УЛАМЖЛАЛТ ШАШНЫ ТУХАЙ ЭРЭГЦҮҮЛЭЛ

Сүүлийн үед шашны сэдэв монголчуудын анхааралд ороод байна. Шашныхан ч өөрсдөө шашны шинэчлэл ярих болов. Түүнчлэн улс төрийн болон нийгмийн амьдрал ч өөрөө шашны асуудлыг аяндаа дэвшүүлэн тавих болов. Энэ асуудлыг хөндөх бүрт түүх, соёл, үзэл санаа, уламжлал, ертөнцийг үзэх үзэл, улс төр, тэр ч байтугай хувь хүний итгэл үнэмшил зэрэг бүх асуудал хөндөгддөг учраас туйлын зовлонтой, бараг дуусашгүй маргаан тэмцэл болох.
Үүнээс шалтгаалаад эл асуудал нэн эмзэг бөгөөд бараг хориотой гэхэд болно. Гэтэл ярихгүй байлаа ч цаад зөрчил нь улам бүр хуримтлагдсаар байгааг хүн бүр мэдэж байгаа. Ний нуугүй хэлэхэд бараг монгол хүн бүр шашнаа “сэм” шүүмжилж буй боловч гагцхүү яаж өөрчлөхөө л мэдэхгүй байгаа гэж баттай хэлж болно. Ингээд би судлаачийн хувьд бугшсан зарим асуудлыг хөндөх гэсэн юм. Хөндөх ч юу байхав, асуудлыг шийдэх нөхцөл байдлыг арай тодорхой, арай хялбар, арай дөхөм болгох сайн санааны үүднээс үүнийг бичиж байна. Түүнээс биш би шашны асуудлыг шийдэх гээгүй. Энэ төр шиг юм нь уул овоо тахихаас өөрийг мэдэхгүй тохиолдолд өөрөөр яах билээ…
Шашин гэвэл манайхан дур дураараа ойлгодог. Тэгвэл аль ч талд нь орохгүй, бүгдээрээ зөвшөөрөх тийм ойлголт гэж байх уу ? гэсэн асуулт үүснэ. Байна аа. Энэ бол сонгодог социологийн болон системийн анализийн ойлголт юм.
Шашныг, түүний дотор манай уламжлалт шашныг: нэг, ном эрдэм, сургааль номлол, хоёр, сүм хийд болон зохион байгуулалтын хэлбэр, гурав, лам хувраг буюу боловсон хүчин, дөрөв, нийгэмд үйл ажиллагаа явуулах хэлбэр гэсэн дөрвөн том хэсгээс бүрдэх нийгмийн том систем буюу нийгмийн институт гэж авч үзэж болно.
Ингээд энэ системийг бүрдэл хэсэг тус бүрээр нь авч үзье. Гэхдээ би энд зөвхөн арга зүйн асуудлыг л авч үзнэ.
Нэг. Онол ном сургааль
Манайхан шашин гэнгүүт л зөвхөн энэ асуудал руу ордог ба түүний буруу зөвийн тухай эцэс төгсгөлгүй, үнэн худал нь үл ялгарах маргаан руу ордог. Энэ маргаан хэдэн мянган жил болсон ба цаашид ч дуусахгүй гэдгийг ор тас мартдаг. Гүн ухааны шинжтэй энэ маргаанаас ялагч болон гарсан нь цөөн. Иймээс онол ном, сургаалийн тухай яриа маргааныг энэ сэдвийн хүрээнд цэглэх ёстой. Одоо бол хүн хүн өөр өөрийн итгэл үнэмшлээр явах болсон цаг.
Гүн ухааны утгаар Буддын сургааль, гүн ухаан маргаангүй үнэн зөв гэдэгт би итгэдэг. Харин энэ бол зөвхөн миний хувийн итгэл үнэмшил юм шүү. Харин тэрхүү сургааль номлолоо манай шашны систем монголын нийгэм, үндэстэндээ хүргэж гэгээрүүлж, ариусгаж чадаж байна уу, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадаж байна уу гэвэл би огт чадахгүй байгаа гэж шууд л хариулна.
Хоёр. Сүм хийд болон зохион байгуулалтын хэлбэр
Дэлхийн олон шашин бүгд шахуу сүм хийдтэй. Тун цөөхөн нь сүм хийдгүй. Манай шашны сүм хийд байрлал, тоо хэмжээгээрээ хэтэрхий олон, оршин тогтнох эдийн засгийн арга нь тун өвөрмөц. Тэд угаасаа өргөл барьц авч жас жав хэмээх аж ахуйгаа өөрөө тэлэн хөгжүүлж, улс дотор улс болж өөрийн хүчин чадлаа байнга өсгөж ирсэн хачин сонин уламжлалтай. Энэ нь шарын шашны сүм хийдийн хэт их тэлэлтийн үндэс болж байсан. Шарын шашин түүхэн утгаараа улс орны эдийн засгийн туйлын идэвхигүй байр суурь баримталдаг.
Бусад улс оронд сүм хийд байдаг боловч “нэг сууринд нэг сүм” гэсэн зарчим голдуу үйлчилдэг. Манайд бол нэг газар төрөлжсөн, хоршсон, мэргэшсэн асар олон сүм хийд байх. Ингээд ахиад нэмж сүм хийд байгуулна. Тэгээд тэлэлт явагдана. 1919 онд 900 шахам болтлоо өссөн шүү дээ. Ингээд сүм хийдийн тоо хэмжээ хэт ихэсдэг. Хуучин ч тийм байсан, одоо ч тийм. Тоо ихэсвэл чанар мууддаг. Энэ бол зүй тогтол. Ингэхээр тоо хэмжээг анхаарах ёстой болж. Тоо хэмжээнээс гадна соёл хийгээд үйлчилгээ гэсэн гол юмаа орвонгоор нь өөрчлөхгүй бол нэг их хол явахгүй дээ.
Сүм хийдийн эдийн засгийн оршихуйн дүрэм журмыг цэгцлэхгүй бол хамтын болон хувийн өмч илт холилдож үүнээс болоод зөрчилдөөд байна. Ухаандаа Бурханд, сүм хийдэд, ламд өргөж байгаа мөнгө хөрөнгө их ялгаатай л даа. Хэрэв хувийн орлого юм бол улсад татвар төлөх ёстой, нийтийн орлого юм бол нийтийн буюу буяны үйлст зориулагдах ёстой. Энд бүх юм холилдсон хамаг зүйл зохицуулалтгүй байгаа нь хэн ч харахад ойлгомжтой. Үүнийг чинь маш амархан янзалж, зохицуулж болдог юм. Үүнийг лам нар биш, шинжлэх ухаан хийдэг юм.
Сүм хийд манай нийгэмд гамшиг болсон лалар харанхуй мухар сүсгийн эсрэг дорвитой ажил зохиохгүй бол хамаг лай ланчиг нь уламжлалт шашин дээр бууна шүү. Сүүлийн үед манай мунхаг харанхуй, балар суртал арай дэндэж байна ш дээ. Үүний тулд систем дотроо байгаа мунхаг харанхуйтай эхлээд тэмцэх ёстой гэдэг нь баараггүй үнэн. Ингэлээ гээд Та нарт л сайн нь тусна. Нээрээ шүү…
Шинээр барих сүм хийдийн гадаад дотоод дизайн, орчноос эхлэн өөрчилж орчин үеийн цэлгэр, тохилог, үзэмжтэй болгох ажлыг зоригтой эхлэх нь шинэчлэлийн нэг гол чиглэл болно.
Гурав. Лам хувраг буюу боловсон хүчин
Аль ч газрын боловсон хүчин сайн байж ажил үйлс нь бүтэмжтэй байна. Энэ утгаар манай шашны үйлс сайн байна гэж номонд хазгай. Жишээ татаад яахав, бүгдээрээ л мэдэж байгаа хойно. Энэ нь боловсон хүчнийг хуучин аргаар бэлтгэж байгаа болон мөнгөнд автсантай холбоотой.
Саяхан би “Баруун дахь Буддизм” ном уншсан юм. Баруунд буддизм их дэлгэрч байна. Энэ ч сургааль номын сайных байх. Түвдээс баруунд дүрвэж очсон лам нар анх их зовсон юм байх. Номоо номлох гэсэн чинь тэднийг америкчууд ёстой тоож харагдана ш дээ. Түвдэд зүгээр сууж байхад нь сүсэгтнүүд ирдэг байсан бол баруунд лам нар нь “шинэ” сүсэгтний араас гүйдэг болж гэнэ. Буддын лам нар арга барилаа өөрчлөн барууны хүмүүсийн сэтгэл зүй, тэдний зовлон бэрхшээлийг судлан тэрийг нь Бурхны номын үүднээс тайлбарлаад өгсөн чинь нөгөөдүүл нь гэгээрээд ирж гэнэ. Ингээд шашнаа дэлгэрүүлж гарчээ. Тэгэхдээ ихээхэн амжилттай.
Энэ түүх надад их таалагдсан. Заавал үүн шиг байх нь албагүй л дээ. Ямар ч байсан манай лам нар орчин үеийн хүмүүсийн үнэт зүйл, зовлон жаргал, тэдний оюуны эрэлт хэрэгцээг мэдэж байх ёстой. Үүний тулд лам нар орчин үеийн социологи, сэтгэл зүй зэрэг шинжлэх ухааны үндсийг мэдэж байх ёстой гэж санана. Тийм биш гэж үү ?! Хүнийг гэгээрүүлэхийн тулд өөрөө эхлээд гэгээрсэн байх ёстой. Лам нар өөрөө гэгээрэх нэг хэрэг, бусдыг гэгээрүүлэх түүнээс ч том хэрэг. Үгүй ядаж хувийн ариун цэвэр болон харилцааны соёлын стандарт гэж байх ёстой биз. Цаашилбал сахилга бат, үйл ажиллагааны хэм хэмжээ гээд олон юм ярьж болох…
Сүм хийдэд албан ёсоор данс бүртгэлтэй лам хувраг нараа цагдаа нарт байдаг шиг хувийн дугаар, ялгах тэмдгээр хангасан ч илүүдэх юм алга. Тэгэхгүй бол аль нь лам хувраг, аль нь хулгайч луйварчин гэдгийг ялгахгүй зовж байна ш дээ, энэ хүмүүс чинь…
Дөрөв. Нийгэмд үйл ажиллагаа явуулах хэлбэр
Шашинд хүн хэзээ ханддаг вэ ? Нэг, үхэх төрөх үедээ, хоёр, зовлонд учирсан үедээ, гуравт, аз үзэх үедээ, хамгийн сүүлд дөрөв дэхэд нь, аз жаргалтай үедээ. Хамгийн түгээмэл бөгөөд заавал хийх үйл нь үхлийн шалтгаан юм. Үүнийг эдийн засгийн хувьд ч, үйлчилгээний хувьд ч стандартад оруулаад хэл амгүй, хүний сэтгэлд юм хийхгүй аятайхан хийчихэж болноо доо. Стандарт зөрчсөн шуналын туламнуудаа олж шийтгэж болно биз дээ. Хахууль авсан төрийн албан хаагчийг хуулиар шийтгэдэг шиг хийхгүй юу…
Гадаадын сүм хийдийн олон үйл ажиллагаа гэгээрүүлэх, хүмүүнжүүлэх болон буяны олон үйл ажиллагаа хийдэг. Улаанбаатар хотод найдваргүй болсон өвчтөнд үйлчилдэг Христийн хөнгөвчлөх эмнэлэг ажиллаж болоод байна. Ямар ч мөнгө авахгүй, амьдралын эцсийн хоногоо хүлээсэн хүний сүүлчийн өдрийг сэтгэлийн сайхан үгээр үдэж байна. Тэд баярын нулимстай хорвоог орхиж байна. Яагаад манай шашин ийм буян хийж нэг сайхан эмнэлэг барьж болдоггүй юм гэж би асууж байна. Нас барсан хүн хайж явдаг олон лам нарын ядахдаа хэдхэн нь ийм эмнэлэгт ажиллаж найдваргүй болсон хүмүүст буян болж болдоггүй юм ?!
Оршуулах газар, зан үйлээ хүртэл солонгосуудад алдсан гэм буруугийн дийлэнхи нь ёстой жинхнээсээ хараал идэж баймаар улс төрч, Улаанбаатар хотын захиргааныханд ногдлоо гэхэд нэлээд хэсэг нь лам хуврагуудад ногдоно гэж би бодож байна.
Монгол талийгаач Монгол Нутаг дээрээ гадаадынхны оролцоогүй тайван нойрсож болно биз дээ !!! Монгол хүн нас барсан хойноо ч баян ядуугаараа ялгаварлагдаж ад үзэгдэхгүй Эх Нутагтаа үүрд нойрсох эрхтэй юм байгаа биз дээ !!! Монголчуудынхаа сүнсийг шашнаас нь өөр хэн хамгаалах юм ?!
Энэ мэтээсээ болоод л манай уламжлалт шашны нэр хүнд унаж байгаа ш дээ…
Цэвэр мал аж ахуйгаас бүрдсэн эдийн засагтай, малчин ард хийгээд феодал хоёроос бүрдсэн уламжлалт нийгэмд байсан шашны системийн хэлбэрийг XXI зууны зах зээлийн эдийн засагтай, нийгмийн олон анги, давхраатай, олон ургальч үзэлтэй өнөөгийн нийгэмд тэр хэвээр нь сэргээн мандуулна гэдэг бол үл гүйцэлдэх ажил мөн.
Шашны шинэчлэлийн тухайд
Манайхан сүм хийд (2), лам хувраг (3), шашны нийгмийн үйл үйл ажиллагааны (4) асуудал ярингуут онол номын (1) асуудал руу заавал оруулж балайруулдаг заншилтай. Ийм байдлаар яривал шашны асуудлыг яагаад ч шийдвэрлэж чадахгүй нь лавтай. Системийн 4 бүрдэл хэсгээс гурав нь сүйрлийн байдалд орсон бол үлдсэн нэгдээ буюу онол номдоо муугаар нөлөөлөх нь гарцаагүй юм. Системийн анализ хийхэд иймэрхүү байдлаар харьцангуй “бие даасан” хэсгүүдэд задалж тус тусад нь шинжлээд дараа нь “нийлүүлдэг” юм. Ингэхгүйгээр эхнээс нь “хольчихвол” ямар ч “юм” гардаггүйг ойлгоно гэж найдаж байна. Үүнээс өөрөөр тайлбарлах аргаа би олохгүй байна…
Ер нь ямар ч шашин нэг талаас нийгэмтэйгээ дасан зохицож, нөгөө талаас нийгмээ манлайлж хөгждөг жамтай. Гэтэл уламжлалт шашин орчин үеийн нийгэмд дасан зохицож ч, манлайлж ч чадахгүй байна. Уламжлалт шашны үйл ажиллагаа дэндүү хуучин хэлбэрт баригдсан байна. Шинэ юм болгоныг уламжлалаа сэргээх гэдэг тэнэг үгээр няцааж байна. Бүх уламжлалаа сэргээнэ гэвэл дундад зууны балар харанхуй руугаа буцаж орно гэсэн үг л дээ. Манай шашныхан Бурхны шашныхаа төв үзлийн сургаалийг огт мэддэггүй улс байна.
Уламжлалт бус шашныг зоргоороо шүүмжилж болох ч өөрөө түүнээс бүх талаараа илүү, хүчтэй, идэвхитэй, зохион байгуулалттай баймаажин тэднийг ялж даван гарах нь бас л зүй тогтол гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Иймээс манай шашны системд шинэчлэл хийх гарцаагүй шаардлагатай.
Шашны шинэчлэлийг яръя гэвэл дан ганц шашны мяндагтнуудын хүрээнд биш, харин дээр дурдсан системийн бүрдэл хэсгүүдийн хүрээнд орчин үеийн системийн онол, онолын социологи, удирдахуйн онол зэргийн хүрээнд цогц байдлаар шийдвэрлэх ёстой. Шашны систем нийгэмтэйгээ холбогдох, шүргэлцэх үй олон шижмийг шашин судалдаг биш, онолын социологи гэж шинжлэх ухаан судалдаг юм. Шашны социологи гэсэн салбар ухаан ч байдаг. Үүнийг би олон хүнд олон удаа хэлж үзсэн. Надад бараг л шашны дайсан мэт хандах нь олонтаа.
Монголын шашны систем монголчуудыг эх оронч, ёс суртахуунтай, хүнлэг, эрч хүчтэй, нийгмийн идэвхитэй, өөртөө итгэлтэй, зоригтой, золбоо хийморьтой болгодог байгаасай гэж би хүсч байна.
Олонхи монголчууд уламжлалт шашнаа дээдлэн шүтдэг, хүндэтгэдэг, харин шашны нийгэмд явуулж буй үйл ажиллагаа, сүм хийдийн байдал, соёл хийгээд үйлчилгээ, зарим лам хуврагуудын хувийн зан байдал, зарим гаж үйлдэлд сэтгэл алдардаг нь нууц биш билээ. Үүнийг монголчууд шашнаа шүтэхээ больж байна гэж тайлбарладаг хуврагуудыг би нүдээрээ үзэж байсан. Ингэж маанагтаж болохгүй ш дээ. Монголын ард түмэн шашнаасаа шинэчлэлийг хүлээж байна. Би судлаач хүн мэдэлгүй яахав. Энд би зөвхөн асуудал л дэвшүүлж байна. Уг нь ярих ярихгүй, ил ярих, далд ярих олон л юм байхсанж…
Хэрэв дутагдлыг нь хэллээ гэж намайг шашны дайсан мэт үзэх юм бол би танай дайснуудад саад болох үүрэг хүлээгээгүй…
Судлаач Х.Д.Ганхуяг
2014 оны 03 дугаар сарын 30.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

40 Responses to УЛАМЖЛАЛТ ШАШНЫ ТУХАЙ ЭРЭГЦҮҮЛЭЛ

  1. sainaa says:

    Сайн байна уу Амралтын өдрийн мэнд…

    Нэг сонины сэтгүүлч манай нэг олны танил хүнээс Та шашинд яаж ханддаг вэ? шүтэж, сүсэглэдэг үү? гэж асуухад мань олны танил хүн …Үгүй би шашинд тэгэтлээ их хүчтэй татагдаж шүтдэггүй, харин би итгэл үнэмшилтэй хүн гэж хариулж билээ.

    Итгэл үнэмшил бол “зөв сайхан” зүйлийн нэрийдэл биш гэдгийг хүн бол бүхний хэмжүүр гэдэг афоризмтай холбоод ойлгочиход болох юм шиг. Эндээс бүх зүйл чамд таалагдах албагүй, чи ч таалахгүй зүйлээ таалах гээд судсаа өргөсгөөд байх ч хэрэггүй гэсэн зөвлөгөө унах байхужин.

    Тэгснээ таны өгүүлэл дотор нэг ийм санаа байна. “…Ямар ч байсан манай лам нар орчин үеийн хүмүүсийн үнэт зүйл, зовлон жаргал, тэдний оюуны эрэлт хэрэгцээг мэдэж байх ёстой…” Мэдээж хэрэг тэд үүнийгээ сайн биелүүлж байгаа /шинжлэх ухааны талаасаа тавьсан таны шаардлагыг албаар биш, жаахан хошигнон гуйвуулж байгаад уучлаарай./ энд тэнд хийд байгуулаад л, хотын гэрлийн шонгууд дээр засал..зайран хийнэ, хараал ерөөл хариулна…, буян хишиггүй хүнийг буянтай болгоно гэсэн бичигтэй зарыг өнгөт, хараар нь наагаад л.

    Сүсэглэж байгаа хүмүүс нь ч гэсэн мэдэхгүй хэлээрээ ном уншуулаад л, арц хүжээр өөрсдийгөө утаад л, ариун ус гээчээр нь нүүр гараа угаад л сайн муу зүг гэдэг рүү гарч хаашаа явах гэж байгаа нь мэдэхгүй алхаад л… Тэгээд үүнийгээ ариусал, гэгээрэл, хамгаалалт хийлгэчихлээ гэж ухамсартаа санаад л гүйцээ хэрэгцээ хангагдлаа. Энэ ч гэсэн итгэл үнэмшил биш үү. Буруушаах юу билээ.

    Гэтэл таны хэлдгээр “шашны номлол, сургааль” гэгчийн үндсэн чанар юусан билээ. Ийм хямд байж болох гэж үү. Шашин номлол сэтгэлийн амар амгалан, хүлцэхүйд дадлагажуулагч их багш нь юм бол бид түүнийгээ зөвөөр ойлгож ухамсарлаж болмоор жиг.

    Ер бас нэг гайхах зүйл байдаг. Өөрөө өөртөө гэрэл бол, өөрөө өөртөө найд, бусдад өглөгийг харамгүй хайрла… гэх мэт эдгээр буддагийн сургаалиудыг биелүүлэхэд заавал хэн нэг ламын өмнө очиж суучихаад ном айлдуулаад байх хэрэг байна уу. Тэр лам тань таньд зориулж таны мэдэхгүй хэлээр сайн сайхныг ерөөсөн ушлага уншиж өгдөг. Үүнтэй адилханаар мэддэг хэлээрээ хэн нэгэнд зүгээр л ажил дээрээ ч юмуу хаа явсан газраа бусдад хандан ” Таны үйлс өөдрөг байг ээ. Өнөөдрийг сайхан өнгөрүүлээрэй ” гээд хэлчих хоёрын хооронд ялгаа үгүй ч юм шиг. /Буддын ухааны талаарх ойлголт минь ядуу учир хэт хөнгөн санааг хамаагүй ярьж саваагүйтсэн магад тул “энгийн зүйл дээр” гэдэг нэр өгье./

    Баярлалаа…

    • Ганаа says:

      Сайнаа. Энд би шашны номлол сургаалийн тухай, хүмүүсийн итгэл бишрэлийн тухай, түүний зөв буруугийн тухай огт яриагүй. Энд шашны системийн “дутагдал”, түүнийг шинэчлэх тухай асуудал хөндөж байна. Үүнийг хольж болохгүй гэдгийг сануулж “балайрал” гэж хүртэл нэрлэсэн юмсан. Чи хараагүй бололтой ! Дахиад хэлье. Ингэж хольж яагаад ч болохгүй. Тэгээд ч ГЭГЭЭРЛИЙН асуудал бол чиний энд хөндөж байгаа “гэгээрлээс” хамаагүй дээд юм л даа….

    • Anonymous says:

      Ene hun uneniig uguulev.

    • Suld says:

      Bi oort tohioldson zuilee huvaaltsay. Bi er ni tegtlee aihtar shutej suid boldoggui. Neg udaa ajliin gazriin hunii maani eej ni ongorood tedniid ochson um. Bairniihaa neg oroond taliigaachaa taviad sens tavisan bsan. Bi ogt sejigleegui, aigaagui, zugeer l sonin umdaa uhsen huntei hamt neg dor bna geheer gej l teruuhen uyd bodson. Getel ter oroinoos ehlen shono bur aimshgiin zuud zuudleed, dandaa orshuulgiin gazar, suns sugnuud. Bi toohgui, aih ch ugui yavaad l bsan. Getel bur zogsdoggui, oroi bolgon zuudleed, suuldee zuud maani hurts helbert orj jishee ni: bi orshuulgiin gazar bh um. neg bulshnaas uhsen hun bosch ireed bid 2 bujiglej garna. Tegsnee ter doroo serne, Oroond neg um bgaa met setgegdel torno. 10-aad honog tiim baidaltai yavahaar suuldee bish bolloo gej bodood zahiin neg hiideer ochood zamd taaraldsan lam bandias iim um zuudleed bna yamar nom unshuulah uu gej asuusan neg biluu 2 nomiin ner helsen. Teriig ni bichuulchiheed nomondoo ch irj suugaagui, ajil ihtei bolohoor, tegeed bolloo gej bodood l yavaad ogson. Hamgiin gaihaltai ni ter oroinoos hoish dahij nogooh maani zuudlegdehee bolison. Muhar suseg gej oilgoj bolohgui. Gehdee l ene bol unen nadad tohioldson zuil. Tegeheer bid l oilgohgui bgaagaas ter nomond bas huch bna gej bodson shuu.

  2. уншигч says:

    Ганаа ах минь та л үнэнийг хэлэх юм даа.

  3. bi says:

    1005 demjij bn shinechlel heregtei

  4. bilgee says:

    Дэмжиж байнаа. Саяхан надад нэг гачигдал тохиолдож талийгчаа эцсийн замд нь аль аргаар үдэх вэ гэсэн асуудал гарсан юм. Чандарлах эсвэл газарт нутаглуулах гэдэг асуудал дээр ар гэрийнхэн маань маргаад. Уул нь алтан хайрцаг нээсэн лам нь газарт нутаглуул гэж байна хэмээн “уншсан” юм. Би ч энийг дагая гэж бодож байлаа. Гэтэл талийгч маань амьд ахуйдаа өөрийгөө чандарлуулна хэмээн ярьж байсан гэдэг яриа гарч үүнээс болж ар гэрийнхэн нь хоёр хуваагдав. Ажил явдлыг зохион байгуулж байсан лам нь өөр лам байсан тул түүнээс асуухад аль нь ч болно гэв. Би болохоор алтан хайрцаг нээсэн ламынхаар үйлдэхийг (тэгж хийх ёстой хэд хэдэн шалтгаан уншиж өгсөн болохоор) хүсч байсан тул маргасаар байгаад сүүлдээ түрүүлэн буулт хийх болсон ч нөгөө талынхан минь биднийхийг зөв юм байн хэмээн буулт хийсэн юм. Ингээд ажил явдлаа үргэлжлүүлэн газарт нутаглуулсан юм. Ийм асуудал дээр хүртэл хуваагдал үүсгээд, даанч дээ л гэж бодож байлаа. Хоёр ламтан хоёул нэг сүмийнх, улайм цайм шуналдаа баригдсан гэчихээр хүмүүс байгаагүй ч иймэрхүү асуудлыг эвтэйхэн нэг тийш нь гаргаагүйд сэтгэл нэг л эвгүй байсан. Ийм явдал өөр олон хүнд тохиолдсон тухай ч бас мэдэж авсан. Ийм л байна….

    • Ayanga says:

      Hunii gereesleliig zurchij boldog yumuu. Medeej lam heleh neg uur gehdee l burleech uuruu yu hussen teriig n yosoor bolgoson bol deer bus uu.

  5. Dashkaa says:

    Шинэчлэл хийх хэрэгтэй гэдэг дээр бол санал нэг байна шүү.
    Зүгээр хувь хүнийхээ байдалаас харахад хүртэл манай шашин бол арай л байдаг. Ном уншиж байгаа лам нь уншиж байгаа юмандаа огт анхаарсан юмгүй, харин ч нэг яаж яс салийдаа гэсэн байртай.
    Сүм хийд бол миний ойлголтоор бараг худалч хүнд огт шүтлэггүй хүн ороод шүтлэгтэй болоод гараад ирэхээр байх ёстой гэж боддог.
    Гэтэл манайд бол дээрх comment дээр бичсэн шиг харин ч сэтгэлд сэв хийдэг. Уг нь сэтгэл санааг ариусгаад ухааруулаад өгмөөр санагдах юм.

  6. Бат says:

    Ер нь бол Буддын шашны шинэчлэл биш Монгол хувь хүн бүрийн оюун бодлын шинэчлэл илүү чухал.

    • Ганаа says:

      Тийм ч байж магадгүй. Гэхдээ би энд зөвхөн уламжлалт шашны шинэчлэл ярьж байна. Тэгж болно биз дээ. Чамайг энэнээс хэтэрч философодвол уурлах юм байна…

  7. Бямба says:

    Хэзээнээс орж ирсэнийг нь уламжлалт шашин гэж ойлгох вэ?

    • Ганаа says:

      “Ум ма ни бад ми хум” гэдгийг нь…

  8. dolgoonaa says:

    zasag turdu oligtoi shinchilel hj chdku bga bidnar, shashinda yaj shinchilel hj chdhawde tglee ch shashin bl har tamhi niigemiig munharuulagch gdgiig ni bid nar hangalltai uzej harj medersen bhaa ongorson heden zuun jil.

  9. Delger says:

    Онол, номлолын хувьд ч яахав. Манайхан, ялангуяа лам нар өөр өөрсдийнхөө тааллаар дураараа гажааж байдаг болохоор одоохондоо хаяж орхи. Харин нөгөө 3 асуудлын хувьд эвтэйхэн шийдэж болмоор санагддаг.

    Миний анзаарснаар Монголчуудын хувьд аль нэг сүм хийд, систем, байгууллагад бишрэхээсээ илүүтэй хэн нэг гэгээнтэнд бишрэх, дагалдах байдал илүүтэй. Тухайлан, хувь хүнийг шүтдэг болохоор ч тэр үү, тэгээд өнөөх нь бас биеэ тоох төрөлхийн “өвчтэй” монгол хүнийг ч хэлэх үү, ганцаараа солиороод, будда мудда юу юм бэ болоод явчихдаг. Хүн бүр сүм хийд, дацан, дуган бариад энд тэндгүй суварга бариад, хүрд зоогоод эхлэхээр чинь одоо яалтай вэ дээ.

    Нийтийн дунд нэг ийм яриа байдаг. Оргүй ч биш л дээ, яг голоор нь дүгнэчихсэн. “Христийнхэн өгдөг, Буддынхан авдаг” гэж. Яахав цааш нь ухаад, санхүүгийн систем рүү нь өнгийвөл асуудал өөр л дөө. Гэхдээ нийгэмд явуулж байгаа, нүдэнд ил үйл ажиллагаа нь тийм л байгаа биз дээ. Хүүхэд нь өвдчихлөө, хагалгаанд оруулж байна, ном уншуулая гээд очиход нь хандив өгөхөө ч байя, үнэгүй ном уншиж өгдөг лам байдаг билүү?

    Ийм мэтийн юмыг цэгцлэх нэг санаа бол байна. Юу гэвэл, Монгол яс юман дээр бараг ганц ч буяны сан байдаггүй. Яахав, христийн болон бас бус шугамаар орж ирсэн буяны сангууд байдаг л байх. Гэхдээ буддын тодотголтой ганц ч буяны сан байхгүй. Ямар ч хийд буяны үйл хийдэггүй. Эсвэл буяны сан нь шашны зан үйл хийдэггүй, сургааль номлол түгээдэггүй.

    Тэгэхээр нэг том хийд байгуулаад, тэр хийд нь сангийн буюу санхүүгийн үйл ажиллагаа явуулаад, түүнийгээ сайн сурталчлаад өгвөл болмоор л санагдах. Тэнд нь мэдээж лам нар хурал ном хурдгаараа хурна, бурхан шүтээнд мөргөдгөөрөө мөргөнө. Гол нь хандив цуглуулдаг, цуглуулсан хандиваа үржүүлдэг, үржүүлсэн хандиваараа ядарсан зовсон амьтан хүнд тусладаг (хүнд өвчтэй, эдгэрэх магадлалтай боловч үнэтэй хагалгаанд орж чадахгүй өч төчнөөн хүн байдаг), түүнийгээ идэвхитэй сурталчилдаг, шашны олон талын зан үйлийг үнэ төлбөргүй хийдэг ийм л үйл ажиллагаа явуулдаг том төв, хийд байвал болоод явчихмаар санагдана. Энэ нь эргээд аялал жуулчлалын талаасаа ч хэрэгтэй юм байгаам даа.

    Шашны хэрэгт мэдээж төр оролцохгүй, шашныхан өөрсдөө л оролцоно. Шашных реформыг шашныхан өөрсдөө л хийх ёстой. Гэхдээ мэдээж Монголчууд учир бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй, хоорондоо эвлэхгүй. Бүхий түүхэндээ л түвд ламаар толгой хийж явсыш дээ. Шогийн гарууд…

    Иймд үүнийг харин арай сэхээрсэн, хэр баргийн лам нар шүүмжилж, гажааж чадахааргүй боловсорсон, шашны өндөр мэдлэгтэй, гэгээрсэн (магадгүй настай) хүмүүс бий болгоод удирдаад, залгамжлуулаад явчихаж болох юм шиг санагддышд.

    Уг нь бас ч гэж Монголд мөнгөтэй хүмүүс байна, мөнгөөрөө буян хийх гэсэн хүмүүс ч байна, арай ч бүгд адгийн шаарууд болчихсонгүй, Монголын заяа их юм даа гэж. Хоорондоо л эвлэхгүй, бие биедээ итгэхгүй, тэр л хэцүү.

    • Ганаа says:

      Чамд баярлалаа. Ийм л буяны, гэгээрлийн, нийгмийн тал руу бүгдээрээ (бүгдээрээ шүү !!!) явмаар юм. Уг нь амархан ш дээ. Сэтгэл л байвал болчих эд. Лам нартай болон хүмүүстэй ярихад бүгд зөвшөөрдөг юм. Татгалзах хүн ганц ч байдаггүй юм. Гэхдээ л болдоггүй, хийдэггүй юм. Юу нь болдоггүйг би гайхаад учрыг нь олдоггүй юм. Тэгээд л үүнийг бичсэн юм…

    • Suld says:

      Bi Thailand-d zorchson um. Tend humuus ni shashinaa deed zergeer sujigleh um. Zugeer l yavgan hunii zam deer jijighen talbaid burhanaa taviad mash ih tsetseg ene tereer goymsog chimsen bh um. Tegeed l hajuugaar ni ongorch bgaa humuus ihenh ni orj morgochihood l yvaad ogno. Gadaa ni bas tsetseg hudaldaalna. Humuus bas tendees tsetseg avaad burhandaa orgono. Tiim gazruud ihtei. HIid deer ni bas ochij uzsen uneheer gun setgegdel torson. Hondlongiin hun minii nudeer tuhain uyd thailand-chuudiig muhar susegten bna gej ogt haraagui, harin yamar ih ulamjlal, zan zanshil, soyoloo deedeldeg, yasan ih huchtei ard tumen be gej argagui baharhah setgel torj blaa. Nadad burhan ni shashin gehees iluu ulamjlal soyol ni gej haragdaj blaa. Teriigee shutej hundelj bui ni ter humuusiig iluu ih huchtei bolgoj bgaa met. Bi hurtel orj tsetseg tavingaa morgoj hundetgel uzuulsen. Ih saikhan sanagdaj, ter humuuseer baharhah setgel torj bsan shuu. Tegeed bodson …undesnii ulamjlal yos zanshil, soyol geech chini bidniig busdaas yalgaj, augaa haragduuldag, huchtei bolgodog zuil maani um bna, bid chini mash ih tom ulamjlalt soyol, zan uiltei humuus shuu dee gej bodoj baiv. Ter nandin ulamjlal, soyoloo uguisgej, muu heleh ni uneheer uhaangui hereg. Ganaa ahiig ene tal deer yamar bodoltoi bgaa bol gej huleej blaa. Tanii bichsentai sanal neg bna. Uguisgej bolohgui, harin saijruulah heregtei.

  10. Зочин says:

    Үндэсний уул уурхайн “Монголын Алт” (МАК) компанийг хоосруулагч нараас
    хамгийн түрүүнд энэ эрхмийн нэрийг дурдах зүйтэй юм.
    Г.Цогт нь МАК-д Дэд ерөнхийлөгийн албыг хаших бөгөөд МАК-д нөлөөгөөрөө 80%-ийг нь эзэмшихээр дайны юм.
    Хэрхэн мөнгийг идэгч болсон түүхээс. Г.Цогтийн сарын цалин нь 4 сая төгрөг байдаг. Үүнээс суутгал нь 1 сая орчим төгрөг. Гэтэл Мань хүн 160 саяын үнэтэй Lexus 570 машиныг өөрийн болгоод зогсохгүй 0067 дугаар бүхий Land cruiser 200, Lexus 570 авсан байдаг. МАК компани нь эрчим хүч, зам барилга том хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг ба энэ бүхнийг хариуцаж байдаг ноён Г.ЦОГТ нь нийт гэрээний үнийн дүнгийн 10-20 хувийг зүгээр л өөртөөл кармалж байдаг. Энийг баримтаар өгүүлнээ. Энэ мэт цадахаа байсан нөхрийг хэн хооллох вэ?
    Энэ байдлаараа бол Монголыг хамгийн түрүүнд зарж иднэ дээ. Энийг МАК кампанийн ажилчид мэдэх боловч хэн нь ч ярьж, бичиж чадахгүй нь харамсалтай. Ялангуяа Дотоод хяналт мониторингийн газрыхан нь

  11. Galaa says:

    Buddin gol zarchim bol uuruu gegeereed huniig gegeeruulehed esvel uuruu hun gegeeerhed ydaj tuslah yostoi bizdee. getel heden lam neg zugeerl hytadtai adilhan tuvd heleer nom unshaal manaihan ter heliig ni burhanii hel geed oilgochihood zalbiraad shuteedl uruvdultei. dund ni bantan l yvah yumdaa. Ganaa ahaa bainga niitlel bichej baigaarai udur bolgon tani blogiig shalgadagshvvv.

  12. Болд says:

    Тун чухал, хэрэгтэй сэдвийг цаг наранд нь гаргаж бичсэн танд баярлалаа. Энэ бол зөвхөн уламжлалт шашны шинэчлэлт ч бус араасаа нийгмийн, гэгээрлийн, монгол хүний ухамсарт чадавхыг сайжруулах үндэс агуулсан зайлшгүй хийгдэх зүйл гэж боддог. Уламжлалт шашинаа бусад ижил хийгээд ялгаатай шашинаас ялгагдах, онцлох талыг нь нээх, илрүүлэх “судалгаатай” бодлоготой юм хийхгүй л бол шинэчлэл огт явагдахгүйн тодорхой бхоо. Уул нь зарим жижигхээн зүйл том юмны эхлэл болдогчлон “шашны, нийгмийн” сэхээлэг хэсэг нь нэгдээд таны дурдсанчлан сүүлчийн 3-н зүйл дээрээ төвлөрч өөрчлөлтийг эхлүүлчвэл олонд тустай, ирээдүй хойчид хэрэгтэй, БУЯНТАЙ ҮЙЛС болно доо. Би нэлээд дээрээс энэ талаар бодоол… санаагаа чилээн гадны ижил төстэй газруудыг, бүтэц ажиллагааг нь боломжоороо судлаал, үзсэн мэдсэнгээ хэрээрээ шашныхантайгаа ярьдийн тэгээд огт авч хэлэлцэхгүй бгааг нь харахаар өнөө байгаа даа дулдуйдан энэ чигээрээ байх сонирхол нь нөгөө төрд нүүрлэсэн авилгалтай ижил амь бөхтэй зууралдсанг нь мэдээд гайхшраал бгаа л даа кк.
    Азийн буддистын хурал, реалист буддистуудын холбоо гэгчлэн нэлээдгүй олон парламенттай төстэй байгууллагад манайхан дарга цэргийн хийгээл хэрээрээ үнэлэгдэж идэвхтэй ажиллаад бгааг нь бодохоор удахгүй өөрчлөгдөх болуу гэж нүдээ хөхөртөл харуулдсаар итгэл алдраад бгоо хэхэ.
    Минийхээр шинэчлэлийн эхэнд манай шашин мунхаглал, мухар сүсгээсээ өөрөө эхэлж салах бодлого бариад түүндээ нийцсэн бүтэц, боловсон хүчин, нийгмийн өгөөжтэй болчихвол аяндаа олон зүйлс замаа олоод явчихноо гэж санадаг даа.

  13. Xocoo says:

    Дээрх 4 өөс гадна монголынхоо хүүхэд багачуудад шашны талаар тодорхой ойлголт өгөх хичээл оруулж нэгэн төрлийн боловсрол олгох нь чухал байхаа. Тэхгүй бол энэ шашны солиорол арай дэндлээ

  14. Reda says:

    Mongolchuudiig tuvdiig 600 jil sponsorloson. Dalai lam Mongoloos huvilgaaduudiig todruulaad baidag ni Mongolchuudiin buddiin shashind gun gunzgii avtaastai baihiig husej buin hereg. Mongolchuud olon ch zuunii tursh baildan daguulal hiij ulemj alt erdenes tsugluulsan ch urgul barits bolgoj uguud Tuvd ni Hytadad ezlegdej ter urgul barits ni heden myngan altan burhad bolon hiigdeed odoo Hytadad huraagdsan bgaa. Dalai lamiin Mongold saimshraad baidag ni Mongoloos tiish ursaj bui gol gorhinii daitai mungunii ursgaliig murun shig urgun bolgoh gej l ter.

  15. delgermaa says:

    Ganaa ah Ta namuud, shashnihand mon ch ih SHIPI ogoh um aa, jivej bui hunii avral eeriih ni gart gedeg….nam, shashinaa shinechleh ni bas irged bidnii uureg, es tegvel edenteigee jiveh geed baidag

  16. Анхаа says:

    Яг үнэн. Манай шашин хэт мөнгөний шашин болсон. Жалгын нэг сүм дуган болсон болоогүй лам банди нар, шавар тоосгон суврага баримал. Одоо бүүр байчихаад улсын төсвөөс сүм дугана бариулдаг болж. Манайхнаас асуухад бараг бүгдээрээ л буддын шашин шүтдэг гэх боловч учир утгыг нь энгийн хүн байтугай лам нар нь өөрсдөө мэдэхгүй гэдэгт би итгэлтэй байна. Буддын шашны хамгийн баларсан хэлбэр болох тарнийн шашинаар учраа мэдэхгүй ард олныг хуурч ашиг хөөхөө болимоор юм.Ийм маягаараа байвал сүсэгтнүүдээ өөр шашинд алдах байх даа

  17. zochin says:

    жинхэнэ шашин бол мөнгө авдаггүй, мөнгө өгдөг, жинхэнэ хуврага бол мах идэггүй, өглөг авдаггүй, харин ажил хийж олсон орлогоороо өөрийгөө ч бусдыг тэжээдэг. монголд байгаа буддын нөхдүүд бол мөнгө авдаг, ажил хийдэггүй. жинхэнэ шашин бол сургааль номлолоороо дамжуулан хүмүүсийг хүмүүжилтэй, хайр энэрлээр дүүрэн, шударга хүмүүс болгохыг зорьдог, энэ зорилгод хүрч болдогийн бодит жишээ нь хуврагууд нь байдаг

  18. Пүрэвдорж says:

    Гурвыг нь өөрчлөхийн тулд тэр нэгийг нь бас харж тунгаах л хэрэгтэй байх даа. Үнэндээ бол буддын шашинд ламыг хүмүүс хооллох тухай байхаас, ядуусыг лам хооллох тухай байхгүй ээ. Байхгүй болохоор хийх шашны үүрэг (religious requirement) байхгүй. Би шашны талыг хөндсөн эрдэм шинжилгээний хуралд орж байхдаа америкийн хоёр буддистаас асуусан: Та нар христийнхэн шиг бас лам нартаа туслаад, сүмд нь дэмжлэг үзүүлээд, монголын ард түмэнд туслах санаа байна уу гэж асуухад, эгдүүцэн инээгээд, буддынханд тийм юм байхгүй, тийм онолгүй, христийнхнээс өөр шүү дээ гэсийм даа. Тэр муусайнаар дэмжүүлэх ч яамай. Өөрсдөө хийчихвэл ямар вэ гээд бодохоор угийн онол сургаал нь бас л нөлөөлөх… Ганаа ахын санаа үнэхээр зөв, харин онол сургаал нь нийгэмлиг буюу социал бус харин индивидуалист болохоор надад бол найдвар байхгүй гэж санагддаг. Улс л үүнийг цэгцлэхгүй бол буддынхан дотроо нэгдэхэд юу л бол. Тэгээд ч буддын онол сургаал нь өч төчнөөн олон ургальч санаатай, алийг нь дагах нь хувь хүний л асуудал. Хувь хүний гэгээрлийг харж, хайхрах, үнэлэх, цуцлах ямар ч систем шашинд нь байхгүй.
    Хувь лам нарын ёс суртахууныг сайжруулах ёстой дээр бол харин хатуухан ярих хэрэгтэй байгаан. Уламжлалт бус шашны хүмүүс ч бас монгол хүн. Монгол хүнийг шүтлэгээс нь болж “харийнхан” гэж шошголоод байх нь өрөөсгөл. Би Христийнх гэдгээ нуудаггүй. Учир нь би Христийн онол сургаалыг хамгийн зөв, шинжлэх ухаанлиг гэж боддог. Энэ нь миний л бодол! (Ганаа ах та ч өөрийгөө тэгж илэрхийлсэн) Тэглээ гээд би монгол хүн. Нэгэн цагт өвөг дээдэс минь шийдвэр гаргаж буддынх болсон. Би тэр шийдвэрийг гүнээ хүндэлдэг. Миний хойч үе (үр хүүхдүүд маань) ирээдүйд христийнх болоосой гээд би өнөөдөр бас шийдвэр гаргаж болно гэж мунхаглана. Би 21-р зууны боловсролтой монгол хүн! Гэхдээ энд миний шүтлэгийг бус уламжлалт шүтлэгийг, мөн лам хуврагын ёс зүйг ярьж байгаа болохоор би хэлье гэж бодлоо. Маш өөдгүй хүмүүс шургалсан шиг санагддаг. Уг нь гэгээрсэн хүн хүнд муу юм хийхээс зайлсхийдэг баймаар… Танай хүү/охин харийн хорлол хүрсэн тул ингэ тэг, гэрээсээ юуг холдуул, ямар арц хүж уугиулж толгой дээр нь цац гэх мэт юм хэлж хүний мөнгө сааж тэнэгтдэг хулгайчуудыг барьж аваад хууль цаазаар хорьвол таарна. Энд нийгэмд тустай ямар ч юм алга. “Танай гэр бүлд харийн шашны хүн байгаа тул энэ өвчтэй хүн чинь үхнэ, бас дээрээс нь гурван хүн үхнэ” гэж бас нэг лам-бөө хуцсан байгаан. Хүнд нийгмийн хариуцлага гэж бас байх ёстой!
    “Бүх уламжлалаа сэргээнэ гэвэл дундад зууны балар харанхуй руугаа буцаж орно гэсэн үг л дээ” гэж та үнэхээр гоё хэллээ.Надад өөр нэг сэтгэгдэл байдаг юм! Уламжлалаа хөгжүүлье гэдэг үг бол угаасаа дотроо зөрчилтэй (та тэгж хэлээгүй!). Энэ бол сонин яриа. Уламжлагдан ирсэн шашнаа сайжруулъя, учир нь энд бидний соёл, түүх, зан заншил ихэд шингэсэн байгаа гэвэл маш зөв. Харин “харийн” тодотголтой шашны монголчууд ч мөн түүх соёл, зан заншил уламжлалынхаа нэг хэсэг нь бөгөөд ямар ч тохиолдолд шашны бус соёлоо үрэн таран хийчихнэ гэж боддоггүйг мунхаг бус хүмүүс ойлгодог биз ээ…
    Ганаа ах таны хэлснээр онол сургаалыг ярихгүй, харин нөгөө гурвыг нь цэгцэлье гэдгийг би дэмжиж байна. Энэ бол зөвхөн төрийн бодлогоор, социологийн талаас хийгдэхгүй бол шашны зүгээс бол мухардам гэж л би бодохым даа. Саяхан Цагаан Лавай сувгаар тиймэрхүү эмнэлэг хийх санаа байгаа талаар Гандантэгчилэн хийдийн нэг том лам ярьж байна лээ. Харин улс үүн дээр хөрөнгө мөнгө өгч туслахгүй бол барахгүй гэж хэлсэн шүү… Тэр баян, уламжлалт шашинтайнууд нь зөвхөн хөрөнгө оруулаад зогсохгүй, үйл ажиллагааг нь цааш нь авч явахуйц замаар оролцох л хэрэгтэй. Тийм л уламжлалдаа, улс орондоо хайртай юм бол тэрийгээ үзүүлчихээч гээд өдчихвөл яадаг бол? Ганаа ах та над уруу дайрч давшилсан constructive бус хэрүүл, хараалуудыг энд гаргахгүй байхаа мэдэх биз ээ…

  19. ЦОЛМОН says:

    Яг үнэн үг шүү. Манай шашны байгууллага нь ашгийн болохоос тусын бус шүү. Үүний тод жишээ нь: тариф, бүх номоо түвэд хэлээр уншдаг түүнийг сонсогч бүү хэл зарим нь өөрөө ч ойлгохгүй түвшинд байгаа. Мөн хэзээ ч буяны хандив хийж байгаагүй. Би Өмнөд Солонгост ажиллаж байхдаа /Христийн шашин/үгүй ядахад амралтын өдрөөр үнэгүй хоол олоод идчихдэг эсвэл олон хоногийн амралтаараа Солонгосын үзэсгэлэнт газруудаар үнэгүй аялалд оролцдог байлаа. Тэр бүү хэл хараар байгаа хүнийг сүмийн байрнаас баривчилдаггүй мөн эмнэлэгт эмчлүүлэхэд нь тусламж үзүүлдэг шүү. Таныг маш их дэмжиж бичсэн зүйлийг тань амтархан уншдаг нэгэн байна. Танд болон Гэр бүлд тань аз жаргал,эрүүл энхийг хүсье.

  20. ЦОЛМОН says:

    Таныг МҮРТ -н ” ХАРИУЛАХГҮЙ Ч БАЙСАН БОЛНО.” гэдэг нэвтрүүлгийн дэлгэцээр харахыг их хүсдэг шүү. Даан ч манай ТВ ЗӨВХӨН ЭЗЭНДЭЭ ҮНЭНЧ, НАМДАА НААШТАЙ БАЙХ гэсэн ҮНДСЭН ЗАРЧИМтай юм даа. ҮНЭН ҮГЭНД ХҮН ДУРГҮЙ.

    • Ганаа says:

      Би Монголын Үндэсний Телевизийн хаалгаар шагайлгүй 10 гаруй жил болж байна. Тэгээд ч үзэгчид хөөрхөн биш, бүдүүлэг гэж загнаад байдаг юм. Тэгээд тэр хөөрхөн, сайхан зантай улсуудаа хараад байж байна биз…

  21. Anonymous says:

    Таны цаг үеээ олсон, практик ач холбогдолтой, нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэх гарц хайсан нийтлэлүүдийг би унших дуртай. Ганаа: “Шарын шашин түүхэн утгаараа улс орны эдийн засгийн туйлын идэвхигүй байр суурь баримталдаг”-?

  22. Пүрэвсүрэнболд says:

    Таны санааг дэмжиж байна. Бурхны шашны үзэл онол сургаалыг ариунаар бүтээж чадвал хувь хүн болоод нийгэм улс оронд дандаа эерэг зүйл гарна. Даан ч ингэж чадаргүй юм. Гэхдээ миний үргэлж бодож байдаг зүйлтэй бараг ижэл санаатай хүн байгаад баяртай байна. Уг нь болдог бол танилцаад яриж суух юмсан.

  23. eh oron says:

    Mongoliin buddiin shashind nom unshij bgaa yunii tuhai unshij bgaagaa medehgui unshuulj bui n bas yunii tuhai unshij bgaagaa meddgui. Er n ug gedeg uuruu huchtei ugnees uhaaral edgrel zurh setgelee tseveleh emchileh tiim ugtei yum sonsoj baij ard tumen niiteeree edegrel yvagdan tur zasag hurtel uur boloh vii gj bodoj bna

  24. Зочин says:

    Миний ээжийн дүү лам, эгч нь үзмэрч байсан. Аавынд ирвэл бөөн дарамт, тэгж ч болохгүй ингэж ч болохгүй гээд л ёстой ядаргаатай, хүүхэд урдуур гүйлээ гээд л хүүхдийг минь загниана. Нэгэн удаа арын айлын эгч нөхөр нь архи ууж зовоогоод үзүүлье гэж орж ирлээ. Тэгсэн дүүтэй хэрэлдэж байсан үзмэрч эгч гэнэт хоолойгоо засаад л төв царайлаад суулаа. өмнө очоод манай нөхөр архи уугаад үзээд өгөөч гээд л. ммм Агсан тавьж байгааз нтр гээд би ч инээд хүрээд гараад явсан. Архи уусан хүн угаасаа агсан тавьна биз дэ.? Тэгээд арц, нүүр угаах юм өгөөд 10,000 төгрөгтэй болчих юм байна лэ. Нөгөө хүнийг гараад явсаны дараа 3,4 хүн үзчихвэл гар утасны мөнгө олчихно гэж хандмаа эгч хэлсэн шүү.

    Бас нэг найзын минь хөдөө амьдардаг найзын эгч нь нөхөр нь хэдэн өдөр мотоциклоо унаад сураггүй гээд ламд үзүүлсэн чинь чухам өөр хүүхэн шуухантай юм байна тэг ингэ гээд л бөөн юм яриад л, нөхөрийг нь газар дор ортол муулаад байсан нөхөр нь хөдөө замд мотоциклтэй аваарт орсонийг мэдсэн …. Бусдын итгэл үнэмшлийг ингэж ашиглаж болохгүй биздэ.
    ийм жишээ зөндөөө зөндөө …

    Монголын шашны систем монголчуудыг эх оронч, ёс суртахуунтай, хүнлэг, эрч хүчтэй, нийгмийн идэвхитэй, өөртөө итгэлтэй, зоригтой, золбоо хийморьтой болгодог байгаасай гэж би хүсч байна…Үнэнхүү санаа нэг байна

  25. уншигч says:

    сүм хийдийн зүгээс Бурханы ном сургаалийг тайлбарлан таниулах ажлыг хийдэг байвал уг нь. ахуй , амьжиргааны асуудлаа амар хялбараар , өөртөө таацуулан шийдэх гэсэн гэнэн хүсэл, шунал дээр нь тоглолт хийж амьдардаг ( Бурхан багшийн ном , сургаалийн чанх эсрэг явж байгаа ) энэ байдал хир удаан үргэлжилэх юм бол .” галыг усаар унтраадаг байтал , уснаас нь гал гарна ” гээч болж байна даа

  26. Boldhai says:

    Далай лам 21 зууны Буддистууд байх тухай ярьсаар л байгаа. Гэвч энэ олон орны лам хувраг ринбучи нар үгэнд орно гэж байхгүй хяналтаас гарчихсан дураараа авирлаж байгаа. Түүнээс болж Буддын шашин Далай ламын нэр хүндийг муутгаж байна. Далай лам хүний амьдралыг хэлдэг зурхайч лам нарыг ч ойлгодоггүй тухайгаа ярьж байсан. Гандан бол Монголын шашин түүхий гол дурсгал төв. Харин Сандорж Нацагдорж мэтийн Хятадын элчингийн шашины арга хэмжээг зохион байгуулаад явж байдаг нөхдүүдийг бас яах вэ гэдэг л байна.

  27. есөн says:

    хүн төрөл гэдэг бол маш аз завшаантай төрөл гэдэг. “БХАГАВАД ГИТА” гэдэг судрыг нухацтай уншсан хүн л энэний учрыг олох байх.

  28. Anonymous says:

    Буддагн шашины ХӨХ урсгалыг шинээр үүсгэх хэрэгтэй хөх өнгө монгочуудын өнгө гэдэг

  29. boroldoib says:

    Уг суурь онол сургаал нь үеээ өнгөрөөсөн. Тэр Энэтхэгтээ тэр цаг үедээ цөөн хэдэн хүндээ болж байсан байх. Одоо бол хэцүү хэцүү. Эргээд 1900 ондоо буцах хүсэлтэй лам нар бусдын толгойг маш их угааж, оюун санааг нь хүлж байна. Түүх ёс заншил хөгжил дэвшил, Ш/У г.м бүх зүйлийг шарын шашиндаа тааруулж уяаад нөгөө л Төвд, далай ламаа дэмждэг хүмүүсийг л бэлдэж байна даа. Энэ шарын шашинг дарж л байхгүй бол сүйрүүлэх шинжттэй. Амиа бодсон, ихэс дордоор нь ялгасан хуваасан сэтгэхүйг суулгаж байна. Төвөдийг дэмжих хамгаалах сэтгэхүйхээтэй. Монгол хүн 2,3 р зэрэгт тавигддаг. Оюун санааг нь хүлж байна даа. Авах юм түй ч алга. Таны хэлдэгээр ёстой идэвхгүй болгодог шашин. Үнэндээ салбар салбарын баахан юм нэгтгэсэн холимог хуурга. Өнөөдөр албан боловсролтой, өөрийн салбаруудаа хөгжүүлээд хөгжиж буй улс. Энэ шарын шашин хойш нь чангааж байна. Баруунд бол яахав хоолоо олж идэх хэрэгтэй лам нар тарни, бурхан, суварга, бумбаа ярилгүй толгойгоо ажилуулж сэтгэлээ засах өөр арга хэлбэр болгож яваа. Болдог бол бүр байхгүй болгомоор.

  30. есөн says:

    Шашны урсгалуудын талаар талаар дүгнэх амаргүй дээ. Олон олон төрөл дамжиж байж учрыг нь олдог гэсэн. Таны нэг зузаан саарал номон дээр уул нь их гоё зүйл бичигдсэн байсан даа. Монгол, Түвдийн “шашин” бол буддизм, шаманизм хоёрын заваарсан бантан. Шашин гэдэг ганцхан үгийн тодорхойлолтыг олж уншаад ойлгочих юм бол АУГАА буян гэдэг гэж жинхэнэ ариун гэгээн хүн хэлсэн байдаг.

Leave a reply to есөн Cancel reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.