд байна.